Юун Баярцогт, цаана чинь ядаргаатай Якунин
УИХ-ын чуулганаар дэд дарга С.Баярцогтын өөрийнх нь гаргасан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж улс төрийн театрыг үзэх үзвэртэй болгов. Бараг Ерөнхий сайдыг огцруулах асуудлаас илүү энэ асуудалд гишүүд анхаарал хандуулж байх юм. Том утгаараа бол манай улстөрчдийн юунд илүү ач холбогдол өгдөг, юун дээр сүрхий улайран тоглодог зуршилтайг нь томруунаар харуулсан явдал юм.
УИХ-ын дэд дарга С.Баярцогт оффшор бүсэд байгуулсан компанийнхаа нэрийг хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ бичээгүйнхээ төлөө хариуцлага хүлээхээ мэдэгдэж, УИХ-ын дэд даргын албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан юм. Энэ алхам нь өөрөө шинэ жишгийн төлөөх үйлдэл. Шинэ соёл тогтоохын төлөө зүтгэж буй өнөө цагийн цөөхөн улстөрчдийн цувааг тэлж буй явдал. Тэртээ тэргүй нам нь эрх барьж буй энэ үед тэр зүгээр л “уучлаарай”-тай толгой гудайлгаад суугаад байсан ч яаж ч чадахгүй өнгөрч болно. Тойрч баахан хашгиралдаж байгаад л дараагийн дуулианд дарагдаад өнгөрөх төдий. Тэр битгий хэл улсын маань Ерөнхий сайд баахан хүн дагуулаад ууланд тэнэж яваад осгож осолдох шахсан хэрэг хэдхэн хоногийн өмнө гарлаа. Парламентын гишүүд харин түүнийг “хаагуур, юугаа хийж дэмийрээд явна вэ. Улсын өдий төдий унаа тэрэг, бензин шатахуун урсгалаа. Онцгой, цагдаа гээд тусгай байгууллагуудын хэдэн зуун алба хаагчдыг түргэн авахуулж, нойргүй хонууллаа” гэж загнасангүй. Нэг талаасаа амьдрал бол санамсаргүйгээр дүүрэн. Яахав, алдаа гаргаа л биз. Эсэн мэнд эргэж ирсэн нь болоо доо гэж хүмүүс бодсон. Монголчууд бол иймэрхүү л зан төлөвтэй улс. Гэхдээ манай УИХ-аас нэг тааруухан үнэр энэ хоёр хэрэг явдал дээр мэдрэгдээд байна. Эрх мэдлийн оройд байгаа ноён руу нь болохоор халираад хамаагүй дайрч чадахгүй. Тэгсэн хэрнээ буруугаа хүлээгээд, өөрөө албан тушаалаасаа бууя гэж хүсэлт гаргаж байгаа нэгэн рүү болохоор бөөн бөөнөөрөө боргоод байгаа байдал. Зарим нь бүр урьдын өш хонзонгоо далимдуулж авч байгаа юм шиг өлгөж аван орилж байх. Камер харангуут өөр нэгэн дүрд хувилаад явчихдаг эрүүл мэндийн хувьд ч эргэлзээ төрмөөр болчихдог гишүүд байна. Дуу мууных нь өнгө, дүр төрх ямар гайхалтай хувьсана гээч. Ийм алиагчид парламентын танхимд сонгуулиас сонгуульд л нэг нэгээр нэмэгдээд орж ирээд яваад байгаа нь хачин шүү. Тэдний тэр үг үсэг, ойр зуурын аахар шаахар юман дээр барьж авч хашгирахыг ээ. Чи яах гэж хятадын монгол гэж өөрийгөө бүртгүүлсэн юм ч гэж байх шиг. Тэр газрын бүрдүүлэлт хийдэг маягт баримтан дээр чингисийн монгол гэж биш china mongol гээд л биччихсэн байж шүү дээ. Ер нь биднийг гараад явахаар эхний таарсан хүн л бараг аль монголынх нь юм бэ л гэж асуудаг нь нууц биш зүйл ш дээ. Маягт бөглөхдөө тэрийг анзаараагүй байна. Энийгээ өөрөө хэлж байна. Гэхдээ энэ тийм амин чухал факт юм уу. Одоо бол эрхбиш эрлийз хурлийз гэсэн марзан гүтгэлэг, хятад мятад тагнуул туршуул гэсэн шог юмаар нэг нэгнээ унагадаг цаг өнгөрсөн байлгүй дээ.
С.Баярцогт Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ гадаадад бүртгэлтэй байсан компанийхаа нэрийг дурьдаагүй байж. Дансандаа байршуулж байсан мөнгө, тэрийгээ эргүүлж татсан шалтгаанаа, үлдэгдэл мөнгөний хэмжээгээ хэлж байна. Мөнгөн дүнг хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ мэдүүлж байсан ч, компанийн нэрээ дурьдаагүй нь л асуудал үүсгээд байгаа юм. С.Баярцогт нэг үгийг бидэнд тов тодорхой хэлж байгаа. “Би Монголын нэг ч хуулийг зөрчөөгүй” гэж.
Учир нь Монголын төрийн албан хаагч гадаадад ямар нэг хэлбэрийн данстай, бүртгүүлээгүй компанитай байж болох эсэх тухай манай хуулинд ямар ч заалт байхгүй байна. Энийгээ гишүүд яаж хараад, юу гэж ойлгоод давшилж буй нь ойлгомжгүй байна. Хэдийгээр нөхцөл байдал ийм байгаа ч эрхэм гишүүн өөрөө хэрэв УИХ ёс зүйн хариуцлага хүлээ гэж үзвэл хүлээхэд бэлэн гэдгээ мэдэгдэж, бүр хүсэлтээ гаргалаа. Тэрийг нь л хэлэлцээд болоо биш үү. Ерөөсөө УИХ-ын гишүүнээс нь хөө ч гэх шиг ийм ойворгон хэрүүлд цаг нөгцөөж суух хэрэг юу. Нарийн яривал парламент С.Баярцогтыг сонгож илгээсэн сонгогчдын эрхийг ч булааж авах гэж улайрч харагдана. Тэр танхимд тойроод сууж байгаа нөхдүүд хэн нь ч хэндээ дарга, ажил олгогч нь биш шүү дээ. Ийм хэм хэмжээгээ мэддэгүй, амаа авч давхисан адуу шиг нөхдүүд үзвэр тавьж байх болжээ.
Оюутолгойн гэрээ ойрын мөддөө хар толгой ороосон хэрүүлийн сэдэвт уяатай байх төсөл бололтой. Арга ч үгүй биз. Оюутолгойгоор занималдаж сонгогдсон популистууд хуйгаараа ороод ирчихсэн. Өөр ярих сэдэвгүй, бололцоогүй нөхдүүд олноороо парламентад сууцгааж байна. Өнөөдөр тэд мөнөөх үйлийн үртэй Баярцогтыг л тойрч бүжиглэдэг ажилтай болсон. Үнэндээ бол хоёр том намын хамтарч хийсэн гэрээний ар дээр ганц буруутан байх ямар ч бололцоо байхгүй. Одоо энэ оюутолгой гэдэг олс бидний хүзүүг боохоор заналхийлж байна. Зэрлэгүүдтэй өөрөөр “ярилцаад” нэмэргүй гэдгийг тэд ойлгож. Эхний дайрлага С.Баярцогт болов. Удаах нь хэн юм. Уг нь хэн нэгнээр тогтохгүй, хэсэг бусгаар нь л ороох сүрдүүлэг шүү дээ. Тэгээд энэ тоглоомны өмнө бид дотроо сор залж наадсаар л байх уу. Одоо цаана чинь Оросууд өөр өнгөтэй хоолойгоор дуугарч эхлэж байна. Төмөр замынхаа төслийг яах юм бэ. Оросын төмөр замууд” нэгдлийн Ерөнхийлөгч В. Якунин Монгол улсын Ерөнхий сайдтай уулзахыг хүссэн мэдээлэл илүү анхаарал татаж байгааг яах вэ. Ядаргаатай Якунин гуйж биш гуядаж ярих шинжтэй байна .
Монгол улс төмөр замын төсөл дээрээ цоо шинэ компани байгуулах болсон. Төрөх гэж байгаа тэр хүүхэддээ бид “Шинэ төмөр зам” ХХК гэж нэр хайрласан. Гэвч бидэнд энэ хүүхдийг хөлийг нь дөрөөнд хүргэх мөнгө алга. Бидний чадал нэг иймэрхүү л байна. Арга буюу шинэ компанийн 49 хувийг гадны зах зээлд өгч хөрөнгө босгох төлөвлөгөө зохиосон. Бидний төлөвлөгөөг гадна дотны 20 - оод компани хүлээж аваад саналаа ирүүлээд байна. Якунин яаравчилж буй нь ийм учиртай. Одоо байхгүйг чинь нөхөе, ирээдүйд байхын чинь талыг авъя. Бүдүүвчилбэл тэр ийм л “үг”-тэй ирж явна. Мэдээж энэ бол халуухан уулзалт. Монголчууд бид төмөр зам дээрээ төрийн бодлогоо баталчихсан. Тэгсэн атлаа өнөөдөр өөр юм ярьж эхлэсэн. Дотоодын эцэс төгсгөлгүй тэмцэл эхлүүлсэн. Ийм л юм болж байна.
Энэ мэт амин чухал асуудлууд дээр бодлоготнууд ажиллах ёстой байдаг. Улс төрийн алиалагчидтай зууралдах манатай үе ирчихээд байдаг.
Эрхбиш ингээд үүлгэртээд суугаад байж болохгүй учраас Засгийн газар төслийн ажлыг эрчимжүүлэх асуудал руу анхаарлаа хандуулж байх шиг байна.
Оюу толгой” ХХК-ийн баяжуулах үйлдвэр бүтээгдэхүүнээ энэ оны зургадугаар сард экспортод гаргахаар төлөвлөж байгаа юм. Тиймээс “Оюутолгой” компанийн баяжмалыг төлөвлөсөн цаг хугацаанд нь экспортлох боломжийг бүрдүүлэхийн тулд төслийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх тухайд Засгийн газрын уржигдрын хуралдаанаас холбогдох яамдад үүрэг болголоо. Төслийн бүтээн байгуулалтад шаардлагатай газар олголт, газар эзэмшүүлэх, ашиглах эрх, Оюутолгой-Гашуун сухайт чиглэлийн автозам, ажиллах хүчний хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл, баяжмалын гаалийн бүрдүүлэлт, байгаль орчин, ус, цахилгаан станц, хөндлөнгийн хяналтын лаборатори гээд өдий төдий ажлууд эзнээ хүлээж байгаа юм. Гэтэл бид улаан хэрүүл, увайгүй улс төржилт хоёрт хамаг цагаа шатааж байна.