Ногоон адал явдал
-фельетон - Хамаг юм нураад байгаа аятай л ярих юм. Үнэн хэрэгтээ маш олон юм сайхан болчихоод байхад. Ухаандаа, хэдэн жилийн өмнө өөрийг чинь “Чи ногоорчихоод явж байна уу” гэвэл “Золиг минь, чи аанай л архи гударчихсан явна уу” гэсэн доромж үг болдог байв
-фельетон -
Хамаг юм нураад
байгаа аятай л ярих юм. Үнэн хэрэгтээ маш олон юм сайхан болчихоод байхад. Ухаандаа,
хэдэн жилийн өмнө өөрийг чинь “Чи
ногоорчихоод явж байна уу” гэвэл “Золиг минь, чи аанай л архи гударчихсан явна уу” гэсэн доромж үг
болдог байв.
Харин өнөөдөр “За нөхөр минь, ногоорчихоод явж байна уу” гэвэл “Миний найз,
экологийн чиг баримжаатай болоо юу”, “Анд минь, байгаль орчинд ээлтэй болчихоод
алхаж явна уу” гэсэн эерэг сайхан
утгатай болжээ. Манай улс хоцрогдсон орон байх цагт юм ногоорч мууддаг байсан
бол өдгөө эсрэгээрээ, ногоорон сайжирдаг цаг ирж. Хориод жилийн тэртээ зуны
халуунд ногоорчихсон мах аваад, хоол хийж идэхээр яваа хүний “алтан сав”-ыг
нээлгэхэд ер эртдэхгүй байв. Харин өдгөө дэлгүүрт “ногоорчихсон мах зарж байна”
гэвэл байгаль орчинд ээлтэй шинэ мах худалдаалж байгаа хэрэг болно. Түүнчлэн
ногоорсон мах зарж байгаа дэлгүүрийн худалдагч өөрөө экологийн чиг баримжаатай
сайн хүн болж таарна.
Бас манай ард түмэн дарлагдан зовж байх үед муусайн ахмадууд “хүн ахтай
дээл захтай” гэж ирээд айхавтар дарамталдаг байлаа шүү дээ. Цэргийн оны
ялгаанаас дутахгүй дарамт байсан даа. Харин ойрмогхон дээлийн захаа таслаад
хаяхтай зэрэгцээд “хүн ахгүй” болж хойч үе айхавтар дарамтаас чөлөөлөгдлөө.
Одоо өвгөчүүл элдэв долоон юм үглээд, зааж сургах гээд ирвэл дээлнийхээ захны
ором руу заагаад “ хүмүн ахгүй, дэвэл захгүй бөлгөө” гэчихнэ.
Бас монгол хүний генетик сүрхий сайжирч байгааг албан тушаал удамшиж
эхэлсэн явдал харуулна. Удамших явдал царай зүс, бие бялдрын салбараас ингэтлээ
хальсан өөр орон үгүй. Гишүүний хүү
гишүүн, сайдын хүү сайд болон төрж ч байх шиг. Дээр үеийн Батлан хамгаалахын
сайдын хүү өнөөгийн Батлан хамгаалахын сайд болон төрсөн байсныг манайхан сая
харж биширч ч байх шиг. Харин бурхан болоочийн албан тушаалын ген нь гэргийдээ
удамших үзэгдлийг бол шинжлэх ухаанаар тайлбарлах аргагүй учраас төлөгч,
зурхайч нарт үлдээсэн нь оновчтой байх.
Албан тушаалын удамшил дээр ажиглагдаж буй нэгэн үзэгдлийг дурдахгүй байхын
аргагүй. Нүд, хамар зэрэг зүйлс удамшсан л бол удамшсан байдаг бол албан тушаал
тэгэхгүй. Эцэг нь бурхан болохгүй л бол албан тушаал огт удамшихгүй байгаа нь
судалгаанаас харагддаг. Эцэг урт насалбал энэ чиглэлийн ген талаар өнгөрнө гэсэн үг. Иймээс аавыгаа дуурайх дуртай
хүүхдүүдийн эцэг нар их л айж ширвээдэн амьдрах болсон гэх.
Саяхан Иргэний Зориг нам маань ногоорчихлоо. Нэр нь Иргэний Зориг Ногоон
нам болов. Мэдээж архинд толгойгоо
мэдүүлэх болсон хэрэг биш, харин экологийн чиг баримжаатай, өвс ургамалд ээлтэй
болсон хэрэг. Жишээгээр тайлбарлая л
даа. Энэ намын нэр дэвшигч сонгогчтойгоо уулзах гэж явахдаа зүлэг ногоо огоот
үл гишгэх ба өнчин янзага таарлаа гэхэд яахыг төсөөлье. Жирийн намын нэр
дэвшигч байсан бол “Хүүе таминь ээ! Яргуй идсэн янзага байна, цусыг нь соръё” гээд
тонгорог ба ундааны соруул бэлдэх юм уу,
их л сайндаа “Хөөх, янзага байна. За за, бушуухан уулзалтандаа орцгооё”
гэх байх. Харин ногоорон байгаа Иргэний Зоригчуул сонгуулиа хаячихаад хөөрхий янзагыг үрчлээд харих бөлгөө. Ийм л сайхан
явдал болж байгаа юм даа.
Ногоорохын ач тус ингээд дуусахгүй. Нам ногоорсон даруйдаа л ардчиллын
харгуйд шинэ сайхан шан татаж зэрэг
удирдах эрхтэй, ижил ямбатай, эрх тэгш гурван даргатай боллоо. Үүний өмнө ҮШН
намынхан тамгаа зургаан сараар ээлжлэн барих замаар энэ салбарт тэргүүлж байсан
бол өнөөдөр нэгэнт ард хаягдлаа. Намын гишүүн жирийн ардууд намаа даргалах эрх
чөлөөг хангаж байгаа сайхан алхам ингэж хийгдлээ. (Гурван
толгойтой луу, 15-аас 20 толгойтой нөгөө
амьтан энэ тэр чинь өнөөгийн ногоон чиг баримжаагаар үзвэл экологийн чиг
баримжаатай, манай талын нөхдүүд болж таарах нь байна шүү дээ). Одоо манай Ногоон болж буй намынхан гурван даргынхаа
хугацааг ҮШН маягаар жилдээ хоёр солигдох болчихвол жилдээ зургаан гишүүн,
ердөө 133-хан жилд үндсэн 800 гишүүнээрээ нэг нэг удирдуулж болж л байгаа
байхгүй юу.
Та манай улсын төрийг намууд барьсаар ирсэн гэж боддог уу? Үгүй юм аа.
Манай төрд дандаа “өнгө” ноёлж ирсэн юм. Хөх Монголын ард түмнийг хар феодалын мөлжлөг,
шар феодалын дарлалаас улаантнууд аварсан гэдэг биз дээ? “Хөх Монгол улаан Монгол
болов, хуучин хүү шинэ хүү болов” гэсэн мөр Д.Нацагдорж бичиж үлдээжээ. Улаан Монгол
хөх Монгол болж ардчилсан. Харин одоо хөх толбот монголчууд ногоорч байна.
Хүүхдүүд ногоон толботой төрөх цаг хаяанд байна гэм. Цаашлаад Монгол улсын
нийслэлийг Ногоонбаатар гэдэг болохыг ч үгүйсгэхгүй.
За ингээд ойрын үед 800 даргатай гурван гишүүнтэй машид ардчилсан нам төрөх
ерөөлөөр фельетоноо өндөрлөсү.
Иргэн
zochin
eldve
Зочин
Зочин
shooter
Энэ байна
Хараарай
Zorig
VIRUS
Зочин
122 201 18
Zorig
Zorig
Зочин
à
Zorig
66
би
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
очоод чамайг цохиж унагана даа тайрдас минь
Зочин
odgoo
зочин
Zorig
Зочин
Зочин
Ganbaa
баабар ба цэнддоод
tsagaan sar
Зочин
Өнгөт сэтгүүлч Цэндоо танаа
Зочин
Tsenddoo-d
Цэнддоод
xaxa
Baas
Зочин
Зочин
хар ногоон
Badman
Zorig
Zorig
Elbegeed
kk
Nogoonoo
1