Өдөр нь үл мэдэгдэх түүхт ой
Нэр нь үл мэдэгдэх буюу нэргүй баатрууд гэж бий.Тэднийгээ ард түмэн нэр нь дуурссан баатруудаас дутахгүй хүндэлдэг. Тийм баатруудын гавъяаг дурсахын тулд мөнх гал, дурсгалын булш үйлдээд санан дурсдаг. Эрхэмсэг талийгаачийн шарилыг хүнээр, малаар тахиж ёсолдог балар үе нэгэнт өнгөрсөн тул тэмдэглэлт өдрүүдээр цэцэг өргөх гэхчлэнгийн зөв боловсон тайлга үйлддэг болж.
Харин өдөр нь үл мэдэгдэх ой, үйл явдал гэж буй. Тийм явдал болсон нь тодорхой, түүхийн голдрилыг, хүн ардын хувь тавиланг өөрчилсөн нь тодорхой. Харин хэдэн оны хэдэн сарын хэдэнд гэдэг нь балархай. Зуун зууны тэртээд үлдсэн тэрхүү явдлын огноог хэнч санахааргүй мартагдсан байдаг. Гэтэл хүн зоноороо түүнийгээ дурсмаар тэмдэглэмээр байдаг.
Хүсэл байгаа боловч биелүүлэхэд амаргүй. Хэн ч мэдэхгүй байна гэдэг бол хэн ч мэдэж болно гэсэн логик учраас хэтэрхий маргаантай. Өөрийн саналыг батлах боломж “0”-тэй тэнцүү боловч бусдын саналыг унагаах бололцоо бараг 100 хувь. “Чи наадахаа нотлоодох” гэхэд л өрсөлдөгчийн санаа нисээд явчих нь энүүхэнд. Бусдын бурууг нотлох нь өөрийнхээ зөвийг нотлохтой дүйхгүй юмаа гэхэд дөхөж очих хэмжээний ид бахыг эзэндээ авч ирдэг золиг шүү дээ. нэр нь тодорхой ч огноо нь тодорхойгүй түүхт явдлыг тодруулахад ийм бэрхшээл гардаг.
Саяхан Чингэс хааныхаа төрсөн өдрийг саяхан товлож байхад өрнөсөн маргаан ч ийм учиртай. Тэрнээс биш Чингэс хааны төрсөн өдрийг тэмдэглүүлэхгүй гэсэн далд санаа биш байх л даа.
1921 оны ардын хувьсгалын ойг бид долдугаар сарын 11-13 –нд тэмдэглэсээр иржээ. Уул нь ардын журамт цэрэг 3 сарын 18-нд Хиагтыг гамингаас чөлөөлсөн гэж заадаг.( Яагаад ч “журамт” цэрэг гэсэн юм бүү мэд. Баронд хөөгдөөд Хиагтад зугтаж очсон гамин цэргүүдтэй харьцуулахад хавьгүй эмх журамтай байсан юм болов уу)
Ялсан намын сүр хүчийг бадруулсан нөхдүүд долдугаар сарын эхээр янзын сайхан наадам хийж ялалтаа угаажээ. Наадам гэдэг бол нүүдэлчдийн хувьд “бүх ард түмний хүлээн авалт” юм шүү дээ. Мянга мянган жил “хээрийн хүлээн авалт” хийсэн туршлагатай монголчууд муу нэртэй “мичин жил” хүртэл тэнгэр сайхан байдаг тийм өдрийг сонгосон нь долдугаар сарын арвад орчим аж.
Энэ огноотой хэнч маргалдсангүй өнөөг хүрч. Гурван сарын 18 -нд өвөл дуусаагүй байх тул бүх ард түмний хүлээн авалтыг зохион байгуулахад хүндрэлтэй. Морь унасан хүүхдийн хацар хайрагдахыг юманд бодохгүй байж болох ч зодог шуудагтай бөхчүүдийг чухал чухал цэгүүдэд гүн хөлдөлт үүсвэл хэн хариуцахсан билээ. Иймээс ардын хувьсгалын ойг 3 сард тэмдэглэнэ гэж хэнч маргасангүй.
Ингээд жил бүрийн сарын 11-нээс 13 хүртэл 2-3 өдрийг “1921 оны ардын хувьсгалын төрсөн өдөр” хэмээн тооцох болж. Хүн биш хувьсгал учраас хоёр гурван өдөр үргэлжлэн төрж болох тул хүмүүс гайхсангүй. 1966 онд үер болсныг эс тооцвол 90 жилийн турш энэ өдөр тэнгэр сайхан байж ирсэн нь ардын бөгөөд журамт цэргийн сонголт мэргэн байсны гэрч билээ.
Ардын засгийн анхны наадмаас хойш монголчууд суурьшин, олуул амьдарч болох төдийгүй барилдаж болох байшин баригдсан тул Октябрийн гэхчлэнгийн баярыг ажрахгүй тэмдэглэдэг болов. Тэндээ барилдахгүй юм гэхэд хуралдаж болно. 1930-аад онд “хуралдан цэнгэх газар” гэсэн хаяг бишгүй байсныг тэмдэглэн үлдээжээ. Тиймэрхүү ойнууд их төлөв Зөвлөлт засаг, социалист систем, тухайн дэглэмтэй холбоотой байж.
1990 онд монголд ардчилсан хувьсгал ялж, далаад жил замнасан “капиталист бус хөгжлийн зам”-аа орхив. Үүнтэй зэрэгцээд Зөвлөлт улс түүнчлэн социалист систем үгүй болов. Зөвлөлт засаг ой мойтойгоо хүчингүй болсон тул Октябрийн баярыг тэмдэглэх нь утгагүй болов. Гэвч ард түмний баярыг хасч, барилдааныг цүүлсдүүлэн гомдоож болохгүй учраас октябрийн хувьсгал ялж Орос оронд Зөвлөлт засаг тогтсон түүх ойн баярын оронд 11 сарын 26-ныг санал болгож “наймаа” тохирчээ.
1924 оны энэ өдөр өрнөдийн маягтай анхны үндсэн хуулийг батлан Бүгд найрамдах засаглал тогтоосноо зарласан аж. 1911 оны эрх чөлөөний хувьсгалыг удирдсан Богд хаан ба түүний засаглалыг халсан төдийгүй шашинтай тооцоо бодно гэдгээ ч хуулиндаа тусгажээ. Богд гэгээнтэн бээр “хамаг амьтны тусын тулд” гэлээ гэгчээр хаангүй улс болох ёслолд садаа болохгүй гэсэн аятай БНУ тунхаглахын өмнөхөн “нас барсан” байдлаар зайгаа тавьж өгсөн байдаг.
Үнэхээр 11 сарын 26-ны өдөр бол үнэхээр Бүгд найрамдах улс тунхагласан өдөр мөн аж. Гэвч “Бүгд найрамдах” нь дорхноо гээгдэж “улс тунхагласан өдөр” болоодохлоо. Нэг хэсэг нь манай улс ердөө л 1921 оны өвлийн эхээр бий болсон аятай бодож байхад, нөгөөдүүл л нь 1206 оны энэ өдөр Чингэс хаан ширээнд суусан маягаар ойлгоно.
Бид мянган мянганаар ярих төрт ёсны уламжлалтай, найм есөн зуунаар хэлцэгдэх их улс, эзэнт гүрний намтартайгаа үр ачдаа төдийгүй дэлхий дахинд сануулж бахдаж байхын тулд ойн өдөр хэрэгтэй байна.
Иргэн байхын тулд иргэний үнэмлэхтэй, иргэний үнэмлэх авахын тулд төрсний гэрчилгээтэй, төрсний гэрчилгээ авахын тулд төрсөн өдөртэй байдаг шиг зүйл.
Саяхан бид их Чингэс хаандаа бид төрсний гэрчилгээ олгож, мэндэлсэн өдрийг албан ёсны болгов. Гэхдээ билгийн тооллоор тооцов. Цагаан сар, бурхад гэгээдийн дүйцэн өдөр зэргийг хуучин тооллоор явахад харин ч домоглог, бурханлиг, ид шидлэг харагдуулах төдийгүй сүсэг бишрэл төрүүлэх менежмэнт болдог. Харин түүхэн ой, төрт ёсны үйл явдлын огноог нийтийн он тоололд нийцүүлж байж албан ёсны болдог. Учир иймд Билгийн улирлаар авсан “Чингэс хааны төрсөн өдөр”-ийг нийтийн он тоололд шилжүүлж хүн төрөлхтөнд ойлгомжтой болгох нь дараагийн алхам болов уу.
Одоо бид монгол нутагт анх төр улс байгуулагдсан өдрийг Хүннү гүрнээр улбаалан авч жил бүр тэмдэглэдэг, энэ өдөр төрийн албан хаагчид тангараг өргөдөг байвал сайхан мэт. Шинэ албан хаагч “миний бие ийнхүү 2200 жилийн түүхтэй төрд зүтгэх үүрэг иржээ” гэж бодоход бахархам бас үүрэг хариуцлагаа ухаарч сүрдэм. Дараа нь “Их монгол улс байгуулагдсан өдөр” товлоод үндэсний баяр болгох хэрэгтэй байна.
Их засаг хууль батлагдсан хэмээн нэгэн өдрийг зөвшөөд хууль цаазны баяр болгож яагаад болохгүй билээ. Ийм ой гарцаагүй хэрэгтэй боловч огноог яг таг хөдөлгөөнгүй тогтоох боломжгүй. Хамгийн гол нь бие биеийнхээ саналыг нураах гэж тулалдахаа л багасгачихвал болоо.
Жишээлэхэд, монголчууд Чингэс хааныг ширээнд суулгасан, Их монгол улс байгуулсан явдлаа тэмдэглэж наадам хийсэн нь гарцаагүй. Наадмыг зун л хийсэн байж таараа. Наадам хийхэд хамгийн сайхан өдөр долдугаар сарын арвад хавь гэдэг бол маргаангүй.
Амар хялбарыг бодоод хуучин баяруудыг шинээр баяжуулж болж байна. Долдугаар сарын 11 бол ардын хувьсгал ялсан төдийгүй Их монгол улс байгуулагдсан албан ёсны өдөр болгочиход болохгүй гэх газаргүй. Ер нь ч ийм байдлаар явж байгаа. Харин 11 сарын 26-ны энэ өдөр анхдугаар үндсэн хууль батлагдсны зэрэгцээ Чингэс хааны Их засаг хууль баринтаглагдаж байсан байж яагаад болохгүй гэж.
Яах аргагүй амарч баярлаж сурсан 3 сарын 8-ний өдөр Алун гоо юм уу, Өүлэн эх мэндэлсэн байхыг хэн үгүйсгэх билээ. Харин зургадугаар сарын 1-нд Хүннү гүрэн байгуулагдсан өдөр байж болох жишээний.
Тэр ч бүү хэл Есүхэй баатрын хорлогдож үхсэн гэх өдөр бий болгоод татааруудтай тооцоо бод гэх гэсэн юм биш. Харин “архи дарснаас татгалзах үндэсний өдөр” байдлаар тэмдэглэж, түүний хор хөнөөлийг сануулж болж байна.
Яах аргагүй тэмдэглэгдэн үлдсэн өдөр бол монголчууд бүрэн тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан 12 сарын 29-ний өдөр. Энэ өдрийг Их монгол улс байгуулагдсантай хавсруулан хийсэн ч болох.
уншигч
ynen
хэн нэгэн (202.131.235.68)-д
иргэн
citizen
zochin
монгол улсын ерөнхийлөгч
Зочин
duugai unahij suraasai
Бат
dobu.b
Зочин
Зочин
Зочин
хэн нэгэн
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
ЗОЧИН
Зочин
Зочин
ХАРИЙНХАНД АШИГЛУУЛЖ БАЙГАА ТЭНЭГ УРВАГЧИД !!!!!
Зочин
Зочин
Зочин
unshigch
Зочин
Зочин
Boldoo
уншигч
нэргүй баатар
Зочин
Зочин
зочин
arhive-ch
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин