“Намын бүлэг” гэдэг юм байхгүй л бол боож үхэх гэсэн хэсэг гишүүд парламентад бий болжээ. Намын бүлэг гээч нь уг нь нэг их  хүн боож үхэх, босч харайхдаа тулаад байхаар хэрэгтэй эд биш л дээ. Намын бүлэг гээч нь УИХ-ын хуралдааныг хурдан шуурхай болгоход л дэм өгөх зорилгоор бий болгосон хий байгууллага юм. Их хурлын бүтцээс намуудын бүлэг гэгчийг аваад хаячихад хэн ч үгүйлэхгүй. Аймаг, дүүрэг болгоноос сонгогдон гарч ирсэн гишүүд  хэлэлцэж байгаа асуудлаар санал хураалгахад зүг чигээ олохгүй олон толгойлж, өөр өөрийнхөөрөө зүтгэж муйхарлаж мунгинаад байхаар нь намын бүлэг дээр ярьж саналаа нэг мөр болгох гэсэн сонгуулийн хуучин мажоритар системийн үед бий болсон бүтэц байдаг. Уг нь УИХ-ын гишүүнээр сонгогдсон, тангараг өргөсөн л бол аль намын хэнбугай ч байсан тэр намын энэ намын гэлтгүй Монголын ард түмнийг төлөөлөх мандат олж авдаг. Нэгэнт л  гишүүн болсон л бол Монголын ард түмний өмнө л үүрэг хүлээдэг. Жишээлбэл, У.Хүрэлсүх ч, Г.Баярсайхан ч хоёулаа л таны, миний сонгосон гишүүн гэсэн үг. Иргэн би бол зөвхөн өөрийнхөө өмнөөс ярьж бичдэг бол эрхэм гишүүд “ард түмэн” гэж хашгирах бидгийг төлөөлөөд санал хураалтад оролцон бүх асуудлыг шийдүүлнэ. Ийм эрх бүх гишүүдэд байгаа. Гэтэл бүлэггүй бол бүтэж үхэх гээд байгаа МАН-ын гишүүд юу юу гэнэ вэ. Бидний эрхийг хаслаа ч гэх шиг, УИХ-аас гарна ч гэх шиг дэвж байнаа.



Тэдэнд хууль санаачилахаас эхлээд, бүх хуралдаанд оролцох, цалин авах, гадаад дотоод явах бүрэн эрх нь байгаа шүү дээ. Парламентад ямар ч нам бүлэггүй яваад  бүлэггүй ажиллаад байж болдог л юм. Тийм практик бий. Харин ч бүлэггүй тусмаа ашигтай. Бүлэггүй гишүүд нам гэдэг хий юманд хавчигдахгүй болохоор дархан эрхтэй. Хэлэх гэснээ хэлж хийх гэснээ хийдэг. Сонгогчдоо төлөөлж чаддаг сайн талтай. 2006 онд “Эх орон ардчилал “учраа олохоо больж бүлэггүй болов доо. Одоогийн МАН яаж баярлаж байсан гэж санана. Тэд Ардчилсан намынханд одоо бүлэг байгуулах хугацаа өнгөрсөн юм чинь “зөвлөл” байгуулж болноо гээд инээгээд сууж байсансан. С.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж нарын архагууд сайн мэдэж байгаа. Тэгэхэд Ардчилсан намаас сонгогдсон зарим нь “Бүдүүн бүлэгт” хүч нэмж, зарим нь бие даагч болж  хэр улстөрч болохоо харуулж байв. Бүлэггүй гишүүдийн эерэг тал тун их. Ямар мэдлэг, ямар чадвар, ямар ирээдүйтэй улстөрч болохоо харуулах алтан боломж нээгдэж байна гэсэн үг. МАН-ын гишүүд бүлэггүй боллоо гэж бүлтэгнэн бухимдахдаа, Их хурлын гишүүнээсээ татгалзаж парламентаас гарах тухай мэдэгдэж орхив. Их хурлаас гарна гэвэл өөр хэрэг. Ийм эсэргүүцэл байдаг юм. Эрхэм гишүүний сонголт мэдэг. Их хурлаас  гарлаа л гэвэл сайн биз дараагийх нь ороод ирнэ. Даанч МАН-ынхан Их хурлаас гарах зориг зүрх итгэл байхгүй. Их хурлаас гарах  гэдэг мэхийг дараагийн сонгуулиар олонхи болж ирэх дархан итгэлтэй, томоохон лидер улстөрч хийдэг юм. Манай парламентын түүхэнд Ардчилсан хүчний таван удирдагч УИХ-ыг хаяж гарч байсан. Тэгэхдээ Ардчиллынхан 50-иулаа болж парламентад орж ирнэ та нар хараарай гээд гарч байсныг улстөр ажиглагчид санаж байгаа байх. МАН-ынхан бид 70-уулаа болж ирнэ гээд гарах санаа байвч сачий нь хүрэхгүй дээ. МАН-ынхан ялагдалтайгаа эвлэрч, ялагдлаа хүлээж, юунаас болсноо учрыг нь олж хужрыг нь тунгааж сураагүй байна. Ялагдлаа хүлээсэн гуравхан хүн байна. Намын дарга Сү.Батболд, Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, Нийслэлийн намын хорооны дарга Г.Мөнхбаяр гурав. МАН зөвхөн энэ гурван хүнээс болж ялагдаагүй. Харин ч энэ гурван удирдагчийнх нь гавьяагаар өдий зэрэгтэй суудал авсан гэвэл үнэнд ойртоно. Коммунист МАХН-ыг ардчилсан МАН болгосон түүхэн гавьяаг дээрх удирдлагууд хуваалцахыг түүх харуулна. Нам бол хамтын удирдлагын байгууллага. МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурал бүгд хариуцлага үүрэх ёстой. Ялагдал хүлээсэн улс төрийн хүчин Их хурлаа зарлаж, Их хурал дээрээ бүгдээрээ ярьж шийддэг дэлхийн дэг жаяг бий. Энэ тухай МАН-ын залуучууд одооноос дуугарч, ярьж эхлэж байна. Ялагдсанаа ийн нам дотроо ярихын оронд Ардчилсан намаас боллоо гэж цухалдахдаа, сөрөг хүчин бол сөрөөд л зөрөөд л сууж байдаг гэж тооцсон юмуу дандаа эсрэг кноптой суудаг болов доо. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэхэд МАН-ынхан бүгдээрээ мэдсэн мөртлөө будилав. Ялсан намын мөрийн хөтөлбөр Засгийн газрын мөрийн хөтөлбөр болдог гэдгийг арван жилийн хүүхдээс эхлээд, жирийн сонгогчид ч андахгүй. Н.Алтанхуягийн Засгийн газрын мөрийн хөтөлбөр бол Ардчилсан намын хөтөлбөр, дээр нь “Шударга ёс” эвсэл, Ногоон намаас жаахан нэмээд л Засгийн газрын дөрвөн жилд хийх ажил болно. Сонгогчид энэ л хөтөлбөрийг хэрэгжүүл гэж сонгосон. Гэтэл таван сар шахуу олон түмэн уншиж судалсан хөтөлбөрийг нэг цагийн өмнө тараалаа гэж гоншигноод л, баахан статистик нэхээд хуралдаан хаяад хавх тавиад сууна. МАН-ынхан дээр дооргүй өрсөлдөгч улс төрийн хүчнийхээ сонгуульд барьж орсон хөтөлбөрийг үнэндээ гүйлгэж хараагүй л байхгүй юу. Өрсөлдөгчийнхөө хөтөлбөрийг судлах байтугай гүйлгэж хараагүй бол сонгуульд ялагдалгүй яах вэ. Гэхдээ ялагдал гэдэг тийм ч муу муухай зүйл биш л дээ. Энэ удаагийн сонгуульд сонгогчид МАН-ыг төрийн нүсэр ажлаас дөрвөн жил чөлөөллөө гэж ухаж ойлгоогүй байна. Энэхэн чөлөөнд намаа цэгцэлж болно. Мэдлэг боловсролоо дээшлүүлж болно. Биеэ сувилуулж, ард түмнээрээ хэсэж айван тайван явж болно. АН ялагдсан 2000 онд томчууд Америкт суралцсаныг сануулахад илүүдэхгүй. Бүлэг байхгүй гэж бүтэж үхэх гэж байхаар сонгогчдын өгсөн “чөлөө”-г ухаантайхан өнгөрүүлэхгүй бол бүр чөлөөлчих гэж бий. Хаанахын хэнээс болоод парламентын хуралдаан цуцлагдаад байгааг сонгогчид харж л байгаа. МАН-ынхан парламентыг гацаах, чөдөрлөх, бүр тараах, сонгууль дахиулах хамгийн хорлонтой муу мэх хийгээд байх юм. МАН-ыг хууль зөрчин байж  намын бүлэгтэй боллоо гээд махны үнэ буурахгүй, маний амьдрал дээшлэхгүй нь лав. МАН-ынхан бүлэггүй гэж бүтэж үхэх гэж байхаар.........