“Ярилцъя” наадмын дугаарын хүндэт зочныхоо хамт та бүхэнтэй мэндчилж байна. Баяр наадмын энэ өдөр та  бүхний сэтгэлийн хойморт  Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД чин сэтгэлийн халуун мэндчилгээтэйгээ хамт заларч байна. Хүлээн авна уу.

-Монгол түмний үндэсний их баяр наадам болох гэж байна. Энэ жил олон ой давхацсан, арай онцгой наадам болно гэж хүмүүс их догдолж байгаа бололтой. Та хэрхэн яаж наадамлах гэж байна. Бэлтгэл хангачихсан уу?

-Энэ жил их сайхан жил болж байна. Түүхт талаасаа Монголын тулгар төр байгуулагдсаны 2220 жил, Их Монгол улс байгуулагдсаны 805, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жилийн ой, Ардын хувьсгалын 90 жилийн ой, дээр нь энэ жил Монгол улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсны 50 жилийн ой гээд  олон сайхан ой тохиож байна.   Энэ дотроос онцлох нь долдугаар сарын 11- нд болдог манай ард түмний үндэсний их баяр наадам. Энэ баяр бол ардын хувьсгалын, Монгол Улсын тусгаар тогтнолын баярын өдөр.  Тийм учраас ард түмэн маань ч догдлон хүлээж байдаг. Ер нь их ой гэдэг бол бусдаас өөр л дөө. Эрийн гурван наадмын хэмжээ дамжаа ч өөр болоод явчихдаг.

-Сүр хүчээрээ юү?

-Сүр хүчээрээ ч, тоо хэмжээгээ­рээ ч,чансаа агуулгаараа ч өндөрлөг өдрүүд болж өнгөрдөг. Наад зах нь  512 биш 1024 болж, уралдах морьдын тоо нэмэгддэг. Эрхий мэргэн харваачид маань ч ойн жилийн түрүүг авах юмсан гэж хичээдэг. Тэр агуулгаар ойн наадамд түрүүлсэн бөхийн цол  ч гэсэн ч тэр наадмын бай шагнал ч тэр өөр байдаг шүү дээ. Ерөөсөө л өөр өдрүүд болж өнгөрдөг. Яагаад гэвэл ойн жил юм чинь. Энэ бол эргэж  тохиохгүй их ойн жил шүү дээ. Тэр утгаараа Монголын ард түмний их ойн жил. Иргэн бүрийн, хүн бүрийн их баяр цэнгэл. Мэдээж хэрэг албан ёсоороо Монгол төрийн их баяр наадам. Тийм болохоор Ерөнхий сайдын хувьд  ч, Монгол Улсын нэг иргэний хувьд бусдын  нэгэн адил баярлаж наа­дахаар зэхэж байна. Гэр бүлээрээ баярын  сайхан сэтгэгдэл тээж, тэр агаар сэлтийн дор бэлтгэлээ базааж байна даа. Дээлээ бэлдэж байгаа, эхнэр маань дээлээ бэлдээд л, ямар малгай өмсөх вэ өвгөөн гээд асууж байна лээ. Монголын ард түмэн бол баяр наадмаа сайхан баярлаж тэмдэглээд ирсэн уламжлал заншил­тай ард түмэн. Тэр заншлаараа ойн их баяр наадмаа улам өргөн дэлгэр хийнэ. Сайхан баяр наадам болноо. Улс орны маань амьдрал ч их сайхан байна шүү дээ.

-Та бөх үздэг юм уу?

-Үзэлгүй яахав. Та ста­дионд очдоггүй байх л даа. Тавын даваанаас хойш  би гэр бүлтэйгээ хамт яс  сууж үздэг. Арван хэдэн жил бид ста­дионд бөх үзэж байгаа. Миний сүү­лийн жилүүдэд байнга хамт сууж үзэж байгаа нэг үзэгч бол УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ л дээ. Бид хоёр цуг сууж, хоорондоо  ярьж үздэг. Би ерөөсөө багаасаа бөхөд хорхойтой. Миний найз хоёр ихэр начин байдаг. Ло.Эрхбаяр, Ло Энхбаяр гэж. Тэ­гээд найз нараа дагаад ба­гаасаа бөхөд хорхойтой бол­чихсон. Би чинь бөхийн хол­бооны ерөнхийлөгчөөр 10 жил ажилласан хүн шүү дээ. Спор­тод ерөнхийдөө их хорхойтой. Тэр дундаа бөхийг их дэмждэг. “Алтайн барс” гээд бөхийн дэвжээтэй байсан.

-Тийм үү. Эртний бөхийн хорхойтон байсныг мэд­сэнгүй?

 -Д.Сумъяабазар аварга, их аварга Д.Дагвадорж нар  манай дэвжээний тамирчид байсан. Энэ клубээс л аваргын алдар хүндэд хүрсэн зам нь улбаатай даа.

-Энэ жил шинэ аварга тө­рөх болов уу. Танд харж байгаа бөх байна уу?

-Байлгүй яахав. Ер нь наадам их сайхан болно оо. Өрсөлдөөнтэй ч болно. Залуу­чууд их сайхан өнгөлөг, өрсөл­дөөнтэй, хүчтэй байна билээ. Би шинэ залуу, олон цол­тонгууд төрсөн сайхан наадам болно гэж бодож байгаа.  Дээр нь манай их аваргууд, том цолтонгууд бол ойн жилийн наадамдаа их нухацтай бэлт­гэж байгаа байх. Тэгэхээр наадмын бөхийн барилдаан бол өрсөлдөөнтэй болно гэж бодож байна. Дээр нь цаг агаар ч нар хур тэгшрээд сайхан болж байна. Наадам  гэдэг бол бас цаг агаартай их холбоотой шүү дэ. Хур бороо их орж байна. Олон аймаг сум өөрийн ойг тэмдэглэх гэж байгаа. 11 аймаг энэ жил тэгш ойтой. Тийм учраас энэ жилийн наа­дам илүү өргөн дэлгэр болох төлөвтэй байна.

-Наадам ярьсан чинь гоё байна шүү. Одоо ажил хэргийн асуултууд руугаа орох уу?

-Тэгье.

-Хамгийн сүүлийн чухал мэдээлэл Тавантолгой. Тэгэхээр Тавантолгойн орд газрыг ашиглах хө­рөнгө оруулагчдыг зар­лачихлаа. Гэвч би хувь­даа хүнд л нөхцөл үүслээ гэж харж байна.  Хэлэл­цээрийн ширээний ард гурван их гүрний нэгдэл ирээд суучихлаа. Гэтэл Тавантолгойн ордын ашиглалтын эдийн зас­гийн тооцоог монгол­чуудад үзүүлээгүй байна. Тэд л хоорондоо ярил­цаж байна гэсэн үг. Энэ сэдвээр хоёулаа яриагаа үргэлжлүүлэх үү?

-Тавантолгойн орд газар гэдэг бол Монгол Улсын хөг­жилд  асар том хувь нэмэр  оруулах том төслүүдийн нэг. Эрдэнэт үйлдвэр үүссэн ца­гаа­саа хойш манай эдийн засагт их том хувь нэмэр орууллаа. Дотоодын нийт бү­тээг­дэхүүний бараг 35 хувь, экспортын 50 гаруй хувийг дангаараа авч явж, төсвийг бүрдүүлдэг ийм том аж ахуй нэгж байж ирсэн. Оюутолгойн төслийг бид маш  олон жил ярьж байгаад  2009 онд  гацаа­наас гаргаж ажлыг нь эхлүүл­лээ.  Өнгөрсөн  оны дөрөвдү­гээр сард л арваад жил тойрсон  энэ том төслийн барилгын ажлыг эхлүүллээ шүү дээ.  Өөрөөр хэлбэл арваад жил яриад эхлүүлж чадахгүй явсан энэ төслийг хоёрхон жилийн дотор шийдэж галт тэргээ замд нь гаргалаа. Ажил нь одоо явж байна. Ирэх жил ашиглалтад орно. Тэгэхээр бид яриад л, хэрэлдээд л суугаад байх уу. Улс орныхоо хөгжлийн төлөө шийдвэрүүдээ гаргаад, ажил болгоод явах уу.  Энэ хоёрын ялгаа гарч харагдаж байгаа биз. Ажил болгоод эхэлчихсэн юм чинь  мэдээж  үр дүнгээ өгч таарна. Нөгөө л урьдынхаараа алаагүй баавгайн арьсыг ху­ваа­гаад суугаад байсан бол байдал ямар байх байсан бол. Оюутолгой бол Эрдэнэтээс тав дахин том. Тэгэхээр Эрдэнэт ямар хэмжээний ачаалал улс орныхоо эдийн засагт үүрч байсан нь ойлгомжтой. Одоо Оюутолгой тав дахин том ачаа­лал үүрэх нь. Тэр хэмжээгээр нь эдийн засаг тэлнэ. Энэ төслийн эдийн засгийн үр өгөө­жийн  57-58 хувийг  Монгол Улс авна. Татвараар, ногдол аш­гаар, бас бусад хэлбэрээр эдийн засгийн үр өгөөжийг  нэмэгдүүлэх боломжтой. Бид үе шаттайгаар зээлийн хүүг бууруулж байна. Хөрөнгө оруу­лагчдын төвшинд зах зээлийн горимын дагуу асуудлаа та­виад улам  сайжруулаад явах  боломж байна. Гэхдээ хамгийн гол  нь ажил эхэлж байгаа нь. Үйлдвэр ашиглалтанд орох нь бидэнд илүү чухал.

-Оюутолгойг хангалттай ярьсан болохоор шууд Тавантолгойгоос асуул­таа эхэлж тавьсан юм. Гэтэл?


-Энэ тухай яг одоо ярих гэж байна л даа. Тавантолгой гэдэг бол бүр өөр зүйл. Тавантол­гой­гоор бол монголчууд бид мар­гаашдаа сайхан амьдрах  хөрс сууриа тавьж байна. Эдийн зас­гийн эргэлтэнд  хурдан л оруу­лах юм бол Оюутол­гой­гоос илүү үр өгөөжөө өгнө. Энэ нэгдүгээр ач холбогдол нь. Хоёрдугаарт, энийг  шийдэхдээ Монгол Улс өөрийнхөө өмчийн эзэн шиг шийдэж байгаа.Харин үүнийг зарим нэг хүмүүс са­наатайгаар ард түмэнд буруу ойлгуулах гэж оролдож байх шиг байна. Бодит байдал гэвэл   Тавантолгойн орд газар, түү­ний лиценз эзэмшил бүгд 100 хувь Монгол Улсын мэдэлд, Монгол төрийн мэдэлд, Мон­голын ард түмний мэдэлд байгаа. Өөр хэнд ч очихгүй. Хэнд ч эрх нь шилжихгүй. Гуравдугаарт, Тавантолгой дээр бол хоёр уурхай явна. Нэг нь зүүн Цанхи дээр, Монголын “Эрдэнэс Тавантолгой” гэдэг компани гэрээгээр олбор­лол­тоо  хийлгээд ажиллуулна.  Энэ нь тендерээр гэрээт олбор­лог­чийг шалгаруулаад борлуулалт өөрөө хийнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл монголчууд зүүн Цан­хийн уурхайгаа өөрсдөө хийж, өөрсдийн туршлагыг бий бол­гож, чанар чансаагаа бас үзнэ. Яг Ухаа худаг дээр “Энержи ресурс”-ийн хийж байгаатай адилхан зарчмаар монголчууд энд хийнэ гэсэн үг. Баруун Цан­хи дээр нь 30 жилийн гэ­рээ­гээр бидэнтэй харилцаатай гол стратегийн түншлэгч ор­нуу­дынхаа төлөөлөлийг орол­цуул­сан ийм консорциумыг УИХ-ын тогтоолын дагуу шал­га­руулаад явж байна. Олбор­лолтыг нь хийлгээд, борлуу­лал­тыг нь хийлгээд ажиллуул­на. Энэ дээр ахин хэлэхэд ли­ценз шилжихгүй. Зарим хүмүү­сийн болгоомжилж, санаа зовж  байгаа шиг  нөөц нь дуусахгүй. Яагаад гэвэл бид олборлолт дээр нь квот тогтооно. Магадгүй жилд 20-30 саяыг олборлоё гэж тооцъё. Тэгэхэд 30 жил хийлээ гэхэд 600-900 сая тонн л нүүрс олборлоно шүү дээ. Манай Тавантолгойн одоогийн байд­лаа батлагдсан нөөц нь 6,4 тэр­бум тонн. Цаашдаа  7,5 тэрбум болно  тооцоо байгаа. Илүү  нэмэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр бид стратегийн хөрөнгө оруу­лагч нараар уурхай байгуу­лаад,   тодорхой нөөцийнх нь жаахан хэсэг дээр ажил­луу­лаад л гэрээ дуусна. 30 жилийн гэрээ шүү дээ. Гуравдахь зүйл  бол мэдээж хэрэг тэд бүх татвараа Монгол Улсын хуу­лийн дагуу төлнө. Гаднын хө­рөн­гө оруулагч нартай ажил­лаж байгаа зарчмуудыг манай­хан бас сайн харж ойлгох хэ­рэг­тэй. Ямар нэгэн өмчлөл шил­жихгүй, татварын ямар нэгэн хөнгө­лөлт байхгүй. Мон­гол Улсын хууль дүрмийн да­гуу бүх төр­лийн татвараа бүрэн төлнө. Дээр нь бид эдийн зас­гийн боломжуудыг бас нэмж тэд­нээс авч байгаа юм. Урьд­чил­­гаа төлбөрүүдийг авч бай­гаа юм. Мөн нэмэлт түрээсийн төлбөр авч байгаа юм. Эдийн засгийн үзүүлэлтээрээ илүү ач холбогдолтой ийм ийм үйл ажиллагаа хоёр дахь хэсэг дээр нь явж байгаа юм. Улс­төрийн хувьд бид Орос, Хятад, Америк болон Япон, Солонгос болон бусад түншүүдийгээ энэ хамтын ажиллагаанд санхүү менежмент, технологи талаас нь орох боломжийг  бас бүр­дүүлж байгаа. Үүнийг дагаад эдгээр улсуудтай тогтоосон улс төрийн болон эдийн зас­гийн харилцаан дээрээ том дэвшил гаргаж байгаа. Нүүрс бол өөрөө экспортын бүтээг­дэхүүн. Зах зээл, төмөр зам, төмөр замын гарцууд, үнэ  тариф, далайн гарц, худалдаж авах орнууд энэ бүх зүйлүүд бол мэдээж дахиад л бидний гадаад орчноос хамааралтай шүү дээ. Бид гадна түншүүд­тэйгээ тохирох ёстой. Энэ их амаргүй, хүнд ажил. Гэсэн ч энэ том улс орнуудтай тохирох ажлыг Засгийн газар богино хугацаанд  үр дүнтэй явуулж байгаа нь манай Засгийн газ­рын гарцаагүй амжилтын нэг. Тавантолгой дээр бидэнд ал­даж байгаа юм байхгүй. Ганц­хан юм энэ том төслийг хурдан эргэлтэд оруулах тус­маа л эдийн засагт хэрэгтэй. Одоо ингээд хаа нэгтэйгээс амаараа уралдуулсан төгс төгөлдрийг яриад, танин мэ­дэхүйг яриад, улс төр хийгээд  энийг зог­соосноор монголын ард түмэн хожихгүй. Монгол Улс хо­жихгүй. Хэсэг хүмүү­сийн улс төр популизм болс­ноор энэ ажил явахгүй. Өнөө­дөр бид улс төрөө ярихын зэрэгцээ эдийн засгийн чухал  асуудлаа ший­дэх хэрэгтэй байна. Бид 20 жил ажилгүйдэл, ядуурал гэдэг үгнээс салсан­гүй. Ажилгүйдэл, ядуурал гэдэг үгэн дээр улс төр хийдэг  явдал бараг жишиг болчихсон. Үүнийг  шийдэхийн төлөө бид ажиллаж байна. Ажилгүйдлийн төвшин буурч өгөхгүй байна, ядуурлын төв­шин буурсангүй л гэж шүүмж­лээд байна. Үүнийг шийдэх ёстой. Үүнийг бодитой том төслүүд эргэлтэнд орс­ноор, түүнийг дагасан дэд бүтэц, түүнийг дагасан үйлд­вэрлэл, мөн бусад салбар, жижиг дунд үйлдвэр, хөдөө аж ахуй хөгж­сөнөөр л бид шийднэ. 

-Ер нь та хийсэн гэрээн­дээ  нэлээн сэтгэл ханга­луун байгаа юм байна. Ингээд Тавантолгойн орд газрыг ашиглах хө­рөнгө оруулагчдыг зар­лачихдаг юм байж.  Харин тэднийг ямар шалгуу­раар сонгосон бэ гэдэг асуултанд хариулахгүй юу?

-Шалгуурыг ҮАБЗ, УИХ-аас тогтоож өгсөн. Түүнийг хатуу удирдлага болгон ажилласан.

-Цаана нь бас улс төрийн талаас нь харах давхар зүйл мэдээж зөндөө бай­гаа байх л даа?

-Зайлшгүй харна. Нүүрс гэдэг бол бүс нутгийн экспор­тын бүтээгдэхүүн. Бид хоёр хөршөөрөө дамжуулж төмөр замаар зөөнө. Мэдээж бид нүүрсээ бүр саран дээр аваа­чиж өгөхгүй нь ойлгомжтой. Хамгийн ойрхон том зах зээл дээрээ л зарна. Тэгэхээр Тө­мөр зам, далайн гарц, зах зээлийн хэрэглээ гэсэн энэ үзүүлэлтүүдийг тооцно шүү дээ. Тийм учраас хоёр хөрш орноо зайлшгүй тооцох ёстой. Тооцохгүй байх боломжгүй. Зөвхөн хоёр хөршөөс гадна бидэнд гуравдахь хөрш гэсэн том гадаад бодлогын үзэл баримтлал байдаг. Гуравдагч хөршөө бид тэнцвэржүү­лэг­чээр оруулах ёстой. Тэгэхээр энэ улс төр, геополитикийн гэж хэлж болох эдгээр тооцоонууд бол гарцаагүй хийгдэнэ. Энэ бол тийм хэмжээний том тө­сөл.

-Үнэндээ бол эдгээр том төслүүд тойрсон улс тө­рөөс хэн хүнгүй залхсан. Бид хөгжлийнхөө галт тэргийг хөдөлгөж чад­лаа гэж харцгааж байгаа. Ажил­гүйдэл ядуурал хоё­рыг амны уншлага болгохоо больж юмаа хө­дөлгөе, ажлаа явуулъя гэж ярьдаг бол­сон. Энэ бол сайн зүйл. Одоо Тавантолгой хө­дөл­лөө. Харин  хувь­цаагаа хэзээ яаж  гаргах вэ. Иргэд бид хувьцаа­ны үр дүнг  хэдийнээс хүртэх бол?


-Хэзээ хөдөлгөнө, тэр өд­рөөсөө эхлээд авах хугацааны тоолуур эргэж  эхэлнэ. Байхгүй юмны хувьцаа гэж байхгүй ш дээ. Бий болчингуут авах юмны хувьцаа бий болно. Таван­толгой хөдөллөө л бол хувь­цааны үнэлгээ  бий болно.  Тийм учраас Тавантолгойг хөдөлгөж байгаа нь хувьцааг бодитой, үнэтэй болгож байна   байна гэсэн үг.

-Түрүүчийнхээ асуултыг дахиад тавимаар байх юм. Хэлэлцээрийн ширээний ард гурван том гүрний нэгдэл ирээд суулаа. Гэвч Та­ван­толгойн ордын ашиглалтын эдийн засгийн тооцоог  монголчуудад үзүүлээгүй байна. Тэд хоорондоо л ярьж байна гэж асуусан?


-Тэд нар хоорондоо ярих боломж­гүй л дээ.  Наадах чинь буруу ойлголт бай­на. Хариуцлага гэж ойлголт мэ­дээж байна. Нэгдүгээрт, Засгийн газар ха­риуцна. Хоёрдугаарт, Төрийн өм­чийн хороо, Эрдэнэс Тавантолгой гэдэг компаниуд энэ төслийг боловсруулж бай­гаа юм. Үүнийг боловсруулахдаа бид мэргэжлийн, хөндлөнгийн Олон улсын банк санхүүгийн байгууллагыг авч ажиллуулж байгаа.  Дэлхийд нэр­тэй дөрвөн том банкийг зөвлөхөөр ав­сан. Мэргэжлийн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, уул уурхайн яг энэ сал­барынх нь зөвлөх компанийг  зөв­лөхөөр авч байгаа юм. Энэ нөхцөл нь юун дээр үндэслэсэн юм гэхээр, Мон­гол Улсын Их хурлаас баталж өгсөн олон улсын консерциумыг нэгтгээд нэг талд нь ажиллуулах , нэг талд нь опе­­ратор  ажиллана гэсэн тогтоолын да­гуу Засгийн газар үйл ажиллагаа явуулж байгаа. Тийм учраас цаана нь гур­­ван гүрэн ярьж байгаад бидэнд нөх­­цөл тулгах  тухай асуудал байхгүй. Өө­­рөөр хэлбэл, Монгол Улс өөрийн­хөө бод­логоор хөтөлж төслөө  явуулж бай­­­гаа. Хардах ямар ч асуудал байхгүй. 

-Ойлголоо. Дөнгөж сая л хө­рөнгө оруулагчдыг  зарлалаа. На­рийн сайтар тайлбарлах хугацаа бас гараагүй байхад бидний яриа өрнөж байна л даа. Гэхдээ л газрын доорх нүүрсний хэдэн хувийг хэн хэн авах тухай бидэнд ямар ч мэ­дээлэл алга. Ийм байдалд бас танд талархаж чадахгүй байна л даа?

-Дөнгөж сая болсон үйл явдал учраас олон нийтэд сайтар тайл­бар­лах цаг хугацаа гараагүй байна. Манай аж­лын хэсэг энэ  дээр ажиллаж бай­гаа. Н.Алтанхуяг тэргүүн Шадар сай­даар ахлуулсан, мөн Ч.Хүрэлбаатар сайд, Х.Баттулга сайд, С.Баярцогт сайд, Д.Зоригт сайд нар орсон Зас­гийн газрын ажлын  хэсэг, дор нь Эрдэ­нэс Монгол, Төрийн өмчийн хороо ор­сон ажлын хэсэг ажиллаж байгаа юм. Энэ ажлын хэсэг  33 удаа хуралдсан гээд бод. 33 удаа шүү. Засгийн газар энэ асуудлаар дөрвөн  удаа хуралд­сан. Зөвхөн энэ асуудлаар ажлын хэсэг 33 удаа хуралдсаныг дүгнээд, мөн яриа хэлэлцээний явцыг сонсч дүгнэж байж, Засгийн газар дөрвөн  удаа хуралдаж, энэ шийдлийг гаргаж байгаа юм. Одоо үүнийгээ бид Үндэс­ний аюулгүй байдлын зөвлөлд танил­цуул­на. Үүний дараа УИХ-д танил­цуулна. Ийм үе шаттай явна. Процесс бол Монгол Улсын хууль тогтоомжид заасан ёсоор, УИХ-аас гарсан хууль тогтоомжийн дагуу явж байгаа. 

-Хөгжлийн банкны үүдийг нээ­гээд удаагүй байна. Энэ  банкин дээр юу болж байна вэ. Санхүү­жил­т­ын тал дээр ямар нэг асуудал үүссэн үү?

-Улс орны маань хөгжил дараа­гийн том үе шат руугаа орж байна. Тэгэхээр эдийн засгийн эргэлтэд орох уул уурхай, бусад үйлдвэр, хө­дөө аж ахуй гээд энэ олон салбар бүгд арилжааныхаа  горимоор л  явна. Гэтэл төр, засаг гарцаагүй онцгойлон анхаарал тавих салбар бас байна. Тэр бол  дэд бүтэц .Төмөр зам,  авто замын аль алийг барих ёстой юу, барих ёстой. Авто замыг арилжааны гори­моор барина гэдэг бол бас хэцүү . Төмөр замын хувьд  асар том хөтөл­бөр. Оюутолгой, Тавантолгой шиг хур­дан хөрөнгө оруулалтаа  эргээд шууд нөх­чихгүй шүү дээ. Гэтэл бид  уул уур­хайгаас орох ашгаасаа  бас орон сууц­ны том хөтөлбөрүүдээ  юуны өмнө хэрэгжүүлэх ёстой байдаг. Хот хөдөөгүй энэ ажил  хийгдэх  ёстой. Тиймээс  шинэ бүтээн байгуулалтын энэ  том том төслүүд, үндэсний хэм­жээ­ний хөтөлбөрүүдийг зөвхөн арил­жаа­ны горимоор  биш, төр засаг, тө­рийн бодлогоор дэмжлэг үзүүлж, сан­хүүжилтийг нь шийдэж явах  ёстой бай­даг. Үүнийг шийддэг практик  дэлхийн улс орнуудад ялангуяа Азийн бар ор­нууд бүгдэд нь байна. Бүгдээрээ Хөгж­лийн банк гэдэг бүтцийг бий болгож , санхүүжилтээ шийдэж иржээ.  Солон­гос, Сингапур, Тайланд, Малайз ч тэр. Эд­гээр орны хөгжлийн  банкууд нь тө­рөөсөө баталсан үндэсний том хөтөл­бө­рүүдээ  санхүүжүүлдэг. Энэ зарч­маар  бид төрөөс баталсан хөгжлийн том түлхэц тулгуур болсон дэд бүт­цийн хөтөлбөрүүдээ санхүүжүүлэх зо­рилготойгоор энэ банкийг байгуулж байгаа юм. Засгийн газраас баталсан том хөтөлбөрүүдээ санхүүжүүлэх эх үүсвэрийг бид шийдсэн.   800 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргах энэ эрхийг  Хөгжлийн банкинд олгосон байгаа. Хөгж­лийн банк үйл ажиллагаагаа эх­лүүлэх шатандаа орж байна. Ийм том хэмжээний хөтөлбөрүүдийг хийх, тэрний боловсруулалтыг , тэр мэр­гэ­жилтэй боловсон хүчнийг сонгон шалгаруулж ажиллуулах, мөн үүнийг төлөвшүүлэх ажилд тодорхой хугацаа шаардана. Тавиад л маргааш нь сал­хи шиг ажиллана гэж байхгүй. Энэ процесс эхний шатандаа явж байна. Манай хамтарсан Засгийн үед эдийн засгийн шинэтгэлийн хэмжээний том асуудлууд шийдэж чадсан нь өөрөө чухал. Одоо нэгэнт галт тэрэг хөдөл­чих­сөн учраас цаашаа явах нь тодор­хой. Галт тэргийг хөдөлгөхгүй байх нь их хортой байгаа байхгүй юу. Хөдөл­гөх нь өөрөө чухал. Бидний хамгийн том амжилт бол энэ бүх зүйлийг хөдөлгөж чадсан маань. Одоо ажил­луулах, тасалдуулахгүй байх, үр дүнд хүр­гэх нь төр засаг,  нийгэм ард түм­ний хамтын хариуцлага.

-Хөрөнгийн бирж дээр маш том шинэчлэлт хийж байгаа.  Лон­донын хөрөнгийн биржтэй хам­тарч ажиллаж байна. Энэ жил хэр явж байна?

-Хөрөнгийн бирж гэдэг бол зах зээлийн эдийн засгийн шинэтгэлийн бас нэг том механизм. Зах зээлийн эдийн засаг бол хоёр том баганан дээр тогтож байдаг. Нэг нь банк санхүү, нөгөөдөх нь хөрөнгийн зах зээл. Манайх бол сонгодог утгаараа банк, санхүүгийн харилцаа  бол нэлээн хүчтэй хөгжчихсөн. Хөрөнгийн зах зээл бол жинхэнэ утгаараа  бол хөгжөөгүй. Нэр нь байгаа зарим үйл ажиллагаа байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ жинхэнэ утгаараа бусад улсын хөрөн­гийн биржтэй нэг цаг дээр дэлхийн стандартыг хангасан, менежмент үйл ажиллагаа, дэд бүтэц, эрх зүйн зохицуулалт энэ бүх зүйл нь байхгүй. Ер нь дэлхий дээр зах зээлийн ор­нуудын төр, хувийн бизнесийн  сан­хүүжилтын харьцаа бол  банк сан­хүү­гээс 50 хувь, хөрөнгийн зах зээлээс 50 хувь нь шалтгаалж байдаг. Манайд  банк санхүү  нь 98 хувь нь, хоёрхон хувь нь хөрөнгийн бирж дээр байгаа. Га­жуудал байнаа гэсэн үг. Нэг үгээр хэл­бэл, хөрөнгийн зах зээлээр ажил бос­годог ийм механизм манайд байх­гүй байна.  Энэ бол гэрийн тооныг  до­роос нь хоёр том баганаар түшиж бай­даг­тай адил ойлголт . Үүнийг бид нар ший­дэх ёстой. Ингэж байж  зах зээ­лийн эдийн засгийн шинэтгэлийг сон­годог утгаар нь хэрэгжүүлнэ. Тэгэхээр хөрөнгийн зах зээл  нэг дугуй нь. Энэ дугуйг тавьж өгөх ёстой байсан. Тавьж өгөхдөө стандартын дугуй тавихгүй бол банкны дугуй нь их том дугуй, зах зээлийн дугуй нь  жижиг дугуй бол таарахгүй ш дээ. Тэгэхээр зах зээ­лийн утгаар нь зохицсон стандарт ду­гуй тавьж өгөх ёстой. Тэр стандарт  ду­гуйг  нь   Лондонын хөрөнгийн бирж оруулж өгөх хэлэлцээрийг бид хийсэн.  Бид Лондонын хөрөнгийн биржтэй  та­ван жилийн менежментын гэрээ хий­сэн.  Тэгээд суралцаад, тодорхой хуга­цааны дараа монголчууд өөрсдөө юмаа авч явж чаддаг болно. Энэ жил гэхэд манай 60-80 хөрөнгийн зах зээлийн ажилтнуудыг Лондонд аваа­чиж сургаж байна. Энэ бүх ажлыг  эц­сийн эцэст хүн л хийнэ. Хүнээ л сур­гах хэрэгтэй байна.

Жинхэнэ утгаар нь Хонконгийн, Нью- Йоркийн, Лон­донгийн хөрөнгийн биржтэй ижилхэн ажил­ладаг, нэг төвшний  цусны эр­гэлт­тэй болчих юм бол манай хөрөн­гийн бирж босно.  Үүнийг дагаад ма­найд шинэ соёл, шинэ зах зээлийн зохи­цуулалт  орж ирнэ. Сингапур, Хон­­кон­гийн түүнчлэн Нью-Йорк, Канадын  хөрөнгийн биржийн анхдагч нь   Лон­дон­ын хөрөнгийн бирж гэж үз­дэг.Зөвхөн хөрөнгийн бирж ч биш бо­ловсрол, зах зээлийн тогтолцоогоо ч Син­гапурын хувьд Лондонгоос авчих­сан байх жишээтэй. Тиймээс бид бус­дын хөгжлийг гайхах биш харин  гадны технологи, банк санхүү зах зээлийн чиглэлээр сайн юмыг нь аваад, хая­хыг нь хаяад урагшаа хөгжих учир­тай.   Мэдээж монгол үндэснийхээ онц­л­огийг хадгалах юм бидэнд маш их байгаа. Гэтэл үүнийг зарим хүн хольж, хутгаад үндэсний үзэл яриад байдаг. Ингэхдээ ард түмний нэр барьж, улс төр хийдэг. Харин ингэхийн оронд аливаа асуудлыг ул суурьтай, мэдлэгтэй, зөв ярьж ялгаж салгах хэрэгтэй.  Ер нь манайд дутагдаад байгаа нэг юм бол үндэслэлтэй, мэдлэгтэй, тэр үндэслэл нь бодитой, тодорхой  судалгаан дээр тогтсон ийм хэлбэр агуулга. Бид нар хийрхэл, омогшил, тэгээд популизм, улс төр дөрөв дээр амьдраад 20 жил яв­лаа.Тэгэхээр энэ хэлбэрээсээ гарах цаг болсон.  Зангараг, улс төр, попу­лизм, ард түмэн, эх орон гэх зэрэг  үгсийн ар талд  хариуцлагагүй бай­дал л нуугдаж ирлээ.  Судалгаагүй бай­дал, шинжлэх ухааны бус элдэв хийс­вэр үндэслэлүүд гаргаж тавьж нийгмээ хөөрөгддөг,  хариуцлагагүй байдал байна.  Үүгээрээ олон түмнээ  тэжээсээр  байгаад тэрнийхээ үр дага­варт  ажилгүйдэл, ядуурал, авилгал, хээл хахууль гэдэг юмнаас салж ча­дахаа байчихсан. Хөрөнгийн зах зээ­лийн  энэ сайн цаг руу ороод ирэхээр хүс­сэн хүсээгүй тунгалаг зохицуу­лалтад орж эхэлнэ. Бид ийм ме­ханиз­маа хийх ёстой байна. Одоо бидний хувьд ярих, хоосон хэрүүл маргаан дэгдээх биш, ажил хийхийг хөдөлмөрлөхийг  Монголын ард түмэн төр засгаасаа, мөн өөрсдөөсөө шаар­дах цаг болсон гэж бодож байна.

-Ямартай ч Монгол гэдэг улсын дээр нэг гэрэл асчихаад бусдын анхаарлыг татан анивчиж эхэлсэн байна. Бид том гүрнүүдийн анхаа­ралд өртөж эхэллээ. Эдийн засаг нь хурдацтай хөгжиж байна. Инф­ляци нэг оронтой гарлаа. Энэ бүх мэдээ хүмүүсийн чихэнд таатай бууж байгаа юм шиг байна. Мэдээж Засийн газар ялангуяа Ерөнхий сайд таны зүгээс нэлээд хүчин чар­майлт гаргасан нь ойлгомжтой?

-Баярлалаа. Ер нь бол манай эдийн засаг нэлээн өсөх хандлагатай болчихлоо. Энэ нь  зөвхөн  Ерөнхий сайдаас хамаарсан хэрэг биш л дээ.  Мэдээж УИХ-аас авч хэрэгжүүлж байгаа бодлогууд  нөлөөлж байгаа. Нөгөө талаасаа бас бидний хөгжлийн дотоод фактор гэж байна.  Хөдөө аж ахуй, аялал жуулчлал, хөнгөн үйлдвэ­рийг хөгжүүлэх суурь байна. Өнөө­хөн­дөө эхний үед нь чирж явах уул уур­хайн салбар гараад ирлээ. Ер нь манай улс төлөвшөөд эхэлж байна. Бидэнд асар их дотоод нөөц баялаг байна. Хоёрдугаарт, юу байна гэхээр харь­цан­гуй боловсролтой, идэвхтэй бү­тээлч сэтгэлгээтэй ард түмэн байна. Манай ард түмэн бол тийм ард түмэн. Төр засаг нь зөв залаад, энэ сэтгэл­гээг нь өрнүүлэх асуудал  л чухал. Үүнийг   бид хийх ёстой . Мэдээж зөв­хөн   төр,  засаг ч  биш хэвлэл мэдээ­лэл  үүнийг хамт  хийх ёстой. Тэгвэл бид­ний явж байгаа  ардчилсан нийгэм, зах зээлийн харилцааны энэ тогтол­цоо илүү төгөлдөржинө. Бүс нутагтаа Мон­гол Улс   боломжийн, улс төрийн тог­толцооны хувьд ч гэсэн бид нар ха­маагүй дэвшилттэй явж байгаа.  Төр засаг нь, иргэний нийгэм нь өөрөө идэвх­жээд, төр болон  нийгмийн харил­цаа ойртож байгаа. Нэг нэгэндээ хя­налт тавих нөхцөл боломж нь, хамтран ажиллах боломж нь бүрдэж байна.  Энэ бүхэн бидэнд асар их дотоод давуу талыг бий болгож байгаа юм. Гадаад орчин ч   таатай байна. Эдийн засгийн хувьд манай баялгийн үнэ ханш өндөр,  бас том зах зээлүүдийн хажууд байна.  Манай уул уурхайн салбарыг со­нирхож байгаа  улс орнуудын со­нирхол улам өндөр болж байна,  мэ­дээллийн технологи, банк санхүүгийн сал­бар бидэнд их ойртож эхэллээ. Гадаад фактор  бол манай эдийн зас­гийн хурдасгагч болж чадах хэм­жээнд байж байна. Дотоод гадаад энэ хоёр сайн нөхцөл байдлуудыг  нэгтгээд хөгж­лөө хурдасгах ийм боломж  бай­гаа юм. Манай хамтарсан Засгийн газар  хоёр жил арай хүрэхгүй хуга­цаанд ажиллаж байна. Үзүүлэлтүүд сайн гарч эхэлж байгаа нь сайн хэрэг. Зөвхөн гадаад худалдааны эргэлт гэхэд манайх эрс нэмэгдэж байна. Бүр  хэд дахин нэмэгдэж байна. Гаа­лийн удирдлагууд надад тооцоо хэлж байсан. Манайх урьд хожид бай­гаагүй орлогыг гаалиас хураан авах нь. Тэгэхээр бидний эдийн засгийг идэвх­жүүлэх, тэр идэвхжилт нь богино хугацааны биш урт хугацааны, тогт­вор­той, ойлгомжтой, өрсөлдөх чад­вар­тай байх юм бол энэ идэвхжилт улам хурдална. Улам эрчтэй явна. Хята­дын эдийн засаг эрчимтэй хөгжиж байгаа шиг, бусад Азийн баруудын эдийн засаг эрчимтэй хөгжиж байгаа шиг.  Эдийн засгийн өсөлт  өнгөрсөн онд 6,1 байсан. Энэ оны эхний байд­лаар 9,7 хувьтай болчихсон байна. Өнгөрсөн онд бид яагаад 6,1 байсан гэхээр арваад сая малаа алдчихсан. Энэ жил бол гайгүй байна.  Цаг агаар хүртэл таатай байна.  Атрын III аян амжилттай хэрэгжээд, гурил, төмсөө  өөрсдөө хангадаг болчихлоо. Махны нөөцөө боломжийн хийгээд авчихсан. Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнэ ханш өсөөгүй. Эдийн засгийн цусны эргэлт идэв­хж­чихсэн. Тэгэхээр гурил, махны үнэ харьцангуй тогтвортой байж бусад улс орнуудад өсчихсөн байхад манайд харьцангуй тогтвортой байлгасан нь  инфляцийг энэ оны долоон сарын байдлаар 4,2 дээр байлгах үндсэн суурь нөхцөл болгож байгаа юм. Цаашдаа гол нэрийн хүнсний бүтээг­дэхүүний бараагаа бид нар тогтвортой байлгах, урт хугацааны хүнсний аюулгүй байдлын хүрээнд нь чанар­тай тоо хэмжээгээр нь хангах энэ асуудал дээр Засгийн газар онцгой анхаарна. Инфляци  өнгөрсөн онд 11 хувьтай байсан бол, энэ жил эхний ха­гас жилд 4,2 хувь руу орсон. Энэ жи­лийн эдийн засгийн өсөлтийг  өнгөр­сөн онтой харьцуулахад   9,7 хувьтай болчихсон  байна. Жишээлбэл, бид 90-ээд оноос ойш байгаагүй хэмжээнд ма­лаа төллүүлж,  13 сая төл хүлээж авлаа. Энэ бол том үзүүлэлт. Бидэнд болж байгаа зүйл их бий. Гэхдээ эдийн засаг тэлэхийн хэрээр, тавьж байгаа зорилт маань том болохын хэрээр, мөн хүрч очих гэж байгаа цэг маань улам өндөр болохын хэрээр бидний сорилтууд их болж байна. Энэ дээр бид нар хамтдаа чармайж урагшаа явах ёстой.

-Цалин тэтгэврийг 30 хувиар нэмсэн. Энэ шийдвэр олон хүний амьдралд дэм болж, баярлуулсан. Тэр үед бол инфляцийг хөөрөгдөх гэж байнаа энэ нөхдүүд гээд шүүмжилж  л байсан.  Цаашид цалин хөлс нэмэх үү ?

-Цалинг нэмэх ёстой. Ер нь  мон­гол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх  ёстой гэж би боддог. Энэ нь хоёр зүйлээс хамаарна. Нэгдү­гээрт, эдийн засгаа   идэвхтэй байлгах. Төр, засаг  макро эдийн засгийнхаа үзүү­лэлтийг харгалзан зөв зохистой бодлогыг гаргаж ирж тавих ёстой. Бид өнгөрсөн жилийг  “Бизнесийн орчныг шинэчлэх” жил гэж зарласан. 2011 оныг  “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” жил гэж зарласан. Нийгэмд хамгийн тулгамдсан асуудал ажилгүйдэл, ядуурал л байгаа. Үүнийг шийдэх ёстой. Ингэхийн  тулд төр, засаг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих энэ бодлогыг гаргаж тавих ёстой. Мэдээж нөгөө талдаа иргэд маань хариуцлага үүрнэ. Учир нь, тэр бодлогыг хэрэг­жүү­лэгч нь иргэн. Энэ бүх ажлаа хий­хийн тулд өөрийгөө бэлтгэх ёстой.  Мэргэжилтэй, өрсөлдөх чадвартай бо­ловсон хүчин болж өөрийгөө бэлтгэх ёстой. Бид ярьдаг. Баахан диплом өвөр­төлсөн таксины жолооч,  ажилгүй   хүмүүс байнаа гэж. Тэгвэл зах зээл дээр мэргэжилтэй боловсон хүчний хэрэгцээ маш их байна. Ноолуурын хөнгөн үйлдвэрийнхэн өндөр цалин санал болгоод,  ажилчин авах  зарлал тавиад ажиллах хүн олдохгүй байнаа гэж нэг уулзалт дээр ярьж байгаа юм. Учир нь, мэргэжилтэй боловсон хүчин байхгүйд л байна шүү дээ. Би өнгөрсөн намар  Оюутолгой, Таван­тол­гойн том бүтээн байгуулалтаар явсан. Мон­голын томоохон үндэсний компани нэг ажилтандаа дунджаар 900 мянган төгрөгийг өгч байна. 1000 ажилчинтай. Болж байна уу. Чадвартай  хүн хүссэн цалингаа  аваад эх орондоо ажиллаж, амьдарч  болж байна.  Нэг сая төгрөгийн цалин авна гэдэг бол хэвийн зүйл болсон байна шүү  дээ. Оюутолгойн төсөл дээр би оч­сон. Сайн гагнуурчин хэрэгтэй бай­на. Тавдугаар зэргийн, зургадугаар зэргийн гагнуурчин байвал сая төгрөг­ний цалин юу ч биш, илүүг  өгье гэжээ.  Гэтэл харин гагнуурчин олддоггүй.  Сайн сайхан амьдрал  хүнд хөдөл­мө­рөөр л бий болдог. Өөрийгөө хөдөл­мөрт бэлтгэх хэрэгтэй. Төр, засаг нь ч гэ­сэн ажлын байрны хүрээнд хүнээ сур­гах, иргэн бол өөрийгөө бэлтгэх ажлыг маш нухацтай хийх ёстой. Үүн дээр  бид маш их анхаарал, хөрөнгө гаргаж байгаа. БСШУЯ-аар дамжуулан маш их ажлууд МСҮТ-ийн чиглэлээр  шинээр зохион байгуулж байна. Ер нь энэ бүтээн байгуулалтаас 60 мянган ажлын байр бий болно гэж байгаа юм шүү дээ.  Одоо 60 мянган хүнээ бэлт­гэх ёстой байна. Өнөөдөр төр, засаг гаднаас ажиллах хүч оруулах сонир­хол алга байна.  Тэр ажлыг хугацаанд нь хийгээд дуусгахын тулд нарийн мэргэжлийн ажилчин  авахгүй бол ажил нь зогсчихоод байгаад шалтгаан байна. Иймээс гаднаас ажилчин аваад байгаа хэрэг.  Бид мэргэжилтэй ажилтан бэлтгэх асуудлаа шийдэх ёстой болчихоод байна. Энэ л бидний гол дэвшүүлж байгаа хийж байгаа ажил. Цалинг цааш нь нэмнэ гэж бодож байгаа. Төр цаашдаа монгол хүнийхээ үнэлэмжийг нэмэх, цалинг нэмэх асуудлыг тууштай авч үзнэ. Дэлхийн банк валютын сангаас Монголын эдийн засгийн өсөлтийн боломжийг ирэх 10 жилд дэлхийд хамгийн хурд­тай өсөх тооцоонд оруулчихсан байна билээ.   Энэ жил бид цалинг нэмэх бо­долтой байгаа.

-Наадмын дугаарын зочноосоо хамгийн супер мэдэгдлийг хүлээж авлаа гэж бодож байна. Үнэхээр сайхан мэдээ маргааш хүмүүст очих нь ээ?

-Сайхан өдөр, сайхан мэдээ хүлээж авах сайхан шүү дээ.  

-Төрийн албаны шинэтгэлийн томоохон хурлыг таны санаа­чил­гаар хийсэн. Энэ үеэр бол таны ам­наас жалга довны хуучин юмыг төрийн албанд бид цааш нь чирж явахгүй шүү гэсэн хатуу сануулга унасан. Энэ ажил хэр явж байна?


-Энэ ажлыг  гарцаагүй хийх ёстой.  Дэлхий ертөнц даяарчлагдаж байна. Бид өрсөлдөх чадвартай байх хэрэг­тэй байна. Төрийн ажлыг ч өндөр төв­шинд өрсөлдөх чадвартай хийх ёстой болж  байна. Төрийн ажил  гавьяа зүт­гэл, мэдлэг чадвар,  ажилласан жилийн туршлага гээд   бүх зүйл дээр үндэс­лэж,  дүгнэгдэж явах ёстой. Албан тушаалын сонголт, томилолт, дэв­шүү­лэлт  нь бүгд үүн  дээр үндэслэх ёстой. Тэрнээс биш улс төрийн намын сонгуулийн ялалтаас хамаардаг, эс­вэл нэг сайдын нутгийн юмуу, намын найз нөхдөөс шалтгаалаад өөрчлөлт хий­дэг энэ зарчмыг бид хуулиараа зохицуулах ёстой. Би Канадад хийсэн айлчлал дээрээ ч  үүнийг ярьсан.  Ер нь би айлчлал дээрээ  тодорхой зүйл  ярихыг боддог. Канад  хөдөө аж ахуй, уул уурхай, боловсруулах үйлдвэр технологи ярихын зэрэгцээ Канадын тө­­рийн албанаас авах зүйл их. Канад бол харьцангуй цөөн хүн амтай, жижигхэн улс ч Америк гэдэг том ул­сын хажууд байж байна. Гэхдээ төрийн алба нь маш тогтвортой. Өндөр хөгжчихсөн ийм улс орон. Тэнд төрийн албаны нь үйл ажиллагаа нь маш системтэй, хуульчилсан, тө­лөвш­чихсөн байж байна. Бид тийм улс орны жишгээс суралцах ёстой. Яагаад гэвэл манайд мэрит зарчим буюу гавьяа зүтгэл, туршлага, мэдлэг чад­вар дээр үндэслэсэн энэ тогтолцоог  хэв­шил болгохгүй бол төрийн алба өөрөө тогтворгүй байгаад байна. Төрийн албаны хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Яаманд, агентлагт, төрийн албанд гурваас таван жил тогтвортой ажилласан хүн дараагийн шатны албанд нэр дэвшдэг байх ёстой. Тэгэхгүй бол гэнэт нэг хүн хөндлөнгөөс орж ирээд хэлтсийн дарга, албаны дарга, газрын дарга, төрийн нарийн бичгийн дарга байж болохгүй. Ийм таагүй зүйлүүд төрийн албаны идэвх сонирхлыг мохоож байгаа юм. Сонгуулиас хамаарч савладаг ийм төрийн албатай байж болохгүй. Ер нь зах зээлийн орнуудад төрийн алба маш тогтвортой байдаг. Сайд ирж л байдаг, явж л байдаг. Тэр төрийн алба бол доор нь ёстой Швей­царь цаг шиг л ажиллаж байдаг. Хууль тогтоомж бүх юм нь ойлгомжтой. Ер нь төрийн алба өөрөө биеэ даасан суурь зарчмууд дээрээ тулгуурласан дэвшүүлэлт, сонголт энэ бүхэн нь хуульчлагдсан байх юм бол тогтвор­той болно. Мэдээж хэрэг төрийн албан хаагч­дын нийгмийн асуудлыг зөв зохи­цуулах ёстой. Гэхдээ дахиад тусгайл­сан юм хийх биш. Төрийн албан хаагчдын хүүхэд болохоор л тусгай хөнгөлөлттэй сурдаг ч юм уу, төрийн албан хаагч болохоор тусгайлж бай­ранд ордог биш. Энэ нь бол нийтийн жишгээр байх ёстой. Харин төрийн албан хаагчийн үнэлэмж, цалин өөр байх ёстой. Чадвартай хүний цалин өндөр л байг л дээ. Энэ зарчим руу орох ёстой. Бид нар энэ рүү явж байна.  

-Шатахууны хомсдол нэлээн анхаарлын төвд байна. Жил бүр ургацын үеэр ч юмуу, тариалалтын үеэр ч юм уу ямар нэгэн  ачаалалтай  үеэр л  ийм юм болдог.  Иргэд үүнд их бухимдах юм. Манайх энэ зов­лонгоосоо хэзээ салах юм бэ?

-Энэ бол өмнө нь байгаагүй асуу­дал биш байсан л асуудал. Гэхдээ  гарцаагүй шийдэх асуудал. Хамтар­сан Засгийн газар энэ тал дээр нэлээн бодитой бодлого гаргаж ирж  байгаа. Бид өөрийн үндэсний нефть боловс­руу­лах үйлдвэрийг барих ёстой бол­жээ. Одоогоор манай түүхий  нефть олборлолт  хангалтгүй байгаа. Гэхдээ бид  нефть боловсруулах үйлдвэрээ барина. Өөрсдөө өөрсдийгөө  хангах нөхцөлийг бүрдүүлнэ гэж итгэж бай­гаа. Тийм учраас саяхан Засгийн газрын хуралдаанаараа нефть бо­ловс­руулах үйлдвэрийн асуудлыг  авч хэлэлцээд зарчмуудыг нь шийдээд гаргаж байна. Нэгд, өөрийн үндэсний үйлдвэртэй болъё. Хоёрдахь нь бол бид нэг нийлүүлэгчээс хамааралтай байдаг энэ хамаарлаа багасгана.  Үүнийг өмнө нь зөндөө ярьж байсан. Гэхдээ хэзээч тогтвортой тууштай авч хэрэгжүүлж байгаагүй. Бид хоёрдогч эх үүсвэр, гуравдагч эх үүсвэрээс нефть авах  урт хугацааны гэрээ хэлэлцээр хийж байгаагүй. Цаг үеийн асуудлаа л шийдэж байсан. Одоо бол бид тогтвортой урт хугацааны гэрээ хийх асуудлыг нэгдүгээрт тавь гэж байгаа юм. Тэгэхгүй бол нэгнээс нь авч байгаад дуусангуут нь мориндоо мордоод хажуу талын айл руу дав­хидаг байж болохгүй ш дээ. Үүнийгээ системчлэе, тогтвортой болгоё, урт хугацааны гэрээ болгоё. Энэ зарчмыг шийдэж байгаа. Тэгээд ниргэсэн хойно нь хашгирав гэдэг шиг нэг сайдыг, нэг засгийг  энэ асуудлаар буруутгах нь утгагүй л дээ. Мэдээ­жийн хэрэг үүрэг хариуцлага хүлээж байгаа хү­мүүс нь үүнийхээ хариуц­лагыг хү­лээж байх ёстой. Тэрэн дээр бол ха­риуцлага тооцох юмыг нь тоо­цох ёстой. Тооцох ч болно. Гэхдээ урт ху­гацааны үндэслэлтэй шийдвэ­рийг гар­гах ёстой. Энэ шийдвэрийг энэ Зас­гийн газар гаргаж байгаа. Эрвийх дэрвийхээрээ бүх шатанд нь ажиллаж байна.

-Сонгуулийн хуулийн талаар хоёр нам санал нэгдэхгүй байна. Эцэст нь та МАН-ын даргын хувьд ард түмнээсээ асууя гэж санаа­чил­га гаргасан. Харин энэ саналыг  АН хү­лээж авах бололцоогүй гэж байна?

-Энэ бол ардчилсан нийгэм шүү дээ. Хууль нь байна. Ер нь бол ард нийтийн санал асуулгыг асуух тухай хууль байгаа шүү дээ. Бид 93 онд батлаад тавьчихсан. Тэгэхээр ийм асуудал байж болохгүй гэж ярих нь бол зохимжгүй явдал. Олон улсад жишээлбэл, Швейцарьт бол хамгийн энгийн асуудлаар санал хураалт явуулж байдаг ийм практик хэвш­чих­сэн. Ийм улс орнууд маш их байна. Саяхан Англи улс жишээлбэл сонгуу­лийн хуулиараа санал асуулга асуу­гаад явж байна. Италид санал асуулга хийсэн байна. Ер нь Ардчилсан улс орнууд олон түмнээс асуулга асуух хэлбэр байж л байдаг. Мэдээж хэрэг манайд хэвшээгүй, практик болоогүй учраас дээр нь хууль эрх зүйн зохицуулалтууд нь боловсронгуй болоогүй учраас эргэлзээд байна. Бас  Үндсэн хуулийн өөрчлөлтүүдтэй холбогдуулаад илэрхийлж байгаа байр суурь бол бий л дээ. Бид үүнийг тооцох ёстой. Гэхдээ асууна гэж байгаа маань өөрөө буруу зүйл биш . УИХ бол ард түмний мөрөөдөл сонир­холын төлөө л байгууллага.

-Ерөнхийлөгчийг яагаад хориг тавьсан гэж бодож байна?


-Ерөнхийлөгч манай бүлгийн  дарга нартай  уулзаж хууль эрх зүйн хувьд бол амаргүй асуудал шүү гэдэг талаас нь ярилцсан байгаа. Хууль эрх зүйн талаас нь нэлээн судалж үзэх асуудал гэсэн ийм байр суурийг илэрхийлсэн байгаа. Бид үүнийг  авч үзэх ёстой. Үнэхээр өнөөдрийн мөр­дөгдөж байгаа хууль эрх зүйн хүрээнд болж байгаа хэсэг нь аль юм, болохгүй хэсэг нь аль юм гээд салгаад ярилцаж болно ш дээ. Бид ч заавал тулгаж байгаа зүйл биш, ард түмнээсээ асууя гэсэн хувилбарыг л санал болгож байгаа юм.  Энэ хувилбарыг маань эсэргүүцэх юм уу, хориг тавьж болно шүү дээ.  Энэ бол нээлттэй зарчим. Сонгуулийн хуулийг бол зарим нь намын нэрээр хйих ёстой гэж яриад байгаа юм. Зарим нь хүнээ мэдэх, гишүүнээ мэдэж мэдрэхийг чухал­чилж байгаа. Яагаад гэвэл АН, МАН гээд дугуйлчихдаг. Цаана нь хэн байгааг мэдэхгүй. Тэр нь  буруу ч юм уу, зөв ч юм уу хэнийг нь мэдэхгүй хүнийг дугуйлчихдаг. Гэтэл яг иргэн хүнд бол намайг төлөөлж УИХ-д суух гэж байгаа тэр хүн аль намын хэн гэдэг хүн бэ  гэдэг чухал байгаа юм. Энэ хүнийг сонгох зөв хүн үү, мэдлэг боловсрол бүх талаараа энэ хүн шаардлагыг маань хангаж байна уу гэдгийг харахгүйгээр зүгээр нам дугуйлчихаад байх бол амаргүй шүү дээ. Сонгуулийн тогтолцоо намыг дугуйлна гээд ярих нь өөрөө хүнд их гоё сонсогдоод байгаа боловч энэ өөрөө төгс төгөлдрийн туйл уу гэвэл бас биш . Тийм учраас бид холимог тогтолцоог ярья. Энэ элементийг оруулъя. Үе шаттайгаар энэ рүү явъя. Гуравны нэг нь бид нам сонгоно, гуравны хоёр нь хүнээ сонгоё. Тэгээд үүнийг үзье. Дараа дараад нь бид үнэхээр боловсронгуй байна гэх юм бол цааш нь хөгжүүлээд явъя гэдэг дээр ерөөсөө эргэлзэхгүй байгаа ш дээ. Ганцхан пал хийтэл нь нам болгоод тавьчихъя. Хүн нь чухал биш нам нь л гээд тавьчих юм бол зөв юм уу буруу юм уу гэдгийг өнөөдөр хэн нь ч хэлж чадаагүй ш дээ. Магадгүй хүмүүс бас хүнээ харъя гэж байхыг үгүйсгэхгүй. Өнөөдөр хэн нь сайн пиар хийж, хэн нь илүү хэвлэлийн бага хурал хийснээр ажлыг дүгнэдэг хорвоо бол өнгөрчихөөд байна. Одоо манайд бол уураа л хүрвэл гүйж гараад хэвлэлийн бага хурал зарлана. Пиар хийнэ. Ард түмэндээ хандана гэдэг. Би тэрийг бол зөвшөөрч байна. Ганцхан үндэслэлтэй, судалгаатай, зөв байх ёстой. Энэ асуудалд бид болгоомжтой, үндэслэлтэй, хуулийн дагуу хандана. Наад зах нь Үндсэн хуулиа хар л даа. Цагаан дээр хараар Монгол Улсын их хурлын гишүүнийг шууд сонгоно гээд биччихсэн байгаа. Энэ дээр намыг сонгоно гэж бичээгүй. Гишүүнийг сонгоно гэсэн байгаа.  

-Сонгуулийн хуулиас болж та­ныг огцруулах асуудлыг Э. Бат-Үүл ги­шүүн өргөн барина гэдгээ мэ­дэгд­­сэн байгаа. УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Х.Тэмүүжин нар таныг намын удирдах зөвлөл дээрээ хэлэлцсэн асуудлуудаа парламен­таар хэлэлцүүлдэг боллоо, пар­ламентын бүрэн эрхэд халдаж бай­на гэж хурцаар шүүмжилж байна. Ха­рин та хэрхэн хүлээж авч байна вэ?

-Би Бат-Үүлийг улстөрчийнх нь хувьд бол хүндэлдэг юм. Яах аргагүй манай ардчиллын алтан хараацайн нэг гэж хэлж болно. Ер нь зарчмын асуудлууд дээр гол ч байр сууриас ханддаг гэж боддог.  Ардчиллын үнэт зүйлсүүдийг хамгаалах, зах зээлийн суурь зарчмуудыг хамгаалах, төр хувийн хэвшлийн харилцаа, төр нийгэм ардчиллын суурь зарчмуу­даас мань эр ухардаггүй.  Шаардлага­тай бол эдгээр үнэт зүйлсийн төлөө  ямар ч алхам хийх чадвартай цөөхөн хүмүүсийн нэг гэж би үздэг л дээ. Тэр утгаараа бол  хүндлэлтэй ханддаг.  Гэтэл нөгөө талаасаа Э.Бат-Үүл маань болчимгүй алхам хийдэг л хүн юм байна. Хариуцлагагүй нөхөр юм бай­на. МАН-ын даргын хувьд би Э.Бат-Үүлийг хариуцлагагүй мэдэгдэл хийж байна гэж үзэж байна. Аливаа нам улс төрийн зохион байгуулалтын хэлбэр,  АН ч тэр, МАН ч тэр мөрийн хөтөлбөрөө гаргаад, мөрийн хөтөлбөр дээрээ дэвшүүлсэн зорилтуудаа өөрийнхөө их хурал, бага хурал, удирдах зөвлөлөөрөө яриад л явдаг. Тавьсан мөрийн хөтөлбөрийнхөө  хэрэгжилтийг дүгнээд, улс орны өмнө тулгамдаж байгаа нийгэм эдийн засгийн бүх асуудлуудыг улс төрийн намууд л ярина ш дээ. Одоо “Монгол хүн-2020” гээд  хүн болгоноо ажилтай болгоно, мөнгөтэй болгоно гээд л АН чинь  аймаг болгоноор давхиад л байгаа биз дээ. АН-ынхан өөрсдөө болохоор 2020 онд бүгдэд нь аманд нь баахан юм чихэж хаяна гэж ярьж  давхичихаад, МАН болохоор эдийн засаг, хөгжлийн асуудал ярингуут  буруу болноо гэдэг асуудал бол байж болохгүй байх. Аягүй хийсвэр юм ярьж байгаа байхгүй юу. Угаасаа УИХ-ын бүтцүүд байнгын хороо, УИХ-ын бүлэг бол шийддэг зарчмаараа л зарчмаа шийднэ. Аль аль намын удирдах зөвлөлүүд бол  шийдвэрээ улс төрийн намын хуулийн хүрээнд гаргана. Тэгэхээр үүнийг удирдах зөвлөл нь шийдвэр гаргаад яваад байна гэж шүүмжилж байгаа нь том улстөрчийн хувьд бол  туйлын инээд­тэй зүйл ярьж байх шиг харагдах юм. Э.Бат-Үүл гишүүнийг ингэж ярьж байгаад их гайхаж байгаа. Ийм инээд­тэй болчимгүй алхам хийхээ боль гэж би Э.Бат-Үүл гишүүнд хэлмээр байна. Х.Тэмүүжин гишүүнийг бол би залуу улстөрчдийн нэг гэдгийг ойлгож байна. Гэхдээ өөрийнхөө намын асуудлыг ярьж байгаа бол өөр хэрэг. Манай намын асуудалд орох нь зохисгүй гэж үзэж байна. Ёстой нөгөө хүний хэрэгт бүү хошуугаа дүр гэж нэг үг байдаг байх аа. Мэдэхгүй юмаа ярьж хэрэггүй дээ гэж зөвлөмөөр байна. Хүн бол бас асуудлыг мэдэж байж ярих хэрэгтэй ш дээ. Мэдэхгүй юмаа ярихаар хүн эвгүй харагддаг. Би одоо АН дотор байгаа юмыг яриад байвал бусдад таагүй харагдана биз дээ.   Бид АН-ын удирдлагуудын асуудлаар дүгнэлт хийгээд яриад байдаггүй. Надад тийм ёс суртахуун ч байхгүй. Тийм хүмүү­жил ч байхгүй.

-МАХН гэдэг томъёоллоор хуу­чин намын дарга байсан Н.Энх­баяр улсын дээд шүүхээс гэрчилгээ авчихлаа. Уг нь өмнө нь Монголын Алдарт Хувьсгалчдын нам (МАХН) гэж тэд хүсэлт гаргаж байсан санаг­дах юм. Тэр нам гэрчилгээ авчихав уу. Эсвэл хэдхэн сарын өмнө таны даргалж байсан МАХН-ын гэрчил­гээг авчихав уу. Ерөөсөө ойлгохоо байчих юм?

-Та ойлгохгүй байна ш дээ. Та юмыг олон талаас нь хардаг, өндөр төвш­ний мэдээлэлтэй байдаг, нэр хүндтэй сэтгүүлч хүн. Та ойлгохгүй байнаа гэдэг бол нийгэм ойлгохгүй байна гэсэн үг. Тантай яг адилхан би ойлгохгүй байна. Яахаараа Монгол Улсын хууль тогтоомжуудыг өөрсдийн  өнцгөөс тайлбарлаад, ингээд юмыг хүслээрээ хийгээд явж болдог юм бэ. Хуультай зөрчилдсөн ийм шийдвэр гарлаа л гэж бид үзэж байгаа.  Тий­мээс  манай намаас Улсын дээд шүү­хээс яагаад ийм шийдвэр гаргасныг нь судалж үзэх гэж гаргасан тогтоолоо өгнө үү  гэсэн хүсэлт гаргасан. Саяхан  тогтоолыг нь авлаа. Бид энэ үндэс­лэл­тэй санал нэгдэхгүй. Тийм учраас бид  Улсын дээд шүүхэд хуулийн дагуу давж заалдаж байгаа.  Нэг шинэ улс төрийн нам шинээр бий болох нь мэдээж нээлттэй. Ижил нэртэй ол­гогд­чихсон нь хууль зөрчсөн явдал гэж бид үзэж байгаа юм. Уг нь бол сая бол 19 дэх шинэ нам, отгон нам бий болсон шүү дээ.

-МАХН-ын улс төрийн тов­чоо­ны гишүүн байсан Т.Рагчаа гуайтай ярилцсан нэгэн сонирхолтой но­мыг би сая уншлаа л даа. Тэр хүн бол 96 настай. Намын нэрний талаар байр сууриа илэрхийлжээ.   “Төөрөлдсөн эсвэл ашиг хайсан хэдэн хүн л тэр хувьсгалт гэдэг үгний хойноос гүйнэ биз дээ. Одоо шинээр бүртгүүлээд байгаа МАХН гэдэг бол  байдаггүй, бараа туруу нь харагддаггүй, цаасан дээр байдаг  олон намуудын л нэг бол­но” гэж . Би энэ хүнийг бол гай­хал­тай сэргэг, шинэ, ямар айхтар хүн бэ гэж харсан. Иймэрхүү ахмад ги­ш­үүд олон байна уу, эсвэл зарим  хэвлэлүүдийн бичиж байгаа шиг нам минь гээд бүгдээрээ сүүгээ өргөөд ханараад  байна уу?

-Т.Рагчаа гуайг мэдэлгүй яахав. Т.Рагчаа гуай шиг ийм сайхан ахмад буурлууд бол манай намд олон бий. Тулхтай, ухаантай, алсыг өргөн харж чаддаг, ёс суртахуунтай хүмүүс бол асуудлыг яг зөв л харж байгаа байхгүй юу. Энэ бол нэг шинэ отгон нам л бай­гуулагдсан. Монголын улс төрийн шинэ нам.  Ганцхан энэ дээр нэг зөр­чил­тэй асуудал бол манай намын өмч үнэт зүйл болсон хуучин нэрийг өг­сөн­тэй л  бид санал нэгдэхгүй эсэр­гүүцэж байгаа юм. Манай намын нэ­рийг авч, манай үнэт зүйлд халдсанд нь санал нэгдэхгүй байгаа учраас хуулийн дагуу дарагийн шатны шүү­хэд хандана. 

-МАН дээр “Хувьсгалт” гэдгийг шигтгэсэн тэр явдлыг монгол хүн хийгээгүй юм байна. Амгаа гэдэг коминтерний төлөөлөгч Оросоос ирж өгсөн гэж Т.Рагчаа гуайн яриан дотор байна л даа. Тийм Амгаа гэдэг тэр буриад хүн байсан гэдгийг та мэдэх үү ?

-Мэдэлгүй яахав. Ер нь манай намын түүх бол том түүх. Тэр түүхийг яаж ч гуйвуулах бололцоогүй. Яагаад гэвэл Т.Рагчаа гуай шиг амьд түүхийн гэрчүүд нь байж байна. Архив баримт нь байж байна. Манай намын туулж ирсэн замнал өөрөө хүчирхэг. Үнэт зүйл­дээ тийм амархан халдуулахгүй шүү дээ. 

-Танаас Н.Энхбаяр даргын тухай асуумаар байна. Тэр хүн бол танай намтай салшгүй холбоотой хүн. Гэвч өнөөдөр өөр замаар алхаж байна. Түүний одоогийн хийж байгаа улс төрийн талаар ямар дүгнэлттэй байна вэ?

-Н.Энхбаяр дарга улс төр, хувь хүн гэдэг хоёр зүйлийг хэт их салгаад явчих шиг л надад санагдаад байгаа юм. Уг нь бол хүн нэг л арьсан дор явах ёстой гэж боддог юм ш дээ би бол. Энэ хоёр хэтэрхий их холдоод явчихаараа бас ойлгогдохоо больчих­дог л доо. Олон зүйлийг өнөөгийн төр засаг хийхгүй, болгохгүй байгаагаар яриад байгаа л даа. Жишээлбэл, би энэ засгийн ажлыг аваад жил найман сар л болох гэж байна. Гэхдээ л амжиж олон зүйлийг хийхийн төлөө явж байгаа. Энэ яриад шүүмжлээд байгаа, болохгүй бүтэхгүй гээд байгаа зүйлүүд бол өмнөх 20 жилээс өвлөг­дөж ирсэн зүйлүүд байгаа юм л даа. Өвлөгдөж ирсэн зүйлүүдийг л бид заримыг нь хөдөлгөөнд  оруулаад, заримыг нь шийдэх гээд зүтгэж байна. Алдаж онож байгаа юм байгаа байхаа. Тэ­рийг бол түүх шүүх байх. Ямар ч бай­сан улс орны хөгжлийг гацааж бай­сан зүйлүүдийг хөдөлгөөнд оруулъя. Энэ өвлөгдөж ирсэн  үлгэр домог бол­сон л асуудлуудаа   өөрсдөө яриад бай­гаад л би гайхаад байгаа юм. Нэг үгээр хэлэх юм бол зарим хүмүүс саран дээр байж байгаад ирсэн юм шиг л ярих юм байна ш дээ. Энэ асуудлыг аваад явж байсан хүмүүс ингээд яриад байхаар би бас ойлго­дог­гүй юмаа. Шийдчих хангалттай он жилүүд өнгөрсөн болов уу гэж боддог.

-Та бол эдийн засгийн шинэт­гэ­лийн бодлогуудаараа хүчирхэг лидер гэдгээ харуулж байна. Энэ та­лынх нь Батболд гялалзаж хараг­дав ч намын өнгөн дээр гарч ирж ажиллахгүй байна гэсэн шүүмжлэл байх юм?


-Ер нь улс төрийн намуудыг янз бүр л хардаг л даа. Улс төрийн намуу­дын зорилт бол улс орны өмнө тулгам­даад байгаа асуудлыг л шийдэх шүү дээ. Улс төрийн нам өөрөө өөрийгөө сайхан болгох талаар ярих­гүй ш дээ. Улс орныг яаж сайхан болгох вэ гэж л ажиллаж байгаа. Тийм учраас улс төрийн намд олон жил ажилласан учраас ийм мундаг юмаа ч гэдэг юм уу, энэ бол харьцангуй ойлголт л доо. Улстөрч хүн гэдэг бол зангараг, хатуу байр суурь гэдэг ойлголтын нэгдэл ч бас биш. Нэг тал нь байж болох.  Тийм болохоор зөвхөн үүгээр улс төрийн хэмжээ дамжааг тодорхойлно гэдэг бол өнөөдрийн ийм эрчимтэй хөгжиж байгаа, прагматик  талаасаа нийгэм хөгжөөд, амьдрал өөрөө бодитой шийдлүүдийг хүлээж байгаа, эдийн засгийн, улс төрийн, нийгмийн шийд­лүү­дийг  хүлээж байгаа үед сонин биш. Тэгэ­хээр бид аливаа асуудалд үндэс­лэл­тэй, судалгаатай, талуудын байр суу­риудыг  бодитой тооцсон ийм ханд­лагыг л тээх хэрэгтэй. Өнөөдөр жишээлбэл манайх олонхи байна аа гээд асуудлыг  түрээд шийднэ гэвэл бас чадахгүй. Иргэний нийгэм тө­лөвш­чихсөн. Ерөнхийлөгчийн инсти­тут  нь ажиллаж байна. Сөрөг хүчин байна. Тэгэхээр бодитой судалгаатай, үндэслэлтэй, зарчимтай байр суурь барьж байх нь өөрөө Монгол Улсын хөгжлийн өнөөдрийн засаглалын шинэ хэлбэр. Ерөөсөө сайн засаглал гэж юу юм бэ. Сайн засаглал гэдэг нь хатуу юмуу, зөөлөн байхыг хэлж байгаа зүйл биш байхгүй юу. Сайн засаглал гэдэг бол үндэслэлтэй, бодитой, нээлттэй, хариуцлагатай, өрсөлдөх чадвартай, алсын хараатай асуудлыг харж чадаж байгаа, шийдэж чадаж байгаа, үр дүн гаргаж байгаа энэ засаглалыг л хэлнэ. Өнөөдөр бид сайн засаглалыг л ярьжб айна. Сайн засаглалыг компанийн төв­шинд, төрийн төвшинд нэвтрүүлье. Иргэний нийгмийг оролцуулсан, нийг­мийн зөвшилцлийг бий болгосон энэ орчныг тэлэхийн төлөө л ажиллана. Нээлттэй засаглал руу явах ёстой. Өрсөлдөх чадвартай засаглал руу явах ёстой. Мэдлэгт суурилсан хөг­жил руу явах ёстой. Энэ орчинг л бүр­дүүлэх ёстой. Энэ нь бол ардчиллын үнэт зүйл байх ёстой. Гол нь улс тө­рийн бодлого энэ зарчим дээр суурил­сан л байх ёстой. Манай нам энэ рүү явж байгаа. Эргэлзэх зүйлгүй. Манай нам магадгүй өөр өөр өнгө аяс, байр суурьтай харагдаж магадгүй. Үүнийг үгүйсгэхгүй. Энэ бол манай нам ардчилалтай нам болохын л нэг жишээ. Манай нам ямар нэгэн фрак­цуу­дын нэгдэл болоод, ямар нэгэн эрх ашгуудын нэгдэл хэзээ ч болж бай­гаа­гүй, хэзээ ч болохгүй. Улс төрийн хам­гийн  өндөр зохион байгуулалттай, олон­хийн зарчмаа барьж чаддаг, улс тө­рийн намын үндсэн соёлыг, ёс сур­тахууныг нь харуулж чаддаг ийм нам. 

-Тань шиг ийм лидерийн үед намд  шинээр гарч ирж байгаа за­рим залуучуудыг хараад жаахан гайхдаг юм. Ямар нэгэн сорви яриад л, ямар нэгэн цөс, эр зориг ярьсан тэр сонин нөхдүүд танд таалагддаг хэрэг үү?


-Би тантай санал нэгдэхгүй байна л даа. Та бол юмыг нэг хоёр тохиолд­лоор юмуу  дүгнэж ярьж  болохгүй л дээ. Энэ чинь 160 мянган хүнтэй асар том хүчин шүү. Хоёрдугаарт, манай нам нэрээ сольсноор 20 гаруй мянган залуучууд  шинээр орж ирсэн. Улс орноо ард түмнээ гэсэн чин сэтгэлтэй боловсролтой сайхан залуус манай намд олон бий. 

-Таны аливаад хөөсөрч өгдөг­гүй дипломат байр суурийг танай намынхан шүүмжилдэг үү. За­римынх нь хувьд  та сэлэм эр­гүүлж, том том мэдэгдэл хийж сү­рийг үзүүлэх ёстой ч байж магадгүй?


-Үгүй. Хүн байгаагаараа л байх хамгийн сайхан. Нэг их салхилаад яахав. Нэг их намжаад ч яахав. Би бол хамгийн гол нь ажил ам хоёр нэг байх ёстой гэж үздэг хүн. Жингийн цуваа явж л байх ёстой. Тэр тайван, холыг зорьсон, амар амгалан цуваа жижиг сажиг юмнаас болоод зогсч, бужигналдах  ёсгүй. Төрд зүтгэж байгаа хүн бол өөрөө сэтгэл хоёр­дох­гүй мөн эргэж харамсахгүйгээр л ажлаа хийж байх ёстой гэж боддог. Намаа, нөхдөө, нийгмээ гомдоохгүй байх ёстой. Энэ бол бас зарчим. Тийм болохоор улс төр хүн хоёр хамт шүү л гэж хэлэх гэсэн юм.   

Сү.Батболд...Энэ бол түүний улс төрд танигдсан анхны нэр. Тэр үед тэр үүнээс өөр нэг их нэмэр хачиргүй  нөхөр байлаа. Одоо бол тэр гүйцэтгэх засаглалын тэргүүн. Монгол Улсын Ерөнхий сайд. Өөрөөр түүнд ирж наалдах зөндөө гуншин бий. Гэхдээ надад бол олон жилийн өмнө уулзаж байсан С.Бат­болд хэмээх энэ залуу өнөө цагийн энэхүү өндөрлөг дээрээс эргэн уулзахад урьдынхаараа ямар нэгэн хиймэл, хоолой шахсан эрх мэдлийн өнгө сэлтгүй, янзаараа намайг угтсан нь таалагдсан.  Хүн гэдэг амархан хэмхэрдэг, урьдын чанар юугаа дорхноо алддаг сонин амьтан. Гэвч чанараа энэ ийм өндөр төвшинд хадгалж байснаар нь, Монгол Улсыг хамгийн эмзэг, хөгжлийнхөө түрлэгийг авч ядан байгаа өнөө үед толгойлж бай­гаагийнх нь хувьд энэ цоо шинэ имижтэй лидерийг Монголын ард түмэн хүлээж авах ёстой болжээ.