-Муу ба сайн статистик-

Муу: Манай орныг “Бондын бүгд найрамдах улс” гэх болсон
Сайн: Гэвч “Мал аж ахуйн орон” гэхээ больсон

Муу:  Тэр бонд нь манай үзэгчдийн дуртай Жеймс Бонд-007 биш.
Сайн: Гэвч  уг бонд манай амьдралыг Жеймс Бондоос илүү кинолог, адал явдалтай болгож байгаа.

Муу: Манайд хүнээсээ илүү мал нь хурдан өсч байгаа
Сайн: Гэвч бид улам олуулаа болж байгаа

Муу нь:
Бид бондоо эргүүлэн төлж чаддаггүй
Сайн: Гэвч дараагийн бондыг олж чаддаг

Муу:
Бид Чингэс бондоо идээд дууссан
Сайн: Гэвч Самурай бондыг шинээр олж чадсан

Муу:
Самурай бондыг ч дор нь иднэ
Сайн: Гэвч дараагийн ээлжинд БНХАУ-аас “Сүн Ү Күн” бонд авах асуудлыг судалж байгаа

Муу: Дэлхий дахин “эргүүлж төлдөггүй учраас та нарт зориулан бонд гаргахгүй” гэж айлгах болсон
Сайн: Тэгвэл бид Аль Кайда-гаас “Жихад бонд” авна гэж айлгаж байгаа.

Муу:
Самурай нар өрөө төлөөгүй хүний чигчий хурууг авдаг учраас цөмөөрөө чигчийгүй болно. Энэ ажил “Хушуу нэмэхээр хуруу нэм” уриатай өрнөнө.
Сайн: Самурайн толгойлогч дээр очиж хуруугаа тайрдаг учраас цөмөөрөө Япон явж үзнэ.

Муу: Бид гартаа есөн хуруутай болох тул юм суйлахад гарах ашигт үйлийн коэфициент 10 хувиар багасна.
Сайн нь: Есөн хуруутай эсгий бээлий бүтээж тэрийгээ үндэсний брэнд болгоно.

Муу: Есөн хуруутай эсгий бээлийг гадаадынхан тоохгүй
Сайн: Гэвч есөн хуруутай эсгий бээлийгээ ЮНЕСКО-д бүртгүүлж, өөр хаана ч  үйлдвэрлэх, хэрэглэхийг хориглоно.

Муу: Чигчий хуруугүй учраас хамраа ухаж чадахгүй гэхчлэнгийн бэрхшээлтэй тулна
Сайн: Гэвч бид “Хамгийн олон чигчийгүй хүнтэй улс”, “хамраа хамгийн бага ухдаг үндэстэн” гэхчлэнгийн хэд хэдэн номиницаар Гиннесийн номд бүртгүүлээд жил бүр ойгоор нь наадам хийнэ.

Муу: Энэ хэрээр гадаадынхан биднийг луйварчин гэх нь их болно
Сайн: Гэвч биднийг хулгайч гэх нь багасна.

Муу: Шинжлэх ухааны нээлт гарахаа больсон
Сайн: Гэвч тууз хайчилдаг нээлт улам олширсон

Муу: Эдийн засаг өсөхөө больсон
Сайн: Гэвч юмны үнэ сайн өсч байгаа.

Муу: Иргэдийн орлого өсөхөө байсан.
Сайн: Гэвч иргэдийн цусны даралт нь хангалттай өсч байгаа.

Муу: Манайд Боловсролтой хүний тоо эрс цөөрсөн
Сайн: Гэвч дээд боловсролтой хүний тоо маш өссөн

Муу: 
Алтан ургийнхан монголын төрөөс алга болсон
Сайн: Гэвч “Алтан гадас” фракц төрд бий болсон

Муу: Монгол орон хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахаа больсон
Сайн: Гэвч экстрем аялагчдын сонирхлыг татаж эхэлсэн

Муу: Ирээдүйдээ итгэх итгэл  багасаж эхэлсэн
Сайн: Гэвч өнгөрсөн түүхэндээ найдах нь  улам  ихэссэн.

Муу: Монголын байгаль урьд хожид байгаагүйгээр бохирдох болсон
Сайн: Гэвч байгаль хамгаалах хөдөлгөөний  тоо дээд хэмжээндээ хүрсэн

Муу: Монголын ой урьд байгаагүйгээр багассан
Сайн: Гэвч модон эдлэл, түлш элбэгшсэн

Муу: Бондын оронд хуруугаа өгсөөр байгаад мухар болох аюул айсуй байгаа
Сайн: Гэвч цаана нь гарын 9, хөлийн 10 бүгд 19 хуруу үлдэж байгаа бөгөөд энэ насандаа элбэг амьдрахад хангалттай.

Муу: Бидэнд хөгжих боломж маш бага байна
Сайн: Гэвч зүгээр хэвтээд жаргах боломж маш их байна.