(“Би эндээ тулалдсаар байгаад үхэх үйлийн үртэй хүн”)

Америкийн “Forbes” сэтгүүлд “Чаушескугээс Каддафийг хүртлэх 13 дарангуйлагч” гэсэн гарчгаар жагсаалт гаргахдаа хамгийн эмгэнэлтэйгээр төгссөн нь Каддафийг гэв. Үнэхээр ч тийм байж болох. Харин тэгж төгсөхөө Каддафи аль хэдийнээс зөгнөж ёрлож байсан байх юм. Энэ тухай зохиогч Д.Баярхүүгийн “Тахрирын хувьсгал” номын гуравдугаар бүлэг буюу “Хувьсгалын халдвар: Ливи” гэсэн хэсэгт бүр 2 дугаар сарын 20-дын үед зохиогч ингэж тэмдэглэж үлдээжээ – baabar.mn   

Хоёрдугаар сарын 20, Ням гариг

Миний тэмдэглэл өнөөдрөөс (2011.02.20) эхлэн сэдвээ тэлж Ливи гэдэг орон руу хандаж байна. Тэгэхээс ч аргагүй. Тэгэх хэд хэдэн шалтгаан байна.

1.    Ливийн Арабын Ардын Аугаа их Социалист Жамахирия гэсэн лут (бүр этгээд гээч) нэртэй, энд төрсөн хэн боловч жаргалын дээдийг эдэлж байдаг болов уу хэмээн харж ирсэн, хамгийн тогтвортой байх ёстой, албан ёсоор сөрөг хүчин гэж ганц ч байхгүй тийм улсад ийм богино хугацаанд төр эргэнэ гэж дэлхий дээр төсөөлсөн хүн нэгээхэн ч байхгүй болов уу.
2.    Удирдагчийнх нь этгээд хачин бодлого, бурханчилсан тахин шүтлэг, ёс жаяг, онцгойрол, хийрхэл нь яалт ч үгүй тус орныг сонирхоход хүргэдэг нь нууц биш. Эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөвөл энэ нөхөр яаж дарангуйлах бол, хэрхэн авирлах бол гэж нийтээрээ харж гайхах нь тодорхой байсан юм.   
3.    Египетийн хөрш зэргэлдээ, нөгөө талдаа Тунистэй хөршилдөг, хоёр талд нь нийгмийн том хувьсгал өрнөж, ялж байхад Ливийн эрх баригчид таг дуугүй гөлрөөд байсан тул ээлж ирвэл яах бол, хэрхэн балрах бол хэмээн ёрлох, зөгнөх, хүсэх явдал барууны орнуудад түгээмэл байсан.  
4.    Каддафи нь итгэл үнэмшлээрээ, хувьсгалынхаа номлолоор даян дэлхийд олон янзын хувьсгалт хөдөлгөөнийг дэмжиж, бүр террорист аргаар тэмцэхийг уриалан дуудагч байсан. Палестин, Умард Ирланд, Марокко, Судан, Угандад түүний гар хөл хүрч, барууныхан түүний дэглэмийг олон улсын терроризмыг өөгшүүлэгч, эх уурхай гэж үзэх болсон.
5.    Каддафийг Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний дээд хэмжээний XV уулзалтын нээлт дээр (2009 оны 7 дугаар сар) АНУ ба  барууны орнуудыг ширүүн шүүмжилж байхыг би өөрөө дэргэдээс нь сонсож, дараа нь НҮБ-ын Ерөнхий  нарийн бичгийн даргаар үг хэлүүлж жижигрүүлж байхыг нүдээрээ харсан учраас миний анхаарлын гадна үлдэх учиргүй. Тэгээд ч Каираас Ливийг хавсран суугаа Элчин сайдын хувьд Ливийн дотоод байдал, гадаад бодлогыг судалж мэдэх, төр-засагтаа уламжлах үүрэгтэй.   

Үнэхээр сүүлийн ганц хоёрхон хоногт Ливид болж өнгөрсөн үйл явдлыг ажихад Тунис, Египетэд өрнөсөн хувьсгалаас хохирол хэлмэгдлийн хувьд хамаагүй давж гарахаар дүр зураг харагдаж байна. Тэнд нөхцөл байдал маш ноцтойгоор эргэж байгаа юм байна. Аллага харгислал дэндэж, хөлсний цэргүүдээр бослогыг даруулж, олон зуун хүний аминд хүрчээ. Al-Arabia ТВ-ийн мэдээгээр бол, Каддафийн талд Африкийн зарим улс орноос элсүүлсэн хөлсний цэргүүд байлдаж ливийн иргэдийг хайр найргүй буудаж байгаа гэнэ. Өөрсдийнх нь мэдээлснээр бол, арабын хөлсний этгээдүүд (Тунис, Египет, Судан, Сири, Палестин, мөн Туркийн) тус орны эв нэгдэл, дотоод байдлыг бусниулахаар явж очжээ. Энэ сүлжээний цаана Израиль байхыг үгүйсгэхгүй гэсэн хариу зэмлэл Каддафийн амнаас гарчээ. Яг л өөрийнхөө номлолын дагуу зэмлэж байна. Гэхдээ бас ч оргүй биш ээ.

“Ливийг чөлөөлөх үндэсний фронт” гэгчийг Судан, Марокко, Ирак, Саудын Арабаас санхүүжүүлж Каддафийг алахаар завдаж байсан баримт бол бий. Харин энэ удаа тэгсэн гэх нотолгоо алга байна. Тэрхүү фронт гэгч нь бүх ард түмнийг босгочихлоо гэх баримт даан ч алга. Тэгээд ч дотооддоо өөрийн дураар үйлдэж байгаа харгислалаа зөвтгөх, адаглаад нууцлахын тул энэ орныг гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлаж, интернэтийн холбоог хааж, гадаадын сурвалжлагчдыг хөөж  гаргаад, гаднаас ч нэвтрүүлэхгүй байна. Ямар ч гэсэн Ливид галт тэрэг хөдөлчихлөө. Зогсоож чадахаасаа өнгөрлөө. Харин хэр зэрэг олон хүний аминд хүрдэг бол? Яаж төгсдөг бол? Дарангуйлагч маань хаашаа зайлж одох бол? Тэр тухай ирэх өдрүүдэд харж байхаас аргагүй...

Хоёрдугаар сарын 22, Мягмар гариг


... Оройхон хэрд Ливийн хувьсгалын удирдагч Каддафи Триполид ард түмэндээ хандаж үгээ хэлжээ. Энэ бол өнөөдрийн хамгийн чухал, онцлох мэдээ (бүр түүхэн) юм. Тэгээд ч олон дахин үг хэлээд байх цаг мөч байхгүй, эцсийнх гэхэд хаашаа юм, гэхдээ л дахин давтагдахгүй үг яалт ч үгүй мөн. Тэр утгаар би түүхэн үг гэж нэрлэж байна.
 
Америкийн агаарын хүчин 1986 онд Триполийг бөмбөгдөхөд сүйдсэн хуучин хуарангийн эвдэрхий байшингийн гадаа мань хүн алдарт үгээ хэлжээ. Их л цухалдсан, бачимдсан, балмагдсан байдалтай ТВ-ээр гарч байна. Дуу хоолой нь чичрээд гар нь салгалаад, ухас ухасхийгээд, ширээ шаагаад бачимдлынхаа үгсийг урсгаж өгөв. Ерөөсөө ард түмний энэ тэмцлийг цусан далайд живүүлээд өөрөө хамтдаа дуусая гэсэн андгай тангарагийн үг байна. Ливийн Al Jamahirya, Al Hidayah, Al Shababya ТВ-үүдээс эшлэж үзье.

-    Би бол жирийн хүн биш, тэр ч байтугай нэг Ерөнхийлөгч ч биш, би бол хувьсгалын жолоодогч хүн. Энэ бол миний эх орон, миний өвөг дээдсийн эх орон.  Би эндээ тулалдсаар байгаад үхэх үйлийн үртэй хүн, миний өвөг эцэг 1911 онд тэгж үхэж байсан үйлийн үртэн, би түүний араас орно гэж шууд хэллээ.

Надад хүч байх л юм бол би төрийн толгойд байх болно, түүнийхээ төлөө өөрийгөө золиход бэлэн байна гээд цааш нь Ливийн дотоод байдлыг өөрийнхөөрөө тайлбарлажээ.

-    Ливид болж байгаа үйл явдал бол дайн биш. Архи мансуурах бодис хэрэглэж согтож дампуурсан хэсэгхэн залуус цагдаагийн хэсэг, армийн баазууд руу дайрсан, тэднийг гадаадаас тухирсан, Африкийн орнуудаас зэвсэглэсэн  хөлсний алуурчид Ливид ирж, манай дэглэмийг түлхэн унагахыг оролдсон. Эмх замбараагүй байдал үүсгэх нь гадаадынхны төлөвлөгөөний нэг хэсэг. Энэ төлөвлөгөөний мөн чанар бол Ливийг Афганистан маягийн өөр хоорондоо дайсагнасан хэдэн эмирт улс болгож салгаад, дараа нь АНУ, НАТО-гоос цэргээ оруулж улс орны маань баялгийг булааж авах, өөр юу ч биш  гэж  Каддафи хэлжээ.  

Тэгэхээр үйл явдлыг ингэж шатлан өргөжүүлэхийн эсрэг зогсох цорын ганц хүн нь би байна гэж өөрийгөө нэрлээд өөрийнх нь эсрэг зогсож байгаа хүн болгоныг илрүүлж, баривчилж, шүүхэд өгч, шийтгэхийг уриаллаа. Төр улсын эсрэг гэмт хэрэг үйлдээд цаазаар авах ялаар шийтгүүлдэг зарим заалтуудыг тэрээр хуулийн номоос чанга дуугаар уншиж сонсгов.

-    Ливийн дайснуудыг арчиж дуусгана, бүр нэг бүрчлэн, бид хүч хэрэглээгүй байгаа шүү, харин хэрэг гарвал хүч хэрэглэж чадна шүү. Одоо улс оронд өрнөж байгаа энэ үйл явдал бол тайван жагсаал биш, зэвсэглэсэн үймээн, тийм үймээнийг дэлхийн аль ч оронд хүчээр дардаг шүү дээ гэв.  
-    Тунис, Египетэд болсон шиг үйл явдал болно гэж битгий сана! Маргааш гэхэд д шинэ амьдрал эхэлнэ! Шинэ Жамахирия бүр маргааш эхэлнэ! – гэх мэт цогтой үгсийг Каддафи хоолойгоо чичрүүлэн чичрүүлэн хэлж байгаа нь зурагтын бүх сувгаар гарч байна.
-    Ливийн хот суурин болгон өөрийгөө хамгаалах аюулгүй байдлын хороодыг байгуулаад Ливийн хувьсгалыг хамгаалагтун!  Маргаашнаас эхлээд байгуул, цагдаа үүргээ биелүүлж чадахгүй байгаа үед ардын хороодыг нэн яаралтай байгуулагтун! Урагшаа, зөвхөн урагшаа! Хувьсгал! Хувьсгал! Хувьсгал! хэмээн тэрээр ширээ шааж уриалан дуудаж байна. 

Каддафийн хэлсэн үгийг олон өнцгөөс үнэлж дүгнэж, харьцуулж болж байна. Бен Али, Мубарак хоёроос ялгаатай нь Ливийн удирдагч бол шал өөр хүн юм байна, тэрээр эх орон нэгтнүүдээ алж устгахыг юман чинээнд бодохгүй юм байна. Жагсагчдыг агаараас бөмбөгдүүлж, байлдааны сумаар хайр найргүй шүршүүлж, тэгсэнгүй гэснийх нь төлөө цэргийнхнээ цаазлана гэж байгаа нь 1945 оны 4 дүгээр сарын сүүлчийн өдрүүдийн шатаж буй Берлин дэх фюрерийн бункерыг санагдуулмаар. Ард түмнийхээ эсрэг тэр дайн зарлалаа хэмээн ХБНГУ-ын Холбооны канцлер А.Меркель хэлжээ. Өөрөөр юу ч гэх билээ...