Ардчилалын аранзал туг Элбэгээ
Хамгийн хэцүү зүйл түүний тухай бичих юм байна. Хамгийн нээлттэй, хамгийн ил амьдарсан түүнийг хамгаас илүү мэддэг юм шиг атлаа яг барьж аваад “зуръя” гэхэд бийрээ хэмлэн ингэтэл эргэцэж байгаагаа гайхаж сууна
Сэтгүүлчийн хувьд сэтгүүл зүйн хүрээнээс төрсөн энэ том хүний хөргийг бичих нэр төрийн хэрэг. Чингэвч төрийн зүтгэлтнүүд дотроос амьддаа алдар суугаа бүтээсэн түүн шиг домогт хүнийг нэгэн дор, нэгэн амьсгаагаар бичих гэж оролдох нь хэтэрхий гэнэн явдал.
Учир нь тэр цахилсан адуу шиг, цохилсон зүрх шиг Цахиагийн Элбэгдорж шүү дээ.
АРДЧИЛЛЫН ХОНХ
Талын монгол оронд ардчиллын цас бударсан тэр өвлөөс хойш хориод жил өнгөрчээ. Тэгэхэд би 18 тай байлаа. Үнэгэн лоовуузтай Элбэгээ үгээ хэлсэн өвөл шүү дээ.
Тархины минь бичлэгэнд тодоос тод хадгалагдан үлдсэн түүний жирийн биш жигүүрт үгс. Урьд өмнө хэзээ ч, хэнээс ч сонсч байгаагүй ид шидийн гэмээр илбэт үгс.
Санаандаа үлдсэн тэрхүү сонин содон, басхүү сэтгэл зүрхийг соронзон мэт татсан мэдэгдлүүдийг нэхэн санахад тэр чигээрээ шинэ монголын түүх нүдний өмнө жирэлзэн урсах шиг болдог. Тэрхүү түүхэн үе олон хүнийг дагуулж ирсэн ч Элбэгдорж тэдний дундаас туг мэт дэрвэж, гал мэт дүрэлзэн ялгарсан юм. Хурц саруул үгсээрээ хотлыг сэрээх үүргийг тэрэн шиг гүйцэтгэж байсан нь үгүй.
…Сайн цагийн түрүү ирж байна. Хүн бүр хүний бодлоор, хүний албадлагаар биш өөрийнхөөрөө амьдрах цаг ирж явна. Их түүхийн ээдрээт нугачаанд олдсон энэ үүлэн чөлөөний нар шиг алтан хормыг алдах эрх та бидэнд байхгүй. Энэ хормыг түүх та бидэнд өгчээ…Тэрний амнаас унасан үгсээс надад хамгийн анх цээжлэгдсэн нь энэ. Өөрийнхөөрөө амьдрах цаг ирж явна гэсэн үг хичнээн сонин сонсогдож байсан гэж санана. Өнөөдрийн 18-тай хүүхдэд ийм үг торж тогтох ч үгүй биз. Гэвч бид ийм л нийгэмд төрж өссөн шүү дээ.
…Ардын төр, ард түмний эрх чөлөө хаана байна вэ…
…Дарангуйлагчийн хийсэн алдааг дарангуйлагч өөрөө биш ард түмэн төлдөг юм…Аймаар ч юм шиг. Радиогоор явдаг “хүсэлтийн хариу”нэвтрүүлгээс шинэ дуу бичиж авсан шиг гэгэлзэж явсан утга учир муутай арван наймхан нас минь гэнэт ийм үг сонсоод үнэхээр гайхан цочирдож хүлээж авсан юм. Айх, гайхах зэрэгцэн ойлгож ядаж байсан ч улам л Улаанбаатар тийш чих тавьдаг болж билээ.
“Ямар нэгэн гайхалтай юм болох гээд байх шиг. Оюутан болсон бол тэнд байж, юу болж байгааг нүдээрээ харахгүй юу. Ёстой азгүй юм аа” гэсэн өрөвдмөөр өгүүлбэрүүдийг өдрийн тэмдэглэлдээ бичин үлдээснээ эргэн уншихаар нэг зүйл их тод буудаг.Тэр нь Ц.Элбэгдорж энэхүү цангинасан мэдэгдлүүдээрээ монголын залуу насыг хот хөдөөгүй буцалгаж орхисон явдал юм.
…Малчин монголчууд шөлний хонины өргөдлөөр нэгдэлд уяатай байх ёсгүй. Малыг малчдад…Амины мал өсч, малчид маань малжиж, мартагдсан өвөлжөө бууц өнгөө олж, сарнисан саахалт сэргэж, холдсон хот айл ойртох цагийг та бид үзнэ…Тийм ээ. Энэ үгсийг Элбэгдорж анх хэлсэн. Удалгүй нэгдэл, нэгдлийн дарга хоёр төлөгний цохолттойгоо хамт дурсамж болон хувирсан юм. Ой санамжийн хальс ийнхүү хөврөнө. Нэгдлийн мал даган хамжлага шиг явж ирсэн малчдад малыг нь хувьчилж, малчин түмний хийморийг мандуулж өгсөн энэхүү гавъяаг эдүгээн саятан малчид мартсан ч байж мэдэх юм.
…Мал эзэндээ очсоноор монгол орон өнгө зүсээ засч байна…Төд удалгүй тэр ийн мэдэгдэж байлаа. Одооны мянгат малчдын хүүхдүүд ойлгох ч үгүй байж мэдэх хачин сонин амьдрал. Гэвч ийм үе байсан.
…Монгол улсын хэлбэр төдий байсан тусгаар тогтнол сэргэж байна…
…Монголын Төр ард түмнээсээ уучлалт гуйсныг, уучлал гуйж байгааг уламжилж, хэлмэгдэгсдийн дурсгалыг толгой мэхийн хүндэтгэж байна. Энэ бол монголын төр, ард түмэн, хойч үе та бид хэлмэгдэгсдийг зөвхөн хэлмэгдэгсэд байсан бус, улс Монголынхоо төлөө жинхэнэ тэмцэгчид байсныг хүлээн зөвшөөрч байгаагийн илэрхийлэл юм…
…Орон сууцыг нь иргэддээ үнэгүй хувьчилна…Ардчиллын хонх ийнхүү хотыг, улсыг минь сэрээн цангинаж байлаа. Талын монголыг гүн нойрноос сэрээн дуурсаж байлаа.
…Ирээдүй өнөөдрөөс эхэлж байна, залуус аа. Аль ч үед залуучууд ирж яваа цагийн элч төлөөлөгчид байсан юм…
…Монгол улс ардчиллыг зөвхөн хэлбэрийн хувьд хуулсан орон бус, агуулга тогтолцооных нь хувьд хэрэгжүүлж чадсан орон болох ёстой…
Түүхийн давалгаа нүдний өмнө жирэлзэнэ. Он оноор ондоо болон хувьсаж байсан монгол орны амьдрал уншигдах шиг. Цахиагийн Элбэгдорж ийнхүү монгол орныг тахиан дуу шиг сэрээж явсан юм. Тэр бол цангинан, дуурсан цуурайтсан ардчиллын хонх билээ.
Энэ мөчөөс хойш улс эх орноо, ард түмнээ сэрээх сэрүүлэг, жингэнэх хонх, хангинах дуу нь болж ирсэн энэ түүхэн хүний амнаас унасан, индрээс нисгэсэн үг болгоныг эх орон нь элгээн даран сонсдог болсон юм.
Элбэгээ яахав дээ ам фигур, уран жиргэгч, хоосон чалчигч гэж зарим өрсөлдөгчид нь түүнийг үгүйсгэдэг. Гэхдээ хуучин монгол нэн шинэ монгол болж, нэгдэлд зүтгэж нэхий дээлтэй дагжиж явсан малчид мянгат малчид болцгоосон нь баримт. Дарга нар, даргын хүүхдүүдэд л байдаг байсан гадаад паспортыг ардчиллынхан ардууддаа авч өгсөн нь баримт. Орон сууцыг иргэддээ үнэгүй хувьчилсан нь баримт. Баримтыг барьж үзэхээс айдаг улс харин байдаг байж мэдэх юм. Нэг талаар ардчилсан нийгэм ард түмнээ мартамхай,танхил болгодог ч байж мэдэх юм.
Ц.Элбэгдорж сэрээгчийн үүргээ өнөөдөр ч гүйцэтгэсээр яваа. Үүний хамгийн тод жишээ шинэ оны өглөө ард түмэндээ хандаж хэлсэн түүний үг юм. Мэдэгдэл нь цацагдаж байхдаа л монголыг бүхэлд нь өөртэйгөө хамт дүрэлзүүлчихдэг ийм лидер өөр байхгүй.
Догдлол, хүсэл тэмүүлэл, дотоод шаталтаар дүүрэн түүний мэдэгдэл монголын нийгмийг араасаа хуйлруулан дагуулдаг юм.
Хаана ч явсан Элбэгээгийн цоглог дуу хоолой, татах хүчээр дүүрэн хүчирхэг ярианд нь ард түмэн чихээ наачихдаг. Тэр ингэж олны сэтгэлд оршдог билээ.
АРАНЗАЛ ТУГ
Машинист,засварчин хүртэл хийж явсан энэ хүн манай улсын Ерөнхий сайдаар хоёр ч удаа ажиллаж байсан гэхээр бахархмаар байгаа биз. Жирийн нэг малчин айлын найман хүүгийн отгон нь болж энэ хорвоод ирсэн нь ч сонин санагддаг. Жаргалын найман морь шиг Цахиа гуайн хөвгүүдээс хамгийн содон, хамгийн сод хүү нь Элбэгдорж биз. “Эрдэнэт” үйлдвэрт засварчин, машинист, ардын армид байлдагч, Эвлэлийн үүрийн дарга явсан Элбэгээ Армиас ЗХУ-ын Львов хотын ЦУТДС-д явж суралцан цэргийн сэтгүүлч мэргэжлийг эзэмшсэн юм. Хойноос ирсэн шинэхэн сэхээтэн “Улаан од” сонинд сурвалжлагч болж байлаа. Тэр бас “Ардчилал” сонины эрхлэгч байсан. АИХ-ын депутат, УБХ-ын гишүүн, УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга, Монгол улсын ерөнхий сайд, намын дарга, ахиад ерөнхий сайд гээд тэр хүний намтар шиг эрчилсэн буцалсан, давалгаалсан амьдрал байхгүй.
Ямартаа ч Америкийн нэгэн муж даяар Монголын ардчиллын алтан хараацай Ц.Элбэгдоржийн өдрийг тэмдэглэж байхав. Америкт өөрийн өдрийг тэмдэглүүлсэн анхны монгол хүн бол тэр юм. 1994 оны долдугаар сарын 08-ны өдрийг АНУ-ын Дакота муж улс даяар энэ хүний өдөр болгон тэмдэглэсэн нь түүний намтарт байдаг олон сонин баримтуудын нэг болон үлдсэн. АНУ-д алдарт Харвардын их сургуулийг дүүргэн ирснээсээ хойш тэрбээр ахин монгол улсын ерөнхий сайдаар ажилласан юм. Түүн шиг хоёр удаа ерөнхий сайдын албыг хашсан лидер байхгүй. Гагцхүү аранзал туг шиг дэрвэж, алтан соёмбо шиг асч явах Элбэгээгийн тавилан л ийм байж чадах биз.
АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш ирэхдээ түүнд онцгой дотны хүндэтгэл үзүүлсэн нь түүний өрсөлдөгчдийг шээс алдуулах шиг болж билээ. Ерөөс монголын улс төрд түүн шиг олон “дайсан”-тай, түүн шиг олон фентэй лидер байхгүй ч юм шиг. Тэр галын шугамны ард биш дотор нь дүрэлзэж явдаг хүн учраас энэ биз. Тэр төрийн албыг хөшигний ард биш хөшгийг нь хуу ярж, хаалга цонхыг нь дэлгэж байгаад хашдаг онцгой нэгэн. Түүнийг ирэхээр монголд эрх чөлөө тавирах шиг болж, чөлөөт хэвлэл халуун тэвэрт орох шиг болдог нь үнэн.
АМЬДДАА БҮТЭЭСЭН АЛДАР СУУ
Ихэнхи зүтгэлтэнд алдар суу нь хожим оногддог. Харин Элбэгээ амьддаа алдар суугаа бүтээсэн. Ноднин жилийн наадмаар түүнийг осолд орсон тухай мэдээ түгэхэд монгол орон тэр чигтээ санаа сэтгэлийн үймрэлд орсон. Гэмтлийн эмнэлгийн хашаанд траншейныхнаас өгсүүлээд таксины жолооч нь хүртэл гүйн ирж байлаа. Энгийн олон түмэн, төрийн түшээд, хүүхэд хөгшидгүй пиг дүүрч Элбэгээг минь аварч өгөөч гэж бурхан тэнгэрээс гуйж байхыг хараад бишрэх сэтгэл өөрийн эрхгүй төрж байсан. Ард түмэн Элбэгээд хайртай болохыг, Ард түмэн Элбэгээг ардчиллын сүмбэр оргил гэж үздэгийг тэгж бид мэдэрсэн.
Дэлхийн өнцөг булан бүрээс түүнд эрүүл энхийг хүссэн цахиалгаан ирж байв. Энэ бол домог юм. Ийм домгийг түүнээс өөр хэн ч бүтээж чадахгүй.
Ц.Элбэгдоржоос монгол хүний төрөлхийн хурц зөн билэг үнэртэж байдаг. Тэрний хэлсэн болгон биелдэг. Тавуулаа байна. Эргэж ирэхдээ бид тавиулаа болж ирнээ гээд чуулганы танхимаас гарч байсан Элбэгээ тавиулаа ирж байсан. Хэлэх үг нь хэнгэрэг цан шиг авилгачдыг дагжуулж байдаг болохоор түүнийг энэ төрөөс холхон байлгахыг хүсэгчид цөөнгүй байдаг. Яагаад ч юм хувийн гэх амьдралыг нь сонирхох шаардлагагүй хүн энэ төрд тэрнээс өөр байхгүй юм шиг надад санагддаг. Чин үнэндээ бид түүнийг эх орны хүн байхыг нь л харж заншсан. Эгэл хүний ертөнцийг нь нэг маань ч сонирхож байгаагүй. Уг нь тэр чинь, Та дурламтгай юу гэсэн асуултад Тийм байх гэж хариулж чадсан, Хадам ээж гэж хэн бэ гэхэд Манай хүүхдийн эмээ гэж инээмсэглэсэн, Та хөшөө болохыг хүсдэг үү гэсэн тэнэг асуултад Би өвөө болохыг хүсдэг гэж хариулсан урам зориггүй үедээ цонхоор ширтдэг, улирал солигдохыг үзэх нь амьдралын агуу сайхан агшин гэж шүүрс алддаг энгийн сайхан эр хүн юм шүү дээ.
Гэхдээ л хувь хүнийхээ хувьд хэн болох нь бараг харагддаггүй ч байж мэдэх энэ хүн дээр хувь хүн гэх ойлголт ямар ч сонирхолгүй санагддаг юм. Яагаад гэвэл түүнийг бид манай Элбэгээ л гэдэг. Дэлхий бол харин Монголын Элбэгээ гэдэг. Ийм утганд шилжиж авч үзэгдэх нь хэн билээ, хэд ч билээ дээ, тээ…
Ajaa taij
зочин
South Korea