Банк ба үндэсний хөрөнгөтнүүд
Арилжааны банкуудад мөнгө байршуулах журмыг Засгийн газар баталлаа.
Журам ч яахав батлагдлаа. Одоо арилжааны банкууд монголбанкинд хүсэлтээ гаргана. Төв банк түүнийг нь хэлэлцэж үзээд эрсдлийн сангийн 300 тэрбумыг ядаж цөхөх юмгүй нааш нь цааш нь болгочихно. Учир нь энэ маань тэгшитгэсэн, бүгдэд нь эрх тэгш хандсан, элдэв хардлага гарах сиймхийгүй журам ч бас биш. Журам хэлцэгдэж байх явцын дундаас л банкуудад байршуулах мөнгөний асуудалд алагчлал явагдах нь тодорхой байсан. Яагаад ингэж хардаж байна гэхээр Засгийн газрын хуралдаан дээр “Төлбөр түргэн гүйцэтгэх чадвар нь алдагдаж магадгүй банкуудад мөнгө өгөх үү, эсвэл бүх банкинд тэгш дэмжлэг үзүүлэх үү” гэсэн асуудал хөндөгдөж, сайд нарын дунд саналын зөрүү гарч байсан. Монголын төр арилжааны банкуудаа ар, өврөөс төрснөөр нь алагчлах нь дээ гэсэн энэ хардлагыг маань Монголбанкны ерөнхийлөгчийн хэвлэлд өгсөн тайлбар бүр лавшруулж орхисон. Анод банкинд энэ мөнгөнөөс байрших уу гэсэн сурвалжлагчийн асуултад тэрбээр “Үгүй, Анодод байршихгүй. Тогтвортой харилцааны үзүүлэлтүүдийг тодорхой хугацаанд сайн хангасан банкуудад байршуулна” гэж шулуухан хариулжээ. Энэ бол түүний амнаас унасан хамгийн сүүлийн “мэдэгдэл”.
Тэгэхээр банкуудад төрөөс хаягласан энэхүү “өвчин намдаагч” жинхэнэ сэхээнд орчихоод амьсгал нь тасалдаж байгаа банкуудад биш ардаа татаастай, улс төрийн түшигтэй айлуудад хувиарлагдаж таарах нь.
Манай томоохон арилжааны банкууд бүгд ардаа улс төрийн түшигтэй. “Худалдаа хөгжлийн банк”, “Хаан банк”, “Голомт банк” бүгд дээрх 300 тэрбумаас давуу эрхтэйгээр хүртнэ. Үнэн хэрэгтээ хөөрхий “Анод” –д бусад банк шиг монголбанкны дэмжлэг гэхээр юм байсангүй. Улс төрийн өндөр нөмөр байсангүй. Хэдэн ченжүүд л бор зүрхээрээ зүтгэж явж банк байгуулж тоглож үзээд барахгүй унаж байгаа нь л энэ.
Мэдээж банкны сайн системгүйгээр улс орны эдийн засаг гэж байхгүй. Гэхдээ манай банкны системд сайн засаглал алга. Сайн засаглал байхгүй учраас л банк тойрсон олигархи сүлжээ үүсчихээд байна.
Банк бол харилцагчдын мөнгө, хадгаламж эзэмшигчдийн мөнгө, зээлдэгчид гэсэн хамгийн ойлгомжтой субьектүүдийн нэгдэл. Гэтэл эдний дунд эзэд гэж хэсэг нөхөд гарч ирсэн. Банкирууд гэсэн гоё нэртэй шимэгчид. (манай эзэд дотор яг мэргэжлийн банкир бараг байхгүй )
Банкны эзэн хэн ч байж болно. Хэн ч байж болдгийн жишээг бид сайн мэднэ. Банк гэдэг бүдүүн тоймоор хадгаламж эзэмшигчдийн мөнгөн дээр томорсон хадгаламж зээлийн хоршоо гэсэн үг. Ийм хялбар боломжин дээр тоглож эзэд болсон нөхдүүдийн маань эрх мэдэл хэрээс хэтэрчээ гэх шүүмжлэл сүүлийн үед газар авч байна. Тэд маань сүүлдээ улс төрийн лоббигоор л хөдөлдөг улсууд болж хувирсан юм байх. Энгийн иргэд бол зээл авах гэж үйл тамаа цайдаг болсон. Олон түмний итгэлийг авч, хурааж хуримтлуулсан хэдэн бор төгрөгөн дээр нь тоглож хөлжчихөөд энгийн иргэдэд хаалттай, ихэс дээдэст нээлттэй ийм л банкууд бий болсон. Үнэн хэрэгтээ банкнаас тийм том ашиг олдоггүй. Манай нөхдүүд активаа өсгөөд өөрсдийн бизнес рүүгээ оруулах замаар мөнгө хүүлж баяжсан улсууд. Зарим эзэд ийм тоглоомноос хожсон мөнгөө дуугүйхэн эргүүлж, гэдэсээ хагартал цулайж суудаг бол, зарим нь буруу тоглож байгаад унагаж орхидог. Үүний жишээ “Анод”-оор батлагдаж байна.
Ченжийн амьдралаас банкны том боссууд болтол томорч чадсан ч эдүгээ орон шоронгийн үүд татахдаа тулаад буй “захирал”-ууд маань иргэдийн мөнгийг дэндүү эрээ цээргүй үрж заржээ.” Анод”-ын нэг захирал араб адуунд гэхэд толгой эргэмээр их мөнгө зарлагадаж шуугиан тарьж байсан. Сонгуульд нэр дэвшээд тэрбум тэрбумаар нь хийсгэж байна л гээд дуулдаад байсан.
Иймэрхүү цээж баячуудын балгаар өнөөдөр банкны системийн нэр хүнд сэвтэж, хүмүүсийн банкинд итгэх алдарч байна.
“Анод” банк дампуурлын ирмэгт ирснээ өөрсдөө шударгаар зарлахын оронд тэдэнд итгэж олон жил хамтран ажиллаж ирсэн зээлдэгчдээ урдаа барьж иргэдийн тархинд буруу мессеж өгөх гэж оролдоод зогсохгүй, тэднийхээ ажил хэргийн нэр хүндэд халдах кампанит ажиллагаа хүртэл явуулж гайхаш төрүүлэв. Үнэн хэрэгтээ энэ хэдэн ченжийг хэн өдий зэрэгт хүргэсэн юм бэ. Хадгаламж эзэмшигчдээс гадна, тэрбум тэрбумаар нь хүү төлж ирсэн үнэнч зээлдэгчдийн хөлс хүч шүү дээ. Банктай байгуулсан гэрээний дагуу хүүгээ төлөөд явж байдаг үндэсний компаниуд руугаа ийн эргэж бухсан нь бизнесийн горимд байж болшгүй бүдүүлэг алдаа болж байгааг PR-г нь хийж байгаа мэргэжилтнүүд нь анхааруулдаггүй юм байх даа. Мэдээж найдваргүй зээл гэж байгаа л даа.
Манайд ямарваа нэг донсолгоо боллоо гэхэд хөлд нь хамгийн эхлээд үндэсний хэдэн хөрөнгөтнүүд өртдөг, үймээнийг хөөргөдөж байгаад тэднийгээ унагаж орхидог зуршил тогтоод удаж байна. Уг нь улс орон үндэсний хөрөнгөтнүүдээ хайрлаж хамгаалдаг байх ёстой. Гадныханд болохоор найр тавьж, өөрийнхнийхөө болохоор өр лүү нь тийрч байдаг энэ мэт зуршлаасаа бид салах цаг болжээ.Тэдний төлж буй татвар, хийж буй бүтээн байгуулалт манай улсын л баялаг шүү дээ. Алтны магнат Ц.Мянганбаярын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр өгсөн ярилцлагуудаас монголдоо хөрөнгө оруулалт хийх гэж чардайтлаа зүтгээд, эцэс сүүлд нь сэтгэл алдарч, итгэл нь мохсон гутранги дүр зураг л мэдрэгдэж байна. Тэр “Анод” банкинд зээлийнхээ хүүнд зориулж 17 тэрбум төгрөг төлжээ. Өөрөөр хэлбэл түүний төлсөн хүү банкны цэвэр ашиг болон очсон гэсэн үг. “Мон Уран”-ы Наранхүү ч мөн адил тус банктай үүсгэсэн олон жилийн харилцааныхаа эцэст голдоо ортол гомдож хоцорч байгаа нь мэдэгдлүүдээс үнэртэж л байна лээ. Тэдний компани “Анод”-д багцаагаар зургаан тэрбум гаруй төгрөгийн хүү төлсөн гэнэ. Эргэн төлөгдөх хугацаа нь бас л дуусаагүй. Ийм тохиолдолд бид бизнесменүүдийнхээ нэр хүндийг золигт гаргахаар улайрсаар л байх уу. Гадныхныг үргээж, голомтныхноо түймэрдэж дуусах ийм монгол маягийн дажин бидэнд ямар ашиг авчрах вэ.
Монгол улсын Ерөнхийлөгч банк тойрсон асуудлуудаар байр сууриа илэрхийлжээ.
“Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр ярьж байгаад иргэдийн хадгаламжийг төрөөс 100 хувь батлан даах шийдвэрийг УИХ, Засгийн газар гаргалаа. Тийм болохоор иргэд тайван амгалан байж болно. Харин банкны буруу менежмент, улс төрийн шалтгаанаар зээл олгодог зэрэг ойлголтыг ялгаж салгаж авч үзэх ёстой. Хариуцлагын асуудлыг хөндөх ёстой” хэмээн тэрбээр хэллээ. Банкны системийн одооны энэ чичиргээ доргионы гол шалтгаан дэлхийн санхүүгийн хямрал гэхээсээ илүү удирдлагуудынх нь алдаатай бодлогоос илүү хамааралтай гэдгийг тодорхой хэлэв.
Гүйцэтгэх засаглалын тэргүүн ч гэсэн телевизид өгсөн ярилцлагадаа дотоодын хэт хөөргөдсөн үймээн, тогтворгүй мэт харагдуулдаг болсон улс төр эдийн засгийн нөхцөл байдлаас болоод гадны хөрөнгө оруулагчидтай харьцах харьцаанд бодьтой өөрчлөлт орж эхэлснийг анхааруулна лээ.
Банкны асуудал бол хамгийн эмзэг зүйлсийн нэг яах аргагүй мөн. Банкаар хамаагүй наадаж болохгүй. Үүнийг бизнесийн өрсөлдөгчид ч, хэвлэл мэдээллийнхэн ч, улс төрийнхөн нь ч анхаарлаасаа салгаж болохгүй.
Манай банкууд бол дэлхийн зах зээлтэй төдийлөн дорвитой харьцдаг банкууд биш. Хөгжлийн энэ төвшин нь манай хэдийг эдүгээн дэлхийн их хямралаас болоод юу юугүй нураад уначих хэмжээнд авааччихгүй биз хэмээн бид хаа хаанаа найдаж байна. Ганцхан хажуугаар нь өөрсдийнхөө авираас болж буруу “дайн” –ыг л дэгдээж баймааргүй байна.