Бүх дэлхийд коммунизм ялбал хүн төрлөхтний бүхий л зөрчил нэг мөсөн арилж үүрдийн энх тайван тогтоно. Энэ бол Марксын таамаглал. Гэвч энэ онол амьдралд огт биелэх бололцоогүйг түүх харуулсан. Анхны коммунист засаглал Орост тогтсон боловч засгийн эрхийн төлөө Сталин, Троцкий нарын хооронд үхэл амьдралын тэмцэл өрнөж билээ. Троцкий Өрнөдөд гарсан хойноо IV Интернациональ байгуулж II ба III Интернационалийг гол дайснаа болгон зарласан. Бүгд адилхан коммунист үзэлтнүүд, бүгдийнх нь дээд бурхан нь Маркс. Дайны дараа коммунист Югослав, коммунист ЗХУ хоёр биенээ үзэхээ больж Тито Британийн нөмөрт орж байв. Коммунист Орос, коммунист Хятад хоёр нэг хэсэг салахын аргагүй анд байснаа удалгүй энэ хорвоод зэрэгцэн орших бололцоогүй дайсан болж билээ. Гол дайсан гэж хараагаад байдаг АНУ-ыг Москва Хятадын эсрэг холбоотон болохыг гуйж байв. Хятадууд ч ийм саналыг коммунизмын эцсийн зорилго болгон сөнөөх ёстой америкчууддаа тавьж байлаа. Ингэхээр Маркс бурхантай улаантнууд дэлхийг нэгтгэхээр мөнхийн энх тайван ирнэ гэдэг шал дэмий хий мөрөөдөл ажгуу.

    1920 оны 6-р сарын 25-нд МАН нэртэй нам байгуулагдаж тэнд хоёр өөр дугуйлангийнхан нэгдсэн. Гэвч Засгийн эрх авангуутаа хагаралдан Данзан, Сүхбаатар нар Ноёдын бүлэгтэй нэгдэн мөнөөх Ардын гэж нэрлэгдэх бүлгээ алж хядан устгаж билээ. Энэ нам байгуулагдсан цагаасаа л хагарал тэмцэл харилцан өширхлөөр баялаг намтартай. Гэндэн, Шижээ, Бадрах нарын “хөдөөний” гэх фракц нь 1928 онд оросуудын тусламжтайгаар дарга нарынхаа толгойг залгин оронд нь очиж сууж байлаа. 1964 оны “Лоохууз, Нямбуу, Сурмаажавын хэрэг” гэгч ч үнэндээ намын дотрох фракц хоорондын тэмцлийн илрэл байсан юм. МАХН гаднаасаа харахад эв нэгдэлтэй байсаан. Гэвч ачир дээрээ араа шүд, аллага таллага, шорон гяндангаар энэ хуурамч имижээ авч явсан юм.

    Энэ инерци нийгмийн цоо шинэ ардчилсан тогтоцод ч нэлээд удаан хадгалагдлаа. Үнэндээ нарийн ажиглах юм бол тийм байгаагүй. Бямбасүрэнг Ерөнхий сайд болуут түүний эсрэг МАХН-ын асар том фракц байгуулагдсан. Тэр үеийн Засгийн газрыг хамгийн хүчтэй эсэргүүцэгч нь түүнээ буй болгосон МАХН нь өөрөө байлаа. Ерөнхийлөгч Очирбаттай тэмцэлдэгч гол хүчин мөн л өөрийг нь төрүүлж дэвшүүлсэн МАХН-ых нь төв байранд байсан. Тэдний эв нэгдэл 1996-2000 онд л байв. Учир нь ялагдсан, ялагдал нь түр зуурын нэгдэл буй болгосон. 2000 оноос МАХН-ын Засгийн газрын гол дайсан нь МАХН-аас төрсөн Ерөнхийлөгч Багабанди байсан нь бүхний нүдэнд ил байв. Энэ үесд намын эв нэгдлийг мөнөөх хуучин үеийн диктатурын аргаар арай гэж нэг тогтоон барьж байсан юм. Айлган сүрдүүлэх, аргадан авилгадах, хувааж аваад захир гэдэг феодлын зарчмаар дошин дээрээ дураараа идэж уухыг нь зөвшөөрөх зэрэг есөн шидийн аргаар тогтоож байлаа.

    Гэвч 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль ба үр дүн МАХН-ыг түүхэнд нь байгаагүй том хагаралд аваачлаа. Ийм хагарал урьдаас хөрс суурь нь нэгэнт тавигдсан учир гэнэтийн зүйл биш байсан юм. Намын дарга Энхбаяр арав гаруй жил намын болон төрийн бүхий л эрх мэдлийг атгаж байхдаа дарамтын асар том үүл үүсгэжээ. Дураар нь дургиулж идүүлж уулгачихаад дараа нь баримтаар нь шахамдуулан юмыг нь дээрэмдэх, үл зохиоцогч нарыг шорон оронд дуудах, байнгын түгшүүрт хадгалах зэрэг урт удаан хугацаагаар үргэлжилүүлсэн шаналгаа нь боолчуудын далд эгдүүцлийг нэгэнт буй болгоод байсан юм. Гэвч хууль бус үйлдлийн нотолгоотой тэдний хэн нь ч энэ аймшигт намгаас бие даан сугарч чадахгүй байв. Бурхны ивээлээр Энхбаяртай ямар ч холбоогүй Баяр хэмээх шазруун эр гарч ирж намын нарийн бичиг, намын дарга, Ерөнхий сайд болж Энхбаяртай улаан цагаангүй үзэлцэж эхэлсэн нь дарлагдсан боолчуудад шинэ итгэл, шинэ ирээдүй хайрласан билээ л.   

    2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль нь ялагдагчийн өнөөдөр тайлбарлаад байгаа шиг нуль луйвар болсон юм биш. Харин ч луйваргүй болсон учраас ялагдсан хэрэг. Баярыг харж чөлөөлөгдөх найдлагад орсон МАХН-ын бүлэглэлүүд энэ сонгуульд урьдынх шигээ луйвар булхай хийгээгүй. Нэг үгэндээ нейтраль байдалд нэр дэвшигчээ “цэвэрхэн” дэмжсэн. Эндээс л МАХН-д ил тод иргэний дайн дэгдлээ.

    Энхбаяр өс хонзонгоо авахын тулд МАХН-ын дотор хагарал үүсгэх, “төрийн эргэлт” хийх, хуваах янз бүрийн юм сэдэн арга үйлээ барж явтал аманд нь шар тос өөрөө өнхрөөд ороод ирдэг байгаа. МАХН нэрээ сольж МАН болголоо. Ийм сайхан боломж дээр тоглож чаддаг улстөрчийг улстөрч гэхгүй юм бол өөр ямар улстөрчийг улстөрч гэх юм бэ! Ямар ч байсан тэрээр МАХН хэмээх брэндийг дайрсаар байгаад хувьчлан авч Дээд шүүхээр хүлээн зөвшөөрүүлж чадсан. Судалгаанаас үзэхэд хуучин МАХН-ы дэмжигчдийн юутай ч 20 хувийг салгаад авчихжээ. МАХН нийт сонгогчдын 50 хувийн санал авдаг байсан гэж үзэхэд түүний салгаж чадсан хэсэг пропорциональ сонгуулиар 10 хувьтай гэсэн үг.

    УИХ-д дөчин зургаан суудал эзэлж байгаа экс МАХН буюу шинэчлэгдсэнээр МАН дотроо тун том асуудалтай болж хувирлаа. Арга ядахад арвантав хоног ч болов төрийн сайд хийгээд үзчих хүсэлтэй нэлээд хэдэн гомдогсод бий. Тэдний логик зөв. Өөрийнх нь хэмжүүрээр өөрөөс нь арвантав дахин тэнэг нөхөр сайд хийгээд голийгоод явж байхад мөрийд хамаг юмаа алдчихсан юм шиг дөрвөн жил газар царайлаад явахаар үгүйдээ л авгай хүүхэд нь шорддог юм байгаа биз дээ. Засгийн газрыг онхолдуулах нэг талын сонирхол энэ. Нөгөө нэг хэсэг нь дараагийн сонгуулиар нэр дэвших шансаа алдаад цагаандаа гарчихсан эрс. Аймаг болгоноос хоёр хүн дивтаат болгоно гээд байна цаана чинь. Завханд Оюунхорол, Сайхансамбуу хоёр нэр дэвших амлалтыг гаргуулчихсан. Балдан-Очир илүү гарчиж байгаа биз? Хөвсгөлд Баяр дэвших гэнэ, цаана нь ч өөр хүний нэр сонсогдож байна, ингэхээр хөөрхий Даваасамбуу нүдээ аниад вабанк үзэхээс өөр яах юм бэ? Хүний зовлонг ойлго л доо.

    Энхбаяр одоо 76 нэр дэвшигч эрхээ бүрэн эдлэх том тогоотой болсон. Дээр нь МАХН хэмээх мундаг брэнд. Гологдогсод гомдогсодыг элбэг багтаах том сав.  Энэ саванд саяхнаас өөрсдийгөө МҮАН гэж нэрлэгдэх болсон энхсайханчууд элсний арвангуравтайгаа багтана. Дээр нь Ногоон нам орно. Ногоон нам сонгуулийн дэст гуравдугаарт бичигддэг учраас хөөрхий Энхбат нам ч үгүй, дарга ч үгүй харгуй зам дээр ганцаар хоцорвоо. Чухам Ногоон намын “3” гэсэн дугаараас болж Цөмийн хаягдлын тухай том сенсаци төрөн амилж хаа байсан Лос Анжелос, Сан Францискод иргэдийн сүрт жагсаал дэгдсэн. Эдэн дээр МАНАН-аас түрэгдсэн, тогоонд нь багтаагүй голдоо ортол гомдсон улстөрчингүүд “шудрагыг эрхмэлдэг” учраас ирж нэгдэнэ.

    Сонгуулийн хууль ямар төрхтэй болох талаар өдгөө ид маргаж байна. Бөөн л зарчмын маргаан. Гэхдээ гол хөдөлгөгч хүчин нь хувийн бяцхан эрх ашиг. 76 гишүүн мэдээж эх орны эрх ашигийг л бодож байгаа нь үнэн боловч бүгд эргэж сонгогдох нүхээ л бодож байгаа. Монгол хүн хэдий чинээ том эрх ашигийн тухай ярина, төдий чинээ л хувийнх нь жижиг эрх ашиг байдаг. Тиймээс хэрэвзээ галакткийн тухай ярьж байгаа бол бандаашныхаа уранхайн тухай гомдол гэж ойлгох хэрэгтэй юм л даа. Энэ утгаараа сонгууль нь ард түмэнд хэрэгтэй, шудрага ёсонд нийцэх тухай бурах тусам хашир эр хэрхэн дахин дивтаат болох тухай нүхээ хайж байна л гээд ойлгочих.

    Мань Лундаажанцан, Нямдорж нар пропорциональ сонгууль ардчилалд нийцэнэ гэж яриад байгаа нь хорин жил азаргалаад цэлдээ нь өнгөрсөн учраас сүүлийн шаансаа хайж байна л гэсэн үг. Наад залуучууд намаа сонгох уу, хүнээ сонгох уу гэж орилоод байгаа нь жижиг тойрог худалдаад авчих мөнгөтэй шүү, би гэсэн санаа шүү дээ. Оюутолгойн хэлэлцээрийг дахин хянана гээд байгаа нөхдүүдийн цаад санаа нь нэрийг минь дэвшүүлэхгүй бол эмзэг цэг дээр чинь тоглоно шүү л гэсэн анхааруулга. Засгийн газраа огцруулна, Батболдтой тооцоо хийнэ гээд байгаа нь “бид ч цагаандаа гарлаа, Энхбаяр руу явахаас өөр арга үгүй” гэсэн сүүлчийн сануулга.

     2011.11.1