-фельетон-
Манай яруу алдарт тариаланчид арвин их спирт хураажээ. Энэ тариа гэж нэг толгой эргүүлсэн ургамал байна аа.  Хуучин Зөвлөлт холбоот улс тариагаа Казахстандаа тариад Канадаас хурааж авдаг байсан  ба  тэрийгээ пуужингийнхаа нэгэн адил “тив алгасан ургах тариалан” хэмээн нэрийдэж байв.
 Одоо манайхан болохоор  идэх тариагаа Сэлэнгэд тариад  Казахстанаас авдаг болчиж.  Тариа гэж, энд суулгахаар тэндээс гараад ирдэг шидийн бизнес байна аа. Аяа чамайг, суулгасан газраасаа хураах минь хэзээ вэ?
Оргүйд орвол охинтой, охин нь хар хүнтэй гэгчээр  манайд тарьсан тариа яг ч хуугаараа Казахстан руу харвачихаад байгаа юм биш гэж байгаа. Гурил болдог нь Казах руу харлаад спирт болдог  нь бас ч гэж үлдчухай хэмээмой.    
Манай гурилын үйлдвэрүүд түүхий эдээ казахстанаас импортлож, харин спиртийн үйлдвэрүүд болохоор үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байгаа баримт үүнийг харуулна. Учир иймээс атрын гуравдугаар аяны шимийг бид идэхийн оронд уух болж байна. Муу нь юу байхав, өлслөө ч цангахгүй гэсэн үг.  
Атрын тарианы өөрийн “алгасамтгай” чанарыг дагаад тарих, ургуулах, шатыг алгассан шинэ бизнес ч цэцэглэв. Орос монголын хамтарсан “ Эвэр туурай”  агро компанийн эзэд болох Остап, Бэндэр нар Монголд тарьж, Казахстанаас   тариа хураахаар  атрын засгаас мөнгө авчээ.
Ах дүүгийн ган бат бизнесээр холбогдсон нөхдүүд хаашдаа гадаадад ургах нь тодорхой учраас энд тариалах нь угаасаа дэмий гэж үзжээ. Ингээд зогссонгүй. Бурханы хүсэл зоригоос хамааран Казахстанд очиж ургасан буудайгаа тээж авчрах  зардлыг засгаас шударгаар хүсчээ. Засаг ч бас арьсаа бодож намар орой болсон,  агуулах сав дүүрсэн зэргийг ухаалгаар тооцон тээвэрлэх, бас хадгалах зардал өгсөн байна.  Гадаадын өндөр үнэтэй агуулахуудад  монгол тариа хадгалах төсөл ингэж бүрдэв. Тариа тариагүй учраас ургуулах, ургаагүй учраас зөөх, хадгалах зардал хэмнэгдэв.  Тэд Казахстанаас ургаж мэдэх тарианыхаа нэрлэсэн жинг манай бүхий л агуулахын багтаамжаас дээгүүр нэрлэсэн тул атрын засаг хэзээч шингээж чадахгүй байлаа. Ингээд “Эвэр, туурай” пүүсийнхэн  засаг өөрөө авч чадахгүй байсаар, засгийн буруугаар нэгэнт хугацаа дууссан тариагаа устгах мөнгийг нэхэхэд хүрчээ. Ийм тохиолдолд засаг мөнгөө өгөх нь шударга юм. Нэг том бизнэсийн хаялгаар олон арван жижиг бизнэс дэлгэрдэг гэж эдийн засагчид хэлдэг. Атрын  гуравдугаар аяны “тив алгасан ургуулах” их үйлсийн хаялгаар мэндэлсэн дээрх “Эвэр, туурай” пүүсийн үйлсийг  эдийн засгийн ухаанд  “хийхийг алгасан болгох”, “ хөрөнгө оруулалтыг алгасан бүтээн байгуулах” гэдэг шинэ төрөлд  хамруулах саналыг судлаачид гаргаж байна.
Алив юмыг түүх , шастираар чимэхгүй бол уйтгартай болдог тал бий. Энэ тариа гээч юм ардчиллаас болоод алийгаа алдсан ч юм биш. Ухаандаа социализмын үед үр тарианы салбарын ашгийг зарцуулсан хөрөнгө, га-гаас хурааж авах центнэр зэргээр нь хэмждэггүй байсан. Ашгаар нь биш хэмжээгээр нь буюу  улс даяар нийт дүнгээрээ хэдэн тонныг хурааж авснаараа тооцож байлаа. Тэр үед их ургац хураавал төв цэнгэлдэхэд овоолон олон түмэнд үзүүлдэгсэн.  Манай яруу алдарт хөдөлмөрчид    цэнгэлдэх  хүрээлэнд зундаа наадмаа үзэж бөхчүүдээрээ бахархдаг бол намарт нь арвин тариа ба  тэнд хооллож буй эх орны зол жаргалант шувуудыг харангаа цээж тэнүүн амьсгалдаг байв. Одоогийнхтой адил тал нь гэвэл  тариагаа аанай л хүнсэндээ хэрэглэхгүй ба  их төлөв социалист эх орынхоо шувууг хооллож байж. Заримдаа Марксист- ленинист чиг баримжаатай хөгцөнд авахуулах нь байсан гэдэг. Социалист системийн шувууд капиталистуудынхаа хавьгүй элбэг дэлбэг, жаргалтай аж төрж байсан тухай дуу шүлэг ч олон зохиогджээ.
 Сүүлийн үед тарианы талаар хоёр янзын  гол үзэл санаа байна. Метафизикчид болохоор  эндээ хичнээн сайхан тарилаа гэхэд хаана ч очиж ургаа билээ. Ургасан газрынх нь хүн эргүүлж өгөөч билүү,  үгүй ч бил үү?  Зэлтэрт сулгаатахтал, Зимбабвэд ургачихвал юу горьдох билээ гэхчлэнгийн  хөрөнгөтний гутаранги үзлээр хандаж байна.
Харин манай материалистууд болохоор хураах газраа эхлээд олчихсон байхад тарьсан дүр үзүүлээд арвин их бизнес хийж болно гэсэн итгэл төгс явна.  Эдний хажуугаар хэн нэгний тарьсан тариа манай энд ургаад ирвэл “бид өөрснөө тарьсан юм, худлаа гэвэл бурхан мэднэ” гэж гүрийсээр арвин их ургац хураах бодолтой атейстууд ч мэр сэр харагдах болж.