ЗАХИРГААНЫ ШИНЭТГЭЛ: АСУУДАЛ БА ШИЙДЭЛ
Сүүлийн 20 жилд Монгол Улсад ардчиллыг төлөвшүүлэх үйл явцтай хамгийн их ширүүн тэмцэл болсон нэг салбар нь яах аргагүй энэ төрийн захиргааны шинэтгэл байсан юм.
“ЗАХИРГААНЫ ШИНЭТГЭЛ: АСУУДАЛ БА ШИЙДЭЛ” бага хурал дээр хэлсэн үг
Сүүлийн 20 жилд Монгол Улсад ардчиллыг төлөвшүүлэх үйл явцтай хамгийн их ширүүн тэмцэл болсон нэг салбар нь яах аргагүй энэ төрийн захиргааны шинэтгэл байсан юм. Социализмын үед бол төрийн захиргаа 100 хувь улс төрийн эрх мэдэл дор байсан. Тэгээд 1990 онд ардчилсан төр байгуулаад ханцуй шамлан орж, зүтгэж эхэлсэн ажил бол энэ төрийн захиргааг улс төрийн эрх мэдлээс хараат бус болгох, улс төрийн эрх мэдлээс салгах тэмцэл эхэлсэн. Энэ нь гудамжны цуглаан ч гэдэг юм уу, Их Хурал дээр болж байгаа мэтгэлцээн шиг ил тод байгаагүй ч гэлээ битүүхэндээ их зовлонтой тэмцэл болсон билээ.
Би сайн санадаг юм. Төрийн захиргааг улс төрөөс хараат бус байлгах гэж оролдсон Ерөнхий сайд хүртэл дийлэлгүй огцорч байсан. Энэ бол нэг талаас улс төрийн эрх мэдлээс төрийн захиргааны институци, төрийн захиргааны албыг хараат бус байлгах ардчиллын шаардлагыг гүн гүнзгий ойлгосон нэг хэсэг, нөгөө талаас улс төрийн эрх мэдэл дор барьж, төрийн захиргааг өөр өөрийнхөө ашиг сонирхолд үйлчлүүлэх гэсэн нөгөө сонирхол хоёр л ач тач үзсэн л дээ. Үүнийг олон хүн мэдэж байгаа.
Тэгээд энэ тэмцлийн дүнд юу ойлгогдсон бэ гэхээр улс төрийн эрх мэдлээс төрийн захиргааны эрх мэдлийг хараат бус болгож чадаагүй тохиолдолд төрийн захиргааны ямар ч шинэтгэл амжилтгүй болдог, үнэхээр чадахгүй юм билээ. Улс төрчид гэдэг үнэндээ ухаалаг, их нарийн мэхтэй. Мэх нь гүйцэгддэггүй. Тэгээд улс төр гэдэг бол нам гээд их том бүлэг хүчтэй, үнэхээр манай нийгэмд байгаа хамгийн хүчтэй бүлэг шүү дээ. Хувь хүн өөрийнхөө итгэл, үнэмшлийг барьж зогсох гэдэг бараг боломжгүй зүйл. Тэгээд яадаг вэ гэхээр, Энхтүвшин даргын хэлдгээр бид төрийн захиргааны янз бүрийн хуулиуд гаргаж үзсэн, оролдож үзсэн. Тэгэхдээ хуулийн цоорхойг олж л байсан. Тэгээд л төрийн захиргааны бүтцийн өөрчлөлт хийх нэрээр өөрийнхөө ашиг сонирхлыг шургуулж л байдаг. Бүр болохгүй бол төрийн захиргааны албан хаагч нь тухайн албан тушаалтныг өөрийг нь өргөдөл өгүүлэхээр дарамталж байгаад гарыг нь өргүүлж л байдаг. Энэ бүх бололцоотой хувилбарыг улс төрчид ерөөсөө алдаж байгаагүй ээ.
Үнэндээ бид нарын хүссэн хэмжээнд төрийн захиргааны шинэтгэл хүрч чадаагүй. 100 хувь хүссэн бол үсрээд л 20 хувийг нь хийсэн. Юм хийгдээгүй биш, хийгдсэн. Яагаад гэвэл шинэ нийгмийн бодит шаардлага тэртэй тэргүй үйл явцыг урагш хүчээр түлхсэн. Төрийн захиргааны шинэтгэлтэй холбогдуулан хэлэхэд өөрийнхөө нүдээр бусдыг харахгүй, өөрийгөө бусдын нүдээр хардаг муухай зуршил бидэнд суугаад байна. Энхтүвшин гишүүний хэлдгээр янз бүрийн санаанууд, тэр нь дандаа цогц биш, тасархай тасархай санаанууд барьж бас их бужигнаж байна.
Энд “төрийн захиргааны шинэтгэл: асуудал ба шийдэл” гэж байна. Асуудал гэж хэлэхгүй, энэ бол тулгамдсан асуудал. Яагаад тулгамдсан асуудал гэхээр төрийн захиргааг улс төрийн эрх мэдлээс гаргах энэ тэмцэлд улс төрийн нөлөөнд эргүүлж авах гэсэн сонирхол, энэ талынхан ялж байна гэж би ойлгож байгаа. Цаашдаа ялах магадлал өндөр байна. Яагаад гэвэл байгалийн асар их баялаг дээр өөрийнхөө хяналтыг тогтоох гэсэн сонирхол байна. Энэ сонирхлоо мэдээж төрийн захиргаагаар л дамжуулж хийнэ шүү дээ. Дээрээс нь эдийн засгийн өсөлтөөс асар их орлого орж ирж байна. Өнөөдөр Монголын зах зээл дээр хамгийн том монополь хэрэглэгч нь төр болж үндэсний нийт бүтээгдэхүүний 50 хувь руу дөхөж байна.
Ингээд бодохоор улс төрийн эрх мэдэл бол төрийн захиргааг өөрийнхөө мэдэлд байлгаж, өөртөө үйлчлүүлэх гэдэг. Өнөөдөр яг үнэндээ манайд ардчилсан төрийн тогтолцоо биш, мөнгөний сонгуулийн олигархийн тогтолцоо бий болсон. Ерөөсөө мөнгөний сонгуулиар байгуулагддаг төрийг л олигархи гэж нэрлээд байгаа шүү дээ. Олигархийн гэмтэй зан нь ерөөсөө бүгдийг, тэр дотроо төрийн захиргааны алба, өөрөөр хэлбэр төрийг хяналтандаа байлгахыг хамгийн тэргүүлэх зорилт болгон тавьдаг. Цаашдаа энэ рүү маш их хүчирхэг давшилт хийгдэх байх гэж бодож байна.
Улс төрчдийн эрх мэдэл, улс төрчдийн нөлөөллөөс хараат бус төрийн захиргааны институцийг яаж бий болгох вэ? яаж түгжээг нь олох вэ? яаж хаалгыг нь хаах вэ гэдэг л хамгийн эхний тулгамдсан асуудал болоод байна. Энэ асуудлыг шийдэж чадвал бид төрийн захиргааны шинэтгэл, төрийн захиргааны менежментийг ярьж чадна. Төрийн захиргааг шударга үйлчлэхээр ажиллуулж чадна. Үнэндээ төрийн захиргаа бол улс төрчдийн сонирхлыг бодвол илүү их алсын сонирхолтой байдаг. Улс төрчид гэдэг бол яг үнэндээ зочид буудалд байрлаж байгаа хүмүүс шиг 4 жилд ирээд л явдаг хүмүүс. Чадвал дахиад тэр зочид буудалдаа бууна.
Төрийн захиргаа бол Монгол улс байгаа цагт байх л институци. Тэр утгаараа Монгол улсын стратегийн төлөө хамгийн их сэтгэл өвдөж санаа зовдог институци нь төрийн захиргаа, түүнээс биш улс төрийн эрх мэдэлтэй байх үедээ юу авах вэ гэж бодож явдаг улс төрчид биш. Хэрэв энэ институци доголдоод унах юм бол Монгол улс стратегийн олигтойхон бодлого, хөгжлийн тухай ярих ямар ч боломжгүй болно. Олигархи төрийг нь ч яахав улс төрийн аргаар яриад, тэмцлийн хэрэгслээр шийдэж болдог юм байж. Ямар нэг өөрчлөлт болоод дараагийн улсууд гарч ирээд, төрийн захиргааг өөрийнхөө хяналтанд барих юм бол энд юуг ч солиод нэмэргүй гэсэн үг. Яагаад гэвэл энэ чинь нөгөө Монголын стратеги, амь амьдралыг шингээсэн эд эс нь учраас улс төрчдийн нөлөөнд, тэдэнд үйлчлэх байдлаар явах юм бол нэг хэсэг бүлэг нөгөө хэсэг бүлгээр солигдохоос илүү үр дүнд хүрч чадахгүй болчихоод байна. Би дахин хэлэхэд энэ байгалийн баялаг бол биднийг маш их гай төтгөр рүү чирч байна.
Энхтүвшин гишүүн, Сүхбаатар, Даваасамбуу нарын хэлж байгаагаар эхний ээлжинд яаж улс төрчдөөс хараат бус байдалтай төрийн захиргааны алба, институци, төрийн албан хаагчдыг бий болгох вэ гэдгийг нэн тэргүүнд бодмоор байна. Өнөөдөр манай төрийн албан хаагчдад дутагдал бий. Гэхдээ тэр дутагдал нь үнэндээ давагдашгүй хүчин зүйлээс болсон дутагдал гэж боддог. Төрийн захиргааны албан хаагчид өнөөдөр урт хугацаанд тогтвортойгоор, нэр төрөө эрхэмлээд ажил хийх тэр бололцоо байхгүй. Хэзээ дараагийн хүн ирж солих бол гэж сууна. Жишээ нь, миний санаж байгаагаар манай нэг салбарын төрийн албан хаагчдын 3600 хүн нь орон сууцгүй байна. Орон сууцгүй, нийгмийн баталгаагүй хүнд чамд 2 өрөө орон сууц өгье гэхэд тэр яах юм бэ, хичнээн нэр төрөө эрхэмлэх гээд дийлэхгүй шүү дээ. Гэтэл өнөөдөр өрнөдийн орнуудын төрийн захиргааны албан хаагчид бүх амьдралаа урт хугацааны лизинг, моргейжид хамруулсан. Баталгаатай, чи ажлаа л шударга, нэр төртэй хий гэдэг. Тийм хүмүүс хэнээс ч авлига авахгүй, хэний ч өмнө царай алдахгүй. Тэд эх орноо гэр орон гэж санаж чадна. Тэнд төрийн албан хаагчийг хууль бусаар ажлаас халбал амь амьдралаар нь тоглож байгаа хэрэг болно. Амь амьдралаараа тоглуулж байгаа хүн ямар ч улс төрчөөс айхгүй тэмцэнэ шүү дээ. Манайд болохоор тийм баталгаа байхгүй учраас аятайхан гараа өргөөд, эвтэйхэн мултрах тухай л бодож байна л даа.
Дахин тэмдэглэхэд, төрийн захиргааны шинэтгэлийн асуудал бол тулгамдсан асуудал бөгөөд улс төр ба төрийн албыг хатуу заагласан хэрэм яаралтай босгож авах хэрэгтэй байна.
Улаанбаатар хот
Төрийн ордон Б танхим
2011оны 4 дүгээр сарын 26