Хоёрдугаар сарын эцсээр Дэлхийн Үүрэн Холбооны Их хурал, үзэсгэлэнд (MWC 2023) оролцохоор Барселоногийн онгоцны буудалд газардав. Биднийг тоссон залуу Испанийн SIM карт өгөв. Гэтэл миний гар утсанд түүнийг нь хийх оролт угаасаа алга. Тэгээд Мобикомоос eSIM болгосноо санав. Одооо шинэ гар утаснуудад хуванцар SIM ашиглахаа больж байгаа ажээ.

Энэхүү MWC арга хэмжээг Лондонд төвтэй, дэлхийн 700 гаруй оператор болон үүрэн эко системийн 400 гаруй компанийг нэтгэсэн GSMA гэх холбоо бүр 1987 оноос зохион байгуулж иржээ. Барселонад 2006 оноос, мөн Лас Вегас, Шанхай хотод жил бүр зохиогддог, үүрэн холбооны салбарын бүх тоглогчид уулздаг нэр хүндтэй, томоохон арга хэмжээ юм байна.

Монголын үүрэн холбооны операторууд, Мобиком, Скайтел, Юнител, Ж-мобайл, ОНДО, суурин холбооны МЦХ ХК, үндсэн сүлжээний Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨХХК, Ай Пи ТВ гурвалсан үйлчилгээ үзүүлэгчид, финтекийн олон компани болон засгийн газрын төлөөлөл оролцов. 

Аж үйлдвэрийн хувьсгалууд

Аж үйлдвэрийн хувьсгал (АҮХ) бүр хүн төрөлхтөний хөгжилд үсрэнгүй дэвшил авчирдаг. Анхны АҮХ 1760-аад онд эхэлж гар хөдөлмөрийг машинаар солив. Хоёр дахь АҮХ 1870-аад оноос хойш хорвоог цахилгаанжуулав. Гуравдахь нь 1970-аад оноос эхэлсэн мэдээллийн хувьсгал, хүн төрөлхтөнд суурин интернетийг (PC-интернэт) өглөө. 

Харин одоо бид 2000 оноос эхэлсэн дөрөв дэхь, цахим АҮХ-ын үед амьдарч байна. Эдийн засаг цахим бас ухаалаг болох юм. Холболтын технологи илүү боловсронгуй болж, дуудлагын чанар эрс сайжирч, зураг болон богино дүрс бичлэг, и-мэйл илгээх, дуу татах, интернэтээс бичлэг үзэх зэрэг энтертэйнмэнт хэрэглээ гар утсанд багтсанаар ухаалаг утасны эрин үе (3G) эхэлсэн гэж үздэг. Мэдээлэл дамжуулах хурд эрс нэмэгдэж7.2 Mbps (мега бит/секунд)-аас ч их болов.

Өмнө нь 1980 оноос эхэлсэн үүрэн холболтын анхны үед (1G) аналог технологитой “туйпуу” шиг том утас байлаа. 1991 оноос эхэлсэн хоёрдахь үеийн (2G) гар утсаар, ярихаас гадна зурвас (мессеж) дамжуулдаг болов. 

2001 оноос дөрөвдэхь үеийн (4G) сүлжээ нэвтэрч өгөгдөл дамжуулах хурд бүр сайжирч, 53.3 Mbps-д хүрч кино үзэх, олон төрлийн апликейшн ашигладаг ухаалаг утас бидний амьдралын зайлшгүй хэрэгцээ болов. Банк, санхүүгийн үйлчилгээ, цахим худалдааг гар утаснаасаа бас хүссэн цагтаа авдаг болов. Мөн LTE (long term evolution) гэж нэрлэгддэг энэ сүлжээ өнөөдөр дэлхий даяар хамгийн ихээр ашиглагдаж байна. 

2018 оноос өндөр хөгжилтэй орнуудад 5G нэвтэрч, мэдээлэл татах хурд 20Gbps болж мянгатын эрэмбээр нэмэгдэв. Жишээ нь 2 цагийн кино татахад 4G сүлжээгээр 50 минут, харин 5G-гээр 1 минут болоод байна. 2022 оны эцсээр дэлхийн 1 тэрбум хэрэглэгч 5G сүлжээг ашиглах боллоо гэж GSMA мэдээлжээ.

Тэгвэл 2030 он гэхэд мэдээлэл татах хурд Terra болж 6G үе эхлэх гэнэ. Тэр цагт тавдугаар АҮХ эхэлж, эдийн засаг оюунлаг (intelligent) болж бүх зүйл хоорондоо холбогдохооос гадна, хүний мэдрэлийн системтэй уялдах юм байна.

Ийнхүү АҮХ-ын хооронд зуу, тавь биш арван жилээр хэмжигдэх болсоны гол шалтгаан нь холболт (connectivity) буюу хүн төрөлхтөн Гига давтамжаар, гига байт тоон мэдээллийг секундэд түгээх, дамжуулах, хүлээн авах технологийн чадвартай болж ирсэнтэй холбоотой. 

Цахилгаан цэнэг дамжуулагч нь ламп, хагас дамжуулагч /Semiconductors/, эцэст нь Микросхем буюу хумсны толио шиг дөрвөлжинд хэдэн сая “ламп” багтаасан чип болон хувирч, багтаамж нь огцом нэмэгдэж буй учир ийм хурдтай холбогдох боломж бүрджээ.

Сорилтууд

5G бол өгөгдөлийг хэт өндөр хурдаар, онц их хүчтэй, маш бага хоцролттой дамжуулах чадвартай хамгийн орчин үеийн дэвшилтэт технологи юм. Энэ сүлжээ нэвтэрснээр ухаалаг утас улам хөгжихөөс гадна IoT (Internet of Things) буюу “Зүйлсийн Интернэт” гэх технологи нэвтэрч, эд юмс бүрийг интернэттэй холбон, гар утсаараа удирдах хэрэглээ бидний амьдралд илүү гүн нэвтрэх юм. 

Онлайн холбоо төгс болж хоёр өөр улсад байгаа ч дуу, дүрс нь яг хамт байгаа мэт бодитой байх юм. Дэлхийн хаана буйгаас үл хамаарч хэдэн арван хүн нэг концерт үзэх, хамтдаа караокед дуулж болох ажээ. Эмчилгээ, боловсролын үйлчилгээг нэгэн зэрэг хаанаас ч авах боломжтой. Жишээ нь, тухайн нэг багш хичээлээ улс орон даяар бүх сургуульд зааж, багшийн хомсдолын асуудлыг шийднэ гэсэн үг. Хот төлөвлөлт, нийтийн тээврийн зохион байгуулалт, дэд бүтэц барих, гамшгаас сэргийлэхэд том ахиц гарна. Бизнесийн модель огцом өөрчлөгдөж, хэрэглэгч тус бүрийн онцлог хэрэгцээг хангах болно.

5G технологи нь харьцангуй өндөр үнэтэй юм байна. Маш өндөр давтамжтай долгион учир барилга байшин нэвтлэх чадвар нь 4G-гийнхээс 10 дахин бага, 2G, 3G, 4G сүлжээний хэмжээнд бүс нутгийг өргөн хүрээнд хамруулахын тулд маш олон тооны станц нэмж барих шаардлагатай ажээ.

Технологи талаас нь авч үзвэл 5G-гдэлхий даяар 3.5-4.6GHz, эсхүл 27-30GHzзэрэг хэт өндөр давтамж ашиглах стандарт тогтож байна. 4G/LTE технологийг жишээ нь МУ-д 1.8MHz давтамж дээр голчлон, долгионы давхцал үүсэхээс сэргийлж 200 MHz хүртэл өргөн зурвасаар ялган хуваариласан байдаг. (Герц гэдэг нь нэг секундад давтагдах долгионы тоо).

Радио долгионы давтамж гэдэг бол тухайн улсын холболтын хязгаарлагдмал нөөц баялаг тул түүнийг үүрэн холбооны операторууд, цөөн тооны үйлчилгээ эрхлэгчдэд тусгай зөвшөөрлийн дагуу олгодог. Өгөгдөл дамжуулах хурд нь зурвасын өргөний хэмжээнээс хамаардаг. Радио долгионы нам давтамж нь хамрах хүрээ их, аливаа биетийг нэвтлэх чадвар сайтай. Харин өндөр давтамж нь урвуу хамааралтай. 

5G технологийн өөр нэг давуу тал нь өгөгдөл дамжуулах хоцролт, буюу нэг цэгээс нөгөө рүү өгөгдөл хоцорч очих хугацаа нь маш бага. 4G сүлжээний энэ үзүүлэлт 10 миллисек бол, 5G нь 1миллисек /1 сек-ийг 1000 хуваасны нэг/ буюу 10 дахин бага хоцролттой. 10 миллисек бол зайнаас мэс ажилбар хийхэд мэдрэгдэнэ. 

Монголд

5G технологи нь МУ-д бусад орноос хоцорч, 2023 оны сүүлээр, эсвэл 2024 оны эхээр нэвтрэх ажээ. Хоцорч буйн гол шалтгаан нь Монгол шиг жижигхэн зах зээл дээр 4-5 оператор байгаа тул шинэ технологи нэвтрүүлэх тус бүрийн зардал нь том оронтой харьцуулашгүй өндөр юм. 

Нөгөө талаас, өнөөдөртөө өргөн эрэлт хэрэгцээ хараахан дэлгэрээгүй, голлон мэдээ, мэдээллийг өндөр хурдаар татаж авах хэмжээнд байна. Харин 5G-д түшиглэсэн шинэ соргог, инновацитай, дэвшилт бүтээгдэхүүн, үйлчилгээ масс хэрэглэгчийн зах зээлд нэвтрэх юм.

Харилцаа Холбоо Мэдээллийн Технологийн Газар 2020 оны 4 дүгээр сард МУ-д 5G технологийг нэвтрүүлэх бодлогын чиглэлийг баталсан юм байна. Түүнд 5G-гийн хамрах хүрээг өргөжүүлэхэд асар өндөр зардалтай учир МУ зах зээлийн нөхцөлдөө тохируулан эхний ээлжид нэн шаардлагатай, тодорхой салбарт эсвэл төвийн бүсийн нэн хэрэгцээ бүхий газруудад нэвтрүүлж эхлэнэ гэжээ. ХХЗХ энэ ондоо багтаж радио давтамжаа хуваарилан операторуудад олгохоор ажиллаж байгаа юм байна.

5G сүлжээг хүлээн авах чадалтай ухаалаг утас болон бусад төхөөрөмжүүдийн зах зээлийн ханш нь 4G ашигладаг төхөөрөмжөөс харьцангуй өндөр, 200 орчим доллараар илүү байна. 

Дэд бүтцийн тоног төхөөрөмжийн хувьд харилцаа холбооны операторууд тоног төхөөрөмжөө “Huawei”, “Ericsson”, “Nokia”, “ZTE”-ээс худалдан авч байна. 5G сүлжээний нэвтрэлтийн эхэнд дэд бүтцийн тоног төхөөрөмжүүдийн үнэ өндөр байсан бол дэлхийд улам танигдаж, өргөжин нэвтрэхийн хэрээр инновацийн болон үйлдвэрлэлийн өртөг, үйл ажиллагааны зардал нь жилээс жилд буурч байна. Үр дүнд нь хөрөнгө оруулалтын зардал багасах, хэрэглэгчдэдээ хүргэх үнэ буурах хандлагатай болов.

Сансрын интернет

Монголын төр онцгой байдал үүсвэл бүх иргэддээ нэгэн зэрэг яаралтай мэдээлэл хүргэж чадах уу? Үгүй. Урт долгионы радиотой айл хөдөө байхгүй. Гар утасны дохио байхгүй, эсвэл шилэн кабель тасарвал яах уу? 

Эдүгээ 36 мянган км-ийн өндөрт гео-орбитад байрлах хиймэл дагуулаас iSat, Орбит нэт гэх компаниуд тавган антенаар интернэт, утас, телевизийн үйлчилгээ үзүүлж байгаа ч, хүн бүрт хүртээмжтэй биш. Хүн бүрт хүрч болох одоогийн шийдэл нь нам орбитын сансрын холбоо.

Жилийн өмнө Тонга аралд галт уул дэлбэрч, Фижитэй холбосон ганц кабель нь цунамигаас болж гэмтсэн байхад Илон Маскийн Старлинк компани аюулгүйн холбоог (emergency back up) хурдан тогтоосон. Украйнд бас интернэтийг Старлинк сэргээсэн. Старлинкээс гадна ийм үйлчилгээг Английн Oneweb компани үзүүлдэг ажээ. 

Сансрын холбоог дэлхийн хаана ч, хэзээ ч хүргэж буй энэ хоёр компанитай Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралын баг MWC-н үеэр тус тусад нь уулзав. Хоёулаа Монголд ороход бэлэн. Бид харин тэднийг Монгол улсын хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах боломжоор нь хангаж сонголтыг хэрэглэгч танд үлдээх шаардлагатай.

Старлинк (Spacex) компанийн захирал Райн Гуднайт: “Би монголд жилийн өмнө очсон, маргааш ч ажиллахад бэлэн. Зөвшөөрлөө авмагц шууд эхэлнэ. Монгол компаниар заавал дамжуулах шаардлагагүй. Старлинкийн 3 мянгаад жижигхэн хиймэл дагуул 500 км өндөрт дэлхийг тойрч явдаг. 2027 он гэхэд 42 мянган дагуул хөөргөнө. Монголд ойрхон газрын станц нь (data center) Японд байдаг. Дэлхий даяар сарын хураамж нь 99$ гэнэ.

Тэгвэл Английн Oneweb компанийн гүйцэтгэх захирал Нил Мастерсон: манай хиймэл дагуул 150 кг жинтэй, одоо 642 дагуул (нийт 822 болно) 1200 км өндөрт байрласан. Газрын нэг станц нь 500 хүнийг холбоно. Датабааз нь танайд л байна. Уул уурхайн компанид их тохиромжтой. Танай нэг компанитай хамтрах гэж бгаа хэмээн тэрээр ярив. Уулзалтуудын тухай энд дарж үзнэ үү

Удаxгүй Монголчууд 5G технологийн давуу тал, гайхалтай шийдлүүдийг бүхэлд нь хүртэх, нам орбитын хиймэл дагуулаар хаанаас ч, хэнтэй ч холбогдох цаг ирж байна.