-фельетон-

Намууд засгаас чонон сүргээ хамгаалах, өсгөх талаар  гаргасан шийдвэрийг хүлээн авах ажил орон даяар өрнөлөө. “Намууд бол манай үеийн нэр төрүүд, нандин чанарууд, оюунууд, бас ухаанууд мөн” гэж үг хүртэл бий.  Ойрмогхон “100 хээлтэгч чоно тутмаас 95 бэлтрэг бойжуулж, ирэх таван жилд 5 сая чонотой болох” уриа “Бэлтрэг бүр бага балчраасаа...”, “Буу сум өчүүхэн ч хүргэлгүй нандигнан хайрлаж тахиж шүтэж байх зүйл маань нэгдүгээрт нийгмийн чоно, хоёрдугаарт нийгмийн чоныг цогцлон бүрдүүлэгч эх үүсвэр болсон ариун цагаан бэлтрэг мөн” гэхчлэнгийн лоозон хүртэл гарчээ.

Сүүлийн жилүүдэд чонон сүргийн бүтэц алдагдаж, нэг гичийнээс бойжих бэлтрэгний тоо буурсан нь түгшүүр төрүүлж байгаа тухай “Буянт чоно-бузар буу” ТББ-аас мэдэгдэж байна.

Монгол чоно бэлгийн замаар хорогдож байгааг судлаачид тогтоожээ. Ер нь бол ямар нэг юм энд болохоо байхад цаана нь хятадууд байдаг нь нууц биш. Өнгөрсөн өвөл Хөвсгөл нуурт машин осолдов доо. Хятадуудаас болсон юм гэсэн ш дээ. Яагаад гэж үү?... “Болсон” нь чухал болохоос “яасан” нь хэнд хамаатай юм бэ?

Учир шалтгааны ухааны эрдэмтэд хэлж байна. “Хятад нутагт чоно үнэд орсноос хамаг юм боллоо” гэж. Үхсэн чонын тухай ярьж байгаа хэрэг шүү дээ. Хэрвээ тэнд амьд чоно үнэд орсон бол бид амьдаар нь л зөөнө, бас нэг хэсэг нь нохойныхоо үсэнд хими хийлгээд шахна шүү. 

 Хятадын томчуул бие биедээ бутархай чоно бэлэглэхээ болиод бүхэл боохой өргөх болсон байна. Манай нутагт биш хүний нутагт чоно үнэд орох ямар хамаа байна гэж бодно уу? Бэлгийн замын элдэв асуудалд шуурхай ханддаг манайхан  чоноо бүхлээр нь алаад тийш нь илгээх болжээ. Ийнхүү монгол хөх чоно бэлгийн замаар хорогдож байна. Хэдийгээр хятадын тухай ярьж байгаа ч гэсэн юманд наанатай цаанатай хандах хэрэгтэй байх. Манай чоно дотор бэлгийн замын өвчин тараагаагүй гэдгийг нь хэлэх учиртай. Түүнчлэн азарган чононд ямар нэг асуудал гараагүйг дашрамд дурьдя.

Яг нарийндаа чонын тоо толгой тасралтгүй хорогдож байгаагийн цаана манай малчдын харамч сэтгэл л байдаг билээ. Хэрвээ тэд  малаа эв найртайгаар чонотой хуваадаг байсансан бол юу боллоо гэж боохойн сүрэг шингэрэх  билээ.
Ард түмний эх чоноч үзэл сэргэхийн хэрээр олон нийтийн хандлага ч өөр болж байна. Анчдын нийгэмлэгээс “ангийн хорхойтой иргэдийг нядалгааны ажилд оролцуулах арга хэлбэр” сэдэвт семинарийг махкомбинаттай хамтран зохион байгуулж байгаа нь үүний нэг тод жишээ.

Чоныг хамгаална гэдэг нь зах зээл дээр түүний гол өрсөлдөгч болсон мал аж ахуйтай хийх тэмцэл гэж ухаарсан хүмүүс ч бас байна. Тэдний нэг нь “Зуун хонь алж нэхийг нь тушаасан хүнийг нэг чоноор шагнана” хэмээн зарласан байх юм.

Чоноо гэсэн сэтгэлтэй хэсэг иргэд энэ хавар айлын хотноос хурга суйлах хөдөлгөөн өрнүүлэх юм байна. Суйлсан хургаа нялх бэлтрэгнүүдэд өгөх юм байхаа. Түүнчлэн чонолог багачуудын хөдөлгөөнөөс бэлтрэгний паампэрс цуглуулах аян өрнүүлжээ. Овоо живх цугларсан боловч хүргэх, хэрэглэх дээрээ  гацаад байна. Гичий чоныг нь алахгүйгээр бэлтрэгэнд паампэрс зүүнэ гэж гонж юм байхаа.

Цаашид бидний сэтгэл зүйд байгаа чонын тухай буруу төсөөллийг арилгах ёстой гэж ахмад чоночид хэлж байна.

Зохиолч уран бүтээлчдийг  эх чоноч  үзэл санаагаар хүмүүжүүлэх ажил доголдсноос болж муу, тусгүй юманд чонын ариун нэрийг оноосоор ирснийг залруулах цаг болсныг нийтээрээ хүлээн зөвшөөрч байна. Энэ чиглэлээр бага биш зүйл хийгдээд байгаагийн зах зухаас дурьдвал, монгол нутагт хүмүүнлэгийн үзэл санааг үндэслэгчдийн тухай “Чонон Боря” дуурь, сэтгэл харамгүй хайрын домог “Эх Тереза чоно” балет зэрэг болно.

Энэ фельетоныг бичиж байх зуур бас нэг түгшүүртэй мэдээ ирлээ. Цаана чинь Хятадад бөөс үнэд орж байна гэнэ. Бэлгийн замаар устах аюул монгол бөөсийг ч тойрохгүй бололтой. Гэхдээ л манайхан “хөх бөөрт монгол бөөсийг харийнхнаас хамгаалах” нийгэмлэгээ  байгуулаад амжиж...