“Ярилцъя” булан ээлжит зочныхоо хамт тантай мэндчилж байна. Энэ удаагийн зочин маань олон нийтийн мэдээллийн хэрэгслээр бараг үзэгддэггүй, ховор хүн. Тэр бол Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Удвал ахайтны хүү Б.Өнөбаатар юм.
-Таныг эртнээс “мэдэх” ч эргэцүүлээд бодоод үзэхээр бас огт “мэдэхгүй” санагдах нь сонин. Хувь хүний тань тухай ямар ч мэдээлэл алга. Тэгэхээр таны ургасан хөрснөөс эхлээд хөөрөлдөх хүсэл байна?
-Ер нь хүнд бүр цаанаас нь ургасан хөрсөндөө, нутаг усандаа татагддаг нэг юм байдаг юм шиг байна лээ. Би үүнийг улам л гүнзгий мэдэрдэг болоод байгаа. Хичнээн би Улаанбаатарт өссөн ч гэсэн хар бага наснаас л ээжийгээ дагаад Булган, Дашинчилэнгээр их явдаг зуршилтай болчихсон байх жишээтэй. Сонин зүйл шүү. Бүр сэтгэлийн угт л нэг юм байгаад байдаг.
-Та ер нь эцэг эхээс хэдүүлээ юм бэ?
-Яг төрсөн бол дөрвүүлээ. Миний дээд талд нэг сайхан эгч минь байсан юм. Даанч залуугаараа бурханы оронд одсон. Үнэхээр сайхан хүн байсан. Ганц эгчтэй, доор нь гурван банди жагссан ийм айл байлаа. Эгчийн маань охин, 2 хүү нь үлдсэн. Сүүлд ээж маань охиныг нь нэр дээрээ авсан.
-Одоо таны гурван дүү хаана, хэрхэн аж төрж явна вэ?
-Яг миний доод талын дүү надаас хоёр дүү. Бас надтай адилхан хуульч мэргэжилтэй. НАХЯ-нд ажиллаж байсан. Англи, орос хэлийг төгс эзэмшсэн, монголын топ 10 орчуулагч дотор орж явдаг, ийм хүн бий. Одоо хувийн бизнес хийгээд явж байгаа. Бид бүгдээрээ Өнө нэртэй. Өнөдэлгэр гэж миний эгч байсан. Өнөбаатар гээд би, Өнөтэгш гэж миний доод талын дүү, тэрний дараагийнх нь Өнөсайхан, талийгаач эгчийн маань хүүхэд, өргөж авсан тэр дүүг маань Өнөрзул гэдэг. Ээж ааваас заяасан энэ нэрээ бид их бэлэгшээж явдаг.  
-Өнөсайхан гэдэг дүү тань одоо хаана байдаг вэ?
-Сүхбаатар аймгийн хилийн ангид орчуулагч хийгээд явж байгаа. Орос хэлтэй, хятад хэлтэй. Манай эгч бол орос, франц хэлтэй, франц хэлний багш хүн байсан. Биднээс гадна манай бэрүүдийг нэгтгээд авч үзэхэд хятад, япон хэлний нэлээн сайн мэргэжилтнүүд байдаг. Дэлхийд бас нэг их газардахгүй. Энэ талаараа их бахархдаг гэх үү дээ. Эцэг эхийн  маань бидэнд өвлүүлсэн боловсрол л өнөөдөр биднийг энэ дайнд авч явж байгаа.
-Хүүхдүүдээ дандаа гадаадад сургасан байх даа гэж хүмүүс боддог байх?
-Би бол монгол Улсын Их Сургууль төгссөн. Хуулийн ангийг. Миний дараагийн дүү Москвад төгссөн. Эгч маань бас Москвад төгссөн. Бага дүү Эрхүүд төгссөн. Гэхдээ бид өөрсдөө л бүх сонголтоо хийсэн. Эцэг эх маань та нар тэнд оч, энд сур гэж нэг ч удаа бидэнд хэлж байгаагүй. Яагаад ч юм бид бүгдээрээ орос сургууль төгссөн. Аав маань тэр үеийн ЗХУ-д элчин сайдын яаманд элчин зөвлөх,намын үүрийн даргаар ажиллаж байсан. Ээж тэр үед Москвагийн намын дээд сургуульд сурч байсан учраас бид Москвад амьдарч байсан. Би гэхэд хоёр жил орос цэцэрлэгт явж байгаад, нэгдүгээр ангид орост орж байсан хүн шүү дээ. Орос жаалууд дунд ганц түнжин толгойтой монгол хүүхэд явдаг байсан. Үсээ хусуулчихсан. Орос хүүхдүүд яагаад ийм толгойтой хүүхэд байгаа юм бэ гэж их гайхна. Биднийг ер нь л багаас маань бие дааж сурах орчинд ээж аав маань дасгасан. Энд ирээд орос сургуульд үргэлжлүүлээд суралцсан даа.
-Сономын Удвал гэж явдаг шүү дээ. Та тэр Соном гэдэг хүний талаар ярьж өгөхгүй юу?
-Уг нь Өмнөговийн хүн. Сайхан Соном гэж. Миний өвөг эцэг бол Чоймбол гэж Булган аймгийн Гурванбулаг, Дашинчилэн сумын залгаан дээр төрсөн хүн байсан.
-Яг Удвал гуайн төрсөн эцэг биз дээ. Энэ талаар сонсч байсан юм байна?   
-Яг төрсөн аав нь.
-Удвал гуайн намтар үнэхээр ээдрээтэй. Чоймбол гуай охиноо говийн тууварчинд өргүүлсэн гэдэг билүү?
-Үнэхээр ээдрээтэй. Мухар хуруу Чоймбол гэж яг тэр Дашинчилэн Гурванбулагийн зааг дээр төрсөн, бичиг үсгийн өндөр мэдлэгтэй, нутаг олондоо нэртэй, их сайхан хүн байсан юм билээ. Хааяа нэг нэрмэл зооглочихно. Гэхдээ тухайн үедээ их боловсролтой. Мухар хуруу гэдэг нь долоовор хуруу нь жаахан мухар, гэхдээ бичиг бичихдээ гаргуун сайхан бичдэг болохоор нь нэрлэчихсэн нэр юм билээ.Ээжийн маань төрсөн ээжийг Цэдэн гэдэг байсан. Бас яг энэ нутгийн хүн. Эмээ өвөө хоёр маань яагаад ч юм хоёр тийшээ болж л дээ. Тэр үед нь нөгөө сайхан Соном гэдэг хүн манай нутгаар явж байж таараад манай эмээ Цэдэнг аваад Өмнөговь руу явчихсан гэдэг.
-Бас сахилгагүй улсууд байжээ. Тэр үед салчихаж байдаг?
-Бас их сонин түүх байдаг л даа. Ингээд Соном гэдэг хүнийг дагаад Өмнөговь явсан эмээ маань очоод өөд болсон байдаг. Тэр Соном гэж хүн чинь бас энгийн нэг хүн байгаагүй. Хуульч, банкны ажилтай, үргэлж хөдөө гадаа яваад өгдөг сонин хүн байсан гэдэг юм. Тэгээд явахдаа ээжийг үлдээчихээд явчихна. Өнчин өрөөсөн, нутаг уснаасаа холдож ээжийгээ дагаж ирээд эхээсээ өнчирчихсөн жаахан охин ямар байсан нь ойлгомжтой.
-Хойд эцгийнхээ гар дээр л үлдсэн байх нь?
-Тийм. Хойд аав нь гэрт тогтдоггүй, маш их хөдөө гадаа явдаг. Тэгээд л ээжийг айлд үлдээчихдэг. Энэ үедээ арваадхан настай охин, айлд мал хариулаад байж байхад нь Самбуу гуай очсон байдаг. Тэр айлд нь. Тэгээд энэ хүүхэд чинь одоо хэний, юун хүүхэд вэ гэж Самбуу гуай асууж. Нөгөө айлынхан ч ийм ийм угшилтай, ийм ийм хүүхэд. Булган аймгаас л ирсэн юм гэнэ лээ гээд. Өө, тэгвэл би буцахдаа наад хүүхдийг чинь аваад явъя гээд л ээжийг аваад явсан юм билээ. Тэгээд Өмнөговь аймгийн төв дээр авчраад бичиг үсэг заасан. Ээжийг маань Өмнөговийнх, Төв аймгийн Лүнгийнх гээд ярьдаг нь ийм ийм л учиртай. Эмээ өвөө хоёр маань салсны дараа ээж эмээтэй маань байхдаа Лүн суманд бас амьдарч байсан юм шиг байгаа юм. Ээжийн намтар чинь их сонин шүү дээ. Самбуу гуай авчраад дэргэдээ тал бичээч болгосон. Тал бичээч гэдэг нь орсон гарсан хүн болгон дээр л протоколоо бичүүлдэг байсан гэсэн үг. Ээж ярьдаг байсан. Нэг өндөр сандал дээр суулгачихдаг байсан гэсэн. Ээж маань тэгж байгаад КУТВ гээд тэр үеийн монголчууд очиж сурдаг байсан сургуульд Москвад очиж суралцсан. Ингээд Москвад сурч байсан чинь дайн эхлээд Ташкент руу явчихсан байгаа юм. Ташкентаас буцаад ирэхэд нь чи хаанахын, ямар хүүхэд вэ гэхээр нь Өмнөговийнх гэж хэлээд Өмнөговьд оччихсон байгаа юм. Хориодхон настай охин Өмнөговийн мэдээ сонины анхны эрхлэгч хийж байсан түүхтэй. Ийм учраас Өмнөговийнхон Удвал гуай чинь манай хүн шүү дээ гэж хэлдэг юм.
-Ёстой баялаг намтартай хүн юм?
-Сүүлд далан хэдэн онд л ээж нутагтаа очсон. Тэгэхэд нь манай Дашинчилэнгийн хэдэн луухгар хөгшчүүл байсан даа. Атигар Балжинням гуай эд нар гээд.
-Тэгэлгүй яахав?
-Тэд ээжид бүх учрыг тайлж таниулж хэлж өгсөн гэдэг. “Удвал аа, чи энэ Дашинчилэн Гурванбулагийн зааг дээр Өрхтий гэдэг газар төрсөн хүүхэд шүү” гэж. Одоо нөгөө чи бид хоёрын очиж байсан өвөлжөө бий дээ.
-Тийм?
-Тэр өвөлжөөг нь зааж өгөөд, чи цагаан сарын өмнөхөн энэ өвөлжөөнд төрж байсан гэж тодорхой хэлж өгсөн байдаг. Ээж ч яриад эхлэхээр өөрийнхөө ээж аавыг санаж байгаагаа ярьж, бүх юм нь таарч тохирч, төрсөн бууцан дээрээ очиж хөрвөөж байсан түүхтэй.
-Өрхтий их өвөрмөц газар санагддаг?
-Тэр уулыг харахад хоёр өөр харагддаг юм билээ. Чи анзаарсан уу. Ар талаас нь харахад нэг өөр. Өврөөс нь харахад бас нэг өөр.
-Би хаврын хавсарган дунд ч очиж үзсэн, өвлийн шуурганаар ч очиж үзсэн. Яг тэр өвөртөө нам гүм болчихдог сонин, ид шидтэй газар?
-Үнэхээр сонин. Бид нар тэр жил нэг их салхитай өдөр очоод сууцгаасан шүү дээ. Яг тэр төрсөн газар нь чив чимээгүй болчихоод, газар дэлхийг босгож ирж байгаа юм шиг шуурч байсан салхи тойроод байдаг. Тэр өдөр л гэхэд ямар сонин мэдрэмжийг бид авч байлаа. Надад ээж маань хэлж байсан. Ээжийнх нь яг унасан газар, угаасан ус энэ Булган аймгийн Дашинчилэн сум шүү. Үүнээс хойш би өөрийн жинхэнэ нутгаараа овоглож явах болноо гэж. Хожим би ээжийнхээ мэндэлсний 80 жилийн ойгоор дурсгалын хөшөө босгосон. Ээжийнхээ цээж барималыг. Төр, нийгмийн зүтгэлтэн гэдгээр нь нийслэлд ч босгосон болох байсан. Тэр үед цагийн салхи жаахан тийм. Тэгээд бодож байгаад, нутгийнхантай ярьсан. Тэд маань өө, юу гэж байгаа юм төрсөн нутаг усанд нь босголгүй яахав гэсэн. Нутгийн ард түмний тэр сайхан сэтгэлийг бодоод, бас ээжийнхээ хөшөөг хүүхдийн цангинасан дуу тасалдахгүй утгыг нь бодож сургуулийн гадаа босгоё гэсэн. Зохиолч, нийгмийн зүтгэлтэн, хүүхэд, эмэгтэйчүүдийн төлөө бүх амьдралаа зориулсан хүний хөшөө хүүхдийн дуун дундаа л байх ёстой гэж бодож байсан. Гэтэл захиргааныхан наад хүн чинь төр, нийгмийн зүтгэлтэн хүн шүү дээ. Захиргааны өмнө хөшөөг нь босгох ёстой гэж санал гаргасан. Тэгээд л босгосон. Би юунд баярлаж явдаг вэ гэхээр нутгийнхан маань тэр хөшөөг их сайхан тордож авч явдаг.
-Хоёулаа таны аав ямар хүн байсан талаар ярих ёстой гэж бодож байна. Аливаа намтарт нэг нь хүчтэй хүн байх тохиолдолд нөгөө нь бүдгэрээд үлдчихсэн байх нь элбэг тохиолддог. Мэдээж таны аав танд маш чухал хүн байгаа. Гэтэл бид таныг Удвал гуайн хүү л гээд байдаг. Энэ ойлголт танд яаж буудгийг мэдэхгүй юм. Тэгэхээр таны аавын тухай ярилцъя?
-Маш чухал асуулт байна. Ээжийн сайн хүү байх нэг хэрэг. Гэвч бас аавын сайхан хүү байх, эр хүн болж төрсний хувьд аавыгаа хадгалж, аавыгаа дуурайж явах нэг том утга бий. Миний эцэг Балжирын Багаажав гэж Дорноговь аймгийн Хатанбулаг сумын харъяат хүн. Ах дүү арван гурвуулаа хүн байсан. Аав маань үнэхээр сайхан хүн байсан. Эр хүний бүх чанараа би ааваасаа өвлөсөн. Их цэмцгэр, сайхан боловсролтой хүн байлаа. Хаашаа ч явсан ажил алба нь бас л ээжээс дутахгүй. Худалдаа бэлтгэлийн яамны дэд сайд байсан. Хэлтсийн дарга, референт, ЗХУ-д суух МУ-ын элчин сайдын яамны зөвлөх, намын үүрийн дарга зэрэг дипломат албуудыг хашч явсан ийм хүн. Самбуу гуайтай ойр явж байгаад л ээжтэй танилцсан юм шиг байна лээ. Одоо манай аавыг мэддэг улсууд чи аавтайгаа ямар адилхан болоод байнаа гэдэг. Ээжийг мэддэг улсууд үгүй чи ээжийгээ яасан их дуурайж байнаа гэдэг. Хүний хүү юм чинь аавтайгаа адилхан гэж хэлэгдэх нь надад их сайхан байдаг. Манай аав гэр орондоо их цэвэрч нямбай, хувцас хунараа гайхалтай цэмцгэр өмсч эдэлдэг хүн байсан. Насан эцэслэтэл нь аавтайгаа хамт явсан. Хөдөлгөөн мөдөлгөөн тэр чигээрээ аав шигээ болоод байна гэж манай гэргий хэлдэг. Аав маань их зарчимч хүн байсан. Маш өндөртэй шаардлагатай. Тэрүүгээр нь л хүмүүжсэн. Нэг удаа би сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга байсан С.Майдар гуайтай хамт хөдөө явсан юм. Тэгэхэд С.Майдар гуай надад “Өө, чи чинь манай Багаажавын хүү юм уу. Манай Багаажав чинь их зарчимч, томоотой, маш цэмцгэр ийм хүн шүү дээ” гэж хэлж байсан. Аавыг маань энэ хүн ингэж үнэлж байна. Би тийм явах юмсан гэж бодогддог л юм билээ. Амьдралын эрхээр ээж аав хоёр маань нэг хэсэг хоёр тийшээ болсон л доо. Тэр бол үнэхээр бас хоёр чадвартай, мэдлэгтэй, байр сууриа эзэлчихсэн улсуудад төвөгтэй зүйл гарч ирсэн байхыг үгүйсгэхгүй. Өрсөлдөгчид ч байсан юм уу, бие биеэ хүлээн зөвшөрөх тал дээр асуудал байсан юм уу би мэдэхгүй.
-Ойлгож болох зүйл шүү дээ?
-Тэрнийг шүүх, шүүмжлэх эрх надад байхгүй. Миний эцэг эхийн л шийдвэр. Бид тэр шийдвэрт нь өөрсдийн байр сууринаас дүгнэлт хийх, шүүх эрх байхгүй. Энэ бол өөр асуудал. Гэхдээ манай эцэг эх хоёр биднийг үргэлж хамт байгаа юм шиг л өсгөж хүмүүжүүлсэн. Дандаа ирж, очдог. Тийм л зарчимтай байсан. Аав маань намайг сургууль төгсөөд яаманд очиж байхад за чи, том яаманд очлоо. Ийм нийтлэл бич, энэ тухай одоо ингэж задлаад бич гэж зааж сургадаг л байсан. Аавын хэлж даалгаснаар тухайн үед бичиж байсан юмнуудаа үзэхээр маш сонин асуудлуудыг хөндсөн байдаг. Аль тэр үед төрийн албан хаагчийн ёс зүй гэж юу юм бэ гэдэг сэдвээр миний бичиж байсан юмнууд байх жишээтэй. Зан суртахуун, ёс суртахуун гэдэг наад хоёр юмаа чи салгаж ойлгож байна уу, наад заагаа гаргаж бич гээд л. Сонин байгаа биз.
-Эцэг эхийн энэ идеал үр хүүхдэд гай ч болдог, гавъяа ч болдог. Нэгэнт л өөрөө бие хүн юм чинь өөрийнхөөрөө явж, өөрийнхөөрөө амжилтад хүрмээр байдаг. Гэтэл хүмүүс аа, энэ Багаажавын хүү юм байна. Өө, Удвалын хүү юм байна гэж харах гээд байдаг. Энэ тусгал танд төвөг болж байсан уу?
-Тийм юм бий. Эцэг эхийн надад олгосон хүмүүжил төлөвшил, боловсрол бий. Энэ суурин дээр хүн өөрөө өөрийнхөө амьдралыг цогцлоох ёстой. Өөрийн зарчмаараа л явах ёстой. Дандаа эцэг эхийн юм уу, эсвэл хэн нэгэн нэртэй төртэй хүний сүүдэрт явах бол тийм сайн юм биш. Яахав өөрөө чадваргүй хүн бол тэр нөмөр нөөлгийг ашиглаад яваад байхаас өөр аргагүй л байдаг байх. Өө, би тэрний хүүхэд шүү, энэний хүн шүү гэж очоод эрхэлж тунирхаж явах нэг хэрэг. Аав ээжийн нэрийг зүүж, тэрнийхээ дор явах гэхээсээ илүү өөрийн хүчээр юманд хүрэх юмсан гэж боддог зарчим л миний хамгийн гол зарчим байсан.
-Танай үеийнхэн бараг бүгд орос школтой улсууд байдаг. Гэхдээ бид ярианы хэлийг л хэлтэй гэх үнэлэмжинд аваачиж хийгээд байдаг л даа. Нэг улстөрч таны тухай мань хүн бичгийн гайхалтай орос хэлтэй гэж тодорхойлж байсан?
-Социализмын үеийн сэхээтнүүдийн хүүхдүүд бараг бүгд орос школтой. Би ч мөн адил. Ардын багш Б.Чимид гэж миний агуу сайхан багш бий. Багш маань надад хэлж байсан. Өнөбаатараа чамд нэг онцлог байна. Орос школтой хүн атлаа монгол хэлээ маш сайн эзэмшсэн нэг давуу тал байна гэж. Багш маань намайг МУИС-даа багшаар үлд гэж хүртэл санал тавьж байсан. Тэгэхэд нь би багшаа уучлаарай, би шүүх яамны захиалган дээр суралцсан. Тэндээ очиж ажиллахгүй бол болохгүй нь ээ гээд явж байсан.
-Яаманд та хэр удсан бэ?
-Ер нь л би Шүүх яам, Хууль зүйн яамны кадр шүү дээ. Арван хэдэн жил ажиллачихсан. Тэгж байтал багш маань сайд болоод хүрээд ирлээ. Тэгэхэд нь би сайд аа, шавь нь одоо эрдмийн мөр хөөе. Москвад аспирантурт явъя гэлээ. Чи юу ярьж байгаа юм. Би чамд нэг удаа боломж өгсөн. Багш байхдаа чамд шаардлага тавьж үзсэн. Чи зөрөөд наашаа ирсэн. Одоо би сайдын хувьд шаардлага тавъя. Чи дуугүй наад ажлаа хий гэсэн. Багшийн хэлсэн үг бидэнд хууль байдаг. Ингээд үлдсэн. Би чинь хорин хэдтэйдээ яамны хэлтсийн дарга болж байсан юм шүү дээ. Их том албан тушаал. Б.Чимид багш маань сайд болж ирээд “Та нарыг би хөдөлмөрөөр хүмүүжүүлж өгнөө” гэж хэлж байж билээ. (инээв) Урдаас нь гайхаж байгаа байхгүй юу. Тэгэхэд багш “Шүүсийг чинь шахаж байж сайн хуульч болгож авнаа” гэж хариулж байсан. Үнэхээр шүүсээ шахуулсан. Ээж аав хоёр маань намайг орос сургууль төгсөхөд гадагшаа биш Монгол Улсын Их Сургуульд сурах зөвөлгөө өгснийг би маш зөв шийдвэр байж гэж бодож явдаг. Орос сургууль төгссөн хүүхэд  монгол ахуйгаасаа асар хол төлөвшдөг. Гэтэл би Их Сургуульд ороод газар газраас ирсэн залуучуудтай хамт дөрвөн жил сурсан. Монгол хэлнийхээ чадварыг олж авсан. Хүнтэй харьцах цоо шинэ хүмүүжлийг олж авсан. Хэрвээ би орост үргэлжлүүлээд дээд сургуульд сурсан бол энэ бүхнийг олж авч чадахгүй байсан. Ээж маань Правда сониноос нийтлэл орчуулуулчихаад, дараа нь монголын Үнэн сониноос одоо энийг орос руу хөрвүүл гээд суулгачихдаг байсан. Энэ бүхэн надад үнэхээр их зүйлийг өгсөн. Одоо би залуучуудын оруулж ирсэн бичгийг голдог. Чи монгол хүн байж яагаад монголоороо зөв бичиж чаддаггүй юм бэ гэж тэдэнд хэлдэг. Бичих гэдэг чинь өргөн ойлголт шүү дээ. Найруулга зүйн хувьд үнэхээр авах юмгүй юм авч орж ирдэг байхгүй юу. Өгүүлбэр зүйн бүтэц, найруулга, дүрмийн алдааг нь хараад сэтгэл гонсойдог.
-Булганыхан таныг яагаад нутагтаа ирж нэр дэвшдэггүй юм бол гэж гайхаж байхтай нэг биш таарч байлаа. Бас карьер нь яагаад өсдөггүй юм бэ. Энэ нөхөр эсвэл их гөжүүд хүн юм болов уу, юу бодож явдаг юм бол гэх мэт яриа дуулдаж л байдаг юм?        
-Үгүй ээ, Ганчимэг ээ улс төр хийдэг хүний характер өөр байдаг юм билээ. Овсгоотой, бас хүний наана цаана гараад явдаг арга эвтэй. Миний характер бол улс төр юм уу бизнест тохирох характер биш. Би энийгээ мах цусандаа ортол мэдэрч үзсэн юм. Энэ бол удам сударын л асуудал байгаа байх. Миний эцэг эх хэзээ ч улс төр хийдэггүй, бизнес хийдэггүй улсууд байсан. Тийм болохоор надад тийм овжин, зальхай зан байдаггүй. Улс төр, төрийн алба хоёрыг харьцуулаад судлах тусам улам илүү итгэл үнэмшил надад төрж байна. Би ерөөсөө л төрийн хүн юм шиг байгаа юм. Би лам хуврагаас хол хүн л дээ. Гэхдээ надад нэг том лам хүн хэлж байсан. Чи их сонин хүүхэд байна шүү. Чамд сайн, муу нөлөөлөл ирж байхад атирч мэддэггүй гэж. Тэр хүн надад чи төрийн л хүн юм байна гэж хэлж байсан. Карьер бол өөрийн мэдлэг чадварыг дагаж л өгсөх ёстой. Тэгэхээс биш дэмжлэгээр явдаг ахицыг би карьер биш гэж үздэг. Би нэг зүйлийг дандаа гайхдаг. Яагаад монголчууд хэдхэн хүний хүрээнд ингэж шоудаж амьдардаг юм бол. Бид нар шиг карьер хөөдөггүй, насаараа төрийнхөө төлөө үнэнчээр алба хашч яваа хүмүүсийг яагаад хүндэлдэггүй юм бэ.
-Жаахан дутуу хариулчихлаа. Яагаад нэр дэвшиж, өрсөлддөггүй юм бэ гэж асуусан даа?
-Булганыхан маань хэлдэг л дээ. Яагаад та болохгүй гэж гэсэн асуулт надад олон ирж байсан. Би хэлдэг. Би ээжийнхээ нэрийг бодоод энэ нутаг усныхаа төлөө зүтгэж болно. Гэхдээ улс төр гэдэг дэндүү надад таарахгүй алба учраас би зүгээр л ажлаа хийгээд явж байя аа гэж. Ингэж яваа маань илүү хэрэгтэй газраа хэрэгтэй, илүү үр өгөөжтэй юм болов уу гэж би боддог. Зөв хүн, зөв газраа, зөв цагтаа байх хэрэгтэй гэсэн зарчим надад байдаг. Надад нутагтаа хийж байгаа юм бий. Цаашид ч хийнэ. Манай Булганыхан яагаад нутаг усныхаа төлөө юм хийдэггүй юм бэ гэж би их гайхдаг. Энэ нутаг уснаас гарлаа. Яагаад эргээд юм хийдэггүй юм бэ гэсэн сонин асуулт гарч ирж байгаа байхгүй юу.
-Булганыхан будлиантай, будаан дээрээ зодоонтой гэдгийн л үлгэр биш юм уу?
-Чи хүртэл ингэж хэлж болохгүй шүү дээ. Хүн гэдэг чинь нутаг амьтай байдаг юм билээ. Гэхдээ монголчууд энэ чанараасаа болоод хэтэрхий жалга довны үзэлтэй болчихсон. Энийгээ болимоор байна. Монгол улс шиг цөөхөн хүн амтай, жижиг улс заавал Булган, Сүхбаатар гэж талцаад яах юм. Бүгдээрээ нэг амьтай, нэг эх оронтой, нэг амьдралтай явмаар байна. Булганыхан будлиантай будаан дээрээ зодоонтой гэж үг бий. Ний нуугүй хэлэхэд Булганыхан үнэхээр бие биенээ дэмждэггүй юм билээ. Би зургаа долоон жил Дашинчилэнгийн нутгийн зөвлөлийн дарга хийж байгаа. Миний аав Дорноговийн хүн. Би өөрөө Улаанбаатарт төрсөн хүн. Гэтэл яагаад ийм ажил хийгээд яваад байна вэ. Сэтгэл зовсондоо л байхгүй юу. Хэн нэгэн хүн энэ Дашинчилэнгийн төлөө зүтгэх ёстой биз дээ. Оччихоод гол нь хүртэл татарчихсан байхад гол харлаад, сэтгэл өвдөөд байдаг юм шүү дээ. Ээжийн маань нутаг учраас би тэр нутаг усны төлөө явахгүй байж чаддаггүй. Булганыхныг будлиантай гэдэг тэр имижнээс нь салгахсан гэж би боддог. Энэ чинь эрт балрын үеийн аман яриа. Булган нутаг будаа тариатай. Будаа тариатай баян нутаг, анхдагчдын өлгий нутаг. Булганы будаа тариаг булаацалдаж өөр харийн улсууд зодолдож байсантай холбоотой хэлц үг юм билээ. Тэрнээс биш хэзээ ч Булганыхан будаа тариагаа булаацалдаж байгаагүй. Энэ ойлголт буруу.
-Та энэ үгийг сонсоод эмзэглэдэг юм аа даа?
-Эмзэглэдэг.
-Саяхан таныг оллоо сайтад бичсэн байсан. Тэгээд таныг дарга болох гэж байгаа юм байна даа. Нөхдүүд дайрч эхэлж байна гэсэн бодол төрж байлаа?
-Үзсэн. Дарга болчихвий гэж эмээдэг улсууд байгаа юм шиг байна. Нэг хэсэг нь бас болоосой гэж хүсдэг байх. Хүнийг муу хэлэхдээ баримттай л хэлэх ёстой. Миний гэр бүлийн хүнийг нөхрийгөө дарга болгохын тулд буруу булхай юм хийж байна. Банк дампууруулсан 14 тэрбум төгрөгийн луйварт оролцоод тэр мөнгөөрөө нөхрийгөө дэмжиж байна гэх маягийн юм бичсэн байсан. Бид хоёр гэртээ уйлах ч биш инээх ч биш сонин байдалд орсон. Миний гэр бүлийн хүн чинь Олон улсын харилцааны сургуулийн багш хүн шүү дээ. Юу ярьж байна вэ. Бидэнд тийм хүмүүжил байхгүй. Бид хоёр хуучин байраа зараад 11 дүгээр хороололд сольж ирсэн. Машин байхгүй. Энгийн л амьдралтай. Удвал дарга хүүхдээ дарга болгоод байр олгууллаа гэж хэлж байсан. Тэр үед нь би нялх хүүхэд, эхнэр хоёроо дагуулаад эгчийнхээ нэг өрөө байранд амьдарч байсан. Яаманд байхдаа би гурван удаа өөрийнхөө ээлжийг ирэхэд байраа бусдад тавьж өгч байсан. Надад тийм хүмүүжил байхгүй. Сүүлд нь манай хамт олон босч ирээд хэлж байсан. Наад хүн чинь хэдэн удаа урдуураа дайруулах юм бэ, хэдий болтол энэ хүнийг ингэж явуулах гээд байгаа юм бэ гэж. Ээж нэг удаа ч сайд руу ярьж байгаагүй. Бид бүгдээрээ ээжийнхээ бор “гэрт” амьдарцгааж байсан. Бор гэртээ ээжтэйгээ амьдарч байсан үе одоо хамгийн сайхан санагддаг.
-Хотын хүүхэд, даргын хүүхэд гэхэд борог явжээ?
-Ээж маань амралтаар Дашинчилэнд аваачаад үлдээчихнэ. Элсэн дээр хөл нүцгэн гүйж, хонь хургатай хөөцөлдөж явлаа. Сүүдэр буучихсан уулын хормойд мянган хонь эргүүлэх гээд морьтой явж байхдаа хаанаас чоно гараад ирэх бол гэж дотроо айж явсан үе бий. Би борог өссөн. Улсын аварага малчин Бат /бид томоо гэдэг байсан/ ах маань за одоо хоёулаа мордоё. Хонио хужирт оруулна гээд л хөөгөөд босгоно. Монголын ард түмний хөдөөний аж амьдралыг би хэнээс ч дутахгүй мэдэрч өссөн. Би ордны ард талын арктай байшинд өссөн нь үнэн. Гэхдээ тэр үед зууханд галладаг, тог тасардаг, лаа барьдаг байсан. Одооны дарга нарын амьдралтай яаж зүйрлэх юм бэ. Гүйж гарч усны машин ирэхээр усаа авна. Усны лаазаа дөрвөн удаа хоёр арвын бидоноор зөөж дүүргэнэ. Модоо гадаа хагалчихаад, хатаачихаад дээш нь авч гараад галладаг байсан. Бидний тэр амьдралыг мэдэхгүй байж том даргын гэрт тансаглаж өссөн хүүхэд гэж дүгнэж болохгүй шүү дээ.
-Гэхдээ элитийн хүүхэд гэдгээ зөвшөөрнө биз дээ?
-Зөвшөөрнө. Би эрдэм номын өргөөнд хүн болсон. Манай ээж их сонин ш дээ. Намайг Сэрээтэр багш дээр хөтөлж аваачаад энэ хүнийг эр хүн болгоод өг гэж хэлээд бөхийн секцинд оруулж байсан. Одоо манай Пүрэв-очир, Насантогтох эд нар бүгд бид нэг секцнийхэн. Аль аль талаас нь намайг хөгжүүлэх гэсэн ээж аав хоёрын санаа надад тус болсноос ус болоогүй. Бага байхдаа рок групт бөмбөр цохиод л явж байлаа. Одоо манай Гадаад яамны сайд байсан Ш.Алтангэрэл эд нар мэднэ. Битлзийн хөшөөг босгоход жишээ нь би өөрийн хувь нэмрээ оруулаад явж байх жишээтэй. Тэр өдөр ямар гоё кайф авсан бэ. Дэлхийн соёлоос монгол хүн хоцрох ёсгүй гэсэн ээжийн маань үзэл надад хүчтэй нөлөө үзүүлсэн. Хөгжим сонсдог, спорт сонирхдог. Классикуудыг нь уншдаг. Эх хэл дээр нь. Би англи хэлийг жишээ нь “Битлз”-ээр дамжуулж л сурсан ш дээ. Гадныхан та ямар гоё англи хэлтэй юм бэ гэж хэлдэг. Тэгээд “Битлз”-ээр дамжуулж сурсан гэж хариулахаар гайхаад байдаг юм. Битлз бол бидний үеийнхэнд асар том нөлөө өгсөн. Онгирч байгаа юм биш шүү. Би “Битлз”-ийн бараг бүх дууг дуулна. Үг үсэгчлэн дуулна. Орос найз нартаа би хэлдэг. Та нар орос хэлээ ямар муухай болгож байна вэ гэж. Урдаас бас чи яагаад классик орос хэлээр яриад байдаг юм бэ гэж асуух нь сонин. Энэ бол хүмүүжил. Асар том соёл шүү дээ. Монголыг судлахад уртын дууг судлахгүйгээр яаж монгол судлаач болох юм бэ. Би чадахгүй ч гэсэн “Цомбон туурайтай хүрэн”-ыг аялах гэж үзнэ. Энэ бол үзэл юм.
-Манай Удвал гуай тухайн системийнхээ дарангуйлалд хэр өртөж байсан хүн бэ. Жишээ нь, Анастасия Ивановна гэхэд Удвал ахайтныг байнга л чичилж байсан тухай баримтууд яригддаг?
-Хэзээ ч Монголын түүхийг хэн нэгэн хүн аваад үхэж чадахгүй. Хэзээ нэгэн цагт надад ийм асуулт ирнэ гэдгийг би мэдэж байсан. Ээжид маань бурхан ахиад ганц хоёрхон жилийн нас өгсөн бол ээж маань дурсамжаа бичих байсан. Бичсэн бол монголын түүхийг бараг тэр чигээр нь биччих байсан байх. Ээж маань хичнээн хатуу хөтүү амьдрал туулав. Эмэгтэй хүн даахын эцэсгүй ачааг ээж минь дааж, үүрч явж байсан. Гэхдээ тэрийгээ хэзээ ч ил гаргаж байгаагүй. Үр хүүхэд бидэнд бол мэдрэгддэг байсан. Бас ярьдаг ярьдаггүй цаг үе гэж байсан шүү дээ. Одоо бол болно. Гэхдээ би зүгээр нэг миний амьдралыг мэдэхгүй, каньюктур хөөсөн  сэтгүүлчтэй цээжний үгээ хуваалцахгүй. Тэр утгаараа би илэн далангуй ярьж байна. Ээж маань ямар их хүнд дарамтанд, ямар их сэтгэлийн эмзэглэл тээж амьдарч явсныг хүмүүс ойлгох ёстой. Бид хоёр бол их ярьдаг байсан. Яагаад гэвэл хоорондоо маш нээлттэй байсан. Миний дүү нартай бол ярьдаггүй байсан байх. Нэг удаа ээж маань өөрийн эрхгүй надад хэлж байсан. Уучлаарай, Ганчимэг ээ. Өнөөдөр би энэ тухай ярьж болно биз дээ.
-Бололгүй яах юм бэ?
-Ээжид нь их хэцүү байна. Намайг Филатова үндэсний үзэлтэн гэж Цэдэнбал даргад хэлсэн байна гэж тэр өдөр ээж надад хэлсэн. Тэгээд “Филатова төрийн толгойд хоёр эмэгтэй хүн байдаггүй юм. Эсвэл Удвал, эсвэл би байх ёстой” гэж хэлсэн байна. Энэ бол ээжийн надад хэлсэн үг шүү. Энэ бол түүх.
-Тэгэхээр нь Удвал гуай юу гэж хариулсан бол?
-“Үгүй, яах вэ Филатова Монгол улсад их юм хийсэн. Тэрийг нь бид хүндэтгэлгүй яахав. Тэгж ярих юм бол би үндэсний үзэлтэн гэдэг маань ч үнэн. Ер нь Филатова над шиг яагаад монгол нутгаар хөндлөн гулд явдаггүй юм. Яагаад малчин айлуудаар маань зүгээр ороод гардаггүй юм ” гэж нэлээн хатуухан хэлээд гарч ирсэн юм билээ. Миний ээж биднийг дагуулаад хөдөө явж байгаад таарсан айл болгонд бууж ордог байсан. Ороод айлынх нь авгай аягаа  хормойгоороо арчаад цай аягалаад өгөхөд тосч аваад, ярьж хөөрч сууж байгаад уугаад гардаг хүн байсан. Би хаана ч хэлнэ. Яагаад тэр үед айлын хоймор ээжийн зураг, ээжийн өгсөн арван төгрөг ч юм уу, ямар нэгэн дурсгал байдаг байсан юм бэ. Би айлын хоймор жаазандаа хийчихсэн арван төгрөгийг асуугаад “Удвал гуайн өгсөн арван төгрөг өө” гэсэн хариу аваад гайхаж байсан. Тэгээд хүү нь гэдгээ хэлж чадалгүй гарч байсан тохиолдол олон бий. Хүүхдийн төлөө байгууллагууд Филатова ийм ийм их юм хийсэн гэж ярьдаг. Хийсэн нь үнэн. Гэхдээ монголын эмэгтэйчүүдийг соёлтой, боловсролтой болгохын төлөө ээжийн минь чилээсэн сэтгэлийг юутай зүйрлэх юм бэ. Цэвэр цэмцгэр үсээ сайхан янзалчихдаг, сайхан хувцаслачихдаг, хүзүүндээ аятайхан алчуур зүүгээд, цүнхээ зөв бариад явдаг болгохын төлөө яаж явсныг нь түүх мартаагүй. Монгол хүн л монгол ахуйгаа мэдэрнэ. Орос хүн хэзээ ч тэрийг ойлгохгүй. Ээж маань би өргөдлөө өгье дөө, сайхан залуучууд ажиллаг гэж даргад хэллээ. Цэдэнбал дарга “Удвал аа чи яаж байгаа юм бэ. Чи ажлаа хийж бай” гэлээ гэж надад ярьсан. Гэтэл 14 хоногийн дараа ” Намайг өнөөдөр ажлаас чөлөөлчихлөө, дарга тэгж хэллээ” гээд орж ирсэн. Би гайхаад яагаад таныг өргөдлөө өгье гэхэд чөлөөлөөгүй байж, одоо чөлөөлж байгаа юм бэ гэж асуусан. Филатова юм хэлээд байгаа биз дээ. Чи Удвалыг яагаад чөлөөлөхгүй байна гээд загнаа биз, юу ч гэж хэлсэн юм билээ би мэдэхгүй шүү дээ гэж ээж надад хариулж байсан. Энэ бол түүх. Тэр өдөр ээж надад бас нэг сонин юм хэлсэн. Би дөнгөж ажлаа өгчихөөд гарч ирээд ордны коридороор явж байхад зарим хүмүүс надтай мэндлэхгүй өнгөрч байх юм гэж. Аймаар систем байгаа биз. Муухай биз дээ.
-Ёстой муухай. Мэндэлвэл тэр хүмүүс хэрэгт орчих гээд байна шүү дээ?  
-Хэрэгт орно. Энэ эсэргүүтэй мэндэлчихвэл би хэрэгт орчихно гэсэн айдас байгаа биз дээ. Тийм л цаг үе байсан. Би одоо Төрийн албаны зөвлөлийн гишүүний хувьд яаж биеэ авч явах вэ. Хуулиа баримтлах юм уу, аль нэгэн том даргын захиасаар ажиллах юм уу. Энэ асуулт ирж л байгаа байхгүй юу. Тэгэхээр би өөрийнхөө байх ёстой байран дээр байх ёстой. Хоёр намын тохироог барьж, тэрэнд нь захируулж хүнд албан тушаал өгөхийн төлөө л бид ажиллах юм уу. Биш шүү дээ. Төрийн ажлыг хуулийн хүрээнд л хийе. Энэ бол миний амьдралын зарчим. Муухай юмтай эвлэрч чаддаггүй нэг чанар миний мах цусанд шингэчихсэн юм шиг байгаа юм. Яагаад тийм байдаг юм бол. Ээж ааваас уламжилсан л юм байх даа.
-Хоёр ээж нь таарамж муутай байсан ч гэсэн таныг Цэдэнбал даргын том хүү Владиславтай их найз байсан гэж сонссон?
-Бидний ээжүүд ийм ч гэсэн бид хоёр нөхөд явахад юу ч саад болох ёсгүй гэж бид хоёр ярилцдаг байсан. Үнэхээр сайн залуу байсан. Даанч харамсалтайгаар маш залуугаараа явчихсан. Ер нь эцэг эхийнх нь хийсэн алдаа юм уу, ямар нэгэн харилцааны асуудлууд үр хүүхдэд нь ямар ч хамаагүй шүү дээ. Тэдний хүүхдүүдийн хувь заяанд монголчууд бид санаа тавих ёстой байсан гэж би боддог.
-Ерөнхийлөгчийн ээж Бүдханд гуай  Удвал гуайн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан гэдэг. Та нар одоо ямар харилцаатай явдаг вэ?
-Бид сайхан харилцаатай. Бүдханд гуай намайг хараад ээжийг маань санан дурсдаг байх. Яагаад гэвэл би тэр хүнийг хараад ээжийгээ бас дурсан санагалздаг байхгүй юу. Намбар гуай, Бүдханд гуай хоёрыг би хүндэтгэж явдаг. Яагаад гэвэл эд чинь ээж аавтай минь холбоотой дурсамжийг тээж яваа улсууд. Би ээжтэй хамт ажиллаж байсан улсуудыг ээж шигээ л бодож явдаг. Хүндэтгэх ёстой шүү дээ. Тэрнээс биш тэрний ээж, энэний аав гэх өнцгөөс харах нь манайхны сэтгэлгээний  л нэг хоцрогдол. Энэ бол жаахан явцуу асуудал. Бүдханд гуайтай хааяа таардаг. Ярьж хөөрдөг.    
-Н.Энхбаяр Ерөнхийлөгчийг гарч ирсний дараа манай нутгийнхан лав ярьж байсан. Одоо ч Өнөбаатар дээшээ суга явах байх аа. Эд чинь холбоотой улс гээд л. Ерөнхийлөгчтэй та ямар харьцаатай вэ?
-Улсуудад хардалт сэрдэлт их байдаг юм. Яагаад гэвэл жишээ нь Ерөнхийлөгчийн ээж аав, манай ээж аавуудыг хоорондоо холбоотой ажиллаж амьдарч явсан болохоор Н.Энхбаяртай их ойрхон байх гэж нэг хэсэг нь харддаг. Бас нэг хэсэг нь энэ нөхөр С.Баяртай орос сургуульд хамт байсан. Тэгэхээр С.Баярын хүн л байх гээд ярьдаг байхгүй юу. Хувь хүмүүсийн үүднээс аль алинтай нь сайхан харьцаатай явдаг. Ерөнхийлөгчтэй ч, Ерөнхий сайдтай ч. Саяын Ерөнхийлөгчийн гаргасан шийдлийг ч би зөв гэж үзэж байгаа.
-Төрийн албаны зөвлөлийн даргаар өөрийнхөө хуулийн зөвлөхийг томилсон тухайд хэлж байна уу?
-Тийм. Би дарга болъё гэж нэг ч удаа Ерөнхийлөгчтэй уулзаж байгаагүй. Манай Дашинчилэнд очихдоо надтай хамт явган алхаж очоод ээжийн маань хөшөөнд хүндэтгэл илэрхийлсэн. Нутгийн ард түмэн одоо болтол ярьцгаадаг. Ерөнхийлөгч Удвал гуайн маань хөшөөн дээр ирээд, хадаг зүүгээд, хүндэтгэл илэрхийлээд явлаа гээд хаваржин намаржин л яриа биз дээ.Энэ л сайхан. Өөр юу хэрэгтэй юм.
-Хэрвээ сая та томилогдсон бол нээрээ бөөн хардлага явах байж?
-Явна. Би тэрийг мэдэж байна. Монголчуудын ийм нэг муухай зан уг нь арилах ёстой юм.
-Төрийн албаны шинэчлэл явагдаж байна. Хувийн хэвшил унаад ирсэн чинь төр лүү зүтгэсэн нэг том түрлэг гараад ирлээ. Энэ хүсэл шунал та нарыг бол зовоож байгаа байх л даа?
-Зовоож байна. Би дотроо нэг юманд аягүй их залбирдаг. Төрийн албанд бизнес сэтгэлгээтэй хүн битгий орж ирээсэй гэж. Орж ирээд л нөгөө авилгыг цэцэглүүлнэ шүү дээ. Хэзээ ч ийм байж болохгүй. Хүн тангараг өргөөд явж байгаа юм бол ядахдаа жаахан нандин чанартай баймаар байна. Хувь хүний ноён нуруу гэж хэзээ ч орос, англи руу орчуулж болдоггүй нэг юм байна шүү дээ. Энийгээ битгий гээгээсэй. Монголчууд сүүлийн үед хялбар арга замыг хайхын төлөө их амьдардаг болж. Зовлон туулж байж юманд хүрдэг. Хялбар замын төлөө зарчим, хүн чанар хамаг байдаг нандин юмаа гээчихээд хошуурч байгаа улсуудыг хараад би дотроо өрөвддөг. Гутдаг. Төрийн албанд шалгалт өгөөд тэнцээгүй улсууд гомдоллоод Төрийн албаны зөвлөл рүү дайрдаг. Төрийн алба гэдэг чинь их том халаас юм уу. Хүн болгоныг шингээдэг газар юм уу. Чадвартай, мэдлэгтэй, шударга хүн босгонд нь тэнцэж байж орж ирж ажилладаг алба болохоос хэн дуртай, хэн лоббитой, хэн улс төрд нэр нүүртэйгээрээ болдог юм биш шүү дээ. Босгыг нь давж чадахгүй байж өөртөө уурлахын оронд төрийн албаны зөвлөлд уурлаад байдаг. Би ийм юмыг үнэхээр таашаадаггүй.  Монгол хүний ёс зүй, чанар ингээд алдагдаад байгаад би маш их харамсдаг.
-Удвал гуайн шавь гэж яг одоо хэн байна?
-Сүрэнгийн Оюунчимэг. Яагаад ч юм нас нь ахиад ээжтэй улам л адилхан болоод байх шиг санагддаг. Инээгээд ярьж байхыг нь хараад би хүртэл яагаад ээжтэй ийм адилхан харагдаж байнаа гэж зогтусч гайхдаг юм. Сонин шүү. Сүүлийн үед би нэг сонин хоббитой болоод байгаа. Зохиолчдын гарын үсэгтэй ном цуглуулах. Надад бүх зохиолчид номоо дурсгадаг. Тэр нь надад маш гоё таашаал өгдөг. Ш.Сүрэнжав гуай, Д.Цоодол гуай, Б.Бааст гуай гээд бүгд. Бааст гуай хааяа намайг загнадаг. Загнах нь хүртэл надад сайхан санагддаг.
-Зохиолчдын хүүхдүүд хоорондоо хэр ойр явцгаадаг юм бол?
-Элгэмсүү явдаг. Дотроо бүгд бие биенээ хүндэтгэдэг. Би Лодойдамба гуайн хүү Галаатай илүү ойр байдаг. Ярьж, бага насаа дурсаж сууцгаадаг. Тэр үеийн зохиолчид бол монголын сэхээтний давхаргыг бүрдүүлж байсан улс. Б.Дэлгэрмаа, Э.Бат-Үүл гээд бүгдэд нь би хүндэтгэлтэй ханддаг.  Бүгдэд нь шүү.