-фельетон-

Эрдэнээгээр бөөлжсөн ч юм биш, Эрдэнээ өөрөө бөөлжсөн юм бүр биш гэдгийг хэлчихээд цаашаа явна аа. Эхэлж энийгээ хэлчихгүй бол яах ч юм билээ. Ер нь бол Р.Л.Стивенсоны “Эрдэнээ булсан арал” номыг хэлсэн  маягтайгаар хаяагаа манасан дээр байхаа.

Өнгөрөгч долоо хоног “бөөлжисний” нэрэмжит байлаа. Эрдэнээр байтугаа эсэн юмаар, идэж уусан төдийгүй “идсэн уусан” юмсаараа бөөлжөөд, хүндрээд ирдэг болсон гэхчив. Телевиз, твиттер, фэсбүүкээр дүүрэн юм юмаар бөөлжсөн зураг. Сүрхий зарим нь алтан медаль, мөнгөн аяга, айфоноор гулгиж, алтаар суулгаж байхад  хөдөөний нэгэн бизнес сэтгэлгээгүй бүсгүй ерийн чулуу сэлт унаган биеэ зовоож ч байх шиг.

Эрүүлжүүлэхэд хоносон хүмүүс бөөлжсөө нэхэн цагдаанарыг сандаргаад зогсохгүй “амьдралаа уусан юмсан, авгай хүүхэд байг гэхэд таван ханатай гэр ядахнаа гаралгүй яав гэж. Өгөхгүй гэвэл Магнай ахад л хэлэхээс биш” хэмээн сүрдүүлж, айлууд суултууртаа шүүр тогтоож, эдийн засагчид бусдын жорлонд суухаас цааргалж,  авилгатай тэмцэх газар сэжигтнүүдэд туулга, огиулах бэлдмэл шахаж...өөр яасан яасан гэчихвээ, базарваань!

Бензины үнэ нэмэгдэж байгаатай холбогдуулан  “явган  долоо хоног” зохион байгуулж байна. Одоогийн байдлаар машинаа орхиод гарахын ач тусыг сурталчилж, эрдэмтэн мэргэд “Гахай нүцгэн, нохой явган” , “Явган нүүж, нүцгэн жаргах” гэхчлэнгийн ардын мэргэн сургаалийг ишилж , дарга нарыг  гэрийнхээ дээд, доод давхар руу явган авирч, бууж байгааг цэнхэр дэлгэцээр үзүүлж байна.Ертөнцийн гурав хэмээх хэллэг “явдаггүй  машин нэг хөөрхөн,  явган  жолооч нэг хөөрхөн, ямар ч унаагүй нийтийн тээвэр нэг хөөрхөн” гэдгээр баяжсан гэнэ.

Хэрвээ шатахууны үнэ хямдрахгүй үргэлжлээд  байх юм бол засаг төрөөс “гэрээсээ гарахгүй” долоо хоног, сарын аян зохиох юм байх аа.  Сарын зохистой ажлын үеэр явган явахын хэрээр амь бие элэгддэгийг сурталчлах аж.“Явсан цэцнээс суусан тэнэг дээр”, “Үхснээ хийж тэнэх билээ”,  “Гэргийн жаргал гэртээ, эрийн жаргал гэргийн дэргэд” , “Тэнэмэл хүн тэнэмэл заяатай”  гэхчлэнгийн яриа таниулга хийгдэнэ гэв үү?

Түүнчлэн Засгийн газраас махны үнийн өсөлттэй харгалдуулан мацаг барих сар зохиох ба идэж уухын хор хөнөөл, амьтан алахын нүгэл хилинцийг сурталчлах  юм байна.  Статистикийн мэдээг сөхөхөд “Нэг хүнд ногдох мацагийн  өсөлт гаарсан” , “Малын дундаж наслалт  нүдэн дээр нэмэгдсэн ”,  “Иргэдийн илүүдэл жин эрчимтэй хасагдсан” гэхчлэнгийн баярт мэдээ өмнөөс инээмсэглэнэ.

Улмаар  бараа материалын үнийн өсөлтийг харгалзан хувцасгүй явах эко сарыг зохиох гэнэ. Засаг төрөө дэмжсэн зоримог зарим нь “Нудизм бидний ногоон ирээдүй” жагсаал зохиож үлгэрлэнэ. Эрдэмтэд үс ургуулах, сахал өтгөрүүлэх бэлдмэл дээр тулгуурласан “жаварт жар хоног сойж болдог даардаггүй эко хүн” төсөл дээр ид ажиллана гэх.

Байдал сайжрахгүй бол “уур биеийг зовооно, уул морийг зовооно” уриатай,ард түмний хүлцлийн сар хийх аж.  Тэр үеэр Засгийн газар “Та битгий уурлаарай” хөтөлбөр хэрэгжүүлэх ба өвлийн эхээр түлээ нүүрсний үнэ хүчрэгдэхээ байвал “Жавар биеийг зовооно, жагсаал төрийг зовооно” уриатайгаар   “Хаан тэвчээртэн, хатан тэвчээртэн” иргэдийг шалгаруулах ба  тэр үеэр байгуулагдах Номхон далай Азийн орнуудын номхон томоотойн Академийн өргөмжлөл олгож, лекц уншуулах аж.

Та битгий уурлаарай гэснээс ийм нэртэй тоглоомыг шинэчлэн дэлгэрүүлэх шийдийг Боловсролын Яаманд өгсөн гэнэ. Улс орны ирээдүй болсон хүүхэд багачуудыг одооноос “үг байтугаа юм даадаг” болгох нь Засгийн зорилт ч мөн.

Ингэхэд “Та битгий уурлаарай” гээд байгаа маань шоо хаяж  хүүгээ нүүлгээд,  барианд овоо дөхөж байтал гэнэт унаад, гараандаа буцаад ирчихдэг хөлөгт наадгай.  Тоглоомын хөлгийг шинэчлээд, 100.000 орон сууцанд ордгийн даваан дээр гэр хороололд уначихдаг,  Төрийн сангийн зээл авдаг дээр тулаад шоогоо хаятал  цалингаараа авахдаа тулчихдаг, машинаа асаагаад гарах гэтэл бензинээ хүчрэхээ байчихдаг  гэхчлэнгээр амьдралд ойртуулсан варианттай болгожээ. Тэднийг болзошгүй амьдралд бэлдэх нь ч зөв л дөө.

Мартах шахаж, тоглоомын нэрийг өөрчилсөн гэдгийг. Нэр нь “Та битгий горьдоорой” болсон ба эргэн тойронд нь “Болох болохгүй хэвлэлийн үгэнд бүү ор, болсон инфляцаас бүү зайл”, “Хүн болох багаасаа Хүчирхэг болох дампуурлаасаа”, “Хүний бага нь хэлмэгдэж, шувууны бага нь твитерддэг” гэхчлэнгийн афоризмуудаар чимжээ.

За ингээд гүйцээ...мартснаас, МИАТ-ын онгоц Орост давхиж яваад дугуйгаа хагалаад суусан байх юм, нисгэхийн оронд  дугуй нь цоортол явуулдаг нь ч юү билээ...хөл толгойгоо алдсан гэдэг нь. За энэ ч яахав, харин засгийн газраас “Интернэтэд холбогдох үедээ бодож болохгүй хориотой бодол, буруу санаа”-ны жагсаалт хийсэн сураг байна.