Д.ОЮУНХОРОЛ:АЛИВААД ЭРДЭЖ, БЯРДАЖ БОЛОХГҮЙ ҮНЭНД ОЙР АМЬДРАХ ХЭРЭГТЭЙ
-Улс төрийн хувьд өнөөдрийн байдлаар хамгийн халуун сэдэв байх шиг байна.
Би өөрийн хөтөлдөг “Ярилцъя” буландаа эмэгтэй зочин ховорхон урьдаг юм биш байгаа гэж хааяа боддог. Тэр бодлоосоо болоод энэ хавар хэд хэдэн хүчирхэг бүсгүйг зочноороо урилаа. Уншигчид маань ч сайхан хүлээж авсан. Өнөөдөр ч гэсэн тэднийхээ тоог нэгээр нэмж, УИХ-ын эрхэм гишүүн хатагтай Д.ОЮУНХОРОЛТОЙ ярилцахаар шийдсэн нь энэ. Бидний хөөрөлдөөнийг сонирхон уншина гэдэгт найдаж байна.
-Тантай их олон жилийн өмнө ярилцаж байсан юм байна. Тэр үеийн Оюунхорол мэдээж эрс өөрчлөгдсөн байх?
-Үнэхээр олон жил өнгөрчээ. “Отгонтэнгэр” их сургуулиа босгох гээд ид зүтгэж явсан үе маань шүү дээ. Энэ жил сургуулийн маань 20 жилийн ой тохиож байгаа.
-Тэр өдөр та боловсролын салбараас төрсөн анхны шилдэг бизнесмен болж байсныг их тод санаж байна?
-Тийм билүү. Яасан мартдаггүй юм бэ. Сонин сонсогдож байна.
-Өнөөдрийн улс төрийн үйл амьдрал бидний ярианы гол цөм болж таарах байх. Сайд Д.Зоригтыг огцруулах эсэх асуудал хэлцэгдэж байх үеэр таны тавьсан асуулт анхаарлыг маань татсан?
-Улс төрийн хувьд өнөөдрийн байдлаар хамгийн халуун сэдэв байх шиг байна. Бид өнөөдөр парламент дээр зөвхөн Д.Зоригт сайдын асуудлыг авч хэлэлцээд байгаа юм шиг харагдаж байгаа боловч цаана нь огт өөр зүйл хөндөгдөж байна гэдгийг анзаарах ёстой. Надад ойлгогдохгүй зүйл бас байсан. Тэрийгээ асуусан. Мэдээж улстөрчийнхөө хувьд өрнөж буй үйл явдлыг өөрийнхөө өнцгөөс харж сэтгэлийн хөдөлгөөнөөр бусдыг дагаж давхихгүйгээр үнэлэлт, дүгнэлт хийх чадвар улстөрчдөд байдаг. Монголын улс төрийн тогтолцоог сайжруулахын тулд Үндсэн хуулиа өөрчлөх цаг нь болсон. Тогтолцоо маань буруу жишгийг өдөөж байна гэсэн дохио дуугараад байгаа юм. Иймээс л стандарт бус Засгийн газар байгуулагдсан. Засгийн газрыг байгуулахдаа улс төрийн намууд тус тусын шийдвэрээ сайтар ярилцаж хэлэлцэж гаргасан. Түүнийхээ дагуу хамтарч ажиллана гэдэг нэгдсэн тохиролцоонд хүрч, хамтарсан Засгийн газрыг байгуулаад өнөөг хүртэл явж ирсэн. Тогтолцоогоо өөрчлөхгүйгээр төрийн тогтворгүй байдлын талаархи яриа дуусахгүй л дээ.
-Өнөөдөр АН-ын гурав танай нэг сайдыг, маргааш МАН-ын гурван гишүүн тэдний нэг сайдын асуудлыг өргөн барих эрх нь нээлттэй?
-Засгийн газраа байгуулахдаа намууд хамтарсан шийдвэр гаргасан юм бол огцруулахдаа ч хоорондоо ярилцаж шийдвэр гаргах ёстой байх. Онгорхой цонхоор том том чулуу оруулж шидээд байх бололцоо нь нээлттэй байгаа ч юм шиг. Засгийн газрын гишүүдийг ингэж сугалаад эхлэх юм бол юу болох юм. Тэгвэл манай намын гурван гишүүн бас АН-ын нэг сайдыг нь огцруулах тухай ярьж л таараа ш дээ.
-Тэгвэл С.Баярцогттой чинь ярина шүү гэж угаасаа та нар айлгасан юм биш үү?
-Улс төр л юм чинь тоглох гээд байгаа тэр зарчимгүй тоглоомоор нь тоглоод өгч болно ш дээ. Гэвч энэ нь өөрөө Монголын ард түмэнд ашиг байхгүй, улс төрийнхөө тогтвортой байдалд ашиг байхгүй. Хэнд ашигтай үйл явц болох гээд байгаа юм бэ гэдэг нь өөрөө тодорхойгүй зүйл учраас хүн болгон хувь хүнийхээ амбицыг дараад, том эрх ашгаа хараад зүтгэх хэрэгтэй биш гэж үү.
-Тогтолцооны гажуудлын талаар олон жил ярьж байна. Ер нь та хувьдаа одоогийн Засгийн газрыг хэр ажиллаж байна гэж үздэг юм?
-Хамтарсан Засгийн газрыг ажлаа гайгүй хийж байгаа гэж бодож байгаа. Нийгэмд хүлээгдэж байсан олон асуудлуудыг хөдөлгөсөн, стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах түүхэн шийдвэрүүдийг гаргаж хөгжлийнхөө галт тэргийг замд нь гаргаж чадсан. Энэ бол бүхэл бүтэн зургаан жил гацаанд хэвтсэн хүнд төслүүд шүү дээ. Одоо эдийн засгийн өсөлт бий болж үр дүнгүүд харагдаж эхэлж байна.
-Та үнэхээр тэгж үнэлж байна уу. Эсвэл намын даргын тань танхим учраас ингэж хэлэхгүй бол болохгүй юу?
-Үгүй дээ. Ер нь бол эдийн засгийн реформ өмнө байгаагүй боломжийн хэмжээнд урагшаа явсан. Энэ нь 2008-2012 онд сонгогдсон УИХ, Засгийн газрын гишүүдийн хийсэн ажлын амжилт мөн. Монголын ард түмний амны хишиг ч их. Улсын маань эдийн засаг боломжийн хэмжээнд өсч байна. Болж байгаа юмаа бид болж байна гэж бас чанга хэлж байх ёстой. Гэхдээ бүх зүйл сайхан болчихсон гэж гялгар болгож ярьж болохгүй. Ажлыг хийж байгаа хүмүүс дотор хийж чадахгүй нэг хэсэг байна, хийж байгаа ажлаа сурталчилж чаддаггүй, урагштай, өнгөтэй өөдтэй явж байгаагаа мэдэрч бусдадаа мэдрүүлж чаддаггүй нь ч байна. Хоосон PR-чин ч бас байна. Ингэж олон юмс өнгө өнгөөрөө ялгарч байх шиг. Амьдралын үнэнийг л бид ярих ёстой. Хийж байгаа ажлаа үгүйсгэх бас дургүй. Бид сууж байгаа модоо төр гэж ойлгоод мөчрийг нь нэг нэгээр нь өөрсдөө хөрөөдөөд байвал ер нь энэ төр чинь юун дээр оршин тогтнох юм бэ. Би С.Баяр даргын хамтарсан засаг байгуулахаар гаргасан шийдвэрийг их зөв байсан гэж боддог. Стандарт бус засгийн газар байгуулж байж, Монголын хөгжлийг урагшлуулахаар зүтгэсэн. Бид 20 жил их улстөржиж, талцаж хуваагдсан. Сонгуульд орсон намууд Монголын ард түмний амьдралыг сайхан болгоё гээд яриад байдаг. Яг эцсийн үр дүнд нь бид тоймтой урагшаа алхаж чадаагүй шүү дээ. Энэ гацааг хөдөлгөх механизм нь хамтарсан засаг байсан. Манай нам 46 суудал авсан мөртлөө бид л ахиу эрх эдлэнэ, тэгнэ ингэнэ, тэгж дарга сайд болох ёстой гэсэн улиг болсон зүйлийг ярихгүйгээр, талцаж хуваагдахгүйгээр Монгол Улсынхаа эрх ашгийн төлөө хамтраад үзье л дээ гэсэн шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэр нь өөрөө стандарт бус Засгийн газар байгуулагдсан үндэс суурь. Бүх нөхцөл байдлыг сөрж, улс орноо бодож гаргасан шийдвэр учраас бид хүндэтгэлтэй ханддаг. Том эрх ашгаа бодох нь зөв л дөө. Энэ дөрвөн жилийн улс төрийн эрхийг авсан хүмүүс нийлээд ард түмний төлөө нэг ч гэсэн сайн зүйлийг хамтраад хийж бүтээхийн төлөө явъя л даа.
-Д.Зоригт сайд ер нь хувь хүнийхээ хувьд ямархуу хүн бэ. Хүмүүс түүнийг их л хувирсан гэх юм билээ. Ер нь энэ дашрамд ангийнхаа 73 эрчүүдийн тухай бодлоо хуваалцчихвал яасан юм?
-Хувь хүнийхээ хувьд бол Д.Зоригт сайдыг би гайгүй боловсролтой, соёлтой, мэдлэгтэй, чадвартай сайд гэж боддог. Өнөөдөр эмэгтэй улстөрчдийг дарамталчих гээд байдаг зарим бүдүүлэг эрэгтэй улстөрчид байна ш дээ. Эцгийн эрхт ёс ноёрхож байсан үеийн зарчим нь тархиных нь ард талд нь ч юмуу наалдаад үлдчихсэн. Тэдний дэргэд Д.Зоригт гишүүн маань ёс суртахуунтай л хүн дээ.
-С.Эрдэнэ гишүүн нээрээ таныг юу гээд байсан бэ?
-С.Эрдэнэ гишүүн уурандаа янз бүрийн үг хэллэг хэлсээн. Яахав дээ уур нь хүрчихсэн байгаа хүн ухаантай үг хэзээ ч хэлдэггүй юм болохоор нэг үг хэлээд, түүгээрээ намайг муухай харагдуулчихаж байгаа ч юм шиг ойлгоод байх шиг байна лээ. Тийм юм байхгүй л дээ. Энэ байтугай л юм үзлээ. Түүний хэлсэн хоёр үгэнд би цохигдоод жижгэрчихнэ гэсэн юм байхгүй.
-Хуучин ёс суртахууны хувьд гишүүдийн бухимдлыг төрүүлдэг нэг хэлбэр харагддаг байсан. Засгийн газрын гишүүд нь дарга юм шиг орж ирээд хаахалзаад байдаг. Парламентынхаа толгой дээр гараад суучихсан урвуу дүр төрх. Энэ талын гажиг хэр засагдаж байгаа вэ?
-Дээхнэ үеийн дарга нар хүмүүстэй их энгийн харьцдаг байсан санагддаг юм. Том байх тусмаа энгийн байдаг зарчимтай байсан. Энэ байдал жаахан алсраад байгаа юм шиг санагддаг. Одоогийн Засгийн газрын гишүүдийн хувьд нэг их томорхоод тасраад байгаа хүн байдаггүй. Үндсэн хуульд орох өөрчлөлтүүдийг зоригтой хиймээр байна. Бид Үндсэн хуулиараа л ард түмнээ хоёр хуваагаад байгаа ш дээ. Баг дээр очихоор багийн 60 хүн нам яриад хэрэлдчихсэн сууж байдаг. Бараг гэр бүлдээ эхнэр нөхөр хоёр намчирхаад маргаад сууж байдаг. Сонгуулиар бид нийгмээ ингэж хуваан талцуулдаг. Энэ нь Монголын нийгмийг муухай, өнгөгүй болгож харагдуулдаг. Энийгээ л янзалчихмаар байна шүү дээ.
-Ямар ч байсан Засгийн газрын гишүүд орж ирээд парламентад хямсалзаад байдаггүй болсон юм байна. Нам дотор үнэхээр ийм нэг галбир байх нь байсан шүү?
-Одоо ч гайгүй дээ. Улс төр хөгжлийнхөө явцад соёлжиж, эрүүлжиж явдаг. Бас тухайн цаг үеийн лидерүүд хэн байна гэдгээс асуудал их болдог юм байна ш дээ.
-Таны улстөрчийн замнал баргийн эрэгтэй хүнд ч тохиолдоогүй замнал байж мэдэх юм ?
-Аль утгаараа.
-Аль аль талаараа ?
-Би таныг ямар сэдэв рүү орох гээд байгааг гадарлаж л байна. Үнэнийг хэлэхэд надад харин наад сэдэв рүү тань орох сонирхол огт байдаггүй юм.
-Танай намд насаараа эрхэлж яваа ганц хоёр эмэгтэй улстөрч бий. Эрх мэдлийн тойргоос огт гардаггүй. Тэдэнтэй харьцуулахад та бол үнэхээр янз бүрийн юм үзсэн. Энэ нэн шинэ цаг үед намаасаа “хөөгдөж”, хашааны гадна түлхүүлж гаргуулж хүртэл үзсэн. Энэ бол баргийн эмэгтэй хүн тэсээд гарахааргүй бэрхшээл. Тэр үед яг юу болсон юм бэ. Яагаад гэнэт намаасаа “хөөгдөх” болсон юм бэ. Тэр үед Энхбаяризм гэж том ойлголт байлаа. Энэ тойрог дотор ч явж байсан хүний нэг та байх?
-Ер нь бол Монголын улс төрд орсноос хойшхи хугацааны хамгийн хүнд үе нь 2000-2004 он гэж боддог юм. Монголын нийгэм, өөрөө улс төрөөсөө донсолгоо авсан үе байхгүй юу. Би 1991 оноос хойш бизнес хийгээд, энгийн амьдралаараа л явж байсан хүн. Цаг үеийн шалгууруудтай бусдын л адил нүүр тулж байсан. Бодлого боловсруулах төвшинд очиж ажиллахын тулд өөрийгөө бэлтгэсэн. Нам маань ч санал тавьсан. Ингээд л улс төрд хөл тавьсан даа. Одоо тэр үед болж байсан янз бүрийн явдлууд түүх болон үлдэж дээ. Манай аймагт 2002 онд аймшигтай зуд болдог юм байна. УИХ-ын гишүүд бид тойрогтоо явж ажиллана. Ажиллахаас ч өөр арга байгаагүй. Би тэр үед ойролцоогоор найман сумаараа 40 гаруй удаа явсан байдаг юм. Манай аймгийн зам харгуй дэд бүтэц сул. Бас л хүнд зам туулна шүү дээ. Тэгж яваад л очно. Очиход үнэхээр нүд хальтирмаар дүр төрх угтдаг байсан. Хэдэн малаа зуданд алдчихсан, зуданд тэр чигээрээ нэрвэгдчихсэн, амьдрал нь хүндэрчихсэн хүмүүс нулимсаа урсгаад угтаж байсан үе. Хөөе та нар ард түмнээ ядуурлаас гаргана гэсэн яасан бэ. Саалийн ганц үнээгүй болчихсон, тогоогоо харлуулчихаад сууж байна. Одоо бид яаж амьдрах юм бэ. Малжуулах төсөл хэрэгжүүлж өгөөч ээ гээд л бухимдацгаана. Энэ бол энгийн л гуйлт. Энэ талаараа бүлгийн хурал дээрээ л ярина ш дээ. Засгийн газраас боломжийнхоо хэмжээгээр малжуулах төсөл хэрэгжүүлээд өгөөч. Ганц тэрбум төгрөгийг төсөвт суулгаад зуданд нэрвэгдсэн хэдхэн аймагтаа төсөл хэрэгжүүлээд өгөөч дээ гээд хэлэхээр сайд нь ойлгохгүй. Зарим нэг нь тэрийг сонсоод том даргад очиж хэлэхдээ нэлээд тийм ховын маягтай зүйл болгож дамжуулна. Оюунхорол юм л бол Засгийн газрыг шүүмжилж байна гэж ирээд л. Тэр үед зөвхөн тэгж амьдардаг улстөрчид маш олон болчихсон байсан л даа.
-Үзэгдлийн төвшинд хүрсэн?
-Ерөнхийдөө улстөрч эрчүүдийн ханш тэр үеэс эхэлж унаж эхэлсэн гэж би боддог юм. Тэр явуулдаг ховынх нь хоронг ямар гэж санана. Ингэж л хүмүүсийн харилцаа холдож, алсарч эхэлсэн дээ. Тэр үеийн сэтгүүлчид үнэнийг бараг бичиж байгаагүй ш дээ. Их хэцүү үе байсан. Яагаад гэвэл үнэнд ойрхон юм биччих л юм бол тэр сонин өөрөө хардагдаж сэрдэгдээд шалгагдаад байсан. Тийм учраас сэтгүүлчид хүртэл дөрөв дэх засаглалынхаа үүргийг сайн гүйцэтгэх боломж нөхцөл хязгаарлагдмал тийм үе байсан. Тухайн үед ганц хоёр сонин л чадан ядан үүргээ биелүүлэх гэж оролдож байсан.
-2004 оны сонгууль боллоо. Танд нэр дэвших эрх олгоогүй?
-Ингээд би дараагийн сонгуульд орлоо. Тэр үед бол надад маш олон дарамтыг үзүүлсэн. 2004 оны гуравдугаар сараас эхлэн надад улс төрийн асар олон дарамтууд ирсэн. Би буруу гишгээгүй, миний нутгийн ард түмэн намайг улстөрч болгоод гаргаад ирсэн, тэр итгэлийг нь би эвдээгүй. Тийм байтал яагаад би ийм дарамт амсах ёстой юм гэж өөртөө хэлж байсан. Би зөв алхаж байгаа. Яахав дарга нарын өмнө гутлыг нь долоож, худлаа үнэн юм ярьж, бялдуучилж, зусардаж чадаагүйгээрээ л би хасах оноотой юм байна. Тэгэхдээ би хийх ёстой ажлаа хийж байгаа гэж бодож байсан. Би тэрэндээ итгэлтэй байсан. Сонгуульд орох дөхөөд байдаг. Над руу чиглэсэн юмнууд улам хүндрээд байлаа. Гэхдээ би ерөөсөө айгаагүй. Энэ бүхнийг дурсах одоо бол надад сонин биш. Үнэндээ Ганчимэг ээ, өнөөдөр надад өнгөрснийг ярих ямар ч сонирхол алга. Энэ сэдвийг орхичих.
-Ойлголоо. Ингэхэд та хэзээ намд элссэн юм бэ?
-Би 1996 онд намаа ялагдчихсан байхад элссэн гишүүн. Манай намын цагаан байшингийн үүд хаалгаар орж гардаг хүнийх нь тоо нэлээд цөөрчихсөн сонин үед би МАХН-ыг сонгож байсан. Үзэл бодол, үнэт зүйлийнхээ төлөө явж байна гэж бодож л сонголтоо хийсэн. Тэр үед улс төр одоог бодвол цэвэр тунгалаг байсан. 2000 оны сонгуульд нэр дэвшиж, тэр үед би долоо найман эрэгтэйчүүдтэй өрсөлдөөд ялж УИХ-ын гишүүн болж байсан. Монголын уураг тархи болсон тэр хүмүүсийнхээ дунд ороод явж байгаа учраас би маш их зүйлийг сурах, унших, сонсох хэрэгтэй байсан. Олон цагаар суудаг байлаа. (инээв).
-Та гурван сонгуульд орж өрсөлдсөн. Сонгууль бүрийн дараа өөр өөр дурсамж үлддэг байх даа?
-Монголын ард түмний агуу ухаанд биширч шүтэн, итгэж баярлаж явдаг. Тэр олон хүний хайр хүндэтгэлийг дааж явах юмсан, сэтгэлийг нь сэвтээхгүй юмсан гэж боддог. Өнгө мөнгө, албан тушаалд аагархаад байгаа даргыг тэгтлээ дагаж гүйж хуйлардаггүй. Аливаад эрдэж бярдаж болохгүй, үнэнд ойр амьдрахыг Монголын ард түмэн жишиг болгон тогтоож өгсөн. Эрх мэдэл, албан тушаалаас илүү үнэ цэнэтэй юм хүний нийгмийн харилцаанд байдаг гэдгийг сонгууль бүрээр Монголын ард түмэн жишиг болгож харуулсан.
-2004 оны хүндхэн болсон тэр сонгуулийн дараа та юу хийсэн бэ?
-Болоод өнгөрчихсөн юмны тухай бодоод, улам унаад байхыг би хүсдэггүй. Дурсч яриад ч надад тийм сайхан энерги хуримтлагдахгүй. Би өөрийнхөө амьдралын олон сайхан зарчим, үнэт зүйлээ алдчихна шүү дээ. Тийм учраас дэмий юманд цагаа үрснээс урагшаа хараад сайхан амьдраад явахыг би чухалчилдаг. Би хөдөлмөрлөж амьдрах дуртай. Анх 1991 онд зах зээлийн шуургыг сөрж, өөртөө даахгүй том зорилго тавьж, тэмцэн Их хайрханаараа овоглосон “Отгонтэнгэр” их сургуулиа үүсгэн байгуулж байсан. Оюуны их уурхай болсон их сургуулийнхаа үйл ажиллагааг цааш нь үргэлжлүүлсэн. Цаг хугацаа бүх юмны шалгуур гэдгийг болж буй үйл явдлууд харуулж байна л даа. Одоо сургуулийн маань хүүхэд балчир нас, зах зээлийн нугачаа, адармаатай замыг туулж эдүгээ эрийн цээнд хүрч хорин жилийн ойтойгоо золгож байна. Дээд боловсролын салбарт нийгмийн хөгжлийн эх үүсвэр, нийтийн баялгийг бүтээгчийн нэг болж чадсан. Бизнесийн шударга өрсөлдөөн дунд шударгаар орон зайгаа эзэлж, хувийн хэвшлийн сургуулийн шилмэл дүр төрхийг бүтээж чадсанаараа бахархдаг.
-Ялагдлын дараа өөртөө завсар олгохгүй ажиллана гэдэг өөрөө том тэвчээр. Мэдээж ийм зүйлийн дараа том үр дүн хүлээж байдаг болохоор?
-Тийм. Би 100 хувь санал нийлж байна.
-Би танаас бас нэг шударга юм асуучихъя. 2009 оны сонгуульд Завханд Н.Энхбаяр даргыг унагахын төлөө таныг нэлээд хүчтэй ажилласан гэдэг. Энэ үнэн үү, бас хардлага уу?
-Хардлага. Бид нарт намаас Н.Энхбаяр даргын сонгуулийг дэмж, яв гэсэн л үүрэг өгсөн. Ингээд бүгд намынхаа нэр дэвшигчийнхээ төлөө явсан. Бид хоёр муудалцсан сайдалцсан байж болно. Тэр ямар хамаатай юм бэ. Би тийм өчүүхэн хүн биш.
-Н.Энхбаяр даргын түүх өнөөдөр их сонин хэлбэрээр үргэлжилж байна. Намын дарга нь намаасаа гарч байсан түүх танай намын түүхэнд анхных боллоо. Нэгэн цагт энэ намын туг нь явсан хүний тухай одоогийн үйлдлүүдийг нь хараад ямар дүгнэлт хийдэг вэ?
-Энэ намын буяныг хамгийн их эдэлсэн, энэ намын нэрээр төрийн бүх өндөр албан тушаалуудыг нь хашиж явсан хүний хувьд ийм алхам хийж байгааг зохисгүй гэж бодож байна. Гэхдээ энэ хувь хүний сонголт юм биздээ. 2004 онд УИХ-д нэр дэвших эрхээ хасуулчихаад, элдвийн дайралт давшилтад балбуулж байх үедээ ч би энэ намаас урваж яваагүй. Энэ бол харин миний сонголт байсан. Тэр үед надад янз бүрийн саналуудыг тавьж л байсан. Гэвч миний амьдралын зарчим тэр биш байсан
-Гадаа байгаа хөдөлгөөнийхөн заримдаа ордныг бүслээд л, ганц нэг гишүүд гарч ирэхээр нь барьж аваад л байгаа харагдах юм. Тань руу тэгж довтолж байна уу?
-Үгүй. Хаврын зэвэргэн хөх салхиар буухиалсан юм шиг л улс төрийн амьдралын халуухан өдрүүд ирдэг уламжлал сүүлийн хэдэн жил манайд тогтоод байна. Нийгмийн энэ үйл явцыг “Хаврын синдром” гэж хүртэл нэрлээд байна шүү дээ. Улс төрийн дотоод эмгэг гадагшилж эрүүлжих үйл явц байнга өрнөж байдаг нь ардчилсан нийгмийн жам ёс. Ардчилсан нийгэмд байдаг иргэний хөдөлгөөн, жагсаал цуглаан болж байна. Айх, гайхах, эмзэглэх юу байх вэ. Өнөөдрийн жагсаал цуглааны нэг хэсэг нь төр засгийн үйл ажиллагааг шүүмжилж, нөгөө хэсэг нь тодорхой бүлэг хүмүүсийн захиалгатай үйл ажиллагааг хэрэгжүүлж, нийтийг эмх замбараагүй байдалд турхирсан шинжтэй үйлдлүүдийг үзүүлж байна. Зарим хэсэг нь улс төрийн намууд нийгмийн төлөөлөл, ардчиллыг хэрэгжүүлэх процесст итгэхгүй гутарч бухимдан төр, засгийн байгууллагуудын ажиллагсадын хүнд суртлын эсрэг дургүйцлээ илэрхийлж байна. Эрхээ эдлэж дуу хоолойгоо төр засагт хүргэх нь тэдний эрхийн асуудал. Ажил хийж байгаа хүмүүст шүүмжлүүлэх асуудал байлгүй яахав.
-Та талбай дээр очиж үзсэн үү. Зарим гишүүн талбай дээр гарч ирээд сүрхий рейтинг цуглуулж байгаа харагдах юм байна ш дээ?
-Тэгж рейтинг цуглуулаад ч яахав дээ.
-Завханаас морьтнууд ирсэн үү?
-Ирээгүй байхаа. Хөөрхий тэд нар 1000 километрээс морь уначихсан энд ирээд цохиж явна гэж бараг байхгүй биз. Болсон болоогүй юманд хутгалдаж авахаас илүү өөрсдийнхөө амьдралыг эвтэйхэн аваад явах хүсэл эрмэлзэл нэг хэсэгт нь бол сууж байгаа шүү дээ.
-МАХН-ын Оюунхорол л гэдэг байлаа. Одоогийн МАН-ын Оюунхорол гэх нэрэндээ ер нь дасч байна уу?
-Дассан шүү хө. Ардын нам гэдэг чихэнд чимэгтэй дулаахан санагдаж байгаа биздээ. МАН гэдэг хуучин нэрээ сэргээхэд гар бие оролцсон болохоор дасч ядаад байх юм байхгүй л дээ. Намынхаа үйл ажиллагаанд ч идэвхтэй оролцож байгаа.
-Хүмүүс үнэмлэхээ авч байгаа юм уу даа. 160 мянгад өгчихсөн гээд л байх юм. Дэгс л сонсогддог юм?
-Үгүй үгүй. Үнэхээр авч байгаа. 163500 гишүүн батлахаа авсан. Аймгийн намын хороо, сумын намын хороо дүнгээ худлаа гаргана гэж байхгүй ш дээ. Яагаад гэвэл намын батлахаа авч байгаа гишүүдийн намтар түүх анкет нь бичигдээд хөтлөгдөөд явж байгаа шүү дээ. Нөгөө талд нь шинээр 22400 гишүүн манай намд элссэн байгаа.
-Одоо хамгийн анхаарал татаж байгаа сэдэв Сонгуулийн хууль. Танай нам сонгуулийн системийн аль хувилбар дээр нэгдэх нь вэ?
-УИХ-аас томилогдсон ажлын хэсэг сонгуулийн хууль боловсруулаад Төрийн байгуулалтын байнгын хороогоор нэг удаа хэлэлцүүлсэн. Одоо мөрдөж байгаа сонгуулийн хуулиа төгс төгөлдөр болгоё, пропорциональ тогтолцоонд шилжье гэж 2007 онд С.Баяр дарга анх санал тавьж байсан. Гэтэл өнөөдөр манай намыг сонгуулийн хуулийг өөрчлөхөөс татгалзаад болгоомжлоод байгаа юм шиг ойлголтыг олон нийтэд төрүүлэхүйц мэдээлэл хэвлэлээр нэлээд бичигдээд байна. МАН одоо мөрдөж байгаа сонгуулийн хуулиа өөрчилж сайжруулах дээр санал нэгтэй байгаа. Жижиг ба томсгосон тойргоор УИХ-ын гишүүдийг иргэд, сонгогчид шууд сонгож байсан мажоритар тогтолцоонд сайн муу тал аль аль нь байсан. Сонгогчид төрд төлөөлөх хүнтэйгээ уулзаж ярилцаж, дотор сэтгэл, үзэл бодлыг нь уудалж, жинлүүрийн тавган дээр тавьж дэнсэлж байж сонгодог хувилбар шүү дээ. Энэ хувилбараар сонгууль явуулсан тохиолдолд сонгогчдын санал олноор гээгддэг сул талтай. Өөрөөр хэлбэл төрийн эрхээ барилцах боломжоо олон иргэд алдаж байна гэсэн үг. Нөгөө талаар намууд, нэр дэвшигчид их хэмжээний мөнгө амладаг, төр засгийн эрх авсан хойноо амлалтаа биелүүлэх гэж төрийн санхүүг тамирдуулдаг, бэлэн мөнгө тарааж, олон түмнийг арайхийн салж ядаж байсан бэлэнчлэх сэтгэлгээ рүү нь буцаах гэх мэтийн сөрөг үр дагавартай. Сонгуулийн холимог хувилбараар бол нэг тойрогт нэг л хүний нэрийг дугуйлах учраас улс төрийн намууд жинхэнэ лидерүүдээ өрсөлдүүлнэ гэсэн үг л дээ. Энэ системээр сонгууль явуулбал улс төрийн намууд төлөвших, санхүүжилтийн зарчмаа зөв болгох, намын хөтөлбөр нь төрийн бодлого болж хэрэгжих, улс төрийн авлига үгүй болох, намын бүлгүүдийн үйл ажиллагаа цэгцрэхэд маш чухал ач холбогдолтой.Эмэгтэйчүүдийн квотын асуудал намаас жагсаасан нэрсэд багтан шийдэгдэж, улс төрийн намууд гудамжинд бус парламентын танхимд улстөр хийж, сонгууль шударга болж, парламентын төлөвшилд ахиц дэвшил гарна гэж бодож байна.
-Сонгуулийн хуулиа ч ярьж шийдэж чадаагүй байхад зарим нутаг оронд нэр дэвшигчдийн нэр “тодорсон” байх юм. Таны хувьд тойрогтоо хэвээрээ юу. Таныг намын Удирдах зөвлөлийн гишүүн, дээр нь нутгийн олон түмний хүндэтгэл, дэмжлэг талаасаа ч өрсөлдөгчгүй гэж ойлгож болох уу?
-Тийм ойлголт байж болохгүй. Ардчилсан тогтолцоо чинь өрсөлдөж байхдаа л эрүүл байдаг жамтай. Нөгөө талаар сонгуулийн хууль ч тодорхойгүй байна. Завханчуудынхаа төлөө миний хийж байгаа ажлыг сонгуульд өрсөлдөгчгүй ялалт байгуулахын төлөө хийгээд байгаа, хийх гэж зүтгээд байгаа мэтээр ойлговол дэндүү өрөөсгөл ойлголт болно. Төрсөн нутгаа гэх сэтгэл, сонгогч олон түмний итгэл, хайрыг даах ухаан, айл өрх бүрийн амьдрал дээшилж, өнгөтэй өөдтэй болоосой гэсэн чин сэтгэлээсээ хичээж зүтгэж явдаг юмаа. Хувь хүний хүсэл эрмэлзлэлээс гадна төрсөн нутаг усныхны минь санал хүсэлт, үнэлэлт дүгнэлт юу юунаас илүү чухал шүү дээ. Мөн нэр дэвшигчид намын хамтын бодлого шийдвэр маш их нөлөөлдгөөс гадна улс төрийн бичигдсэн хийгээд бичигдээгүй ёс зүйн зарчим байдгийг дурдахгүй өнгөрч болохгүй.
-Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоогоор Монгол Улс дэлхийн улс орнуудын хэдэд жагсдаг вэ. Энэ байр дараагийн УИХ-ын сонгуулиар урагшлах боломж харагдах юм уу?
-Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог парламентад эзэлсэн суудлын тоогоор харьцуулсан үзүүлэлтээр 187 орноос Монгол Улс 115 дугаар байр эзэлсэн ба 2008 онд 76 суудалтай парламентад 3 эмэгтэй сонгогдож 3.4 хувийн төлөөллийг бүрдүүлсэн нь олон улсын парламентын дундажаас даруй 2.6 дахин бага байна. УИХ-ын 2008 оны сонгуульд 356 нэр дэвшигчээс 66 нь эмэгтэй байсан нь нэр дэвшигчдийн эзлэх хувь байнга өсч, харин сонгогдсон эмэгтэйчүүдийн хувь буурсан байна. Өнөөдөр эмэгтэйчүүдийн санал бодлыг сонсч улмаар төрийн бодлогод тусгах явдал чухал байгаа. УИХ Жендерийн эрх тэгш байдлын тухай хуулийг батлан гаргаж, хуулиа хэрэгжүүлэх ажлуудыг эхлүүлж байна. Монгол эмэгтэйчүүдийн үнэлэмжийг дээшлүүлж, улс төрд оролцох оролцоог нэмэгдүүлэх, чадвартай, боловсролтой эмэгтэйчүүдийг сурталчлах ажил маш чухал байна. Мөн эмэгтэйчүүд өөр хоорондоо бие биесээ хүлээн зөвшөөрч, хамтран ажиллах сэтгэлгээний өөрчлөлтийг хийх тал дээр эмэгтэйчүүдийн байгууллагууд идэвхтэй ажиллах ёстой гэж боддог. Мэдээж 2012 оны сонгуульд эмэгтэйчүүд олноор нэр дэвшиж, их хуралд сонгогдоосой гэж хүсч байна. Энэ үйл хэргийн төлөө би эмэгтэйчүүдтэйгээ хамтран ажиллах болно. Эмэгтэйчүүд нийгмийг хөдөлгөгч гол хүчин гэдгийг нийгэмд мэдрүүлж, хүн ам ба хөгжлийн асуудлаархи батлагдсан хөтөлбөр, төслүүдийг хэрэгжүүлэхэд санхүүжилт, хөрөнгө оруулалтыг эмэгтэйчүүд рүү түлхүү хандуулах шаардлагатай. Эмэгтэйчүүд маань өөрсдийн хүч чадал, нөөц боломж, бодит үр дүнгээ харуулах нь бидний хамтын ажиллагаанаас шалтгаална.
-Та бол МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн. Намын удирдлагад орсноор ачаалал, хариуцлага харьцангуй нэмэгдэж бас нөгөө талаар намын дотоод асуудалд нөлөөлөх, дуу хоолойгоо хүргэх утгаараа давуу тал их байдаг байх?
-Аливаа үүрэгт ажил хариуцлага дагуулж, ачаалал нэмдэг. Өнөөгийн Монгол төрийн эрхийг барилцаж байгаа улс төрийн намын удирдах зөвлөлийн гишүүн байна гэдэг том хариуцлага, олон мянган гишүүд, дэмжигчдийн минь надад хүлээлгэж буй итгэл гэж ойлгож хариуцлагатай, идэвхтэй ажилладаг.
-Энэ жил Отгонтэнгэр хайрханыг тахина. Өмнөх жилүүдэд газар нутгийн уул овооны тахилгуудын наадам үнэтэй машины л цуглаан болдог байлаа. Үр дүнд нь байгаль дэлхий бохирдон, нутгийн олон түмэн бухимдан үлддэг муу жишиг тогтчихоод байна. Та энэ тал дээр хэр анхаарч байгаа вэ?
-Төрийн тахилгат Богд-Очиваань хайрхан уулын маань төрийн тахилга дөрвөн жилд нэг удаа болдог. Ард олон ч Отгонтэнгэр хайрханыхаа төрийн тахилгад бэлтгэж, оролцдог. Би ч гэсэн очиж сүслэн залбирдаг. Энэ хайрхан зөвхөн завханчуудыг төдийгүй монголчуудын минь ажил амьдралыг дааж, ивээж явдаг хайрхан. Уул усны аливаа тахилга ёслол даруухан хийгээд байгаль дэлхий, ариун дагшин уул усаа хайрлах ардын ухааныг шингээсэн байх ёстой. Тахилга ёслол нарийн ёс дэгтэй байдаг шиг түүнийг тойрсон үйл явдлууд эмх цэгцтэй байгаасай гэсэн таны бодлыг хуваалцаж байгаадаа баяртай байна. Өчигдрийн муугаа өнөөдөр давталгүй, өнөөгийнхөө сайн сайхныг маргааш марталгүй л урагшлах бодол өнөөгийн монгол хүн бүрийн сэтгэлд байгаасай гэж залбирдаг. Нутгийн хүн зон, сүсэгтэн олон түмэн их хайрханыхаа тахилгыг уул усаа баярлахаар ёслол төгөлдөр үйлдэж, цаашдаа уул усаа зөв тахих жишиг болох хэмжээнд зохион байгуулна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Завхан аймгийн Засаг даргын ажлын алба ч санаа бодлоо нэгтгэж, одооноос энэ ёслолд бэлтгэж байгаа.
-Та олон жил улс төрд явлаа. Яагаад сайд болдоггүй юм бэ. Танд сайд болооч гэж санал ирдэг үү?
-Ер нь би сайд болъё ч гэж гүйж үзсэнгүй, чамайг сайд болгоё гэж ч санал ирсэнгүй. Тийм учраас би урдахь ажлаа хийгээд л бусдын жишгээр амьдарч яваа. Албан тушаалын төлөө улайраад худлаа үнэн юм яриад гүйгээд байж чаддаггүй л дээ. Аливаа юм зурсан зургаараа л явдаг цаг хугацааны шалгууртай.
-Гэрийн эзэгтэйн ажлаа хэр биелүүлдэг вэ. Амжуулж чадаж байна уу?
-Гайгүй ш дээ. Гэртээ бас нэр хүнд өндөртэй эзэгтэй шүү. (инээв) Хүнд сайхан гэр бүлээс илүү нандин юм хаана байхав дээ. Гэр бүл доторхи халуун дулаан уур амьсгал, бие биенээ хүндэтгэж хайрласан хайр, энэ бүхэн амьдралын тулгуур суурь болдог юм байна даа. Ар гэр маань найдвартай учраас сэтгэл зовох юмгүй сайхан тайван амьдардаг.
-Гэр бүлийнхээ танилцуулж болох уу?
-Нөхөр маань Гадаад харилцааны яаманд ажилладаг дипломатч хүн бий. Хүү, охин хоёр маань одоо ч хүний гар харахааргүй том болцгоосон. Бие дааж зөв амьдарч сурсанд нь баярлаж, амьдралын үнэнд ойрхон яваарай гэж захидаг. Гадаадад сурч мэдлэг боловсрол эзэмшиж байгаа. Удахгүй төгсөөд эх орондоо ирж ажиллана. Бид хоёр хүүхдүүдийнхээ хүсэл мөрөөдөл, шийдвэрт нь нөлөөлдөггүй. Зурсан зургаараа л амьдрах байлгүй дээ.
-Улстөрч хүн болоод тэр үү ихэвчлэн эрчүүдтэй нөхөрлөдөг юм шиг харагдаг. Нөхөрлөл бол хүчирхэг ойлголт. Энэ талаар таны зүрхэнд ямархуу ойлголтууд явдгийг сонирхмоор байна?
-Найз нөхдийн харилцаагаа хүн үргэлж өнгөлж, тордож явах ёстой гэж би үздэг.
-Тийм шүү. Үнэхээр сайхан сонсогдож байна?
-Найздаа хүн шудрага хандах учиртай. Олон жилийн найз нөхөд гэдэг бие биенийхээ дутагдал, сайн талыг олж харах чадвартай болдог гэж боддог. Би хүнийг байгаагаар нь хүлээн авч чаддаг, зөөлөн сэтгэлтэй эх хүн шүү дээ. Гэхдээ ойр дотныхоо хүмүүст арай илүү өндөр шаардлага тавьдаг муу талтай. Дотны минь хүн гэж л тэгдэг байх даа. Гэхдээ сэтгэлийнхээ мухарт би тэднийгээ маш их хүндэлж хайрладаг, бас буулт хийж чаддаг болохоор асуудал үүсдэггүй, үүссэн ч хүндэрдэггүй. Салахгүй сайн найз нар уулзахгүй удвал хогийн ургамал л хооронд нь дүүрэн ургана гэдэг үнэн байдаг байхаа. Сайхан найз нөхдийн үерхлийг алдахгүй байя гэвэл найз нөхөрлөлийнхөө төлөө тэмцэх чадвартай байх нь зөв гэж ойлгодог. Ийм хичээл зүтгэлийг аль аль нь ойлгож хүлээж авдаг байх учиртай. Ингэж чадвал олон жилийн турш сэтгэл дулаацуулах бат бэх холбоо болон үргэлжилж байдаг байх.
-Таныг сүүлийн үед зөв хооллох эрдэмд суралцаж байгаа гэсэн мэдээ хүлээж авсан юм байна?
-Манай гэр бүл бие махбод, эрүүл мэнддээ хандах оюун санааны асар их өөрчлөлтийг эхлүүлсэн. Хоол хүнсний асуудлыг айл гэрийн эмэгтэй хүний асуудал төдийхнөөр сэтгэх хуучин зууны сэтгэлгээг халж, идэх хоолоор дамжуулан бие, оюун ухаанаа цэгцэлж, эрүүл сайхан байх боломж бүрэн байдгийг надад мэдрүүлсэн Анужин багшдаа маш их баярлаж явдаг. Олон жилийн судалгааны ажил дээрээ түшиглэн макробиотикийн шинжлэх ухааныг судалж, эрүүл хоол хүнсийг монголчууддаа зааж, сургаж, үлгэрлэн байгаа түүнд талархаж явдаг олон хүний нэг нь би. Олон хүнд буян болж, эрүүл чийрэг, эрч хүчтэй ажиллаж амьдрах боломж олгож байгааг нь хараад багшаараа бахархдаг. Энэ ухаан бол макробиотик нь тэнцвэрт байдлын тухай ухаан бөгөөд монголчууд бидний арга билэг, өгөх авахын ухаантай адил юм. Эрүүл биеийн гайхамшгийг насан туршдаа эдэлж, идэж хүртэхийн сайхныг шинээр мэдрүүлэх ийм гайхалтай эрдэм ухаан нь амьдралын цоо шинэ хэв маягийн тухай ойлголт байдаг. Орчин үеийн хүмүүсийн орой босч, орой унтдаг, хоол хүнсийг авахдаа ихэвчлэн буруу цагт авдаг зэрэг нь бие махбодийг байнга ачааалалд байлгаж улмаар бие, эд эрхтнийг өвчлүүлж эхэлдэг байна. Дотооддоо, эх орныхоо хөрс шороонд ургадаг, өөрийн газар нутаг, уул усныхаа эрч хүчийг шингээсэн хүнс ногоо, тариа будаагаа түлхүү хэрэглэдэг болсон. Монголчууд бид эртнээсээ экологийн хувьд хүний биед хор, аюулгүй хүнсний хэрэглээтэй ард түмэн байсан. Өнөөгийн монгол хүний хооллох хэв, маяг, амьдралын дадал зуршлын хор холбогдол нь залуу насанд нь гойд мэдэгдэлгүй явсаар дийлэнх нь гуч хүрээд өвчин хэлж, дөч хүрээд эд эрхтнээсээ салж, тавь хүрээд хазгар доголон явж, жар хүрээд хорвоог орхиж байна. Шинжилгээ хийлгэхээр дотор эрхтнүүд нь бүгд л эмгэг, сэвтэй болчихсон байдаг. Ингэхлээр л хүн болгон олдож байгаа боломжийнхоо хэрээр зөв хооллох эрдэмд суралцаж хэвшвэл эрүүл амьдрах, урт наслах их нөөц байна гэж бодох болсон. Өөрийн биедээ итгэж, түүнийг арчлан хайрлаваас үр дүн заавал ирдэг юм байна.
-Хөөх, та чинь бараг багш болчихсон байна шүү. Амжилт хүсье?
-Баярлалаа. Ойрд ийм тухтай ярилцлагад ороогүй юм байна.
Ярилцлага албан ёсоор ингээд өндөрлөлөө. Уг нь түүний амнаас халуухан сэдвүүдээр зүрх шимширтэл унаж ирэх өдий төдий юм сэтгэлд нь байгаа гэж би тооцож байсан. Гэвч тэр эмэгтэй хүн гэхэд харин ч гонгиноо биш, тунирхуу биш, бас өш хонзон тээгээд явдаггүй нэгэн бололтой. Эрчүүд цаагуураа давжаарч, эмэгтэйчүүд харин эсрэгээрээ гүдэсхэн нөхдүүд болж хувирсан юм биш үү…