Гурав. Танил мөрөөдөл

 ... Иссык кулд байхад манай ерөнхийлөгч болон төлөөлөгч нарт нэгэн төсөл танилцууллаа. Тэр нь  нүүдэлчин үндэстнүүдийн спортын их наадам хийх тухай. Манайхан л гэхэд морь, бөхөө ачиж очоод Киргизийн уудам хөндийд тоосыг нь үзэн нүүдэлч үндэстнүүдийн алдрыг мандуулах нигууртай аж. Саналыг нь аваагүй боловч ирж л таарах үндэстнүүдийн жагсаалт Босфорын хоолойгоос Номхон далай хүртэл ирийжээ. Мөнгөөр ивээх нигууртнуудын бүртгэлийг өнөө муу Сентерра гоулд-аар толгойлуулан толилуулжээ. Толилуулж буй итгэл төгс хархүү “Олимпийн наадмыг зохиогоод маш их мөнгө олж болдог. Бид түүнээс давах хэрэгтэй” хэмээн эргэлзэх зүйлгүй ярив.  Болохгүй ч биш л дээ. Гэхдээ л багын явдал, хүүхэд насны хонгорхон андтайгаа эргэн уулзах мэт сэтгэгдэл төрнө.

Албан ёсны хөтөлбөрт орооогүй боловч ерөнхийлөгчийн цайны цагаар, урлагийн номеруудын хажуугаар амжин орж чадсан тэрхүү танилцуулгын цаана бөөн итгэл, найдвар байгаа. “Монголчууд биднээс арав дахин олон жил ардчилсан туршлагатай, хээр морь харахаар суусан газраасаа шороо бус шороон орд атгаад босдог ард түмэн. Монголын ерөнхийлөгчид танилцуулаад амжсан байхад л учиртай. За хэн минь чи, нэг зай завсар гаргаад өгч үз. Олимпийн найдвар чи л боллоо шүү”  гэхчлэнгийг яриа өрнөсөн байж таараа.

Нүүдэлчдийн спортын наадам нь болохгүй ч зүйл биш манайд наадам, цагаан сараар улсын хэмжээгээр, бусад 364 хоногт нь байгууллага хамт олон, овооны хэмжээнд зохиодог  тэр л зүйл. Харин энүүгээр олимпийг “цохиод унагаачих” юм бодож байгаа нь хүүхэдлэг.

Ажлыг хэрхэн хийх явдлыг хэрхэн үзэх, тэрнээсээ үл хамааран жаргах тухай санаа бодол нь бидэнтэй ахан дүүсийн барилдлагатай мэт санагдлаа. Багадсан бариувчийг минь тосон өмсөж араас нэхэн өсөх дүү нар мэт.

Бид ердөө л өчигдөрхөн Жаргаланхан хэмээх шинэ чингэстээ мөргөж, “хийгүй дугуйны үйлдвэр байгуулаад Азийн нэг бар болохоороо” хэмээн хөөцгөөж, “сая доллартай нэг хүн ирээд ирээд биднийг аврана гэж байна, монголд учиргүй хайртай юм байна. Гэтэл яг доллараа гаргаад ирэх гээд өврөө ухаж байтал та нар дэмий юм асуугаад сэтгэлд нь юм хийчлээ... цъ цъ” гэлцэн гасалж байсан нв өчигдөрхөн. Өнөө гайхал Айбекс Молам, мистер Флинни, шонхорчин Алан Фаррот...захын сайн эр ирээд үймүүлээд хаядаг, мөнгө өгнө, та нарт хайртай гэсэн болгонд итгээд хуйлардаг, үлгэрт гардаг сайн санаатан хаа нэгтэйгээс ирээд аврана гэж итгэсэн тийм үе ердөө саяхан. Бизнесийн тухай санаа бодол маань эгэл бус, зүгээр нэг бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх бус зүгээргүй шидтэйг олж олшруулаад тэнгэрийн умдаг атгахыг хүснэ.

Тиймээ, юу ч байхгүй байх цагт хүн ер бусынхыг л мөрөөддөг нь хүний зан. Хүн орлого багатай байхын хэрээр сугалаа худалдаж авамтгай байдаг гэдэг. Итгэхгүй байгаа бол Сэнтрал таур  дотор юм уу, Зайсангийн тансаг сууцнууд руу ороод “хонжворт нь япон машин” бүхий сугалаа зарах гээд үз л дээ.

Нэг ийм онигоог хоолон дээр ярьсан юм. Тэдний ярьсан онигоонд Киргиз нутаг хэрхэн цогцолсон тухай  гардаг юм. Бурхан дэлхийн ард түмнүүдэд газар нутаг хуваарилсан юм байна. Узбекүүд “бид жимс таримаар байна. Ургац сайн өгдөг нутаг хайрлана уу” гэсэн юм байх. Тэгээд үржил шимт Ферганы хөндийг авсан аж. Бусад нь юу юу ч юм бэ хэлээд зохих нутгаа авчээ. Харин Киргизүүд унтаж амарч байгаад газар хуваарилалтаас хоцорсон юмдаг уу. Ингээд бөөн маргаан болж. Бүхий л нутгаа хуваагаад дууссан Бурхан “байдалд орсон” юм байхаа. Ингээд киргизүүдийг гомдоохгүйн тулд диваажингаасаа хэсэг газар таслан өгсөн нь үзэсгэлэнт Иссык кул ажгуу... Бидний “тэнгэр заяат монгол хүн”, “тэнгэрийн тамга-хөх толботой монгол хүний хувьд”, “алт сандайлсан гуйлчгачин” гэхлэнгийн ойлголт хэллэгийн үргэлжлэл харагдаж байгаа биз. Гэвч муу нь юу билээ. Амьдрал бол санаа бодлын үргэлжлэл гэж дорнын гүн ухаанд сургадаг. Санаа сайн бол заяа сайн, амны бэлгээс ашдын бэлэг гэхчлэнгээр өвөг дээдэс сургамжилж ирсэн. Бид өөрсдийгээ “тэнгэрийн” хэмээн үргэлж л сайрхаж ирсэн, ямар ч байсан тэнгэр нь хаячихгүй л байгаа нь нэгийг өгүүлэх мэт. Киргизүүд ч гэсэн үнэхээр л бурханы нутагт диваажингийн жаргал эдлэхийг хэн байг гэх билээ.

Социалист ёсны сүүлчийн жилд анх үзэж, атаархангуй харж байсан тэр хотыг өнөө үзэхнээ шал өөр. Төдийлэн анзаарч байгаагүй дэвшил, нүдэнд тусаад байдаггүй үсрэлт нүд чихнээ тод болно. Хэний үсрэлт гэхээр бидний үсрэлт. Алхам тутамд бидний үзэж туулсан, амсаж өнгөрсөн, туулаад гарсан бүхэн танил нүдээр харна.

Манай онгоц шөнө дөлөөр эргэж ирлээ. Яармаг өнгөрөх, ялангуяа энх тайвны гүүр давах агшин нь та бидний нийслэлийн шөнийн өнгө үлэмж солонгорон угтана. Бид их төлөв хөгжлийн эрэмбээр илүү Америк, Сингапур, Япон, Берлинээс буухдаа яармагийн гэр хорооллыг үзсэнтэйгээ харьцуулан харж “хэзээ Токио шиг, Амстердам шиг болно доо” хэмээн гутрах мөрөөсөхийн дундуур санаашран боддог. Харин бидний туулаад өнгөрсөн замын аль нэгийг санагдуулам газар орноор яваад ирэх шал өөр аж.

Өдөр бүр харсаар байгаад нүдэнд дассан хотынхоо шөнийг харахад энэ удаад Токио, Сингапур л санагдана. Бид урагшаа их явжээ. Хүнсний барааг картаар өгдөг байсан үе, тусгай хүмүүст үйлчилдэг ховор барааны дэлгүүр, тог тасраад бууз түүхийрэх явдал бүгд мартагдсан. Орон нутаг руу утсаар ярих гэж төв шуудан дээр өнждөг байснаа “Эртээ урьд цагт, гар утас гараагүй байхад” хэмээн хуучилна. Хамгийн гол нь улс төрийн амьдрал, нийгмийн сэтгэлгээнд том хувирал гарч. Тэнгэр байдаг ч умдаг байдаггүйг тамхи зардгаас тариа тарьдаг хүртэл, утас засдгаас уурхай эзэмшдэг хэн боловч хэлээд өгнө. Банкнаас өөр ямарч сайн хүн байгууллага бусдын мөнгийг булаана уу гэхээс, геометр прогрессоор өсгөөд өгдөггүйг хадгаламжийн хоршоонууд заагаад өгсөн.

Монголчуудыг аймаар хайрладаг нэг хүн гаднаас ирээд аварна гэдэг үлгэрт хэн ч итгэхээ больж. Хамгийн гол нь улс орныг нэг сайн хүн гарч  ирээд аврана гэдэг ойлголт төөрөгдөл болохыг нэг сайн хүнийх нь хамт туулаад өнгөрч...


Иссык кулын хөвөөнд монголоороо ёсолж буй Д.Сосорбарам


Б.Болдсайхан эмч цээжний зураг бишээ, цээж зураг авч байна.


Задгай тайзтай театр. Тайзны арын хөшгийг нээхэд үзэсгэлэнт нуур, уул ус тэгшрэн үзэгдэнэ.


Чингэс Айтматов бол ХХ зууны монголын уншигчдын хамгийн хайртай уран бүтээлчийн нэг байлаа. Түүний “Цайран харагдах хөлөг онгоц”, “Тогорууны түрүүч”, “Улаахан алчууртай хонгор минь”, “Цаазын тавцан” зэрэг олон бүтээл манай нэгэн үеийнхний сэтгэлд хоногшин үлдсэн билээ.


Нуурын өглөө.


Зурагчин С.Цацралт


Уулын бараа


Усны үзэмж