Манай “Ярилцъя” уншичидтайгаа аль болох ховор, нийгэмд эрэл сурал үүсгэж байдаг, байр суурийг нь чагнахыг хүсч байдаг, хэвлэлийнхнийг араасаа хуйлруулж байдаг супер зочдыг уулзуулахыг хүсдэг. Энэ удаа ч нэгэн ховор зочны ярилцлагаар та бүхэндээ сюрприз барьж байна. Тийм ээ, тэр бол бүх алдар нэрийг нь дурьдалгүй зүгээр л нэрийг нь хэлэхэд гоё зочин. Тийм ээ, манай өнөөдрийн зочин Санжийн Баяр.

-Юуны өмнө  урилгыг минь хүлээж авсанд баярлалаа. Таныг “бултчих” болов уу гэж айж байлаа.

-Би амласнаасаа буцаж байсан удаа бий бил үү. (инээв)

-Байхгүй л дээ. Гэхдээ санал тавиад чамгүй удчихсан болохоор...

-Ажлын зав зай болохгүй яваад байлаа. За, хоёулаа эхлэх үү дээ.

-Таныг зүрхний хүнд хагалгаанд орсныг мэдэж байгаа.  Өвчин бол хүний ямар ч мөрөөдөл, ямар ч хүсэл тэмүүллээс холдуулдаг зүйл.  “Эрүүл явбал эр хүний замын хүзүү урт даа”... гэж таны санаашрангуй  хэлсэн үгээр өндөрлөж байсан бидний уулзалтаас хойш нэлээд хэдэн жил өнгөрчээ. Харин одоо  бол  та эрч хүч дүүрэн, эрүүл сайхан харагдаж байна.                                                                                                                                                                                                                                        
- Уулзаж ярилцаагүй нээрээ л удсан байна. Цаг хугацаа ч сум шиг  жирэлзэх юм.

-Тантай би амьдралын тань янз бүрийн үед ярилцлага хийж явлаа. Өвдсөн шаналгаатай үед ч, санаанд оромгүй эрс шийдвэр гаргаж гайхшруулсан үед тань ч. Эдгээр үеүүд дотроос хамгийн онцлог нэгэн үеийг  л онцолж асуумаар байх юм.


-Нэгэнт асуух гээд бодоод явсан асуулт байгаа бол одоо асуух л ёстой байх даа.

-Нөгөө алдарт “стандарт бус” гэгддэг шийдвэрийн  тухай л даа. Намын дарга С.Баяр сонгуулийн ялалтаа хямдхан арилжсан.  Ялагдсан АН-ынхныг өөд нь татаж хамтарсан засгаа байгуулсан. Эндээс л бүх юм баларч эхэлсэн. Өнөөдрийн эдэлж буй зовлонгийн эх ердөө л энэ “стандарт бус шийдэл” гэж танайхны зарим хараах нь холгүй байх юм. Харин одоо танд тэр шийдлээс үүдсэн харамсал байдаг уу?


- Хамтарч нэгдсэнээс үүдсэн зовлон гэж байхгүй. Харин хагарч талцаснаас үүдсэн зовлон гэж зөндөө. Монголчууд бид үүнийг сайн мэдэх учиртай улс. Хамтарсны хүчээр Монгол улс маань ямагт сэрж,  сэргэж байсан. Харин хагарч бутрахаараа л унаж доройтдог түүхтэй. Хамтарсан Засгийн газар байгуулсны ачаар улсын маань эдийн засаг хоромхон зуур сэргэж хүчээ авсан. Өсөлтийнхөө хурдаар дэлхийд тэргүүлж, шагшигдаж байсан маань ингэхэд өчигдөрхөн биз дээ. Гэтэл өнөөдөр юу болж байна. Бүх юм эргээд унаж доройтож байна. Эцсийн дүндээ энэ бол хагарч талцасны л хар гай. Хамтарч чадахгүй, хамтрахыг хүсэхгүй байгаагийн балагтай үр дүн. Үүнд бол  би харин харамсч явдаг. Хараах, ерөөхийн хувьд гэвэл тухайн хүнийхээ санаа бодлоос л  болно. Хувиа бодвол хараах л байх. Би сайд, дарга болох байтал өөр намын хүнийг болголоо гэдэг ч юм уу. Улсаа бодвол ерөөх л байх. Монголчууд бид тус тусдаа ухантаж явснаас хамтаараа ухасхийж байна гэдэг талаас нь харвал шүү дээ.

- УИХ-ын сонгуулиас хойш жил гаруй хугацаа өнгөрлөө. Ардчилсан нам МАХН-МҮАН-тай хамтраад Засгийн газар байгуулаад явж байна. Ардын нам сөрөг хүчин болчихсон. Ийм нөхцөлд  “хамтарна, хамтаараа ухасхийнэ” гэдгийг юу гэж ойлгох вэ. Энэ Засгийн газрыг унагаж, оронд  МАНАН-гийн шинэ Засгийн газар байгуулна гэсэн үг үү ?

-Хамтарч Засгийн газар байгуулна гэдэг бол улс төрийн намуудын хамтын ажиллагааны дээд хэлбэр. Ноднингийн сонгуулийн дараа Ардчилсан нам,  Монгол ардын намтай хамтран засгаа байгуулсан бол хэн ч гайхахгүй байлаа. МАНАН биш  АНМАН болоо л биз. Муулах нэг нь муулаад л, дэмжих нэг нь дэмжээд л явах байлаа. Улс орны эрх ашиг талаасаа ч, эр улсын харилцааны жудаг талаасаа ч энэ бол хамгийн ойлгомжтой хувилбар байх байлаа. Одоо бол манай намын хувьд тэр хувилбар цэглэгдээд, аль хэдийнээ “өнгөрсөн хорвоо”  болсон. Бүрэн эрхийн хугацааны бараг гуравны нэг нь өнгөрчихсөн байхад “галт тэрэг явчихсаан” гэхээс өөр юу гэхэв. Галт тэргэнд суух үнэгүй тийзээр урамшууллаа ч түүнийг нь алга тосон авах нь юу л бол гэж бодогдох юм. Гэхдээ хамтраад засаг байгуулах боломжгүй л бол хамтран ажиллах есгүй гэсэн үг биш. Нэг засагт орохгүйгээр хамтрах, хэл амаа ололцох бололцоо, шаардлага их байна. Ялангуяа улс орны аюулгүй байдал, хөгжлийн стратегийн асуудлаар улс төрийн намууд хамтрах, хэл амаа ололцох үүрэгтэй. Үндэсний эрх ашиг маань үүнийг шаардаад байгаа юм. Одоогийн цаг үе бол Монгол орны хувьд нэн онцгой үе юм. Гадаад, дотоод орчин нөхцөл, конъюнктур гэх ойлголт бий. Сүүлийн үед хэдийгээр муудсан ч тэдгээр нь ерөнхийдөө таатай талдаа л байна.  Одоо гаргаж буй төрийн шийдвэрээс Монгол орны аюулгүй байдал, хөгжлийн ойрын арав, хорь байтугай тавь, зуун жилийн төрх тодорхойлогдох гээд байна. Үүнийг мэдэж, мэдэрч байгаа учраас би хамтрах шаардлагын тухай байнга яриад байгаа юм.  Цаг үе маань ийм онцлог байгаагүйсэн бол “эерэг, сөрөг хүчин” болж тоглоод л, тулга тойрсон хэрүүлээ хийсэн шиг сууж  байж болохсон. Гэтэл ийм нөхцөл, конъюнктур бидэнд дахин олдоо ч уу, үгүй ч үү. Баялагтай хэрнээ ядуу, эрэлт хэрэгцээтэй хэрнээ бөглүү хэвээрээ арчаагүйтээд сууж болохгүй биз дээ. “Стандарт бус” гэмээр нөхцөл байдал үргэлжилсэн хэвээр л байна шүү дээ. Үүнийг ухаарч ойлгохгүй бол урагшлах зам бидэнд байхгүй.

-Ерөнхий сайдын ажлаа  С.Батболдод өгөөд явах үед тань би танаас  “Таныг гараад явчихаар  хамтарсан засаг гэх энэ гэр маань нурчих юм биш биз”  гэсэн асуулт тавьж байсан. Тэгэхэд та “Нэг хүн гарлаа гээд нурдаг  гэр  гэж юу  билээ”  гэж хариулж байсан. Гэтэл юу болов.  Хамтарч барьсан гэр тань нурчихлаа.  Хамтрагч  нам хэлснээсээ буцав уу, эсвэл залгамжлагч “хөвүүн” тань балчирдав уу. Юунаас болов оо ? 

- Хамтаараа босгосон гэр маань, хамтраад хэрэгжүүлж байсан бодлого маань яагаад  нурав гэх асуултын хариу тодорхой. Ард олны нүдэн дээр болоод өнгөрсөн явдал ш дээ.  Хэн нэгэн балчирдсанаас болоогүй. Харин хэн нэгэн болчимгүйтсэнээс болсон нь тодорхой. Бидэнтэй “хамтаръя” гээд хамтарсан нам дэндүү болчимгүй, дэндүү богино зайны “улс төр хийснээс”  үүдэж гэр маань ч бодлого маань ч аль аль нь нурсан. Итгэл эвдсэн, урам хугалсан ийм жол улс төр хэнд хэрэгтэй юм бэ. Улсын хөгжилд ч хэрэггүй, улс төрийн намын нэр хүндэд ч хэрэггүй. Тухайн улстөрчдөд ч бас хэрэггүй. Хийхийн тулд биш, байхын тулд байгаа улстөрчдийг түүх өршөөхгүй. 

-Бас л яаж чадаж байна вэ гэж гайхшрахыг ч утгагүй болгосон үйл явдал шүү. Ингэхэд саяын сонгуулиар өвдөг шороодсоны нэг шалтгааныг намынхаа хайран сайхан нэрийг  Н.Энхбаярт алдсан явдал гэж үзэгсэд олон байдаг. Энэ тухайд та юу хэлэх бол ?

-Манай нам  уугуул нэрээ сэргээсэн нь зүй есны том алхам гэж боддог. Гэхдээ алхам нь зөв ч энэ нь цагаа хэр олсон шийдвэр байв аа гэж өнөөдөр эргэлзэж буй хүмүүсийг  буруутгах аргагүй.   

-“МАХН” гэсэн нэрийг сонгуулиар ашиглах вий гэсэн асуулт танаас би тэр үед асууж байсан. Тэгэхэд та “энэ нэрийг хэн нэг нь авч үлдээд, цаашаа шатлаад улс төр хийгээд явах  бололцоо нь хуулиар хаагдсан” гэж итгэлтэй хариулж байсан сан. Гэтэл юу болчихов оо. Би ам асуугаад байх шиг санагдаж магад.  “Шатрын хүү бэрс бол­тол хол доо” гэж ярьж байсан тань санаанаас минь огт гардаггүй юм.

- “МАХН” гэх нэрийг эзнээс нь өөр хэн ч хэрэглэх эрхгүй гэсэн утгатай хуулийн заалт цагаан дээр хараар бичээстэй хэвээр байгаа. Харамсалтай нь, монголын хууль  дандаа биш гэхэд заримдаа гууль болчихоод байна. Яагаад тэр вэ. Нөгөө л богино зайны жол улс төрийн хар гай. Гэхдээ тэглээ гээд ч тэр бэрс гарчихсан шатрын хүү  хаанаа байгаа юм бэ  гэж би өөрөөс тань эргэж асуумаар байна. Өнөөгийн улс төрийн шатрын өрөг дээр бог байсан нь бог хэвээрээ л харайлгаж яваа харагддаг. Ер нь халаас суйлсан муу аргаар хол явахгүй гэж боддог бодол маань хэвээрээ байгаа шүү, Ганчимэг ээ.   

-Сонгуулийн өмнө намынхаа  нэр солих ажлыг санаачилж гардсан У.Хүрэлсүх, С.Батболд хоёрын үед манай нам баларсан, тэдэнд хатуу хариуцлага хүлээлгэх естой байсан гэх хүн танайд цөөнгүй бололтой.  Та Ерөнхий сайдын албаа  өгөөд, намын даргын сэнтийгээ  шилжүүлээд  явахдаа дараагийн үедээ гэрийг нь барьж, өрхийг нь татаж өгөөд явсан. Дараа нь уулзахад тэдэндээ “давгүй” гэсэн дүн тавьж  байсан. Одоо харин ямар бодолтой байдаг вэ ?

- Санаачилсан нь тэр хоер биш л дээ. Намынхаа уугуул нэрийг сэргээх тухай санаачилга Н.Энхбаяр даргын үед анх гарсан. Элдэв шалтгаанаас болоод энэ санаачилга тэр үед болон дараа дараагийн дарга нарын үед бүтэж өгөөгүй. Зөв зүйтэй энэ санаачилга Батбоолд, Хүрэлсүх нар намын удирдлагад байхад биеллээ олсон. Намынхаа гишүүдээс энэ талаар санал асуулга явуулахад дийлэнх олонх нь дэмжсэн байдаг. Яахав, сонгуулийн хугацааны тэг дунд нь нэрээ гэнэт өөрчлөх нь эрсдэлтэй гэх болгоомжлол байсан. Гэхдээ эрсдэлгүй улс төр гэж байдаггүй. Намын маань хуучин нэрийг зүй бусаар ашиглах боломж үгүй. Энэ нь хуулиар баталгаатай хаагдсан гэсэн ойлголтод  итгэлтэй л явсаар гэндсэн хэрэг. Зөвхөн тэр хоёр ч биш. Бид бүгдээрээ гэндсэн. Батболд, Хүрэлсүх нар намын удирдлагад байхад нам “баларсан” гэх бодолтой би санал нийлэхгүй. Харин ч тэр хоёрын үед намын маань төрх залуужин  шинэчлэгдэж, улмаар мянга мянган залуус манай эгнээнд  хүчтэй түрлэг болон нэгдсэн. Монголын улс төрийн намуудыг гишүүдийнх нь насны зааг ялгаагаар жагсаасан судалгаа байдаг. Тэрнээс үзвэл манай нам залуучуудын оролцоо, шинэ залуу гишүүдийн тоо, хувийн жингээр бусдаас хол тасарсан байна билээ. Шинэ залуу халааны ийм нөөц бололцоотой, ирээдүйтэй намыг “баларсан” гэвэл алдас болно.  С.Батболд, У. Хүрэлсүх нар бие биеэ эвтэйхэн нөхөж, гар сэтгэл нийлж сайн ажилласан гэж би боддог. Сонгуульд намаа ялалтанд хүргээгүй гэж тэднийг зэмлэж, шийтгэж болно. Гэхдээ тэд намаа ялагдуулаагүй юм шүү. Учир нь 2012 оны УИХ-ын сонгуульд ялсан нам байхгүй. Ялагч этгээд үгүй бол ялагдагч этгээд  бас үгүй. 2004 оны сонгуулийн дараа манай нам иймэрхүү л байдалтай байсан. Гэтэл намын дарга, Ерөнхий сайд байсан Н.Энхбаярыг албан тушаал дэвшүүлээд УИХ-ын дарга болгож байсан байдаг. Үүнтэй жишвэл ч хариуцлагын тогтолцоо манай намд сайн  төлөвшиж байх шиг.

-50-иад оныхон МАХН-ын удирдлагад 1996 оноос хойш хэт удсан гэж та нэгэн ярилцлагадаа хэлж байсан. Гэтэл энэ хугацааны ихэнхийг нь Н.Энх­баяр дарга дангаараа эзэлж, та  хоёр жил л болсон байдаг. Тийм байтал таны  тэр “Бидний үе хангалттай удсан” гэсэн үг  ер нь эртэдсэн санагддаг уу ?

-Намын ирээдүй бол шинэ залуу үе. Нам өөрөө, түүний дотор намын удирдлага цаг үеэ даган залуужиж  байж гэмээнэ ирээдүйгээ цогцлооно. Энэ бол аксиом.  1996 оны сонгуулийн дараа намын удирдлагад Н.Энхбаяр, Ө.Энхтүвшин нар гарч ирсэн. Манай л үе. Тэрнээс хойш 17 жил өнгөрчээ. Энэ хооронд М.Энхболд, С.Батболд  нарын хоёр хоёр жилийг эс тооцвол манай л үеийн төлөөлөл намаа удирдсаар ирлээ.  Одоо залуучууд   голлох ёстой цаг үе гэж бодоод би хувьдаа элдэв амбицаа эрт татсан. Үүнийгээ ч  албан ёсоор зарласан хүн.  

-Та бид хоёрын дунд эрх мэдлээс явах ирэх тухай нэгэн яриа бас болж байсан даа. Та яагаад улс  төрийн том бодлого, шийдвэрийн  асуултуудаас  илт зэнзийрхээд  байна вэ гэхэд та “улс төрөөс явчихсан учраас” гэж хариулж байсан. Түр үү, бүр үү гэхэд өвдсөн бо­лохоос үхчихсэн биш дээ, ямар. Үхэх байтугай тэтгэвэрт гарах ч болоогүй байна гэж хэлж байсан тань санагдаж байна. Одоо гадуур “Баяр ирлээ. Намаа авах нь дээ” гэсэн улаан цайм хардлага нисээд байна. Харин таны юу хэлэх сонин байна?

-Цагийн юм цагтаа гэдэг. Нэг урсгалд хоёр ордоггүй. “Энэ баагий одоо болиод өгөөсэй билээ” гэж ил далд чичлүүлж, нүдний булай болохгүй л юмсан  гэж би боддог. Урд өмнө нэг амилуулсан дүрдээ хэт итгээд, түүнийгээ санагалзаад,  тайз руу байн байн ухасхийгээд байх онцгүй. Дахин хэлъе. Би амбицаа татсан. Тэтгэвэртээ гараагүй тул чадсан ч, чадаагүй ч улс төр хавьханаар л эргэлдэх ёстой  гэсэн явцуу бодол  надад байхгүй. Тэгээд ч хий хоосон тэрсэлдсэн улс төрд  оролцох орон зай, зав чөлөө, хүсэл бодол надад  бүр байхгүй. Амьдрал баян. Хийх өөр ажил, тэмүүлэх өөр зорилго дэндүү олон байна цаана чинь.

-Та амбицаа татсан байж болно. Бусад чинь татаагүй байна. Цаана чинь бүр танай намыг лидерийн хомсдолд орсон гэх ноцтой дүгнэлт тавигдаад эхэлчихсэн байна шүү дээ. Бас дээр нь өргөж татаад, өгчье гээд эрхлүүлээд байсан залуусаас тань түүхий, шүрхий үнэр л гарсаар байх юм?

- Наад нэг асуулт дотор чинь гурван өөр чиглэлийн асуулт тууж явна. Нэгд, би амбицаа татлаа гээд бусад нь намайг даган дурайх  огт албагүй. Өөрийн бодол өөртөө зөв, өрөөл даавуу өмдөндөө зөв гэдэг дээ. Дээр хэлсэн зүйл бол миний л бодол. Өөр хүн өөр бодолтой байхыг үгүйсгэхгүй. Хоёрт, лидерийн хомсдол гээд байгаа чинь хийсвэр дүгнэлт. Нийгмийн шаардлага, хувь хүний хүсэл зориг, таатай нөхцөл  гурав нэг цэг, цаг хоёр дээр огтлолцож байж лидер төрдөг. Аль нэг нь дутуу бол, эсвэл цаг нь зөрчихсөн бол лидер төрөхгүй. Тиймээс энэ маань  аз, эзтэй ч бас холбоотой.

Гуравт, бага залуугаараа бүрэн болчихсон, боловсорчихсон хэн байсан, хэн байгаа юм бэ. Би л гэхэд залуудаа даанч дээ гэмээр  түүхий шүүрхий явснаа мэддэг. Ерөөс бага залуу бүхэн  түүхий ногоон талдаа л байдаг биз дээ. Амьтан, ургамал ч бай, хүн ч бай энэ нь туйлын үнэн. Яваандаа л болдог, боловсордог хорвоо. Огт боловсорч өгөхгүй түүхий явсаар насыг элээх нь ч бас бий. Тэгэхдээ тэр бол огт өөр сэдэв.  

-Тийм ээ. Энэ өөр сэдэв. Гэхдээ та уучлаарай, би олдсон дээр нь нь амжиж асуух, аль болох олон юм хөндөх гэж улайрч байна. Хүний аз эз, заяа төөрөг, хувь тавилан,  зангараг даац гэж олон хүчин зүйл бий. Энэ тухайд бодохоор сүүлийн сонгуульд намаа авч орсон Ө.Энхтүвшингийн талаар сонин бодлууд төрөх юм. Яг энэ сэдэв дээр таны юу ярих ч бас сонин доо.

-Бидэн дундаа намын ажлын хамгийн их туршлагатай нь уг нь Ө.Энхтүвшин дарга байгаа юм.  Түүнийг олон сонгууль унагасан гэж буруутгадагтай би санал нийлэхгүй. Ялангуяа ноднингийн орон нутгийн сонгууль байна. Сонгууль тулчихсан байхад намын даргаар гэнэт сонгогдсон хүн юу хийж амжих вэ. Хорин нэгэн аймаг, гурван зуу гаруй сум,  сая гаруй хүн амтай нийслэл шүү дээ. Юу ч амжихгүй. Намын даргын тамга яаран авсныг нь бууруутгахгүй юм бол, орон нутгийн сонгуульд бэлдэх цаггүй байсныг нь  буруутгаж болохгүй.

-Уучлаарай, Ерөнхийлөгчийн сонгууульд бэлдэх цаг бол эрхбиш байсан биз дээ ?

-Ерөнхийлөгчийн сонгуууль ч өөр л дөө. Үүнийг бол Ө.Энхтүвшин дарга бүрэн хариуцах учиртай. Энэ сонгуульд нэр дэвшигчээ эрт тодруулахгүй эргэлзээд, шийдэж чадахгүй  цаг  алдсанаас гол алдаа нь гарсан болов уу гэж боддог. Аль ч сонгуулийг цагийг нь тулгаж шийдэж болохгүй. Ерөнхийлөгчийн сонгууль тэгэх тусмаа. Нэг жилийн өмнө, үгүйдээ гэхэд хагас жилийн өмнө зарчмын шийдэлд хүрсэн байх учиртай. Эс тэгвээс сонгуулийн бэлтгэлээ сайтар базаах, хүч нөөцөө нэгтгэх, сурталчилгааныхаа зөв өнгө аясыг олох алтан боломжоо алдана гэсэн үг.

-Таныг нэр дэвших ёстой хүмүүсийн  тоонд оруулж өнгөрсөн хавар нэлээд шуугисан шүү.

 -Миний тухай гэх асуудал  байхгүй. Би  сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ аль эртнээс мэдэгдсэн байсан. Гэтэл надаас гадна нэр дэвшихээр яригддаг байсан хүн цөөнгүй. Олонд танил болсон, улс төрийн тогоонд хангалттай чанагдсан намтартай, төрийн ажлын туршлага, тогтсон байр суурь, үзэл бодолтой байх  гээд олон шалгуур байдаг даа...

-Уг нь тийм. Гэхдээ “Б.Бат-Эрдэнэ гэж үзэгдэл гарч ирээд баллах шахлаа. Бараг Ерөнхийлөгч болонгоо алдлаа” гээд манай сэхээтнүүд толгой сэгсэрцгээх юм. Үнэхээр ч энэ толгой сэгсрээд байгаа нөхдүүд монголыг бөх ерөнхийлөгчтэй болголгүй  аваад гарах шиг боллоо. Та харин энэ талаар юу хэлэх бол?

-Бөх үү, засуул уу гэх талаас хандах нь угтаа буруу. Хүн ямар ч ажил, мэргэжилтэй байсан байж болно. Тэр нь чухал биш. Сайн бөх сайн улстөрч болохыг үгүйсгэхгүй.  Харин ч тэмцэх, өрсөлдөх дадал, чадлаараа  бөх хүн бусдаас давуу талтай байж болно. Гэхдээ улс төр бол урлаг спортоос шал өөр.  Улс төрийн сонгууль учраас улс төрийн бодлого, зарчим, шалгуур л давын өмнө яригдах учиртай л даа. Гэхдээ өнгөрсөн сонгуулийн тухай ярих нь өнгөрсөн борооны хойноос цув нөмрөхтэй адил бус уу. Болоод өнгөрчихсөн энэ сэдвээ орхивол яасын.

-Таныг намын нэр дэвшигчээ дэмжиж ганц үг ган хийсэнгүй гэх гомдол  Ерөнхийлөгчийн  сонгуулийн дараа яригдаад  байсан. Энэ талаас нь тодруулж танаас асууя л даа, тэгвэл?


- Наад асуудал чинь  хоёр талтай. Б.Бат-Эрдэнэ аврага бид хоёр эртний  сайн танилууд. Сүүлийн бараг арваад жил хамар хашаа айлын хөршүүд яваа. Цагийг эзэлсэн их аварга хэмээн би түүнийг хүндэлдэг. Гэхдээ хувийн сайн харьцаатай байх  нь нэг хэрэг. Улс төрийн бодлого, зарчим гэдэг бол өөр асуудал. Хамтарсан Засгийн газар, Оюу толгойн гэрээ зэргийг Б. Бат-Эрдэнэ гишүүн байнга эсэргүүцдэг тул би түүнтэй санал нийлдэггүй. Намайг эсэргүүцлээ  хэмээн би  эгдүүцэж байсан удаагүй. Намын бодлогоо, намаас  гаргасан хамтын шийдвэрээ  эсэргүүцэж яваа хүнийг  бол би үздэггүй. Хамтарсан засаг ч тэр, Оюу толгойн гэрээ ч тэр бүгд манай намын бодлого, шийдвэрээр бүтсэн асуудлууд. С.Баяр гэх хувь хүн дур зоргоороо шийдсэн асуудлууд огт биш. Тиймээс намынхаа бодлогыг эсэргүүцдэг хүнийг  би яаж  дэмжих юм. Дэмжиж байгаа нь энэ гээд намын бодлогоо үгүйсгээд явах уу. Эсвэл үнэнийг хэлж байна гээд нэр дэвшигчээ  шүүмжлээд явах уу. Хувийн ямар ч сайн харьцаатай байлаа гээд улс төрийн зарчмаа, туулж ирсэн замаа үгүйсгэх  эрх хэнд ч байхгүй. Хувь хүн өөрийн бодолтой байж болно. Харин намаа төлөөлж төрийн сонгуульд оролцож байгаа бол намынхаа л бодлогыг дагах ёстой. Өөр гарц  байхгүй. Энэ бол улс төрийн тоглоомын дүрэм. Хатуу дүрэм. Энэ дүрмээ  бүгд тууштай дагаж гэмээнэ улс төрийн бодлого маань тууштай,  цэгцтэй, үр дүнтэй болно.

- Намынхаа бодлогыг эсэргүүцдэг хүн яаж яваад намын нэр дэвшигч болчихдог байнаа ?


-Миний мэдэх, хариулах асуулт  биш байна наадах чинь.

-Та хариулахгүй байж болно л доо. Гэхдээ яг энд нэг том зөрчил яваад байгаа юм биш үү. Нам нь нэг бодлоготой, нэр дэвшигч нь огт өөр бодолтой байхаар ядаж  сонгогчид нь будилаад хэцүү баймаар. Энэ зөрчлөө нэг тийш нь шийдэх арга байгаагүй юм байх даа.  Та юу гэж бодож байна ?


-Онол талаас нь ярьвал, хоёр л арга бий. Эсвэл нэр дэвшигчээ солино, эсвэл бодлогоо өөрчилнө. Тэгж байж л тэр зөрчил арилна байх даа. Юутай ч иймэрхүү маягийн зөрчил сонгуулийн дүнд сайнаар нөлөөлөхгүй нь ойлгомжтой. 

-М.Энхболд, Н.Энхболд, Б.Бат-Эрдэнэ гээд намын даргад өрсөлдөх улсуудын талаар таамаг гараад эхэллээ. Тэдний хэн нь хэн бэ гэдгийг та сайн мэддэгийн хувьд санал бодлоо хэлж болох уу ?

-Намын даргад өрсөлдөх улс төрийн намтар,  чансаатай хүмүүсийн тоо гурваар хязгаарлагдахгүй  гэж бодож байна. Шударга өрсөлдөөн байх нь чухал. Ийм өрсөлдөөн дундаас төрсөн лидер гараан дээрээсээ л хүчтэй байдаг. Намын гишүүдийн маань  урам зориг ч сэргэдэг. Намын даргад тавих шаардлага, шалгуур олон.  Намын бодлогоо мэддэг, ойлгодог, дэмждэг байх нь наад захын шаардлага. Гол нь шинэ цаг үедээ нийцсэн шинэ бодлого гаргаж дэвшүүлэх чадвартай, түүнийхээ төлөө тууштай тэмцдэг, намын олон түмнээ манлайлдаг, дагуулдаг хүн намын даргад өрсөлдөөсэй гэж би хувьдаа хүсч байна.

-“Намын шинэчлэл” гээд хурал болгоны өмнө байнга л ярьж байх юм. Энэ нь тийм зайлшгүй зүйл үү, эсвэл нэг даргыг нөгөөгөөр солих шалтаг, бамбай төдий юм уу гэж сүүлдээ бодогдох юм ?

-Шалтаг, бамбай болгох гээд байдаг явдал ч бий. Гэхдээ гарцаагүй үнэн юм ч бас бий. Цаг урагшилж, нөхцөл байдал байнга л өөрчлөгдөж байдаг. Шинэ нөхцөл байдалтайгаа уялдаж улс төрийн нам ч байнга өөрчлөгдөх ёстой. Эс тэгвээс нийгмээсээ хоцорно. Хоцорвол гологдоно. Хоцроод удвал хусагдана. Иймээс намын шинэчлэл бол зайлшгүй зүйл. Товчдоо бол ийм л юм. 

- Та Атрын гуравдугаар аяныг эхлүүлж, монголын газар тариаланг сэргээснээрээ, Оюу толгойн гэрээг батлуулж баялгаа эргэлт рүү хөтөлснөөрөө бахархдаг гэж ярьдаг. Гэхдээ Оюу толгой гэсэн сэдэв одоо ч хэрүүлийн бай болсоор л байх юм. Энэ гэрээний хувь заяаны талаар та юу бодож явдаг вэ?

-Оюу толгой бол хэрүүлийн алим биш саалийн үнээ байх ёстой юм. Тугалж амжаагүй атлаа саалиа өгөөд эхэлж байсан төсөл шүү дээ. Гэтэл  өгөөж баян үнээгээ өөдсийн чинээ хэрүүлийн алим болгож жижигрүүлж байгаа нь бидний л арчаагүй байгаагийн  илрэл. Нөгөө л богино зайны, хэнхдэгээ дэлдсэн улс төрийн бодлогын хортой хаялга. Би саяхан АНУ-аас манайд сууж байсан элчин сайд хатагтай Памэла Слуцтай таарч ярилцлаа. Америк-Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн болсон гэнэ. Манайхны олон хүмүүстэй уулзаж ярилцсан юм байх. “Танайхаас хөрөнгө оруулагчид  олноороо дайжиж, эдийн засгийн байдал чинь хэцүү болж байгаа юм байна. Гэхдээ би хувьдаа өөдрөг бодолтой буцаж байна. Танайх одоо л нэг ухаарч, учраа олох нь гэж бодсон шүү” гэж байна билээ. Хашир дипломат хатагтай нэгийг олж харсан, сонссон, мэдэрсэн юм байлгүй дээ гэж найдаж байна. Гэрээний хувь заяаны хувьд гэвэл би ч бас өөдрөг бодолтой байгаа. Монгол Улс маань саалийн үнээ ганц нэгтэй биш, сүрэг арвинтай байх бүрэн бололцоотой шүү дээ.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ҮАБЗ-ийн үе үеийн гишүүдийн төлөөлөлтэй уулзаж Монгол Улсын эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын асуудлаар санал солилцсон. Тэр уулзалтад та очсон байна билээ. Ямархуу төвшний уулзалт болсон бэ. Төрийн нарийн ширийн асуудлаас гадна тэр уулзалтын сэтгэл зүйн агаар сэлтийг илүү сонирхож байна. Буусан суусан улсууд цагийн эрхээр өөрчлөгдсөн ч биз. Сонин биш гэж үү?

-ҮАБЗ-ийн шинэ, хуучин дарга, гишүүдийн энэ уулзалтын тухай Памэла Слуц хатагтай ч надаас бас асуугаад  байсан. “Одоогийн ухаарлын оршил нь тэр уулзалт байсан гэдэг үнэн үү” гэж ч асууж  байх шиг. Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их хурлын дарга байсан, байгаа арав гаруй хүн уулзсан. Мэдээж төрийн бодлогын нарийн ширийн юм тэнд яригдсан тул тэдгээрийг нь дэлгээд байх эрх надад байхгүй. Гэхдээ төрсөн сэтгэгдлээ хэлэхэд буруу нь юу байхав. Нэгд, Ардын нам, Ардчилсан намын төлөөлөл ойролцоо байсныг тэмдэглэх хэрэгтэй. Төрийн бодлогын ачааг энэ хоёр нам л үүрсээр ирсэн учраас тэр. Хоёрт, уулзалтын уур амьсгал бол ажил хэрэгч, илэн далангуй байсан шүү.  Хэлъе гэснээ хэнээр ч заалгахгүй эрхмүүд цугласан учраас үг нь жинтэй, шүүмжлэл нь хурц, санал нь тодорхой байлаа. Гуравт, хүн хүн өөрийн үзэл бодол, итгэл  үнэмшилтэй гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ ганц нэг хүнийг эс тооцвол, ҮАБЗ-ийн экс дарга, гишүүд Монголын төрийн бодлого тогтвортой, залгамж чанартай байх ёстой гэдэг дээр, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих ёстой гэдэг дээр, улс орны хөгжил, аюулгүй байдлын асуудлууд дээр улс төрийн намууд хамтарч ажиллах ёстой гэдэг дээр санал нийлж байсан шүү.

Энэ уулзалтыг дотоодод төдийгүй, гадаадад ихэд сонирхсон бололтой. Гадныхан бүр ч илүү сонирхсон байх. Төрийн том ачаа үүрч явсан хүмүүсээ цуглуулаад төрийн бодлогынхоо нарийн ширийнийг ярьдаг ийм жишиг ховор. “Зөвхөн Монголдоо” байж ч магадгүй л жишиг юм.

-Гадаад гэснээс таны тухай хэвлэл мэдээллээр байнга л элдэв сенсаац гарч байх юм. С.Баяр гадаадад цагаачилсан гэнэ гээд л шуугина. Тэгснээ гадаад явах эрхээ хасуулжээ ч гэх шиг... 

-Би зун намаржингаа л элдэв ажлаар гадагшаа, дотогшоо нэлээд явлаа. Зорчих эрхээ хасуулсан бол тэр нь надад ямар нэг байдлаар мэдрэгдмээр юм даа, тийм ээ. Цагаачлахын хувьд ч гэлээ мөн адил. Цагаачилсан бол түүнийгээ давын өмнө би өөрөө мэдмээрсэн дээ. Хэвлэл мэдээллээр ямар үед, яах гэж сенсаац дэгдээдгийг чи мэднэ, би мэднэ. Элдэв сонгууль, хурал болохын өмнө хийсч, хийсгэж байдаг  л хог шүү дээ, чааваас. Тэгэхээр энэ сэдвээ өөрчилъе.

-Та дурсамжийн гоё өгүүллүүд бичжээ. Мань мэтийг ичээж байна лээ шүү.  Дурсамжаа бичиж  дууссан уу?


-Надад малгай зохидоггүй. Цаасан малгай бүр ч зохидоггүй. “Чукча бол уншигч биш, чукча бол зохиолч хүн шүү” гэсэн онигоо байдаг. Би бол үүнээс эсрэгээрээ  зохиолч биш, уншигч хүн. Хаяа үзэг цаас нийлүүлж суухдаа би гол нь өөрөө  таашаал авч байна. Амьдралынхаа өнгөрсөн хуудсыг дахин сөхөх, эргэцүүлэх сонин байдаг юм байна. Дахин амьдраад, аль хэдийнээ өнгөрч одсон цагийнхаа  агаараар дахин гүн  амьсгалах шиг л болох юм. Өнгөрсөн амьдралд маань наргиантай ч юм байж, гунигтай ч юм байж. Уналт ч байна, сэргэлт ч байна. Сургамжтай ч юм байна, надаас өөр хэнд ч хэрэггүй гэмээр шальдир бульдар юм ч цөөнгүй. Гэхдээ энэ бүхэн бүгдээрээ надад үнэтэй. Эдгээрийгээ эргэн дурсаж, эргүүлж мөлжих нь өөрөө сайхан зугаа юм байна. Бас ч гэж гайгүй мөлжүүртэй амьдарснаа одоо л нэг ойлгож байх шиг. Тиймээс дурсамжаа дуусгана гэж яарахгүй байгаа. Ямар Октябрийн баярын өмнө объектоо заавал хүлээлгэж өгөх үүрэгтэй яваа биш (инээв).

-Сэтгэл хөглөгдөж, хувь тавилангийн шинэ хуудас эргэж, шинэ агуулга тохиосон үед бичих хүсэл илүүтэй ирдэг. Таны хувийн амьдралд гарсан өөрчлөлтүүд таныг лав их өөр болгожээ. Лав л би тэгж харж байна. Ийм нарийн ширийн рүү хүртэл яриа маань орчихлоо.


-Тэгээд...

-Таны гоонь эр чигээрээ яваад л байх юм шиг хэгжүүн, ганцаардмал амьдрал өөрчлөгджээ. Ийм хүчтэй нөлөө үзүүлсэн гэргийн тань тухай асуумаар л байх юм. Бас бага охин тань одоо овоо том болчихсон биз дээ. Тэр нөхөр танд юу өгч буй нь миний хувьд шохоорхмоор сэдэв байна.

-Хувийн амьдралаа нийтийн өмнө дэлгэмээргүй байна. Ний нуугүй хэлэхэд. Үзэсгэлэн чимэглэлийн газрын үзмэр шиг олон жил дэлгээстэй явлаа. Одоо болно. Нэг их нууцлаад л, “маш нууц, онц чухал” болгоод байх юм цаана нь үгүй л дээ. Гэхдээ тэрүүхэн тэндээ, аав, ээж, охин гурвын дунд л  үлдээчихмээр юмтайгаа  баймаар байна. Дээр нь надад дөрвөн том охин, хүү Нацаг маань байгаа. Муу ээж минь байна. Ядаж энэ хэдийгээ одоо нэг амар тайван байлгамаар байна. Намайг зөв ойлгоорой, Ганчимэг ээ.

-За, тэгье дээ. Ингэхэд таныг ээжийнхээ ажилд туслаад хөдөө яваад байна гэж сонссон. Бас аавынхаа дурсгалд зориулж түүхэн хүмүүсийн намтар цуврал байдлаар гаргахаар хөөцөлдөж байна гэж дуулсан. Энэ талаараа бол ярьж болно биз дээ?

-Ээж маань загас судлаач, аав маань түүх судлаач байсан. Би бол аль нь ч биш. Гэхдээ тэдний насаараа зүтгэж, хүсэж тэмүүлж байсан зарим ажлыг нь одоо жоохон завтай болсон дээрээ дэмжихсэн гэж бодож явдаг. Эхлэл төдий байгаа тул яриад байх юм одоохондоо маруухан байна. Хөөцөлдөж байгаа ажлын маань үр дүн ядаж цухуйг. Тэгсэний дараа ярья.
 
-Та ч үндсэндээ яриаг дуусгая гээд “хэлээд” эхлэх шиг боллоо. Уг нь асуух зүйл өдий төдий байна. Юутай ч хүсэлтийг минь хүлээж авч ярилцсанд баярлалаа. Танд сайн сайхныг хүсье.

-Харин ч чамгүй удаан хөөрөлдчих шиг болох юм.

Баяр дарга бид хоёр ийн хөөрөлдлөө. Гэвч би энэ удаа авсан ярилцлагадаа нэг л сэтгэл ханахгүй байх чинь...Бүхий л сэдвээр мэдрэмжийн өндөр эрэмбэн дээр дуугарч байдаг энэ эрхэм бол миний үргэлж ярилцахыг хүсэмжилж байдаг зочин юм. Ийнхүү ер бусын хөг аялгуу, эрч хүч үнэртүүлсэн тэрбээр гялалзсаар гарч одлоо. Үнэхээр Баярын цагийг таашгүй юм аа.  Одоо надад түүнд хэдэнтэй тавьж явсан “Таны улс төрийн цаг хэд болж байна вэ” гэсэн саваагүй төрхтэй ч чамгүй агуулгатай, хэлбэрийн хувьд ч басхүү чамин байсан тэр асуулт минь улам л утгагүй санагдаж байна.  Гэхдээ уншигч танд түүний хэлсэн жирийн ч биш жигүүрт үгнүүд, үгэн доторх үгнүүдээр нь дамжин Төрийн зүтгэлтний эрхэм дээд зиндааны тухай бодлууд эрхгүй төрж байгаа биз ээ.