1920-иод оны дундаас Монголын удирдагчид бие даасан бодлого явуулж эхэлжээ. Тэр үед Зөвлөлт Хятадын харилцаа маш сайн байлаа. Манжуурыг эзэлсэн Жан Золин болон түүний араас дэмжигч япончуудыг даран сөнөөхөөр Бээжинд ирж суурьшсан Сун Ятсэний гоминданчууд Зөвлөлттэй үгссэн байв. Монголоор дамжуулж гоминданд зэвсэг нийлүүлэхээр туршиж байлаа. Сибирийн төмөр замыг Улаанбаатараар дайруулан Бээжинтэй холбох төлөвлөгөө гарчаад байв.

            Энэ үед Монголын удирдагчид идэвхитэйгээр гурав дахь хөрш хайж байлаа. Монгол нь Швейцари лугаа адил хөгжинө хэмээх гол үзэл сурталч Цэвээний Жамсран хэлсэн нь улс орны гадаад бодлого төвийг сахьсан шинжтэй байна гэдгийг тодорхойлсон хэрэг. Хамгийн түрүүн гадаад ойрын түншээрээ Германыг сонгов. Дараах онуудад нь Германы тусламжаар Монголд тоосгон завод, анхны жижиг цахилгаан станц, төмрийн завод зэрэг үйлдвэр байгуулан герман мэргэжилтэн урилгаар ирж ажиллах болсноос гадна Германы геологийн экспедици ирж хайгуул шинжилгээ хийх боллоо. Германы AEG пүүсээс худалдаж авсан 500 квт чадалтай цахилгаан станц нь Монголдоо анхных байлаа. 1926 онд анхны 25 хүүхдийг Германд сургуульд явуулсан ба тэд Лайпциг, Берлин гэх мэт таван хотод таран сууж, айлаар амьдран, дунд сургууль, лицей, мэргэжлийн ажилчин бэлтгэх сургуульд сурах боллоо. Төлбөрийг нь Монголын засгийн газар хийж байсан ба түүгээр үл барам Франц, Германд суралцаж буй сурагчийн монгол захиргаа байгуулж даргаар нь Ишдорж ажиллаж байв. Суралцагсдын тоо дараагийн элсэлтээр нэмэгдэн 50 хүрсэн ба 1928 онд Гэгээрлийн яамны сайд Эрдэнэ-Батхаан явуулсан хүүхдээ эргэн Герман, Франц орж байв. Тэрээр цаашлан Итали орсон байдаг.

Москва дахь Германы элчин сайд Брокдорф-Ранцау гүнгийн санаачлагаар 1925 онд Монголын худалдааны төлөөлөгч Германд ирлээ. Тэднийг Монголын Засгийн газрын ажилтан Сампилон толгойлж байлаа. 1925-1926 онд Handel-delegation der Mongolei Берлинд байв. Европ дахь эдийн засгийн албан ёсны харилцаа нь бараг зөвхөн Германтай л тогтож байсан ба Франц, Шведтэй түр зуурын харилцаатай байсан юм. Энэхүү худалааны төлөөлөгчөөр дамжиж л машин төнөг төхөөрөмжийг Германаас авсан, мэргэжилтэн Германаас захиалсан байв. Германтай хийх худалдаа нь голдуу бараа солилцооны журмаар байсан ба энэ нь Монголын Европтой бараа солилцоогоор худалдаа хийх анхны оролдлого юм. Бүр цаашлаад Берлинд Монголын консулийн газар байгуулах талаар хэлэлцээ эхэлсэн байтал төлөөлөгчид гэнэт гэдрэг татагджээ . Монголын засгийн газрын урилгаар ажиллаж байсан герман инженер Фриц Вискэ 1928 онд Гадаад Монголын эдийн засгийн нөхцөлийн талаар их өндөр үнэлэгдсэн өгүүлэл бичиж хэвлүүлснийг Германы ГЯЯ ихэд сонирхож байсан байх юм.

            Монголын удирдагчид улс орноо гадаад гүрнүүдээр хүлээлгэн зөвшөөрүүлэх бололцоо хайж байсан аж. Герман, Англи, Америктай холбоо тогтоохыг Жадамба, Хятад, Японтой ойртохыг Дамбадорж шимтэн хөөцөлдөж байв. Харбин дахь Америкийн консул, Хятадад суух Английн худалдааны төлөөлөгч нарыг 1926 онд Баянтүмэнд ирэхэд Жадамбаа нууцаар уудзаж байсан гэх буюу Манжуурт сууж байсан Японы консул, Москвад сууж байсан Японы цэргийн аташьег Дамбадорж Монголд ирүүлэхээр хөөцөлдсөн. Эдгээр ажиллагааныхаа хариуд Москвагаас хатуухан банга хүртсэн. 1928 оны ТХ-ны хурал дээр Жадамбаа, Дамбадорж нар “Хятад, Япон, Герман, Англи, Америктай ойртох нэгдэх гэсэн юм байхгүй, гагцхүү Монгол улс бүрэн тусгаар тогтнолоо албан ёсоор хүлээлгэн зөвшөөрүүлэхийн тулд гадаад улстай хууль ёсны хүрээнд харилцаж ирсэн нь буруу болж байна уу?” гэж сөргүүлэн асууж байлаа. Сүүлд Цэвээн Жамсрано байцаагдаж байхдаа Цэрэндорж, Амар, Жадамба, Дамбадорж нарын зэрэг Монголын гол удирдагчид Монгол үндэстнээ гэсэн чиглэл бүхий бүхэл бүтэн бодлого явуулж байсныг хүлээн зөвшөөрсөн байдаг.  Үндэсний асуудал шийдэх таван гол бодлго гэдгээ Монголын газар нутаг, үндэс, ард түмэн, эрх чөлөө, тусгаар улс хэмээн томъёолжээ.

Монголын удирдагчдын бие даах гэсэн, үүндээ гурав дахь хөршийг оролцуулах гэсэн бодлого Москва болон Коминтерний хүчтэй шахалтанд ороод эхэлмэгц Монголын цаашдын хөгжлийн зам мөрийн тухай өөрийн хувилбарыг хийж ТХ-ны албан ёсны хариу тайлбар болгон Дугаржав, Гэлэгсэнгэ нараар 1927 оны 5-р сард Москвад хүргүүлжээ. Тэдний авч очсон бичигт “Тус нам болбоос жинхэнэ пролетари хэмээх үйлдвэрчний нам лугаа адил үгүй. Тус намын гишүүн болбоос мал өсгөх ажил бүхий жижиг өв хөрөнгө бүхий этгээд нар болой”... хэмээн өөрийгөө большевик биш харин жижиг буржуйн үзэлтэн гэдгээ улаан цагаангүй тайлбарлажээ.  Дургүй нь хүрсэн зөвлөлтүүд Коминтерний их хуралд ирсэн зөвлөх эрхтэй гишүүн Монголын төлөөлөгчдийг “зочны” суудалд суулган МАХН-ыг Коминтернээс хөөсөн сэтгэгдэл төрүүлэв.

Энэ үед Коминтерний Монголын комисс нэлээд том бүрэлдэхүүнтэй байв. Тэд Монголын зөрүүд удирдагчдыг “баруунтан” хэмээн нэрлэхээр аль урдаас төлөвлөсөн байв. Зөвлөлтүүд эдний эсрэг хүчнийг төрүүлэн бэлтгэх эрчимтэй ажиллагаа зохиох нь тэр. Энэ явуулгандаа МАХН-ны залуу гишүүд, МХЗЭ-ийн идэвхтэн, хөдөөнөөс дэвшин ирж буй хүмүүс болон Зөвлөлтөд сурч буй оюутныг гол түшиг тулгуур хүчнээ болгон ашиглажээ. Гэндэн, Жигжиджав, Бадрах, Шижээ, Элдэв-Очир, Лааган, Лхүмбэ зэрэг залуусыг “хөгшдийх нь” эсрэг турхирч эхэллээ. Энэ залуусыг хөдөөнийхөн гэж нэрлэв. Энэхүү “хөдөөнийхэн  дээрээс хүч хавсруулахаар

-КУТВ - ийнхэн хэмээн Москвад коммунист үзэл сурталд суралцаж буй залуус,

-Тверийнхэн хэмээн Тверь хотын цэргийн сургуульд сурч буй залуус,

-Намын сургуулийнхан хэмээн  Улаанбаатарт коммунист үзэл сурталд сурч буй залуус гэсэн дайрах отряд тус тус бэлджээ

МАХН-ын 7-р их хурлыг зарлан хуралдууллаа. Хурлын бүх нарийн ширийнийг Улаанбаатарт гэнэт десант маягаар орж ирсэн коминтерний төлөөлөгчид зохион байгуулсан ба мөнөөх учраа олоогүй хөөргөн залуучуудын амаар төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чадсан байна. Тэд л чухам худонец, кутвианец, ревсомолец гэсэн нэр томъёо гаргаж өөрсдийнхөө ойлголт ба үзэмжээр Монголын удирдлагыг баруун, зүүн болгон хуваажээ. “Намын зүүн ангийн гишүүдийн эрмэлзэх санал” санал хэмээх зүйлийг бичиж мөнөөх залуучуудаар гарын үсэг зуруулан “баруун оппортунистуудын” эсрэг гол баримт бичиг, МАХН-ын цаашдын мөрдөх гол үзэл суртал болгожээ. 20 “зүүнтэн” гарын үсэг доор нь зурсан “Платформа оппозиции в МНРП по вопросам международного и внутреннего положения МНР” гэсэн орос гарчигтай энэ баримтыг зөвлөлтүүд боловсруулан зохиож, буриадууд орчуулж, мөнөөх хөөргөн залуучууд уншжээ. Их хурлын дундуур 1928 оны 11-р сарын 29-нд Москвад БХК(б)Н-ын УТТ хуралдаж Дамбадорж, Жадамбаа нарыг Монголын удирдлагаас үтэр түргэн хөөн зайлуулах эцсийн шийд гаргалаа. Энэхүү эцсийн шийд гаргахаас өмнөхөн нийслэл Улаанбаатарт ирсэн Коминтерний төлөөлөгчид хоорондоо удтал ярилцан маргаж, хэнийг яаж зайлуулах, хэнийг удирдлагад тавих, хэн хэнийг ТХ-ны гишүүн болгох, хэн ямар яамны сайд болох зэргийг нарийн хэлэлцсэн байна. Намын 7-р их хурал 47 хоног хуралдан сунжирч эцэст нь Москвагаас зохион байгуулсан төрийн эргэлт амжилттай хэрэгжсэн юм.

            Хурал дуусмагц Коминтерний тушаал ёсоор “гадаадын капиталыг шахан зайлуулах” бодлого хэрэгжиж эхэллээ. Энэ нь эдийн засгийн харилцаанд Зөвлөлтийн “капиталист бус” нөлөөг бүрэн монопол болгож, бусдыг нь шахан зайлуулна гэсэн үг юм. Энэ үед Монголын дотоод таваарын гүйлгээний 67%-ийг мөнөөх “гадаадын капиталист” капитал эзэгнэж байлаа. 1929 оны байдлаар импортод 9.8%, экспортод 26%-ийг мөнөөх “капиталист” ганзагачин гүйцэтгэх аж. Монгол нь малын түүхий эдээс гадна ангийн үсний гайгүй экспортер байлаа. 1.1 сая тарвага, 7.4 мянган хэрэм, 32 мянган үнэг, 3 мянган чонын арьс зэргийг гадагш гаргадаг байсан нь нийт экспортын 15% гаруйг эзэлдэг байв. Эдгээр болон бусад түүхий эдийг цуглуулахын тулд болж буй чөлөөт өрсөлдөөнд Зөвлөлтийн капитал Монголын зах дээр үргэлж хоёр гурав дугаар зэрэгт орж байв. Ингээд 1929 онд гарын үсэг зурсан “Монгол-Зөвлөлтийн харилцааны үндсэн зарчмуудыг тогтоосон гэрээнд”: Зөвлөлтүүд экспортын гол бүтээгдэхүүн болох түүхий эд, малын болон ангийн арьс үсийг гадагш гаргах “онц эрхийг” улсын мэдлийн болгож, гаргахыг нь хориглоод харин өөрийн Сибгосторг, Дальгосторг, Кожсиндикат, Центрсоюз зэрэг “социалист” пүүстээ түүхий эд чөлөөтэй цуглуулах, онц эрхийг олгуулжээ. Ингэснээр 1925 онд ноосны 86% нь Хятад руу, 13% нь ЗХУ руу экспортолдог байсан бол 1926 онд 76% нь хойшоо, 22% нь урагшаа гардаг болов. Мөн Хаалган, Мүгдэнд байсан Монголын харилцан туслалцах хоршооны салбаруудыг хаав. Хувиараа валют хил гаргахыг хориглов. Дэлгүүр нээх, түүхий эд цуглуулах, хилээр гаргаж оруулах дээр ийнхүү хавчин шахах бодлого явуулсны үр дүнд Монголын гадаад худалдаа эгшин зуур тэр чигээрээ зөвхөн зөвлөлтүүдийн мэдлийнх боллоо.


            Гадныхныг бизнесийн хувьд төдийгүй иргэний хувьд шахах ажиллагааг зэрэгцүүлэн хүчтэй явуулав. 1926 оны бүртгэлээр Хятадын харъяат 2 800, төвдүүд 400 орчим, Герман, Их Британи, АНУ, Дани, Франц, Унгар, Польш, Итали зэрэг улсын иргэн 2700 орчим байжээ. Мөн 1925 онд тоолсноор Гандан, Богдын ордонг оруулалгүй тооцоход монголчуудын хашаа 2 368, орос, хятад, төвд, англи, америк, европчуудын хашаа 1 019 байв. Эднийг яс бүртгээд хөөж туун, явж өгөхгүйг нь хүчээр буцаажээ. 1929 онд зөвхөн Улаанбаатраас 4 000 илүү иргэнийг хөөж явуулсан байна. Дамбадоржийн олж ирсэн герман, швед, данийн мэргэжилтэн ийнхүү уригдаж ирээд хөөгдөж буцлаа. Энд Монголын зах зээлийг ямар ч өрсөлдөгчгүйгээр хүчээр дагнан эзэгнэх гэсэн зөвлөлтүүдийн эдийн засгийн сонирхолоос гадна Монголыг гадаад ертөнцөөс бүрэн таслах гэсэн улс төрийн асар том бодлого зэрэгцэн явсан юм. Чухам энэ бодлогын хүрээнд Дамбадоржийн Герман, Францад сургуульд явуулсан тавиад хүүхдийг 1930 он гэхэд яаралтай дуудаж буцаажээ. Мөн гадаадын сайн дурынхан, тусламжийнхан, сайн санааны элч нар ч хөөгдлөө. Хөвсгөл, Булганд фермийн аж ахуй байгуулж нутгийн ардуудад амьдралаа сайжруулах арга зааж өгч байсан Данийн мэргэжилтнүүд хөөгдөн гараад энэ ажлаа Өвөр Монголд үргэлжлүүлсэн болно.

Ийнхүү Монгол нь гаднаас бүхэн тусгаарлагдсан ба одоо энэ нутаг дээр ямар ч байгалийн болон нийгмийн гамшиг болоход хүн төрөлхтөн мэдэхгүй өнгөрөх бүрэн бололцоотой боллоо. Дараа нь коммуна байгуулж ардын малыг хуу хураасан. Хөрөнгө хураах их ажил өрнөсөн. Гадаадын капиталыг хөөсний дараа түүгээр баяжсан хүмүүсийн хөрөнгийг хураана гэжээ. Дууссаных нь дараа энд тэндгүй барьцсан асуудал гарсан тул Хөрөнгө хураах хоёрдугаар ажиллагаа давтан болсон байдаг. Явсаар 1932 онд иргэний дайн болсон доо. Шийдэм, бороохойгоор зэвсгэлсэн монголын малчин ардын эсрэг танк онгоцоор зэвсгэлсэн Монголын байнгын арми тулалдаж зэрлэгээр даран сөнөөсөн.

Дэлхий ертөнцөөс дал шахам жил таслагдсан Монгол оронд гадаадын хөрөнгө оруулалтын тухай яриа дөнгөж 1990 оноос дахин амилсан. 1990-2004 оны хооронд Монголын ерөнхийлөгч, ерөнхий сайд, УИХ-ын дарга нарын гадаад айлчлал болон хурал зөвөлгөөнд хэлсэн үгэнд гадаадын хөрөнгө оруулагчдыг Монголд орж ирэхийг уриалсан урилга 200 орчим удаа дурьдагдсаныг хэн нэг нь тоолж амжижээ. Гэвч энэ хооронд дорвитой гэж хэлэгдэхээр хэн ч орж ирээгүй юм.

2011.10.17