ДЭЛХИЙН АВАРГЫН СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД
Аргентины алдарт тамирчин Луис Монтиг шигшээ тоглолтонд хожихгүй бол гэр бүлд нь муу юм болно хэмээн сүрдүүлжээ.
Хөлбөмбөг үү? Гэр бүл үү? (Уругвай-1930)
Аргентины алдарт тамирчин Луис Монтиг шигшээ тоглолтонд хожихгүй бол гэр бүлд нь муу юм болно хэмээн сүрдүүлжээ. Монти удирдлагуудын уйгагүй гуйлтын хүчинд тоглолтонд оролцож, хувцасны өрөөнд ч, талбайд ч, хаана ч тэрээр дуугаа хурааж шигшээ тоглолтыг хүртэл 3 хоног айдастайгаар хүлээжээ. Аргентиний балиашигууд түүнийг ингэж айлгавал илүү тоглоно байх гэж бодсон нь талаар болж, гол тоглогчоо улам сэтгэл санааны дарамтанд оруулсан юм.
Баярлалаа Уругвайчуудаа (Уругвай-1930)
Алс хол буурал тивээс Өмнөд Америкийг зорино гэдэг зардал ихтэй ч, энэ ажлыг зохион байгуулагч улс хариуцаж Европ тивээс оролцох багуудын бүх зардалыг даахаа амалсан ч ердөө дөрөвхөн улс (Бельги, Румын, Франц, Югослав) анхны Дэлхийн аваргыг зорих болжээ. Европ тивээс хүн тээврийн “Контэ Вэрдэ” хөлөг онгоц хагас сарын турш Атлантын далайг гатлан хуваарьт цагаасаа 5 цаг хоцрон Мондэвидеод газардахад үлээвэр найрал хөгжим эгшиглүүлэн маш олон хүн угтаж авсан гэдэг. Рио дэ Жанэйрогоос Бразилийн тамирчид тэдэнтэй нэгджээ.
“Бид Контэ Вэрдэ хөлөг онгоцоор 15 өдрийн турш аялсан. Югослав, Бельгиүдтэй Виллафранчэ-сүр-Мэрээс хамтдаа суусан. Усан онгоцон дээр өөрсдийн энгийн дасгалуудаа хийгээд явж байлаа, харин дасгалжуулагч тактикын талаар ерөөсөө яриагүй” Люсьен Лорэн (Дэлхийн аваргын анхны гоолын эзэн)
Том давуу тал (Итали-1934)
Бразилийн шигшээ 11 хоногийн турш усан онгоцоор далайг гатлан ирсэн ч эхний тоглолтондоо Испанид хожигдсоноор нутаг буцжээ. Тээврийн зардал болон ганцхан тоглолт хийгээд нутаг буцах болсон нь тэдэнд харамсалтай байлаа. Ер нь энэ үед тухайн зохион байгуулагч тивээс Дэлхийн аварга төрдөг байсан нь тамирчдын хоол унд, холын аян, ядралт, бэлтгэл (усан онгоцон дээр бэлтгэл хийнэ гэдэг хэцүү), цаг уур гээд олон шалтгаантай холбоотой байв.
Нацизм (Франц-1938)
Германы шигшээ баг тоглолт болгоны эхэнд нацист маягаар баруун гараа хагас налуу өргөн мэндчилдэг байсан нь Дэлхийн 2-р дайны өмнөх сануулга мэт байлаа. Олон орны хөлбөмбөгчид жилийн дараа цэрэгт татагдан Дэлхий дайнд оролцсон юм.
Ийм учраас л хөлбөмбөг агуу (Бразил-1950)
Дэлхийн хөлбөмбөгийн түүхэндэх хамгийн агуу тоглолт энэ дэлхийн аваргаар тохиосон юм. Тоглолт эхлээд 1-0-ээр тэргүүлж байсан талбайн эзэд 2 гоол алдсаны дараа цэнгэлдэх тэр аяараа уйлж байлаа. Хамгийн олон хүн уйлсан мөч гэвэл энэ байж болох юм. Талбай дээр тоглож буй хожсон, хожигдсон 2 багийн бүхий л тамирчид сэтгэлээ барьж чадалгүй үзэгчдийг дагажээ.
Дэглэм (Бразил-1950)
Аргентины ерөнхийлөгч, генерал Хуан Пэрон шигшээ багаа хөрөнгө мөнгөны улмаас Дэлхийн аваргад оролцуулахгүй гэж мэдэгджээ. Үнэн хэрэгтээ Пэрон хөрш багтаа хожигдохоос айсан бөгөөд 1983 онд цэргийн дэглэм унасаны дараа “Зэрлэг сармагчины орон руу явж болохгүй” гэж тушаалдаа бичсэн байсан нь тодорхой болжээ.
Дундаж гоол (Швейцар-1954)
Дэлхийг чичрүүлж байсан Унгарын шигшээ нэг тоглолтонд дунджаар 5.40 гоол оруулдаг байсан нь одоог болтол эвдэгдээгүй юм. Цаашдаа ч эвдэгдэхгүй биз дээ.
Гоол арвинтай тоглолт (Швейцар-1954)
Нэг тоглолтонд хамгийн олон гоол орсон тохиолдол
12 1954 Австри – Швейцар 7-5
11 1938 Бразил – Польш 6-5
11 1954 Унгар – Баруун Герман 8-3
11 1982 Унгар – Салвадор 10-1
10 1958 Франц – Парагвай 7-3
Аль нь алдартай вэ? (Швед-1958)
Пэлэг Азийн нэгэн арал дээр явж байхад нь хүмүүс түүний нэрийг сонсчоод бүгд таньж, баярлаж байжээ. Харин Есүс Христосыг мэдэх үү гэхэд бүгд толгой сэгсэрч байсан гэдэг.
Хамгийн залуудаа гоол оруулсан (Швед-1958)
Нас Өдөр Нэр Он Өрсөлдөгч
17 239 Пэлэ (Бразил) 1958 Вэйлс
18 93 Мануэл Росас (Мексик) 1930 Аргентин
18 190 Майкл Овэн (Англи) 1998 Румын
18 197 Николае Ковач (Румын) 1930 Перу
18 231 Дмитрий Сычёв (ОХУ) 2002 Бельги
18 364 Александар Тирнанич (Югослав) 1958 Бразил
Пэлэ 1958 онд нийт 6 гоол оруулсан бол Овэн 2 гоол оруулжээ. Росас гоолоо торгуулийн цохилтоор оруулсан. Сычёв ОХУ-ын сүүлийн тоглолтонд, сүүлийн минутанд гоол хийсэн. Тирнанич төрсөн өдрийнхөө өмнөх өдөр гоол оруулж 18 настнуудын эгнээнд багтжээ.
Гэрэл гэгээ (Чили-1962)
ОУХБХ-ны конгресс 1956 онд хуралдаж 1962 оны Дэлхийн аваргын зохион байгуулагч орныг сонгох талаар хуралдсан юм. Баруун Герман, Аргентин, Чили гэсэн гурван улс нэр дэвшvvлээд байсан ч дараагийн Дэлхийн аваргыг Өмнөд Америкт явуулна гэсэн зарчмаа хадгалан Баруун Германы нэрийг хассан. Аргентины хувьд Чилиэс бvхий л талаараа ялалтдаа итгэлтэй байх олон шалтгаан байв. Хєлбємбєг харьцангуй илvv хєгжсєн, эдийн засаг нь тогтвортой, ДАШТ-ийг шууд хүлээн авч чадах бvхий олон цэнгэлдэхтэй. Тэгээд ч ОУХБХ зохион байгуулах эрхийг єгнє гэж олон удаа "хулхидсан" гээд шалтгаанууд байв. Гэтэл Чилийн хувьд байдал бvр эсрэг тал руугаа. Сєнєчихсєн гэмээр эдийн засаг, тогтворгvй улс тєр, хєлбємбєгчид нь дорвитой амжилт vзvvлж байгаагvй гээд єчнєєнийг нэрлэхээр байлаа. Харин 32 настай, Чилийн хєлбємбєгийн холбооны ерєнхийлєгч Карлос Диттборн энэ бvх бэрхшээлvvдээс айж тvvртсэнгvй, ард тvмэндээ ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг олж ирнэ хэмээн амласан гэдэг. ДАШТ эхлэхээс ємнє 1960 оны тавдугаар сард Чилид аймшигт газар хєдлєлт (9.5 балл) болж таван мянган хvний амийг авч одсон. ОУХБХ-нийхөн ч энэ явдлын дараа шийдвэрээ єєрчлєх санаа цухалзуулах vед Диттборн "Одоо Чилид юу ч байхгvй. Бидэнд байгаа цорын ганц гэрэл гэгээ болсон ДАШТ-ийг минь vлдээгээч" хэмээн “голд нь ортол” хэлсэнээр Чилийн ард тvмэнд хєлбємбєгийн аугуу цэнгэлд умбах боломжийг хадгалан vлдээж чадсан юм. Даанч Диттборн тэмцээн эхлэхээс нэг сарын ємнє хvнд євчний улмаас хорвоог орхисон нь тун харамсалтай. Тvvний нэрээр нэрлэгдсэн vндэсний цэнгэлдэх хvрээлэнд ДАШТ нээлтээ хийх vеэр Чиличvvд Диттборнын хэлсэн дээрх ишлэлийг асар том цаасан дээр буулган, хайртай хvvгийнхээ нэрийг хєлбємбєгийн тvvхэнд мєнхєлж байжээ.
Анхны өнгийн хуудас (Мексик-1970)
Английн шүүгч Кэннэт Астон 1966 онд гэрлэн дохио хүлээж байхдаа хөлбөмбөгт тамирчдад тохирсон шийтгэл өгч болох юм гэсэн санааг олжээ. Астон 1962 оны Чили-Италийн багийн хэрцгий тоглолтыг шүүхдээ сэтгэлдээ арилашгүй том “шархтай” үлдсэн бөгөөд тэр тоглолтыг үргэлж бодож явсаар хөлбөмбөгт нэгэн дэвшилийг бий болгосон юм. Шар дохио сануулах гэрэл учраас нэг анхааруулаад, улаан гэрлээр хүн явж болдоггүй учир талбайгаас хөөх хуудас болгож болох юм санааг гаргасан нь бүдүүлэг байдлыг багасгажээ. Удалгүй бусад спортыг төрлүүд дээр ч энэ хэрэгжиж эхэлсэн юм.
Дайн (Мексик-1970)
Хойд Америк буюу Конкакаф бүсийн урьдчилсан тоглолтонд таарсан Хондурас, Салвадор улсуудын тоглолт нь хөлбөмбөгөөс болж дайны байдалд хүргэсэн цөөхөн тохиолдлуудын нэг юм. 1969 оны 6 сард 3 тоглолт хийж хэн нь Дэлхийн цомд оролцохоо шийдэх ёстой байв. 1969 оны 6 сарын 8-нд Хондураст болсон эхний тоглолтод гэрийн эзэд 1-0 хожив. Энэ үед Хондураст Салвадорын засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал цуглаан болсон байна. 15-ны өдөр нь Салвадорт болсон тоглолтод мөн л гэрийн нохойны сүүл дээшээ гэдэг шиг 3-0 хожжээ. Энэ үед эмх замбараагүй байдал үүсч баяр хөөртөө умбасан Салвадорчууд, Хондурасын тамирчид, хөгжөөн дэмжигчдийг зодов. Хариуд нь Хондураст Салвадорчуудыг ангуучилж, дипломат ажилтнууд ч халдлагад өртжээ. Сүүлийн тоглолт дундын бүс Мехикод болж, 3-2 оор Салвадор ялахад Хондураст Салвадорчуудыг алж, хядан дээрэмдэж эхэлсэн байна. Хоёр улс эрт үеэс найр муутай байсныг хэлэх үү хөлбөмбөг тэр өш хонзонг нь бүр дэврээгээд өгсөн хэрэг. Олон мянган дүрвэгчид аллагаас зугтан нутагруугаа зугтаж, Салвадорын засгийн газар 6 сарын 28-нд Хондурастай дипломат харьцаагаа таслан, 7 сарын 14-нд цэргээ оруулсан байна. Америк тивийн Улсуудын зөвлөлөөс цэргээ гаргах шаардлага тависны хариуд Салвадор иргэдийхээ амь насны төлбөрийг нэхэмжилж, аюулгүй байдлыг хангахыг шаардсан байна. Эдийн засгийн хориг авахаар сүрдүүлсний эцэст 7 сарын 20-нд байлдааны ажиллагаагаа зогсоон, 8 сарын эхээр цэргээ гаргажээ. 6 өдөр үргэлжилсэн энэ дайнд 3 000 хүн амь алдсаны 2 500 мянга нь Хондурасчууд байлаа.
Цом солигдов (Герман-1974)
1970 онд Бразилчууд анх удаа 3 удаа түрүүлж Алтан дагина (Жюль Римэгийн цом ч гэдэг) цомыг үүрд хадгалах эрхтэй болжээ. Тиймээс ОУХБХ дахин шинэ цомтой болох хэрэгтэй болсон учир Италийн уран барималч Силвио Гаццанигад хандсанаар одооны цом бий болжээ. Дэлхийн аваргын цом нь 36.5 см өндөр, 4.97 жинтэй, 13 см диаметрэй, 18 карат алт оржээ. Гаццанига өмнө нь 1972 оны Европын Холбооны цом (УЭФА), 1973 оны Европын Сүпэр цом, 21 нас хүртэлх Европын аварга, Бэйсболын Дэлхийн аваргын цомын дизайныг хийсэн юм.
Хөгжилтэй чөлөөт цохилт (Герман-1974)
Дэлхийн цомд анх удаа зодоглосон Заирын (одоогийн Ардчилсан Конго) шигшээ хөлбөмбөгийн дүрмийг гүйцэт сайн мэддэггүйн улмаас Бразилийн Ривэлиногийн чөлөөт цохилтыг хийх үед шүгэл дуугарангуут түүнийг бөмбөгөнд хүрэхээс өмнө түрүүлж очин бөмбөгийг ийш тийш нь цөлчихөөд байв. Мэдээж шар хуудсаар торгуулсан. Талбайн шүүгч Конго хэл мэдэхгүй учраас ойлгуулах гэж маш их зовсон гэдэг.
Мюллэр байгаа юм чинь... (Герман-1974)
1970-аад оны Германчуудын дунд ийм нэгэн яриа байжээ. Тэд хожигдож байсан ч, тэнцүү байсан ч маш тайван тоглож, Гэрд Мюллэр байгаа юм чинь гоол хийх байлгүй дээ хэмээн сэтгэл санааны хувьд их давуу байдалтай тоглодог байв. Бодсон ч ёсоор нь Мюллэр гоол оруулдаг байлаа. Эсрэг багийн торгуулийн талбайд дотор бөөн юм болж байхад хаанаас ч юм нэг хөл гарч ирээд гоол оруулчихдаг байсан нь Мюллэр юм. Гэрхард бол зөвхөн 16-гийн (торгуулийн шугам) тоглогч. Талбайн бусад хэсэгт тэр “хэнч биш” байдаг юм.
Азгүй Оросууд (Аргентин-1978)
Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Олег Блохин тэргүүтэй Киевийн Динамо клуб Европын цомтой багуудын тэмцээнд түрүүлэн ид мандаж байх үед шигшээ баг нь урьдчилсан шатыг давж чадсангүй. Унгар болон Грек гэсэн сураггүй багтай нэг хэсэгт 2 тэнцээ, 2 хожигдолоор дуусгажээ. Тэр үеийн Зөвлөлтийн шигшээгийн хаалгач нь Орос үлдсэн нь Украинчууд байв.
Булхай (Испани-1982)
Зохион байгуулагч Испаний шигшээ “Бид дэлхийн аварга болно” гэж том дуугарч байсан ч Хондурастай тэнцэж, Умард Ирладандад хожигдож, Югославыг асуудалтайгаар хожсон. Хондураст нэг гоол алдан шүүгчтэй “хамжин” 11 цохин, Югославд нэг гоол алдахад ахиад л шүүгч “туслах” хэрэг гарлаа. Югославын хамгаалагч торгуулийн талбайгаас 2 метрийн зайтай унагахад шүүгч дотор заах нь тэр. Уфартэ торгуулийн цохилтоо алдахад ахин цохиулж санаа нь амарсан гэдэг. Эхний үе завсарлахад Югославчууд хувцас солих өрөөрүүгээ очиход өрөө нь цоожтой байж 15 минут зогсож байгаад дараагийн үедээ орсон юм.
Жүжиг (Испани-1982)
Баруун Герман хэсгийн эхний тоглолтонд Алжирт шуугиантайгаар хожигдож хэсгийн сүүлийн тоглолтонд “хуурай дүү” Австригаа 1-0-ээр хожжээ. Хрубэш тоглолт эхлэнгүүт гоол оруулж, үлдсэн хугацаанд 2 багийн тамирчид бие биерүүгээ инээмсэглээл зогсчихсон гэхэд болно. Ямар сайндаа Францийн дасгалжуулагч Идалго “Хоёр багийн тамирчдад Нобелийн Энхтайваны шагнал олгоё” гэж ёжилж байхав дээ. 2010 онд Алжирчууд “нэг багтай” тоглохыг үнэн сэтгэлээсээ хүсэж байгаа нь лавтай.
Хүн алах дөхөв! (Испани-1982)
Хагас шигшээд тоглосон Баруун Герман, Францын тоглолтыг үеэр “немц” хаалгач Шумахэр, Баттистоныг торгуулийн талбайн гадна бөмбөгтэй “андууран” цохин унагахад шүүгч улаан байтугай шар хуудас ч өгсөнгүй. Баттистон ухаан алдаж, 2 шүд нь унаж, тархи нь хөдөлжээ. Шумахэр хэнээс ч уучлал гуйсангүй. Дараа нь дуртадгал номондоо бичихдээ би айгаад уучлал гуйж чадаагүй юм гэж өгүүлжээ. Тэмцээний дараа эмнэлэгт эргэн очиход Баттистон уучилсан гэдэг.
Үүнээс илүү азгүй тохиолдол гэж байх уу? (Испани-1982)
А хэсгийн Итали, Камеруны багийн тоглолтонд Камеруны шилдэг хаалгач “хар шидтэн” хочит Томас Нконо пүүзнийхэн товруу хугарсаны улмаас Грацианигийн “хямдхан” бөмбөгийг хаалгандаа алджээ. Гоол алдсаны дараа пүүзрүүгээ удтал харсан гэдэг. Хэрвээ пүүзний товруу хугараагүй бол Камерун хэсгээсээ шалгарч Дэлхийн аваргад өөр улс түрүүлэх ч байсан юм билүү. Нконо Дэлхийн аваргаас өөр нэг тэмцээнд, торгуулийн цохилт хийх мөчид хаалганы нэг талд бараг шон түшин зогсоход өрсөлдөгч нь гайхаж байсан ч мэдээж сул зайруу цохижээ. Гэтэл Нконо муур мэт үсрэн бөмбөгийг барьж авав. “Хар шидтэн” гэдэг хоч үүнээс улбаатай болсон юм.
Росси! Росси! Росси! (Испани-1982)
Дэлхийн аварга эхлэхээс дуустал шуугиан тарьсан тамирчин бол Италийн Паоло Росси байлаа. Өмнөх Дэлхийн цомд гайхалтай тоглосон ч бооцоо тавигчдаас мөнгө авч тоглолтын үр дүнд нөлөөлсөн хэргээр ”аавынд” сууж 2-хон сарын өмнө суллагдсан юм. Гэтэл дасгалжуулагч Беарцот ид гялалзаж байсан Ромагийн Робэрто Пруццогийн оронд энэ нөхрийг шигшээд дуудсан нь Италичуудын дургүйг хүргэв. Хэсгийн тоглолтонд ч Росси харагдсангүй, Итали 3 тэнцсэн “ам нь дэнжигнэн” дараагийн шатанд гарч ирэв. Италичуудын уур хилэн дээд цэгтээ хүрч, дасгалжуулагч руу дайрч давшилж эхлэв. 2-р шатанд Бразил, Аргентинтай нэг хэсэгт орсоныг хэлэх үү. Бид ч өнгөрч дээ гэж Тифози (Италийг хөгжөөн дэмжигчдийг ингэж нэрлэдэг) бодох үед нөгөө гайхал Росси нь тэсэрч Бразилд 3 гоол, хагас шигшээд Польшд 2, аваргын төлөө Баруун Германд нэг гоол оруулан Беарцотын зөв гэдгийг баталсан юм. Алтан бөмбөг, Алтан шаахай гээд бүхий л шагналыг хамж хуучин нэр төрөө сэргээж шигшээ багаа 44 жилийн дараа Дэлхийн аварга болгоход голлох үүргийг гүйцэтгэжээ.
Шүүгч манарав (Испани-1982)
Хэсгийн Франц, Кувэйтийн тоглолтын үеэр Францууд гоол оруулахад отон тоглолт байсан хэмээн үзэж Азийнхан тоглохоос татгалзаж Эмир нь гарч ирээд багаа аваад явахад хүрэхэд шүүгч Струпар аргагүй эрхэнд гоолыг тооцоогүй юм. ОУХБХ-ноос Струпарыг шүүх эрхийг нь насаар нь хасч, Кувэйтын хөлбөмбөгийн холбоог 30 000 ам.доллароор торгох шийдвэр гаргажээ.
Хаалгач нь л Орос (Мексик-1986)
Тэмцээн эхлэхээс сар хагасын өмнө ерөнхий дасгалжуулагч Э.Малафеевийг халж түүний оронд Динамо Киевийн Лобановскийг тавьсан нь нүдээ олжээ. Оросын шигшээ багийг Украинчууд бүрдүүлж байхад тэдний дасгалжуулагчийг томилсон нь зөв гэж Оросууд тооцоолсон нь онож, хэсгээсээ нэгээр гарч хажуугийн шүүгчийн алдаанаас болж отон тоглолтоос гоол алдан Бельгид 4-3-аар хожигдов. Лобановскийгийн Динамо өмнөх нь Европын цомтой багуудын тэмцээнд түрүүлээд байжээ. Оросын Игор Беланов тэр жилээ Европын шилдэг хөлбөмбөгчин болсон.
“Бурханы гар” (Мексик-1986)
Шөвгийн наймын тоглолтонд таарсан Аргентин – Английн багийн тоглолт олон хүний анхаарлыг татаж байлаа. 1982 онд Фолклэндын арлын төлөөх цус урсгасан дайнд Аргентинчууд ялагдаад байсан юм. Тоглолтын 51 дэхь минутанд өөрөөсөө толгой илүү өндөр хаалгач Шилтоны дээрээс Марадона үсэрч гарч ирэн гоол оруулав. Удаашруулсан бичлэгээс харахад гараараа гоол хийсэн байсан ч шүүгчдийн аль нь ч хараагүйн улмаас гоолыг тооцчээ. Гэвч ердөө 3-хан минутын дараа хөлбөмбөгийн хамгийн агуу гоол орж өнөөх Марадона 6 тоглогчийг талбайн төвөөс хууран “жинхэнэ” гоол орууллаа. Тоглолтын дараа сэтгүүлчдийн асуултанд тэр бол “Бурханы гар” байсан юм гэж хэнэггүй хариулжээ. 2005 онд телевизийн ярилцлаганд орохдоо “Хаалгач надаас өндөр байсан учраас гараа өргөсөн юм. Би Англичуудаас уучлалт гуйхчгүй, энэ гоол бол муусайн Англичуудад манай Фолклэндийн арлыг булаан авсаны хариу юм” гэж хэлжээ.
Бурхан (Мексик-1986)
Багийн спортод нэг хүн ялж болдогыг харуулсан хоёрхон жишээний нэг тохиолдсон юм.( нөгөөх нь Майкл Жордан) Ганц Марадонагийн хүчээр л Аргентинчууд Дэлхий аварга болсон гэхэд хилсдэхгүй. Түүнийг бурханаас цаанаас нь бэлгэлсэн гэж ярилцдаг ба 16 настайдаа шигшээдээ багтжээ. Италийн дундаж баг Наполид очоод 2 удаа Италийн аварга болгож, Европын цомуудыг хүртэж төрөл арилжсан мэт болгожээ. Наполигийн хөгжөөн дэмжигчид одоо болтол түүнийг Бурхан мэт хүндэлдэг юм.
Барцадтай жил (Мексик-1986)
Дэлхийн аваргыг зохион байгуулах эрхийг авсан Колумбид хямрал гарсан учраас зохион байгуулагчийг солихоос өөр аргагүй байдалд ОУХБХ орлоо. Европ, Америк тивд ээлжилж зохиох дүрэмтэй учраас Мексик сонгогдов. Ийнхүү Ацтэкүүд 2 дахь удаагаа дэлхийн цомыг хүлээн авсан анхны улс болжээ. Тэмцээн эхлэхээс 8 сарын өмнө аймшигтай газар хөдлөж 25 00 хүн амь эрсэдсэн ч цэнгэлдэхүүдэд асуудал үүссэнгүй. Мексикчүүд тэмцээний өмнө эдврэл, гэмтлийг засаж бүх асуудлыг жин тан болгосон юм.
Итали эсвэл Орос (Итали-1990)
ОУХБХ-ноос зохион байгуулагч орныг сонгох болоход 1984 оны Олимпийг бойкотлож спортыг улс төртэй холбосон Зөвлөлтийг “гадуурхаж” санал хураалтаар Итали сонгогджээ. Ингэснээр Дэлхийн аваргыг 2 удаа хүлээж авсан 2 дахь улс болсон юм. Хамгаалалт голлосон Италид болсоныг хэлэх үү, хамгийн бага гоол орсон, уйтгартай тоглолтуудаар дүүрэн Дэлхийн аварга болсон.
Нээлтэнд одгүй (Итали-1990)
Аргентинчууд нээлтийн 2 тоглолт хийгээд хоёуланд нь хожигдлоо. 1982 онд Бельгид, 1990 онд Камерунчуудад нам авахуулжээ. Дэлхийн аварга баг нээлтийн тоглолт хийдэг уламжлал 2006 оноос халагдсан юм.
Үргэлж дарлуулдаг (Итали-1990)
Нидерландын Улбар шарууд хөрш орон Германд үргэлж дарлуулдаг “уламжлалаа” энэ удаа ч хадгалав. Алдарт гурвал Райкаард, Гуллит, Ван Бастэн нар нь байгаад ч нэмэр болсонгүй.
Нулимдаг Райкаард! (Итали-1990)
Герман, Нидерландын тоглолтонд тоглолтын эхнээс л Райкаард, Руди Фёллэрийг унагаан ер тоглуулахгүй байлаа. Удалгүй 18 дахь минутанд дахин унагаахад нь шүүгч шар хуудас Райкаардад өгөхөд шүүгчийн нүдийг хариулж байгаад Фёллэрийн хажуугаар нь гүйхдээ нулимаж орхив. Фёллэр уурлан эргэн дайрсан ч шар хуудас аваад чимээгүй болжээ. Яг тэр алдаа гарсан газраас нь чөлөөт цохилт хийж, Фёллэр Нидерландын хаалгачыг мөргөлгүй ойрхон өнгөрөхөд Райкаард гүйж очин чичин түүн рүү дайрч 2-уул улаан хуудас аван талбайг чөлөөлжээ. Энэ үед Райкаард ахин нүүр лүү нь нулимсан байна. Телевизээр үзсэн үзэгчид бүгд шоконд оров.
Шигшээ баг уу? “Бурхан” уу? (Итали-1990)
Яг ийм асуулт Неаполь хотын хөгжөөн дэмжигчид дээр иржээ. Неаполь хотноо Итали, Аргентины багууд тоглохоор болов. Аргентинд хотынхон Наполи багийн “Бурхан” мэт хүндлэгддэг Марадона байсанаас тэр юм. Мэдээж бүгд шигшээ багаа дэмжсэн ч Бурханыхаа эсрэг тоглохыг нь харах хэцүү байсан биз дээ.
Сэтгүүлчдийн толгой эргэв (Итали-1990)
АНЭУ-ийн шигшээд Мубарак нэртэй 6 тамирчин байсан нь сэтгүүлч, тайлбарлагчдын толгойг эргүүлж орхив.
Сүүлийн сонголт (Итали-1990)
Италийн шигшээ багийн сүүлийн 22 дахь тамирчнаар дасгалжуулагчид “тоогдсон” Салвадор Скилаччи сэлгээгээр гарч ирэн гоол оруулж хасагдах шатнаас үндсэн бүрэлдэхүүн багтаж Дэлхийн аваргын мэргэн бууч болсон. Италичууд Виалли-Карнэвалэ гэсэн довтолгооны хослолтой эхэлсэн ч сэлгээний Робэрто Бажо-Скилаччигийн хослол илүү байж, сүүлийн хослолоор тэмцээнийг дуустал явжээ.
Насны алдаа... (АНУ-1994)
Шигшээ тоглолтыг хүртэл Италийн шигшээг дагуулж, хөгжөөн дэмжигчдийнхээ хайр талархалыг хүлээж байсан Робэрто Бажо торгуулийн цохилтоо алдсанаар шууд л тэдний хараалыг идэж эхэлжээ. Барэзи түүнтэй адил торгуулын цохилт алдсан ч “сүүлхэн”ийг алдана гэж хэн ч бодоогүй байсан биз. Бажо ийм алдаа гаргах хүн биш гэж үнэн сэтгэлээсээ итгэсэн байсан нь тэдний уурыг тэр дороо хүргэжээ. Бүтэн жилийн туршид энэ агшин мэлмийнээс нь үл салан сэтгэлийн шаналал болсон хэмээн хожим дурссан байдаг.
Шинэ дүрэм (АНУ-1994)
Хөлбөмбөгийн нэгэн чухал дүрэм энэ Дэлхийн аваргаар хэрэгжсэн юм. Өмнө нь хожсон багууд 2 оноо авдаг байсан бол 3 оноо өгдөг шинэ дүрэм гарсан нь хожлын үнэ цэнийг нэмэгдүүлжээ.
Хүрээллээ улам тэлэв (АНУ-1994)
Дэлхийд хамгийн анх глобалчлагдсан зүйл бол хөлбөмбөг. Одоо ч хөлбөмбөгөөс илүү даяарчлагдсан тоглоом, эд материалийн зүйлс алга. Энэ удаа ч хүрээллээ улам тэлж 147 орон урьдчилсан шатанд оролцох мэдүүлэгээ өгч арьс өнгөний үзлээсээ болоод үргэлж ОУХБХ-д ад үзэгддэг байсан ӨАБНУ анх удаа урдчилсан шатанд оров. Мөн Хорват, Латви, Литва, Эстон гэх мэт сүүлд тусгаар тогтнолоо олж авсан улсууд бүл нэмжээ.Томчуудаас Франц, Англи, Португал, өмнөх Европын аварга Данийн шигшээ багууд урьдчилсан шатанд хожигдож, Балканы хойг дахь дайны улмаас Югослав Америк тивийг зорих эрхгүй болжээ.
Сайнаар ч, муугаар ч... (АНУ-1994)
“В” хэсэгт Аргентинчууд бужигнуулж байв. Аргентин ч гэж дээ Марадона. Жин нэмсэн байдалтай Марадона хэсгийн тоглолтонд галзуурч гоол оруул гэсэн шиг довтлогчдийнхоо яг л хөлд нь дамжуулалт өгөөд байлаа. 1990-ээд оны эхээр хар тамхинаас болж Италиас хөөгдсөн тэрээр энэ удаа мөн л хөөгдлөө. Грекийн хаалганд гоол оруулсан Марадона камерын өмнө ирэн баяраа тэмдэглэж байхад нүд нь улаалттай нэг л сэжигтэй байсан учир шинжилгээнд оруулжээ. Гэтэл кокаин илэрч тэмцээнээс хөөгдсөн анхны тамирчин болов. “Бурхангүй” болсон Аргентинчуудын амжилт эрс буурч Болгар, Румыны багуудыг баралгүй нутаг буцжээ. Марадона 15 сар хөлбөмбөг тоглох эрхээ хасуулжээ.
Багууд нэмэгдэв (Франц-1998)
ОУХБХ-ноос Дэлхийн аваргад нийт 32 багийг оролцуулах шийдвэр гаргасан нь багуудыг тэгшитгэж, мөн урд нь хаа хамаагүй хэсэгт хийдэг байсанаа больж, газарзүйн байрлалаар нь хувааж хэсэгт хуваарилах боломжыг нэмсэн юм. Багууд нэмэгдсэнээр чанараа алдана гэж үзсэн гутранг үзэлтнүүд байсан ч тоо дагаж чанар нэмэгддэгийг цаг хугацаа харуулжээ.
“Азтай” тоглогч (Франц-1998)
ӨАБНУ шигшээ Францтай тоглоход хамгаалагч Пьер Исса өөрийн хаалганд автогоол оруулжээ. Гэтэл уг гоолын дараа Анригийн өлгөсөн бөмбөг хаалгачийг давж хаалга руу чиглэхэд өнөөх Исса араас нь очин бөмбөгөндөө орооцолдсоноор дахин өөртөө гоолдсон юм. Уг нь бөмбөгийг гаргах боломж түүнд байлаа. ОУХБХ-ноос гоолыг Анригийн нэр дээр бичсэнээр Иссаг 2 удаа өөртөө гоол хийхээс аварсан гэдэг.
Иран “Дэлхийн аварга” (Франц-1998)
Улс төрийн хувьд таарч тохирохоо больсон Иран – АНУ -ын тоглолт шигшээ тоглолт мэт сүр дуулиантай болов. Мэдээж Иранчуудын хувьд шүү дээ. Тоглолт эхлэхийн өмнө ерөнхийлөгчөөсөө томоохон үүрэг хүлээн авч талбайд гарсан Иранчууд 2-1-ээр хожсоныхоо дараа эгээтэй л Дэлхийн аварга болсон мэтээр баярлалдаж хөөрч байлаа.
Шар үстнүүд (Франц-1998)
Румыны шигшээ эхний хоёр тоглолтондоо Колумби, Англи гэсэн гол өрсөлдөгчдөө хожсоны дараа бүх тамирчид нь үсээ шараар будуулжээ. Гэвч дараа нь Тунис, Хорватын багуудыг хожиж чадаагүй юм. Үсээ шараар будуулаагүй бол яах ч байсан юм билээ гэж хошигнон ярьдаг гэнэлээ.
Ахиад л улаан (Франц-1998)
Камеруны хамгаалагч Ригобэр Сонг 1994 онд Бразилтай тоглохдоо талбайгаас хөөгдөж байсан бол 1998 онд Чилитэй тоглохдоо мөн л улаан хуудсаар “шагнуулж” талбайг орхижээ.
Алтан жаал (Франц-1998)
1998 оны Английн Прэмьер лигт нэг “хүүхэд” 17 гоол оруулан мэргэн бууч болон Дэлхийн аваргад оролцох багийн мэдүүлэгт багтжээ. Англи – Румыны тоглолтонд нөгөө хүүхэд чинь гарч ирэнгүүтээ гоол орууллаа. Тайлбарлагч энэ жил ердөө 18-хан настай Майкл Овэн гоол орууллаа гэж хэлсэнээр хөлбөмбөг сонирхогчдын чихэнд энэ нэр хоногшсон юм. Улмаар Аргентины хаалганд оруулсан гоол нь ОУХБХ-ны зууны шилдэг гоолын 2-т орсон. Нэгт Марадона, гуравт Пэлэгийн гоол оржээ.
Гурван минутанд нэг гоол (БНСУ, Япон-2002)
Урьдчилсан шатны Австрали – Америкийн Самоа багуудын тоглолт 31-0-ийн харьцаагаар өндөрлөжээ. Австраличууд 3 минут тутам нэг гоолыг оруулж байсан юм. Хүн ам, газар нутаг, хөгжил муутай Самоачуудаас зарим тамирчид анх удаа Олон улсын тоглолтонд “заавал өмсөх” ёстой хөлбөмбөгийн пүүзийг өмсөж үзсэн гэдэг.
Гурван лигийн мэргэн буучид (БНСУ, Япон-2002)
Францын шигшээ Европын гурван том лигийн мэргэн буучидтай ирээд байлаа. Прэмьер лигт 24 гоол оруулсан Тьерри Анри, Италийн Сэри А-г 24 гоолоор тэргүүлсэн Давид Трэзэгэ, Францын Дивизион 1-т 20 насандаа 22 гоол оруулж “цоорсон” Жибрил Сиссэ гэсэн довтлогчидтой ирсэн ч 270 минутанд нэг ч гоол оруулж чадсангүй.
Өшөө авалт (БНСУ, Япон-2002)
Хэсгийн АНУ-БНСУ-ын тоглолтонд гоол оруулсан Ан Жун-Хван баяраа тэмдэглэхдээ тэшүүрээр гулгаж байгаа юм шиг хөдөлгөөнийг хийдэг. Энэ нь 2002 оны Солт Лэйкийн Өвлийн Олимпт АНУ-ын шорт-трэкчин Аполо Антон Оно, Өмнөд Солонгосчуудыг булхайгаар хожиж алтан медаль хүртсэнд хариу барьсан “өшөө авалт” байжээ.
Эрчүүдээ гэж... (БНСУ, Япон-2002)
Азид 15.30 минутанд тоглолт эхлэхэд Берлинд 08.30, Лондонд 07.30, Рио дэ Жанэйро, Буэнос Айрэст 04.30 болж байсан. Иймээс Европ, Америк тивүүдэд ажил таслах нь хэвийн үзэгдэл болж, эрчүүд бүгд амралтаа авах өргөдөлөө өгч, эсвэл тааруулж, Түркт албан байгууллагын 70 хувь нь ажиллахгүй байлаа. Мексикйн шигшээ АНУ-ын багтай тоглоход 500 мянган хүн ажлаа таслаж байлаа. Хөлбөмбөг үзүүлсэнгүй гэж найз охиндоо уурлаж амиа хорлох тохиолдолд гарч байсан.
Асуудалтай санал хураалт (Герман-2006)
Дэлхийн аваргыг зохиох эрхийн төлөө Англи, Герман, Марокко, ӨАБНУ улсууд өрсөлдөв. ОУХБХ-ноос тив бүрт зохион байгуулах шийдвэр гаргасан ёсоор, энэ удаа Африк тивд боломж харьцангуй өндөр байлаа. Эхний шатнаас Англи, Марокко хасагдав. Сүүлийн санал хураалт явагдаж дуусахад Герман 12, ӨАБНУ 11 санал авч нэг гишүүн татгалзсан хариу өгчээ. Ганц түтгэлзсэн нь Шинэ Зеландын төлөөлөгч, Далайн орнуудын холбооны ерөнхийлөгч Чарльз Дэмпси байв. Хэрэв Дэмпси саналаа ӨАБНУ-д өгсөн бол 12-12 болон тэнцэж Зэпп Блаттэр онцгой эрхийнхээ дагуу Африкчуудын талд орох нь мэдээж байлаа. Шинэ Зеландын спортын яамнаас Өмнөд Африкт санал өг гэж Дэмпсид үүрэг болгосон нь тодорхой болж, хэвлэл мэдээллээр шууд хахууль авсан гэсэн яриа гарчээ. Дэмпси хахууль авсан гэдгийг няцааж сэтгэл санааны хямралд орсоноор ийм алхам хийсэн гэдгээ хэлжээ. Түүний байрлаж байсан буудал руу үргэлж утасдан Германд санал өгөхийг хүсч, сүүлдээ их мөнгө амлаад ирэхээр нь айсан гэнэ. Санал өгөхдөө хахууль авсан гэж хэлэгдэхээсээ айсан учраас түтгэлзжээ. Шинэ Зеландын спортын сайд Маллард эх орныхоо нэрийг гутаасан гэж зарласан бол Ерөнхий сайд Кларк, ӨАБНУ-ын ерөнхийлөгч Мбэгигээс албан ёсоор уучлалт гуйсанаар энэ асуудал намжжээ.
Сахилгагүй ерөнхийлөгч (Герман-2006)
Ираны төрийн тэргүүн Махмуд Ахмэд Нэжад АНУ болон Израил улсуудад хандаж сөрөг үгнүүд ихээр хэлсэн нь Дэлхийг гайхшралд оруулсан. Үүнтэй холбоотойгоор бусад улс орнуудаас Ираныг Хөлбөмбөгийн Дэлхийн аваргаас хасаж өгнө үү хэмээн 2005 оны 10 сараас хойш санал, хүсэлт ОУХБХ-д ихээр ирэх болов. Гэвч ОУХБХ спорт, улс төрөөс ангид гэсэн дүрмээ баримталж Ираныг оролцуулсан билээ.
Улаан хуудас (Герман-2006)
Дэлхийн аваргын түүхэнд 2 удаа талбайгаас хөөгдсөн хоёр тамирчин байдаг. Зидан 1998 онд Саудын Арабтай, 2006 онд Италитай тоглож байхдаа улаан хуудас авсан бол, Камеруны Ригобэр Сонг 1994, 1998 онуудад 2 удаа талбайгаас хөөгджээ.
Сахилгагүй Дэлхийн аварга (Герман-2006)
Энэ удаагийн Дэлхийн аваргад нийт 28 тамирчин улаан хуудас аван талбайгаас хөөгджээ. Өмнө нь ийм олон тамирчин хөөгдсөн тэмцээн байхгүй байсан бөгөөд дундажаар нэг тоглолтонд 0.43 хувьтай байв. Португал-Нидерланд дээр 4 хүн талбайг чөлөөлсөн нь мөн л нэг тоглолтонд хамгийн олон тамирчин талбайгаас хөөгдсөн тохиолдол болсон юм. Мөн шар хуудсыг шүүгчид 345 удаа өргөсөн нь дээд амжилт болжээ. Дундажаар нэг тоглолтонд 5.39 хувьтай байв.
Сахилгагүй улс (Герман-2006)
Дэлхийн аваргын түүхэнд Аргентины 10 тамирчин талбайгаас хөөгдсөн нь тэднийг нэгэн сөрөл амжилтын эзэд болгожээ. Мөн 88 шар хуудас авсан нь нэг улсын хувьд дээд амжилт болж байна.
Нэпко хэвлэлийн компаниас гаргасан “Хөлбөмбөгийн Дэлхийн аварга 1930-2010” номны хэсгээс
Эхний хэсгийг уншихыг хүсвэл энд дар