(Бид дэлхийн хаана оршдог вэ?)

Яасан хүн ойд төөрсөн сармагчин шиг болдог гэлээ? Яг л тэр хүн шиг чинь дэлхийн энэ олон улсын хаана нь байгаагаа мэдэхээ болиод байна даа, наана чинь. Уг нь намайг багад Төв Азид л байсан шиг санагддаг юм. 1993 оноос хойш харин нэг л биш ээ.

1993 онд юу болсон юм бэ гэж үү?

Шанхай хотноо Зүүн Азийн Спортын Наадам гээч анх удаа зохиогдож, манайхан ч тэрэнд нь оролцсоноосоо хойш нэг ч наадам алгасаагүй яваа. Хачирхалтай нь тэр жил Казахстан бас Зүүн Азийн Наадамд оролцоод байж байтал 1995 онд Төв Азийн Наадам гэж бас нэг тэмцээн анх удаагаа Узбекистан улсад зохиогдож, Казахууд “бид чинь Зүүн чигийн улс биш байна” гээд мөнөөх Төвийн бүсийн наадам руу бүрмөсөн шилжсэнээсээ хойш эргэж ирээгүй гэж байгаа. Манайхан харин “Зүүн”-дээ үнэнчээр үлдэж.

Тээр жил бас нэг мэдээ уншсанаа санадаг юм. Манай Гадаад Явдлын Яамны сайд АСЕАН-ы хуралд ажиглагчаар сууж байгаа, цаашид энэ байгууллагад элсэн орох бололцоог хайна гэсэн санагдаж байна. АСЕАН (ASEAN) гэдэг чинь Association of South East Asian Nations гэдэг үгийн товчлол биз дээ? South East гэдэг чинь Зүүн Өмнөд мөн биз? Тэгэхээр АСЕАН-д элсэхээр ажиллана аа гэдэг нь өнөө кинон дээр гардаг шиг “морин цагаас өмнө зүүн урагшаа нүүнэ” гэсэн санаа биш үү?

За тэгсэн, 2002 онд Хятадын Шандунь хотноо Зүүн Хойт Азийн Эдийн Засгийн Чуулга Уулзалт гээч юм анх удаагаа болж, манайхан бас л ороод явсан байх юм.
Дээрх хэд гэхдээ юу ч биш, “араамандаа яйжганана” гэдэг шиг, хойшоо урагшаа хэчнээн ч гүйсэн “Ази дотроо” байгаа нь их юм. 2009 оны 9 сард ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Бүсийн Хорооны Чуулган Хонг Конгод болж, манай Эрүүл мэндийн сайд зүгээр нэг оролцсоноор барахгүй, Номхон далайн дараагийн чуулгыг Монголд явуулж чадна хэмээн амласан билээ.

Энэ олон байгууллага, улс төр, эдийн засаг энээ тэрээ толгой эргүүлээд “ойд төөрсөн сармагчин” болгох гээд байхаар нь нь яруу найрагч, зохиолч, сэтгүүлчдийнхээ бүтээлээс шүүж үзээд, бүр долоон дор байдалд ордог юм байна. Уянгын гажилтаар авч үзвэл Монгол улс дэлхийн хаахан байгааг сонирхъё.

Хурдан хүлгийн тоос тэнгэрт алдрах нь
Хүж дэлхийн цээжнээ Монгол наадам болж байгаа нь тэр...
Азийн цээжнээ орших сэрүү татсан тэнүүн тал нутагт зун цаг ирлээ…
Төв Азийн цээжинд Миний Монголын охид
Төгс төгөлдөр хийгээд
Хамгийн үзэсгэлэн төгс бөлгөө…


гэх мэтээр Дэлхийн, тэр дундаа Азийн, бүр нарийвчилбал Төв Азийн ЦЭЭЖИНД байдаг гэсэн санал олны дунд хамгийн их байдаг юм байна. 

Цээжнээс арай цааш нь нарийвчлан “судалсан” нэг нь монголчууд дэлхийн “цээж”-нийхээ арай зүүхэн хэсэгт буюу зүрхэн тушаа амьдардгийг тогтоожээ. Аанай л “Дэлхийн, Азийн, Төв Азийн зүрхэн дэх” гэсэн хувилбаруудтай. Нэг сэтгүүлчийн бичсэнээр 2010 онд дэлхийн 3-р дайн эхлэх бөгөөд Монгол улс “дэлхийн цээжин дээр, Азийн зүрхэнд оршиж, мөнх тэнгэрийн ивээл дор байгаа учраас айлтгүй, харин гадаадад байгаа монголчууд маань яана даа…” хэмээн үнэн голоосоо санаа зовсон байна. 

Юуны ч юм бэ дээ, нэг уралдаанд оролцож байгаа залуу өөрийгөө Ертөнцийн цээжинд төрснөө, Иран, Ирак гэх мэт дэлхийн мухар дахь улсад мэндлээгүйгээ азтайд тооцдог хэмээн өгүүлжээ.

Бөөрөнхий юманд чинь мухар, төгсгөл, ирмэг, хязгаар гэж байдаг юм уу? Геометрийн багш нар л хэлэх байх даа. Аягүй л бол цаад иранууд чинь “Бид Ойрх Дорнодын цээжинд, зүрхэнд, бүр зүрхний ховдолд унасан азтай ард түмэн, монголчууд шиг ертөнцийн мухарт төрөөгүй” гээд азтайгаа гайхдаг ч байж мэднэ шүү. 

Бас нэг жигтэйхэн тайлбар сонссон маань, УИХ-д дэвшиж байсан нэр бүхий бизнесмэн эмэгтэй “дэлхий зүүн тийшээгээ хазайгаад байгаа, кран энэ тэр зүүн тийшээгээ унаж мэднэ” гэж хүмүүсийг сэрэмжлүүлсэн байгаа юм. Ухаан нь тэр байшин барилга дээрээс элдэв юм унаад хүн алаад, машин эвдээд байгаа нь манайхны хариуцлагагүйнх биш дэлхий зүүншээ хазайгаад байгаагийнх болох нь л дээ. Зүг чиггүй хязгааргүйн дунд орших, таталцлаар буй бүхнээ барьж буй бөөрөнхий биет яаж ер нь зүүн тийшээ хазайх хэрэг вэ?

Монгол улсынхаа байрлалын талаарх яриандаа эргэн орвол, зарим зохиолчийн үзэж байгаагаар Монгол улс цээж, зүрхнээс арай доогуур байрлалтай бололтой.

Азийн элгэнд нүүдэлчин удмынхан бий
Ариухан тэр ард түмнийг Монгол гэдэг юм…  

Бөмбөрцгийн элгэнд
орших монголчууд бид…

Төв Азийн элгэнд төрсний минь учир энэ…

Элэгнээс доошилбол эвгүйднэ дээ гэж бодсон, доошилж байна аа болоогүй.

Сэтгүүлч С.Жамбалдорж агсан “Азийн бөглүү бөөрөнд хоёр их гүрний дунд оршсоор ирсэн цөөхөн тооны монголчууд…”хэмээн нухацтай дурдсан байна. Азийн бөөрөнд байгаагаа сэтгүүлч “бөглүү” хэмээн бөөрөлхүүлсэн байдлаар голсон бол өөр нэг блогчин “Дэлхийн бөөрөнд байрладаг байр нь ч маш чухал ач холбогдолтой энергийн төв билээ” хэмээн харин ч бахархсан аж. Бодоод байхад бөөрөнхий энэ ертөнцийн бөөрийг чухам тэндээ байна гэж хэрхэн тодорхойлох билээ? За яахав, газрын зургийг дандаа хойд зүг нь дээрээ байхаар хийгээд дасчихсан болохоор Арктик хавьцаа толгой нь байгаа гэж бодъё. Гэтэл бөөрөнхий юмны чинь гэдэс нуруу нь хаашаа харж байгааг тогтоож чадахгүй болохоор хоёр бөөрийг нь бас хаана гэх вэ, аан?

Нутгийг маань бөөрнөөс өөр газар бас байрлуулжээ, таминь цаана чинь.

Улаанбаатарыг утаанбаатар болж байгаа тухай харуусан бичсэн нэгэн сэтгүүлч ингэж халагласан байна: “Нэгэн цагт Азийн цагаан дагина хэмээгдэж байсан, Төв Азийн хүйсийг дэрлэн орших Улаанбаатар хот маань…”

Улаанбаатар Төв Азийн хүйсэнд байгаа юм бол Сэлэнгийнхэн бол яах аргагүй цээжинд нь оршиж таарах нь. Харин Дундговь, бүр урагшлаад Дорноговь, Өмнөговийнхон маань Азийн юуг дэрлэж байгаа хэрэг болох бол?

За үүгээр тоглоом наргианаа төгсгөөд нийтлэлийнхээ энэ хэсгээс хойш асуудлыг нухацтай авч үзэхээ амлая.

Ер нь бол орчлон ертөнц хийгээд дэлхий дахинд туйлын зөв, цаанаас заяасан үнэн зүг чиг гэж байхгүй билээ. Аливаа соёлын хүрээнийхэн өөрсдийгөө хаана байна гэдгээ тогтоогоод, өөрөөр хэлбэл ихэвчлэн өөрсдийгөө ТӨВ хэмээн ойлгоод бусад улс үндэстнийг хаа оршиж байгааг баримжаалсаар ирсэн байдаг. Ийм л уламжлалаар баримжаа болгон Өрнө, Дорно гэх мэтээр, тэгээд хожмоо хэл, соёл, улс төр, эдийн засгийн янз бүрийн нөлөөтлийн бүсийг тооцож эхэлснээсээ хойш дэлхийг, ялангуяа тэргүүлэх чиглэлийн улс орнууд олон өөр бүс нутагт хуваан үзэх болжээ. Тийм учраас яг тэр нь зөв гэж маргах утгагүй гэдгийг юуны өмнө тэмдэглэе. Ойрх Дорнод, Алс Дорнод л гэнэ, хэнтэй ойр, хэнээс хол вэ гэх мэтээр яривал их юм гарна, ар-өвөр, цаадах-наадах гэсэн нэр томьёонууд ч асуудалтай, гэвч тэр бүхэн энэ өгүүллийн маань зорилго биш.

Бид олон жилийн турш өөрсдийгөө Төв Азид хамруулж ирсэн боловч ЗХУ задран унаснаас хойш дэлхийн нийтлэг хандлага нь Төв Ази хэмээх бүсэд Туркменистан, Узбекистан, Тажикстан, Казакстан, Киргизстаныг тооцох болжээ. Харин Монголыг Дотоод Ази гэсэн бүсэд ихэвчлэн авч үзэж байна. Энэ талаар миний бие Индианагийн Их Сургуулийн монголч, манжич эрдэмтэн Уиллиам Розицкийтай өмнө ярилцаж байв:  

М. С: Төв Ази гэснээс Монголчууд бид өөрсдийгөө Central Asia (Төв Ази) – д байдаг гэдэг, гэтэл та нар Inner Asia (Дотоод Ази) гэж өөр нэр томьёо хэрэглэх юм аа даа?

У. Розицки: Central Asia гэдэг нэр томьёог одоогоос зуу илүү жилийн өмнө Британичууд гаргасан юм. Одоогийн Афганистан, Узбекистан, Туркменистан хавийн нутгийг хамарна. Британичуудын энэ үгийг анх хэрэглэсэн өнгө аяс нь Ташкент, Самарканд, Бухар хавьцаа нөлөөгөө тогтоох гэж Оросын Хаант улстай өрсөлдөж байсантай холбогддог. Харин Inner Asia гэдэг бол буддизм хүчтэй дэлгэрсэн газар нутгууд, голчлон Монгол, Төвдийг хамруулдаг нэр томьёо…


Индианагийн Их Сургууль гэснээс тэрхүү сургуулийн Төв Евразийн Судлалын салбар дэлхийд нэн алдартай. Анх Урал-Алтайн Хөтөлбөр хэмээн эхэлсэн энэ салбарт хэрхэн тэр их газар нутаг, хэл соёлыг хамруулан нэгэн цогц болгож чадсан тухай нь загалмайлсан эцэг нь гэж хэлж болох Денис Синьор өвөөтэй уулзаж байхдаа миний бие бас асуун ярилцаж байсан билээ. Синьор гуай ийн тайлбарласан юм:

… Тэгэхэд манай хөтөлбөр албан ёсоор Зэрэг цолын сургалтад хамаарагддаг байсан юм. Хөтөлбөрийг аваад би 2 чухал зүйл хийсэн гэж боддог. Юуны өмнө 1966 онд санагдана, хөтөлбөр Салбар болж, мастер, докторын зэрэг олгох эрхтэй болсон. 2-т гэвэл би үргэлж Урал Алтай судлалын цар хүрээг өргөсгөн нутаг орон судлалыг нэмэхийг боддог байлаа. Харин аль хавийн нутаг орныг хамаарах вэ гэдэг гол асуудал байв. Хэл шинжлэлийн хувьд Фин Түрэг хоёрт холбоо байж болох ч соёл түүхээрээ энэ хоёр хол. Yvний адил түрэг, төвд хоёр хэлний хувьд хавьтах ч үгүй. Иймээс хамгийн сайн нь энэ асуудлыг тоолгүйгээр судалгаагаа өргөжүүлэх явдал байсан юм. Төв Eврази манай салбарын судалгааны төв гэхдээ өөр улс, ялангуяа Унгарт анхаарлаа хандуулж байсан. Тиймээс ч 1979 онд Унгарын Шинжлэх Ухааны Академи коммунист улсын тэр бoлгон гаргаж чадахгүй шийдийг гарган манай сургуульд багшаа илгээж байхаар болсон юм…

Үүнээс харахад аль бүс нутагт аль хэсгийг хамааруулах вэ, ангиллыг хэрхэн хийх вэ гэдэг асуудал субьектив шинжтэй гэдэг нь аанай л батлагдаж байна. Тийм ч учраас Монгол улсын хувьд тэр олон байгууллага, элдэв нийгэмлэгийн хувьд чухам өөртөө аль ашигтайг сонгох нь л хамгийн сайн арга болов уу?

Жишээ нь, хэдий би өөрөө анх өгүүллээ эхлэхдээ ёжлоод байсан боловч манайхны хувьд Зүүн Азийн Наадамд оролцож байх нь хавьгүй ашигтай, өрсөлдөөнтэй, сонирхолтой, туршлага суралцахад илүү хэрэгтэй байгаа юм. Төв Азийн Наадам хэмээхэд нь нэгд, мөнөөх нэр бүхий тавхан –СТАН л оролцдогоос гадна хоёр жил тутам зохиогдох дүрэмтэй боловч 2001, 2007 онуудад тасалдаж байсан, базаахгүй түүхтэй тоглолт юм. Австрали л гэхэд жишээ нь, Хөлбөмбөгийн холбоо нь дандаа Шинэ Зеланд, Фижи аралтай тоглосоор байж, өөдлөхгүй болхоороо Азийн Холбоонд элсэж байх жишээтэй.

Гэвч Монгол улсыг Төв Ази гэхээс илүү Дотоод Ази-д хамааруулах болсон шүү гэдгийг яагаад чухалчлан өгүүлэх болов гэхээр, зарим хүний тун удахгүй шүүмжлээд эхлэх “Чи Монголыг Дотоод Ази болгох гээ юү?” гэсэн санаа огт биш, ердөө баруунд Ази судлалын элдэв хурал цуглаан зэрэгт оролцож байгаа ялангуяа залуу судлаачид маань Төв Ази гэж ярихдаа гол нь цаадуултайгаа нэг юмны тухайд ярьж байгаа эсэхээ нягталж байгаасай л хэмээн санаа зовсных юм. Үгүй бол 19-р зуунд германчууд, англичуудын аль аль нь цахилгаан соронзонг хэмжих вебер гэж нэгж хэрэглэдэг байсан, ойлголцоод л байх шиг байдаг байсан, хэдэн ч жилийн дараа билээ мэдэх нь ээ, нэг вебер гэж тооцоолдог хэмжээс нь англичуудынх бараг гурав дахин их байсан шиг юм болж мэднэ. Нэг л нэр томьёо хэрэглээд байсан хирнээ огт өөр бүс нутгийн тухай маргаад байсан байвал утгагүй биз дээ.

Одоо өөр нэг зүйлийн талаар санлаа хэлье. Ингэхэд яагаад Баруунд Монгол судлалыг дангаар нь нэг судлагдахуун, тусгай бүс нутаг болгон авч үздэггүй юм бэ? Цөөн хэдэн их сургууль, хүрээлэнг эс тооцвол шүү дээ. Төрийн Департаментийн сургуульд монгол хэл Зүүн-Ази Номхон Далайн орнуудын хэлний тэнхимд харьяалагддаг бол Конгрессын номын санд харин Герман-Славын тасагт данстай байдаг.  

Харамсалтай боловч үнэнийг хэлэхэд бид угаасаа бүтэн их сургуулийн тухайд тусгай салбар болон судлагдах хэмжээний сонирхолтой улс биш, тийм их хөрөнгө мөнгө үрэх хэмжээний ашигтай салбар биш байна шүү дээ. Тийм ч учраас ихэнх монголч эрдэмтэд анх шууд монгол судлаач болно гэж үзэж эхлээгүй, аль нэг салбараас шилжиж ирсэн байдаг. Хятад үзэж байгаад Нууц Товчоогоор дамжаад Монгол руу орсон Франсис Кливз байна, миний өмнө дурдсан Розицки, Кристофер Этвүд зэрэг багш нар л гэхэд Ойрх Дорнод, Перс судалж байгаад “халтирсан” байр жишээтэй. Тийм ч учраас Вестэрн Вашингтоны Их Сургуульд Монгол судлал хадгалагдсаар байгаа нь Зүүн Ази Судлалын дэргэд, Япон, Солонгос, Хятад судлалын хавсарга маягаар явж байгаа билээ.

Монгол судлалын байдал Баруунд чухам ийм байгаа учраас, монгол судлал тэнд хумигдах тусам хөөмий, уртын дуу, морин хуурыг яг үнэхээр Монголын соёл шүү хэмээн дотроос нь хэлэх, бичих, тэмцэх монголч эрдэмтэд цөөрч байгаа учраас л баруун дахь Монгол судлалыг манай улс, төр засгийнхан өөрсдөө дэмжих ёстой юм шүү хэмээн байнга үглээд явдаг юм даа.

АНУ дахь Монгол судлаачид байдлыг зүгээр нэг хараад суух биш, бас чиг юмаа хийсээр л байна. Үүний жишээ болгож, бас цаашид яавал дээр вэ хэмээх санаа өгөхийн тулд энэхүү бичлэгээ нэрт монголч эрдэмтэн Хэнри Шварцын АНУ дахь мэргэжил нэгт монгол судлаачдадаа хэлсэн үгээр өндөрлөе:

Хэнри Шварц: Олон нийтийн дундах Монголчуудын талаарх мэдлэг өсч байгаа өнөө үед Монгол улс болон Монголчуудын талаарх судалгаа цар хүрээний хувьд тэлж байгаад бид их баяртай байгаа. Гэвч бид хэт үнэмшилгүй итгэл найдвараас сэргийлэх хэрэгтэй. Хойд Америк дахь Монгол судлал бол түүхэн болон газарзүйн аль ч үүднээсээ энэ бүсийн эрдмийн ертөнцөд захын судлагдахуун байсаар байх болно. Зүүн Азийн улсууд, Энэдхэг, Орос болон Европын олон улстай харьцуулахад АНУ нь орон зайн хувьд Монголоос асар хол. Үүнээс болж дээр дурдсан бусад улсын Монголтой харьцаж байсан шиг нэн эртний түүхэн холбоо манай хоёр улсын хооронд тогтож байсангүй. Энэ баримтаас Америкийн Монголч эрдэмтэд сургамж аван, бие тоон тайвшрах бус харин ч хувиараа болон хамтаараа чармайн ажиллаж, дурдсан бэрхшээлийг даван туулж, Монгол судлалыг Америкийн их сургуулиудад хүлээн зөвшөөрөгдсөн, тогтвортой судлагдахуун болгох шаардлагатай юм…

Бид ч гэсэн дээ, бөөрөнхий энэ ертөнцийн бөөр, зүрх, цээж, элэг, цөс, хамгийн чухал газар нь байгаа байж болно оо хамаагүй, гол нь тэрийгээ хоорондоо яриад суух биш, дэлхий нийтэд мэдүүлэх, судлуулах, судалж байгаа нэгнийг нь дэмжих хэрэгтэй санагдана.

Бид дэлхийн хаана оршиж байгаа вэ? Энэ асуултыг харийнхнаар тодорхойлуулах биш, харин өөрсдөө шийдэж суудаг цаг мөдхөн ирэх болтугай.