М.Ичинноров: Би хамтарсан засаглалыг хянах үнэ цэнэтэй дуу хоолой байхын төлөө өрсөлдөж байна
Олон нийтийн сайн танил, иргэний хөдөлгөөний гол символуудын нэг, хуульч М.ИЧинноров УИХ-ын24 дүгээр тойргийн нөхөн сонгуульд бие даан нэр дэвших шийдвэр гаргажээ.
-Таныг Монголын олон нийт сайн танина. Хүний эрхийн хуульч, иргэний хөдөлгөөнүүдийн манлайд нь явсан цөөн эмэгтэйн нэг гэж. Харин энэ удаа нөхөн сонгуульд хүч үзэхээр шийджээ. Ийм хэмжээний шийдвэрийг гаргахад том шалтгаан хэрэгтэй. Эндээс яриагаа эхлэе?
-Миний хувьд энэ гэнэтийн шийдвэр биш юм аа. Хүмүүс гэнэтийн шийдвэр гэж хараад байх шиг байна. Сая намайг Америкт байж байхад ИХ намын шийдвэр гарч, нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхээр дуудаж ирүүлсэн. Би огтхон ч эргэлзээгүйгээр, ямар нэгэн хоёр салаа бодолгүйгээр шууд хүлээж авсан.
-Тэгвэл яагаад бие дааж байгаа тань ойлгомжгүй байна?
-Шалтгааныг нь одоо танд ярих гэж байна. Манай ИХ нам 2008 оны УИХ-ын сонгуульд орохдоо Ногоон нам, МСДН хоёртой нийлж, нэг эвсэл болж орсон шүү дээ. Иргэний эвсэл гэдэг нэрээр. Сонгуульд орохдоо ИХ намын нэр дэвшигч Ичинноров гэж биш Иргэний эвслээс нэр дэвшигч Ичинноров гэж орсныг санаж байгаа байх. Манай эвслээс нэг л хүн одоо УИХ-д сууж байна. Тэр нь Баянгол дүүргээс гарч ирсэн Ногоон намын дарга Д.Энхбат. Тэгэхээр та нар сайн мэдэж байгаа эвсэж сонгуульд оролцсон тохиолдолд эвслийн тэр бүх субьектуудын хамтын шийдвэрээр л дараагийн сонгууль хүртэлх бүх шийдвэр гарч явдаг. Эвсэл маань 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намыг дэмжиж оролцсон учраас тэр байр сууриа хадгалж үлдэх, энэ удаагийн нөхөн сонгуульд ИХ нам дангаараа оролцохгүй байх шийдвэр гаргасан.
-ИХ нам шийдвэрээ ямар олон сольж, хольдог юм бэ. Эхлээд намын шийдвэр гарлаа гэж таныг дуудсан байна. Тэгснээ эргээд эвслээ хадгалнаа гээд явчихдаг?
-ИХ нам иргэний эвслийн шийдвэрийг дагахаас өөр арга байхгүй л дээ. Нэгэнт ИХ намыг төлөөлөх, мөн иргэний эвслийг төлөөлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн учраас би иргэнийхээ хувьд бие дааж нэр дэвших шийдвэр гаргасан. Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу, мөн улстөрч хүнийхээ хувьд энэ сонгуульд нэр дэвшиж оролцох ёстой гэж үзсэн. Миний хувьд энэ сонгууль бол боломж. Нэг хүн зоригтой бол олонхи гэж үг байдаг. Черчелийн хэлсэн үг л дээ. Би энэ үгэнд итгэдэг. Итгэл, зориг, үйлс гурав байхад амжилт дагадаг гэж бас нэг үг бий. Тэгэхээр энэ өрсөлдөөнөөс би айхгүй байна.
-Таныг Улаанбаатарын улс төр бол сайн мэднэ. Гэтэл та УИХ-ын сонгуульд Дархан руу явчихсан. Танай нам ганц хоёрхон л лидертэй нам биз дээ. Яагаад та заавал Дархан руу явсан юм бэ?
-Миний хувьд бол анх удаагаа сонгуульд оролцсон. Нуух юм алга, алдаж оносон олон зүйл бий. Тойргийн сонголтон дээр яах аргагүй миний хувьд алдаа гаргасан гэдгээ би хүлээн зөвшөөрнө.
-Яагаад?
-Дархан бол бүр таг хөдөө биш, бас яг Улаанбаатар шиг капитал биш. Хөдөө хот хоёрын дундын саармаг газар. Гэхдээ дарханыхан ардчилсан, дэвшилтэт үзэлтэй. Тэнд би яг өөрийгөө таниулаагүй байсан юм уу гэхээр бас худлаа байгаа юм. Танилын хувьд сайн танил. Хүмүүс их сайн мэддэг. Анх удаагаа сонгуульд нэр дэвшиж оролцсон болохоор туршлага бол их багатай байсан. Гэхдээ яг танд гэж хэлэхэд би хэтэрхий сайн л ажиллачихсан юм билээ. Энэ бас алдаа болсон. Хэтэрхий эрт очоод хэт сайн ажллачихаар эргээд над дээр сөрөг давалгаанууд бууж ирсэн. Санал авахын төлөө иргэдтэйгээ дэндүү ойрхон тулаад ажиллачихсан чинь тэр маань эргээд өрсөлдөгч нараасаа өөр дээрээ гал дуудах, маш олон талаар сум орж ирэх шалтгааныг тарьчихсан. Ганц жижигхэн цээж рүүгээ олон сум зоолгох шалтгаан ердөө тэр л болсон. Нөгөө талаас би өөрийгөө сонгогдоогүй гэж хэлэхгүй. Сонгогдохын хувьд сонгогдсон. Нэлэнхүйдээ 2008 оны сонгуульд луйвар хавтгайрсан. Дарханыг хамгийн том жишээ болгож Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүртэл мэдэгдэл хийхдээ онцгойлон иш татсан шүү дээ. Өөрөөр хэлбэл санал тооллогон дээр Дарханд булхай явагдсан гэдгийг хэн хүнгүй харсан гэсэн үг. Гэхдээ би хэрүүл уруул хийж, энд тэндгүй гүйж, зарга зайлхай хийгээгүй. Мэдээж алдаа оноо байсан. Улстөрч хүнд ялалт, ялагдал ээлжлэн ирж буцаж байдаг. Унах цаг байхад, босох цаг бас байдаг. Ус туулах цаг байхад уулын орой дээр гарах цаг байдаг. Би энэ бүх замыг л туулаад явж байгаа жирийн нэг улстөрч хүн л гэж өөрийгөө боддог.
-Монгол Улс их олон хуульчтай. Хуульчийнхаа нөөцөөр хэдэн арван жилдээ хангагдчихсан гэж үздэг. Гэвч тэр олон дотроос хуульч Ичинноров гэж нэрлэгдсэнийг үзэхэд та багагүй амжилтад хүрсэн. Манай нэртэй хуульчид дандаа мөнгө дагаж үйл ажиллагаагаа явуулдаг. Гэтэл та баруунаас боловсрол эзэмшиж ирээд хууль зүйн туслалцаанаас орхигдсон, ядуучуудын эгнээг сонгож өмгөөлөл хийж эхэлсэн. Хожим уулзаж үүний төлөө талархахсан гэж бодож явлаа?
-Баярлалаа. Үнэхээр сайхан санагдаж байна.
-Ариунцэцэг гэдэг охины хэрэг дээр стратегийн өмгөөлөл хийсэн явдал их дуулиан тарьсан. Бас Эрдэнэ-Очир гэж гурван удаа цаазаар авах ял сонсч, долоон жил шоронд хилсээр суусан хүний хэрэг байна. Энэ хэргүүд дээр яагаад ажилласан тань сонин. Архиваас өөрөө олж сонгосон юм уу, эсвэл хүмүүс танд санал болгосон юм уу?
-Би хуульч болоод их олон жил болж байна. Эрхүүд хуулийн сургууль төгсч ирээд хамгийн анх шүүхийн системд ажилд орсон. Баянгол дүүргийн шүүхээс гараагаа эхлээд маш хурдан хугацаанд Дээд Шүүхэд дэвшиж ажиллаж байсан. Дараа нь хүн болгоны хүндэтгэдэг академич С.Нарангэрэл багшийг Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч байх үед тэнд гадаад харилцаа хариуцсан ажилтан болсон. Бас С.Нарангэрэл багшийн хувийн туслахаар ажиллаж байлаа. Би тэр хүнээс үнэхээр их зүйлийг сурсан гэдгээ хэлэх ёстой. Хамгийн гол нь тэр хүн нэртэй хуульчаасаа гадна улстөрч хүн байсан нь надад асар ихийг өгсөн. Ингээд би Америк руу сургуульд явсан. Америкт хүний эрхийн чиглэлээр суралцсан хоёр дахь хүн нь би. Америкт суралцах боломж олдсон явдал маань миний амьдралд тохиолдсон хамгийн үнэ цэнтэй боломжуудын нэг байсан. Буцаж ирээд би харин маш том сонголтын өмнө ирсэн. Америкт боловсрол эзэмшчихсэн, англи хэлтэй болоод ирчихсэн. Шууд утгаараа үүнийг дагаад эдийн засгийн ач холбогдолтой олон ажил намайг угтсан. Тийм нөхцөлд би сонин л шийд гаргасан л даа. Ерөөсөө миний, надад заяасан энэ эх оронд минь өнөөдөр юу амин чухал хэрэгтэй байна вэ. Тэрэнд хувь нэмрээ оруулах ямар боломж надад байна гэж би өөрөөсөө асуусан. Хамгийн аймаар тулгамдсан, эх орныг маань дэндүү муухай болгож байгаа юм ерөөсөө хүний эрхийн асуудал л байсан. Хүний эрхийн тухай ойлголт газар хэвтэж байсан гэж хэлж болно. Тэгэхээр энийг өндийлгөж ирэхийн төлөө би өөрийгөө дайчлах ёстой гэж би зориг шулуудсан. Би өнөөдөр мөнгө хөөх үү, аль эсвэл мөнгөгүй ч гэсэн хүний эрхийн төлөө явах уу гэдэг сонголтын өмнө л зогсч байсан. Миний тэр сонголтыг манай нөхөр үнэхээр гайхамшигтай дэмжсэн. Анхны дэмжлэг болгож надад 1000 доллар гаргаж өгч байсан нь хэзээ ч мартагддаггүй. Тэр 1000 доллараар нь би анх хуульчдын дунд сонин гаргаад, эрх зүйн шинэтгэлийн нэг төв байгуулаад гараагаа эхэлсэн дээ. Манай тэр эрх зүйн шинэтгэлийг дэмжих төв тухайн үед хамгийн сайн ажиллаж байсан төрийн бус байгууллага гээд хүмүүс аягүй сайн мэддэг. Сүүлийн үед улс төр лүү ороод тэр ажлаа жаахан хойш тавьчихаад байна. Хуульчдын дунд сонин хийж түгээснээр би хуульчдын дунд танил болж эхэлсэн. Шинэлэг сэтгэлтэйгээ, гадна боловсрол эзэмшсэн эмэгтэй хуульч гарч ирлээ гэдэг утгаар намайг сайн хүлээж авч байсан. Ялангуяа оюутнууд намайг их дэмжиж байсан. Одоо бодоход илүү зоригтой байсан маань анзаарагддаг. Зурагтаар шууд нэвтрүүлэг хийж цацаж байсан гээд бод доо. Өөрөө продюссороо хийнэ, өөрөө нэвтрүүлгээ хөтөлнө. Зарим хүмүүс зурагтаар шууд олон нийтийн өмнө гарч ирэхээсээ халширдаг шүү дээ. Гэтэл тэр үед тэгээгүйдээ өөртөө баярладаг. Би нэвтрүүлгүүдээ дандаа амьдралаас бодит жишээ оруулж ирж хийж байсан. Дорж Дулмаад тохиолдож байгаа хэрэг цаанаа ахиад зөндөө олон Дорж Дулмаад тохиолдож байдаг учраас хүмүүс маш их ханддаг юм билээ. Тэгээд л би шуударсан. Уучлаарай, даруу биш санагдах вий. Гэхдээ би бараг л Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс шиг л ажиллаж байсан. Хүмүүс маш их ирдэг. Маш олон гомдол саналаар дардаг байсан.
-Тэр тэгнэ л дээ?
-Тэр үед таны асуусан тэр Эрдэнэ-Очирын аав нь надтай ирж уулзсан юм. Нэг жижигхээн өрөөнд гурвуулханаа ажилладаг байсан. Бас гадна дотнын жижиг төсөл авч ажиллана. Гэтэл ирж байгаа хүн болгон Ичинноровоос л зөвлөгөө авна гэдэг. Үнэхээр цаг наргүй ажиллаж байсан. Тэгээд би нэг хүнд тохиолдсон ч өшөө зуу зуун хүнд хамааралтай тусч байгаа тийм хэргийг стратегийн хувьд сонгож аваад стратегитайгаар ажиллая гэдэг шийдвэрт хүрсэн. Анхны стратегийн өмгөөлөл явуулсан хэрэг маань одоо тэр хүмүүсийн яриад байдаг Ариунцэцэгийн хэрэг биш. Эрдэнэ-Очирын хэрэг байсан юм. Эрдэнэ-Очирын хэрэг дээр яръя л даа. Манай шүүх өмгөөлөх, хүнийг цагаатгах талыг барьдаггүй. Шууд яллах талыг барьдаг. Тэгэхээр тэр яллах сэтгэлгээг л задлая гэж шийдсэн. Нотлох баримтыг шүүгч үнэлж суръя. Цагдаад байгаа, прокурорт байгаа нотлох баримт нь тухайн хүнийг гэмт хэрэгтэн болгож яллахад хангалттай биш бол хүчээр ял оноодгоос татгалзъя. Яагаад гэвэл эрүүгийн хэргийг нотлох үүрэг нь төрд байдаг. Иргэн өөрийгөө буруутай гэж нотлох үүрэггүй гэсэн үг. Энийг иргэддээ ойлгуулъя, энэ сэтгэлгээг задлая гээд ажилласан чинь их хурдан амжилтад хүрсэн.
-Долоон жил шоронд хилсээр суугаад гарч ирснийх нь дараа Эрдэнэ-Очиртой уулзаж ярилцлага авч байлаа. Үнэхээр дэндүү аймшигтай санагдаж байсан?
-Мэдээж шүү дээ. Ярих ч юм биш. Дараагийнх нь Төв аймгийн Ганбатын хэрэг байсан. Энэ хэрэг харин хэвлэл мэдээллийнхний анхааралд нэг их хүрээгүй. Бид нар туршлагагүй ч байсан. Төв аймагт урьдчилан хорих төвд нас барчихсан залуу юм л даа. Есөн удаа байцаалтад орохдоо есүүлэнд нь миний бие өвдөөд байна гэж хэлсэн. Гэтэл нэг ч удаа эмнэлгийн тусламж авах бололцоо олгоогүй.
-Уучлаарай, энэ залууг яг нас барахаас нь өмнө ээж аав нь арай гэж уулзаад, тэр үедээ амжиж бүх байдлыг нь фото хальсанд буулгаж авсан байсан шүү дээ. Бас л эцэг эхтэй нь уулзаж, сурвалжлага хийж байсан юм байна?
-Энэ хэрэг дээр яг хүний эрхийн гол конвенциуд гарч ирсэн. Хүн урьдчилан хоригдох төвд байж байхдаа гэмт хэрэгтэнд тооцогддоггүй байхгүй юу. Сэжигтэн байдаг. Үүнийг та бүгд сайн мэднэ. Шүүхээр нотолсны дараа хүнийг гэмт хэрэгтэн гэж тооцдог. Тэгэхээр тухайн сэжигтнийг хорьж байгаа, эрх чөлөөг нь хасч байгаа төрийн байгууллага буюу цагдаа, прокурор өөрөө тухайн хүний эрүүл мэнд, амьд явах эрхийг нь хариуцдаг байхгүй юу. Гэтэл манайд байдал ямар байв. Санаж байгаа биз дээ. Нэг үе урьдчилан хорих байранд ямар олон хүн үхэж байв аа.
-Бүр эрүүдэн шүүж байсан тохиолдлууд ч илэрч байсан?
-Үнэхээр аймшигтай. Бид энэ хэрэг дээр уйгагүй ажилласан. Анх удаа хүний амийг мөнгөөр үнэлээд, хүний амьд явах эрхийг нь зөрчсөн үйл ажиллагаа явуулсан төрийн байгууллагыг иргэний шүүхэд өгөөд, иргэний хариуцлага үүрүүлэхээр 30 сая төгрөгийн нэхэмжлэл гаргаж байсан. Хүний амийг мөнгөөр үнэлшгүй. Гэхдээ тэмцлийн хэлбэрээ ингэж тавихаас өөр аргагүй байсан. Харамсалтай нь энэ хэрэг дээр бид нар ялагдсан. Гэхдээ урьдчилсан хорих төв дээр иргэний эрх зөрчигдөж байгаа асуудлыг олон нийтийн анхааралд авчирч чадсан.
-Дараагийн хэрэг нь Ариунцэцэгийнх билүү. Тэр чинь нөгөө барааны саван хулгайлаад шоронд ордог охин биз дээ?
-Хулгайлсан зүйлийнх нь нийт мөнгөн дүн 1500 төгрөг байсан. Саван, угаалгын нунтаг эд нар авсан байдаг л даа. Энд хулгай хийсэн үйлдлийг ерөөсөө өмөөрөөгүй байхгүй юу. Хулгай бол гэмт хэрэг.
-Тэр охин чинь тэгээд хэдэн жилийн ял авлаа?
-10 жил таван сар.
-Арай ч гэмээр дэндсэн явдал?
-Буруу юм хийснийх нь төлөө мэдээж хуулийн цээрлэл хүлээлгэх ёстой. Хамгийн гол нь хүмүүжүүлэх, тэгээд цээрлүүлэх, тэгээд маш товч хэлэхэд ял өөрөө тухайн этгээдийн үйлдсэн хэрэгт тохирсон байх ёстой байхгүй юу.
-Гэм нүгэлд нь тохирсон зэмийг л үүрүүлэх ёстой гэсэн үг биз дээ?
-Яг тийм. 1500 төгрөгийн хохирол 10 жил, таван сарын ялтай тэнцэх үү. Цэл залуухан хүүхэд залуус, эмэгтэйчүүд маш олноороо ял аваад байсан. Энэ үнэхээр харамсалтай байсан. Гэхдээ нөгөө талд улс орон маань өөрөө нийгмийн хөгжлийн ээдрээтэй үеүдийг туулж байсан. Нийгмийн янз бүрийн хямралын үе шатуудыг туулж яваа үед сөрөг талууд хурцаар илэрч гарч ирдэг байна л даа. Хүний эрхийн баталгаа ч гэсэн, гэмт хэргийг бууруулах явц ч гэсэн эргээд эдийн засгийн хөгжил дэвшилтэй салшгүй холбоотой. Тэгэхээр бид улс үндэстэнийхээ эдийн засгийн суурийг зөв тавьж өгөөд, зөв хөгжүүлээд, эрх мэдэлд байх ёстой хүмүүсийг байрлуулаад, баялгийг зөв хуваарилаад явахад аяндаа нийгэмд байгаа буруу төвөлшлүүд арилна. Ариунцэцэгийн хэргээр бид ерөөсөө л нийгэмд байгаа шударга ёсны үнэлэмжийг харьцуулж гаргаж ирсэн. Шорон бол хүмүүжүүлж, засч, ариусгах магадлал багатай орчин. Тийм учраас шоронгийн ял өөрөө ганцхан альтернатив байхгүй цорын ганц сонголт мөн юм уу, биш юм уу гэдэг хүртэл зөвхөн энэ хэрэг дээр өдий төдий олон асуултын тэмдэг босч ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр стратегийн өмгөөлөл гэж бид тухайн нэг юм уу, хэсэг бүлэг хүмүүс дээр тохиолдсон асуудлаар дамжуулаад том том зорилгыг гаргаж ирж, түүнийг шийдвэрлүүлэхийн төлөө үйл ажиллагаа явуулахыг л хэлээд байгаа юм.
-Хүнд тус болж, хүнийг баярлуулж, хүний хувь заяанд гэрэл гэгээтэй алхам хийж өгнө гэдэг бол үнэхээр юутай ч зүйрлэшгүй том буян. Би их энгийн юм асуух гэж байна л даа. Эргээд танд тэр хүмүүс яаж ханддаг вэ .Тухайлбал, Ариунцэцэг ч юм уу, Эрдэнэ-Очир одоо тантай харилцаа бий юу?
-Хэцүү асуулт байна. Ариунцэцэг жишээ нь одоо дандаа надаас мөнгө гуйдаг. Хэцүү ч гэхэд хаашаа юм. Өөрөөр юу ч гэж хэлмээр юм бэ дээ. (санаа алдав)
-Юу. Та тэрний хэтэвч юм уу. Наадахь чинь яасан хачин явдал вэ?
-Би тэгээд эцэстээ хэлсэн л дээ. За, Ариунцэцэгээ миний хувьд чамайг шоронгоос гаргаж өгсөн гэдэг өөрөө маш том тус. Чамд амьдрал, эрх чөлөөг чинь олж өгсөн шүү. Хүнд хамгийн нандин, хамгийн амин чухал зүйл эрх чөлөө шүү дээ гэж хэлсэн.
-Та мөнгө өгөөд сургачихсан байсан юм уу?
-Үгүй. Яахав дээ, миний хэдэн найзууд ядарсан нэг охинд эрх чөлөө олж өгч байхад яаж зүгээр хараад суух вэ гэдэг үүднээс аягүй их тусласан. Зохиолч Шүүдэрцэцэг жишээ нь, найзууддаа хандаж гэр хүртэл авч өгч байсан. Ажилд оруулж өгсөн. Би ч зүгээр байгаагүй. Ядуу хүн хэцүү шүү дээ. Тэгээд болдоггүй л юм байлгүй дээ. Ариунцэцэгийн өмгөөллийн ачаар тэгшитгэлээр хэдэн зуун хүн шоронгоос гарч ирсэн юм шүү дээ. Одоо над дээр тэр үеэр гарч ирсэн олон хүн уулзаж, тусламж хүсдэг. Би тэгээд хэлдэг л дээ. Би танд аль эрт өөрийн тусыг хүргэчихжээ. Одоо надад илүү бололцоо алгаа гэж.
-Улс төрийн тавцанд хүчээ сорьсон олонхи эмэгтэй хохирогч болоод үлддэг. Үүний нэг бодитой шалтгаан манай эмэгтэйчүүд нэг нэгийгээ дэмждэггүйгээс болдог. Та гэхэд өнгөрсөн сонгуульд ялагдал хүлээсэн. Одоо эргээд харж байхад эмэгтэйчүүд таныг хэр дэмжсэн бэ?
-Жирийн сонгогч эмэгтэйчүүд бол үнэхээр дэмжсэн. Эмээ нар, эхчүүд, эгч нар, дүү бүсгүйчүүд олноороо намайг дэмжсэн. Жирийн сонгогч эмэгтэйчүүд бол дэмждэг юм билээ. Гэхдээ таны асуултын цаад санааг би мэдэрч байна. Нэг тогоонд явдаг нөхдүүд чинь хэр дэмждэг юм бэ гэж л асууж байна даа гэж би хүлээж авч байна. Зөв үү.
-Бараг тийм?
-Би шулуухан нэг зүйлийг хэлье. Дэмждэггүй юм байнаа гэдгийг л би аягүй сайн ойлгосон. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо гээд бид маш их ярьдаг. Маш их төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг. Гэтэл бодит хөрсөн дээр юу ч өөрчлөгддөггүй. Гэхдээ би намайг энэ дээр намайг тэгж ч дэмжсэнгүй, ингэж ч дэмжээгүй гэж гоншгономооргүй байна. Угаасаа улс төрд эмэгтэй хүн амжилт олох эдийн засгийн бөгөөд нийгмийн бааз суурь нь сайн биш. Тийм баталгаагүй хөрсөн дээр хэдэн хүүхэн цахиур хагалах гээд л бор зүрхээрээ мацах нь мацаад явж байдаг. Эцэст нь би нэг л юмыг бодсон. Хоосон жендер яриад, энүүгээр тэнүүгээр гүйгээд хэрэггүй. Өөрөө л эр хүн шиг байя гэж. Өөр ямар ч сонголт байхгүй л гэж боддог болсон.
-Та нар иргэний хөдөлгөөн үүсгэж нэлээд хэдэн жил тэмцсэн. Янз бүрийн нэр хоч ч зүүсэн. Энэ явц үргэлжилсээр нам болж өргөжсөн. Тэгээд шинэ гэрээ бариад удаагүй байтал хэдэн нөхдүүд нь том нам руу гүйж ирээд орчихсон. Гэрээ хаяад, намаа хаяад айлын хатавчинд очоод хэвтчихсэн. Сонин нь эрчүүд урваж, энд та ганцаараа бууриа сахиад үлдсэн. Энэ тухай?
-Бид бүгдээрээ залуу улсууд. Сонгуульд ялагдчихсан. Дээр нь орон шоронд хийсэн. Ингээд асуудал үүсэхэд бүгдээрээ л айж тэвдэх нь айж тэвдэж, хүнд байдалд орцгоох нь орцгоосон. Би ч гэсэн их хүнд байдалд орсон. Шоронд л ороогүй болохоос сэтгэл зүйн хувьд маш том дарамтад орсон. Бид нэг зүйл дээр тодорхой юм ойлгосон л доо.
-Юуг вэ?
-Улс төр, эрх мэдлийн хуваарилалтад орж, тэр төвшинд амжилт олно гэдэг бол яалт ч үгүй том намын системээр л явагддаг процесс юм байна гэдгийг. Энэ ойлголт надад ч гүн гүнзгий орж ирсэн.
-Таныг ч гэсэн ямар нэгэн сонголт хийх нь гэж ойлгож болох уу?
-Цаашдаа бол хийнэ.
-Танд ч гэсэн тэр үед явах тийз санал болгосон уу?
-Мэдээж бид бүгдээрээ л ярилцсан. Ний нуугүй хэлэхэд тодорхой тэр хямралын үеийг бид тэвчээртэйгээр туулж чадсан бол өнөөдөр ИХ нам арай өөр төвшинд байх байсан гэх бодол миний дотор явдаг. ИХ намын гол имижийг агуулж байсан хүмүүс явчихаар энэ нам өөрөө улс төрийн хүчнийхээ хувьд сул дорой институц болоод үлдчихсэн нь нууц биш шүү дээ.
-Тийм ээ. Гэвч та халирахгүй ахиад нэг өрсөлдөөнд орох гээд зогсч байна. Хэдийгээр энэ суудал өнөөдрийн улс төрийн статуст төдийлөн өөрчлөлт авчрахгүй ч нэлээн том өрсөлдөөн явагдах нь тодорхой байна. Хоёр том нам нэр хүндээ өсгөхийн төлөө хүч хаяж өрсөлдөх нь. Бусад өрсөлдөгчид ч адармаатай нөхдүүд харагдаж байна. Тэдний талаар таны юу өгүүлэх сонин?
-Миний хувьд хоёр том намын нэр дэвшигч нарыг чамгүй л сайн өрсөлдөгчид гэж үзэж байна. Чадалтай, боломжийн хоёр өрсөлдөгч. Өөрийгөө би бас голохгүй байна. Яагаад гэвэл боловсрол, мэдлэг чадвар, Монголын нийгэмд хийж бүтээсэн зүйл, цаашдаа хийж бүтээх зүйл, улс эх орныхоо төлөө цохилж байгаа зүрх, гаргаж байгаа эр зориг маань үнэт зүйл учраас. Аливаа тэмцээнд ялагч байдаг, ялагдаж байдаг. Би түрүүчийн өрсөлдөөнд шударга бусаар ялагдсан ч өнөөдөр тайван инээмсэглээд сууж байна. Энэ удаа тодорхой хэмжээнд өмнөхөөсөө илүү туршлага суусан. Болох өрсөлдөөнийг ч харьцангуй эрүүл саруул өрсөлдөөн болох байх гэж найдаж байгаа.
-Хоёр том нам шууд л мөнгөөр зодно гэдгийг мэдэж байгаа биз дээ?
-Зодно л доо. Гэхдээ мөнгө бүх юмыг бас шийдэхгүй. Аливаа зарчимд суурилсан алхмууд хожмоо заавал үнэлэгддэг. Тухайн үед зөв бурууг ялгаж харахад хэцүү ч гэсэн эцсийн дүндээ энэ л шүүлтүүрээр бүх юм орж үлддэг. Тэгээд мэдээж эрсдэл хийдэггүй улстөрч гэж байдаггүй шүү дээ. Би бол эрсдлээс ерөөсөө айдаггүй хүн гэдгээ мэддэг. Судалгаанаас үзэхэд эмэгтэйчүүд хамгийн их эрсдлээс айдаг субьектууд байдаг. Сонирхолтой нь миний хувьд эрсдэл хийгээд л явчихдаг. Эдийн засагт амжилт олсон хүмүүс ч гэсэн хамгийн их эрсдэл хийсэн хүмүүс байдаг шүү дээ. Тийм учраас би айдаггүй.
-Их сонирхолтой фигуруудтай өрсөлдөх нь. Нийтийн дуучин С.Жавхлан гээд л?
-Нийтийн дуучин С.Жавхлан бид хоёр өрсөлдлөө гэж бодоход дуугаар бол би лавтайяа ялагдана. (инээв) Хоёулаа харин ном хаялцвал надад боломжийн итгэл төрөөд байх юм.
-Хоёр том нам хамтарч эрх барьж байгаа. Нэг мөрийн хөтөлбөртэй. Одоо тэс ондоо юм яриад явах хэтэрхий ойлгомжгүй, ард түмнийг басамжилсан явдал болох байх л даа. Ийм нөхцөлд та өөрийнхөө үүргийг яаж харж байгаа нь сонгогчдод чухал?
-Одоо Монголын төрд хяналт л чухал байна. Хоёр том хүчин нэгдчихсэн. Хөрөнгө оруулалтын том том гэрээнүүд батлагдах гэж байна. Парламентад сөрөг хүчний гэх хяналт алга. Ийм тохиолдолд хянах механизмын нэг эрэг шураг нь болж, энэ талын дуу хоолойн дээр жин нэмж орж ирэх субьект л нэн чухал байна. Би хамтарсан засаглалд хяналтын харанга дэлдэх үнэ цэнтэй дуу хоолой байхын төлөө өрсөлдөж байна.
-Цаана чинь баян гишүүд ядарсан монгол айлын өрхийн амьдралд жаахан ч гэсэн дэм өгч байгаа хүүхдийн мөнгөний хөтөлбөрөөс татгалзах санаачилга гаргаад явж байна. Өөрсдийнхөө тансаг хэрэглээнээс эхлээд танах бодлогоо явуулаасай гэж хүмүүс уурлаж байгаа. Та юу гэж бодож байна?
-Хавтгайрсан халамжийн бодлогоос аяндаа Монгол орон татгалзах цаг ирнэ. Гэр бүлийн тогтвортой орлоготой байхыг дэмждэг бодлого л улс оронд чухал. Харин өнөөдөр би энэ асуудлыг хүүхдийн гараас чихрийг нь булаах төвшинд авч үзмээргүй байна.
-Цаг зав гарган ярилцлага өгсөн танд баярлалаа. Амжилт хүсье. Ингэхэд 801 хүнийхээ гарын үсгийг цуглуулсан уу?
-946 хүний гарын үсэг ирсэн.
эрка