Билл Брайсоны “Шинжлэх ухааны товч түүх: Бараг бүх юмсын тухай шастир” хэмээх зураг чимэглэл бүхий хоёр боть ном хатуу хавтастай хэвлэгдэн уншигчдын гар дээр очлоо.

Өнөөгийн сансар судлаачид маш гайхалтай зүйлс хийж чадна. Хэрвээ хэн нэг хүн саран дээр шүдэнз зурвал тэд галыг нь олж харж чадна. Сансрын хөлгөөр бараг хагас сая жил явж байж хүрэх алс хол зайд байгаа одны өчүүхэн лугших долгионоос тухайн одны онцлог, хэмжээ, амьдарч болох эсэхийг нь тодорхойлж чадна. 1951 онд дэлхий даяараа чармайж байж сонсох байсан долгионыг ч, Карл Саганы тодорхойлсончлон “ганц цасан ширхэг газар буухдаа ялгаруулах хэмжээний” өчүүхэн энергийг ч өнөөгийн астрономичид радио телескопоо ашиглан алдалгүй барьж авах боломжтой болсон.


Товчхон хэлэхэд хүсэх л  юм бол ертөнцөд сансар судлаачдад сонсож чадахгүй гэх зүйл бараг байхгүй болсон. Гэсэн ч гайхалтай нь 1978 оныг хүртэл хэн ч Дэлхийн ван гаригийг дагуул сартай гэдгийг ажиглаагүй. Тэр жилийн зун Жэймс Кристи гэдэг нэгэн астрономч залуу  Аризонагийн Флагстаф дахь Лоуэлл ажиглах хүрээлэнд ажиллаж байв. Тэрээр Дэлхийн вангийн фото зургийг ажиглаж байхдаа уг гаригаас ялгаатай өөр нэгэн тодорхойгүй бүрэлзсэн зүйл олж ажигласан байна. Робэрт Харрингтон гэдэг хамтран ажиллагчтайгаа зөвлөлдөнгөө тэрээр өөрийнх нь харж байгаа зүйл нь дагуул сар байна гэдгийг мэдсэн. Энэ нь зүгээр ч нэг сар байсангүй. Гаригтай нь харьцуулбал энэ манай Нарны системийн хамгийн том сар.

Энэ нь ерөөсөө энэ Дэлхийн ван чинь ингэхэд гариг мөн үү биш үү гэсэн асуудал гаргаж ирсэн. Өмнө нь Дэлхийн ванг сарныхаа хамт явдаг тойргийг зөвхөн өөрийнх нь гэж ойлгож байжээ. Гэтэл Дэлхийн ван өмнө бодож байснаас хамаагүй жижиг болох нь тодорхой болсон. Дэлхийн ван Буд гаригаас ч жижигхэн бөгөөд Дэлхийн Сарыг оролцуулаад манай Нарны системийн долоон Сар Дэлхийн вангаас том аж.

Яагаад үүнийг одоо болтол хэн ч анзаараагүй юм гэсэн асуудал үүсэх нь ойлгомжтой. Хариулт нь сансар судлаачид дурангаа хаашаа чиглүүлж байна вэ гэдэгт л байгаа юм. Тэдний хувьд энэ бол ердөө л Дэлхийн ван байсан юм. Сансар судлаач Марк Чапман энэ талаар: “Ихэнх хүмүүс сансар судлаачдыг шөнө л ажиглах байрандаа очин тэнгэр огторгуй дуранддаг гэж боддог. Харин бодит байдал дээр ийм биш. Дэлхий дээр байгаа бараг бүх дуран тэртээ алс хол байгаа квазэр, хар нүх, алс орших галактикууд руу чиглэсэн байдаг. Тэнгэрийг бүхэлд нь дурандаж, хуулбар зураг буулган хайгуул хийж байдаг дуран бол гагцхүү цэргийнхний барьж байгуулсан багаж хэрэгсэл, тэдэнд хамаатай зүйлс байдаг” гэж хэлсэн юм.

Хүмүүс уран бүтээлч, зураачдын зурсан зургаар алс холын гаригуудыг төсөөлдөг ч бодит байдал дээр Дэлхийн вангийн зураг илүү бүрэлзсэн бүүдгэр, сансрын туяатай байдаг. Кристигийн нээлттэй холбоотой нэг сонин зүйл нь түүний байсан Флагстаффт 1930 онд Дэлхийн ванг нээсэн юм. Энэхүү давхацсан үйл явдалд астрономич Пэрсивал Лоуэлл зүй ёсоор холбогдоно. Лоуэлл Бостоны хамгийн баян айлын нэгнээс гаралтай байсан бөгөөд нэрээр нь нэрлэгдсэн алдартай ажиглах хүрээлэнг эзэмшдэг. Ангараг гариг дээрхи хөдөлмөрч ангарагчууд суваг шуудуу ухаж, ажил хийдэг гэсэн үзэл бодлоороо тэрээр олонд алдаршсан.

Лоуэллын өөр нэг тавьдаггүй үзэл нь Далайн вангаас цааш нарны системд ес дэхь гариг байна хэмээн үзэж түүнийгээ “Икс гариг” гэж нэрлэсэн. Тэнгэрийн ван, Далайн ван гаригуудын орбит дахь алдагдал гажигийг тооцоолсны үндсэн дээр тэр ийн үзэж байсан бөгөөд амьдралынхаа сүүлийн жилүүдийг хийнээс бүтсэн тэрхүү нууцлаг, аварга том гаригийг эрж хайхад зарцуулсан. Харамсалтай нь Лоуэлл 1916 онд гэнэт цус харван харамсалтайгаар нас нөгчсөн бөгөөд үе залгамжлагчид, хамаатнууд нь түүний хөрөнгийг булаалдсанаар гариг хайх ажил үндсэндээ бараг зогссон. 1929 онд Ангараг гариг дээрх шуудууны тухай ярианаас олны анхаарлыг өөр тийш нь хандуулахын тулд ажиглах хүрээлэнгийн удирдлага Лоуэллын таамагласан гаригийг хайх ажлыг үргэлжлүүлэхээр шийдэн Канзасаас гаралтай нэгэн залууг ажилд авсан нь Клайд Томбау гэгч.

Томбау албан ёсоор сансар судлалын мэргэжил эзэмшээгүй нэгэн. Гэсэн ч хичээнгүй, ажигч хүн тул олон жилийн уйгагүй зүтгэлийнхээ үр дүнд Дэлхийн ван гаригийг олж илрүүлж чадсан юм.

Энэ бол гайхалтай нээлт байсан ба харин Далайн вангаас цаашаа гариг байгаа гэсэн Лоуэллын тооцоо нь алдаатай байсан. Яагаад энэ хийн гариг Лоуэллын таамаглаж байсан шиг асар том биш байсныг Томбау ойлгосон. Энэ бол америкчуудын хийсэн анхны нээлт байсан тул тэр нь тэртээ алсад байгаа жижигхэн мөстсөн цэг байх нь хамаагүй байлаа. Энэ гаригийг Дэлхийн ван гэж нэрлэсэн, ядаж л эхний хоёр үсэг нь Лоуэллын нэрний эхний үсгүүдтэй таарчээ. Хүмүүс Томбаугийн тухай бараг мартсан ч сансар судлаачид харин түүний гавъяа зүтгэлийг бишрэн шагшсаар ирсэн юм.

Үүнээс хойш зөвхөн цөөхөн сансар судлаачид л Дэлхийн вангаас цааш арав дахь гариг байгаа, тэр нь Бархасвадийн дайны том байх ёстой, гэсэн ч нарны гэрэл түүнд бараг хүрж тусахгүй байгаа тул бидэнд бараг харагдахгүй байгаа гэж таамаглан Икс гариг хэмээн нэрлэн түүнийг хайж байв. Энэ гариг 4,5 ихнаяд км зайтай асар хол байх учраас Бархасвадь, Санчир мэтийн гаригаас хамаагүй өөр байх болно. Сансарт байгаа ихэнх оддын систем бинар буюу хос нартай байдаг, харин манай Нарны систем ганц одтой байгаа нь бага зэргийн өөр, өвөрмөц онцлог юм.

Дэлхийн вангийн тухайд гэвэл хэн ч түүнийг хэр зэрэг том бэ гэдгийг болон юунаас бүрэлдсэн, агаар мандал нь ямархуу вэ гэдгийг мэдэхгүй.

Олон сансар судлаач Дэлхийн ванг гариг биш харин Куйперын бүс хэмээн нэрлэгдсэн галактикийн хэлтэрхийнүүдийн бүсээс олдсон хамгийн том нэгэн обьект гэж үздэг. Куйперын бүсийн талаар анх Ф.С.Леонард 1930 онд таамаглан онол дэвшүүлсэн ч энэхүү санааг нь цааш нь өргөжүүлсэн Америкт ажиллаж байсан Дани судлаач Жерард Куйперын дурсгалд зориулж тийн нэрлэжээ. Куйперын бүс гэдэг нь тодорхой хэмнэлээр тохиолддог богино давтамжтай солируудын эх сурвалж юм. Тэрэн дундаас хамгийн их олонд алдаршсан биет нь Халлэйн сүүлт од юм. Илүү урт давтамжтай биетүүд нь илүү холын Оортын үүлнээс гаралтай байдаг. Тэндээс ирсэн сүүлийн үеийн зочид гэвэл Hale-Bopp, Hyakutake нарыг нэрлэж болох юм.

Дэлхийн ван бусад гаригтай огтхон ч төстэй биш. Зөвхөн жижиг, сүүмгэр төдий гэдгээс гадна Дэлхийн вангийн хөдөлгөөн хувьсамтгай тул зуун жилийн дараа хаана ч цохиж явж мэднэ, хэн ч итгэлтэй хэлж чадахгүй. Бусад гаригийн орбит их бага ямар ч болов тогтмол нэг хэвийн байдаг бол Дэлхийн вангийн орбит 17 хэмийн өнцгөөр хазайн мушгирсан байдаг. Яг л далий тавьсан малгайг хуруун дээрээ эргэлдүүлж буй мэт. Орбит нь тогтмол биш учраас Дэлхийн ван Нарыг тойрох үедээ зарим үед наашаа ихэд ойртож Далайн вангийн наана хүртэл гарч ирдэг. 1980-1990 оны хооронд үнэндээ Далайн ван Нарны системийн хамгийн гадна талд байсан юм. 1999 оны 2 сарын 11-нд л Дэлхийн ван буцаж хамгийн гадна талын тойрог дээр гарсан ба тэр зам дээрээ дахин 228 жилийн турш байх болно.

Дэлхийн ван үнэхээр өвөрмөц. Энэ гариг маш өчүүхэн, жин нь Дэлхийн жингийн ердөө л ганц хувьтай тэнцэнэ. Хэрвээ Дэлхийн ванг АНУ-ын дээр тавьлаа гэж бодоход 48 мужийн талыг ч бүрэн халхалж чадахгүй. Дараах харьцуулалт энэ гариг хачин гэдгийг хангалттай илэрхийлнэ. Юу гэвэл манай Нарны системийн дотоод дөрвөн гариг нь чулуурхаг, гадна талын дөрвөн гариг нь хийн бөгөөд асар том хэмжээтэй. Харин түүний дараа жижигхэн мөстсөн гариг Дэлхийн ван байгаа. Тиймээс үүний гадна, бүр асар том хэмжээтэй мөсөн гариг байж болох юм гэж таамаглах бүрэн үндэс төрөх болно. Тэгтэл тэр мөчид асуудал гарч ирсэн юм. Кристи Дэлхийн вангийн дагуул сарыг олж харсны дараа сансар судлаачид огторгуйн энэ хэсгийг илүү анхааралтай дурандаж эхэлцгээсэн ба 2002 оны 12 сар гэхэд тэд 600 гаруй Транс-Далайн вангийн биет буюу өөрсдийнх нь нэрлэдгээр Плутиносыг илрүүлсэн. Варуна хэмээн нэрлэгдсэн нэг нь хэмжээгээрээ бараг Дэлхийн вантай ойролцоо. Одоо сансар судлаачид ийм обьект тэрбумаараа байж магад гэж итгэцгээж байна. Мэдээж тэдгээр нь яг л нүүрс шиг, гэрэл ойлголт нь 4% бөгөөд эдгээр хэлтэрхийнүүд 6 тэрбум километрийн  цаана байгаа.

Ингэхэд энэ нь хэр хол гэсэн үг вэ? Маш хол. Огторгүй дэндүү уужим. Боловсролоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ өөрсдийгөө зугаацуулахаар үүнийг төсөөлж үзье. Бид өөрсдийгөө сансрын хөлгөөр аялах гэж байна гэж төсөөлье.

Хэдүүлээ хол явахгүй, ердөө л Нарны системийнхээ гадаад хязгаар хүртэл нисэх болно. Ингэснээр ямар аугаа уудам дахь ямар өчүүхэн орон зайн талаар ярьж байгааг харьцуулах боломжтой болно.

Урьдчилаад сануулахад бид тийшээ аялбал оройн хоолны өмнө гэртээ буцаж ирж амжихгүй байх шүү. Гэрлийн хурдаар явлаа ч гэсэн (секундэд 300 000 км) Дэлхийн ван хүртэл талдаа долоон цаг явах болно. Мэдээж бид тийм хурдтай явж чадахгүй. Ингэхээр өнөөдөр ашиглаж байгаа сансрын хөлгийн хурдаар нисэх учир тийм ч сэтгэл татам биш л дээ. Хүний бүтээсэн зүйлсийн хамгийн дээд хурдтай нь Вояжер 1, Вояжер 2 бөгөөд цагт 56 000 км.

Вояжер хөлгүүдийг нисгэх болсны учир нь (1977 оны 8, 9 сард нисгэсэн) Бархасвадь, Санчир, Тэнгэрийн ван, Далайн ван гаригуудын 175 жилд нэг удаа л тохиодог солбицол давхцал тохиолдож байсантай холбоотой. Үүнийг ашигласнаар хоёр Вояжер хөлөг “таталцлын хүчний дэмжлэг” ашиглан нэг таталцлын хүчнээс нөгөөд шилжих замаар нэг гаригаас нөгөө рүү дамжин ниссэн юм. Ингэж явсан хэдий ч хөлгүүд Тэнгэрийн ван гаригт хүрэхийн тулд есөн жил, Далайн ван гаригт хүрэхийн тулд арав гаруй жил зарцуулсан. Сансар огторгуйд маш их зүйл байдаг ч сонирхолтой үйл явдал тийм ч элбэг биш. Олон ихнаяд км орон зай дотор манай Нарны систем хамгийн хөхиүн үйл явдалтай нь ч байж магадгүй. Мөн өөр нэг зүйл бол гаригийн орон зайн зургийн хэмжээ, харьцаа тооцоололгүй зурагдсан байдаг гэдгийг санах хэрэгтэй.

Ихэнх сургуулийн самбарт Нарны системийн гаригуудыг Нарыг тойрон хоорондоо ижил зайтай хөрш мэтээр зурсан байдаг. Гэвч энэ бол тэднийг хуудас цаас, самбар зэрэгт багтаах гэсэн оролдлого гэдгийг мэдэж байх хэрэгтэй. Асар хол зайтай учраас тэднийг харьцаагаар нь масштабалж зурах ямар ч боломжгүй. Хэрвээ Дэлхийг самрын чинээ хэмжээтэй гэж үзвэл Бархасвадь 300 метрийн цаана байх ёстой болох бөгөөд, Дэлхийн ван 2,5 км-ын цаана байх болно.  Энэхүү бодит харьцаагаар илэрхийлбэл манай дэлхийд хамгийн ойрхон байгаа эхний од болох Проксима Сэнтаури  мөнөөх  самрын үрнээс 16 000 км-ын цаана байх болно.

Нарны систем маш уудам. Дэлхийн ванд хүрч очих үесд бидэнд гэрлээ хайрлан ивээгч Нар маань зүүний сүвэгчийн чинээ өчүүхэн болж харагдах болно. Тод одноос ялимгүй том л харагдах байх. Ийм орон зайд чухам яагаад Дэлхийн вангийн сар бидний анхааралд өртөөгүй удсаныг ойлгож цөхөх юмгүй. Энэ үүднээсээ бол Дэлхийн ван ганцаараа биш. Вояжерын аялалыг хүртэл Далайн ванг хоёр сартай гэж бодож байв. Вояжер зургаан сар нэмж илрүүлсэн. Намайг хүүхэд байхад Нарны системд нийтдээ 30 сар бий гэж сургуульд заадаг байсан. Харин одоо дор хаяж 90 сар байгааг бид мэдэж байгаагаас гуравны нэгийг нь сүүлийн 10 жилийн дотор илрүүлээд байна.

Бид Дэлхийн ванг өнгөрөн цааш хурдтай явах болно. Хэрвээ аялалын маршрутаа шалгаж үзвэл бид Дэлхийн ван хүртэл биш харин Нарны системийн зах хүртэл явах болно гэсэн байгаа шүү дээ. Бид тэнд хүрэх яагаа ч үгүй байна.

Дэлхийн ван магадгүй манай Нарны системийн сүүлийн, хамгийн захын обьект гэж сургуулийн самбар дээр чинь харуулсан байж болох юм. Гэвч Нарны систем тэнд дуусахгүй. Үнэндээ дуусах яагаа ч үгүй байна. Бид Оортын солирийн үүлс дундуур нэвт гарсныхаа дараа л Нарны системийн хязгаарт ирлээ гэж үзэж болно. Харин Оортын үүл хүрэхийн тулд Вояжер хөлгийн хурдаар нисвэл арван мянган жил шаардлагатай.

Үнэндээ бидэнд ингэж нисэж хүрэх ямар ч боломж, ирээдүй харагдахгүй. Бидний хувьд 386 000 км-ийн цаана байгаа өөрийн Сарандаа хүрнэ гэдэг хүртэл чангадсан сорилт шүү дээ. Ангараг гариг руу хүн нисгэнэ гэсэн Ерөнхийлөгч Бушийн амлалтыг тооцож үзээд 450 тэрбум доллар зарцуулах шаардлагатайг болон багийн гишүүд бүгд амь үрэгдэх эрсдэлтэйг мэдээд энэ төлөвлөгөөг олны анхаарал таталгүй чимээгүйхэн цуцалсан юм.  Асар өндөр эрчим хүч бүхий Нарны тоосонцороос хамгаалах арга байхгүй, тэр нь хүмүүсийн генийг задлах болно.

Бидний өнөөгийн мэдлэгт тулгуурлан дүгнэхэд хэн ч Нарны системийн зах хүртэл нисэж хүрэх боломж байхгүй. Энд дэндүү уудам хол зайн тухай ярьж байна. Тийм ч учраас Хаббл телескопийг ашиглаад ч бид Оортын үүлийг харж чадахгүй байна. Үнэндээ Оортын үүл байх нь маш их магалалтай ч энэ нь онолын түвшинд л яригдаж байгаа юм.*

Оортын үүлний тухайд хэлж болох зүйл бол энэ нь Дэлхийн вангийн цаахнаас эхэлдэг бөгөөд цаашаа хоёр гэрлийн жилийн зайд үргэлжилнэ. Нарны системийн орон зайг хэмждэг үндсэн нэгж нь Астрономийн Нэгж (АН). Нэг АН нь Дэлхийгээс Нар хүртэлх зайг илэрхийлдэг. Дэлхийгээс Дэлхийн ван хүртэл 40 АН, харин Оорт үүлний төв хүртэл тавин мянган АН. 

За цааш нь үргэлжлүүлье. Бид ямар нэг аргаар Оорт үүл рүү нисээд хүрчихжээ гэж төсөөлье. Тэгвэл тэнд ямар аниргүй амгалан болохыг мэдрэх болно. Бид бүх зүйлээс маш алсад очсон байх болно. Одоо Нар маань огторгуйд харагдах хамгийн тод од ч биш болсон байна. Тээр хол байгаа жижигхэн анивчих гэрэл орчинг чинь өөр рүүгээ татаж эргүүлэх хүчтэй гэж бодохоор гайхмаар санагдах болно. Энэ бол тийм ч хүчтэй таталцлын хүч биш байх бөгөөд сүүлт одод цагт ердөө 220 милийн хурдтай л хөвнө. Хааяадаа ойролцоо орших оддын таталцлын хүч зарим сүүлт одонд нөлөөлснөөс, эсвэл ямар нэг зүйлд цохигдон огторгуйн хоосон уудам руу дахин хэзээ ч ирэхгүйгээр нисэн одно. Тэдгээр сүүлт оддын жилдээ гурав дөрөв нь Нарны системийн дотоод төв рүү нисэн оддог. Заримдаа тэрхүү тэнүүлч сүүлт одод Дэлхий мэтийн хатуу зүйлтэй таарч мөргөлддөг. Үнэндээ нэгэн тийм үйл явдлын ачаар бид бүхэн энд байгаа юм. Тэндээс Дэлхий хүртэл явахад удаан хугацаа өнгөрөх болно, 3-4 сая жил. Энэ асуудлыг хэсэгтээ орхиж сүүлд энэ талаар өгүүлье.

Бидний төсөөлөл энэ хүртэл Нарны систем дотор байлаа. Нарны системээс цааш юу байдаг вэ? Юу хайж байна вэ гэдгээс чинь хамаарна.

Товчхондоо бол юу ч байхгүй. Хүний бүтээсэн ямар ч вакуумаас илүү төгс хоосон зай тэнд бий. Дараагийн том зүйлд хүрэх хүртэл зөвхөн хоосон орон зай л үргэлжилнэ. Огторгуй дахь бидний хамгийн ойрын хөрш Проксима Сэнтаури нь Альфа Сэнтаури гэж нэрлэгддэг гурван одны бүлэглэлийн нэг бөгөөд биднээс 4,3 гэрлийн жилийн зайд оршдог. Огторгуйн хувьд бол өчүүхэн хэмжээ, харин бидний хувьд бол сар хүртэлх зайнаас зуун сая дахин хол. Сансрын хөлгөөр тэнд хүрэхийн тулд багадаа 25 мянган жил зарцуулах хэрэгтэй.

Тэнд хүрлээ ч гэсэн голын дундах арал шиг бусад зүйлсээс мөн л хол хэвээр байсаар байх болно. Дараагийн хүрэх гол цэг бол Сириус. Тэнд хүрэхийн тулд дахин 4,6 гэрлийн жил зарцуулна. Ийнхүү одод дамжин үсрэн явах болно. Өөрийн галактикийн төвд хүрэхийн тулд бид хүн төрөлхтөн оршин байснаас ч илүү удаан хугацааг зарцуулах болно. Бараг гэрлийн хурдаар явсан ч гэсэн энэ нь хүний хувьд тун хүнд даалгавар. Магадгүй харь гаригийнхан өөрсдийгөө зугаацуулахын тулд, эсвэл зүгээр л Вилширд голдоо тойрогтой ургац тарихын тулд, эсвэл Аризонагийн замд ачааны тэрэгтэй явж байгаа ганц залууг айлгахын тулд тэрбум миль туулж магадгүй л юм. Гэхдээ тэгэх магадлал дэндүү бага. Статистикийн хувьд үзвэл өөр сэтгэгч биет, амьтад байх магадлал тийм ч бага биш. Хэдэн од Тэнгэрийн заадалд байгааг хэн ч мэдэхгүй. Зуун тэрбумаас дөрвөн зуун тэрбумын хооронд гэж тооцоолдог.

Тэнгэрийн заадал өөрөө зуун дөчин тэрбум галактикийн зөвхөн нэг нь. Тэр галактикуудын зарим нь манай галактикаас хамаагүй том. 1960 онд Фрэнк Дрэйк гэдэг нэгэн профессор Корнеллд ажиллаж байсан бөгөөд эдгээр аугаа олон оронтой тоон дунд амьдрал байгаа эсэхийн магадлалын тооцоолох арга боловсруулсан юм.

Дрэйкийн томъёоны дагуу орчлонгийн тодорхой хэсэгт байгаа одны тоог оршин байж болох гаригийн системийн тоонд хуваана. Түүнийгээ амьдрал тэтгэж болох гаригийн тоонд хуваана. Тэрнийгээ амьдрал үүссэн, ухаант амьтан хөгжиж буй болсон гаригийн тоонд хуваана... гэх мэтээр цааш үргэлжлүүлнэ. Ингэж хуваах тусам гарах тоо нь хурдан багасах боловч ямар ч багаар бодлоо гээд зөвхөн манай Тэнгэрийн заадалд ухаант амьтан байх магадлал олон сая гэж тооцоологддог.

Үнэхээр гайхалтай бас бахдам. Бид магадгүй сая сая соёл иргэншлийн зөвхөн нэг нь байж магадгүй. Харамсалтай нь огторгуй маш уудам учраас хоёр соёл иргэншил хоорондоо багадаа л 200 гэрлийн жилийн зайтай. Өөрөөр хэлбэл бидэнтэй хамгийн ойр ухаант биет байлаа гэхэд Дэлхийгээс 200 жилийн өмнө цацруулсан гэрлийг тэд одоо л дөнгөж харж байгаа. Тиймээс тэд өнөөгийн чи бид хоёрыг биш, харин 200 жилийн өмнөх Францын хувьсгалыг, мөн атом, ген гэж юу вэ гэдгийг мэддэггүй, хувыг арьсан эдлэлээр үрж цахилгаанд нь цохиулж баясаж байгаа хиймэл үстэй Томас Жэффэрсоныг харж байгаа.

Тиймээс хэдийгээр бид ганцаараа биш хэдий ч, үнэндээ бараг л ганцаараа гэсэн үг. Ухаант соёл иргэншил оршин байж болох боломжийг Карл Саган 10 тэрбуман ихнаяд гэж тооцоолсон. Энэ бол төсөөлөхийн аргагүй их тоо. Гэсэн ч өөр нэг төсөөлөхөд хүнд зүйл нь тэд хэрхэн бие биенээсээ ямар алслагдмал тусгаарлагдмал байрлаж байгаа явдал юм. Хэрвээ бид санамсаргүйгээр огторгуйн аль нэг хэсэг рүү явбал ухаант соёл иргэншилд ойртох магадлал тэрбум ихнаядан ихнаядад л ганц байх болно (1033 зэрэг буюу 1-ийн ард 33 тэгтэй). Иймд гариг үнэхээр үнэ цэнэтэй.

Тийм ч учраас магадгүй 1999 оны 2-р сард Олон улсын Сансар судлалын холбоо албан ёсоор Дэлхийн ванг гариг мөн гэж зарласан биз ээ. Орчлон бол ганцаардуулам асар том. Ямар ч хөрш бидэндээ үнэ цэнтэй.