Захиа ба гишүүн
Манай гишүүд нэг захиа аваадахжээ, янз нь. Авсан дугтуйд нь мөнгө, өргөдөл, хоолны урилга гурвын алин ч байгаагүй явдал төрийн түшээдийг ихээхэн балмагдуулжээ.
“Муу дээрээ гишүүн, муухай дээрээ улс төрч” гэлээ гэгчээр тэр захиагаа нууцлаагүй, дээр нь бусдад нь яг адилханыг өгсөн байсан зэрэг нь гадаадны байгууллагаас нууц бөгөөд зөвхөн өөрт нь аминчлан хандсан зүйлс авч дадсан томоохон гишүүдийн толгойд түймэр асаажээ.
Дээр нь захианы агуулга авах танаггүй байж. Үсэг мэддэггүй боловч тоо мэддэг нэг гишүүн байх. Тэрээр бичиг авмагцаа хоёр тоо хардаг ба дундаа цэггүй бол мөнгөний хэмжээ, дундаа босоо хоёр цэгтэй бол очиж хоол идэх цаг гэдгийг төвөггүй ойлгон өчнөөн жил төр бариад болоод ирсэн юмсанж. Гэтэл өнөө захианд тоо байдаггүй. Юулогийн ухааны докторын диплом ханандаа хадчихаад хүнээр захиагаа дуудуулж явалтай биш. Ингээд сэтгүүлчдийг дуудан хурал хийлгэж, өөрийг нь хэрхэн доромжилж захиа бичсэн тухай хатуу мэдэгдэл хийлээ. Азаар захиан дотор юу байсныг асуух сэтгүүлч гарсангүй. Монголын улстөрчийг доромжилсон захианы талаар орон даяар мэдээлсэн боловч дотор нь юу байсан талаар олон түмэн юу ч мэдсэнгүй өнгөрөв. (Сүүлийн үед манай улс төрийн ухаан үсрэнгүй хөгжиж энэ чиглэлийн мэргэжилтнүүд дотроо: улстөрч, улсч, төрч, төрулсч, төржсөн улсч, улсжсан төрч, улстөрийн эдийнзасагч, эдийн засгийн улстөрч гэхчлэнгээр задарч байгаа билэгтэй мэдээг дуулгаяа)
Үнэн хэрэгтээ захиан дотор яриад байх ч юм байсангүй. Айвонхоу майнзынхан ч айвонхоу майнзынхан. Дуракууд чинь очиж очиж төрийн түшээ хүнд “та мэдээлэл багатай юм шиг байна. Бидэнтэй уулзаж илүү мэдээлэлтэй болооч” гэж бичиж л явдаг. “Та бага мөнгөтэй юм шиг байна. Бидэн дээр ирж илүү мөнгөтэй болооч...” гэхчлэнгийн үнэн бодитой юм бичсэн бол яая гэхэв. Зарим нөхөд үүнийг “Үндэсний тусгаар тогтнолд заналхийлсэн” энэ тэр гээд байгаа нь ч үндэстэй юм. Бодоод үз л дээ. Гишүүнд ашиггүй бол төрд ашиггүй гэсэн үг. Төрд ашиггүй болохоор тусгаар тогтнолд ашиггүй нь ойлгомжтой. Нэгэнт л ашиггүйгээс хойш заналхийлсэн л байж таараа шүү дээ.
Гишүүд янз янзаар л балмагдаж. Олонхийн бүлэгт байдаг боловч цөөнхийг төлөөлдөг нэг гишүүн өөрийг нь эргүүлж байна гэж ойлгоод шууд л биеэ тордоод эхэлсэн гэнэ. Тээр жил ерөнхийлөгч, Хүрэлсүх хоёр муудалцаад эцэст нь бүр захиа бичилцэн тангарагаа гөвөөгүй юу. Олон гишүүн үүнийг бодолцоод айвонхоугийнхон өөртэй нь муудалцахаар шийджээ гэж бодсон гэнэ. Ер нь манай улсын түүхнээ “Энхийн хүрэл дажин” хэмээн нэрлэгдэж үлдсэн дээрх явдлаас хойш захианы утга их өөрчлөгдсэн гэх юм. Иймээс ч дор дурьдсан яриа хөөрүүнүүд ихээхэн аминч байдалтайгаар өрнөх болсон гэнэ.
-Гайгүй дээ чамайг. Ихээхэн дургүй хүргээд байх юм бол захиа бичээд хандыг нь хага дарах юм хуна даа.
-Найз аа, чи сайн бодсон юм байгаа биз? Захиа бичихдээ тулсанд орвол хутгалсан нь дээргүй юу?...
-“Муу хүн мод захиа” гэгчээр яаж байгаа юм бэ? Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг. Чи захиа бичиж намайг амьдаар алж байхаар хэлээрээ хараагаад хөлөөрөө өшиглөж болсонгүй юу?..
-Наад шаар чинь хүн биш шүү. Муудалцахаараа захиа бичдэг юм гэсэн.
-Тийм үү. Пээ чи энийг хэлдэг нь аштай юу, эртхэн шиг зайгаа барих минь....
-Хүү минь чи гэрлэхийнхээ өмнө хэний хүргэн болж байгаагаа сайн бодоорой. Цаад хадам болох хүн чинь дээр үед захиа бичилцэж байсан сураг чих дэлсэх юм...
-Ээжээ та сурагч байхдаа ааваас захиа авч байсан гэх юм. Таны үед үзэн ядалцснаасаа болоод насан туршдаа өдөр бүр хонзонгоо авахын тулд нэг гэрт ордог байсан юм уу?
Гэх мэт.гэх мэт.гэх мэт....