1. Дээдэс суудлаа олохгүй бол
Доодос гүйдлээ олохгүй

Нэг:

Одоо өдрийн арван хоёр цаг өнгөрч байна. Би эмнэлэгт хэвтээд долоо хонолоо. Дахиад долоо хононо.

1989 оны намар анх би Бээжинд ирж байлаа. Хорин таван жил өнгөрсөн байна. Их юм өөрчлөгджээ. Хятад орон гэрлийн хурдаар хөгжиж. Их мөнгөтэй болсон байна. Иргэд нь, банк нь, компани нь, улс нь. Ер нь нийтээрээ мөнгөтэй чадалтай болжээ. Иргэдийнхээ амьжиргаа Эрүүл мэнд. Боловсролд.  Их мөнгө хаяжээ. Харагдаж байна.

Гэхдээ би магтахгүй. Эдэнд ч бидэнд ч сайн тал бий. Бас муу тал бий.

Бид ядуу мөнгө байхгүй. Тарчигхан амьдардаг. Гэсэн ч бас авах юм байна. Бидэнд ардчилсан төр засаг, эрх чөлөөт ард түмэн бий. Туурга тусгаар улс гэр минь бий. Энэ бол том зүйл.

Бас алдсан юм байна аа. Бид хэтэрхий удаан. Тэгээд хэрэггүй их улс төржсөн байна. Ардчилсан чөлөөт иргэд маань эрх чөлөөгөө эдлэн жагсаж, тэмцэж. Төр засаг маань уймарч, унаж, босож 25 жил болсон байна. Хэн ч юу ч хийхгүй. Тэгээд хэнийг ч юу ч хийлгэлгүй.  Дэмий ажилгүй 25 жилийг өнгөрөөсөн байна. Одоо болоогүй л юм байхдаа. “Хайрлаж харамлах, хүсэж тэмүүлэх сайн сайхан юм бидэнд байдаггүй билүү?” гэж бодогдсон шүү. Ардчилал, эрх чөлөө гэдгийг уг нь би өөр зүйлд бодсон юм. Тэгээд л хүсэж тэмцэж зүтгэсэн юм. Гээд яахав. Байдал өөр болно байх зүгширнэ, сайжирна гэж найдъя даа.

Гэхдээ мэдэхгүй. Ингээд байвал ч хэцүү л дээ. Юу ч санаж сэдэж, хийж бүтээж болохгүй. Нөгөө л ардаа эзэнтэй утгагүй гүтгэлэг, сүрдүүлэг, бодлогогүй популизм. Дээр нь бас эх оронч нэртэй хонзогногсдын өдөөсөн хөдөлгөөн. Хэрүүл тэмцэл, жагсаал цуглаан болно. Хүмүүс ингэж бодоод айдаг болж. Хийх бүтээх хүслийг нь мохоосон байна. Энэ их муу!!! Тун муу зүйл!!!

Аав нь ингэж бодож байна. Чи  юу гэж бодож байна?


Зорилготой бай.
Зорилго тань тодорхой.
Тэгээд агуу байх хэрэгтэй.

Хоёр:

Аав нь 20 гаруй жил бизнес хийсэн. Бүтэх бүтэхгүй олон юм хийсэн. Тэгээд олдсон боломжийг зөв мэдэрч, зөв тооцож, түүнийхээ төлөө хөлс хүчээ хайрлахгүй, цаг завгүй ажиллах ёстой гэдгийг ойлгосон юм. Гутрах халшрах үе байсан. Гэхдээ “Би юуны төлөө ингэж яваа билээ?” гэдгээ мэддэг байсан. Би ганцхан өөрийнхөө төлөө биш гэр бүл үр хүүхдийнхээ төлөө явдаг байсан юм. Үүгээрээ би бахархдаг юм.

Аавд нь мөнгө олъё. Баяжъя гэх хүсэл тэмүүлэл байсан. Би үүнийгээ буруутгадаггүй. Яагаад гэвэл: Энэ хэнд ч байдаг хүсэл, бодол. Харин яаж гэхээс л шалтгаална. Хуурч, хулгайлж. Бас гуйж биш. Мөнгөтэй чадалтай байхын тулд хүн зоригтой бас зорилготой байх ёстой юм.

Тэгээд зорилго тань тодорхой. Бас агуу байх ёстой. Ганцхан чамд биш. Олон хүмүүст хэрэгтэй тустай байх ёстой. Тэгээд Чи өөрөө хэнээс ч илүү хөдөлмөрлө. Тэгэж хүмүүсийг хөдөлгө. Өөрөөр хэлбэл. Өөөрөө чи ажилла.

Хэцүү байх хамаагүй. Ядрах хамаагүй. Зорилготой бай. Түүнийхээ төлөө бат зогсож чаддаг бай. Энэ тун чухал.

Аав нь ингэж бодож байна. Чи  юу гэж бодож байна?

БАДАМХАНД УРЛАГИЙН МУЗЕЙГ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИД..
БАТЖАРГАЛЫН БАТБАЯР. СОСОРБАРАМЫН БАДАМХАНД.