-“ХОЙД АХ”-ААСАА АСУУДАГГҮЙ БОЛСОН ҮЕ НЬ 1980-ААД ОНООС ЭХТЭЙ-

УИХ-ын гишүүн асан, түүхийн ухааны доктор Ё.Отгонбаяртай ярилцлаа.

-Таныг урду хэлтэй гэж нэг бус удаа сонсож байсан юм. Энэ хэлийг сурч, эзэмшсэн хүн манайдаа л цөөхөн бараг байдаггүй гэдэг. Судлаад үзэхээр исламын шашинтай 65 сая хүн хэрэглэдэг, араб үсгийн бичиглэлтэй гэсэн товч мэдээлэл л байна?

-Москвагийн Олон улсын харилцааны сургуульд хинди хэлний чиглэлээр суралцсан. Урду хэл нь хиндитэй ойролцоо. Монгол хэлний халх, буриад аялга гэдэг шиг л юм. Хинди нь самгарди, урду нь араб үсэг хэрэглэдэг. Хинди хэл мэддэг хүн урдуг мэднэ гэж хэлж болно. Жишээ нь, Пакистанд очиход намайг хинди хэлээр ярьж байна гэж ойлгохгүй. Урду хэл хаана сурсан юм гэнэ. Хэлийг нь мэдэж байгаа хүнд үсгийг нь сурах амархан. Хоёрдугаарт, Монголын түүхтэй холбоотой. Урду гэдэг нь орд гэсэн монгол үг. 

-Монгол үг гэхээр ямар байдлаар холбогдож байгаа юм?

-Монголын эзэн гүрний үед байлдан дагуулалт хийж явахдаа баруун Энэтхэгийн нутагт очсон. Тухайн үед цэрэг татлага явуулахад янз бүрийн хэлтэй хүмүүс цугларсан байгаа юм. Тэгэхээр нь Хиндустани хэлний хари боали гэдэг аялгийг цэргийн ордын хэл болгож сонгосон түүхтэй. Урду хэл тэгж үүссэн.

-Цэргийн орд гэхээр хуаран гэсэн үг үү?

-Тийм ээ. Тэр хавиас цэрэгт татна гэхээр олон хэлээр ярьдаг хүмүүс цуглахаар өөр хоорондоо ойлголцохгүй. Тиймээс цэргийн ордын буюу хуарангийн хэл болгож сонгосон нь урду. Орчин үеийн нэр томъёогоо хинди нь санскритаас, урду нь араб хэлнээс авдаг. Ялгаа нь л тэр, мөн бичиг өөр юм. 

-Москвагийн Олон улсын харилцааны их сургуульд хамт сурсан Таны үеийнхэн гэхэд одоогийн УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, С.Батболд нар бил үү. Ер нь нийслэлийн 14, 23, 52 дугаар сургууль тухайн үедээ Гадаад яамны боловсон хүчнийг бэлтгэхэд суурь бааз нь болж байв уу?

-Миний хувьд 52 дугаар сургуулийг төгссөн. Биднийг суралцаж байх үед Гадаад яам боловсон хүчнээ бэлтгэхэд маш нарийн шалгууртай байлаа. Улсын шалгалтаа ч өгөөгүй байхад сургуулиудаар тойрч явна. Тэгэхэд манай сургуульд ирж намайг судалсан. Онц сурлагатай, хэлний авьяастай, эрэгтэй хүүхэд гэсэн шалгууртай байсан юм билээ. Конкурс өгдөг жил Гадаад яамнаас дуудаад ийм сургуульд явна гэдгийг танилцуулсан. Би өөрөө тийм сургууль байдгийг ч мэдэхгүй явсан хүүхэд. Ахаасаа асууж байгаа юм, тэгсэн “Сайхан сургууль бий. Яв, яв” л гэсэн. 

-Ямар ч байсан тодорхой хэмжээний хэлний авьяастай байх шаардлага тавьдаг байж. Ер нь тэр үед хоёр, гуравдагч хэл сурах нөхцөл боломж нь хэр байсан юм. Жишээ нь, англи хэлний тухайд?

-Англи хэлийг заах хүн байхгүй байсан үе шүү дээ. Орос хэл заана. Түүнийг ч сайн сурна. Зургадугаар ангиасаа улсын чанартай тэмцээнд оролцсон. Есдүгээр ангидаа “Мы поедем в Артек” тэмцээнд 52 дугаар сургуулийнхаа багийн ахлагчийн хувьд Кубад амрах эрхээр хүртэл шагнуулж явлаа. 

-Англи хэл заах боловсон хүчин байхгүй ч энэ чиглэлийн ном, сонин, сэтгүүл олдоно биз?

-Аав маань ном их цуглуулна. Номын санд нь англи хэлийг өөрөө сурах бичиг гэж байлаа. Түүнийг саваагүйтэж үзнэ. Бүрэн сурах нь хаашаа юм, сургууль төгсөхдөө ойр зуур хэлдэг үг, үсэгтэй л болсон байсан. Хойно очоод мэргэжлийнхээ шугамаар үзсэн. Хинди хэл сурч байгаа хүн гарцаагүй англи хэл үзнэ. Энэтхэгт хиндигээрээ ярихаас илүү англиар ярьдаг. Хоёрдахь хэл болтлоо эзэмшсэн нь англи хэл. Урду хэлийг цэвэр сонирхлоороо сурсан. Хажуугаар нь франц хэлийг сурах гэж оролдсон. Үнэнийг хэлэхэд гурван гадаад хэлийг зэрэг сурах хүнд юм билээ. За тэгээд оюутан байхад хичээлийн хажуугаар олон зугаатай ажил байдаг байлаа шүү дээ.

-Зугаатай гэдэг нь?

-Үеийнхэнтэйгээ нийлж дэмий тэнэхээс эхэлнэ ээ. /инээв/ Одоо бодох нь ээ, тэрэнд их цаг алдаж байсан юм байна гэж харамсдаг л юм. 

-Гадаад яамны нэр дээр яваа болохоор ч тэр үү манай Элчин сайдын яамнаас Та бүгдэд тодорхой хэмжээний хяналт тавина биз?

-Элчин сайдын яамнаас дуудаж сурлагын үйл явцтай танилцдаг байсан. Ялангуяа Москвагийн Олон улсын харилцааны сургуульд сурдаг оюутнуудад хатуу анхаарна. Дипломат албаныхаа боловсон хүчнийг бэлдэж байгаа болохоор тэгдэг байсан байх. Түүнээс өдөр тутам хянахгүй л дээ. Манай сургууль өөрөө онцлогтой. Хамаагүй гадуур тэнээд байж болохгүй. Нэг хоцорвол хэлний хичээлээ гүйцэхээ болино. Бусад нь сайхан гадуур явж байгаад хэд хоногтоо хичээлээ давтаж гүйцдэг байсан бол бидэнд тийм зүйл байхгүй. 

-Төгсч ирээд шууд яаманд ажилласан уу?

-Төрийн байгууллагууд захиалгаа өгч сургуульд явуулдаг байсан. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байсан П.Цагаан гэхэд Үйлдвэрчний төв зөвлөлийн захиалгатай оюутан. Төгсч ирээд тэндээ ажиллана шүү дээ. Миний хувьд хинди хэл эзэмшсэн. Гадаад яамнаас өөр газар хэрэглэхгүй гэсэн үг. /инээв/

-Хойно дээд боловсрол эзэмшүүлдэг байсан шалгуур, босгыг одоогийн “Боловсролын сан”-гийн зээлтэй адилтгаж болох уу?

-Тэр үеийнх бол рублийн зээл. Зөвлөлтийн Засгийн газраас төлбөрийг нь төлчихөөд дараа нь улс хооронд тооцоо хийдэг байсан юм. Хальт утгаараа адилтгаж болно. Ер нь байна шдээ, хойно томилолт аваад явсан оюутнуудаас дунджаар 30 хувь нь замын дундаас сургуулиасаа хөөгддөг байсан. Сургууль өөрөө маш хатуу. Жилдээ 10 гаруй хүүхэд явна. Төгсөх үед дөрөвний гурав нь диплом гардана. Одоогийнхоос ялгаатай хоёр юм бий. 

Нэгдүгээрт, тэр цагийн орчин мэдээлэл хаагдмал. Хэчнээн сурч байгаа ч нийгэм нь хаалттай. Олдох, олдохгүй мэдээлэл гэж байна. Оюутан байхдаа Лев Гумилевын номыг сургийг нь анх сонссоноос хойш бүр Лениний нэрэмжит номын сангийн тусгай тасагт нь орох зөвшөөрөл авч байж уншсан. Энгийн номын сангаас аваад унших боломжгүй. Хоёрдугаарт, эерэг талаас нь харвал сургуулиа амжилттай төгсвөл ажлын байр нь баталгаатай. Одоо бол төгсөөд ирсэн ч хөдөлмөрийн зах зээлд бусадтайгаа өрсөлдөнө. 

-Хаалттай нийгмийн үед боловсрол эзэмшээд ардчилсан тогтолцоонд шилжсэн цаг үед ажиллаж байсны хувьд Монгол Улсын гадаад харилцаа тэр үед хэрхэн өрнөж байв? 70 гаруй жил ЗХУ-ын харьяанд явсан Монголыг олон улсад хүлээж авах, харах өнцөг нь ямар байсан юм бол?

-1989 оны зун сургуулиа төгсөөд ирэхэд өөрчлөлт, шинэчлэлтийн уур амьсгал хэдийнэ бий болсон байсан. Ирээд оролцсон хамгийн эхний томоохон ажил нь Өмнөд Солонгостой дипломат харилцаа тогтоох Ажлын хэсэгт орж ажилласан. Хүмүүс болохоор 1990 он гарсны дараа дипломат харилцаа тогтоосон протоколд албан ёсоор гарын үсэг зурсан гуравдугаар сараар ойлгодог. Шийдвэр нь 1989 оны намар Улс төрийн товчоо хэвээрээ байхад талийгаач Ж.Батмөнх даргын үед гарснаар хэлэлцээ эхэлсэн. Монгол Улсын гадаад харилцаа “хойд ах”-аасаа асуудаггүй болсон үе нь 1980-аад оноос эхтэй гэсэн үг. Тодорхой хэмжээний хязгаартай байсан болохоос бие даасан бодлого явуулж эхэлсэн байсан. Энэ утгаараа их сонирхолтой үе таарсан.  

Ардчилсан хувьсгал гарснаар нийгмийн тогтолцоогоо шинэчилж эхэлснээр Монгол Улс дэлхий дахины анхаарлын төвд орсон нь мэдээж. Гадаад улс орнууд сонирхож эхэлсэн. Ер нь гадаад харилцааны маш сонирхолтой үед ажилласан даа.

-ЯМАР Ч ЦЭРЭГ ГЕНЕРАЛ БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ. ГЭХДЭЭ...-

-Ерөнхий сайдын Зөвлөхөөр ажилласан үе нь 2001 он гэж харвал хожуу улс төрд оржээ. Яамнаасаа шууд очсон байдаг юм уу?

-Намбарын Энхбаяр дарга Ерөнхий сайд байсан үе. Гадаад бодлогын зөвлөхөө томилохоор яамнаас хэд хэдэн хүний нэрийг авч судалснаар намайг сонгосон. Ажиллах хурд талаасаа нас залуу байсан нь нөлөөлсөн байх. 

-Тантай хамт төгссөн С.Батболд, Ц.Мөнх-Оргил нар гэхэд Н.Энхбаяр даргын танхимд Дэд сайдаар ажилласан?

-Тэгсэн.

-Дэд сайдын орон тоог анх бий болгосон үе?

-Тийм. Манайхан үүнийг ад үзээд байдаг хандлагатай. Би бол жаахан өөрөөр хардаг. Нэгдүгээрт, яам ганцхан сайдтай байна гэдэг хэцүү. Жишээ нь, Гадаад яамны сайд нь гадагшаа явсан үед зөрөөд зочин ирэхэд тийм зиндааны хүн яриа, хэлэлцээ хийх ёстой. Хоёрдугаарт, тухайн үеийн Дэд сайдын албан тушаал улсад хэрэгтэй боловсон хүчнийг бэлтгэж гаргасан институц гэж хардаг.

-Яг үнэндээ намдаа хандив өгсөн хэсгийг албан тушаалд томилох гүүр нь Дэд сайдын орон тоо байсан гэх шүүмжлэл одоо ч явдаг?

-Аль яриаг тэр гэх вэ? Би лав янз бүрийн хандив өргөж явсангүй. Өргөх мөнгө ч байхгүй.

-Таныг Ерөнхий сайдын зөвлөхөөр ажилласнаас хойш намд ялангуяа, улс төрд идэвхтэй болсон гэж ойлгосон?

-Гадаад харилцаа гэдэг өөрөө улс төрийн салбар болохоор анхнаасаа улс төрийн ажилтан байсан гэж хэлж болно шүү дээ. Угаасаа бидний ажил улс төр. Дотоодод нь оролцохгүй ч гадаад улс төрд оролцоно. Жишээ нь, 1990 онд би өөрөө Гадаад яамны МАХН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч байсан. Тэгэхэд яамны ажилтан улс төрийн намын бүх гишүүд нь түүний дотор МАХН-ын гишүүд намын харьяаллаас түдгэлзэх санал гаргаад ёсоор болгож байлаа. Тэр үед ийм алхам хийнэ гэдэг амаргүй. Өөрөөр хэлбэл, улс төрд байгаагүй биш байсан хүн байгаа биз?. 

Ерөнхий сайдын Гадаад бодлогын зөвлөх гэдэг нь тал нь улс төр, тал нь мэргэжлийн ажил. Улс төрийн албан тушаал ч үеийн үед мэргэжлийн дипломатууд ажиллаж ирсэн. Гадаад бодлого гэдэг онцгой салбар. Мэдэхгүй хүн томилчихоод ажлаа хийж чадахгүй бол хэцүү. Тэндээсээ харин улс төр рүү “хальтарч” орсон уу? гэвэл орсон.

-Орох, орохдоо Ерөнхий сайд асан С.Баярын үед МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан?

-С.Баяр дарга сонгууль болохоос долоо бил үү?, найман сарын өмнө намын дарга, Ерөнхий сайдаар томилогдож ажилласан хүн. Нэгэнт цаг хугацаа нь бага үлдсэн учраас Нарийн бичгийн даргаар ажилласан туршлагатай гэж үзээд Ерөнхий нарийн бичгийн даргаар намайг санал болгосон. 

-Сонгууль хүртэл богино хугацаанд ажилласан ч С.Баяр дарга Ерөнхий сайдаар улирч, Та Боловсролын салбарыг хариуцсан. Боловсролын сайдаар очих нь Таны сонголт байсан уу. Уг нь Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүнд арай өөр “боломж” нь байсан л байх?

-Найзууд маань асууж л байлаа. “Чи одоо намаа сонгуульд ялуулсан Ерөнхий нарийн бичгийн дарга. Яагаад Боловсролын салбар гэж. Том яаманд очихгүй байсан юм уу. Юу хийж байгаа юм? гэх зэргээр гайхаж л байсан. 

-Жишээ нь, Гадаад харилцааны яаманд очих нь нээлттэй байгаагүй юу?

-Хүн олдож байгаа боломжийг нийтийн эрх ашигт уу? эсвэл хувийн амбийцдаа зарцуулах уу? гэдэг сонголтыг өөрөө хийдэг. Сонгуульд ялсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын хувиар Гадаад яамны сайдаар очно гэсэн бол нээлттэй байсан байх. Гэхдээ тэр бол Отгонбаяр гэдэг хүний хувийн амбийц. Ямар ч цэрэг генерал болохыг мөрөөддөг. Нөгөө талаас манай улсын ирээдүй хамаарах учраас боловсролын салбарт дорвитой ажил хийх юмсан гэдэг бодол нь илүү хөтөлсөн. 

Нэг юмыг бодсон юм. Улс орны ирээдүйг тодорхойлдог цөөхөн салбар бий. Тэрний нэг нь боловсрол. Тиймээс энэ салбарт ажиллах, шинэтгэлийг нь хийх ёстой юм байна гэсэн бодолтой байсан. Саяхан АНУ-ын нэртэй эрдэмтэн дэлхийн нөхцөл байдлын тухай лекц уншсан байна лээ. ОХУ-ын боловсролын салбар 1980-аад оны дунд үеэс дампуурсан. Техникийн боловсон хүчин нь сул болсноор 1990-ээд оноос энэ салбарын бүх шийдлийг өрнөдийн компаниуд орж ирж хийдэг болсон. Өнөөдөр олон улсын хориг, арга хэмжээнд орчихоор тун удахгүй импортын техник тоног төхөөрөмж нь хуучирч, техникийн аваарууд гарч эхэлнэ. Юмаа үйлдвэрлэж чадахаа байсныг дурдсан байна лээ. Энэ бол боловсролын салбарын ач холбогдлыг харуулж буй нэг л жишээ. 

Зөрүүлээд мань хүн юу ярьж байна гэхээр Вьетнам бол техникийн боловсролд онцгой анхаарсан тогтолцоотой. Тэнд их, дээд сургууль төгсөгчдийн 40 хувь нь инженер болж гардаг. Тиймээс Хятадын үйлдвэрүүд тийш анхаарал хандуулах болсон гэж байгаа юм. Үүн шиг боловсролын тогтолцооны шинэтгэл дөрвөн жилийн дотор үр дүнгээ өгөхгүй. 12 жилийн тогтолцоотой байгаа учраас дор хаяж тийм хугацаа шаардана. Суурийг нь зөв тавих ёстой. Тэгж байж үр дүнгээ өгдгийг гаднын эрдэмтэн баларсан болон мандсан жишээг ярьж байна.

Боловсролын салбарыг сонгосон шалтгаан нь үүнтэй адилхан. Олон ажлыг хийсэн. Бүгдийг нь ярьвал дуусахгүй. Нэгдүгээрт, үндэсний боловсролын тогтолцоог олон улсын жишигт шилжүүлэх ажлыг эхлүүлсэн. Хэвлэлийнхэн та нар “Кембридж” гэж нэрлэсээр байгаад гаднынх юм шиг ойлголт төрүүлсэн. Нэг зарчим барьсан нь Англид тавдугаар ангийн хүүхэд математикийн хичээлээр юу үзэж байна тэрийг үзэх ёстой гэж үзсэн. Монгол хүүхэд гэхээрээ өөр тархитай юм биш ээ. Сургуулиа төгсөхөд боловсрол нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөнө. Тэрхүү шилжилтийг эхлүүлснээрээ бахархдаг. Засаг, засгийн үед янз бүр болоод явсан ч салбарын хүмүүстэй нь уулзахад алдаж, оноод урагшилж л байгаа юм билээ. Хоёрдугаарт, дээд сургууль хааснаараа олны талархал хүлээдэг сайд хорвоод байдаггүй байх. Гэхдээ тэр сайдын нэг нь би. Анх ажил авахад 153 их, дээд сургуультай байсан. Ажлаа хүлээлгэж өгөхдөө 97 болгож цөөлсөн. Одоо 65 болсон явж байх шиг байна. Чанаргүй олон сургууль биш чанартай гарах ёстой гэж үзсэн учраас тус шинэтгэлийг эхлүүлсэн.

Гуравдугаарт, Боловсролын сайдын багц 800 тэрбум байсныг нэг их наяд 250 тэрбумд хүргэсэн. Ганц минийх ч биш асуудал хариуцаж байсан хүн бүрийн хичээл зүтгэлийн үр дүн нь. 

-БУРХАН НАМАЙГ ЗӨВ ЗАМААР ЯВУУЛСАН ЮМ БАЙНА-

-Хөрөнгө татаж болохгүй хоёр салбар бол эрүүл мэнд, боловсрол гэдэг шүү дээ?

-Системээ зөв байлгах ёстой юм. Ёроол нь цоорхой шанага руу хэчнээн ус хийгээд нэмэргүй. Үүн шиг бодлого нь зөв байхгүй бол хэчнээн хөрөнгө оруулалт хийсэн ч үр дүн гарахгүй. Шанагаа цоорхой биш байлгах ёстой гэсэн үг. Тэгэхийн тулд суурь тогтолцоогоо янзлах ёстой. 

-Ямар ч байсан тэрхүү шанаганы ёроолыг нөхсөн гэх гээд байна уу?

-Дараагийн ажил авсан хүмүүс алдаа, оноотой ажилласаан, ажилласан. Үүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ тэр чиглэл рүүгээ ажил нь яваа. Үр дүн нь түргэн гараасай гэж хүсдэг хүний хувьд сэтгэл дундуур юм олон. Нөгөө тийш эргүүлээд аваад яваагүйд нь мэдээж сэтгэл ханамжтай.

-Гэхдээ Танай нам эрх барьсан 2016-2020 онд Боловсролын салбарын сайд нь дөрвөн удаа солигдсон. Хамгийн тогтвортой байх ёстой салбарын сайдыг ингэж сольсон нь зөв үү? Адаглаад шинэ сайд гарч ирээд өмнөхөө үгүйсгэх, өөрийнхөө итгэл үнэмшлээр ажиллах зэргээр олон асуудалтай тулгарна?

-Би томилдог, сольдог, хольдог хүн нь биш болохоор тухайн үеийн Ерөнхий сайд нараас асуусан нь дээр.

-Бусдаасаа арай илүү энэ салбарт элэгтэй хандаж ирсэн хүний хувьд асуугаад байгаа юм?

-Сайд ойр, ойрхон солигдох нь салбарт сайн үр дүн авчрахгүй нь тодорхой. Боловсрол бол асар том салбар. Сайд гэдэг бодлого тодорхойлогч. Түүнийгээ тодорхойлохын тулд эхлээд ойлгох ёстой. Алийг нь барьж авахаа тодорхойлж, дүгнэнэ. Богино хугацаанд солигдвол тийм юм амжихгүй. Удирдлагад нь мэргэжлийн хүмүүс ажиллаж байгаа болохоор асуудалгүй гэдэг. Тийм биш. Газрын дарга гэдэг тухайн салбарынхаа өөрт ногдох хэсгийг л хардаг. Хоорондоо уялдаатай араа, шүднүүд нь эргэж байж үр дүн гардаг нь боловсролын салбарын онцлог. Цэцэрлэг доголдвол ерөнхий боловсрол доголдоно. Цаашлаад дээд боловсрол доголдоно. Гэтэл сургуулийн өмнөх боловсролыг нэг хүн хариуцаад сууна. Зөвхөн түүнийгээ харна. Ерөнхий болон дээд боловсрол ч адилхан. Үүнийг бүхэлд нь харж, бодлого боловсруулах ёстой хүн нь сайд. Байнга солигдоод байвал алдаа гарах магадлал нь их. Идэвхтэй газрын дарга байлаа гэхэд өөрийнхөөгөө дөвийлгөөд бусад араа нь жижигрэнэ. Машинаар яривал ажиллахгүй л болно гэсэн үг шүү дээ. 

-Боловсролын салбарын шинэтгэлийн хүрээнд англи хэлийг хуульчлахаар санал оруулсан нь парламентад багагүй талцан, маргаан дагууллаа. Ер нь хэлийг ингэж хуульчлах нь зөв юм уу, буруу юм уу? Эх хэлнийхээ суурийг сайн төлөвшүүлж чадахгүй байж хоёрдогч хэлийг хуульчлах нь буруу гэсэн шүүмжлэлийг зарим бичгийн эрдэмтэд хүртэл хэлсэн удаатай?  

-Би тэрэнтэй санал нийлэхгүй. Нэгдүгээрт, дэлхийд байгаа шинжлэх ухааны мэдээллийн 92 хувь нь англи хэл дээр байдаг. Монгол Улс олуулаа биш. Шинжлэх ухааны бүх мэдээллийг монгол хэл рүү хөрвүүлж чадахгүй. Хорвоогоос хоцрох гээгүй юм бол шинжлэх ухааны хэлийг сурах ёстой. Англи хэлнээс өөр сонголт байхгүй. Монгол хэлний сургалт муу байгаа нь англи хэлтэй холбоогүй ээ. Сургалт нь муу байгаатай холбоотой. Хэрвээ монгол хэлийг сайн сургамаар байгаа юм бол эх хэлээрээ зөв бичдэг, найруулдаг чадварыг эзэмшүүлж, сургах хэрэгтэй. Үнэхээр монгол хэлний эрдэмтэн болох гээд байгаа хэсэг нь тэр олон дүрмээ судалж болно. Инженер болох гэж байгаа хүнд хэрэгтэй юу? Алдаагүй зөв бичдэг байхад болно шүү дээ. Сүүлийн 30 жил эх хэлээрээ наадсаар дууслаа. 

Босоо монгол бичгийн нэг орууллаа, эргээд болилоо. Нэгдүгээр ангиас үзсэн хүүхдүүд гэхэд одоо кириллээр тэр болгон зөв бичиж чаддаггүй. Алдаатай бичдэг бүтэн үе явж байна. Тухайн үедээ сэтгэлийн хөөрлөөр янз бүрийн туршилт хийдэг нь бүхэл бүтэн хувь заяанд нөлөөлдөг учраас болгоомжтой хандах ёстой. Ертөнцөөс хоцормооргүй л байвал англи хэл сурах ёстой.

-Таныг ингээд ярихаар эсэргүүцэж шүүмжлэх хүмүүс гарах л байх. Тэр тусмаа Боловсролын сайдаар ажиллаж байсан хүний хувьд ийм байр суурь илэрхийлэх нь зарим хэсэгт таалагдахгүй нь мэдээж...?

-1990 оноос хойш англи хэл үндсэн гадаад хэлээр явж байгаа шүү дээ. Хуульд оруулах тухай асуудлаар л сая маргаан боллоо. Монголын ерөнхий боловсролын бүх сургуульд англи хэлийг сурч байгаа. Хуулиар үндсэн гадаад хэл мөн гэж заасан болохоос зарчмын өөрчлөлт гараагүй. Ямар ч байсан англи хэлний сургалтад зориулах мөнгө, хөрөнгөний  хэмжээ өсөх юм байна. Багшлах боловсон хүчнийг бэлтгэх ажил сайжрах юм байна. Үүгээрээ давуу тал үүсэх юм байна л гэж ойлгож байгаа. 

-Улстөрчийн өнцгөөс асуухад 2016 оны сонгуульд яагаад нэр дэвшээгүй юм. Үүний ард ямар нэгэн тохиролцоо байв уу? Уг нь Ардын Нам сөрөг хүчний ажилласан 2012-2016 оны үед УИХ-ын индрээс шүүмжлэлтэй байр суурь илэрхийлдэг цөөн хүний нэг нь Та байсан шүү дээ?

-Тэрийг тухайн үед намын дарга байсан хүнээс нь л асуу, яагаад дэвшүүлээгүй гэдгийг.

-М.Энхболд дарга намаа удирдаж сонгуульд оролцсон?

-Сонгуульд нэр дэвшээгүй нь эргээд надад хэрэг болсон л доо.

-Ямар утгаараа?

-Буцаад мэргэжлийнхээ салбарт ажиллах боломж нь олдсон юм. 

-Боловсролын Дэд сайдаар ажилласнаа хэлээд байна уу?

-Үгүй, үгүй. Дэд сайдаар хэсэг ажиллаад АНУ-д суух Элчин сайдаар томилогдож ажилласан үе. Дипломат алба гэдэг миний унаган мэргэжил. АНУ-д ажиллах хугацаандаа хоёр орны харилцааг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үед өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэсэн. Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалаар Стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон. Гурван жил хагасын хугацаанд ажиллахдаа хоёр орны харилцааг хоёр түвшнөөр ахиулна гэдэг нь миний хувьд бахархал. Манай хамт олны зүтгэл. Тийм болохоор УИХ-д нэр дэвшээгүйдээ огтхон ч харамсдаггүй юм. Бурхан намайг зөв замаар явуулсан юм байна гэж боддог. 

-Засгийн газраас өргөн мэдүүлсэн Элчин сайд нарыг Ерөнхийлөгчийн зүгээс ёсчлохгүй явсан нь дотоодын улс төрийг багагүй өрдсөн. Тэдгээрээс Итгэмжлэх Жуух Бичгээ гардсан ганц хүн нь Та?

-Хэд хэдэн хүмүүс байсаан, байсан. Татгалзсан хүмүүс дотроос Элчин сайдаар томилохыг зөвшөөрсөн ганц хүн нь би юу гэвэл тийм.

-Дипломат алба гэдэг өөрөө тогтвортой байх ёстой. Хилийн чинадад улсаа төлөөлж суугаа дипломатч ямар нэгэн байдлаар ёс зүйн зөрчил гаргаагүй, гэмт хэрэгт холбогдоогүй тохиолдолд бүрэн эрхээ дуустал ажиллах дархлаатай. Гэтэл Төрийн тэргүүний зүгээс хугацаанаас нь өмнө эгүүлэн татах санал гаргасан хүн нь мөн л Та?

-Дотоодын улс төртэй л холбоотой юм болсон.

-Ерөнхийлөгч саналыг хэрхэн хүлээн авч байсан бэ?

-Улс төрд явсан хүний хувьд цаад шалтгааныг нь ойлгож байсан. УИХ-аас намайг эгүүлэн татах шаардлагагүй гэж үзсэн. Харин Ерөнхийлөгч нь эгүүлэн татах шаардлагатай гэж үзсэн учраас өөрөө өргөдлөө өгөөд буцсан. Элчин сайдын томилгоо гэдэг Монгол Улсад хамгийн хэцүү нь. Засгийн газар, УИХ-аар орно. Тэгээд Ерөнхийлөгч рүү ордог. Өөр тэгж томилдог албан тушаал манайд байхгүй. Тэгсэн мөртлөө эгүүлэн татахад хуулийн ямар ч зохицуулалтгүй. УИХ нь дуудахгүй, харин Ерөнхийлөгч нь дуудна гэхээр яах юм гэдэг нь ойлгомжгүй.

Миний Элчин сайдаар ажиллах, ажиллахгүй нь чухал биш. Дараа, дараагийн Элчин сайд нарт буруу жишиг тогтоож болохгүй гэж үзсэнээр өөрөө өргөдлөө өгсөн. Монгол Улс, дипломат алба нь мөнх байна. Би бол яах вэ? Зургаан сарын дараа бүрэн эрх нь дуусахаар байсан юм. Эцсийн дүндээ Монголын дипломат албанд буруу жишиг тогтоож болохгүй учраас тийм шийдвэрт хүрсэн.

-Тухайн цаг үед Монгол Улсын дипломат албаны гадагшаа чиглэсэн бодлого нь хэтэрхий хязгаарлагдмал, хаалттай хэлбэрт шилжсэн гэдэгтэй Та санал нийлэх үү? Элчин сайд нарын томилгоо ч таг гацаанд орсон үе бий шүү дээ?

-Тийм байдал үүссэнийг үгүйсгэхгүй аргагүй. Олон газарт Элчин сайдаа томилж чадахгүй, гацаанд орсон. Ялангуяа стратегийн ач холбогдолтой томоохон улс оронд томилгоо яваагүй. Монголын хууль тогтоох дээд байгууллага, мэргэжлийн дипломат алба хоёр нь Элчин сайд нарыг эгүүлэн татах, тохоон томилох хоёр асуудлыг хууль, эрх зүйн үүднээс зөв болгох шаардлагатай. Энэ бол мэргэжлийн алба. Бид хойно таван жил сурч, төгсч ирсэн хүмүүс. Тусгайлан сургасныг бодоход онцгой мэргэжил байгаа биз. Түүнээс нэг нөхөр англиар ярьдаг болохоороо дуртай газраа томилолт авдаг юм биш. Тэр тусмаа стратегийн ач холбогдолтой улс оронд маш олон эгзэгтэй асуудлын эрэмбэд явдаг ажил. Үүнийг сайн бодох ёстой. Процедур, томилгооны хувьд ч сайжруулах шаардлага байгааг миний жишээ харуулсан гэж боддог.

-Элчин сайдын албаа хүлээлгэж өгснөөс хойш улс төрөөс хөндийрчих шиг болсон?

-Хөндийрөөгүй ээ, байж л байна. “Баяртай үдэш” нэвтрүүлгийг үзсэн биз дээ. Ерөнхий сайд асан С.Баяр, Баабар хоёр хоорондоо ярихдаа “Чи улс төрөөс гарсан юм уу?” гэхэд нь “Юу гэж гардаг юм. Байж л байна” гэдэг шиг. 

-Ерөнхий сайдын зөвлөх хийж байгаа гэж сонссон. Тэр нь хэвээрээ юү?

-Тийм ээ.

-Ямар асуудал хариуцсан зөвлөх билээ?

-Гадаад бодлого. Миний бодлоор ойрын 10 жилдээ Монгол Улсын ирээдүйг гадаад харилцаа тодорхойлно. Дотооддоо сонгууль гэх мэтээр хоорондоо үзэж, тараад, унаж, босоод явна. 10-аад жилийн өмнөөс дэлхийн геополитикийн том хөдөлгөөн эхэлсэн. Газар сайгүй дайн дажин болж байна. Тэр нь бидэнд шууд болон шууд бусаар нөлөөлж эхэллээ. Үүнд анхаарахгүй бол болохгүй учраас энэ чиглэлээр Ерөнхий сайдад зөвлөх маягтай ажиллаж байна. Ерөнхийлөгчтэй ч зөвлөж ажиллаж байна. 

-Энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт, нээлттэй гадаад бодлого хэрэгжүүлэх нь Монгол Улсын нүүр царай болж байх шиг...?

-Ерөнхий зарчим нь тийм. Бидэнд бодож байх ёстой маш олон асуудал бий. Жишээ нь, ОХУ, Украины дайнаас үүдэж Европоос ирдэг бараа, бүтээгдэхүүн түүгээр дамжихаа болилоо. Далайгаар тээвэрлээд Хятадаар дамжиж байна.

-Цаг хугацаа шаардахаас гадна тээвэрлэлтийн зардал нэмэгдэнэ?

-Хугацаа уртасч, зардал өсч байна. Бараа таваарын олдоц муудаж байна. “Ковид”-ын цар тахлын нөлөө дэлхий дахинд ямар нөлөө үзүүлж байна. Энэ бүгдийг харахад шууд бус утгаараа бид дам хоригт орчихсон улс боллоо. Хэрвээ өмнө талд янз бүрийн юм болбол, Тайванийг тойрсон асуудал хурцадвал бодитоор бүрэн дам хоригт орно. Хоёр талаараа хаагдвал маш эрсдэлтэй нөхцөл байдал үүснэ гэдэг нь тодорхой. Аль болох зөв бодлого бид баримтлах ёстой. Мэргэжлийг нь эзэмшсэн юм болохоор, мөн дэлхийн улс төрийн бодлогын цөмийг тодорхойлдог нийслэлд нь хэдэн жил ажилласан хүний хувьд энэ чиглэлээр анхаарч, зөвлөж ажиллаж байгаа.

-Хоёр хөршөөс гадна “Гуравдагч хөрш”-ийн орон зайгаа илүү тэлэх ёстой юм биш үү?

-Нүүгээд явахгүй нь тодорхой учраас нэн тэргүүнд хоёр хөрштэйгөө сайн байх ёстой. Өнөөдрийг хүртэл хэвийн сайхан харилцаатай явж байна. Монголын түүхэн хөгжлөөс харвал манай хувь заяаны асуудалд аль болох олон улс орон оролцох ёстой. Тэр нь “Гуравдагч хөрш”-ийн бодлого. Тиймээс энэ чиглэлд аль болох идэвхтэй ажиллах ёстой. Өнөөгийн нөхцөлд бидэнтэй сайн харилцаатай улс орнууд нь өөр хоорондоо янз бүрийн маргаантай яваа цаг үед гадаад бодлого зөв байхгүй бол хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ шүү дээ.

Үргэлжлэл бий.

UZEG.INFO