Улстөрийн тогтолцооны сурвалж
АНУ болон олон улсын хандивын хамтын нийгэмлэг дэлхий даяар төр улс байгуулах, хөл дээр нь зогсоох төсөлд асар их хөрөнгө зарсан нь Афганистан, Ирак, Сомали, Хайти, Зүүн Тимор, Сиерра Леон, Либери зэрэг оронд хэрэгжсэн юм.
Нэрт социологич Фрэнсис Фукуяамагийн “Улс төрийн тогтолцооны сурвалж” номыг залуу орчуулагч Ариунсанаа монголчилж Баабар редактолан дууслаа. Тун удахгүй хэвлэгдэн гарна. Төр, улс төр, төрийн инститүт, нийгмийн дотоод ба гадаад харилцаа болон зохицуулалтыг бид өдгөө угаасаа л байсан зүйл мэтээр ойлгодог. Гэтэл энэ нь хүний нийгэм үүсэхээс өмнө үеэс эхлэн маш урт замыг туулж олохоо олж гээхээ гээсээр явсан нарийн төвөгтэй процесс ажгуу. Яагаад Дани, Норвеги, Шинэ Зеландад амархан болоод байгаа зүйл бидний хувьд бүтдэггүй юм бэ гэсэн асуултыг олон хүн тавьдаг. Энэ бүхний хариултыг Фукуяама өгчээ. Маш сонирхолтой, өдгөө бидний бараг хүн болгон тавьдаг асуудаг, эргэлздэг асуудлыг хөндсөн энэ аугаа бүтээлийн зарим хэсгээс цаашид цувруулан тавих болно.Баабар
АНУ болон олон улсын хандивын хамтын нийгэмлэг дэлхий даяар төр улс байгуулах, хөл дээр нь зогсоох төсөлд асар их хөрөнгө зарсан нь Афганистан, Ирак, Сомали, Хайти, Зүүн Тимор, Сиерра Леон, Либери зэрэг оронд хэрэгжсэн юм. Гэвч Папуа Шинэ-Гвинэй болон Соломоны арлууд гэсэн Мэланэзийн нийгмүүдэд орчин цагийн инститүт байгуулахад маш бэрхшээлтэй. Мэланэзи нийгэм антропологичдын “сегментчилэгдсэн угсаатан” хэмээн нэрлэдэг овог болон хуваагддаг. Тэд бүгд өөрсдийгөө тус тусдаа өөрийн гэсэн өвөг дээдэстэй гэж үздэг. Ердөө хэдэн арваас хэдэн мянган хүнтэй ийм овгуудыг нутгийнхан “вантокууд” хэмээн дууддаг нь “one talk” буюу нэг хэл аялгатай гэсэн утгатай англи үгний гуйвуулсан дуудлага ажээ. Мэланэзийн нийгмийн тархай бутархай байдал ёстой итгэмээргүй. Папуа Шинэ-Гвинэйд бие биенээ ойлгодоггүй есөн зуу гаруй хэл байдаг нь дэлхий даяар одоо оршиж буй нийт хэлний бараг зургааны нэг нь юм. Ердөө таван зуухан мянган оршин суугчтай Соломоны арлууд хүртэл үүнээс дутахгүй гэсэн шиг дал гаруй хэлтэй. Папуа Шинэ Гвинэйн өндөрлөг нутгийн ихэнх оршин суугч нутгийнхаа уулархаг хөндийгөөсөө бараг хэзээ ч гарч үзээгүй, тухайн ванток дотроо амьдарч, хөрш вантокуудтайгаа өрсөлддөг юм.
Вантокуудыг Овгор удирддаг. Хэн ч Овгор болж төрдөггүй хийгээд Овгор цолыг хүүдээ үе залгамжлуулан үлдээдэггүй. Энэ хэргэмийг үе бүхэн өөрийн хичээл зүтгэлээр олж авах ёстой. Үүнийг гагцхүү бие махбодын хувьд давуу байдал төдийгүй бас овгийнхныхоо итгэлийг олсон, гахай, мөнгө, бусад эд баялаг нөөц олж, овгийнхондоо хуваарилж өгч түгээж чаддаг хүн хүртдэг аж. Мэланэзийн нийгмийн уламжлалаар бол Овгор цаг ямагт араа харж, хэн эрх мэдлийг нь булаацалдахаар мөшгиж болзошгүй байна вэ гэж сэрэмжилж байх ёстой аж. Хэрвээ овгийнхондоо хүртээх зүйлгүй гар хоосон болбол эрх мэдлээ алддаг байв.
1970-аад онд Австрали улс Папуа Шинэ-Гвинэйд, харин Британийн төрөөс Соломоны арлуудад тусгаар тогтнох эрх өгөхдөө иргэд нь олон намын сонгуулиар парламентаа сонгодог орчин цагийн “Вэстминстэр” маягийн төр засаг байгуулжээ. Австрали болон Британид улстөрийн сонголт нь зүүн-төв үзэлтэй Хөдөлмөрийн нам болон консерватив намуудын хооронд солигддог юм. Сонгогчид тодорхой хэмжээгээр үзэл суртал, бодлого дээр үндэслэн (жишээ нь засгийн газрын илүү их хамгаалалт хүсэж байна уу эсвэл чөлөөт зах зээлийн хандлагатай бодлого хүсэж байна уу гэдгээсээ хамааран) шийдээ гаргадаг.
Ийм улстөрийн системийг Мэланэзи шилжүүлэн суулгасан юм. Үр дүн нь харин ёстой холион бантан болсон доо. Шалтгаан нь Мэланэзийн ихэнх сонгогч улстөрийн хөтөлбөрийг биш харин өөрсдийн Овгорийг юм уу вантокийг дэмжсэн аж. Хэрвээ Овгор (хаяадаа Овгор эмэгтэй) парламентад сонгогдвол тэрээр нөлөөллөө ашиглан засгийн газрын нөөцийг өөрийнхөө вантокт хуваарилж, сонгогч дэмжигч нартаа сургалтын төлбөр, оршуулгын зардал, барилга байгууламж зэргээр дэмжих гэж хичээнэ. Үндэсний засгийн газар нь бүрэн эрхт улсын бүхий л хэв шинжийн адил үндэсний далбаа, арми зэрэгтэй хэдий ч маш цөөхөн Мэланэзи хүн л өөрийгөө вантокоос дээгүүр том нэгж болох нийт үндэстний нэг хэсэг гэж тооцдог юм. Папуа Шинэ Гвинэй болон Соломоны парламентуудад зохион байгуулалттай улстөрийн намууд гэж байдаггүй, харин дэмжигч нартаа аль болох их гахай хуваарьлах гэсэн бие даасан лидерүүд л байдаг.
Мэланэзийн омгийн байгуулалтай нийгмийн систем нь орчин үеийн өмчийн эрхийн ойлголт үүсэн бүрэлдэхэд саад болдгоос эдийн засгийн хөгжлөө боомилдог. Папуа Шинэ-Гвинэй, Соломоны арлуудын нийт газрын 95 гаруй хувь нь хуучирсан газар эзэмшлийн системтэй. Нийтлэг заншлаар газар албан бус хэлбэрээр (өөрөөр хэлбэл ямар нэг албан ёсны бичиг баримтгүй) хамаатан садангийн дунд хувийн мэдэлд байдаг ба тэд тус бүртээ юм уу нийт дундаа газар эзэмшдэг. Газар бол эдийн засгаас гадна бас шүтлэгийн ач холбогдолтой гэж үзэх тул талийгаач нараа вантокийнхоо тодорхой нэг газар л оршуулдаг ба сүнс нь тэндээ хоргоддог гэж үздэг юм. Тиймээс вантокийн ямар ч хүн, тэрбайтугай Овгор хүртэл газраа бусдад өгөх, шилжүүлэх эрхгүй. Тиймээс газрын тосны юм уу дал модны тосны компани газар ашиглаж үйл ажиллагаа явуулахыг хүсвэл хэдэн зуу, магадгүй бүр хэдэн мянган газар эзэмшигчтэй тохиролцох шаардлагатай болдог. Заншлын ёс зүйгээр газрыг өөрийн гэх хүний тоонд нь хязгаар байдаггүй.
Гадныхны нүдэнд Мэланэзийн улстөрчдийн байр байдал улстөрийн ялзрал, авлига мэт харагддаг. Харин арлынхны уламжлалт омгуудын үүднээс бол Овгор өмнөх овгорынхаа л хийдэг байсан тэр зүйлсийг, өөрөөр хэлбэл омгийнхондоо олз хишиг хүртээх үүргээ л хэрэгжүүлж байгаа нь тэр ажээ.
Папуа Шинэ Гвинэйгийн нийслэлээс Австралийн Брисбан хот нисэж очиход хэдхэн цаг зарцуулна. Гэсэн ч энэ нислэг улстөрийн хөгжлийн хэдэн мянган жилийн цаг хугацааны аялал мэт санагдана. Мэланэзийн улстөрийн хөгжилд учирч буй олон бэрхшээлийн талаар эрэгцүүлэхдээ ингэхэд ер нь нийгмүүд хэрхэн омгоос үндэсний түвшний нийгэм болсон юм бол, уламжлалт заншлаас хэрхэн орчин цагийн өмчийн эрх үүсэн бүрэлдэв, Мэланэзид одоо байхгүй байгаа хууль хэрэгжүүлэгч гуравдагч тал бүхий албан ёсны эрх зүйн систем хэрхэн анх үүссэн юм бол гэж бодсон юм. Цааш нь бодохуйд надад орчин үеийн нийгмүүд Мэланэзийнхаас илүү урагшилсан гэх нь бас өөрсдийгөө хэт дээгүүр үзсэн хэрэг ч юм уу, жишээ нь Овгорууд орчин цагийн АНУ-ын Конгресс дахь дэмжигчид, хамаатнууддаа хувь хүртээх гэсэн улстөрчидтэй адилхан ч юм уу гэж бас санагдсан шүү. Хэрвээ улстөрийн хөгжил өв залгамжилсан харилцаа, хувиа хичээсэн улстөрөөс урагшлан ахисан юм бол яагаад ийм явдал өнөөгийн орчин цагийн системд хадгалагдаж, энд тэндгүй үзэгдсээр байгаа юм бол?
Даваа
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
Зочин
batdorj
Уншсанаа ч ойлгохгүй
Зочин
Зочин
Зочин
ЗАРИМ ЭРХ ЧӨЛӨӨГ БООМИЛОХ НЬ НИЙТЛЭГ ЭРХИЙГ ХАМГАА
бид ийм л ойлголт бодолтой байгаа цагт боолууд нь!
Baljaa
Baljaa
САНАЛ
САНАЛ
minecraft togloom law iim uildel hiigchdiig huudug
minecraft togloom law iim uildel hiigchdiig huudug
с.с.э.р
zochin
толь
ubman.mn-д ингэж бичжээ
byambaa
munhuu
ок ок
Зочин
Зочин
Зочин
Зочин
bayaraa
Зочин
Ах
munhuu
munhuu
munhuu
cudabo
My opinion
My opinion
Зочин
Зочин
oyutan
dovchin
Батнэрэн
Ах
Зочин
Зочин
Зочин
Зочин
бид ийм л ойлголт бодолтой байгаа цагт боолууд нь!
Зочин
Зочин
Зочин
Баабар танаа
Зочин
Алимаа
choijamts
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Demjigch
vvv
vvv
Зочин
Kutsoo kuts
Хатантөмөр
1212
Зочин
Зочин
Зочин
nasan
Зочин
Зочин
zsss
Зочин
Зочин
tgt
Зочин
zssss
za huu
алт ч, ус ч адил гэдэг шиг
Зочин