Жагсаалын дараа

    Ний нуугүй хэлэхэд жагсаал, цуглаан бүрийн дараа л хүнд үе эхэлдэг. Энэ бол ялагчид ялагдлын гашууныг мэдрүүлж буй хэрэг юм. Монтений эссенд ялсны дараах өршөөнгүй хийгээд харгис хандлагын талаар бичсэн байдаг, манай эрх баригчид ялалтын мэдрэмжээ алдталаа айдас хүйдэст автчихсан тул ялалтынхаа дараа харгислахыг л боддог. Хуучин цагт бол эсрэг талаа хядчихдаг байсан, эрхбиш XIX зуун учраас хядчихгүй л байна. Хэдэн нөхөр жагсаад, мөнгө аваад л тараад явчихдаг, мөнгө нь дуусахаар буцаад жагсдаг, бид толгойг нь илээд л “ардчилсан” байдлаар хандсаар давруулдаг гэсэншүү ойлголт төрүүлэх сонирхолтой ч дорно дахины хамгийн адгийн зальжин шаар ч атаархам хорон муу явуулгаар огтхон дутдаггүй. 

    Жагсаал тарж, гол хүч сарнимагц цагдаагийн “ав” эхэлнэ. Удирдагчид, идэвхтнүүдийг нь яаж ийгээд ямар нэг хэрэгт холбогдуулан мөрдөн шалгаж эхэлдэг. Ингэх шалтаг жагсаал цуглааны үед хангалттай цугладаг. Энэ нь голдуу залхаах зорилготой, мэдээж хангалттай хамгаалалтгүй бол яаж ийгээд хорихыг бодно, үгүйдээ л ямар нэг ял “тэнсээд” орхихыг хичээнэ. Ингэснээр дараагийн жагсаалд оролцвол шууд “ачих” боломжтойг ойлгуулж буй хэрэг юм, ачиж ч чадна. Ийм дарамтыг даагаагүй олон хүн нийгмийн шинэчлэлийн төлөөх тэмцлээс ухарсан. Тэд сайн хүмүүс, илүү муу тал нь олон хүн цагдаагийн сүрдүүлгэд автаад мэдээлэгч болж хувирсан байдаг. Тэд шууд “тавдугаар цуваа” болно. Үйл ажиллагааны төлөвлөгөөний талаарх мэдээлэл дамжуулна, “цагдаагийн дарга аа, одоо миний хэрэг хаагдах уу?” гэж асууна. Гэвч хэрэг хэзээ ч цайрдаггүй, яагаад гэвэл мэдээлэгч болбол ялаас хөнгөлнө гэсэн заалт байхгүй. Гагцхүү 7 дугаар сарын 1-ны хэрэг явдлын дараа Магнай, Зандан нар “террорист” болоход террористыг матагчийг өршөөх заалт байдгийг мэдсэн. Тиймээс наад зах нь жагсаал эхлэхийн өмнө зохион байгуулагчид ямарваа сөрөг дарамтад орохооргүй “цэвэр” байх ёстой.

     Жагсаал мөнгө олдог “бизнес” мэт харагдаад байвал нэг жагсаал зохион байгуулаад үзэж болно. Улстөрийн хямрал эцэстээ тулсан, тэмцэл хөдөлгөөн зогсохгүй. Эрх баригчид бидний эсрэг жагсаад аль гэж мөнгө өгөхгүй, гадаадаас мөнгө авч болохгүй \чухам иймээс Монгол дахь шинэчлэлийн төлөөх тэмцэл маш даруу өрнөдөг\, тэгээд сайн дураар цугласан, ямар нэгэн байдлаар сахилгажуулах нөхцөлгүй үймсэн олныг зохион байгуулаад хэд дахин давуу хүчтэй байнгын “армитай” тулалдуулах гээд үз дээ. Жагсаж болно, цуглаж болно, шаардаж болно энэ бол иргэний эрх, харин араа даадаг байх нь илүү чухал юм шүү. Чухам иймээс өнөөг хүртэл тууштай явсан гарын арван хуруунд багтах хүмүүс бий.

Хөндлөнгийн санамсаргүй байдлаар хамтрагчид голдуу захиалгатай, шаардлагыг саармагжуулах, өөр зүгт чиглүүлэх, далд эрх ашиг хангах эрмэлзэлтэй байдаг. Хөдөлгөөний тоо олшрох тусам амжилт олох нөхцөл буурна гэсэн үг. Тиймээс явцын дунд хамтрах ямар ч асуудал байхгүй, ийм нөхцөлд тэд шууд зэрэгцсэн дайсан болж хувирдаг. Бусдыг нь өөрсдөө хийгээд үзэцгээ.

    Өнгөрсөн хавар бол эрх баригчид илүү идэвхтэй ажиллаж байна. Айлган сүрдүүлэх, занан зүхэх, гутаан доромжлох ажиллагаанд овоо мөнгө зарав. Төсөв сайжирсных, баян хүн Ерөнхий сайд болсных. Мэдээж жагсаалын бэлтгэлийн явцад түүнийг саармагжуулах, шургалуулсан мэдээлэгчдийг нь буруу мэдээллээр цэнэглэх, төөрөлдүүлэх ажиллагаа явуулдг ч цагийн болоод санхүүгийн нөөц илт дутагдана.

    Өнгөрсөн хавар төлөвлөснөөр бол ганцхан шаардлага тавих ёстой байсан. “Сү.Батболд зайл”. Гэтэл юу болов. Жагсаалын хүч гурав салсан. Тэмцэлд “Гал үндэстэн” түрүүлж гарсан, ингэсэн тохиолдолд заавал завсардсан үл ойлголцол үүсдэг. Хөдөлгөөн дундын амбиц болж дарж болшгүй хүчин зүйл. Ялах ялагдахын алинд ч. Н.Энхбаяр, М.Энхсайханыг адгийн амьтан гэж сурталдаад байгаа нь тэднээс хоёрдугаар цувааг таслах оролдлого. Харин гурав дахь хэсэг гарч чадаагүй. Гурав дахь хэсэг уг нь төлөвлөсөн шаардлагыг дэмжиж гарах байсан. АН-ынхан ч байсан, гэвч... АН МАНАН-тайгаа үлдэхийг илүүд үзэв.

Н.Давааг яагаад барив?   

Н.Давааг гэнэт баривчилсан юм. Учир нь тэр “но”-той. “Анод” банкны хэргийг гурав дахь жилдээ шалгаж байгаа ч эздийг нь буруутгах үндэслэл олоогүй л байна. Ний нуугүй хэлэхэд Н.Даваа жагсаалын бэлтгэл ажилд оролцож, өөрт оногдсон үүргээ нямбай, сайн биелүүлж байсны төлөө барьсан. Чухамдаа гэв гэнэт Н.Давааг баривчлах болсон шалтаг нь “Анод”-ын хэрэг болохоос шалтгаан нь жагсаал зохион байгуулахад оролцсонд бий.

Н.Даваа жагсаалын санхүүжилтийг хариуцаж байсан. Эрхбиш банктай байсан хүн мөнгө босгож чаддаг юм билээ. Н.Давааг хорьсны дараа “Гал үндэстэн”-ий үйл ажиллагаа илэрхий экстремист хандлагатай болж хувирч байна. Өмнө нь сануулж байсан, хэрэв жагсаал цуглааны үед удирдагчдыг нь баривал хяналт алдагдана гэж. Бас өөр хүмүүс удирдлагад нөлөөлөх боломж бий болдог. Гэвч “Гал үндэстэн” сайтар зохион байгуулагдсан байв. Тулааны тактик эрс өөрчлөгдвөл ямар нэгэн хугацаагаар эмх замбараагүй байдал бий болдог нь хууль. Нөгөө талаар санхүүжилт тасалдсанаас жагсаал сарнина. 

Жагсаал цуглаанд хэн оролцдог вэ? Эрх ашиг нь зөрчигдсөн хүмүүс л оролцдог. Тавьж буй шаардлагатай тэр зөрчил нь холбоогүй ч ирдэг. Мэдээж хүнд суртал, авилга, төрийн үйлчилгээний доголдол. Саяхан Оросод болсон жагсаалд оролцогчоос асуухад “Би зуслан руугаа цахилгааны шугам татах зөвшөөрөл авах гээд гурван жил болсон. Эцэст нь тэсвэр алдаад өөрөө залгачихсан, гэтэл юу ч болоогүй, ийм дампуу байж болох уу?” гэж ярьж байна. Монголд ч энэ мэт түмэн шалтгаантай хүмүүс цуглана. Нэг хүн нэг проблем. Тиймээс хямралын үед жагсаал цуглаан идэвхждэг.

Н.Даваа ч бас хохирогчдын нэг. Тэр эрх баригчдад банкаа луйвардуулчихсан. Ийм хүн зүгээр сууж чадах уу? Дээрээс нь хилсээр яллах гэж төрийн аппарат ажиллаж байвал яах вэ? Яллах үндэслэлээ одоо ч олоогүй гэхдээ яллаж л дуусна. Эрх баригчдад Н.Давааг золих сонирхол бий. 700 гаруй тэрбумын луйвараа далдлахын тулд. Тэр “Чадварлаг хүмүүс юу ч хийхгүй шогшроод суух нь харамсалтай” гэж бичиж байсан.

Тиймээс сунжирсан жагсаалын ид үеэр шөнийн 23 цагт очиж “хулгайлах гэж” нэг сүрдүүлээд, байцаалт авах нэрээр баривчлаад, түр суллав. Гэвч ичсэн хүн хүн ална гэгчээр нэгэнт барьсан л бол зүгээр тавьж болохгүй биз дээ.  Монголд ийм л “хууль үйлчилдэг”. Н.Давааг жагсаал цуглаан зохион байгуулалцсан хэргээр барьж бас болохгүй, ардчилсан зарчимд харш. Тиймээс “оргон зайлж болзошгүй” гэж шалтаглан бариад, дараа нь баривчилсан шалтгаанаа зөвтгөхийн тулд “Анод”-ын хувьцаа эзэмшигчдийг турхираад, жагсаал дуусмагц сулласан болоод буцаагаад хорьж байна. Хэрэв суллах байсан бол баривчлах шалтгаангүй байсан гэсэн үг, тиймээс оргон зугтахаас сэргийлж барьсан нь хууль зүйн бүрэн үндэслэлгүй тул суллаад дараа нь банкных нь хэргээр барьж дарамталж байгаа юм.

Энэ мэт үйлдлүүд нь л төр хэрхэн дураараа дургидгийг харуулж байна. Харин иргэд анзаарахгүй л байна, гэвч эцэстээ төр бүгдээр нь ингэж тоглодог болно. Харин төрийн ийм тоглоом болохгүйн тулд нэг бол мал шиг явах хэрэгтэй, эсбөгөөс эрслэн босоод нэг тийш болох хэрэгтэй. Н.Даваа хоёр дахь замыг сонгосон. Одоо төр сургамж өгч байна. Яаж ч чадна шүү гэж.

Санаж байгаа бол яг үүний өмнөхөн Г.Уянгыг цагдаагийнхны тайлбараар “саатуулах”, биднийхээр “хулгайлах” бүдүүлэг ажиллагаа явагдсан. Хүнийг улсын дугааргүй машинд хүчээр чирч оруулаад хаачсан нь мэдэгдэхгүй алга болохыг “саатуулах” гэж хуулинд заасан юм гэнэ ээ.

Хямралаас хонжоо хайгсад

    Дэлхийн санхүүгийн хямрал Монголд хүчтэй нөлөө үзүүлэхгүй гэж толгой эдийн засагчид хэлсээр байтал Монголд зохиомол хямрал бий болсон юм. Энэ зохиомол хямрал нь өнгөрсөн жилүүдэд хуримтлагдсан, тайлагдашгүй сүлжээнд орсон асар олон санхүүгийн гэмт хэргүүдийг системтэйгээр нурангинд дарахад зориулагдсан юм.

    Ер нь санхүүгийн систем болохоо байсныг бүгд мэдэж түгшиж, түүнийг засах арга хайж байсан. Гэнэт хямрал үүсч таатай нөхцөл бүрдсэн. “Анод”, “Зоос” банкны дампуурал нь 700 гаруй тэрбум төгрөгийн булхайг дарсан юм. Энэ хоёр банкинд барьцаалсан “Олон Овоотын” лиценз л 180 сая ам.доллар буюу 300 шахам тэрбум төгрөгийн луйврыг хаачих байв. Гэвч асар өндөр өртөгтэй сонгуулийн санхүүжилтийн булхайг нуух ёстой.

    Сонгуульд зарцуулах мөнгө олохын тулд намууд, бүлэглэлүүд зуун зуун саяар зээл авсан байлаа. Харин тэр зээлийг буцааж төлөх ямар ч боломжгүй байв. Учир нь зээлийг бизнесийн эргэлтэнд оруулаагүй, сонгогчдыг худалдан авахад зарцуулсан тул мөргүй хийсчихсэн билээ. Ингэснээр зах зээлд бодат эдийн засагт байх ёстойгоос хоёр дахин их мөнгө эргэж байлаа. Гэв гэнэт сонгуулиас хагас жилийн дараа долларын ханш толгой эргэм хурдаар өссөн нь илүүдэл мөнгийг “Адам Смитийн үл үзэгдэгч гар” зохицуулах гэж оролдсоных. Адам Смит чинь нөгөө Ж.Соросын тагнуул, Өнгөт хувьсгалыг санхүүжүүлэгч байх нь хардах вий, цагтаа манай До яам Ц.Дамдинсүрэн гуайг декабрист А.С.Пушкинтэй холбоотойго нотлож дөнгөсөн байдаг юм.  Учрыг нь тайлбарлаарай. Эдийн засаг тэр чигээрээ сүйрэх байв. Монгол дахь далд эдийн засгийн хэмжээ гадаадын санхүүгийн байгууллагуудын тооцсоноор бодат эдийн засагтайгаа тэнцэж байв. Төгрөгийн эмисс хэтэрснээс бодат байдалд төгрөгийн ханш нууцаар байгаагаасаа хоёр дахин хямдарсан байв.

    Үүнээс гарахын тулд С.Баярын Засгийн газарт хоёрхон зам байсан. Нэгдэхь нь төгрөгийн ханшийг хэвээр барихын тулд 1,2 тэрбум ам.доллар зах зээлд нийлүүлэх. Засгийн газар тэр үед шахаж байж хямралаас гарах төлөвлөгөө гэгчийг УИХ-аар батлуулж дөнгөсөн авч тэр бэлэн зэхээний доллар нь олдоогүй юм. “Рио Тинто”-гоос 1,2 тэрбум ам.доллар зээлэх хэлэлцээр хийгдэж байсан ч хямралаас болж бүтсэнгүй. Энэ 1,2 тэрбум ам.долларыг тухайн үеийн төгрөгийн ханшаар үржүүлэхэд зах зээлд “илүүдэл” болсон төгрөгийн тоон үзүүлэлт илчлэгдэнэ. Монгол банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбат эдийн засгаа огцом тэлэх энэ загварыг санал болгож, дэмжиж байсан авч бүтэх тавилангүй байжээ.

Ийм нөхцөлд банк унагах улстөрийн “арга хэмжээ” илүү ашигтайг ялангуяа МАНАН сайн мэднэ. 1998 оны Азийн эдийн засгийн хямралын үеэр яг ийм аргаар “ХОТШ”, “Ард”-ын банкийг дампууруулж, олон тэрбумыг ууршуулсан туршлага байсан юм, тиймээс дэлхийн санхүүгийн хямрал гэдэг үг эрх баригчдад яасан таатай сонсогдсон бол? Ингээд “Анод”, “Зоос” ар араасаа унав. О.Чулуунбатын хэлснээр 920 орчим тэрбум төгрөг царцжээ. Зах зээлд эргэж байсан нийт мөнгөний гуравны нэг.

Энэ бол 1929 оны АНУ-д эхэлсэн хямралын хувилбар. Ийм хэмжээний бэлэн мөнгө татвал эдийн засгийн цусны эргэлт огцом тасалдаж, хямрал болно. Монгол бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн гуравны нэг тэр үед хаалгаа барьсан. Хөрөнгийн зах зээлд ч ноцтой гацаа үүсдэг, чухам иймээс “Анод”, “Зоос” хоёр хөрөнгийн зах зээлд хувьцаагаа арилжсанаараа нурсан. Дээрээс нь “Монгол газар”-ын Мянганбаяр хэлмэгдсэн. Гэвч тэр “Олон овоот”-ын лицензээ алдаад мултарсан. Үнэндээ улстөрийнхний булай булхайг нуух аймшигт сүйрлийн цохилтыг бизнесүүд үүрч гарсан билээ.

Үүний үр дүнд лав л 700 гаруй тэрбум төгрөгийн “улстөрийн өр” хэзээ ч ажилладаггүй банкны өр барагдуулах албанд шилжсэн. Тэр үеийн МАХН-ын зөвхөн нэг фракц л “Анод”-ын дампуурлаас 120 гаруй тэрбум төгрөгийн ялаас мултарч, ашиг болгосон. Хэрэв “Анод”-ын дампуурлаас хохирсон иргэдийн хохирлыг төлье гэвэл зээлийн барьцаанд байгаа хөрөнгийг борлуулсаар өдийд төлж дуусах ёстой биз дээ. Тэгвэл банкны эзэд ялгүй мултарна. Гэвч ингэж болохгүй, хамгийн гол нь барьцаа хөрөнгийг борлуулбал ямар юмны нь ашиг олох билээ?

Зөвхөн “Анод”-ын барьцаанд 1020 айлын орон сууцны дуусаагүй барилга байсан гэдэг. Мэдээж тэр барилгууд нь улстөрчдийн компаниудынх. Хоёр банк дампууруулсны дараа банкууд тэр компаниудад итгэж зээл олгохгүй. Тэгж дүүжлүүрийн гогцоонд ордог тэнэг гэж байхгүй, тиймээс улстөрчид 4 мянга, 100 мянган айлын хөтөлбөр гэгчийг санаачилж, Засгийн газрын бондоор санхүүжүүлж луйвраа давхар хаасан юм. Өнөөгийн байдлаар үүнд 300 гаруй тэрбум төгрөгийн өрийн бичиг гаргаад байна.

Засгийн газар “Хадгаламжийн даатгалын хууль” гаргасныхаа төлөө “Анод”-ын хадгалажмийн төлбөрт 170, “Зоос”-ынход зориулж 150 саяын өрийн бичиг гаргасан. Энэ бүхнийг нэгтгээд үзвэл хоёр банкны дампуурлаар “царцаасан” хууль бус мөнгөний хэмжээ гараад ирж байгаа биз? Энэ бүх мөнгө бол улстөрийн намуудын сонгуулийн үеэр цацсан эргэж төлөх найдваргүй болсон мөнгөний хэмжээ шүү дээ. Харин энэ өрийн бичгийг иргэд худалдаж авч байна гэж бодож байна уу? Үгүй дээ, Монгол банкны эмиссээр л шийдэж байгаа. Ядаж байхад хувьцаа гаргасан хоёр банкийг дампууруулснаараа төр хөрөнгийн зах зээл ямар ч найдваргүйг давхар нотлоодохсон шүү дээ. Бүх зүйл эргээд хэвэндээ л орж байгаа ба энэ бүх хямрал, дампуурлын эцэст улстөрийн бүлэглэлүүд 700 гаруй тэрбум төгрөгийн луйвар хийсэн л гэсэн үг.

О.Чулуунбат саяхнаас “Олон овоот”-ын асуудлыг дахин сөхөж байна. “Зоос”-ын төлөө 150 тэрбумын өрийн бичиг гаргах ямар шаардлага байсан юм бэ? “Олон овоот”-ыг зараад л хадгаламжийн баталгааны дагуу хадгаламж эзэмшигчдэд мөнгийг нь өгчих байсан шүү дээ гэж. Луйвар үргэлжилсээр л. Чухамдаа “Олон Овоот”-ын золионд “Таван толгой”-г нөгөө “Голдман Сакс”-т тавьж тууж байгаа биз?

Үйл явцын үл ажиглагдам холбоосууд


Энэ талаар улам нарийвчилж бичнэ, зарим нэмэлт баримтуудыг цуглуулах ёстой, учир нь иймэрхүү өгүүллүүд буцаад “яг хэвэндээ” орсон Монголын санхүүгийн системд нөлөөлбөл ахиад хоёр банкны амыг барихад хүргэнэ. Тиймээс сэдэвтээ эргэж Н.Даваагийн асуудлыг шүүе. Хүн хөлсөө урсган босгосон банкаа алдчихаад нэмээд шоронд сууж болох уу? Ийм гомдол Н.Давааг шударга ёсны төлөөх тэмцэлд хөл тавихад хүргэсэн. Харин эрх баригчдын зүгээс олон нийтэд ойлгуулснаар баахан хувьцаа эзэмшигч, хадгаламж эзэмшигчдийн мөнгөөр ”гараа угаасан” Н.Давааг гэв гэнэт яг жагсаал цуглааны үеэр урьдчилан мэдэгдэлгүйгээр “гэнэт санасан” юм шиг барьдаг гэнэ.

“Анод” банкны асуудал өнөөдөр ч хэвлэлийнхний анхаарлын төвд байгаа, тиймээс Н.Давааг саатуулах, хорих шалтгаан байсан бол өмнө нь аль нэг хэвлэлээр, ямар нэг сэжүүр гарах л байсан. Тэр тусмаа баривчилсан албан ёсны шалтгаан нь “Н.Даваа оргон зайлж болзошгүй...” гэж бичсэн байдаг. Тэгээд түүнээс өмнө оргон зайлахгүй ямар юмаа хийгээд жагсаал цуглаан гэж явсан нөхөр болж байна аа?

Өнгөрсөн жагсаалын үеэр болж байсан үйл явцуудыг одоо дараалуулаад, учир шалтгааныг тайлбарлая. Г.Уянгыг “саатуулах” оролдлого, Н.Давааг баривчилж хорьсон үйл явц ойролцоо хугацаанд болсон. Ингэснээр хоёр салангид мэт байсан хөдөлгөөнүүдийн зохион байгуулагчдаас сугалахыг оролдсон хэрэг юм.

Ийм нөхцөлд нийтийн эрх ашгийн үүднээс бид зөвлөөд Г.Уянгыг хууль бусаар бүрдүүлсэн хавтаст хэргийг нь зөвшөөрч гарын үсэг зурах нь зөв гэж шийдсэн. Хэрэв зурахгүй бол “ахиад иймэрхүү \хулгайлах\ ажиллагаа явуулна” гэж цагдаагийнхан шууд хэлж байсан юм шүү. Ахиад улсын дугааргүй машин, ахиад үл мэдэгдэх хүмүүс энэ заналхийллийг далимдуулаад “хулгайлчихвал”, үл мэдэгдэх зүгт авч одвол яах вэ?

Мөн энэ үед гарах ёстой байсан “гуравдугаар цувааг” саатуулах гэсэн оролдлого нь О.Магнай, Ж.Батзандан нарын хэргийг буцааж сэргээхийг “Цагдаагийн ар гэрийнхний холбоо” гэгч шаардсан явдал байлаа. Энэ холбоо буудах тушаал өгсөн хэдхэн хүнийг илрүүлчихвэл бусад цагдаа нар гэм зэмгүй болох учиртайг яагаад ч юм ойлгож өгдөггүй юм. Хэрэв О.Магнай зохион байгуулалттайгаар дэмжих үйл ажиллагаа эхэлсэн бол хэргийг шууд сэргээж болзошгүй байв.

Түүний дараахан Н.Энхбаяр “Амь насанд халдах оролдлого” гарч болзошгүй тул анхаарна уу гэж ТЕГ-т хандсан. Цаадуул нь хэвлэлээр цацаж бөөн тоглоом, шоглоом болгоод өнгөрсөн. Үнэндээ өнгөрсөн жилийн суултын үеэр 10 гаруй хүний аминд халдсан этгээд “мэдрэл муутай” гэсэн үндэслэлээр ялгүй тууж яваа. Үнэхээр бачимдсан мэдрэл муутууд шинэхэн “Ланд-80” унаад зугаалж явдаг юм бол улс орныг ийм болгосон этгээдүүд нойргүй хонож баймаар юм. Тиймээс энэ бүх үйл явц төрөөс зохион байгуулалттай хийсэн дарамт болохыг ойлгох боломжтой. Жагсаалаас өмнө ч “Гол мөрний хөдөлгөөний бууны хэрэг”, “Л.Гансүхийн хэрэг” сүрхий өндөр авч байсныг олон хүн мартаагүй байх. МАНАН бүхнийг харж, мэдэж, хийж байдаг юм, яагаад гэвэл тэд “Төр бол дарангуйллын аппарат” гэж үздэг.

“Н.Д”-ын санхүүжилтийн хэрэг

Саяхан ТЕГ-аас ноцтой мэдээлэл тараажээ. Олон хүн анзаараагүй байх, гэхдээ миний л үзэхээр ноцтой. Бид “7 сарын 1-ний хэрэг явдлын санхүүжилтийн үзүүрээс атгаад алдсан” гэж. Аягүй бол одоо “санхүүжүүлэгчийг олсон” тухай, тэр нь Н.Даваа байсан тухай сенсаци дэгдэж магадгүй юм. Н.Даваа бол үнэтэй хүн, 700 тэрбумын үнэтэй. 7 сарын 1-ний хэрэг явдлын дараа цагдаа олон зуун хүн барьж хорьсон, харин ТЕГ ганцхан хүнийг барьж хорьсон юм. Тэр нь Н.Д гэгч. Тэрээр 2006 оны дөрөвдүгээр сарын сунжирсан жагсаалыг худалдаж, түүндээ бантахдаа зарим нэгэн санхүүжилт хийсэн тухай ярилцлага өгснийхөө улмаас баривчлагдсан юм. Тиймээс аягүй бол нэг Н.Д...-гийн хэргийг нөгөө Н.Д болгож хувиргаж чадна. Чухам үүнээс сэрэмжилж үүнийг бичиж байна.

Ц.Нямдорж сүүлийн үед Ж.С гэгч 7 сарын 1-ний хэрэг явдлыг санхүүжүүлсэн гэж хашгичдаг болжээ. Бас Д.Одбаяр 7 сарын 1-ны хэрэг явдлын ард гадныхан байсан гэж барим тавим батлаж байна. Мунхаг ч гэсэн мээдрэмжтэй ийм хүмүүсийн яриа ямар нэг юманд хүргэдэг. Дараа нь цаадуул чинь “Тэкэд би яааг кэлжээшийст”, одоо намайг буудах гэж байна, би сайхан дуулжийгаад...” гээд авч өгнө.

Наадам дөхөж, хүмүүс морь, бөх, сураас өөр үг ойлгохоо болихын цагт юу ч хийж чадна шүү, манай эрх баригчид. Нийгмийн өөрчлөлтийн төлөө 10 шахам жил хавчлага, мөрдлөг, дарамт шахалтын дор амьдарч “мэргэжлийн хувьсгалч” гэж шоолуулж байгаа бид мэт ийм сүүдрийг Ц.Нямдоржоос ч илүү үнэрлэхтэйгээ болчихож.
2011 оны 6 дугаар сар 20