Эзэрхийлэл
Наадам залгуулаад Харангын Лхагва тоглоно гэх зар түүний шүтэн бишрэгчдийн сэтгэлийг наадмаас дутуугүй эзэмдсэн болов уу. Хүн сонирхдог, таашаадаг зүйл рүүгээ л толгойгоо эргүүлдэг. Тийм болохоор рок сонирхогчдод энэ домогт дуучны тоглолт жинхэнэ хүсэн хүлээж байсан баяр хөөр нь болсон гэдэгт эргэлзэх юм алга.
Лхагвад бол үнэндээ хоёр үдэш хангалтгүй. Хангалтгүй гэдгийг нь саяны тоглолтууд харууллаа. Тасалбар зарагдах эсэхэд санаа зовох, наадамтай хамт хөдөө гадаа арилдаг үзэгчдэд сэтгэл чилээх нь түүний хувьд ойлгомжгүй зүйл. Тэр ерөөс энэ мэтэд зовж яваагүй дуучин биз. Тийм ч учраас шоу бизнесийн хувьд эрсдэлтэйд тооцогддог энэ задгай эрх чөлөөтэй цагийг зориуд сонгож ааг омгоо харуулсан ч биз.
Алдарт Харангын эрчүүд нөхөрлөл, он жилүүдийн бардамнал шингэсэн “Бодлын тэнгис”-ээрээ хөшгөө нээв. Бидний танил дуу, бидний танил эрчүүд. Он жилүүд тэдний гадуур нисэлдэн өнгөрсөн мэт дөнгөж өчигдрийнх юм шиг мэдрэмж, дөнгөж саяханы догдлолуудыг зүрх сэтгэлд тэр чигээр нь авчран цутгаж нь хачин. Харанга бол цул авъяас, цул оршихуй юм. Олон рок группууд төрж байсан. Бас тарж байсан. Он жилүүдийн хатуу шалгуурын өмнө сөхөрч байсан. Харин тэд бол даван туулагсад юм. Тэд бол тэсч үлдэгсэд юм.
Харангыг Лхагвагүйгээр, Лхагваг Харангагүйгээр төсөөлөхөд бэрх болтол тэд амьдарсан байна. Тийм ч учраас Лхагва шүтэн бишрэгчдийнхээ өмнө 25 жилийг хамт туулсан хамтлагийнхандаа зориулж “Баярлалаа, Харанга. Миний овгийг хүртэл сольж чадсанд” гэж өөрийн эрхгүй хэлсэн биз. Лхагва энэ хоёр үдэш өөрийнхөөрөө л байлаа. Үзэгчидтэй халуун дотноор сэтгэлээ уудлан хуваалцаж, инээлгэж, бас нүдэнд нь нулимс хуруулж, суудлаас нь огло харайлган босгож, хашгируулж, бүжиглүүлж, бас тэртээх он жилүүд рүү нь хөтлөн дурсамжийн жимээр гүйлгэж...ойр...ойрхон...бүр хэтэрхий ойрхон байж чадав. Түүнд элдэв хийсвэрлэл хийгээд хээнцэрлэл нэгэнт хэрэггүй болжээ. Учир нь түүний амьдрал бидний алган дээр үргэлжилсэн. Алдаатайгаа, оноотойгоо, амьд халуун омогшилтойгоо, судасныхаа лугшилт, зүрхнийхээ цохилттой хамт тэр бидний дунд амьдарсан. Ийм ил амьдарсных нь төлөө ард түмэн түүнд хайртай билээ. Алга ташилт, хана туургыг хага татах шахсан нүргээн дунд тэр бидэнд хандан “Баярлалаа, та нарын энэ хайр намайг амьд байлгадаг юм шүү. Энийг би бас мэднээ” гэж хэлсэн.
Лхагваг хайр дурлалын тухай дуулдгыг бид мэднэ. Залуу нас тэр чигээрээ хайраар амьсгалдаг учраас түүний дуунууд зүрх сэтгэлийг хуваалцагч байсан үеүүд бий. Харин өнөөдөр тэр эх дэлхийгээ хайрлан дуулж байна. Түүний уран бүтээл биднийг ертөнцийн хайр луу хөтөлж байна. Тэр алаг дэлхий, алтан нар, цэлмэг тэнгэр, хөх усны дууч юм. Тэр шиврэх бороо, ширхэг өвсний дууч юм. Тэр аяархан буух манан, алгуур хөөрөх саран, хөхөмдөг уулс, хөдөө талын дууч юм. Тэр үзэл санааны дууч юм. Ингэж төгөлдөршин мандаж чадах дуучин өдрийн од шиг цөөн төрдөг. Тэр цөөхний нэг, тэнгэрлэг дуучин бидний дунд алхаж явна. Задгай үсээ салхинд дур зоргоор нь асгачихаад, агсам хүлгийн нуруун дээр асч явнам. Лхагвагийн алдаа нь хувийнх байдаг, аялгуу дуу нь биднийх байдаг. Энэ бүхэн заримдаа атгаг санагддаг ч тааж тааварлашгүй амьдрал хэмээх их далайд юуг эдэлж, юуг тойрч гарахаа бидний хэн маань ч үл мэддэгт нууц нь оршдог шиг бодогдох. Чухамхүү энэ тайлагдашгүй нууцаас болж тэр ямар нэгэн ээдрээт зовлонг эдэлж явах шиг. Чухамдаа энэ л тайлвал сонин биш болчих учир шалтгааны дэнсэн дээр тэр жаргалтай царайлан гадагшаа дуулж, дотогшоо уйлж яваа ч юм шиг. Эсвэл Лхагва ийнхүү бидний дотор оршиж яваа нь л хангалттай юм шиг бэртэгчин таашаал төрөх....
Лхагва зарим нэгэнд хэт үндэсэрхэг санагддаг. Тэр бас хэт дур зоргоороо харагддаг. Яг л тайзан дээр айраг ууж байгаа шигээ. Тэр бас зүгээр л дуулж явбал болчих амьдралд элдэв танхайрал шингэсэн ойворгон мэдэгдлүүд хийж энд тэндэхийн амьтны үсийг босгож явдаг. Тэр өөрийн үзлээсээ болоод сүүлийн үеийн дуунуудаа ижил шахам хэмнэл, ижил шахам утга санаа, үгстэй болгож байна гэх шүүмжлэлд өртөж байгаа. Мөн тэр дуучны хувьд гадаад имижээ бараг л хувиргалгүйгээр хорин жил болж байна. Энэ нь заримдаа уйтгар төрүүлдэг нь нууц биш. Түүний жигүүр бол байгаль эхээс заяасан алтан хоолой нь юм. Гэвч тэр энэ жигүүрээ хайрлаж мэддэггүй. Бас үнэлж чаддаггүй. Найр хурим, хаа таарсан газраа дуулдаг нь, хэн тааралдсаныхаа захиалгаар дуу хийдэг нь, басхүү дууны үгийн урлагт хэт дураараа ханддаг нь дээд зиндааны дуучин хүнд хэрэггүй шахам алдаанууд гэдгийг хэн ч түүнд хэлдэггүй бөгөөд хэлсэн ч сонсохгүй нь үнэний өндөр хувьтай. Дур зорго бол харанхуй бүдүүлгээ нуухыг хүсэмжилдэг, тэгсэн атлаа амжилтад дуртай хэсгийнхний үзүүлэх дуртай л шоу юм. Тийм хэсгийхэн үндэсний үзлийн ард сул дорой царайлан нуугдаж явдаг. Лхагва тийм хэсгийнхний идеал болох ёсгүй дуучин. Тэр бол асгарсан цагаан гуниг, алдарсан шаргал тариа, хөх манхан тэнгэрийн дууч юм. Тэр эх дэлхийгээ хайрлан тэмцэгч юм. Түүний урлаг биднийг хайрлан нигүүлсэх үзлээр дагуулж буй шигээ өндөр дээд эрэмбийн зиндаатай байх ёстой.
Харьж цуцах яагаа ч үгүй идэр залуу Лхагва ийнхүү хайрлан дуулж байна. Түүний уран бүтээл, түүний орон зай, түүний хүрсэн өндөрлөг амжилтыг харин хальтарч гишгисэн гишгидэлтээр нь бүү балруулдаасай.