Ардчилсан хувьсга­лаас хойш 20 жил өнгөр­лөө. Монгол Улс хаашаа явж байна вэ гэж асуух цаг ирж. Ингэхийн учир нь монголчууд "шинэ" нийг­мийнхээ учир начрыг олж, дэлхий дахинтай эдийн засаг, улс төрийн интег­рац­ч­илалд орж, нийг­мийн­­хээ бодит нөхцөл байд­лыг мэдэхтэйгээ болсон байна.

1992 оны Үндсэн хуу­линд "...хүмүүнлэг, иргэ­ний, ардчилсан нийгэм байгуулна" гэж зорилтоо тодорхойлсон нь шууд утгаараа "хөрөнгөтний, либерал нийгэмд шил­жин орлоо" гэж хэлэхээс эмээсэн хэрэг биш гэж үү? Ард түмэн 70 жил үзэн ядсан нийгмээ нэг л өдөр хүлээн авчихаж чадахгүй байсан. 1990 онд бид ямар хүлээлттэй байв? Ардчилсан, шударга, тө­рийн бүх эрхийг ард түмэн жинхэнэ ёсоор барьдаг, дэлхий нийтийн жам ёс­ны хөгжлийн замд орно гэж бодож, түүний төлөө тэмүүлж, тэмцэж байсан юм. Бүр гэнэн нь "бар" болно гэж итгэж байв.

Өнөөдөр монголчууд сүүлийн 320 жилийн түү­хэндээ жинхэнэ бие даа­сан тусгаар улсын 20 жи­лийн түүх бүтээлээ гэж тунхаглаж байна. 1691 оны Долнуурын чуулга­наас хойш халхын талд жинхэнэ тусгаар тогтнол буцаж иртэл яг 300 жил шаардлагатай байжээ. Харин тэр "эрх чөлөө" гадаад ертөнцөд биш дотоодод ямархуу байд­лаар хэрэгжсэнийг тун­гаацгаая та минь.

ТУСГАЙ ХАНГАМЖААС ТУСГАЙ ХАДГАЛАМЖ ХҮРТЭЛ...

1990-ээд оны эхээр авлига, хээл хахууль, тус­гай хангамж, улс төрийн хязгааргүй эрх мэдлийг (тоталитаризм) халахыг уриалж байсан. 1990 оны ардчилсан хувьсгалын дараа төрийн эрхэнд ху­вааригүй ноёрхож бай­сан Улс төрийн товчоо­ныхны идсэн уусныг ууд­лан илчлэхээр ханцуй шамлан дайрсан.

Энэ тусгай хангамжийн эсрэг аян дайны үр дүн өнөөдөр гайхалтай гоё баримтуудыг үлдээжээ. МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, 1960 оноос Аж үйлдвэрийн яам болон Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны сайдаас МАХН-ын Төв хорооны аж үйлдвэрийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга хүртэл 30 жил улсын аж үйлдвэрийн салбарыг хувааригүй захирч ирсэн "тойрон хүрээлэгч" Паа­ван­гийн Дамдин ажиллах хугацаандаа тухайн үеийн ханшаар 108 төгрөгийн "ноцтой" зөрчил гаргасныг удтал шал­гасны эцэст илрүүлэн тогтоосон байв. Мань эр ёстой ичиж, шаралхсандаа тэр 108 төгрөгийг нь тушааж улсыг хохи­ролгүй болгожээ. Хөөрхий хөгшний хагас зуун жилийн хөдөлмөрийг ингэж үнэлээд шударга, ардчилсан хяналттай нийгэм рүү харай­гаад орчихсон билээ л.

Бүх үеийн УТТ-ны гишүүдээс хам­гийн аюултай "шамшигдуулагч" нь МАХН-ын Төв Хорооны УТТ-ны гишүүн, БНМАУ-ын СнЗ-ийн нэгдүгээр орлогч дарга Д.Майдар агсан байв. Тэрээр хотын төвд хоёр өрөө байр нэмж авч, ханыг нь цөмлөн дөрвөн өрөө байртай болжээ. Бас нормоор хийлгэдэг байсан костюм пиджакны хослол нэгийг илүү хийлгэсэн ба хар далайд нэг удаа илүү амарч улсын хөрөнгийг сүйтгэсэн ажээ.

Энэ хоёр хүнийг санамсаргүй сонгоогүй юм. Д.Майдар гуайн алба бол өнөөгийн тэргүүн шадар сайдын алба, П.Дамдин гуайнх салбар хариуцсан нарийн бичгийн даргын хувьд мөн л шадар сайдын хэмжээнийх.

Манай өнөөгийн Засгийн газрын шадар сайдууд гучин жил байтугай 30 сар ажиллаад 108 төгрөг биш юм гэхэд амьжиргааны баталгаажих доод түвш­ний мөнгө буюу 108 мянган төгрөгийн зөрчилтэй гарна гээд төсөөл дөө. За больё, хоёр өрөө байрны л "но"-той гарч гэж бодъё. Хөх инээд хүрч байгаа биз. Бид бүгдээрээ авлига байдгийг мэддэг, тэгээд түүнийг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрчихсөн ийм л хүмүүс. Тийм ээ, бид ямар хүмүүсийг шүүм­жилж "хувьс­гал" хийчихээд ямар хүмүүсийг залчи­хаад, тэгээд юуг хүлээн зөвшөөрөөд байна вэ?  УТТ-ны гишүүд өөртөө хоёр өрөө банзаар барьсан зуслангийн байртай байжээ гэж шуугиж байсан. Өнөөдөр тийм байранд хэн суух вэ?

Өглөөний 06 цагаас шөнийг хугас­лан ажилладаг сайд өнөөдөр бий юу? Энэ эрх чөлөө дээдсийн "идэх эрх чөлөө" юу? Яахав нийгэм хөгжиж байна. Гэхдээ "хөгжлийн хэрээр цусла" гэсэн теорем байхгүй биз дээ. Тэр үеийн сайдууд сардаа 1500 төгрөгийн цалин, дээр нь лимиттэй унаа, тусгай дэлгүү­рээр пропускаар үйлчлүүлэх эрхтэй байсан нь, жилдээ нэг удаа хар далайд очиж амрах нь "тусгай хангамж" юм. Тэдний өмнөх үеийнхэн хар далайд очоод тусгай аллагад өртөж, эргэж ирдэг ч үгүй байсан. Тэр тусгай дэлгүүр нь ердөө л ховор цөөн бараа түрүүлж очдог дэлгүүр байж. Сайд нарын дэлгүүрт австри гутал ирвэл удахгүй худалдаанд австри гутал гарна л гэсэн үг. Гэлээ гээд нэг сайд нэг л гутал авах эрхтэй болохоос бүгдийг нь бөөндөж авна гэсэн үг биш.

Зөвлөлтийн сэтгүүлч Л.Шинка­ревын алдаршсан номд бичсэнээр Монголын сайдууд ард түмэнтэйгээ холилдож суудаг, умгар хоёр өрөөгөө номоор дүүргэсэн, ажлын хэнхэгтэй сэхээтнүүд байж. Гэтэл Зөвлөлт, Хятадын сайдууд тусгай хороололд, тусгай байранд, тусгай зуслантай байж. Харин манай өнөөдрийн сай­дуудыг тэдэнтэй харьцуулаад үзмээр байна. УТТ бол орлогчтойгоо нийлээд 20 хүрэхгүй тооны хүмүүс. Тэдний хөргийг сургууль бүрийн урла­гийн заалны тайзны дээр хүндэтгэлтэй хаддаг байв.

Саяхан Сангийн дэд сайд Ганхуяг твитертээ ингэж бичжээ. "2011 оны 3 сарын 30. @ganhuyag. Ganhuyag Ch.Hutagt. Сонирхолтой факт. Нийт хадгаламж эзэмшигчдийн 0.1 хувь нь 100 сая төгрөгөөс дээш хадга­ламж­тай байдаг бол эдгээр хад­галамж эзэмшигчид банкны нийт хадга­ламжийн 48 хувийг эзэмшдэг байна. Энэ юу гэсэн үг болохыг хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз. Энэ 0,1 хувь хэн бэ? 2700 хүн л дээ.

БАЯЧУУДЫН ОФФШОР

2005 онд дэлхийн санхүүгийн хямрал Монголд орж ирэхийн өмнө энэ үзүүлэлт дараахь харьцаатай байсан. Банкны нийт хадгаламж эзэмшигчдийн 2,5 хувь нь 10 саяас дээш төгрөгийн хадгаламжтай байдаг бол эдгээр хадгаламж эзэмшигчид нийт хадга­ламжийн 98 хувийг эзэмшдэг байна. Энэ мэдээллийг Монголбанкнаас УИХ-д танилцуулж байсан. Одоо харьцуулбал хадгаламж эзэмшигч­дийн 0,1 хувь нь 100 саяас дээш төгрөгийн хадгаламж­тай, нийт хадга­ламжийн 48 хувийг эзэмшдэг, 2,4 хувь нь 10-100 сая төгрөгийн хадгаламжтай нийт хадга­ламжийн 50 хувийг эзэмш­дэг, үлдсэн 97,5 хувь нь 10 сая хүртэл төгрөгийн хадгаламжтай нийт хадга­ламжийн хоёрхон хувийг эзэмшдэг, бусад нь хоосон ядуус. Бид хаашаа явж байна вэ? Одоо нийт хадгаламжийн хэмжээг зарлах ёстой. Монголбанк хямралын өмнө Монголын банкуудын депозитийг мэ­дээлэхдээ нэг болохоор 2,6 их наяд, эсбөгөөс 1,3 их наяд гэж бүтэн нугалсан зөрүүтэй тоо хэлж байсан юм шүү.

Манайхан оффшор банкууд гэж нэг лүдийн юм байдаг тухай, Сейшелийн арлууд дахь оффшор бүсэд бүртгэлтэй "Сентерра гоулд" компани Монголыг яаж балласан тухай дээр доргүй л ярьдаг. Оффшор бүсээс болгоомжлохыг ч хангалттай сануулдаг хэрнээ, бид ер яагаад оффшор бүсэд орж болдоггүй юм гэхчилэн будилдаг тал ч бий. Энэ будлиантай ярианы цаана юу байдаг гээч?

УИХ-аас 2013 оныг хүртэл банкны хадгаламжаас татвар авахгүй байх тухай хуульчилсан. Үүнийг ард иргэд мэддэггүй. Яагаад ийм хууль батлах болов? Эрх баригчид инфляцийг хөөрөг­дөхгүйн тулд "гудсан доорх мөнгийг" банкны эргэлтэд оруулахын тулд гэж тайлбарладаг. Үнэндээ бол Монголын банкууд дахь хадгаламж бол "оффшор зон"-д байгаа мөнгө юм. Тиймээс мөнгөтэй хүмүүс хуримтла­лаа банкуу­дад байршуулжээ. Ингэс­нээр банкны хадгаламжийн үзүү­лэлтүүд нь манай эдийн засгийн толь болсон юм. Яагаад гэвэл татварынхан  халдахгүй учраас мөнгөтэй хүмүүс айж эмээлгүй татвараа банкуудад байршуулсан байна. Эндээс л баял­гийн хуваарилалт хэр шударга байгааг шууд харчихаж болохоор байгаа биз?

Жишээ нь сая доллартай хүн банк­тай нууц гэрээ хийгээд өндөр хүү авдаг. Ингэхдээ мөнгөө удаан хугацаатай тогтвортой байршуулах амлалт авдаг. Хүү нь сарын хоёр хувь. Сая доллартай хүн сардаа ямар ч татваргүй 20 мянган ам.долларын орлоготой байна гэсэн үг. Ийм мөнгөөр аятайхнаар барахгүй амьдарчихаж болно. Монголд төдийгүй дэлхийн хаана ч. Гэтэл бага хэмжээний хадгаламжтай хүмүүс сарын 1,5 орчим хувийн хүү авдаг. Банкууд томоохон зээлийг 1,7 орчим хувийн хүүтэй өгдөг. Жижиг, хугацаа богино зээлийг дунджаар сарын 2,0 хувийн хүүтэй өгдөг.

Зээлийн хүү буурахгүй байгаа шалтгаан энд байна. Жижиг үйлдвэр­лэгчид томоохон хадгаламж эзэм­шигчдийн хадгаламжийн хүүг төлдөг учраас. Ийм ч учраас иргэд мөнгөө банкуудад биш хадгаламж зээлийн хоршоодод байршуулж байсан ба үүнээс болж 60 тэрбумын хадгаламжаа шатааж байсан түүх ч саяхных.

Монголын баячуудын чоно агнахын тулд захиалсан 800 мянган еврогийн автомашины тухай энд бичээгүй, филиппинд авсан арлын тухай бичээгүй, Чикагод охиндоо авч өгсөн сайдын байрны үнэ (лав л Нью-Йоркийн Ман­хэттенд хоёр өрөө байр 2 сая ам.дол­ларын үнэтэй байдгийг би мэднэ), Лондонгийн оддын хотхонд авсан хаусны үнэ энд тооцогдоогүй. Шинэ монгол баячуудын зэрэг дэвээ харуу­лах хэрэгсэл болсон нисэх онгоцны өртөг ч энд тооцогдоогүй. 

Монголын банкуудын хадгаламжид байгаа мөнгө бол хэт баяжсан нэгний өдрийн хоолны хангамжийг гаргах мөнгө, дунд гарынхны хурааж хуримтлуулсан хөрөнгө юм. Энэ бол дээд баян, дунд баян хоёрын зөрүүг илэрхийлдэг мөнгө. Тэгээд хадгаламжаа авч үлдэхийн тулд, төсвөөс хадгаламжаа найдвартай төлүү­лэхийн тулд УИХ-аас өөрсдөө баталгаа гаргачихаад банкуудыг дараалан дам­пууруулдаг ийм л "багахан" хөрөнгө. Ядаж л энэ мөнгийг манай боловсролгүй цагдаагийнхан мөшгөвөл "айдас төрүү­лэмгүй, шударгаар олсон" мөнгө болох нь илэрнэ. Гэтэл "жинхэнэ авлигын" мөнгө Швейцарийн банкууд дахь нууц дансаар эргэдэг. Тэнд мөнгөний дүн адилхан ч төгрөгөөр биш доллараар тооцдог.

Банкны депозитийн боломжийн хувь нь хадгаламж. Ард түмний хадгаламжаа татаж авсан хуучин автомашины татва­рыг хоёр дахин нэмж байхаар шударга ёсыг бодож банкны хадгаламжаас ашгийн татвар авбал төсөвт хичнээн хэмжээний мөнгө орж ирэхийг манай "эдийн засаг­жуулагч-эрх баригчид" мэдэхгүй л байв гэж дээ. 10 хувиар тооцоход л зөвхөн хүүгийн орлогоос дор хаяж 130 тэрбум төгрөг төсөвт орж ирнэ шүү дээ.

ТАВАН ТОЛГОЙ БА ГУЙЛГАЧИНГИЙН МЭРГЭН САНАА

Эрх баригчдын ярих дуртай "Ямар ард түмэн байна, тийм л эрх баригч байна", "Парламент бол ард түмний толь" гэдэг үгийг эхэлж сануулах нь зүйтэй. Хуучны үгэнд "Үгийг нь гарт нь бариулах" гэж нэг үг бий. Өнөөдөр монголчууд газар нутаг, эх орон тусгаар тогтнолынхоо төлөө коммунизмын үеийн романтик сэтгэхүйгээр санаа зовж байгаа юу? За даа, юу л бол, үнэн шүү. Ард түмэн 2008 оны сонгуулиар санал өгөхдөө эх нутаг газар шороогоо хамгаалахын төлөө бус харин эрх баригчидтайгаа хэрхэн хамтдаа зарах вэ? гэдгийн төлөө саналаа өгсөн. "Хэрэв эрх баригчид газар шороогоо баялгаа зарж байгаа бол бид ч гэсэн заралцъя л даа" гэж бодсон. Өнөөдөр энэ захиалга биелэхэд нэг алхам дутуу байна.

Өнөөдрийн "Таван толгой" ба өнгөр­сөн зууны манлай бүтээн байгуулалт "Эрдэнэт"-ийн ордыг ашиглах гэрээ хоёрт нэг их ялгаа байхгүй. Өрмийг нь буюу "Ухаа худгийн орд"-ыг эрх баригчид өөрсдөө авчихсаныг эс тооцвол. Өнөөдөр л "Эрдэнэт"-ийг мундаг гэж байгаа болохоос үнэндээ "Эрдэнэт" шиг гутамшигтай эдийн засгийн гэрээ XX зууны дэлхийн түүхийн жишиг байв. Эзэн гүрнүүд Ази, Африк, Латин Амери­кийн ард түмнийг ясанд нь тултал мөлжиж байсны нэг л жишээ. Капиталист неоколоничлолоос коммунист неоко­лоничлол ямар ч ялгаа байхгүй. Доктор Ч.Нэргүй энэ талаар үгүй мөн олон хэлсэн ч Монголчууд сонсохыг ч хүсдэггүй. Тухайн үеийн хэвлэлийн мэдээнүүдийг үзвэл "Эрдэнэт" УБҮ байгуулагдсанаар Монголын эдийн засагт хоёр дахин өснө гэж сурталчилж байжээ. Гэвч "Эрдэнэт" үйлдвэр ашиглалтад орсноор манай ДНБ өссөн авч бүх ашиг ЗХУ-д очсон юм. Өөрөөр хэлбэл эзэнд очсон гэсэн үг.

Тэр цагаас хойш манай улс "Эр­дэнэт" УБҮ-ийн алдагдлыг КХУ-аас авсан дотациар хааж байлаа. Гэрээ ёсоор бол ЗХУ бүх хөрөнгийг гаргас­наараа үйлдвэрийн 97,5 хувийг эзэм­шиж байсан ба БНМАУ экспортолсон зэсийн баяжмалын үнийн дүнгээс "ах дүү орны хоорондын" үнээр жишиг болгон 2,5 хувийг нь "роялти" маягаар авдаг байжээ. Өнөөдөр ч Монгол Улс нүүрсээ БНХАУ-д Шанси мужийн үнээр өгдөг.

Дээр нь "Эрдэнэт"-ийн ордоос гарч буй баяжмалд агуулагдаж байсан газрын ховор элемент, мөнгө, алт Балхаш дахь үйлдвэрт очоод Зөвлөлтийн цэвэр ашиг болдог байв. 1984 онд Зөвлөлтийн төлөвлөгөөний комиссын мэргэжилт­нээр Монголд ирсэн Халимаг эмэгтэй Адуева Эрдэнэтийн технологийн картыг элэг нэгт монголчууддаа өгсөнөөр манай тал хэзээ хойно зарга хийж 1985 оноос тонн баяжмал тутмаас 85 кг мөнгө авдаг болсон гэдэг. Зарим гэрчийн хэлэх нь Оросын мэргэжилтэн нэхий дээлний хахуулийн хариуд технологийн карт өгөөд Адуева хэлсэн гээрэй гэж захисан гэдэг юм билээ. Ямар боловч тэр Халимаг эмэгтэй монголчууддаа тус болсон нь үнэн.

Монголын тал "... ус, газар, ой ашигласны төлбөрийг тооцох замаар ирээдүйд хувьцаа худалдан авна" гэж гэрээнд тусгасан бөгөөд энэ төлбөр нь 2003 онд буюу их өр тэглэхийн өмнө "Эрдэнэт"-ийн хувьцааг 100 хувь Монголын талд шилжүүлэх боломжийг бүрдүүлсэн билээ. Гэтэл монголчууд их өрөө хаахдаа 49 хувийг нь Оросын талд үүрд үлдээсэн юм.

Өнөөдөр  "Таван толгой"-г ашиглах гэж байна. Иргэн бүрт 536 ширхэг хувьцаа өгч гийгүүлэх юм гэнэ. Энэ бол "Баялгийн шударга хуваарилалт" гэж эрх баригчид налигнаж байна. Хуулинд зааснаар монголчуудад ийм тооны хувьцаа өгснөөр нийт хувьцааны 10 хувийг Монголын хөрөнгийн биржээр зарах хуульд заасан нөхцөлийг хангаж байна. Өөрөөр хэлбэл эрх баригчид нэг сумаар нэлээд олон туулай буудаж байна. Эхнийх нь МХБ-ээр хувьцааны 10 хувийг зарах заалт, хоёрдугаарт ард түмэнд хагас сая гаран төгрөгийн хувьцаа олгож амлалтаа биелүүлсэн болох, гуравдугаарт...

Энэ "гуравдугаарт" ноцтой асуудал байна. Нэг Монгол хүнд олгож буй 536  хувьцааны жилийн ноогдол ашиг 14 доллар буюу 20 орчим мянган төгрөг. Эгэл ард жилдээ  20 цаас өгдөг "үнэт цаасаар" үхсэнээ хийх вэ, тэртэй тэргүй сар бүр 21 цаас авч байгаа биз дээ? "Хорвоо ертөнцөд санамсаргүй зүйл байдаггүй" гэдэгчлэн иргэнд сар бүр өгч буй 21 мянган төгрөг, Таван толгойн хувьцааны жилийн ноогдол ашиг 14 долларын ноогдол ашиг хоёр сайхан дүйж байгаа биз.

Тиймээс "мэргэн ард" жил бүр авах 20 цаасаа ахиухан мөнгө болгохын тулд хувьцаагаа эртхэн зараад 500 цаас болгохыг хүснэ. Нөгөө талаас Таван толгой ашиглалтад ороод нүүрсээ экспортолтол хаа ч байсан юм. Тиймээс "уух архиндаа согтсоноос, уусан архин­даа согтсон нь дээр" биз дээ. Ашигт малтмалын хуулинд монголчууд өөрс­дөө нээж олсон стратегийн ордын 51 хувийг Монголын мэдэлд авах ёстой. Гэтэл ард  түмэнд 10 хувийг тарааснаар, ард түмэн нь хувьцаагаа зарна, ингээд хувьцааны дийлэнх "дайсны талд" төвлөрөх боломж бүрдэнэ.

"50+1" хувь гэдэг Таван толгойн ордыг хянах боломжийг Монголын талд олгож буй хэрэг. Гэтэл Монголын 51 хувиас 10 хувийг Монголын ард түмэнд тараагаад, тэр 10 хувийг эзэмшигчдээс хоёрхон хувьд ноогдох хэсэг нь хувьцаа­гаа арилжихад л энэ орд гадаа­дынхны хяналтанд шилжих нөхцөл бүрдэж байна. Би хувьдаа энэ хоёр хувийг зарах "урагшгүй албат" Мон­голын нийгмийн 52 хувийг эзэлж байгаа өдөрт нэг ам.доллараас бага орлоготой люмпенгүүдийн дотор хангалттай олон бий гэдэгт бат итгэж байна. Яахав намайг хараана л биз, гэхдээ жилийн дараа л харцгаая. Шуудхан хэлэхэд ийм бэртэг­чингүүдийн хөгийн нийгэмд нэг их тэнэг шударга амьтан болох хүсэл ч алга.

Дараа нь эрх баригчид тавлана. "Хөөе ард түмээн, бид 49 хувийг гад­ныханд өгөөд 51 хувийг Монголдоо авч үлдсэн, гэтэл та муусайн гуйлгачингууд гадныханд хувьцаагаа зарчихаа биз дээ, тэгээд Монгол улс хувьцааны 41 хувийг, гадныхан 59 хувийг эзэмшдэг болчихлоо. Одоо яах ч арга алга, бид эх оронч, харин та нар юугаа ч худалдахаас буцахгүй өөдгүй люмпенгүүд..." гэж тавлана. Хариуд нь та юу хэлэх вэ? Худлаа гэлтэй биш, зарчихсан нь үнэн л юм чинь.

БИД ХААШАА ЯВЖ БАЙНА ВЭ?

Хаачхав дээ, "Нүүх үү, үлдэх үү?" гэж асуугаад нүүж байна. Нүүхдээ урагшаа нүүж байна. Яахав жам ёс, халхын заяа их учраас хүнд үед нээгдсэн зах зээл, хүнд бэрх үеийг даван туулахад тус болсон нь үнэн. Гэхдээ...

Оросууд хилээ хаагаад, дээрээс нь тарифаараа боогоод байна. Тэгээд эцсийн дүндээ нэг коммунист толгой­логчийн түүхий эдийн баазаас нөгөө коммунист толгойлогчийн түүхий эдийн бааз л болж байх шив.

Эрх чөлөө гэж хаана байна. Нэгнээс нь салаад нөгөөд нь очно. Баавгайн савраас гараад лууны ороолтод орно. Үзэл санааны талаас тайлбарлавал "коммунист интеграцчилалын түүхий эдийн баазаас либерал глобалчлалын түүхий эдийн бааз" болж байна. Харин энэ зуур Монголын эрх ашиг гэж хаана байна. Монголчууд нэг сайдын, нэг иргэний эрх ашгийн төлөө бүгдээрээ худалдагдана. Сайд нь ч, иргэн нь ч "За, яав л гэж, ганцхан би зарлаа гээд бусад нь лаг эх оронч юм чинь яах ч үгүй" гэж бодож байгаа авч бүгдээрээ ингэж бодоод эхэлбэл ийм л болдог юм байна.

Энэ зуур бүгдээрээ найман зууны тэртээ Чингэс хааны үед бид дэлхийг эзэлсэн аугаа гүрэн байгуулсан гэж цээжээ дэлдсээр бараг л солиорч байна. Гэхдээ л Монгол гурван зууны өмнө нэг жижигхээн "усны хөвөөн дэх загасчин түнгүс"-ийн эрхэнд орж, шазруун ойрдуу­даа дайсантайгаа элбэн цуслан хядаад, нэг зууны дараа бөөс хуурс, яр тэмбүүндээ баригдан мөхөж буй үндэстний тоонд орж байсан  түүх бий.

Аль л оргилуун, дэврүүн, шазруун хүмүүсээ Манж, Оросын гарт өгч зоосны нүхээр сүвлүүлж, винтовын жадаар сүлбүүлж бахаа хангаж байсан түүх бий. Македончууд, грекүүд их түүхээрээ бахархаж байгаа ч өр ширэндээ баригдаад ертөнцийн шившиг болж байна. Монголчууд яг өнөөдөр Чингэс хааны түүхийг биш Лигдэн хааны түүхийг л давтаж байх шиг. Одоо өөрсдийгөө бодтой харцгаая. Дэлхий дахинд ад болсон, эх орноосоо зугтсан, архинд живсэн, юугаа ч худалдахад бэлэн, худалдаж ч байгаа, шударгаа тэнэгт боддог, увайгүй залиа ухаантайд тооцдог ийм нэг арчаагүй үндэстэн л байгаа биз дээ. Яг үнэндээ харийнханд монголчууд биш Монголын баялаг хэрэгтэй байгаа юм шүү дээ. Зарж болох бүхнээ зараад ертөнцөөр нэг тарах л дутаж байна.

Нэгэн удаа АНУ-д очлоо. Индианы отогт хүрэв. Биеэ эрээлж, өдөнд дарагд­сан нэг нөхөр нум харваж, жад шидэж сүйд болж байна. Америкийн империа­лис­туудын эсрэг баатарлаг тэмцэгч "Чингачук". Харин нэг ориг индиан өвгөн тамхи татаж суух юм. Уулзлаа. Тэр ярьсан нь: Наад сүржин нөхөр чинь цагаан арьстан. Мөнгө олох гэж ирсэн юм. Үнэндээ индианчууд янкуудтай тэгтлээ айхтар байлдаагүй юм шүү дээ. Бүгдээрээ л нутгаа өрсч зарсаар нутаггүй болсон. Өнөөдөр бид нутгаа түрээслүүлсэн энэ тэр гэдэг л юм, гэхдээ л үүн шиг худал юм байхгүй ...