Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн дүн хараахан баталгаажаагүй бай­гаа боловч Ардын нам ялагдсан нь нэгэнт тодорхой болов.  Монголын 21 аймгаас есхөн аймаг, хоёрхон дүүрэгт ялалт байгуулснаа  энэ намын дарга ичихгүй зарлав. Сонгуулийн ирц дут­маг, зохион байгуулалт муу, бас цаг агаарын байдлаас  болоод ийм дүн гарсан юм байх аа. Ёстой Ц.Нямдорж сайдын хэлдгээр  “Үгүй ээ, Ө.Энхтүв­шин чи болчихооч”. Одоо аягүй л бол автомат машин руу буруугаа чихэж саналын хуудсыг “хөлөөрөө” тоолох гэж хамаг амьтныг  чирэх вий. 

Хагас сарын хугацаанд үр­гэл­жилсэн сонгуулийн сур­талчилгаанаас ажиглахад МАН дандаа бохир технологи хэ-рэглэв. Тэрийг нь хүн бүхэн харав. Өнөөх л улирч баларсан хуучны сурталчилгаа. Бүх­нийг хараар будах гэсэн увайгүй чармайлт. Гэвч ийм байдлаар XXI зуунд хол явахгүй гэдгийг сонгуулийн дүн сайхан хэлж өгөв.

Ард түмэн Ардын намаас тат­галзаж байгаагаа  хоёр ч сонгуулиар хэлж сануулга өглөө.  Үнэндээ АН биш ард түмэн ялж байна.  “МАН бол Монголын Авлигачдын нам” гэж тайлж уншдаг хүмүүс олон  болж. “MCS”-ийг “Mongolian Corruption System” гэдэг шиг орчин үеийнхэн МАН-ыг тэгж л ойлгох болов. Яагаад вэ. Яг үнэндээ  энэ намын толгойд зайдалсан хэдэн хөгийн гаруудаас болж байгаа юм. Одоо Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, М.Энхболд, Н.Энхболд, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, Сү.Батболд тэргүүтэй хүмүүс 100 жилийн түүхтэй Ардын намын бодийг хэрхэн хөтөлж байгааг бид харж байна. Тэд эх орондоо хэрэгтэй юу бүтээсэн юм бэ. Өөрсдөө тэнтийтлээ баяжиж ард түмэн хэрхэн хувхайрсаныг энд дурьдаад ч хэрэггүй. Зүгээр л гудамжинд гараад хар. Авсан цалин нь хүрэхгүйн улмаас өдөртөө аяга хоолоор өл залгуулсаар 40 нас хүрэлгүй үсэнд нь буурал сууж, нүдэнд нь гуниг хурсан иргэдээсээ асуу. Тэдний хүүхдүүд тэжээвэр муурандаа онгоцоор хоол зөөлгөн эрхэлж байхад жирийн иргэдийн хүүхэд хятад гоймонгоор голоо зогоож байгааг ичихгүй бол гэрт нь очоод хар.

Ийм байхад иргэд юу гэж Ардын намыг сонгож ядуу ичгэвтэр амьдралаа үргэлжүүлэхийг хүсэх билээ. МАН-ын дэргэд НАМЗХ  гэж залуусын байгууллага бий. Угшил нь МАСЗХ . Яагаав нөгөө У.Хүрэлсүх, Г.Занданшатар нарын загалмайлсан холбоо. Тэнд авах идэхийн дон тусаж, аажимдаа овоо олигарх болох ирээдүйтэй залуус дамжиж гардаг гэсэн ойлголт нийгэмд бий. “Алтан сарнай” наадам зохиож хэрхэн тансагладгаа зурагтаар шууд дамжуулан өлөн зэлмэн амьдарч буй иргэдээ тавладаг байгууллага шүү дээ.  Энэ холбооны дарга нар болох Г.Занданшатар, У.Хүрэлсүх нар “Хадгаламж” банкны 14 тэрбум  төгрөгөөр казинод тоглочихоод ялыг нь Ц.Чимэдцэрэн гэдэг найздаа үүрүүлээд шоронд явуулчихаж бай­сан юм. Тэд өдгөө авлигын хэргээр ял эдэлж буй Н.Энхбаярын цүнхийг нь зөөж, зангиагаараа гутлынх нь тоосыг арчиж байсан юм. Ийм хүмүүс төрж гарсан залуучуудын байгууллагыг хэн магтах юм бэ. Харин тэдний буурин дээр НАМЗХ гэж байгууллага дахин эмхлэгдсэн гэж бодогддог. Уг нь зүгээр л нэрээ сольчихсон хэрэг. Гэхдээ сүүлийн хоёрхон жилийн дотор НАМЗХ арай өөрөөр харагдаж ирсэн. Шууд­хан хэлье. Л.Оюун-Эрдэнэ энэ байгууллагыг удирдах болсон цагаас хойш өнгө төрх, нийгэмд хандаж буй хандлага, бусдад өгч буй долгион нь арай л өөрчлөгдсөн. Гэхдээ Л.Оюун-Эрдэнэтэй хамт нэг цаг үед  баячуудын хүүхдүүд хүч түрэн орж ирээд мөнгөөр зодох гэж үзсэн байх. Өв залгамжлагч нар зөвхөн НАМЗХ ч биш Монголын төрийг худалдаж авахыг хүсч хэтэвчтэй мөнгөнийхөө оронд намын батлах авсан ч биз. Гэхдээ энэ холбоонд мэдлэгтэй чадвартай олон залуус ажиллаж мөнгөний өмнө ах нар шигээ  арай ч сөхрөөд суучихаагүйг мэдэх юм. Тэдний хүчинд л өнөөдөр есөн аймаг, хоёр дүүрэгтэй үлдэж байгаа хэрэг. Саяын сонгуулиар Ө.Энхтүвшинг, Д.Дэмбэрэлийг, Ц.Нямдоржийг, Г.Занданшатарыг тойрогтоо хүрээд ирэх вий гэхээс яс нь хавталзаж байсан МАН-ын нэр дэвшигчид цөөн биш шүү.  Дарга нараасаа ичдэг, тойрогтоо ирвэл  нэр төр нь унах вий гэж айдаг тэдгээр залуус өнөөдөр гомдолтой байгаа. Тийм ээ, залуус сайн ажилласан. Даанч сүүлийн 2000 оноос хойш  ах  нарынх нь Монголын төрд хийсэн бузар булай тэднийг ялалтад хүргэсэнгүй.

 Бод л доо. Намаа сонгуульд удирдан орж буй Э.Бат-Үүл шиг том лидер тэдэнд бай­сангүй. Х.Тэмүүжингийн дэр­гэд Ц.Нямдоржийг тавих уу. Ц.Оюундарийн хажууд Д.Арвинг суулгах уу. Лу.Болд, Ц.Оюунгэрэл, М.Батчимэг, Р.Бурмаа нартай хэн эн зэрэгцэх юм бэ. Одоо О.Магнайг Ардын намаас хэн гүйцэж түрүүлэх гэж.  Дахиад бодоод үз. Нийслэлийн ИТХ-д МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан гэж залуу бий. Сөрөг хүчний бүлгийн дарга ямар байх ёстой вэ тэр бүхнийг хийж явна. Гэтэл УИХ дахь МАН-ын бүлгийн дарга нь Н.Энхболд. Галзуу барын аманд  гараа хийхээс буцахгүй шатаж яваа Д.Амарбаясгалантай түүнийг яаж жиших вэ. Ядаж  л авч идэж,  авлигадаж  хахуульдсанаасаа тоочвол Н.Энхболд нь түрүүлээд явчих байлгүй.  Ж.Энхбаяр, С.Бям­бацогт, Ж.Эрдэнэбат, О.Содбилэг, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Ж.Мөнхбат гээд  ядаж л нүднийх нь зөрүү гарсан залууст намынхаа  хувь заяаг даатгачихаж болдоггүй юм байх даа гэж бодогдох болов. Өөрсдөө эрхээ шилжүүлж даатгаж болдоггүй юм бол булаагаад авчихаж бас болдог л баймаар. Сана л даа, сар хүрэхгүйн өмнө Өвөрхангайгаас сонгогдсон Г.Батхүү, Д.Зоригт нарыг тангараг өргүүлэхгүй гэсэн МАН-ын тэмцлийг сана. Дүү нар нь гадаа хүйтэнд байдгаараа орилж хашгирч, хүн амьтан цуглуулах гээд ядаж явахад ах нар нь Төрийн ордонд буйдан дээр ганц, ганц цаас барьчихаад сэтгүүлч  охидтой маазарч суусныг нь харсан л юм. Дүү нар нь тэмцэж байхад ах нар нь сэмхэн тохироод л жагсаал тарсныг бас мэдэх юм. Тиймээс МАН, НАМЗХ-ны цоглог залууст хандаж хүргэх үг байна. Намын их хурлаа хуралдуулж наад хэдэн авлигачдаасаа  сал.  Бүгдийг нь огцоруулж хариуцлага тооц. Одоо та нар санал тоолох машин, СЕХ-той заалдах биш намаа муухай харагдуулаад байгаа үеэ өнгөрөөсөн  олигархиудтай  заалд. Бүр хэмх нүдэлд. Ингэвэл нийгэм та нарыг дэмжинэ. Тэгж чадвал залуус та нарыг бүчнэ. Намаа шинэчлэхэд насны залуу,  цусны шингэн ерөөсөө саад болохгүй. Ардын намын алдаа оноо бүхэн Монголын хувь заяатай холбоотой байсан  цагийг сана. Та нарыг  загнаж, заналхийж, бүүр зодох ч биз. Бүү ай.  Нэгэнт л үеэ өнгөрөөсөн, ард түмэн нь хүлээн зөвшөөрөхөө байсан луйварчдыг хөөж явуулах амархан. Бүү цаг алд.

2012.11.23