Манай үндэстний спортын царай
Хүн төрөлхтний дунд зугаа цэнгэл, тоглоом янз бүрийн үеийг туулсаар гарч ирсэн. Эхэндээ голдуу наадгай, уламжлал нэрээр цаг хугацааг элээдэг байсан бол зуун жилийн өмнөөс спорт гэсэн их айлд орох нь орж, ороогүй нь мартагдах болж. Он удаан жилийн турш яг нэг хэлбэрээр оршин тогтносон наадгай тун ховор.
Хүн төрөлхтний дунд зугаа цэнгэл, тоглоом янз бүрийн үеийг туулсаар гарч ирсэн. Эхэндээ голдуу наадгай, уламжлал нэрээр цаг хугацааг элээдэг байсан бол зуун жилийн өмнөөс спорт гэсэн их айлд орох нь орж, ороогүй нь мартагдах болж. Он удаан жилийн турш яг нэг хэлбэрээр оршин тогтносон наадгай тун ховор. Өнгөрсөн үеийнхээ бүтээлийг дараагийн үе нь хөгжүүлж ирснээр өнөөгийн спорт үүссэн. Эртний Грект Олимп болоход тухайн бүс нутгийн соёл уламжлал ойролцоо үндэстнүүд гүйлт, бокс, шидэлт гэх мэт хэдхэн төрлөөр өрсөлдөж эв найрамдлын билэг тэмдэг болгож дайн байлдаанаа түр ч болтугай зогсоосон гэдэг. Хүрээгээ тэлж олон улс үндэстэн хамруулах гэхээр Монголчууд барилддаг, гүйхээсээ илүү морио уралдуулдаг, Япончууд сэлмээр үздэг, Ибэрийн (Пирэнэйн хойг буюу Испани) хойгт бухтай тулалдаад, Африкт гүйхээс өөр юм төдийлөн байхгүй учраас дэлхий нийтийн сонирхлыг татахуйц тоглоом, наадгай бий болохоос өөр аргагүй байдалд хүрсэн. Бид морьдынхоо тоосыг харж, бөхчүүдийнхээ хүчийг бахдан суухад сайхан байхад, зарим газар гүйгчдээ харан догдолж, бухтай тулалдах нь самсай шархирам гайхамшигийг мэдрүүлдэг бололтой. Хар багаасаа үзээд дадчихсан учраас сонирхож буй болохоос, бид бухны тулаан үзвэл айж, испаничууд бага насны хүүхэд мориор уралдаж байхыг харвал биднээс дутахгүй мэдрэмжийг авах биз. Балканы хойг, Африкууд хүртэл морь уралдахаас илүү хүмүүс хоорондоо уралдах нь илүү сайхан гэдгийг бидэнд батлах гэж оролдох болно. Бид ч эсрэгээр хүмүүсээс илүү шандаст хурдан хүлгүүд уралдах гайхамшигтай талаар бүгдийг ярих биз. Үнэндээ хэн хэндээ сонирхол татам биш. Ямар нэгэн зүйлийг олон жилийн турш амьдралынхаа нэг хэсэг болгочихсон бол тухайн зүйлээ хүн үгүйлдэг шалтгаан л эцсийн хариу нь. Бүх нийтээрээ дагаад “үнэн” болчихсон зүйлийг өөрчлөх гэж үзээд байгаа нь тэр. Энэ л бидний бас тэдний уламжлал гээд байгаа зүйл. Цаг хугацаа өнгөрч, хүмүүс боловсрох тусам хуучин уламжлал, ёс заншил гологдож, хаягдаж ирсэн. Хуучнаасаа салж чадахгүй зууралдаад байгаа ард түмэн өнөөдрийн буурангүй хөгжлийн гэрч болон торойжээ. Ер нь ямар нэг улсад уламжлалын хүчээр маш удаан оршин тогтносон үл бүтэх зүйлс олон. Хамгийн ухаантай хүмүүсийн тархинд ч гүн бат суулгаж чадаагүй зүйлийг, хамгийн мунхаг дорд хүмүүст уламжлал гүн батаар суулгасан байдаг. Ёс заншлаас татгалзана гэдэг эрүүл ухаанаас татгалзана гэсэн үг боловч, ихэнхдээ энэ үзэл маань эрүүл бус байдаг гэж Мишэл дэ Монтэн аль 15-р зуунд хэлжээ.
Тиймээс бүх нийтээрээ оролцох боломжтой, олон улсад хөгжсөн наадгайны төрлийг нийлүүлээд орчин үеийн олимп, спорт бий болов. Тус тусдаа өөр өөрийн онцлогтой төрлүүдээс нийтлэг нэг төрлийг бий болгож аваргаа тодруулах болсон нь спортын салбар үүсэх нөхцөл болсон юм. Олон улсын үндэстний спортыг, хөлбөмбөг, сагсанбөмбөг гэх мэт илүү сонирхолтой, шударга төрлүүд бут цохих болов. Үзэгч, сонирхогч, хичээллэгчээрээ ихэнх оронд хөлбөмбөг тэргүүн байр эзэлдэг. Уламжлаж ирсэн зүйл гадны соёлд яагаад цохиулаад байгаа шалтгаан нь хоцрогдол байсан юм. Дараагийн үе нь өмнөх үеийнхээ тоглоомыг хөгжүүлэх биш тэр чигээр нь он удаан жил хадгалж ирсний горыг аль нэг цагт тоохоо больдог. Бид ч гэсэн өнөөдөр яах аргагүй хоцрогдолтой нүүр тулчихаад яах аа мэдэхгүй байна. Хүүхдүүд нь мориноосоо унаж эндэх нь ихсэж, бөхийн барилдааны луйвар (зөөлрүүлээд найраа) тартагтаа тулжээ. Худлаа барилдаан нохой зодоонд дөхөж байна. Багаасаа үзэж өссөн болохоор чих тавьж буй болохоос, өөр сонирхох юм алга. Өнөөдөр үндэстний бөхийг голдуу дөчөөс дээш насныхан сонирхож буй. Эдгээр хүмүүсийн үе дуусахаар яах вэ? Бидний үе үзэх л байх. Гэхдээ тэгж их анхаарал хандуулах нь юу л бол. Харин бидний дараа, тэдний дараагийн үед үзүүлэн тоглолт маягийн болох магадлал өндөр байна. Шударгаар хэлэхэд сонирхол татах зүйлгүй төрлүүд цаг хугацаа явах тусам мартагддагийн нэг нь энэ. Бага насны хүүхдээр морь унуулахыг тун удахгүй хориглох байх. Ийм зэрлэг наадгайг 21-р зууны хойч үеийнхэн яавч үзэхгүй.
Сүмо, кураш, ширим бөхийн төрлүүд үндэстний гэж явдаг. Үндэстний соёлоо хадгалах гэж хичээж байгаа ч, сонирхогчдын тоо өдөр ирэх бүр буурч буй. Аргаа бараад гадны тамирчдыг оруулах нь хамгийн зөв шийдэл юм гэдгийг тэд ойлгочихсон байна. Сүмод Хавайн хэдэн бөх, Монголчууд үндэстний өв соёлыг нь хадгалж үлдэхэд туслаж буй. Яагаад гэвэл шинэ мэх, шинэ хүн, шинэ өрсөлдөөн сонирхол татам болгож байна. Тэгэхээс хичнээн уламжлалт бөх минь гээд сүмог хадгалж үлдэх өөр юм байхгүй. Хоцрогдсон зан үйлийн овоолго шүү дээ. Амьдралаас нь ялгаагүй болчихсон хөлбөмбөгийн клубыг Орос, Араб эзэд авч байгаад баярлаж буй нь мөн л ялгаагүй. Анх Англичууд бусад улсыг тоодоггүй, хөлбөмбөг бол биднийх гэсээр сүүлдээ хожигддог болчихсон шүү дээ. Анхны Дэлхийн аваргад оролцоогүй нь голж байгаа нь тэр. Эцэстээ өөрсдөө ч үндэстний спортоороо барахаа больсон жишээ хөлбөмбөг, крикэт дээр бий. Нөгөө л уламжлал яваад байгаа биз. Сүмо руугаа ороход арван жилийн хүүхдүүд, гадны оюутнууд дээр нь хөгшүүд үзэгчдийг нь дүүргэнэ. Манайд ийм үзэгчид ирээдүйд бий болохыг үгүйсгэхгүй. Найрааг багасгахын тулд нэг дэвжээний (манайд аймгийн ч юм уу) бөхийг барилдуулахгүй, үлгэр дууриалал болгохын тулд зохион байгуулалтын хатуу чанга дүрэмтэй. Ингэхгүй бол болохгүй гэдгийг тэд аль дээр ухаарчээ. Монгол, Хавайн их аваргыг хайрлаж дурлаж буй хүмүүс өөрсдийнхөн соёлыг хадгалж байгаад нь баярлаж буйн нэг илрэл ч байж болох. Ид залуу насаа сүмод зориулсан учраас насны эцэст мөнгө хангалттай, аварга болвол насаар нь цалин өгөх тогтолцоог гаргаж ирсэн. Ингэхгүй бол сүмогоор хичээллэх залуус олдохгүй. Мөнгөгүй бол манайхан ч тэр, бусад орныхон сүмо рүү зүглэхгүй нь ойлгомжтой. Харин Японоос гарсан жүдо бөхийн хувьд сүүлд бий болсон харьцангуй сонирхолтой төрөл учраас дэлхий нийтийн спорт болсон юм.
Манай үндэстний бөх ямар байна вэ? Одоохондоо сонирхогчид гайгүй байгаа боловч сүмо бөхийн туулсан цаг хугацааг заавал туулах болно. Энэ бол цаг хугацааны л асуудал. Япон манайхаас өмнө зах зээлийн шугамаар явсан учраас биднээс өмнө туулсан. Өнөөдрийн байр сууринаас харахад Япончууд хөрөнгөжиж, мэргэжлийн спортын олон лиг, тоглогчидтой болсон нь үндэстний спортдоо анхаарал бага хандуулах шалтгаан болсон. Солонгосын ширим бөх ч ялгаагүй. Ялгаа нь сүмогоос сонирхолгүй, бодлого гаргаж чадаагүй нь тэсэж үлдэхэд хэцүү болж байна. Улсаас мөнгө зараад янз бүрийн арга хэмжээ хийгээд байдаг явдаггүй. Өндөр шагналтай дэлхийн аварга ч гэж болдог байх. Солонгосчууд нь өөрсдөө үзэхгүй байхад гадныхан үзэх нь юу л бол. Өөр ард түмнүүд үндэстний бөхийн төрлүүдээ удаан хадгалах олон аргыг судлаж, хэрэгжүүлсээр байна. Япончууд сүмогоо илүү спорт тал руу оруулж өөрчлөлт хийсэн нь нүдээ олсон. Дэлхийн аваргад нь бүх л тивээс тамирчид ирэх нь холгүй, олимпын төрөл шиг болчихсон байсан. Өөрсдийн уламжлалт бөхийг, спортын дүрмэнд оруулаад шинэ спортын төрөл гаргаад ирсэн гэхэд болно. Манайх яг л энэ зарчим руу орохгүй бол хэд дүгээр зуунд зохиогдсон юм гэмээр хуучин арга барил нь амь бөхтэй оршсоор, тэр нь өнөөдрийн олон асуудлын шалтгаан болж байна. Болохгүй байгааг нь бүгд харж байгаа, гэхдээ болохгүй байна гээд хэлчих зориг нь дутаад байх шиг. Голдуу муу муухайдаа дасчихсан дүр төрх ч нилээдгүй харагддаг. Өнөөдөр манайд Бангладешийн бөхийг оролцуулах шаардлага алга. Тувачуудаа хүртэл хөөж туугаад байгаа юм чинь. Ирээдүйд хэн ч сонирхохгүй болоод ирэхэд энэ зам руу орж л таарна. Бид хэзээ ч тэгэхгүй гэж өнөөдөр орилоод ч ирээдүйд болох үйл явцыг зогсоож чадахгүй. Үндэстний бөхөд сахилга бат, тодорхой дүрмийн өөрчлөлт, багахан мэнэжмэнт хэрэгтэй. Сул талаа харвал найрааг багасгахын тулд нэг удаагийн цолыг өөрчлөх хэрэгтэй. Нэг л удаа тав давчихвал насаараа тэр цолтойгоо үлддэг нь манай бөхийн хамгийн том сул тал. Сүмо өөр дүрмийг мөрддөг учраас л бусад бөхийн төрлүүдээсээ илүү хөгжингүй байгаа юм. Цолоо хадгална гэдэг олон хүний дургуйг хүргэж болох ч, цаг хугацаа хүссэн хүсээгүй энийг хийнэ. Шууд хэрэгжүүлж болох зүйл нь сахилга бат. Энэ жилийн наадмаар хэдэн ч бөх хоорондоо зодолдов. Наадмын бус үеэр хэдэн ч бөх энгийн иргэдэд гар хүрч байна. Дэндүү назгай, хоцрогдчихсон уламжлал. Би лав ийм зэрлэг уламжлалтай баймааргүй байна. Уламжлалаа спорттой хослуулах цаг нь ирсэн юм биш үү?
Сүмочид хоорондоо зодолдвол хөөгдөж, дэвжээгээ хүндлэж толгой бөхийлгөөгүй шалтгаанаар Оросын Рохо шийтгэл авч байсан. Найраа хийвэл сүмогоос хөөгдөнө. Уламжлалаа үл хүндэтгэсэн учраас хатуу шийтгэж байгаа нь энэ. Учир нь сүмочин болно гэдэг ямар их үүрэг хариуцлага, үлгэр жишээ байхын тод илрэл. Тэд уламжлалдаа ингэж анхаарал тавьж байна. Гэтэл бид үндэстний бөхийн гол нүүр царай болсон бөхчүүдээ яаж анхаардаг билээ. Бэлэг сэлт, мөнгө, байр, машин өгч байгаагаа анхаарал тавьж байна гэвэл том эндүүрэл. Энэ чинь шагнал болон цалин нь. Яг уламжлалтай холбоотой зүйлээр бид анхаарч чаддаг бил үү!!! Үндэстний бөх болвол ийм, ийм үүрэг хариуцлагатай, чи бол Монгол улсын уламжлалт, ёс заншилийн нэг хэсэг гээд олон олон юм гарч ирнэ. Ямар нэг тулааны спортын тамирчин энгийн иргэнд халдах юм бол зэвсэг хэрэглэсэн гэж үзээд хатуу шийтгэл оноогддог. Уламжлалт спортын тамирчинд бол байж боломгүй асуудал. Манайд амь бөхтэй оршисоор л. Хүн төрөлхтөн соёлжиж, хууль журмаараа халдашгүй дархан байдалтай байдаг ч, бөхчүүд гэдэг тусдаа дүрэм явсаар л байна. Уламжлалт дэг жаяг муу байгаа нь энэ. Сүмо ч анх муу л байсан байх. Гэхдээ тэд засч, орчин үеийн хэлбэрт чадамгай оруулсан. Манайд муу бүхнийг уламжлалаар халхалж, юм дуугарвал эх соёлоо гутаасан болчих гээд тун чиг хэцүү. Үнэндээ эх соёлоо удаан хадгалж үлдэхийн тулд муухайгаа үлдээхийг хүсээд байна шүү дээ!!!
Хүнлэг ёс ба морь
Сүүлийн хэдэн жил эрийн гурван наадмын хамгийн чухал асуудал морины уралдаан байлаа. Хүүхэд мориноос унаж эндэх, гэмтэл авах нь элбэгшив. Энэ жил арав орчим хүүхэд амь насаа алджээ. Багаар бодоход зуу орчим хүүхэд гэмтсэн. Тэдний хэд нь насаараа тахир дутуу болохыг таашгүй. Эмчийн буруугаас хүүхэд эндэх, барилгын төмөр унаад бусдын ам насанд хүрч буй тохиолдол нэг бус удаа гарч буй. Гэвч баяр наадмаас болж мориноос унаж эндэх хүүхдийн тоо өсч байхад эмч, барилгын буруугаас болсон үйлдлээс анхаарал татах нь харьцангүй бага. Эмч, барилга гэх мэт зүйлээс улбаатай хэргүүд тодорхойгүй цаг үед гэнэт тохиодог бол, зориудаар баяр наадам хийж, өөрсдийгөө зугаацуулахын тулд хүүхдийн амь нас, эрүүл мэндэд халддаг санаатай ялзрал. Манайхан уламжлал гээд сохорчихсны тодхон жишээ. Хүүхдийн амь нас, эрүүл мэндийн бүтэн байдлыг олж харахаа болчихсон, уламжлалдаа нэвт идэгдчихсэн сэтгэхүй. Сэтгэхүйн хувьд уламжлалаа захирах биш захирагдаж буй байдал (уламжлал гэдэг зүйлийг ерөөсөө ойлгоогүй). Ямарч юмыг өөрсдийн бүтээсэн ном судраар дүгнэж, бүхнийг түүгээрээ хардаг хоцрогдсон ард түмэн шиг.
Дэлхий дээр байгаа хоцрогдсон уламжлалуудыг бид гайхаж толгой сэгсрэн суудаг ч, өөрсдөө тэдний нэг болчихоод байгаагаа анзаарахгүй байх шиг. Испаничууд хот дундуураа бухнуудыг сул тавиад, эфоипууд бэлгийн бойжилт нь гүйцээгүй хүүхдүүдийг гэр бүл болгодог, эмэгтэйчүүд нь хүзүүндээ цагираг зүүдэг ард түмэн байхад, арабт эмэгтэйчүүдийн эрхийг янз бүрээр хааж доромжилдог. Уламжлал, гэхдээ хоцрогдчихсон (өөрсдийгөө хоцрогдсон гэж боддоггүй нь бүр ч аймар). Удахгүй эдгээр ард түмэн шиг бид олон улсын сувгаар булайгаа жирээд гарч мэдэх юм. НҮБ-аас хүртэл шаардлага тавьж байсныг бодоход гадны зурагтынхан дараа жилийн наадмаар хүрээд ирж магадгүй л юм. Африк болон дэлхийн хоцрогдсон газруудад нэвтрүүлэг бэлддэг үндэстний газарзүйн сувгийнхан дараагийн байндаа биднийг тусгасныг үгүйсгэхгүй. 342 сум, 21 аймаг, нийслэл, ойн баярыг нэмчихвэл 400 орчим уралдаан болно. Зургаан насны морьтой, нас бүрт нэг зайдан морь орж ирдэг гэхээр энэ тоо аймшгийн киноны зохиол шиг болчихно. Багаар бодоход. Уламжлалт наадгайн улмаас хүн энддэг тохиолдол Испаний хот дундуураа бух сул тавьдаг “наадам” бий. Ямарч Монгол хүн тэрийг харсан тэнэг, мангарыг нь дуудаж толгой сэгсэрнэ. Гэтэл бидний уламжлалт наадам хүүхдийн амь насанд хүрч буйг дэлхий нийт мэдвэл юу болох вэ? Манайх бага насны хүүхэд гэмтээж, нас барах тохиолдлоор яаж ч бодсон Испанийн сайн дураараа гүйдэг насанд хүрсэн эрчүүдээс харьцангүй харгис гэдгийг мэдэж байна. Муугаасаа салж, сайныгаа авч явснаар хүн төрөлхтөн өдий зэрэгт хүрсэн. Өвөг дээдсийнхээ сул талыг орхиж, давуу талыг дараагийн үе нь авдаг. Хүний нийгэм хүмүүнлэг энэрэнгүй байж, нэгдүгээрт хүнийг ам насыг тавьдаг. Улс бүрийн үндсэн хуулийн эхэнд ийм заалт байдаг гэдэгт эргэлзэхгүй байна. Б.Цэнддоо гуайн хэлснээр: Түүхгүй улс байвал гунигтай, түүхээс өөр юмгүй болчихвол түүнээс ч гунигтай” гэдэг шиг, уламжлалгүй улс байвал гунигтай, уламжлалаас өөр юмгүй болчихвол, уламжлалаар бүхнийг хараад байвал бүр ч гунигтай.
Хүнлэг ёс гэдэг юмыг хүмүүс анзаарахаа болчихсон уламжлал гээд морио уралдуулах ёстой гэхээр үнэндээ гайхах юм. Манай морин уралдаан аль дундад зууны үеийнхээрээ тэр чигтээ өнөөдөр хүрээд ирсэн. Гэтэл морин уралдаанд өөрчлөлт хийсэн ард түмнүүд жокэй гээд жижигхэн, хөнгөн биетэй насанд хүрсэн хүнээр уралдуулдаг морин уралдаан хийчихсэн байна. Хүүхэд хөнгөн боловч эрсдэл ихтэй. Харин насанд хүрсэн жокэйнууд жинхэнэ тамирчид. Эдгээр хүмүүс анхны болхи байдлаа халсаар ийм зэрэгт хүрсэн. Манай морь бусад морьдыг бодвол холын зайнд тэсвэртэй. Ойрын зайнд сайнгүй гэдгийг бүгд мэдэх биз. Ер нь бол бяр муутай, илүү шөрмөслөг. Хөнгөн атлетикаар холын болон хэт холын зайн тамирчид гэсэн үг. Холын зайнд уралддаг шинэ уралдааныг бид санаачилж болох юм. Энэ нь яваандаа машины уралдаан шиг формула нь тойрог замынх гэж үзвэл, манайх Парис-Дакар шиг гэдэг ч юм уу, ийм байдлаар цааш явбал өөр байх. Заавал дэлхийд гарах албагүй ч, аюулгүй, сонирхолтой тал руу хөгжиж, өөрчлөгдөх хэрэгтэй.
Цэнгэлдэх хүрээлэн
Хүй долоон худагт 85 000 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн барина гэдэг мэдээ сонслоо. Сонсоход сайхан мэдээ. Гэвч нөгөө л юу ч мэдэхгүй сайхан сэтгэл энд явж буй. Сайхан сэтгэл гаргахад хүртэл ухаан, мэдлэг, тооцоо, боловсрол хэрэгтэй. Баян айлын зарим хүүхэд яагаад дампуураад байдаг шалтгаан нь, хэрэгтэйг нь биш хүссэнийг нь авч өгдөг болоод тэр. Эцэг эхийн юугаа ч мэдэхгүй сайхан сэтгэл, эцэст нь үр хүүхдээ гэрийн тэжээмэл амьтан шиг болгочихдог.
Монголд 85 000 хүнийг нэг дор цуглуулж чадах юу байгаа вэ. Наадмаар цуглаж магад, гэхдээ яагаад ч цуглахгүй. Сая Москвад болсон хөнгөн атлетикийн дэлхийн аваргад 80 000 хүний багтаамжтай Лужник алдагдалтай ажилласан. Оросын тамирчид сайн оролцоод байхад цэнгэлдэхийн багтаамж сүүлийн хэдэн өдөр тавин хувиа давсан. Москва манай улсыг дөрөв нугалсан их хүнтэй хот. Өмнөх дэлхийн аваргын цэнгэлдэхүүд багтаамж багатай байсан нь, тооцоотой барилга барьсандаа учир нь байлаа. 2007 оны Олимпын өмнөх цикл Осакагийн Нагай 50 000, 2011 оны Дэгү 65 000 хүний багтаамжтай байсан. Жилд нэг удаа болдог арга хэмжээнд зориулан Азидаа тавд орох цэнгэлдэх барих шаардлага байна уу! Пхенян, Калкутта (Энэтхэг), Бээжин, Куала-Лумпур, Жакарта хотууд манайхаас хэд дахин их хүн амтай. Манай улсаас шүү. Ганц хоёрыг нь эс тооцвол тэнд болдог арга хэмжээ дэлхийн хэмжээнд үнэлэгддэг учраас гучин хувь нь гаднаас орж ирдэг. Олимпын нээлт зохион байгуулах гэж багтаамжыг нь өсгөдөг болохоос дараа нь ийм нүсэр байгууламжыг юунд, яаж ашиглах вэ гэдгээ бүгд тооцоолдог болчихсон. Лондонд тамирчдын байрласан байрыг Катаруудад Олимп болохоос өмнө зарахаа тохирчихсон. Тооцоогүй үлдэгдэл болсон цэнгэлдэх Итали, Орос, БНАСАУ гэх мэт улсад бий. Италийн хөлбөмбөгийг үзвэл үзэгчдын тоо Англи, Германаас үл ялим бага боловч цэнгэлдэхийн эзгүй суудал олон. Орос хуучний тооцоогүй системээсээ үлдсэн баахан нүсэр байгууламжуудтай. Гэтэл 21-р зууны Монгол ийм аргаар явах гэж байна.
Спортыг хөгжүүлж, мөнгөө үр бүтээлтэй зарцуулья гэвэл 20 000 (дээд тал нь 30 000) хүний суудалтай 2-3 цэнгэлдэх хэрэгтэй. Бид ямар шууд Олимп зохион байгуулах гэж байгаа биш. Ирээдүйд зохион байгуулахын тулд өмнө нь туршлага судлах зорилгоор жижиг олон тэмцээнүүдийг хүлээн авч болно. Тэгээд ч тэр их мөнгө гаргаж байснаас жижиглэсэн нь амар. Зүүн Азийн хөлбөмбөгийн урьдчилсан шатыг Улаанбаатарыг тойрсон 2-3 цэнгэлдэх дээ хийж болно. Гадаа талбайн өөр төрлүүдийг авсан ч болно. Жүдо, чөлөөтийн булаацалдаад байдаг Б заал 10-20 хэрэгтэй. Өнөөдөр бид 15 000 хүний багтаамжтай цэнгэлдэхийг юунд ашиглах аа мэдэхгүй байна. Наадмаар л нэг засвар хийж амь орно. Ийм үхмэл хөрөнгийг яах вэ!! Хиймэл зүлэг эсвэл амьд зөөдөг зүлэг тавиад спортын төрлүүдийг хөгжүүлж, улсын аварга зохион байгуулж болно. Цэнгэлдэх барья гэвэл одоо байгаагаа хангалттай ашигладаг болчих. Тэгж чадаагүй байж том том юм яриад манай юу ч мэдэхгүй, сайхан сэтгэлтнүүд. Бидэнд бодлого биш сайхан сэтгэл л байна. Сайхан сэтгэлээр бүхнийг шийдээд байвал ухааны хэрэг алга, сургуульд сураад боловсрол олж авахын ч хэрэг алга.
Дэлхийн хамгийн том цэнгэлдэхүүдийг харвал эхний хоёр нь Азид Пхенян, Калкутта хоёр байна. Хоёулаа 100 000 хол давсан ч тэнд юу ч болдоггүй гэмээр. Ашиггүй, тооцоогүй барилга. Улс нь цэнгэлдэхтэйгээ адилхан. Ямар ард түмэн байна, тийм цэнгэлдэх босдог гэмээр. Гайхуулах юм нь дэлхийд хамгийн том багтаамжтайгаас өөр юу ч биш. Дараагийн цэнгэлдэхүүд спортын том зах зээл АНУ-д бий. Номхон далайн нөгөө эрэгт бэйсбол, америк хөлбөмбөг, сагсанбөмбөг, шайбтай хоккейн дэлхий сүпэр лигүүд бий. Урлагийн хамгийн мундаг тоглолтууд тэнд л болдог. Дэлхийд хүн амаараа эхний аравт ордог Мексик, бүтэн тивийг ганцаараа “төлөөлдөг” Австралид дараагийн цэнгэлдэхүүд байна. Барсэлонагийн Камп Ноу үүний дараагаар зогсоно. Гэтэл энэ бүхэнтэй зэрэгцэхээр жилд нэг болдог үндэстний баяраа тэмдэглэхийн тулд нүсэр цэнгэлдэх барина гэнэ.
Цэнгэлдэх дээр нэмэгдээд, хүй долоон худагт Монгол наадам цогцолбор гэж 900 га талбайг дөрөв хуваагаад, 20 000 машины зогсоол, 10 000 хүн зэрэг хооллох талбай, 5000 үйлчилгээний цэг гээд их л том том юм хийх гэнэ. Бөх энэ маягаараа үзэгчгүй болж, морь хэдэн жилийн дараагаас хүүхэд унаж уралддаггүй болж магадгүй.
Жич: Энэ нийтлэлийг бичээд дуусч байхад твитэр дээр ийм юм байна. Манайд бодлого байхгүй гэдэг тодорхой харагдах юм. Спортын яам бокст эхний хагаст маш их мөнгө дэмий зарцуулахад Молдавт 91 саяыг үрсэн. Одоо Дэлхийн аваргад явах гэсэн мөнгө дутаж байгаа.
монхоо