Улс үндэстний уналт доройтлын шалтгаан
Энэ явдал 2000 оны нэгдүгээр сард Зимбабвэ улсын Хараре хотод болжээ. Арга хэмжээг зохион байгуулагч Фаллот Чавава төрийн өмчийн оролцоотой “Зимбабвэ Банк Санхүүгийн Корпораци” (Зимбанк)-аас зохион байгуулсан үндэсний хонжворт сугалааны азтанг тодруулах үүрэг авчээ.
УЛС ЯАГААД УРУУДАН ДОРОЙТДОГ ВЭ?
Зимбабвэд хонжворт сугалаанд хожих арга заль
Энэ явдал 2000 оны нэгдүгээр сард Зимбабвэ улсын Хараре хотод болжээ. Арга хэмжээг зохион байгуулагч Фаллот Чавава төрийн өмчийн оролцоотой “Зимбабвэ Банк Санхүүгийн Корпораци” (Зимбанк)-аас зохион байгуулсан үндэсний хонжворт сугалааны азтанг тодруулах үүрэг авчээ. Энэ сугалаанд 1999 оны 12 дугаар сард дансандаа таван мянга буюу түүнээс дээш Зимбабвэ доллар байршуулсан үйлчлүүлэгч бүр оролцох боломжтой байв. Чавава тохирлыг тодруулахаар сугалааг сугалахдаа цочирдож байгаа нь харагдах ажээ. Зимбанкнаас олон нийтэд өгсөн мэдэгдэлд “Арга хэмжээг зохион байгуулагч Фаллот Чавава 100.000 зимбабвэ долларын шагналын азтанг тодруулах сугалааг өөрт нь гардуулахад, түүн дээр Эрхэмсэг ноён Роберт Мугабе хэмээн бичсэн байхыг хараад нүдэндээ ч итгэсэнгүй” гэжээ.
Зимбабвэ улсыг 1980 оноос хойш “чадах ядахаараа”, гэхдээ төмөр нударгаар удирдаж байсан ерөнхийлөгч Роберт Мугабе 100.000 Зимбабвэ доллар буюу тус улсын нэг хүнд ногдох орлогоос тав дахин их мөнгөний хонжвортой сугалааны азтан болов. Зимбанк Ноён Мугабегийн нэрийг олон мянган хэрэглэгчдийн нэрсийн дундаас сугалж гаргасан гэж байдаг. Ямар гээч аз вэ! Ерөнхийлөгчид мөнгөөр дутагдаж гачигдаагүй гэдгийг хэлэхийн ч хэрэггүй байх. Угтаа тэр өөрийн болон засгийн газрын гишүүдийнхээ цалинг 200 гаруй хувиар нэмээд удаагүй байжээ.
Энэ сугалааны хонжвор бол Зимбабвэ зүй бус инстүүцтэй болохын нэг илрэл. Үүнийг авлига гэж нэрлэх нэгэн байх ч энэ бол Зимбабвэд инстүүцийн “өвчлөл” бий болсныг илтгэх шинж тэмдэг. Мугабе сугалааны азтан болсноор өөрийгөө Зимбабвэгийн асуудалд хэр нөлөөтэй, хүчтэй болохоо харуулаад зогсохгүй дэлхий дахинд улсынхаа зүй бус инстүүцийн цар хүрээ хэр өргөн болох тухай ойлголт өгсөн нь энэ байлаа.
Өнөөдөр улс орнууд уруудан доройтож байгаагийн шалтгаан нь зүй бус инстүүцүүд болж байна. Мугабегийн дэглэм тогтсон Зимбабвэ улс үүний эдийн засгийн болон улс төрийн үр дагаврыг тод томруун харуулна. Тус улсын үндэсний статистик үнэхээрийн үнэмшмээргүй, тухайлбал 2008 оны байдлаар Зимбабвэгийн нэг хүнд ногдох орлогын хэмжээ нь тус улсыг 1980 онд тусгаар тогтнолоо олсон үеийнхээс хоёр дахин бага байжээ. Мэдээж тун хачирхмаар сонсогдож байгаа ч энэ Зимбабвэгийн ард иргэдийн амьжиргааны түвшин доройтож эхэлсэн хэрэг биш байв. Тус улс бараг мөхөн доройтож, төрийн үндсэн үйлчилгээг ч үзүүлэх аргагүй болжээ. 2008 оноос 2009 оны хооронд эрүүл мэндийн систем ихээхэн муудсан нь улс орон даяар холер өвчин тархахад хүргэсэн байна. 2010 оны нэгдүгээр сарын 10-ны байдлаар холер өвчний 98.741 тохиолдол бүртгэгдэж, 4.293 хүн нас барсан нь Африк даяар сүүлийн 15 жилд гараагүй амь насанд халтай тархалт болжээ. Үүний зэрэгцээ, ажилгүй иргэдийн тоо урьд хожид байгаагүй хэмжээнд хүрчээ. 2009 оны эхээр НҮБ-ын Хүмүүнлэгийн хэргийг зохицуулах алба ажилгүйдлийн түвшин 94 хувьд хүрснийг зарлажээ.
Зимбабвэ улсын эдийн засгийн болон улс төрийн олон инстүүцүүдийн уг үндэс Сахаараас доошхи Африкийн олон орны адилаар колоничлолын үеэс тавигджээ. 1890 онд Сесиль Родсын Британий Өмнөд Африкийн Компани тухайн үед Матабелеландад байрлаж байсан Ндебелийн хаант улс болон Машоналанд руу цэргийн экспедиц илгээв. Тэд орчин үеийн хүчирхэг зэвсэглэлээрээ Африкийн зүгээс үзүүлэх эсэргүүцлийг няцааж, 1901 онд одоогийн Зимбабвэ улсын нутагт Родсын нэрээр нэрлэсэн Өмнөд Родезиягийн колонийг байгуулжээ. Одоо энэ нутаг Британий Өмнөд Африкийн компаний хувийн эзэмшлийн нутаг болсон ба Родс эндээс үнэт метал олборлож, их хэмжээний ашиг олно хэмээн төлөвлөж байв. Гэвч газрын гүнээс баялаг олборлох санаа нь бүтэлгүйтсэн ч удалгүй үржил шимтэй тариалангийн талбай цагаан арьст цагаачдын сонирхлыг татах болжээ. Эдгээр суурьшигчид төд удалгүй хамаг л үржил шимтэй газрыг хяналтандаа оруулав. 1923 он гэхэд тэд өөрсдийгөө Британий Өмнөд Африкийн компаний харъяаллаас чөлөөлж, Британий засгийн газрыг тэдэнд өөрсдөө засаглах эрх олгохыг ятгаж чаджээ. Харин үүний дараа хэрхсэн нь арваад жилийн өмнө Өмнөд Африкт өрнөсөнтэй адил байв. 1913 онд Уугуул иргэдийн газрын тухай актаар Өмнөд Африкт хоёр секторт эдийн засгийг байгуулав. Родезия Өмнөд Африкийн загвараар тэдний хуулиас ялгагдахгүй шахам хуулиудыг баталж, 1923 оноос зөвхөн цагаан арьстнуудаас бүрдэх апартейд улс болсон байлаа.
1950-аад он болон 1960-аад оны эхээр Европын колоний эзэн гүрнүүд задарч эхлэхэд, Родезиягийн хүн амын дөнгөж 5 хувийг бүрдүүлж байсан Ян Смитээр толгойлуулсан цагаан арьст элитүүд 1965 онд Британиас тусгаар тогтнов. Цөөн орны засгийн газраас Родезиягийн тугаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд НҮБ-аас тэдэнд эдийн засаг болон улс төрийн хориг тавьжээ. Хар арьст иргэд Мозамбик, Замби зэрэг хөрш орнуудын дэмжлэгтэйгээр партизаны дайн дэгдээв. Олон улсын зүгээс үзүүлэх шахалт, мөн Мугабегийн тэргүүлдэг Зимбабвэгийн Африкийн Үндэсний Холбоо (ZANU) болон Зимбабвэгийн Африкийн Ард түмний Холбоо (ZAPU) гэсэн хоёр гол бүлгийн үүсгэсэн Жошуа Нкомогийн толгойлсон бослого эцэстээ цагаан арьстнуудын дэглэм эцэс болоход хүргэв. Ийнхүү 1980 онд Зимбабвэ улс байгуулагджээ.
Тусгаар тогтнолоо олсноос төд удалгүй Мугабе хяналтаа тогтоожээ. Тэр өрсөлдөгч нараа зайлуулахыг нь зайлуулж, өөртөө элсүүлэхийг нь элсүүлэв. Хамгийн аймшигт хүчирхийлэл нь 1980-аад оны эхээр ZAPU-ийн гол дэмжигч хүчин төвлөрдөг Матабелеландын хорин мянга гаруй энгийн иргэдийг хороосон явдал байлаа. 1987 он гэхэд ZAPU, ZANU хоёр нэгдэн ZANU-PF холбоо байгуулагдаж, Жошуа Нкомог улс төрөөс шахан гаргасан байв. Мугабе тусгаар тогтнолын хэлэлцээрийн хүрээнд үндсэн хуулийг шинэчлэн бичиж, өөрийгөө ерөнхийлөгчөөр томилсон (тэр ерөнхий сайдын албанаас анх карьераа эхэлжээ) бөгөөд мөн л тус хэлэлцээрт тохирсноор цагаан арьстнууд сонгуульд өрсөлдөх явдлыг үгүй хийв. Эцэст нь 1990 онд Сенатыг бүрэн зайлуулж, хууль тогтоох байгууллагын гишүүдийг өөрөө нэрлэн томилдог болжээ. Үүний дүнд Мугабегаар толгойлуулсан жинхэнэ ганц намын засаглал тогтжээ.
Тусгаар тогтнолоо олмогц, Мугабе цагаан арьстнуудын бий болгосон зүй бус эдийн засгийн инстүүцийн загварыг хадгалж үлджээ. Үүнд үнийн бодлого, олон улсын худалдаа, төрийн өмчийн оролцоот үйлдвэрүүдийн хяналтыг өөртөө авч, хөдөө аж ахуйн худалдааны зөвлөлийг ч хэвээр үлдээсэн байна. ZANU-PF холбооны дэмжигчдээр төрийн албан хаагчдын тоог огцом нэмэгдүүлэв. Африкийн бизнес эрхлэгчдийн бие даасан анги давхарга гарч, тэдний улс төрийн байр суурьт нөлөөлөхөөс сэргийлсэн эдийн засгийн асуудлаар баримтлах төрийн бодлого тус холбооны гишүүдэд нийцэж байв. Энэ бол бидний II бүлэгт өгүүлсэн 1960-аад оны Гана улсын нөхцөл байдалтай нилээд төстэй байгаа юм. Хачирхалтай нь тэд цагаан арьстнуудыг бизнесийн чухал анги давхаргад хэвээр үлдээжээ. Энэ үед цагаан арьстнуудын эдийн засгийн хүч, тодруулбал өндөр ашигтай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг зохицуулалтгүй орхисон байв. Гэхдээ энэ бүхэн зөвхөн Мугабег нэр хүндээ алдах хүртэл л үргэлжилжээ.
Зах зээлд хөндлөнгөөс оролцох төрийн зохицуулалт аажмаар тогтворгүй байдлыг даамжруулсан бөгөөд санхүүгийн хүндхэн хямралтай тулгарсны дараа буюу 1991 оноос Дэлхийн банк болон Олон улсын валютын сангийн дэмжлэгтэйгээр инстүүцийн өөрчлөлт хийж эхэлжээ. Эдийн засгийн таагүй үзүүлэлтээд эцэстээ ZANU-PF холбооны нэг намын засаглалыг эсэргүүцсэн улс төрийн хүчнүүд гарч ирэхэд нөлөөлж, Ардчилсан өөрчлөлтийн хөдөлгөөн өрнөж эхлэв. 1995 оны парламентын сонгуулийг өрсөлдөөнтэй, шударга сонгууль болсон гэж үзэх аргагүй. Учир нь ZANU-PF сонгогчдын 81 хувийн саналаар, 120 суудлын 118-ыг нь авчээ. Эдгээр парламентын гишүүдийн 55 нь угтаа ямар ч өрсөлдөгчгүйгээр сонгуульд ялсан байжээ. Дараа жил нь болсон ерөнхийлөгчийн сонгууль тэгш бус байдал, луйвар хэр газар авсныг тод томруун харуулсан сонгууль болсон байна. Мугабе сонгуульд 93 хувийн саналаар ялалт байгуулсан бол түүний хоёр өрсөлдөгч Абел Музорева болон Ндабанинги Ситол нар сонгууль болохын өмнө төрийн зүгээс үзүүлэх дарамт шахалт болон луйврын улмаас нэрээ татацгаасан байжээ.
2000 оноос хэдий авлигаар асуудлаа шийдэж байсан ч ZANU-PF-ийн засаглал суларч эхэлсэн байлаа. Тэд нийт олонхийн дөнгөж 49 хувийн саналыг авч, 63 суудалтай хоцорчээ. Нийслэл Хараре хотод бүх суудлыг авсан Ардчилсан өөрчлөлтийн хөдөлгөөн тэдний хүчтэй өрсөлдөгч болж байв. 2002 оны ерөнхийлөгчийн сонгуульд Мугабе хамаг хүчээ шавхан байж 56 хувийн санал авч чаджээ. Энэ хоёр сонгуульд ZANU-PF хүчирхийлэл, сүрдүүлгээр түрий барьж, сонгуулийн луйвар хийн дээрх үр дүнд хүрсэн байв.
Мугабе улс төрийн нөлөөгөө алдсаныхаа хариу арга хэмжээ болгож хавчлага шахалтыг эрчимжүүлж, төрийн бодлогыг өөртөө дэмжлэг авах хэрэгсэл болгон ашиглах болов. Тэр цагаан арьст газар эзэмшигчдийн эрх, өмчид халдах явдлыг гааруулав. 2000 оноос эхлэн газрыг хураан авах, төрийн өмчид шилжүүлэх ажлыг дэмжих бодлого хэрэгжүүлсэн юм. Энэ ажиллагаагаа гол төлөв тусгаар тогтнолын төлөөх дайнд тулалдаж байсан цэргүүдээс бүрдэх ахмад дайчдын холбоогоор дамжуулан явуулжээ. Хураан авсан зарим газрыг тус холбоонд өгсөн бол, үлдсэн хэсгийг бүгдийг ZANU-PF-ийн гишүүдэд хуваан олгожээ. Мугабе болон түүний тэргүүлэгч ZANU-PF холбоо өмчийн эрхийг ийн ямар ч баталгаагүй болгосон нь газар тариалангийн бүтээмж, үйлдвэрлэлийг сүйрүүлэхэд хүргэв. Эдийн засаг ганхаж эхэлснээр, улс төрийн дэмжлэг авах авлигын мөнгийг хэвлэхээс өөр гарц үлдсэнгүй. Үүний уршгаар инфляци маш их хэмжээгээр нэмэгдэв. 2009 оны 1 дүгээр сард Өмнөд Африкийн ранд гэх мэт бусад улсын мөнгөн тэмдэгт ашиглахыг хуульчилж, Зимбабвэ доллар эргэлтээс гарч, үнэ цэнэгүй зүгээр цаас болж хувирчээ.
1980 оноос хойш Зимбабвэд өрнөсөн бүхэн Сахаараас доошхи Африкийн орнууд тусгаар тогтнолоо олсны дараа хэрхсэнтэй адил байна. Зимбабвэ 1980 онд тусгаар тогтнолоо олох үед туйлын зүй бус бүтэцтэй улс төрийн болон эдийн засгийн инстүүцийг “залгамжлан авчээ”. Эхний 15 жилд инстүүцийг өөрчлөх ямар ч алхам хийгээгүй юм. Сонгууль явуулна гэдэг улс төрийн инстүүц тодорхой хэмжээнд жам ёсны бүтэцтэй байгааг илтгэдэг. Хар арьст иргэдийг ил тодоор ялгаварлан гадуурхахаа больж эдийн засгийн инстүүцэд заримт талаар дэвшил гарсан гэж хэлж болно. Гэвч инстүүц бүхэлдээ зүй бус бүтэцтэй хэвээр байсан юм. Урьд нь Ян Смит тэргүүтэй цагаан арьстнууд мөлжлөг явуулж байсан бол одоо Роберт Мугабе болон ZANU-PF-ийн элитүүд тэдний орыг залгасан нь ганц ялгаа нь болж байна. Цаг өнгөрөх тусам инстүүцүүд улам зүй бус бүтэцтэй болж, Зимбабвэ улсын орлого буурсаар байв. Зимбабвэд бий болсон эдийн засгийн болон улс төрийн сүйрэл бол олигархийн төмөр хуулийн бас нэг тод илрэл юм. Гэхдээ энэ тохиолдолд Ян Смитийн мөлжсөн, хавчин гадуурхсан дэглэмийг Роберт Мугабегийн мөлжсөн, хавчин гадуурхсан, бас авлигад автсан дэглэм залгамжилжээ. Мугабе 2000 онд булхайтай хонжворт сугалааны ялагч болсон явдал бол авлигын мөсөн уулын дөнгөж орой нь.
Өнөөдөр улс орнууд уруудан доройтож байгаагийн шалтгаан нь зүй бус эдийн засгийн инстүүцүүд ард иргэдийг хуримтлал үүсгэх, хөрөнгө оруулах болон шинийг санаачлахад шаардлагатай урамшууллыг бий болгодоггүйд байна. Зүй бус улс төрийн инстүүцүүд мөлжлөгөөс ашиг хонжоо ологч – эрх баригчдын эрх мэдлийг бэхжүүлэх замаар эдийн засгийн инстүүцэд дэмжлэг үзүүлдэг. Зүй бус эдийн засгийн болон улс төрийн инстүүцүүд хэдийгээр нөхцөл байдлаас хамаарч бүтцийн хувьд үл ялиг өөр байх ч – ямагт улс орныг уруудан доройтох үндэс болж байдаг юм. Аргентин, Колумби, Египет гэх мэт олон орны жишээнээс үзэхэд улс төрчид өөрсдөд нь аюул учруулах эдийн засгийн хараат бус ажиллагааны аливаа хэлбэрийг хаан боогдуулж, нөөц баялгийг дангаар мөлжих сонирхолтой байдгаас эдийн засаг зогсонги байдалд ордог. Зарим ноцтой тохиолдол, тухайлбал Зимбабвэ болон Сьерра-Леоны хувьд, зүй бус инстүүцүүд хууль дээдлэх зарчмыг үгүй хийгээд зогсохгүй эдийн засгийн нэн чухал хөшүүргүүдийг устгаж улс орныг бүрэн сүйрэхэд хүргэдэг. Үүний дүнд эдийн засаг зогсонги байдал ордгийг Ангола, Камерон, Чад, Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс, Гайти, Либери, Балба, Сьерра-Леон, Судан, Зимбабвэ зэрэг улсын жишээ тодорхой харж болох бөгөөд эдгээр оронд өрнөсөн иргэний дайн, ард иргэд олноороо дайжих шилжилт хөдөлгөөн, өлсгөлөн, халдварт өвчний тархалт тэднийг 1960-аад онд байснаас нь ч илүү ядуу буурай болгожээ.
НЭПКО хэвлэлийн газар
power
хххх
Болор
Зочин
Батаа
монгол бол өрөөсөн дугуй нь
Зочин
Зочин
irgen