"Хувь хүн эрх чөлөөгөө заяамал гэж ойлгож байхад дарангуйлагчид эрх чөлөөг өөрсдөө өгдөг гэж боддог. Хүмүүс өөр хоорондоо жамаараа зохицон амьдрахаа шударга гэж үздэг байхад дарангуй бодолтнууд шударга ёсыг бид тогтоодог гэж ярьдаг.
"Фридрих А.Хаекийн энэ үгийг олон дахин уншиж, олон дахин бусадтай ярилцмаар санагддаг. Учир юу гэвэл маш олон хүн монголд бусдыг дарангуйлаад байх эрх мэдэлгүй ч яг л энд дурдах дарангуйлагч адил бодож, сэтгэн түүнийгээ бусдад тулгаж байдаг.
Бид өөрсдөө сонгон байгуулж, түүнд татвар төлж буй хувьдаа төрийг хардан бодож, хянах эрхтэй юу, ер нь иргэн хүн төрийн хувьд хэн байх вэ, иргэний нэр төр гэдэг нь төрийн магтаал, шагналаар хэмжигдэх үүрэг, хариуцлага уу, эсхүл өөрийн хүсэл, мөрөөдлөөр өөрийнхөө амьдралыг авч явах эрх чөлөө юу? Эдгээр асуудлыг эрэгцүүлсэн миний /2005 оны 3 сарын сүүлээр бичсэн шиг санаж байна/ "Иргэний нэр төр гэж байхаас төрийн нэр төр гэж үгүй" гэх нийтлэлийг хэд хоногийн өмнө olloo.mn дээр байрлуулсан байлаа. Тэнд нийтлэлд холбогдуулан олон ч хүн санал, сэтгэгдлээ бичсэн байв. Дэмжсэн, эсэргүүцсэн янз бүрийн л байр суурь. Тэр дотор цөөнгүй давтагдан, анхаарал татахгүй байхын аргагүй байсан байр суурь бол дээрх "дарангуй" бодол байлаа


Оллоогийн зочны сэтгэгдэл: "Дэмий юм битгий яриад бай. Хардах эрх гэнэ шүү. Тэр хардах эрх чинь дэндээд ирэхээрээ өмнө болсон хэлмэгдүүлэлт чинь эхэлнэ. Би ард түмнээ муу хэлж байгаа юм биш. Чам шиг сэтгэхүйтэй, боловсролтой хүн хэд байгаа билээ. Чиний хэлж байгаагаар тэр гадаадад байдаг их эрх чөлөөг монголчуудад өгвөл юу болно гэж бодож байна. Манайхныг, ер нь хүн гээч амьтныг барьж байхгүй бол бүгд бие биеэ алаад дуусна. Бүгд л би тэгэх, ингэх эрхтэй гээд л явж өгнө. Хүн бүр л өөрсдийгөө бүхний дээр тавибал тун удахгүй, за тэгээд л ер нь мөхнө дөө. Хүнд эрхэмлэн дээдэлдэг, айдаг эмээдэг зүйл заавал байх ёстой. Төрөө битгий тэгж муухэл. Төр гэдэг чинь олон түмний илэрхийлэл, шударга ёсыг тогтоогч. Төрөө дээдэлж байна гэдэг олон түмнээ дээдэлж байна гэсэн үг. Олон түмнээ хүндэлдэггүй чи ер нь хэн юм бэ...".

Энэ сэтгэгдлийг уншаад эрх чөлөөний тухай ярих болгонд надтай байнга тулгардаг эрх чөлөө чинь хэтрэхээрээ" гэдэг яриатай дахиад л тулгарч байгаагаа би ойлгож буйч цөхрөхгүй ахин дахин тайлбарлах ёстойгоо мэдэж байна. "

Юуны өмнө миний зүгээс төр нь иргэнээ хардах биш, харин иргэн нь төрөө хардах тухайг бичсэн гэдгийг уншигчдийн маань ихэнх ойлгох биз ээ. Төр нь иргэнээ хардвал дарангуйлал, иргэн нь төрөө хардвал ардчилал гэж хэлдэгтэй би хувьдаа санал нэг байдаг. Нөгөө талаас эрх чөлөө гэдэг хууль ёстой байхыг хэлдэг болохоос дур зорго амилахыг хэлдэггүй гэдэгтэй ч бас санал нэгдэж байгаа. Харамсалтай нь монголд олон хүн, тэр дундаа засаглалд байгаа ихэнх хүмүүс эрх чөлөөг дур зоргоос салгаж үздэггүй бөгөөд салгахыг ч хүсдэггүй. Эрх чөлөө дур зорго хоёрыг хольж сэтгэж байгаа цагт монголчууд бидэнд "дарангуй үзэлтнүүд" эрх чөлөөг айдас болгон харагдуулж, эрхчөлөөтэй болохоор бусад хүмүүс мангас болох мэт ярьж чаддаг. Тэрэнд нь итгэдэг би "романтик хортонууд" гэж хэлэх дуртай/ энэ мэт хүмүүс эрх чөлөөг хэн нэг нь өгдөг юм шиг бодоод ард олонд их битгий өг, тэгвэл тэд хөл толгойгоо алдана гэж өөрөө өөрсдөө эрх чөлөөнөөсөө татгалзаж, зугтдаг. Өөрөө угаасаа эрх чөлөөтэй байдгаа ойлгодоггүй, бас мэдрээгүй хүн түүнийг бусдаас авч байгаа мэт сэтгэж, их багын тухай л бодоод байхаас эрх чөлөө бол их багадаа гол нь биш, бүрэн бүтэн байхад л гол нь гэж ерөөсөө боддог ч үгүй. /

Үнэхээр ч монголчууд бидний өнөөгийн тогтсон үзэл хандлагад давамгайлж буй: бусдаар тэтгэж халамжлуулах гэсэн бодь сэтгэл; ариун сэтгэлтэй, тусархаг хүмүүс цаг ямагт төрд байдаг гэж боддог ид шидийн бодол; бүгдээрээ адилхан ийм бодолтой байх ёстой гэж өөртэйгээ бүгдийг адилтгадаг хамтач үзлийн философи нь бусдын хүсэл мөрөөдөл, амьдралын үнэ цэнийг үл ойшоон, хөндлөнгөөс нь мэдээж "чиний сайн сайхны тулд" гэсэн гоё үгээр халхлагдсан эрх чөлөөний хулгайг өөгшүүлж, хөөрөгдсөөр байна. "Эрх чөлөөг монголчуудад өгвөл сөнөнө" гэх энэ үг, хэлж буй тэр хүний өөрийнх нь бодлоор монголыг сөнөөхгүй гэж хичээх үнэн сэтгэлийнх нь үг боловч "хувь хүний эрх чөлөө хөгжил дэвшлийн хөрс" гэх хүн төрөлхтний ухаарлыг монголчуудаас, тухайлбал надаас яагаад гадуур зүйл гэж ойлгож, миний өмнөөс "чи эрх чөлөөгүй байхдаа л хүн байж чадна" гэж бодоод байгаа нь тун сонин. Сонин биш бүр хачирхалтай нь тэрээр намайг бас өөртэйгээ адил яг ингэж бодож буй гэдэгтээ дэндүү итгэлтэй байдаг ба хамгийн эмгэнэлтэй нь энэ солиотой бодлоо бүгдэд хамаатуулж, хамтач байдлаар бүх хүн тэгж бодож байхад чи зөрж болохгүй гэхийг яана.

Биднээс бусад нь "эрх чөлөө байхгүйгээр би хүн байж чадахгүй" гэж бодож байхад, яагаад харин монгол хүн "эрх чөлөөгүй байхдаа л хүн байж чадна" гэж сэтгэх ёстой, тэгээд энэ ёстойг би өөрөө ч биш миний өмнөөс хэн нэг нь тэгж дүгнэчихээд түүнийгээ марксист философийн туйлын үнэн адил, амьдралын хөдөлшгүй хуульхэмээн миний амьдралд оруулж ирэх гээд зүтгээд байгаад нь би хамгийн их гайхаж, бас хамгийн их дургүйлэхдэг.

Өөрөө шийдвэр гаргаж, гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай хувьхүн гэж үнэлэхгүй, цаг ямагт өөр хэн нэг нь туслаж, санаа тавьж байхгүй бол алдаж, эндэж мэдэх тэнэг, мулгуу хүн эсхүл нас бие гүйцээгүй хүүхэд лугаа бодож, таны өмнөөс бүхнийг шийдэх гээд байх энэ зан төрхийг шинжлэх ухааны хэлээр патернализм гэдэг. Ер нь энэ мэт патериархи сэтгэлгээ, “их мэдэгч"-ийн дүр төрх бол миний бодлоор хамгийн ихээр "Романтик хортнууд"-ыг бий болгодог бөгөөд тэдөөрсдөө яагаад бусдын эрх чөлөөг хулгайлцаж, хор болж буйгаа ойлгохгүй, эцэстээ би зүгээр л тус болох гэж, чиний төлөө л гэж үүнийг хийсэн ш дээ" хэмээн хувь хүнэрх чөлөөгүй болж, дарангуйлагчид боолчлогдсоны дараа болоод өнгөрсөн үйл явцыггайхан, том харсаар хоцордог. "

Эрх чөлөөгөө хулгайлуулж, одоогийн төрийн түшээд, ордны профессоруудын ярьж, ойлгуулах гээд байдагчлан төрийн өгөөмөр сайхан сэтгэлийн бэлэг, буян хишиг болгочихгүйн тулд бид эрх чөлөө хувь хүнээс үл салах индивид чанартай гэдэгт хатууитгэх ёстой. Энэ индивид байдлаа хамгаалахын тулд хамтач нийгмийн үзлийг сөрж зогсох үзэл бодлуудтай ойр байх нь бас чухал. Гэвч харамсалтай нь өнөөдөр бидэнд романтик хортон" болж эрх чөлөөг минь хулгайлцах их сургуулийн "оюунлаг" /профессор/-ууд цөөн бус байна. Тэд нар "иргэн бол өргөмжлөгдсөн /ард түмний/ төрийн эд эс" хэмээх фантази сэтгэлгээндээ одоо ч хөтлөгдөн - нийгэм, хамт олныг чухалчилсан, төрийг өргөмжилсөн социалист онол, дундад зууны уламжлалаа гээж чадахгүй, энэ хоцрогдсон үзэл бодлоороо хувь хүн өөрийгөө үнэлэх сэтгэлгээг эвдсээр, "бүлгийн ашиг сонирхлын төлөө хувь хүнийг золиослох" коммунист, фашистёс суртахуунаараа эрх чөлөөг хоосруулсаар л байна. "

"Төр бол ард түмэн, олон түмний илэрхийлэл" гэж үзэх нь хамтач үзлийг гол болгодог социализмын л үеийн ойлголт шүү дээ. Коммунистууд болон фашистууд л "би" гэж ойлголт байхгүй дандаа "бид" гэж ярьдаг үзэл суртлаараа ганц тооны төлөөний үгийг марттал нь хувь хүний тархийг угааж чаддаг онолчид байсан. Чөлөөт нийгэмд хувь хүн өөрийн бие, эрх чөлөө, өмч хөрөнгөө хамгаалуулахаар бий болгосон төрийг гагцхүү тэд л хамтын нийгэмтэй хольж, хутган төрөлхөөсөө эрх чөлөөтэй иргэнийг хүн ёсны хэвийн ухаанаар ойлгомгүй үүрэг, хариуцлага төрийн өмнө хүлээсэн "харьяат" болгон хувиргаж, "олон түмнээ хүндэл" гэдэг лозунгаар хувь хүнийг хэн ч биш болгодог. "Олон түмнээ хүндэлдэггүй чи ер нь хэн юм бэ" гэх үг үүнтэй адил сонсогдохгүй байна гэж үү.

"Бид бодохдоо", "бид үзэхдээ" гэж эрдмийн зэрэг хамгаалдаг БНМАУ-ын эрдэмтэд, тэдний энэ арга барилаас амжилттай суралцсан өнөөгийн "ордны профессор"-ууд л эрх чөлөөнд эзэн байх гэсэн монгол хүний хүсэл эрмэлзлэлийг, хүний төлөө гэж үүссэн шинжлэх ухааны ололтыг, ардчилсан нийгмийн дэвшил хөгжлийг хүнээс нь салган "нийгэмжүүлж" байна. Тэд л өөрийнх нь хийсэн юм нь юу юм бүү мэд, нэгдүгээр төлөөний бие байхаа байчихсан, бидний л гээд байдаг тэр онол, үзэл бодлоороо өөрөө ойлгож чадахгүй байгаа хувь хүний эрх чөлөөг "хамгийн бага оролцоотой төр, төрөөс дээгүүр хувь хүн" хэмээх үзэл бодлынх нь хамт монголд таарч тохирохгүй гэж сурталдаж байна

Би хувьдаа үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Тийм ч учраас Айн Рэндийн адил "олон мянган шударга хүмүүс эрх чөлөөнийхөө үр шим, өөрийнхөө авъяасаар өөртөө болон өөрийн гэр бүлдээ сайн сайхан амьдралыг бий болгож чадсанаас гадна, далимд нь тийм авъяас байхгүй олон сая хүмүүст урд өмнөх түүхэнд үзэгдэж харагдаагүй тогтвортой амьдралын тохилог орчинг бий болгож өгсөн бөгөөд, энэ бол эрхчөлөөний үнэ цэнийн тухай энгийн нэг үнэн" гэж хэлмээр байна

Иргэд эрхээ бүрэн хэмжээгээр хэрэгжүүлж чадах түвшинд боловсроогүй гэж үзэж байвал эрхийг нь булаах биш харин тэднийг гэгээрүүлэн сэнхрүүлж, хүний өөрөө өөрийгөө мэдэх эрх чөлөөг хүндэтгэн эрхийг нь эдлүүлэх ёстой...

 2006.03.20