Үндсэн юм
Монголын улс төр ээлжит үл ойлголцлоо дэлгэн тавьлаа. Хэвлэл мэдээллийнхэн мэдээж таатайгаар шүүрэн авч улс орноо цагаан сар хүртэл амьсгалуулах “юм”-тай болов. Харин манай улс төрийнхнийг “байлдуулж” буй энэ удаагийн сэдэв элдэв оймстой хөл, гар хуруу гозойлгосон явган үйлдлүүд биш, гарч орж, урваж шарвасан найланхай алхмууд ч биш байлаа.
Мэндсайханы Энхсайхан шиг улс төрийн амьдралдаа хамгийн ээдрээтэй, бартаатай зам туулж яваа, түүнийхээ хэрээр хүчирхэгжсэн лидерт ажлаас чөлөөлөгдөх мэт тийм сүртэй үйл явдал биш. Тэр том л доо. Тэр том улстөрч учраас цаад юмыг нь биш өөрийнх нь халагдсан солигдсоныг тойрч шуугиад байна. Түүний өмнө хэн ч билээ МАН-ын нэг хүн дарга байсан. Тэрнийг томилогдоход ч, чөлөөлөгдөхөд ч хэн ч тоогоогүй. Харин М.Энхсайхан гэдэг лидерийн ирсэн нь ч буцсан нь ч миний хөндөөд байгаа нөгөө үндсэн асуудлыг тод томруунаар тайзнаа аваачиж байна. Улс төрийн лидерийн мөн чанар юм даа.
Зам, тээврийн сайд А.Гансүх М.Энхсайханыг ажлаас чөлөөлөх тушаал гаргуулжээ. А.Гансүх, Х.Баттулга хоёр хэлбэрийн хувьд хоёулаа л адилхан Засгийн газрын гишүүн. Гэтэл улс төрийн ажиглагчид түүнийг дангаараа энэ дайны шийдвэр гаргах “эрх зүйн хүчин чадалгүй” сайд гэж шууд үзэж байх юм. (Нэг тийм гоочилсон, голсон маягаар шүү)
Хаалттай хуралдааны дараа сэтгүүлчид А.Гансүхээс тайлбар хүсчээ. Харин хашир хаалттай хуралдаан дээр мэдээлэл өгсөн учраас, тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэсэн ганц өгүүлбэр хэлээд л зугтаж. Сонин явдал шүү. Бүтцийн хувьд Төрийн өмчийн хороо Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд зангигдаж байгаа. Энийг л хэлчихнэ биз дээ. Энэ бол тийм ч зориг шаардсан ажил биш. Хүн өөрийнхөө нэр хүндэд хайртай байх ёстой. Ялангуяа улстөрч хүн. Улстөрч хүний улс төрийн нэр хүнд бол эхнэрийнхээ хүсэл сонирхлоос ч харамлаж явах ёстой нэр хүнд байдаг.
Энэ үйл явдлын дараа А.Гансүхийн цаад дарга нь бол Х.Баттулга. Тийм учраас Женко дургүйг нь хүргээд байсан М.Энхсайханд “шанаа” өгч байна гэж ажиглагчид эргэлзэх юмгүй хүлээж авч байгаа нь бүр ч ойлгомжтой. Гэхдээ нэг талаас энэ явдал манай төрийн албанд хийгддэг томилгоонууд, тэдгээрийн хэлхээ холбоо, далд моралыг л илэрхийлж буй зүйл.
За, энэ яахав. Төмөр замын асуудал гэж юу юм. Бид ер нь төмөр замаа барих юм уу, үгүй юм уу. Энэнд л бид хариулт хүснэ.
Бидний хүлээлт ерөөсөө л зам биз дээ. Зам бол дэлхийн зах зээлд биднийг хүргэх гарц. Тэр гарцын асуудал юу болж байна. Энэ л бидний үндсэн асуудал.
Хоёр жилийн өмнө л УИХ-аас Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг баталсан. Энэ бол факт. УИХ баталсан. Үр дүнг нь Засгийн газраас бид нэхэх ёстой. Ерөнхий сайд Н.Алтанхуяг бидэнд мэдээлж байх үүрэгтэй. Түүнээс биш төмөр замын өргөн, нарийн царигийн тухай, долоон булчирхай найман найлзуурхайгаа тоочсон шуугиан бидэнд хэрэггүй. Монгол Улсад өмнө нь төмөр замын бодлого байгаагүй. Энэ үнэн. Энэ үнэнийг эдүгээн сайд Х.Баттулга нууж хаахгүй хэлдэг. Одоо үзсээр байж бид бодлоготой болсон. Тэр бодлогыг бид хүндэтгэх ёстой. Зарчим ерөөсөө л энэ.
Бодлого гээд байгаа зүйл маань ерөөсөө л монголын баялгийг үнэд хүргэх бодлого. Хүргэсэн үнэ нь монголыг маань хөгжилд хүргэх юм. Товчхондоо энэ. Харин бодлого маань гадны нөлөөнд орох эсэх дээр бидний хараа хурц, ухаан тунгалаг л байх ёстой.
М.Энхсайхан, Х.Баттулга нарын тулаан энэ тэр гэсэн дэмий сүржигнэл хэрэггүй. Эвслийн Засгийн газар бол эмзэг буурин дээр тогтож байгаа. Энэ дотор зөрчил угаасаа дүүрэн байгаа. Танхимын тэргүүн Н. Алтанхуяг өөрөө лидерийнхээ хувьд хэлэлцээрийн мастер хүн. Түүний энэ чадавхин дээр олон юм тогтож буйг харах хэрэгтэй.
“Манай орон газрынхаа баялгийг өөрсдөө бодлогоороо зардаг болохын тулд өргөн, нарийн царигийг маш болгоомжтой сонгох ёстой. Нөгөө талаар маш хурдтай эдийн засаг нь хөгжиж байгаа, дэлхийн эдийн засагт тэргүүлэх хэмжээнд очиж байгаа урд хөрш буюу БНХАУ-д эрчим хүч гэх мэт асар их баялаг хэрэгцээтэй болж байгаа. Тэгэхээр хэрэв БНХАУ-д явж буй нарийн царигийг манай улс сонговол баялаг маань ямар ч удирдлага, хяналтгүй гарч эхэлнэ. Бид дотоод удирдлага, хяналттай байх хэрэгтэй” гэж хэлж чадаж байгаа Х.Баттулга ч, М.Энхсайхан ч Монголынхоо төлөө л цохилж байгааг мэдрэх хэрэгтэй. Нарийн яривал Х.Баттулгын эдгээр үгс өөртөө эрсдэл тээсэн үгс шүү. Тиймээс бүгдээрээ, “Үндсэн юм”-аа бодож ултай, суурьтай байцгаая !