-фельетон-

Ер нь манай төдийгүй дэлхийн эдийн засаг сайжирч, шинэ шинэ ажлын байр нэмэгдэж байгаа нь Ватиканы ордонд папын орон тоо онгойсноос эхлээд харагдаж байна. Чааваас хөөрхий, Венесуэльд ч гэсэн ерөнхийгийн орон тоо гарчихлаа. Манайд ч ерөнхийлөгчийн сонгууль болно.

Нэгэнтээ Пап руу орсноос хойш гадаадын сониноос эхэлнэ ээ. Францын засгийн газар хүүхнүүдээ өмдгүй гадуур явахыг шаарддаг байснаа болиод саяхнаас өмд өмсөх эрх олгожээ. Үүнд нь урамшсан жендерийн хөдөлгөөний зүтгэлтнүүд “Одоо эмэгтэйчүүдийг цамц өмсөх эрхтэй болгохын төлөө тэмцэнэ” хэмээн амлаж байна. Харин гадаадын жуулчид баахан гонсгор үлдэж “Парист үзэх юмгүй боллоо” гэлцсэн боловч “Дээгүүрээ хувцаслахаас нь өмнө амжиж очих минь” гээд тийзээ буцаахгүй байгаа сурагтай.

За бидний “ах нар” гэгдэж ирсэн оросууд бол бөөн математик, толгой эргүүлсэн тэгшитгэлийн орон болжээ. Путин ерөнхийлөгч нь Японы амбан захирагчаас нохойг нь авчихаад оронд нь муураа өгсөн явдлыг бол бизнес утгаар нь бараг ойлгочих гээд байна. Харин архины үйлдвэрлэлийг ноднингийн мөн үеийнхээс 40 хувь багасгаад байхад уусан архины хэмжээ нь  ноднингийнхтэйгээ тэнцүү байгаа статистиктийг ВВС ишилснийг бол барж идэх боорцог биш.

Эрхбиш улс шиг улс болж байгаагийн хувьд бид ч тэднээс дутах юм алга. Ерөнхийлөгчийн сонгууль болох учраас ч тэгж байгаа ч юм биш. Манай төрийн ордонд ч эмэгтэйчүүдийг өмдгүй явахыг шаарддаг болсон учраас тэгсэн юм бүр биш.

Хамгийн гол нь засаг төр маань зах зээл дээр “брэнд” гэж чухал юм байдгийг мэдээд авчихсан нь тэнгэр бурхан биднийгээ харсны гэрч гэхээс өөр юу гэхэв!

Үлгэрлэвэл миний бие яаж ийгээд бүх талаас нь үзэж болдог 6D зурагт хийгээд сул өгөх гээд байхад хажууд нь байгаа жив жирийн sony–г  хүмүүс аваад байдаг явдлыг л брэнд гэх болтой. Брэнд зөвхөн Японд ч байдаг юм биш. 

Д.Нацагдорж яруу найрагч 10.000 буюу нэг түмэн хонины дундаасхэнз хургаа ганц хараад л танихад, тэр нь мярс мярс майлж өөр хэнийг ч биш өөрийг нь чиглэсээр ирдэг тухай шүлэг бичсэн нь брэндийн тухай шүлэг болтой. Их яруу найрагчийн хувьд хэнз хурга нь брэнд, хэнз хургандаа зохиогч өөрөө брэнд болоод байх шиг.

Д.Нацагдоржийг “Алив Нацаг аа, гараад нэг найдвартай, хэрэглэгчийн итгэл даахуйц  хэнз хурга аваад ир дээ” гэлээ гэж бодьё. Гараад хартал эргэн тойрон 10.000 хэнз хурга, бүгд өөр өөрсдийгээ санал болгон “Миний сүүл өөхтэй” , “Би сайн үүлдрийн хуцны хүү” , “Харин би ихрийн удамтай” гэлцэн цангинатал майлна. Их яруу найрагч тэр бүгдийг дүлий юм шиг өнгөрөөгөөд ганц шүгэлдэхэд л өөрийнх нь хэнз хурга яг л түүний шүлэглэсэн шиг “мярс мярс майлж намайг чиглэсээр ирдэг” бөлгөө. Хот айлын хүмүүс Н.Нацагдоржийн яггүй эр, монголын орчин цагийн хувьсгалт утга зохиолыг үндэслэгч хэмээн гадарлах тул сонголт нь ч сүрхий хэмээн тааварлаж, хэнз хургыг замаас нь дуудна.  Харин хэнз хурга Д.Нацагдорж л түүнийг монголын утга зохиолд оруулж чадна гэдгийг мэдэх болсон тул тарган туранхай, тэр ч бүү хэл цагаан хоолтой хүнийг хүртэл алгасан одно...гэх мэт,гм, гм.

Нацаг, хурга хоёр бие биедээ брэнд болохын тулд багагүй хугацаа, хүч хөдөлмөр зарсан байж таарна. Яруу найрагч ядаж л “Шүлгэнд орчихмоор аятайхан хурга юу байна” хэмээн түмэн хонин дундуураа нэг бус удаа аялсны эцэст “түүнээс хөөрхөн амьтангүй” нэгнийг олж харсан байх учиртай. Хурга ч гэсэн “төрсөн хот дотроо тэр бид хоёр эрхэлдэг” гэж хэлүүлэх андтай болохыг хүсч байсан боловч сонголт амаргүй байсанд эргэлзэх хэрэггүй.

Зарим хүн нүдэнд дулаахан харагдаад байх боловч алж идэх зорилготой байхыг үгүйсгэхгүй. Нөгөө нь төмсийг нь чанаж идэх санаархалтай байхыг хэн байг гэх вэ. Гурав дахь этгээд эхнэртээ хурган дотортой торгон дээл хийх санаа агуулаагүй гэж хэн л нотлохсон билээ. Энэ бүх сорилт, эргэлзээг давж баймаажин  “Энэ л намайг эрхлүүлж, хожим шүлгэндээ оруулах тэр хүн мөн” хэмээн Д.Нацагдоржийг таних хүртэл юм юм болж, хөөрхөн зам туулна.

Харин манай намзасаг “Брэнд” чухал гэдгийг ойлгосон нь олон түмний заяа буяны хэрэг мөн боловч шат дамжлага дээрээ учир нь олдохоо байчихлаа. Тэднийхээр бол эхэлж брэндээ бүтээчихээд дараа нь түүнийгээ зарж, олон түмнээ жаргаах болтой.

Эднийхээр бол дэлхий даяар шагшуулсан sony гэдэг брэнд нь бүтээгдэхүүнээсээ урьтаж бий болсон байх гээд байна.  Өнөө Загалмайтны ариун сударт, эхлээд оргүй хоосон байсан. Тэгээд ертөнцийн эзэн “гэрэл үүс” гэв. Тэгээд гэрэл үүсэв гэхчлэн гардаг шиг. 

Эхлээд ямарч магнитофон, зурагт, зургийн аппарат, ерөөсөө нэг ч гэр ахуйн цахилгаан хэрэгслэлгүй оргүй хоосон байж. Тэгтэл япончууд  “Сони гэдэг брэнд үүсэгтүн” гэв. Үнэхээр sony брэнд үүсэв. Дэлхий даяараа түүнийг шагшраа л, чанарыг нь гайхаад л, авахын мөрөөс болоод л, бие биеэсээ “чамдsony байна уу”, “ганцsony олдох арга юу байна” гэлцээ л, авгай нөхрөө “sony-той болно гээд байхаар нь чамтай суусан. Хаа байна тэр чинь, муу хар худалч” гэж хангинаад л...Гэхдээ sony гэж яг юу болохыг нь мэдэхгүй, барааг нь ер хараагүй атлаа л чанар, дизайныг нь бахархаад бахархаад ханахгүй байгаа хэрэг шүү дээ.

Тэгтэл нэг гэгээн сайхан өдөр тийм нэртэй зургийн аппарат, дуу хураагуур, зурагт гараад ирэхээр нь “sony” юм чинь сайн л байгаа, дотно танил брэнд маань байна гээд л аваад эхэлсэн юм байхаа.

Элдэвтэй эрээн хорвоод эхэлж гэрлэчихээд дараа нь танилцаж болдог л байх л аа. Шинжлэх ухаан хөгжөөд байгаа юм чинь эхэлж нярайлчихаад 10 сарын дараа тэр хүүхдээ хэвлийдээ олж мэдэх л юм.

Харин япончууд эхлээд дуу хураагуур хийгээд, тэрийгээ сайн хийгээд, улам улам сайн болгоод  “Сайн ч хийдэг, улам улам сайжруулдаг” гэдгийг нь хүн төрөлхтөн андахаа болиод “sony” брэнд үүссэн баймаар.

Гэтэл манайхан эхэлж дэлхийд түгсэн “брэнд” хийж алдаршаад дараа нь юмаа хийх болтой яриад, хуралдаад, “тэгэх нь зүйтэй” гэсэн шийдвэрт хүрээд толгой эргүүлчихлээ. Дэлхий даяараа л “монголчууд ч нэг брэнд бүтээх нь ч бүтээчихлээ...харин тэр брэндээрээ юу л хийж цустдаг бол доо” гэж шагшрах юм байхаа.  Брэнд босгосныхоо маргааш өглөө тийм нэртэй модон морь ч хамаагүй хийсэн хорвоо даяараа шагшин худалдаж аваад л...ай базарваань.

Бид боолын нийгмийн алгассан гэж өөрсдийгээ өхөөрддөг байлаа. Монголчууд “Капитализмыг алгассан” гэж ирээ л биеэ магтдаг байлаа. Түүх юм чинь яая гэхэв. ( алгассан капитализм руугаа эргэж орсон шүү).  Харин одоо бүтээгдэхүүнээ алгасаад брэнд рүү орох болтой.

...Уул нь би, манай ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр дахь удаагаа 25 нас хүрч байгаа тухай, харин миний бие сүүлийн хэдэн жил тогтвортой 48-тай байгаа тухай бичье гэж бодоод эхэлсэн чинь брэнд рүү хальтирчихлаа, одоо яая гэхэв.