-фельетон-

Зарим нэг үсгийн хугацаа дууссантай холбогдуулан хэрэглээнээс хасах асуудал унтарснаар Монгол цагаан толгойноос зүй бус хорогдол гарах аюул багаслаа. Ер нь малын зүй бус хорогдол их гардаг улирлын босгон үсгээ цөөлөх нь муу ёр, харин ч нэмэх учиртай байдаг гэнэ. Зарим газар “Зуун хээлтэгч тутмаас 101 төл бойжуулахын бэлгэдэл болгон нийт үсгээ 101 болговол мал ч өснө, махны үнэ ч хямдрана” гэсэн үзэл баримтлал ч сонсогдож байна. 

Үсгээ 101 болгохоо байг гэхэд  80-д дөхүүлэх боломж байгаа гэнэ. Дөхүүлж болохгүй юм байна, ная гаргаад 88 болгож монгол гэрийн унины тоотой тэнцүүлбэл аятайхан юм байна. Үнэндээ бол“Аа, Бб, Вв...” гэхчлэнгээр ихэнх үсэг том ба жижигтэй байдаг. Том жижигтэйгээ нийлээд жар гараад явчихна. Гэтэл “ь, ъ, ы” зэрэгт том байхгүй. Эдгээр үсгийг  томтой, багатай болгоод дараа нь “үг хэлэгдэхээсээ өмнө зөөлрөх ба үсэг бичигдэхийн урьд хатуурах ёс”-ыг зөв бичих дүрэмдээтусгачихвал үсгийн тоо унин толгойд хүрэх нийгууртай мэт. Мөн жижиг үсэг үгийн дунд ба адагт адилхан байгааг өөрчилж, эхний, дундын, адгийн гурван шрифттэй болгосноор 101 рүү дөхүүлэх боломж байгааг өдий болтол ашиглаагүй нь манай эрдэмтэн судлаачдын хариуцлага, санаачилга дутсных гэлтэй.

Үсэг хасах тухай маргааныг залган авч байгаа асуудал бол “цагаан толгой” хэмээх нэр аж. Цагаан толгой нь өөрөө хөгшин юмуу, зохиосон хүн нь өвгөн юм уу, цагаан толгойтой болж байж сая учрыг нь олох нигууртай юмуу, сурсан хүний үс цайдаг номтой юмуу, эсвэл цагаан арьстны толгойг  зориуд дурьдан  үсгийн гарлыг сануулснаараа бидний шар арьсны чанарыг өөчлөөд байна уу, сайн ойлгогдохгүй байна.

Монгол хүн хар толгойтой. Хар толгой ч юу байхав, үс нь хар өнгөтэй. Ийм болохоор  хэдийгээр  цагаан тархитай боловч холоос харахад хар толгойтой үзэгдмүй.

Ялангуяа үсэг сурч эхлэх үедээ монгол хүний толгойн үс ид хар дээрээ байдаг. Яг ийм үедээ цагаан толгой үзээд эхлэхээр “Энийг сайн сурвал үс цайж цагаан толгойтой болох юм байна” гэсэн бодол хүүхдэд төрөөд, шантарч эхэлдгийг сурган хүмүүжүүлэгчид ажиглажээ.

Хэрвээ үсгийн цогцлолоо “хар толгой” гэж нэрлэвэл хүүхдүүд “хар толгойн минь нэг хэсэг байна” хэмээн ойлгоод сурах нь түргэснэ хэмээн сурган хүмүүжүүлэх ухаан судлаачид үзэж байгаа аж.

Ахмад үеийнхэн болохоор нэгэнт өнгийг нь солих гэж байгаа бол “ягаан толгой” гэх нь зүйтэй гэлцэнэ. Тэд “Шинээр зохиогдсон кирилл цагаан толгойг манай үеийнхэн  анхлан сурсан. Бидүсэг сурахдаа  ягаан өнгийн сурагч ширнээлээр бичиж байсан ба үзгээ мэрэх үед аманд орсон бэх зулайгаар тууран гараад өөрснөө ч ягаан толгойтой болж байлаа” хэмээн мэтгэж байна.

Сүүлийн үед бид компьютер дээр их төлөв хар фонтоор бичиж байгаа, ном хэвлэлийн үсгийн үндсэн өнгө ч тийм байгаа гэсэн байр суурьтай иргэд “Хар толгой”-н фракцид дуу хоолойгоо нэмэрлэж байна.

Бас албан ёсны арьсны өнгөдөө дулдуйдан “Шар толгой” гэвэл зүйтэй гэсэн үндсэн хөтөлбөртэй иргэний хөдөлгөөн үүсээд, тэмцлийн дараа дараагийн шатны арга хэмжээ авахаа мэдэгдээд байна.

Харин ШӨХТөГ-ынхон  болохоор “Монгол цагаан толгойн үсгийн тоог үндэслэлгүй нэмэгдүүлэн ард түмэн дамлан сургасан  нь илэрлээ. Латин АВС –нь 26 үсэгтэй байхад монгол цагаан толгой 35 үсэгтэй болох нь тогтоогдлоо.  Иймд гол буруутан БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал  нарыг таван тэрбум төгрөгөөр нэхэн торгох болсон тухай”-гаа сэтгүүлчдэд мэдэгдлээ.

Үүнтэй зэрэгцээд үсгээ тогтоосон байдлыг үндэслэн“ Хоосон толгой”, “ Дүнхүү толгой”, “Ясан толгой” гэхчлэнгийн альтарнатив  нэртэй байлгах санал ч их гарч байна.Хамгийн хүчтэй фракци бол нэгэнт монгол төрийн бичиг учраас “Алтан толгой” хэмээн нэрийдсүгэй гэсэн саналтай нөхөд ажгуу.

Нэрийдэх гэснээс, Хэнтий аймгийн Иргэдийн хурлаас өөрсдийгээ Чингис аймаг гэж нэрлэхээр шийдсэн дуулиан байна. Хачин юм шүү, ерөнхий сайд үүнийг “Ерөөсөө ойлгохгүй байна” гэж хэлсэн дуулдах юм. Түүнд “манай оронд баруун аймгаас гадна зүүн аймаг гэж бас байна. Зүүн аймгийн нэгэн болох Хэнтий нэрээ солих гэсэн хэрэг. Нэрээ солино гэдэг нь хүнээр бол...” гэхчлэнгээр нэгд нэгэнгүй ойлгуулаад өгөх зөвлөх байдаггүй л юм байх даа.

Гэхдээ Хэнтийчүүд ганцаардахгүй бололтой. Тэднийг Чойбалсан хот, Чойбалсан сум, Сүхбаатар хот, Сүхбаатар аймаг, Сүхбаатар сумынхан  халуунаар дэмжиж байгаа гэсэн.