“Бидний нүдэн дээр түүх бичигддэг” гэ­сэн нэгэн энгийн үг бий. Чухам энэ үг өнөө­гийн манай оронд илүүтэй тохирч байх шиг.  
Манай нийгмийн цаашдын чиг хандлага ямар байх нь олон талаар өнөөгийн шинэ төрийн өнгийг тодорхойлж байгаа, өнөөгийн улс төрийг гадна хийгээд дотноос нь “хийлцэж” байгаа хүмүүсээс ихээхэн шалтгаална гэж би боддог. Бидний үр хүүхдийн амьдрах, одоогийн бидний амьдран байгаа төвшнөөс зүйрлэшгүй өндөрлөгт хүрсэн байх тэрхүү ирээдүйн Монголыг цогцлоох хүчирхэг бодлогын суурийг тавих хүмүүс гэж хардаг ч хааяа бачимдах үе бий. Тэдний зарим хэсгээс болж төрд гацаа үүсэх, элдэв эрэг шураг хэмхэрч хөдөлгүүр саатах зэрэг явдал байнга болох ч бид тэдэнд дассан нь хөөрхий. Гэхдээ одоо элдэв хуучин шинэ дээлний тухай ойлголтоо хаяж, яаж ч чирээд хөл хэл нийлж өгдөггүй хүмүүсээс зоригтой салах цаг болжээ. Сонгуулийн хуулиа нэгэнт барьж авсных зоригтой өөрчилж, энэхүү шинэчлэлээрээ далимдуулан төрөөс зайлуулах ёстой этгээдүүдээс намууд шулуухан  салж цэвэршиж авах хэрэгтэй.

Манай нөхдүүдээс насны доройтол биш хөгжлийн, моралын доройтол хамар сэтэртэл ханхалж залуусыг жигшээх болсныг хаа хаанаа анхаарах цаг нэгэнт иржээ. Тийм учраас сонгуулийн хуулиар далимдуулж төрийн хүчийг  зузаатгах, элдэв хатиг бэтэгнээс салах бодлогыг намууд хийх ёстой.  Өнөөдрийн сэдэв сонгуу­лийн хууль болоод байна. Юун Н.Энхбаяр, С.Нямдорж. Юун МАН, МАХН. Сонгуулийн хуулиа гайгүй хийгээд авчихвал нэн түрүүнд мөнгөний хийгээд дөнгөний бохир амлалт алга болох байх. Энэ бол шинэ хуулиас бидний хүлээж буй хамгийн том зүйл. Дараагийн зүйл хүний асуудал. 2008 оны сонгууль Монголын түүхэнд олон бараан толбо суулгасан. Мөнгөн амлалт, долдугаар сарын 1...гээд энэ сонгуулиас зүүгдэх утаа тортогтой эсгий үнэгнүүд олон бий.

Монголын хоёр том улс төрийн хүчин сонгогчдод мөнгө амлаж орсон. Тухайн үеийн АН-ын дарга Ц.Элбэгдорж нэг сая төгрөг амлангуут МАХН-ын дарга С.Баяр давуулж нэг сая 500 мянга болгон өсгөсөн. Өлөн зэлмэн биш атлаа өнгө мөнгө­ний зүг жигтэйхэн нүд гүйлгэх болсон манай сонгог­чид мөнгө­ний ахиу руу нь гараа явуулс­наар МАХН ялж, ээлжит сон­гууль өндөрлөсөн ч урьд өмнө хэзээ ч болж байгаагүй эсэр­гүүц­лийн уур хилэн дэг­дэж, жагсч галдаж, буудаж, эцэст нь Монголын элгэнд  “долдугаар сарын 1” гэх нэгэн том сэв сууж үлдсэн. Сонгуу­лийн хуулийн зүг бүгдийн хараа шилжих болсон гол шалтгаан энэ явдал.         

Дахин эш татъя. “Бидний нүдэн дээр түүх бичигддэг” гэсэн нэгэн энгийн үг бий. Чу­хам энэ үг өнөөгийн ма­най оронд илүүтэй тохирч байх шиг.  

Сонгуульд МАХН яллаа. Мэдээж энэ үр дүн “Ялалтын менежер” гэгддэг С.Баяр хэ­мээх лидерийн гавьяа. Гавь­яагаа ганцаараа эдлэхийг хү­сээ­гүй тэрбээр сөрөг хүчиндээ хамтар­сан Засгийн газар бай­гуулах са­наанд оромгүй санал тавьж шуугиан тарьсан. Ядаж цөхөх юм­гүй тэр дор нь хам­тар­сан зас­гийн цагаан гэрийг барьж гялал­зуулсан. Шинэхэн Ерөнхий сайд С.Баяр “Итгэл найдварын Зас­гийн газар” гэсэн гоёмсог  нэрийг танхим­даа  зүүж өгчихөөд Америк руу нисч байсан. Нэр­нээсээ л романтик энэ Засгийн газрыг нэг хэсэг нь Ерөнхий­лөгчийн сон­гууль өнгөрөөгөөд  унана гэлцэж бай­лаа. Нээрээ цаг хугацаа ямар хурдан уухилан давхина вэ. Унана, нурна гэлцэж байсан мө­нөөх Засгийн газар амь бөх­тэй оршин тогтносоор дараа­гийн сон­гуультай золгох гэж байна.

С.Баяр Засгийн газрынхаа бүтцийг маш нарийн тооцож хийсэн. Хоёр намын амбицыг эн тэнцүү хангасан түүний тоо­цоо  өнөөдрийг хүртэл энэ айлыг тогтоон барьж байгаа. Өөрийн нам дотроо гэхэд тухайн үеийн Ерөнхийлөгчийн багаас ч, “Элснийхэн”-ээс ч, “Хотын бүлэг”-ээс ч хүн оруулж ирсэн нь хамгийн оновчтой бодлого байв. Хэд хэдэн нөхөр дээр за­далж харъя л даа.  Жишээлбэл, М.Энхболд...

С.Баяртай хоёр удаа намын даргад өрсөлдсөн хүн М.Энх­болдоос өөр байхгүй. Юуг ч тэсч байдаг, юунд ч үл автаж байдаг, холын замд нөмөр нэмэр болох  хүчирхэг  эрсийн нэг М.Энх­болдын нам дотор эзэлсэн орон зай, хү­мүүсийн сэтгэлийг татдаг зөө­лөн дулаан имиж, ажлын дад­ла­га туршлагыг С.Баяр үнэл­сэн. Шадар сайд дээр үүнээс өөр том сонголт гэж яаж байх юм. Н.Энхбаярын зүгээс ямар ч дайрлага хийгээд дайллага ирэхэд М.Энхболд шиг сэтгэ­лийн хөдөлгөөнгүй лухайтал гүрийн сууж үлдэх ийм том ча­нарын тэмдгийг  хайгаад оло­ход бэрх цаг байлаа шүү дээ. 

Дахиад нэг нөхөр дээр авч үзье. Тэр бол яах аргагүй Ц.Ням­дорж… Ёстой шазга­на­сан амьтан. Хэцүү, хэгжүүн, хэ­дэр ёдор араншинтай Ц.Ням­дорж  түрүүчийн парла­ментын үед мөн ч олон цохил­туудтай учирсан. Улс төрийн энэхүү зов­лон нь түүнийг хүс­сэн хү­сээ­гүй урьд нь тэгтэл тэв­­рэл­дэж яваагүй “шинэ” нөх­дүүд­тэйгээ хамтран ажиллах дот­роо зөрчилтэй, гадагшаа тэс­вэртэй амьдрах амаргүй атлаа цоо шинэ үеийг нээж өгсөн. Ц.Ням­дорж энэ тан­химын нэгэн том түшиг мөн үү гэвэл мөн. Мөн учраас өнөөдөр түү­нийг хашаа­ны гаднаас ар­хиран тэмцэж буй Н.Энхбаяр сугалж аван “өрж” байгаа шүү дээ. Н.Энхбаяр шиг хүн эдү­гээн төр засгийн орой хавиас хэн нэгэн бүдэг амьтныг су­галж ноцвол яаж ч бодсон гавьтай шоу болж чадахгүй. Тэ­р­ийгээ ч мэдэх учраас ша­тамхай тэс­рэмтгий, тачиг­насан Ц.Ням­доржийг сонгосон нь гайхах зүйл биш. 

Ахиад мөнөөх үгийг эш татмаар байна. “Бидний нүдэн дээр түүх бичигддэг” гэ­сэн нэгэн энгийн үг бий. Чухам энэ үг өнөөгийн ма­най оронд илүүтэй тохирч байх шиг.  
Ардчилсан нам  С.Баярын урилгад ирэхдээ дандаа УИХ-ын гишүүдээсээ хөтлөн орж ирсэн нь шүүмжлэл дагуулж байлаа. Намынх нь залуучууд   “Өө, нөгөө хоолонд ордог хэд л орчихлоо ш дээ” гэлцэж байсан ч  Н.Алтанхуяг “Бид гаднаас оруулж ирж үзээгүй биш үзсэн юм аа. Улстөрч биш хүн гүй­цэт­гэх засаглалын төв­шинд орж ирээд шууд унагадаг юм билээ. Бид улс төрд нух­лагд­сан, ча­нагд­сан хүмүүсээр баг бүр­дүүлж хамтарсан Засгийн газ­рыг ачааг хуваалцана” гэж шууд мэдэгдсэн. Тэр хийсэн сон­голтуудаа цээжээрээ хам­гаа­лан үлдэж, дотоодын­хоо даж­ныг нударга зангидан байж дарсан. 

С.Баярцогт  Сангийн сай­даар ажиллах боллоо. Хутган үймүү­лэгч, эрх мэдлийн хэ­нээтэн, бүх холионы автор гэх мэтийн онцгүй нэр хоч оноож нэг хэсэг нь баахан орилсон ч тэр түүхэнд үлдэх Сангийн сайд нарын нэг болж чадав. С.Баяр­цогт хэмээх энэ гялалз­сан Сан­гийн сайд яах ч аргагүй дэлхийн стандартын хүн. Түү­нийг Сан­гийн сайдаар сон­гос­ноос болж ганц нэг хүн тэнгэр­тэй ярьдаг болж төрөл хувирс­наас өөр муу юм болоогүй.  С.Лам­баа, Л.Ган­сүх нартай барьцах хүн нам дотор олон биш. Дор бүрнээ энэ намын төлөө чардайж явсан л хүмүүс хэмээн хэдэн жилийн өмнө би бичиж байсан. Одоо ч энэ үгээ буцаахгүй. С.Ламбаа хэ­­мээх сонин ч, сайхан ч хүн бай­на аа. Энэ Засгийн газрын нэгэн сай­хан намба, эерэг дүр төрхийн нэг тэр яах аргагүй мөн. Шог­луулж нэг, шүршүүлж нэг үзэн эрүүл мэнийн салбарт шинэт­гэл хийх гээд зүтгэж л байна. Ха­рин Л.Ган­сүх маань сэт­гүүлч Г.Уянгын гэрийн гадаа л хэвтээд байдаг хүн болоо юу даа. Дөнгөж төрсөн нялх биетэй бүсгүйг цагаан сүүг нь дуслуу­лан баривчлуулах гээд бүтэл­гүйтэж ч байх шиг. Нэг хүүхэн­тэй л ноцолдсоор хэдэн оныг үдчихэв үү гээд хэлчих­вэл маргааш тавьж тонилохгүй цангинасан хэрүүлийг надтай бас эхлүүлчихэж мэдэ­хээр шөрвөг­нөсөн хэрүүлч амьтан болж хувирчээ.   
 
Ардчилсан намыг гүйцэт­гэх засаглалд төлөөлөх багийг МАХН-ын (одоо МАН-ын) баг­тай жишихэд бас л тийм амар доошоо орчихгүй чанга баг. Ганцхан намынхаа эрх ашиг, үзэл баримтлал, эв нэг­дэлд ямаршуухан үр дүн авч­рах бол. Хамтарсан Засгийн газрын нэгэн содон дүр төрх, хөдөлбөл засагтай төртэй нь тонгочуулж мэдэх хүчирхэг эрхэм Х.Бат­тулга дөнгөж өчиг­дөрхөн хурц­хан мэдэгдэл хий­лээ шүү дээ. Олны дунд Женко нэрээр алдаршсан түүний амнаас ийм мэдэгдэл унах нь мэдэрдэг, мэддэг хүмүү­сийнх нь хувьд гайхмаар юм биш ч засгийнхны нурууг ирвэгнүүлж байгаа нь то­дорхой. Бизнесийн зарим гаар­сан бүлэглэлүүд төрийг гарын­хаа үзүүрт зар­цалж, хүсэл шу­на­­лаа битгий хэл зүүдээ гүй­цэт­гүү­лэхээс наах­нуур хаан­чилж байгаагаас үүдэлтэй түү­ний бухимдал дээр намынх нь эрх мэдлийн гадна байгаа со­нир­­хол ирж нэгдвэл жинхэнэ гал асна.  

“Бидний нүдэн дээр түүх бичигддэг” гэсэн нэгэн эн­гийн үг бий. Чухам энэ үг өнөө­­гийн манай оронд илүү­­­тэй тохирч байх шиг. Тиймээс дахиад давтан эш татъя.  

Улс төрийн хариуцлагыг намууд хамгийн эхлээд сон­гуульд ялагдаж, суудал алдсан нөхдүүдтэйгээ тооцдоггүй гажиг манай улс төрийг бохир­дуулж ирлээ. Хамгийн ший­дэм­­гий, хам­гийн хүчирхэг С.Баяр ч энэ ажлыг хийгээгүй. Унасан бөхөө шо­роогоо ч гөвж амжаа­гүй бай­хад нь л эвийлж өрөв­дөөд энд тэнд томилдог. Чухамхүү энэ урвуу явдал шинэ үеийнхний итгэл найд­варыг бөхөөж, шу­дар­гаар зүтгээд юунд ч хүрдэг­гүй юм байна гэсэн буруу ойл­голтыг намын төлөө насаараа зүтгэсэн дунд үеийнх­ний тар­хинд өс, мэс болтол нь хадаж байна.
Ерөнхийлөгчийн сонгуульд унаж намаа ялагдуулсан Н.Энх­баяртай намын хийгээд номын хэлээр өнөөдрийг хүр­тэл “ярьсан­гүй”. Яриагүй уч­раас тэр улам онгирч, улам гаарч байна. Мэдээж түүний буруу биш. Ярьж чадаагүй, ялыг нь асууж чадаагүй өдий болтол гөлөлзсөн намын буруу.

С.Баяр нэлээн юм хийсэн ч бас зөндөө юм хийлгүй явж одсон. Намын дарга, Ерөнхий сайдын албанаас өөрийн хү­сэл­тээр чөлөөлөгдсөн анхны хүн нь тэр байх. Явахдаа дараагийн Ерөн­хий сайдыг өөрөө хөтлөн гарч ирсэн нь ч цоо шинэхэн үзэгдэл байв. Тэрхүү үзэгдлийн гол дүр Сүхбаатарын Батболд.

Мэдлэгт суурилсан эдийн засгийн бодлоготнуудын сонго­дог төлөөлөл болох энэ залуу С.Баярын хийсэн гайхал­тай сон­голтуудын нэг. Үнэхээр мар­гашгүй.

С.Баяр шиг лидерийн орыг санаанд оромгүй байдлаар залгамжлах болсон түүнийг тухайн үед зарим нь хэт зөөлөн, аялдагч, шийдэмгий биш гэх зэргээр голж байлаа. Түүний Ерөнхий сайд болох үе дэлхийн санхүү, эдийн засгийн хямрал­тай давхацсан нь байдлыг ерөн­хийдөө бараа­наар харах хөрс суурь болж байв. Гэвч С.Бат­болд Олон ул­сын валю­тын сан­тай тохирол­цож “Стэнд бай” хө­төл­бөрийг амжилттай хэрэг­жүүлж, ул­маар хоёр жил хүрэх­тэй үгүй­тэй хугацааны до­тор хям­ралыг даван туулж чад­сан. Ингэж чадсанаараа өн­гөр­сөн жил уул уурхайн то­моо­хон төслүүд­ийг эхлүүлж, шинэ зуунд Монголыг авч явах хөгж­лийн галт тэргийг замд нь гарга­лаа. Хямралын үед хасах 1,6 хувь­тай байсан эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд зур­гаа ор­чим хувьд хүрсэн. Энэ жилийн сүүлээр 20 хувьд хүрэх төлөв ажиглагдаж бай­гааг эдийн засаг­чид инээм­сэглэн хэлж байна. 

Аливаа хүний түүх намтар ямар нэгэн хэмжээгээр их түүх­тэй холбоотой байдаг.  Их түүхтэй холбогдох намтраа өнөөдөр С.Батболд даруухан хэрнээ бардамхан хийж байна. 

С.Батболд намын талдаа өөрөөсөө тэс өөр У.Хүрэл­сүхтэй хамтран ажиллах ёстой болсон. Яаж ч хараад эвцэл­дэхгүй мэт үзэгдэж байсан энэ хослол өнөөдрийг хүртэл тун амжилттай гар нийлж байна.

У.Хүрэлсүх бол энэ намын төлөө хийсэн юмтай, хэлэх үгтэй хүн. Тийм ч учраас сэлэм эргүү­лэгч гэх мэтийн нэр хоч зүүн асах үедээ асч, адлагдах үедээ адлаг­даж явсан амаргүй, адармаатай түүхийн эзэн бол­тол өссөн. Тэр хэрээрээ нам дотроо өөрийг нь дагадаг бүхэл бүтэн үе бэлтгэж чадсан биз. Дуугаар бол тэр найр болгоноос хангинан сонсогдож байдаг  хүмүүсийн ам, сэтгэл хоёрт явдаг нийтийн дуу шиг нөхөр. Харин С.Батболд бол сон­годог урлагийн ягаан бай­шинд очвол л мэдрэлцэж болох романс шиг хүн. Ийм хоёр өөр өнгө төрх тэднийг тодорхойлон буй ч тэд энэ намын толгойны өвчин болж ирсэн нэрний асуудлыг нэг тийш нь болгож чадлаа. Энэ бол маш том ажил. Шатсан байшин­гаа бүр сайж­руулаад барьчих­лаа. Энэ бас муугүй ажил. Ингээд тоочоод байвал тун давгүй жагсаалт хөврөх нь...

Одоо харин тэд Н.Энхбаяр гэдэг толгойн ян шиг өвчин­тэйгөө яаж учраа ололцох бол гэдэг сонин. Иргэн болсон Н.Энхбаяр иргэн шигээ энгийн эрх үүргийн дунд зогсч өгөхгүй хүн болгон руу бурууг чихэн хашгираад байдаг.

Их эзэн явсан тэрбээр намынх­ны хэчнээн  жил ажил­лаж байж сая нэг сольж чу­лууд­сан МАХН хэмээх хуучин малгайг нь анаж байгаад аваад өмсчихлөө. Одоо тэр хүмүү­сийн ой тойнд бараг зуун жил амьдарсан МАХН гэдэг мал­гайтай, намын дарга гэсэн сэ­тэр­тэй.  Зүгээр ч нэг хял­бархан Н.Энхбаяр биш байдаг.

Эцэстээ эвсэнэ дээ гэх шорвог үг хараал ч юм шиг, ерөөл ч юм шиг амнаас амны хооронд яваад байдаг.  Амьдрал юм чинь цаашаа үргэлжилж л таарах байх даа.....