Шашин ба сүсэг
Краковын нэгэн санваартан өнгөрөгч наяад оны дундуур монголоор аялжээ. Дашрамд дурьдахад энэ хотынхон монголчуудыг сайн мэддэг юм.
Ингээд амь насаа алдан байж төрөлх хотынхноо сэрээсэн бүрээчийн дурсгалыг Краков хотынхон цаг тутам дурсан хүндэлж, бас сэрэмжлүүлж байгаа нь энэ ажгуу. Манайхан үүнийг монгол харваачийн цэц мэргийг дурсаж байгаа мэтээр ухаарах дуртай, яая гэхэв.
Ер нь польшууд их сонор соргог ард түмэн. Герман, Орос мэтийн, асуудлыг болж л өгвөл булаах, байлдах аргаар шийдэж ирсэн түүхтэй том гүрний завсарт тусгаар тогтнолоо олон алдан явахдаа ийнхүү сортоотой болжээ. Краковын бүрээчийн сүнс ч гэсэн “Дайсан нэг л өглөө нөмрөөд ирдэг юм шүү” хэмээн хоногт 24 удаа сануулах бөлгөө.
Гэхдээ биднээс их өөр. Бид хартай бол тэд сэрэмжтэй. Бид хардаж сэрдээд нойр хүрдэггүй бол тэд хэзээд сэрэхэд бэлнээр нойрсож чаддаг бөлгөө. Уул нь гэгээн Будда үүнийг л сургасан юм шүү дээ. Үзэн ядалт хорслоор сэтгэлээ там болгож зоволгүй амар амгалан оршигтун. Харин үргэлжийн сонор соргог байж нисванис хэмээх сэтгэлийн гэмүүдээс сэрэмжил гэж.
Мөнөөх сонор ард түмний санваартан монгол орноор аялж үзээд ихэд гайхсан аж. Учир нь Буддизм анх дэлгэрээд мянгаад жил, дахин түгээд хэдэн зуун жил болсон энэ орноос итгэл бишрэлийн мөр бараг олсонгүй.
Үзүүлэн маягтай үлдээсэн Гандантэгчинлэн хийд дээр очиход нь санаандгүй байдлаар таарсан (тааруулсан) нэгэн нэртэй зохиолч “Манай шашныг оросууд устгаж өгсөн нь сайн юм болсон” тухай ярьж өгчээ.
Хүн болж хүзүү толгой бас загалмай зүүснээс хойш ийм юм үзээгүй Ягеллоны их сургуулийн теологийн профессор,санваартан бээр “Бурхан шашингүй орон” нэртэй ярилцлагыг өгсөн байдаг. Өрнөдийн нүдээр харвал энэ гарчиг “ ерөөсөө зүрхгүй” эсвэл “огт уушиггүй” хүмүүс амьдардаг орон гэсэнтэй бараг дүйж очих юм. Коммунизм ийнхүү зүү орох зайгүй шигэж, шашин суртлыг нь үлдэн хөөсөн газар өөр хаана ч хараагүй гэдгээ тэр бас дурссан байдаг.
Ямарч байсан Гандан хийд өдөр бүр хурал номоо хурж, мянга мянган иргэд нууцаар мөргөн шүтэж, орон хязгаар нутагт хөгшид зулаа өргөсөөр насаа элээж, нууцлаг хувилгаадаасаа адис өршөөлийг нь хүртсээр ирсэн гэдэг утгаар авч үзвэл профессор худлаа хэлжээ.
Манай суманд л гэхэд тав зургаан насандаа гэгээнээр өргөмжлөгдсөн боловч цаг төрийн эрхээр хар болсон нэгэн өтгөс байлаа. Манайхан сумаараа, ер нь аймгаараа л сэм шүтэж байсан. Хол ойр одогсдоос эхлээд сургуульд соёлд явж буй багачууд хүртэл аянд мордохын өмнө “айл хэсэх” , “ахмад настай хүнтэй золгоод мордох” нэрийн дор мөргөөд явдаг байж билээ. Их сонин, хүн юу өргөнө яг адилхан юмыг бэлэг болгоод эргүүлээд өгдөг байсан юм. Хөдөөнийхэн дээлийн торго ( нэг метр нь 18 төгрөгийн үнэтэй “арван наймын торго” голдуу) л ихэвчлэн барих тул арай өөр өнгийн торго эргүүлээд бэлэглэх...
Энийг олж харах “билгийн нүдгүй” польш санваартныг буруушаахад амархаан.
Гэвч шашин гэдэг нь итгэл үнэмшил үү? Ерөөсөө сүсэглээд явахын нэр үү? Шашин нь арчигдаад сүсэг үлдэж болох уу? Сүсэггүй шашин, шашингүй сүсэг байх уу, энэ хоёрын аль нь анхдагч вэ гэхчлэнгийн асуулт тавиад харахад өвгөн профессорын олж харсан зүйлс сонирхол татаад явчихдаг билээ.
Яаж ч бодсон хүнээс түрүүлж сүсэг үүссэн байх боломжгүй. Сүсэгтэй хонь, чоно мэтийн амьтан байх учиргүй. Хүн өөртөө байхгүй хүч чадлын эх сурвалжийг эрж хайх санаа бол амьдралын өмнө хүчин мөхөсдөж буйгаа ухаарсан тэр цагаас эхтэй. Хэдийгээр гал олж, нум сум дархалж, араатнаас биеэ хамгаалж сурсан ч гэсэн амьдрал нь хорвоогийн мянга, мянган санамсаргүй тохиолдлоос хамаарч байлаа. Нум байлаа ч санасан зоргоор ан таараа ч билүү? Ан таарлаа гэхэд суманд нь оногдоо ч билүү?
Энэхүү түг түмэн санамсаргүй тохиолыг сайн сайхан , өндөр үр ашигтай болгох хүслээс сүсэг үүсчээ. Өндөр модонд, үхэгсдийн сүнсэнд мөргөөд байвал тэрүүгээр явах байсан гөрөөс энүүгээр хүрч ирээд занганд унана. Уул хадыг аргадаад байвал ужиг өвчин арилж мэднэ гэсэн горьдлого дээр анхны сүсэг, бөө мөргөл, онго шүтээн үүссэн байж таарна.
Хүн аливаа бэрхшээл зовлонгийн учир шалтгааныг өөрөөсөө эрэх дургүй амьтан. Ер нь миний бяргүйгээс, хурдан гүйж чаддаггүйгээс, хувийн сэрэмж дутснаас ингэлээ гэж гунихын оронд онгон модны мөчир хугалсан, тахил шүтээнийг гомдоосон зэрэг хөнлөнгийн учир шалтгаантай хэмээн үзэх нь хамаагүй хялбар аж. Түүнчлэн модонд очиж мөргөөд асуудлыг шийдэх нь өөрөө хурдан гүйдэг болох, огт заяагаагүй овсгоо самбааг эзэмшихээс хямд төсөр авай.
Хүн чадал мөхөсдөхийн хэрээр сүсэглэх хэрэгцээ гарна. Үүнийг өрнөдийн мэргэд “бодит боломж багасахын хэрээр хий горьдлого ихэснэ” хэмээн томьёолсон ч удаатай.
Харин одоогоос хоёр мянга таван зуун тавь гаруй жилийн өмнө хүн гэгээрсэн Бурхан Будда бээр энэ бүхний учир логикийг хүн төрөлхтөнд хэлж өгчээ. Тэр нь үйлийн үрийн тухай сургааль байлаа. Одоо өрнөж байгаа бүхэн өөрийн учир шалтгаантай бөгөөд үр хөврөл нь өнгөрсөн хугацаанд бүрэлджээ. Харин өнөөгийн чиний хийж байгаа бүхэн ирээдүйд учрах эдлэх бүхний чинь үрийг тарьж байгаа.
Амьдрал, хувь заяа хэмээх гайхамшигт, тайлагдашгүй программын бүхий л өгөгдөл нь удган модны мөчир, овгийн бөөгийн хэнгэрэгт огт байхгүй. Харин чиний гарт байгаа. Нэгэнт өнгөрсөн үед хийсэн үйлийн үрийг эргэж очих засах боломж эгэл хүмүүнд үгүй. Харин энэ цаг мөчөөс хойшхи ирээдүй чиний гарт байгаа. Ирээдүйгээ чи л тодорхойлно. Жишээлэхэд, айхавтар шидтэй бөө удган хараал хийгээд чамайг өвдүүлсэн явдал гарлаа гэж бодье. Энэ нь бөөгийн хараалаас болж байгаа юм огт биш. Харин чи ийм учир шалтгаанаар өвдөх үйлийг өмнөх үедээ хийсэн байна. “Хараал” бол чиний үйлийн үр бүрэлдэж харагдах зөвхөн хэлбэр.
Чиний хувь заяаны өчүүхэн төдий элемэнт бүр ч чамаас хамааралтай. Эндээс ургаад чи хараагдашгүй учраас чиний амьдралд хөндлөнгөөс муугаар нөлөөлөх аргагүй. Түүний нэгэн адил ерөөгдөшгүй тул тэнгэрээс нөлөөлөн сайжруулах боломжгүй гэсэн дүгнэлт гарч байна. Тийм ч учраас гэгээрсэн Будда “Чиний зовлонг би угааж чадахгүй, чамд өөрийн гэгээрлээ юүлэн өгөх боломжгүй. Харин чамайг дагуулан багшилж хэрхэн өөрөө өөрийгээ гэгээрүүлэн Бурхан болгохыг зааж чадна” хэмээн айлдсан билээ л. Өнгөрсөн, одоо, ирээдүйн учир шалтгаанаас өөр хаанаас ч биш өөрийн сэтгэл зүрхнээс эрэгтүн гэж тэр бидэнд хэлж үлдээжээ.
Тэгэхээр шашин, Бурханы шашин гэдэг нь мухар сүсэг бус харин ухаарал, танин мэдэх замаар хүрсэн чанадын үнэн, Энэ үнэнд суурилсан итгэл үнэмшил, ёс суртахуун болж таарч байна. Үнэнд хүрэх зам бол танин мэдэж, ухааран гэгээрэхүй болохоос биш харанхуй сухар сүсэг биш гэж заажээ.
Үнэхээр ухаарч, таньж бишрэн байж хүрсэн үнэнийг юу ч баллуурдан арилгаж чадахгүй. Харин мухар сүсэг нь цаанаа үнэн мөний суурьгүй учраас хэврэг, бас өөр мухар сүсгээр солигдож төөрөх үндэстэй гэнэ. Богд Зонховын айлдсан “Бодь мөрийн зэрэг” сударт эргэлзээ бол үнэнд хүрэх зөв зам болохыг сургасан нь сонин. Мэдэж авсан юм болгоноо эргэлзээгээр дахин нягталж байж нуршгүй бат итгэл үнэмшил болгодог гэнэ. Өөрөө хэлбэл “эргэлзээ” бол аудит маягийн хяналт зүйл болж таарах нь. Ерөөсөө л ийм байдаг гэж цээжлэхийн оронд ийм учраас, тийм шалтгаанаар үүнд хүрч байна гэсэн логиктой оюун дүгнэлтэд хүрч байхын чухлыг Будда сургажээ.
Буддын шавь нар өөр бусад шашны ном сургаалыг уншихаас, сонирхохоос бүү цэрвэ, нөлөөнд орчих вий гэж битгий болгоомжил. Чи үнэхээр үнэнийг ухаарч байгаа бол тэднийг унших тутам миний сургаалын үнэн зөвд улам итгэх болно хэмээн омог бардам айлдсан ажгуу.
Энэ хорвоогийн бүх хүн эд хөрөнгө, алдар нэр, нас намбаар тэгшрэх ямар ч боломжгүй. Учир нь хүн бүр өөр өөрийн үйлийн үрийг эдэлж яваа. Харин бүгдээрээ адилхан жаргах боломжтой. Жаргал бол хүний сэтгэл зүрхэнд цогцлон дэлбээлдэг бурханы цэцэг. Сэтгэл зүрхгүй хүн гэж байхгүй шүү дээ. Харин сэтгэл зүрхнийхээ аз жаргалд Буддын заасан гэгээрлийн замаар хүрдэг. Энэ зам оюун санаагаа гэрэл гэгээгээр дүүргэхийг заадаг. Энэ гэгээг сэтгэл рүүгээ тусгаж чадвал чи аз жаргалын цэцэг хэрхэн дэлбээлэхийг харж “Өө. ийм амархан, дэргэд минь байсан гайхамшгийг би хаа хамаагүй эрж, хичнээн их зүдрэв ээ” гайхан дуу алдах болно оо.
Польш санваартны дүгнэлтийг энд хүрээд эргэн харахад бидний өмнөх бодол өөрчлөгдөхөд хүрч байна. ХХ зууны социалист дэглэмийн үзэл сурталчид санасандаа хүрсэн ажгуу. Шашин номоо түймэрдэж, сүм хийдээ нурааж, лам хуврагаа хядсны үрээр олон түмний ой санамжаас шашны итгэл үнэмшил бараг арчигджээ. Харин аллага талллага,хувьсгалт хүчирхииллийн дор толгой бөхийсэн ард түмэнд мухар сүсэг л үлдсэн байна. Хүчгүйдэхийн хэрээр сүсэг ихэсдгийг бид өмнө ярьсан. Мянга мянган монгол хүн айдас хүчирхийллийн эсрэг сөрөн орших хүчийг чухамхүү энэ мухар сүсгээс олж байлаа. Ухаарал, танин мэдэхүйг огт нэхдэггүй мухар сүсэг нь нөгөө талаас улс үндэстний эсэргүүцэл, дургүйцлийн хэлбэрийг ч орлож байсан ч болов уу.
Оршин амьдрах философи, ёс суртаал нь байсан Буддизмын сургааль ба гэгээрлийн зам бүдэгрэн баларч, харин бурхан сахиус, ном судар, уул хад, лус, бөө удган ер юуг ч шүтэхэд бэлэн “сүсэг” үлдсэн байхыг харсан өвгөн санваартан “Бурхан шашингүй орон” хэмээн бодитой дүгнэсэн ажээ.
1990 оны ардчилсан хувьсгал бидэнд мухар сүсгээс шашны гэгээрэлд хүрэх замыг нээж өгсөн юм. Гэхдээ бид ч гэсэн хүн л юм хойно аж амьдралын бэрхшээлийн учир шалтгааныг өөрөөсөө хайхын хөндлөнгийн шалтгаанаас эрж, тэрийгээ янзлах замаар өөрийн тавиландаа засвар хийхийг амарт тооцож байна. Дээр нь зах зээл рүү хийх шилжилт, эдийн засгийн хямралаас үүдээд хүн ардын амьдрал ч бэрхшээлээр дүүрэн хэвээр. Бэрхшээл өөрөө мухар сүсгийн ээж тул бид гэгээрэхээсээ илүү мухраар сүслэх нэг үндэс болсоор л байгаа.
Манай үеийн мянга мянган хүний сэтгэлийг Бурхан руу татах олон сайхан судар номын орчуулж байгаа П.Бадрал багш ерээд оны эхээр нэгэн ажил сэдэн байр түрээсэлжээ. Тэрээр мэргэ төлөг тавихын оронд Буддагийн сургааль номлолыг сурталчилж, үйлийн үрийг ухааруулах “үйлчилгээ” явуулдаг сүм нээсэн аж. Гэтэл орж ирсэн сүсэгтнүүд мэргэлэхгүй, засал хийхгүй гэдгийг дуулаад “хэзээ ийм лам байсан юм бэ” гэж гайхаад байсан гэсэн. Суртал номлодог сүм ч удалгүй дампууран хаагджээ. Үүнийг л Ягеллоны их сургуулийн профессоор “Бурхан шашингүй орон” гэж нэрлэсэн байна. Ийм учраас энэхүү мянган бөө, удган, хар цагаан шидтэн хаанаас гараад ирвээ хэмээн гайхахад хүрч байгаа юм.
Уул нь Буддын шашны олон арван ном сургааль орчин цагийн монгол хэлээр, шинэ найруулгатайгаар бишгүй их гарч байна. Хүссэн хүнд Буддын ариун номын рашаанаас хүртэх боломж улам л нээлттэй болсоор...
Бид заримдаа лам хуврагуудын мораль, сүм хийдийн байдлаас хамаараад шашны гэгээрлийн үйл хэрэг явцгүй байгаа гэж тайлбарладаг. Оргүй ч биш. Гэхдээ манай сүм хийдийн менежмэнт, лам нарын байдал нь бидний сүсэг бишрэлийн шууд тусгал л шүү дээ. “Лам нь ямар байна сүм нь тийм байна” гэсэн зүйр үг бий. Харин сүсэгтэн ямар байна, лам нь тийм байдгийг бид мэдэхтэйгээ болоод авлаа.
зочин
d. baasandorj
баагий
Зочин
test
sainuu
ariuk
ariuk
t1
Зочин
eegii
eegii