Дорно дахины анагаах ухааны мянган нууц руу өнгийх цонх
Уламжлалт эмт бодисын эрт, эдүгээгийн тайлал
Домогт хээр талын эмт ургамлын ертөнц


Олон зуун жилийн туршид нүүдэлчин монгол түмний эрүүл мэндийн хэрэгцээг хангаж байсан уламжлалт анагаах ухааны гол хэрэгсэлд эртний судар, номуудад зааж оршоосон уламжлалт эм, тан юуны түрүүнд хамаарна.

Уламжлалт эм, тангийн эрдэм, чадал, үйлдэл нь түүний найрлаганд орох амьтан, ургамал, эрдсийн гаралтай түүхий эдүүдийн оноолт, танилт, бэлтгэх, хадгалах, хортой хэсгийг нь номхотгох, жорын найрлагын нарийн технологийг баримтлахаас шууд шалтгаалдаг.

Цаашдаа энэхүү бэлэн болсон эм танг өвчтөн дээр өвчний ямар үед ямар идээ ундаа явдал мөрийн ёсыг баримтлан хэрхэн дангаар буюу хавсарган хэрэглэж өвчтөн эдгээх нь өнөө цагт Өрнө Дорнын анагаах ухааны эмнэл зүйн ур чадварыг чадварлаг эзэмшсэн, мэдлэг туршлага бүхий сэтгэлтэй эмчээс, эмчдээ итгэсэн өвчтөний итгэл сэтгэлээс шууд хамаардаг ажил...

Монголын эрдэмт  өтгөс,  лам  эмч нар голдуу цаст төвдийн мэргэдийн шаштир, сударт заасан эмт бодосуудыг амт, чадал, үйлдлээрээ ижил төстэй, өөрийн оронд ургадаг эмт бодисуудаар чадамгай орлуулж ирсэн байдаг. Жишээлбэл:  Дүгмонүн  буюу  Тэмээн хөх хэмээх ургамлыг аюурвед, төвд эмнэлэгт Holarrhena antidysenteriaca Wall ex. A.DC гэх зүйл өндөр модны уутлаг үрийг авч ашигладаг байхад монгол эмч, лам нар өөрийн оронд ургадаг Vincetoxicum sibiricum (L) Desne хэмээх тохой орчим өндөртэй, энэтхэг, төвдүүдийн хэрэглэдэг шиг уутандаа үртэй ургамлаар гайхалтай орлуулан  хэрэглэж  ирсэн  байдаг. Энэ мэтчилэн тропик бүс нутгийн эмт ургамлуудыг өөрийн орны ургамлуудаар чадварлаг орлуулан хэрэглэж ирсэн жишээ цөөнгүй.

Монгол газар /сүүлдээ буриад болон бусад/ Дорно дахины анагаах ухаан, түүний дотор Төвд, Аюурведийн уламжлалт анагаах ухаан олон зуун жилээр нутагшихдаа энэ мэт мэдлэгийн өвийг амнаас аманд, багшаас шавьд уламжлуулан дамжуулж авч ирэхийн зэрэгцээ монгол эрдэмт эмч лам нар зуун зуунаар өөрийн болон өмнөх үеийнхээ бүтээсэн өв соёл дээр тулгуурлан эмт ургамлыг зөв таних, эмт ургамлын амт, чанар, эрдэм, үйлдэл, дүрс хэлбэр, түүх цаг хугацаа, хадгалах болон номхотгох аргуудыг цогцлоосон мэдлэгийг боть ботиор нь туурвин бичиж үлдээсэн байна.

Монгол, төвдийн уламжлалт анагаах ухааны эмт ургамлуудыг орчин цагийн ургамалзүйн нэршил, ангилалоруулах шинжлэх ухааны үндэслэлтэй судалгааны ажил өнгөрсөн зууны эхэн үеэс эрчимтэй явагдаж өдийг хүрчээ.

Энэхүү номонд УАУ-д хэрэглэж ирсэн

300 гаруй эмт ургамлыг багтаасан бөгөөд  монгол,  буриад,  хятад,  төвд Өвөрмонгол эмчсудлаачид, жишээлбэл Барбад гэдэг эмт ургамлын нэрийн доор 10-аад зүйлийн өөр өөр ургамал хэрэглэж ирснийг оролцуулбал энэхүү номонд 1500 гаруй эмт ургамлын төрөл зүйлийн тухай өгүүлэх болно Энэхүү номыг бүтцийн хувьд доорхи байдлаар дүрсэлсэн болно.

1.“Нэршил” хэсэгт: Монгол, төвд, латин, хятад нэрийн оноолтыг монгол нэрийн цагаан толгойн дэс дарааллаар байршуулсан ба төвд нэршлээрээ монголд нутагшсан арүра, башига зэрэг нилээд хэдэн ургамлын зүйлийн нэрийг монгол хэлний галигаар үсгийн дараалалд орууллаа.

Ургамлын зүйлийг улс орон бүр өөр өөрийнхөөрөө таньж хэрэглэж ирсэн болон орлуулан хэрэглэж заншсан ургамлуудыг латин нэрээр нь синоним болгож хэрэглэснийг дурдсан гарын авлагуудаас ашигласны зарим нэгнээс дурдвал:

А. У.Лигаа нар. Монгол орны эмийн ургамлыг өрнө, дорнын анагаах ухаанд хэрэглэхүй. 2005. 2015
Б. 藏药志
中国科学院西北高原生物研究 所 1980
王为义,卢生莲,刘尚武等

В. འཁྲུངས་དཔེ་དྲི་མེད་ཤེལ་གྲི་མེ་ལོང་། 1995
Г. С.М.Баторова, Г.П.Яковлев, Т.А. Асеева. Справочник лекарственных    растений Традиционной Тибетской медицины. 2013.

2.  “Тодруулга”        хэсэгт        уг    эмт ургамлыг    төвд,    өвөрмонгол,
энэтхэгийн аюурведэд ямар ямар эмт ургамалаар хэрэглэдэг гэдгийг заахын зэрэгцээ монголын эмч, лам, өтгөс нарын хэрэглэж байсан, эсхүл одоо яг монголд энэ /энэ/ ургамлыг хэрэглэдэг гэдгийг тодруулан зааж латин нэрээр оруулав.

3.    Номын  ургамлын   зурагт тольд: Ургамал бүрийн зургийг экспедицийн үед өөрсдийн авснаар толилуулахыг хичээв. Эмнэлгийн болон эм үйлдвэрлэлийн мэргэжилтнүүд, суралцагсдад зориулан танин мэдэхүйн үүднээс зарим нэг ургамлын зургийг онлайн зурагтай харьцуулан тавьснаас гадна гадаад эмийн түүхий эдийн зургийг “Монг-Эм” ХХК-ийн Уламжлалт эмийн үйлдвэрийн түүхий эдийн сан хөмрөгөөс ашиглав. Зайлшгүй мэдвэл зохих өөр өөр зүйлийн ургамлыг нэг нэрийн дор хэрэглэж ирснийг зургаар үзүүлэхийг зорилоо.

4.    “Судар ингэж өгүүлэв” хэсэгт: Ургамлын зүйлийн талаар эртний судар, номонд хэрхэн тэмдэглэж, заасныг түүвэрлэн буулгав. Тухайлбал:    Дармаамаарамба Лувсанчойдогийн 17-р зуны үед зохиосон “Алтан хадмал” болон Өвөрмонголын Найман хошууны алдарт   эмч   Жамбалдоржийн 19-р зууны үед зохиосон “Цизермигжан”, “Үзэсгэлэнт нүдэн чимэг” судруудыг голлон бусад баримжаа болгон хэрэглэгдэж ирсэн судруудын тайлбар, ойллогуудыг багтааж оруулсан болно. Ийнхүү уламжлалт жорын найрлаганд ордог түүхий эдийн танилтыг  эртний  судруудад  оточ,

3.    xiii

лам нар хэрхэн буулгасныг судрын хэлээр иш татах нь эмт ургамлын оноолт маргаантай байгаа өнөө цагт тайлбар хийх, нэгдмэл ойлголтонд хүрэхэд тустай болно. Мөн монгол оточ нар, эрдэмт өтгөс буурлуудаас ам дамжин уламжлагдсан мэдлэгийн өвийг түмний хүртээл, цаашдын судалгааны эргэлтэнд оруулах үүднээс өвгөд өтгөсийн хэрэглэж байсан зарим эмт ургамлыг тухай тухайн ургамлын хэсэг дээр нь тодруулан дурдсан болно. Тухайлбал: Цэнхэр башигыг дөрвөлж өвс, шимтэглээ гэх эсхүл ажигсэржомыг зохимоны нэг зүйл болох, хотойн навчийг нимба халхай гм.

5.    “Эдүгээгийн судалгаа харин ингэж өгүүлэв” хэсэгт: Тус ургамлын зүйлийн хими,  эм судлал, эмнэлзүйн судалгаа, үйлдэл, тун зэргийн шинжлэх ухааны үндэслэлийг орчин үеийн судалгааны үүднээс, мөн дээр нь технологи /номхотгол/, анхааруулга зэргийг багтаасан байдлаар өөрийн орны болон бусад орны эрдэмтэн, судлаачдын нилээдгүй бүтээлээс нэгтгэн хүргэж байна.

6.    “Хэрэглээ болон жоронд хэрэглэгдэх байдал”-ыг уламжлалт анагаах ухааны ном зохиол, судалгааны дүнгээс авч нэгтгэлээ. Уламжлалт эмийг одоогийн байдлаар “Монг-Эм” ХХК-ийн Уламжлалт эмийн үйлдвэрт үйлдвэрлэгдэж байгаа, Монгол Улсын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эмүүдээс төлөөлүүлж зураг, тайлбарын хамт орууллаа.

Зохиогчид
З.МЭНДСАЙХАН   З.АРИУНАА    М.ПҮРЭВЖАВ