-фельетон--


Мөрдөлт 2013


Шударга иргэдийг тагнах мөрдөх явдал хэрээс хэтэрлээ.  Ер нь бол шударга иргэн болох эхний шалгуур бол мөрдөгддөг байх билээ. Өчигдөр автобусанд суухад дөчөөд мөрдөгч хамт явлаа. Кондуктор билет таслах байдлаар халхавчлан зориуд дөхөн ирж тандав. Жолооч нь  урдаа толь байрлуулаад алхах гишгэхийг минь мөрдөн харж явав. Ингээд зогссонгүй, араас нь дүүрэн мөрдөгч чихээстэй таван автобус, хоёр такси, хувиараа тагнуулын халтуур хийдэг арваад жолооч намайг мөрдөн дагаж явсан билээ.

Дараа нь их дэлгүүрт орсон чинь давхар бүрт зуу орчим хүн намайг дагаж байсан.  Туршуулууд нэг бол нүдээ, эсвэл чихээ над руу харуулан мэдээлэл цуглуулж харагдана. Мөрдөгчдийн  ихэнх нь  миний хаана байгаа болон аль  чиглэлд явж байгааг утсаар ярих болон мессеж бичих замаар дамжуулж харагдана. Тэнд эзгүй тасаг, утасгүй байрын хүн нэг ч байгаагүй нь газар сайгүй тагнуул үүрлэсны гэрч гэлтэй.  Замд зөрсөн хүн нүднийхээ булангаар харан ажиглалт явуулаад өнгөрөх нь нэг биш боллоо. Заримдаа замын цаана яваа зорчигч ч наашаа харан тагнах болов.

Тагнах чагнах хэрэгслэл юм бүхэнд минь суулгаж  байна. Дэлгүүрээс гар утас худалдан аваад үзсэн чинь микрофонтой байж таарав. Утсаар ярьсан зүйлс цаад хүнд дуулдаад байгааг юу гэх вэ?  Зурагт аваад асаатал нэвтрүүлэгч нь  мэдээгээ уншиж дуустлаа надаас хараа салгахгүй ажиглаж байна.

Яах гэж тагнаад байгаа нь ойлгомжтой.  Тэд намайг шударга иргэн гэдгийг тагнаж мэдсэн болохоороо ингэж мөрдөж байгаа нь нууц биш.


Үл тайлагдах төрийн ухаан


Ерөнхийлөгч төрийг ухаантай болгохыг уриаллаа. Төрийн албан хаагчдийг ухаантай болгох гэж зүдэрч явснаас энэ нь ч дээр гэлцэнэ.

Ер нь бол сүүлийн үед манай төрийн ухааныг хүний ухаанаар тайлахын аргагүй болоод байна. Жишээлэхэд  манай төр “ хулгайлсан мөнгөө оффшор дансанд хийхийг хориглох” тухай хуулийн төсөл хэлэлцэж байна. Уул нь хүний ухаанаар бодоход “ерөөсөө хулгай хийхийг хориглочихвол болмоор” санагдаад  байх.

Бас төрийн ухаанаар бол “гадаад хүнтэй сууж гадаадын тагнуул” болохтой тэмцэх нь зүйтэй гэнэ.Хүний ухаанаар бол ерөөсөө гадаадын тагнуул болохыг л хорьчиход болоод явчихмаар байдаг.  

Манай төрийн ухаан “Нүүрсний утаа тамхины утаанаас бага хортой” гэж ухуулаад байх юм. Хүний ухаанаар бол “Тамхи хортой” л гэнэ биз. заавал нүүрсний утааг сайшаах хэрэг юун.

Хүний ухаанаар бол,  тансаг ховорт тооцогддог зүйлс нийтийн хэрэглээ болох тусам амьдрал сайжирдаг баймаар. Гэтэл өдөр тутам иддэг байсан зүйлс тансаг хэрэглээний ангилалд ороод нисэн одохын хэрээр амьдрал сайжирдаг болохыг засаг төрийн ухаан хэлэх аж. Саявтархан“өндөг үнэд ороод авч идэж чадахаа байлаа” гэсэн иргэний гомдолд “Өндөг бол тансаг хэрэглээ. Хөнжлийнхээ хэрээр хөлөө жийж сур” гэсэн хариуг засаг өгчээ.  За яахав, өндгөөр тансаглахаа болиод тахиа идэх минь гэж суутал өчигдөр засгийн газраас “цэвэр агаар бол тансаг хэрэглээмөн” гэсэн мэдэгдэл хийсэн гэх.


Тулдаг ерөнхийлөгч

Хэрвээ тантай ерөнхийлөгч тааралдлаа гэж бодъё. Цаадах чинь  гар барьчихаад дараа нь бугуй барихын оронд шууд нүүрээ наачихаад, тэгсэн атлаа үнсэж барихгүй бол элдэв долоон юм битгий бодоорой.

Ойрдоо цаадахь чинь хүнтэй нүүрээ л тулгахгүй бол танихгүй байгаа гэнэ. Тэрээр энхийг сахиулагчдыг шагнаж байгаад нэг л их үзсэн хүнд медаль зүүж өгчээ. Тулаад харсан чинь хүү нь байсан гэнэ. Тэр өглөө ерөнхийлөгч сэрээд “нэг л их таньдаг хүн” өвөрт нь хоносныг анзаарснаас энэ түүх эхэлжээ. Гэтэл сайн ажиглаад байсан чинь гэргий  нь байж таарав. Дараа нь шүдээ угааж байгаад толин дотор нэг л их үзсэн хүний царай байхыг олж үзэв. Хамраа тулгаад ажиглаад байтал өөринх нь дүрс байжээ гм гм.