Мянгат малчдыг дарамтлах коммунист хөшүүргийн тулах цэг нь шорон байлаа
Монгол улсад дөчөөд онд хэдэн малаас өөр гайхуулах, нүүр тахлах юм байгаагүй. Аугаа их эх орны дайн дуусмагц бүх хүчээрээ дайны байдалд шилжин ажиллаж,
Удаан үргэлжилсэн Шинэ эргэлтийн бодлого
Монгол улсад дөчөөд онд хэдэн малаас өөр гайхуулах, нүүр тахлах юм байгаагүй. Аугаа их эх орны дайн дуусмагц бүх хүчээрээ дайны байдалд шилжин ажиллаж, нэлээд доройтсон аж ахуйгаа өөд нь татах шаардлага гарсан байна. Тиймээс 1945 оны эцсээр мянгаас дээш толгой малтай малчдыг урамшуулан дэмжих, алдаршуулах зорилго тавьжээ. Ингэж ардын аман ярианд бахархан ярьдаг мянгат малчин, сайн малчин анх төрсөн юм.
Эдгээр хүмүүс бол нударган баячууд ч биш, үе дамжсан хөрөнгөтэй феодал ноёд ч биш, панз наймаагаар хөрөнгөжсөн хүмүүс ч биш жирийн малчин ардууд байсан юм. 1920-иод оноос эхэлсэн их хэлмэгдүүлэлт, их цэвэрлэгээний дараа хөрөнгө эзэмшигч хар, шар феодал ангид хамаарагдах бүхнийг хүүхэд эмэгтэй гэлгүй үндсэнд нь хядан устгасан байлаа. Жасуудыг тараан, феодалын хөрөнгийг хурааж, эздийн нь толгойг залгисан коммунистууд харин анхны нийгэмчлэх оролдлого буюу “хэт зүүний завхрал, нугалааны” дараа алдаагаа засахын тулд дээрэмдсэн мал сүргийг арга буюу малчдад тараан өгсөн юм.
В.И.Лениний хамтралжуулах төлөвлөгөөг Монголын нөхцөлд тохируулалгүй, ядаж нэр томъёог нь өөрчлөлгүй догматикаар хуулбарлан хэрэглэснээр баяд, ноёд, сүм хийдийн мэдлийн мал хөрөнгөнд шууд тулгуурлан хамтрал, коммун байгуулна хэмээн дүвчигнэв. Ингэснээр тухайн үеийн эдийн засгийн цорын ганц тулгуур болсон мал аж ахуйг хохирон сүйдэж, мал сүргийн тоо толгой эрс буурахын зэрэгцээ хувийн талаар эрх чөлөөтэй гэгдэж байсан малчин ардыг үгээгүй боол, дуулгавартай манкурт, гар нүцгэн монгол пролетари /энэ үгийг Монголчуудад ойлгуулах гэж “үгээгүйчүүд” гэж орчуулсан нь утгын хувьд тохирч байна/ болгох гэж оролдсоноос 1932 оны эсэргүүцлийн бослого дэгдсэн түүхтэй билээ. Энэ удаад феодал язгууртны бус ардын засгийн тулгуур гэгдэж байсан ардын цус урсав.
Бослогыг цуслан дарсны дараа ард олны эсэргүүцлээс айсан МАХН-ынхан энэ алдаагаа засахын тулд “Шинэ эргэлтийн бодлого” гэгчийг зарлаж, хамтрал коммуныг тарааж, ард түмнийг нийтэд нь малжуулах бодлого явуулснаар 10 орчим жилийн таатай нөхцөлд ажилч хичээнгүй, хөдөлмөрч шударга, туршлагатай малч хүмүүсийн малын тоо толгой эрс өсчээ. Дэлхийн хоёрдугаар дайн эхэлснээр коммунистууд дотоодод нийтийг хоморголон хэлмэгдүүлэхээс болгоомжилж эхэлжээ. Ингэснээр эрх чөлөөгөө олж авсан малчид хөрөнгөжиж эхэлжээ.
1945 онд анхны мянгат малчин болсон 97 малчин үнэн хэрэгтээ олон ядуусыг тэжээж, амьдралыг залгуулж, улс орны өнгө төрхийг засаж, гэрэл гэгээтэй харуулж явсан гавъяатай хүмүүс байлаа. Дайны дараа мянгат малчдын тоо ингэж өндөр гарсан нь бүдүүлэг коммунист удирдагчдыг дараагийн хийрхэлд хөтөлжээ. Зүүний алдаа завхралыг зассан нам засгийн мэргэн бодлого ингэж амжилт олж байгаа тул Монголыг 200 сая толгой малтай болгоно гэх солиорол эхлэв.
Социализмын жилүүдэд яаж ч сурталдаад малын тоо толгойг 200 байтугай 30 саяд хүргэж чадаагүй. 1990 оноос хойш МАХН-ынхан бодож олсон “Мянгат малчдыг тодруулдаг” уламжлал сэргэжээ. Гэвч мянгат малчид зуданд сүйрч байна. Гэхдээ төр нэрмэхгүй бол малчид эргээд л босоод ирнэ.
Гүрж амны 200 сая мал
1948 онд И.В.Сталин Ю.Цэдэнбал тэргүүтэй МАХН-ын төлөөлөгчидтэй уулзахдаа “Нүүдлийн мал аж ахуйг худаг ус, тэжээлийн фондоор эрчимжүүлэх замаар дэмжвэл 200 сая толгой хүрэх бололцоотой юм биш үү?” гэж хэлснийг шүүрэн авч сүржин кампанит ажил өрнүүлжээ. И.В.Сталин нүүдлийн мал аж ахуйн онцлогийн талаар үнэндээ юу ч мэдэхгүй хүн. Гэхдээ цаг уурын маш хүнд нөхцөлд ингэж өсч үржиж байгаа малыг байнгын тэжээл усаар хангавал хамаагүй илүү өснө гэж бодсон бололтой юм.
Хийрхэл эхэлж Улсын сайн малчдын гуравдугаар зөвлөгөөнд оролцсон малчдаар “200 сая толгой малтай болох” уриалга гаргуулж, Сталины зургийн өмнө гарын үсэг зуруулж, зургийг нь үзэл сурталжсан хэвлэлүүдээр тараажээ. Увс аймгийн Өмнөговь сумын малчин Бөөрийн Иргэл гуай гэхэд 23 600 толгой мал тоолуулж байсан хүн. Тэрээр хязгаар нутгийн бичиг үсэггүй, ажилч хичээнгүй нэгэн байсан бөгөөд Сталины “санаачлагыг” хэрэгжүүлэх уриалгад гарын үсэг зурах болоход бичиг үсэг мэдэхгүй тул баруун гарын эрхий хуруунд хар бэх түрхэж, хуарыг дарах гэжээ. Гэтэл нэгэн дарга “Ингэж болохгүй, Сталин багшийн хөргийн өмнө бичиг үсэгтэй социалист Монголын малчин л байх ёстой” гэснээр үзэг бариулж суулгаад энэ зургийг авчээ. Түүний дэргэд хоёр мянгат малчин гарын үсгээ зурахаар тэсэн ядан хүлээн зогсох ажээ.
Мянган малтай хүн шоронд л орно
Гэвч мянгат малчдын алдарших цаг удаан үргэлжилсэнгүй. Монгол хэзээ ч 200 сая малтай болж чадахгүйг ойлгосон уу, эсвэл Ю.Цэдэнбал нийгэмчилж байж 200 саяд хүргээд гавъяаг нь мянгат малчдад бус өөртөө авъя гэж тооцсон уу сайн малчдыг хавчиж эхэлсэн юм. Үр дүнд нь 1950-иад оны эхээр 97 мянгат малчны 66 нь шоронд орсон байлаа.
Ю.Цэдэнбал коммунизмыг шинжлэх ухааны үндэстэй бүрэн төгс ялуулахын тулд малыг нийгэмчлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоо хэрэгжүүлж эхлэв. Коммунистууд уламжлал ёсоор дарангуйлж эхлэв. 1947 онд Жамбалдоржийн хар хууль гэж алдаршсан тогтоол гарч малчдыг малаас нь салгахын тулд шоронд илгээж эхлэв. 1930-аад онд эзнийг нь алаад хөрөнгийг нь булаан авдаг байсан бол 1950-иад онд албан татвараар дарамтлан шахаж эзнийг нь шоронд илгээж, эцэстээ өөрсдөө сайн дураараа нэгдэлд өргөхөөс өөр аргагүй болгож байжээ. Үүнийг одоогоор бол “хөрөнгө хураах эдийн засгийн хөшүүрэг” гэж нэрлэх байх. Энэ коммунист хөшүүргийн тулах цэг нь шорон байлаа.
Увс аймгийн Ховд сумын мянгат малчин Батын Янжив 38 килограмм ноос дутаасан хэргээр 4 жил хорих ял авч, 119 толгой малаар торгуулжээ. Малчдыг малаас нь салгахын тулд албаар дааж давшгүй их алба татвар оногдуулж байсан тул олонх нь шоронгийн хаалга татаж, бусад нь малаа нэгдэлд тушааж байж арай гэж мултарчээ. Батын Янжив гуай 7 удаагийн нийгэмчлэлээр тэмээ 73, адуу 298, үхэр 102, хонь 1419, ямаа 127 нэгдэлд “сайн дураар нийгэмчилж” санаа амарчээ. Мянгат малчдыг тодруулахад Увс аймаг хамгийн олон мянгат малчинтай болжээ. Энэ хирээр тус аймгийнхан олноор хэлмэгджээ. Зөвхөн Янжив гуайн сумын 10 гаруй мянгат малчин бараг бүгдээрээ шоронд орж Базарын Жалх гэдэг залуу ор сураггүй болжээ. /Мянгат малчдын жагсаалтыг хойно үзнэ үү/
Энэ өргөн хүрээтэй нийгэмчлэлээс ганц хоёрхон хүн үлдэж хоцорсныг хожим 1970-аад оны дундуур цэрэгт дайчлан байж малыг нь булаан авсан гэдэг. 1945 оны чөлөөлөх дайны дараа Өвөр Монголын зүүн үзэмчин 12 хошууны есийг нь дагуулан орж ирсэн Дорж гэдэг хүнийг нударган гэж бүх малыг нь булаан авчээ. Ийнхүү хатуурхсны дүнд 1959 он гэхэд нэгдэлжих хөдөлгөөн ялж, мянгат малчдаас малчин хэвээр үлдсэн нь хангайд 50, говьд 75 толгой малтай байх эрх үлджээ. Ю.Цэдэнбал мал нийгэмчилж дууссаныг коммунизм Монголд бүрэн төгс ялсан гэж дүгнээд энэ гавъяагаа Ардын хувьсгалтай дүйцүүлжээ. Тэр хоршоолох хөдөлгөөн ялсан нь ардын хувьсгалтай дүйцэх хэрэг гэж бичжээ. Тэр Лениний хоршооллын онолыг хэрэгжүүлсэн хүн болж, том онолчдын эгнээнд шилжсэн гэж өөрийгөө тоож байлаа.
Мянгат малчид яагаад мөлжигч болов?
Сайд нарын зөвлөлийн тогтоолоос үзвэл мянгат малчид улсын зах хязгаарын аймгуудаас олноор тодорсон байжээ. Төвийн аймгуудаас цөөхөн байна. Учир нь зах зээл, мэдээлэлд ойр хүмүүс нударган баян болчих вий гэж айж болгоомжилж байв. Ердөө 10 гаруйхан жилийн өмнө феодалын хөрөнгө хураасан гашуун түүхийг тэд сайн мэдэж байв. Харин хязгаар нутгийн малчид малаа өсгөсөөр байв. Тэр үеийн мянгат малчид гээд бусдаас ялгарч илүү гарах зүйлээр маруухан байлаа. Адилхан гэртэй, адилхан хувцастай, нийгмийн тэгшитгэсэн хуваарилалтаас хүртдэг хувь хэмжээгээрээ л хүртдэг, ялгаатай нь тэд олон малтай л байжээ. Ялангуяа зах зээлээс хол, зарж борлуулах газаргүй хязгаар нутагт мал их олширчээ. Яг өнөөгийнх шиг.
Феодал ангийн төлөөний этгээдтэй тэмцэж байсан коммунистууд нийгмээс өөр дайсан хайж болзошгүй байлаа. Шинээр төрсөн мянгат малчид, чинээлэг иргэдийг “хөрөнгөтний үзэл бодолтой буржуйлаг этгээд, шинэ мөлжигч” гэж буруутгаж эхлэв. Шинэ эргэлтийн бодлогыг амжилттай хэрэгжүүлсэн Ерөнхий сайд П.Гэндэн “Баяжигтун” гэж хэлснээсээ болж буруудсан гэж ойлгож байв.
Коммунист онолоор, хожим Ю.Цэдэнбал ч ишлэснээр “хувийн өмч бол мөлжлөгийг бий болгох суурь хөрс” юм. Олон малтай болохын хирээр малаа ганцаараа дийлэхгүй тул хүн хөлсөлж маллуулах явдал хаа сайгүй байв. Гэтэл малаа маллуулагч нь хүний хөдөлмөрийг сорон мөлжиж буй этгээд болж байв. Хувь хүмүүсийн хоорондын хөдөлмөрийн харьцааг хүлээн зөвшөөрдөггүй нийгэм учраас малаа хариулгасан нь байтугай хариулсан нь буруутан болж магадгүй байлаа. Улсын ажил хийлгүй, хувийн мал малласан нь ял болжээ. Коммунистууд зөвхөн төрийн мөлжлөгийг л хүлээн зөвшөөрч байлаа. Маш энгийнээр тайлбарлая. К.Марксын эдийн засгийн онолын үндэслэл нь “Өмчийн эзэн нэмүү өртөг бий болгохын тулд ажилчдын хөдөлмөрийг багаар үнэлж, гар нүцгэн пролетариудыг мөлжин шулж баяждаг” гэдэгт тулгуурласан байдаг. Тиймээс өмчгүй гар нүцгэн пролетариуд хөдөлмөрөө мөлжүүлэн амьдрахаас өөр аргагүй байдалд ордог байна. Харин өмчтэй нь бусдыг шулан мөлжих замаар л оршин тогтнодог. Үүнээс ангийн тэмцлийн онол үүсдэг. Энэ онол ёсоор бол хувьдаа 1000 ба түүнээс дээш малтай хүмүүсийг баян, тарган гэж нүд үзүүрлэхийн эхлэл тавигдаж байжээ. Төр тэднийг бусдыг мөлжиж орлого олно гэж болгоомжилж байсан учраас тэр орлогыг нь ясанд нь тултал шулж авахыг хичээж байжээ.
Тухайн үед улсын нэгдсэн өвс тэжээлийн фонд, төрөөс үзүүлэх дэмжлэг гэж байсангүй. Тиймээс малчид зөвхөн өөрийн арга туршлага, хишиг буянаар л мал нь өсч, зарим нь дийлэхээ байж байв. Нэгэнт улсаас огт хамааралгүй учраас мянгат малчид харьцангуй бие даасан байдалтай байсан ба “Улсын сайн малчин” цолоор төрөөс шагнаснаар тэдний нийгмийн нэр хүнд ихэссэнд санаа зовох болжээ. Тиймээс албан журмын ноогдол хүндээр оногдуулж, шоронд хорих замаар нэр хүндийг нь унагахын зэрэгцээ ядууруулан тэгшитгэх их аяныг өрнүүлсэн ажгуу. Энэ бол Ардын засгийн, ардын төрөөс ардынхаа эсрэг явуулсан эдийн засаг-хүчирхийллийн системтэй, онолын үндэстэй сайтар бодож боловсруулсан томоохон хэлмэгдүүлэлт байсан юм.
Харин өнөө үеийнхэн энэ “Алдарт сайн малчин” 97 хүнээр бахархах ёстой бөгөөд та бүхэнд эдгээр хүмүүсийг шагнасан тогтоол, жагсаалтыг бахархал болгох гэж Монгол бичгээс кирилл үсэгт буулган хүргэж байна. Энэ тогтоолыг агуулсан эмхэтгэл Улсын анхны алдарт сайн малчны нэг Увс аймгийн Ховд сумын харъяат Батын Янжив гуайд хадгалагдаж байсныг авч энэ жагсаалтыг нийтэлж байгаа тул талархал илэрхийлж байна.
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн 1945 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 82 дугаар тогтоол
Утга нь: Хувь хувийн мал сүргийг мянга ба дээш тоогоор өсгөн нэмэгдүүлсэн тэргүүний малчдад Засгийн газраас дурсгалын зүйлүүдийг олгож, алдар цол шагнах тухай.
Малын тоог мянган толгойгоос дээш өсгөсөн тэргүүний зүтгэлтэй ардуудад 1944 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Намын төв хороо, сайд нарын зөвлөлийн 92-60 дугаар хурлаас гаргасан тогтоолыг баримтлан сайдын зөвлөлөөс тогтоох нь:
Нэг: Өөрсдийн үнэнч шударга хөдөлмөрөөр малаа өсгөх 1000 гаруй толгойд хүргэсэн ардуудад “Улсын алдарт сайн малчин” хэмээх цол шагнаж, Засгийн газрын хүндэт үнэмлэх ба дурсгалын зүйлсийг олгох:
Өмнөговь аймгийн Сэврэй сумын 6 дугаар багийн Магсарын Ванчиг
мөн аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар багийн Норжингийн Намжил
мөн аймгийн мөн сумын 4 дүгээр багийн Дэрэмийн Чойдорж
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар багийн Бадрахын Дэндэв
мөн аймгийн мөн сумын 6 дугаар багийн Гомбын Цэдэнбалжир
мөн аймгийн Дэлгэрэх сумын 3 дугаар багийн Шаравын Дэндэв
Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 9 дүгээр багийн Долгорын Шатар
мөн аймгийн Хужирт сумын 2 дугаар багийн Онолтын Мижид
мөн аймгийн Бүрд сумын 7 дугаар багийн Бадрахын Цэнгин
мөн аймгийн Зүйл сумын 5 дугаар багийн Цэндийн Ойдов
мөн аймгийн Баян-Өндөр сумын 7 дугаар багийн Содовын Гомбо
Хэнтий аймгийн Баянхутаг сумын 9 дүгээр багийн Самданы Пунцаг
мөн аймгийн Норовлин сумын 5 дугаар багийн Насангийн Ханд
мөн аймгийн Баян-Адарга сумын 1 дүгээр багийн Цэвэгийн Дамдин
мөн аймгийн Батноров сумын 11 дүгээр багийн Цэвлээн Ванчин
мөн аймгийн мөн сумын 5 дугаар багийн Жанцаны Зундуйбазар
мөн аймгийн мөн сумын 8 дугаар багийн Балданы Доржгомбо
мөн аймгийн Мандал сумын 5 дугаар багийн Баярын Гэндэндамба
мөн аймгийн Дундбаян сумын 2 дугаар багийн Өлзийн Дамдинсүрэн
мөн аймгийн Жаргалтхаан сумын 5 дугаар багийн Сүхийн Шагдар
Чойбалсан /одоогийн Дорнод/ аймгийн Баяндун сумын 8 дугаар багийн Дүндэгийн Бум.
мөн аймгийн Жаргалант сумын 5 дугаар багийн Банзрагчийн Долгор
мөн аймгийн мөн сумын 6 дугаар багийн Гомбын Даржаа
мөн аймгийн Түмэндэлгэр сумын 7 дугаар багийн Мөнхийн Дорж
мөн аймгийн Цагаан-Овоо сумын 9 дүгээр багийн Жамсрангийн Дэмчиг
Булган аймгийн Сайхан сумын 5 дугаар багийн Ванжилийн Дашням
мөн аймгийн Бүрэгхангай сумын 8 дугаар багийн Очирын Жанцан
мөн аймгийн мөн сумын 5 дугаар багийн Балданы Дагва
мөн аймгийн мөн сумын 5 дугаар багийн Жанцаны Чүлтэмсүрэн.
мөн аймгийн Баян-Агт сумын 1 дүгээр багийн Уртнасаны Дампил
мөн аймгийн Халиун сумын 7 дугаар багийн Самбуугийн Лувсан
мөн аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн Бидийн Жиддамба
Завхан аймгийн Дөрвөлжин сумын 5 дугаар багийн Бавгарын Дорлиг
мөн аймгийн Тосонцэнгэл сумын 1 дүгээр багийн Лхүндэвийн Гомбогүржав
Завхан аймгийн Отгон сумын 8 дугаар багийн Жамсрангийн Халзан
мөн аймгийн Сантмаргац сумын 12 дугаар багийн Очирбалын Балжинням
мөн аймгийн Чандмань сумын 9 дүгээр багийн Бямбын Нацаг
Дундговь аймгийн Баяндун-Овоо сумын 2 дугаар багийн Чулууны Гончигсүрэн
Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 4 дүгээр багийн Дандарын Шаравдорж
мөн аймгийн мөн сумын 3 дугаар багийн Намнангийн Юндэн
мөн аймгийн Уулбаян сумын 1 дүгээр багийн Бумын Гомбосүрэн
мөн аймгийн Дарьганга сумын 3 дугаар багийн Уртын Дэрэм
Мөн аймгийн Баяндэлгэр сумын 5 дугаар багийн Мядагмаан Дашцагаан
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 11 дүгээр багийн Биндэръяан Мижиддоо
Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын 4 дүгээр багийн Сандагийн Жамган
Мөн Цогт сумын 6 дугаар багийн Дамбын Пэрэнлэй
Увс аймгийн Ховд сумын 2 дугаар багийн Ачийн Дансран
мөн аймгийн мөн сумын 2 дугаар багийн Очирын Мижгээ
Мөн аймгийн мөн сумын 5 дугаар багийн Цэвэгжавын Нингэр
мөн аймгийн мөн сумын 11 дүгээр багийн Батын Янжив
мөн аймгийн Түргэн сумын 3 дугаар багийн Сүрэнгийн Равдан
мөн аймгийн мөн сумын 6 дугаар багийн Зүмбэрэлийн Монгол
Мөн аймгийн Бөхмөрөн сумын 6 дугаар багийн Захарын Чойхир
мөн аймгийн мөн сумын 8 дугаар багийн Цагааннохойн Санж
мөн аймгийн Сагил сумын 1 дүгээр багийн Бүниян Авирмэд
мөн аймгийн мөн сумын мөн багийн Самбуун Баасан-Атар
мөн аймгийн мөн сумын 4 дүгээр багийн Мангалын Увш
мөн аймгийн Тариалан сумын 5 дугаар багийн Аюушийн Мамдай
мөн аймгийн мөн сумын 1 дүгээр багийн Жүбдэрийн Сэржээ
мөн аймгийн Малчин сумын 5 дугаар багийн Сандагийн Ванчиг
мөн аймгийн Өмнөговь сумын 1 дүгээр багийн Ноошийн Авирмэд
мөн аймгийн мөн сумын 2 дугаар багийн Шагдарын Юнгэн
мөн аймгийн мөн сумын мөн багийн Бүдээн Муухай
мөн аймгийн мөн сумын мөн багийн Пунцагийн Зандан
мөн аймгийн мөн сумын 6 дугаар багийн Өмхэйн Ванчиг
мөн аймгийн мөн сумын мөн багийн Бөөрийн Иргэл
мөн аймгийн мөн сумын мөн багийн Найдангийн Цэмбэл
мөн аймгийн мөн сумын мөн багийн Доржийн Баянбилэг
мөн аймгийн мөн сумын 7 дугаар багийн Аюурзанын Цагаандай
мөн аймгийн мөн сумын мөн багийн Золцагааны Жамбал
мөн аймгийн мөн сумын 8 дугаар багийн Аюурзанын Дорж
мөн аймгийн мөн сумын мөн багийн Батын Хөхдэй
мөн аймгийн мөн сумын мөн багийн Янживын Бат
мөн аймгийн мөн сумын мөн багийн Цагаандайн Дорж
мөн аймгийн мөн сумын мөн багийн Мягмарын Лхамжав
мөн аймгийн мөн сумын 10 дугаар багийн Жигмэдийн Билигсайхан
Баян-Өлгий аймгийн Ойгор сумын 2 дугаар багийн Дариданы Оролбай
мөн аймгийн мөн сумын 4 дүгээр багийн Бахимын Азихан
мөн аймгийн мөн сумын 2 дугаар багийн Мөндахабайн Шатхан
мөн аймгийн Цагааннуур сумын сумын 3 дугаар багийн Нэмидийн Жамхүү
мөн аймгийн мөн сумын 9 дүгээр багийн Үйнээн Жав
мөн аймгийн Буянт сумын 5 дугаар багийн Пүрэвийн Хишиглэн
хөвсгөл аймгийн Чандмань сумын 2 дугаар багийн Сономын Лхүндэв
төв аймгийн Угтаалцайдам сумын 5 дугаар багийн Цэвэгмидийн Дэндэв
мөн аймгийн мөн сумын 3 дугаар багийн Тогтохын Дамдиндорж
мөн аймгийн Эрдэнэсант сумын 12 дугаар багийн Орочын Гомбожав
Ховд аймгийн Булган сумын 8 дугаар багийн Оржидын Чогсомжав
мөн аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 дугаар багийн Гүржавын Чимиддорж
мөн аймгийн Зэрэг сумын 5 дугаар багийн Бадарчийн Булган
мөн аймгийн Манхан сумын 5 дугаар багийн Жамбалын Магнай
мөн аймгийн мөн сумын 5 дугаар багийн Түвдэнгийн Дорж
мөн аймгийн мөн сумын 1 дүгээр багийн Бүдийн Болд
мөн аймгийн Дуут сумын 6 дугаар багийн Галдангийн Дулаан
мөн аймгийн мөн сумын мөн багийн Ишигийн Хамагши
сөн аймгийн Алтай сумын 6 дугаар багийн Молтуун Пунцагдаш
мөн аймгийн мөн сумын мөн багийн Загдын Багваа
Увс аймгийн Өмнөговь сумын 2 дугаар багийн Дашийн Зоригт нарын 97 тооны өрх ардуудад “Улсын алдарт сайн малчин” цол олгож доор дурдсан дурсгалын зүйлүүдийг олгох, үүнд:
а. Гурван мөнгөн бүслүүртэй бөөрөн дээрээ 1000 малтай хэмээсэн үсэг бүхий таван литрийн багтаамж бүхий зандан хувин
б. Таван хошуу мал товойлгон сийлбэрлэсэн мөнгөн чимэглэлтэй цом
г. “БНМАУ-ын Засгийн газраас дурсгал болгов” хэмээсэн үсэг бүхий 12 чингэлэгтэй эрээн майхан
д. Тэр аж ахуй ба нэгдлүүдийн гол олонх сүргийн хээлтүүлэгч малын мөнгөн хөөмэл дүрс
ж. Хангай нутгийн ардуудад суурьшилтай хашаа, говь нутгийн ардуудад нэгдлийн хашаа тус бүр нэжгээдээр дурсгал болгон шагнасугай.
Хоёр. Өөрсдийн малын тоо толгойг өсгөн нэмэгдүүлж, засгийн газраас алдар цол шагнагдаж, дурсгалын зүйлүүдийг хүлээн авах ардуудад уг зүйлсийг 1946 оны 1 дүгээр улирлын дотор багтааж гардуулан өгөхийг мал аж ахуйн яаманд даалгасугай.
Гурав. Мал аж ахуйг өсгөн хөгжүүлэх хэргийн төлөө хөдөлмөрлөж хувь хувийн мал сүргийг 1000 ба түүнээс дээш өсгөн олшруулж, улсын алдар цол ба хүндэт дурсгалын зүйлийг авахын тул малчин ард бүхэн даяараа өндөр тэмцэл гаргахыг БНМАУ-ын сайд нарын зөвлөлөөс уриалмуй.
Ерөнхий сайд, Улсын шалгарсан хошой баатар, Маршал Чойбалсан
Хэрэг эрхлэх газрын орлогч дарга Жамсран гэжээ.
Бичсэн: Ц.Навагчамба
Редакторласан: А.Баатархуяг.
Монгол бичгээс буулгасан ...
Улстөрийн сонины архиваас
dugtuihan.blog.gogo.mn
Зочин
Тогоо
omogshlol
Зочин
Зочин
usa
Siberian Husky
Siberian Husky
олигархи2
олигархи
Bair hymd zarna
Зочин
Tugsuu
baatarhuyg -d
Анхаар
äîðæ
bbbb
Зочин
Зочин
KHASAR
Түүхч
Зочин
Зочин
Зочин
Зочин
даян
Boldoo
pizdurak
Сайн
Баатархуягт
Сонин хүмүүс
МАХн-ын гишүүн
Manlai
erdenee0626@yahoo.com
Зочин
t
Зочин
Зочин
Зочин
Зочин
Баяраа
ene
Намхай
Зочин
Зочин
Зочин
Ëåíèí
Àõìàä êîììóíèñò
Зочин
Зочин