-          Дипломат албаны 100 жилийн ойд зориулсан дурсамж

 

Нью Дели дэх аж амьдралынхаа сониноос энд бас сонирхуулах нь зүйтэй. Намайг очиход Т.Чимэддорж гуай үүрэгт ажлаа өгөөд буцахаар гэл бүлээ явуулчихсан ганцаараа угтсан юм. Мөн II нарийн бичгийн дарга Г.Ганболд, аж ахуйн эрхлэгч Ч.Санжаасүрэн нар гэр бүлээрээ халуун дотно угтав. Чимэддорж сайд маань надтай 20 хоног ажиллав уу, тэгээд бүр мөсөн буцаж, би хэргийг түр хамаарч лав 2 сар гаран болсон юм. Манайх ЭСЯ-ны төв байранд Ганболдынх доод давхарт, манайх дээд давхарт нь, миний контор зэргэлдээ, манай тэр байр 1960-аад онд баригдсан бололтой, хотын төвд, Гольфын талбайн (би өөрөө Делийн гольф клубын гишүүн байв) хажууд тул "Golf Links – 34" гэсэн албан бус хаягтай, Киприйн Ерөнхийлөгч асан хамба ламын нэрэмжит гудамж болгоод "34, Archbishop Macarios Marg" гэх болсон боловч тэр бүр хүн мэддэгүй, харин Элчин сайдын өргөө нь Greater Kailash гэх алслагдсан газар, такси баазтай хөршлөн оршдог, хэлтэй амтай нэг байр байлаа. 1970-аад онд юм уу даа, манайхан тэр байрыг нэг хөгшин авгайгаас худалдаж авчээ. Тэгээд зарсан, авсан тухайгаа хуулийн байгууллагад бүртгүүлээгүй зүгээр л цаасан дээр гэрээ байгуулчихаж. Нөгөө хөгшин тэгсгээд өнгөрчихсөн хойно хөвгүүд нь хэл ам хийгээд манайхныг шүүхэд өгөөд, асуудал нь шүүх дээр 20-иод жил болчихсон, манайхан өмгөөлөгч авч өмгөөлүүлэх санаатай хөөцөлдөөд нөгөө нөхөртөө өмгөөллийн хөлс төлөөгүй бас 10-аад жил болчихсон, намайг очиход л ийм хэрүүл угтсан, буцахад мөн л тэр чигтээ үлдсэн. Ер нь ЭСЯ-ны байр байршлыг будлиантуулсан, өрөнд оруулсан, чанар түвшинг нь дордуулсан өмнөх үеийн ахмад дипломатчдыг хааяа би зүхдэг юм. Шүүхийн хаалга татсан явдал Нью Дели дэх ЭСЯ-аар зогсохгүй. Xэтэрхий өндөр цалин аваад байна хасаад алиач гэж төвдөө хүсэлт тавиад цалингаа хасуулсан тохиолдол Нью Делигээс гарсан тухай сураг дуулддаг. Тэнэгийн жишээ болгон одоо манайхан нэр усгүй ярьдаг л юм.

 

Би Энэтхэгт яг 2 жил 10 сар 14 хоног ажилласан юм байна лээ.  Намар очоод зун нутаг буцсан юм. Гэр орон маань тэр нутагт нэн ихээр дассан даа. Эргэж хургасаар л буцаж байлаа. Ууган хүү, охин хоёр маань тэнд англи хэлэнд нэвтэрч, боловсролоороо шат ахисан, отгон хүү маань тэнд мэндлэхээ шахсан. Түүнийг нь бэлгэшээж би хүүдээ санскрит нэр өгсөн юм. Том маань Химачал Прадеш мужийн Газиабад гэдэг жижиг  хотод бүрэн дунд сургуульд суралцаад хэлний дөртэй болмогцоо Делийн их сургуулийн англи хэлний 1-р курсэд сураад Махараштра мужийн Пүүнэ хотод их сургуулийн цахимын анги руу шилжсэн. Одоо түүний толгойлсон компани нь аутсорсингоор Монголдоо гайгүй үнэлэгдэж яваа нь  энэтхэгийн суурь боловсролынх нь ач тус юм. Тэрээр Газиабадын сурагч байхдаа шахуу Энэтхэг дэх монгол оюутны вэб хуудсыг хийчэхиж билээ. Охиныг маань хүлээн авах тансаг  сургууль олдохгүй нэг хэсэг шаналж яваад гэрийн ойрыг бодож бид Сардар Пателын нэрэмжит бүрэн дунд сургуульд бор зүрхээр нь зүтгүүлж билээ. Нялх гэлгүй, шантралгүй сурсан даа. Хэл мэдэхгүй, шал танихгүй хүүхдүүдийн дунд шууд оруулчихна гэдэг бяцхан зүрхэнд нь том ачаа болоо байлгүй. Тэр хэрээрээ манай хоёр том бол гадаадад, харийнхантай дасан зохицох чадварт гайгүй суралцсан юм. Нээрээ, мартсанаас манайх чинь Нью Делид хар бор ажил гэдгийг мэдэхгүй өнгөрсөн юм байна. Хилийн чанадад суугаа Монгол Улсын ДТГ-уудын дотроос зарц зарцалдаг цорын ганц ЭСЯ нь тэнд байдаг юм. Энэтхэгт хараар орж ирээд суурьшчихсан балба айл хэд хэдээрээ манай ЭСЯ-нд толгой хорогддог юм. Жолооч Бахадур (Баатар  буюу хуучин монголоор Багатур), үйлчлэгч жижүүр Лила Дэви, Сима, харуул хашаач  Бадам, Таба, Наран, Паркааш гээд 6-7 айл манай хаяанд толгой хоргодож манайхаас цалинжиж байв. Тэр утгаар манай жолоочийн аж ахуйн эрхлэгчийн албан тушаал нь жинхэнээрээ хэрэгждэг ба манай улсаас хилийн чанадад суугаа ДТГ-уудын дотор аж ахуйн даргын албан тушаал дээрээ яг ажилладаг нь Нью Дели дэх жолооч болов уу. 

 

Энэтхэг орон, шинэ хуучин Делигээр аялсан тухайд бичиж барахгүй их юм надад бий. Зах зухаас нь л сонирхуулахаас биш энд бүгдийг багтаах боломжгүй. Бид анх 1999 оны хавар Пенжаб муж руу гарч өгөв өө. Сикхүүдийн өлгий нутаг. Үр тарианы өлгий нутаг, тэд айхтар хөдөлмөрч. Сикхүүд бол Энэтхэгтээ л жүүд нь. Бид мужийн нийслэл Чандигарх, сикхүүдийн Алтан сүмийн өлгий ариун дагшин – Амрицар хот, үйлдвэрийн хот Лудиана, Жаландар гээд хэд хэдэн хотоор аялав.

 

Бид 1999 оны зун чанх хойшоо Хималайн энгэрт 4000 метрийн өндөрт үүлэн дунд Нанитал гэж нэг сайхан хотод  уригдаж амарч билээ. Машин маань уул ороогоод л давхиад байх шиг байсан чинь нэг мэдэхнээ үүлэн дээр гараад иржээ. Хот тосгод тээр дор. Нанитал хэмээх үзэсгэлэнт нуурын нэрээр хотоо нэрлэчихсэн. Бод доо, 4000 метрийн өндөр Хималайн уулс дунд нуур байна гээд төсөөл дөө. Яг л үлгэрийн ертөнц. Нанитал маань дараа жил нь шинээр өрх тусгаарласан Уттаранчал мужийн нийслэл болсон юм. Бид Дели рүү буцахдаа зам зуураа Рампур хэмээх хотод зочилж, Рампурын эртний номын санд хөл тавих их хувь тохисон юм. Моголын хаадын үед тийшээ очсон болов уу, нөгөө түүхийн алдарт хөлгөн судар – "Судрын чуулган" чинь бүрэн эхээрээ перс хэл дээр тэнд хадгалагдаж байх юм аа. Тэр аугаа бүтээлд гар хүрч, долоох нь холгүй хуудсыг нь эргүүлж, адис авч, тэргүүндээ хүргэсэн тоотой хэдхэн монголын нэг нь би болсноо нэгэн насны нэгэн том бахарал минь хэмээн үздэг юм.

 

Бид ЭСЯ-аараа автобусаа хөлөлгөөд Ражастан мужийн нийслэл Жайпур хотод найз сикх гэр бүлийнхээ хүүгийн хуриманд уригдаж "Хуримын генерал" ч болж үзлээ.  "Хуримын генерал" гэснээс олон ч удаа тийм дүрд тоглох хувь тохиосон доо. Энэтхэгийн сэхээтнүүд гайгүй сайн англи хэлтэй, гадаадынхантай нөхөрлөхдөө гаргуун, ялангуяа гадаадын олон дипломатчтай найз болж харагдан нөгөө талын худууддаа сүрийг үзүүлэх, мөчөөрхөх нэгэн арга бачтай. Энэ дүрд нь мэдээж америк, япон, герман, барууны дипломатчид тоож тоглохгүй, хөөрхий монгол, вьетнам, хойд солонгос, лаос, камбож, төв азийнхан, заримдаа дорнод европынхон, хааяа африкийн дипломатчид ихэвчлэн уригдаж найрын ширээний хойморт заларна. Биднийг нийлүүлээд үзэхээр 20 гаруй улсын Элчин сайд тугтай машинтайгаа яваад оччихсон, орон нутгаас цагдаа дайчлаад хамгаалалт гаргачихсан, ингээд л цаад худуудад нь сэтгэхүйн том цохилт болдог бололтой. Манайхан найрлах болохоороо ах дүүсээ цуглуулаад архи дарсанд живүүлдэг бол энэтхэгт уригдах ихэс дээдэс, гадаадын дипломатчдын тоогоороо өрсөлдөн мөчөөрхдөг. Үр дүн нь тодорхой. Хүргэн буюу бэр болж буй үр хүүхэд нь цаад хадмындаа маш том оноотой очиж байгаа байхгүй юу.          

 

Бид 2001 онд автобусаа хөлөлгөөд Мумбай хот орж, Өргөмжит консулаараа зочлуулаад хэд хоног төрийн зочны хэмжээнд тансаглаад буцахдаа Пүүнэ хот, Мадья Прадеш мужийн нийслэл Бхопал хотноо саатан зочлууллаа. Бхопал нь “Бхопал” хэмээх нуурын эрэг дээрхи түүхэн хот, нуураар нь аяллаа. Тэрүүхэн хавьд "Нуур ус-Сабах" хэмээх толгой бий. “Нуур ус” гэж монгол нэрээр нэрлэгдсэн нуур шүү дээ. Моголын хаад тэнд нийслэлээ түр хийж байхдаа тийм нэр хайрлачихсан юм гэнэ лээ. Бид автобусаа хөлөлгөөд бүр Пакистан хүртэл оров  оо. Энэтхэгийн Пенжаб, Пакистаны Пенжабаар нэвт хурдны замаар давхиад нийслэл Исламабад орж 4 хонов. Хүн ам нь 150 саяас хол давсан гэхэд нийслэл нь манай Улаанбаатараас хамаагүй жижигхэн, адилхан л уулсын дунд тогоонд байх авч дэндүү цэвэрхэн, агаар нь цэнгэг,  манай Зайсан толгой шиг нэг өндөр уулын орой дээрээс харахад хот нь тэр чигтээ алган дээр, Равал нуур гэж нэг хиймэл нуураа тойроод тэр чигтээ цэцэрлэгт хүрээлэн. Ер нь курорт хот юм уу гэж би бодсон шүү. Саудын Арабын хаан Файсалын нэрэмжит сүрлэг тансаг мечетэд бид зочилсон. Тэр бол уран барилгын гайхамшигт дурсгал юм билээ. Бид бас афганы дүрвэгсэд, талибуудын орогнодог Равалпинди хотоор хөндлөн гулд зугаалж явлаа. Пенжабын нийслэл Лахор хотоор нэвт явахдаа XVI зууны үед босгосон Лахорын цайзад (форт) түр саатаж Моголын их хаадын үеийн Жахангира ордон, сувдан мечетийг сонирхож явлаа...

 

           (Дараагийн нийтлэл – Хосни Мубаракт бараалхсан түүхт уулзалтын тухай) 

 

-о0о-