Ц.БАДРАХ: МОНГОЛЫН УС МОНГОЛООС ХОЁР ДОЛОО ХОНОГИЙН ДОТОР ГАРААД ЯВЧИХДАГ
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга Ц.Бадрах ярьж байна.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга Ц.Бадрах ярьж байна. Өнөөдөр дэлхийн усны өдөр юм байна. Бас Монгол Улсын Засгийн газраас энэ жилийг усны жил гэж зарласан. Хуучин Усны аж ахуйн яамтай хүртэл байсан энэ салбараас хамаарах зүйл улам нэмэгдсээр байна. Усны хэрэгцээ, усны аюул гээд усгүй юм алга. Цунами хүртэл болоод байна.
-Гуравдугаар сарын 22-нд их олон тэмдэглэлт өдөр болдог юм байна. Дэлхийн усны өдөр энэ өдөр болдгийг олон хүн мэдэхгүй байх. Танайх баяраараа яадаг вэ?
-Энэ өдөр өдөр шөнө тэнцэх, Наурызын баяр, сансарт хүн ниссэн гээд манай хувьд зөндөө олон баяр давхцдаг болохоор бидэнд ямар нэгэн арга хэмжээ явуулах боломж гардаггүй. Тэгээд ч энэ нь усны баярын өдөр биш. Дэлхий нийтээр усанд санаа тавих, анхаарлаа хандуулах өдөр гэвэл илүү оновчтой сонсогдох байх. Ер нь дэлхий нийтэд устай холбоотой тэмдэглэлт өдрүүд олон бий. Дэлхийн жорлонгийн өдөр гэж хүртэл байдаг нь мөн л устай холбоотой арга хэмжээнүүдийн нэг юм.
-Тэгэхдээ энэ жилийн хувьд манайх "Усны жил" гэж зарласан. Туулай жилд "усан дээр сууж" байгаа юм аа даа?
-БОАЖЯ ноднинг ойн жил болгосон. Энэ жил усанд анхаарах ээлж нь таарлаа. "Усан дээр суусных" усчид маань хэдэн сайн хуультай л болоод авбал бид төдийгүй олон нийтэд мөн ч их хэрэгтэй байна л даа. Сонирхуулахад, "Дэлхийн усны жилүүд" гээд олон улсын хэмжээнд бүр арван жилээр нь зарлачихсан яваа шүү дээ. 2015 онд дуусна. Ийм олон жилээр олон нийтийг энэ сэдэв рүү хандуулаад байна гэдэг чинь цаагуураа усны асуудал ямар их ноцтой байдалд хүрснийг хэлээд байгаа юм.
-Манай ноцтой байдалд ширгэсэн олон нуур голын асуудал орох байх. Сүүлийн тоогоор хичнээн ус голоосоо салчихав. Усны хомсдолын аюул бидэнд хэр ойрхон байна вэ?
-Яг энэ тухай хэлэх гээд л түрүүнээс хойш хүлээгээд байлаа. Одоо энэ байгаль хамгаалах хөдөлгөөн зэрэг төрийн бус байгууллага бусад бүх газрууд одоогоос дөрвөн жилийн өмнө тоолсон бидний тоогоор л яваад байгаа. Тэрнээс хойш их юм өөрчлөгдсөн. Энэ жил бид хоёр дахь тооллогоо хийхээр зэхэж байна. Монголын усыг хавар зундаа багтааж тоолдог юм. Улсаас их л бага төсөв энэ ажилд тусгасан байна билээ. Заавал усны мэргэжилтэн оролцохгүй тоолчихоор буруу мэдээлэл гарчих гээд байдаг. Хүн, мал тоолохоос хэцүү ажил. Уул уурхай зэрэг салбарууд өөртөө ашигтай тоо гаргуулах гэж оролдоно. Өөр нэг ноцтой байдал бол гол мөрөн ширгэхээс гадна нэмэгдээд буй аюул юм. Тэр нь мөнх цас мөсөн голууд хайлж бүрмөсөн устаж байгаа явц гэсэн үг. Энэ нь ширгэхээс ч долоон дор, баярлах юм биш.
-Нутгийн иргэд гол усаа мэдэж байгаа байлгүй дээ. Бараг утсаар асуугаад тэмдэглээд авчихаж болдоггүй юм уу?
-Яагаад мэргэжлийн хүн хэрэгтэй тухай нэг жишээ хэлье. Орхон голыг тооллоо гэж бодъё. Таныхаар бол Орхон гол байна уу байна. Энийг бол хэн ч хэлнэ. Тэгвэл Орхон нь нэг суурингийн дэргэд, нэг уурхайн эх ба адагт ямар хэмжээтэй ихэсч багассан, бохирдож булингартсан эсэх бодит мэдээлэл төр олон нийтэд хэрэгтэй. Энэ мэтчилэнгээр манай нутагт байгаа нийт гадаргын ус хэрхэн өөрчлөгдсөн, за тэгээд гүний худгууд, түүний дотор цэвэр усны нөөц гээд хамт хийгдэх ажлууд багтдаг. Ирээдүйд хийгдэх бүх бүтээн байгуулалт усны тухай бодит мэдээлэл дээр тулгуурлагдах нь мэдээж. Хамгийн наад зах нь усаа багцаалдаж хичнээн малчин, мал өвөлжиж хаваржих юм. Усгүй юм алга.
-Одоо энэ худгийн тоо ч замбараагаа алдсан байх аа?
-Тэгсэн. Бид Улаанбаатарын худгийн бүрэн тоог одоо болтол гаргаж чадахгүй байна. Зусландаа худаг гаргаад дээр нь хаусаа барьчихсан байна. Лав 10000-аас наашгүй худгийн 3500-аадыг нь олж тогтоогоод байна. Юуны өмнө тэдгээр худгуудын эрүүл ахуйн шаардлага хангасан эсэхийг шинжилж мэдмээр байна шүү дээ.
-Орхон гэснээс нөгөө "Орхон говь" төсөл юу болсон бэ. Булганы Хишиг-Өндөрөөс Туркууд усан сан байгуулж урагш нь трубагаар бараг Оюу толгой хүртэл ус урсгах юм болоо биз дээ?
-Яриад л байгаа. Шийдсэн юм алга. Судалгаа хийх эхний таван сая долларын төсөв ч бүтээгүй. Одоо энэ хавар Л.Гансүх сайд Туркт ажлын айлчлал хийх байх. Тэр үеэр нааштай хариу сонсох болов уу л гэж горьдож байна. Мөн Улаанбаатарын гүний худгийн нөөц ширгэж байгаа тухай ноцтой мэдээг сонссон байх. Нийслэлийн дээд хэсэгт Гачуурт, Тэрэлж орчимд Туулыг байгалийн тогтолцоо ашиглан хөндлүүр хийн гадаргын усаар усны хэрэгцээгээ хангах хойшлуулшгүй том ажил байдаг. Далан хийх техник, эдийн засгийн үндэслэл нь (ТЭЗҮ) аль далаад оны үед хийгдчихсэн төсөл. Уг нь оросууд хийх гэж байснаа бас больчихсон. Ус боож ашиглахаараа алдартай Турк нөхдүүд ямар бодолтой яваа юм бүү мэд. Бид хийгээд өгье гэж Солонгос, Хятадын компаниуд манайд санал тавиад байгаа. Улс үндэстэн болгон гүний усаа шавхахаас хайрлаж дандаа гадаргын усаа ашиглаж байна. Манайх шиг ус багатай орон ил усан санг олноор байгуулахгүй бол оройтох нь гэж олон жил ярьж байна. Одоо дөнгөж л ойлгох хэмжээнд явна.
-Б.Бат-Эрдэнэ аварга Хэрлэнгийн усыг говь руу урсгахгүй гэж нэлээн тэмцсэн. Энэ бодол нь хэвээрээ болов уу?
-Одоо ойлгосон байна билээ.
- Хөв далан олноор байгуулж урсгал усаа авч үлдэх тухай яриад л байдаг. Яагаад дэмжлэг авч ажил болдоггүй юм бол?
-Манайх усны гачланд орчихоод байгаа тийм хүнд ангилалд одоохондоо ороогүй байгаа. Дэлхий дээр саяар тэрбумаараа хүмүүст уух цэвэр ус олдохгүй зовж байхад бид суултуурандаа тунгалаг ус хийж тансагладаг. Ийм байдлаар нэг их удаан явахгүй байх. Аяндаа дэлхийн дулаарал, байгаль цаг уурын өөрчлөлт цаанаасаа шахаад өгнө биз дээ. Судалгаанаас харахад нийт 500-аад газарт байгалийн тогтолцоо ашиглаад бага зардлаар хөв далан хийчих газар бүртгэгдээд байна. Орон нутаг санаачилгаараа ус тогтоох далан хийхээр бол мэргэжлийн зураг төслийг манайх гаргаад өгч чадна. Далангаа үерт урсгахгүйн тулд инженерийн зургийг нь мэргэжлийн, хариуцлага хүлээх байгууллагаар гаргах хэрэгтэй. Газар тариалан, мал аж ахуйд хуримтлагдсан ус маш их хэрэгтэй болоод байна. Манай Монголын гол мөрний ус хоёр долоо хонохгүй хугацаанд эх орноосоо урсаад гараад явчихдаг. Хайран шүү дээ.
-Усны эх болгон газар дороос ундардаг. Хаа хүртэл урсаад юугаар нөхөгдөж ийм мөнхийн хөдөлгүүрт орсон байдаг юм бол?
-Далай тэнгисээс хур болон буцаж ирэхээс гадна манай нуур цөөрмүүд үүл үүсгэх процесст багагүй хувь нэмэр оруулдаг гэдэг. Монголын ус гол гурав хагарч Хойд мөсөн далай, Номхон далай руу яваад үлдсэн нь Төв Азидаа шингэдэг. Гурван зүгт хагаран явдаг хагалбарын огтлолцол нь энүүхэн Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Жанчивлангийн ойролцоох нэг уулан дээр байдаг. Тэр уулан дээр ус асгалаа гэж бодоход гуравны нэг нь Хэрлэнгийн ай савд багтаад Номхон далай зорих бол нөгөө нь Туулаар дамжин Орхон Сэлэнгэ, Байгал нуураар хойд мөсөн далай руу, үлдсэн нь говь руу. Ийм гурван хагалбарын огтлолцол дэлхий дээр их ховор тохиолддог. Тэнд аялал жуулчлал, судалгаа сургалтын газар байгуулбал сонирхолтой л юм даа.
-Манай нутаг усныхан гэж ярьцгаадаг. Голоо дагасан амьдралын хэв маяг, онцлог, нийтлэг эрх ашгийн асуудал танайд хамаатай юу?
-Сүүлийн үед энэ тухай их ярьж байна. Монголын нийт газар нутаг дэлхийн хэмжээнд дээр дурдсан гурван их хагалбарт багтдаг бол дотооддоо 29 ай савд хуваагдан бид аж төрдөг юм шүү дээ. Тухайлбал, Ховд Хар-Ус нуурыг дагасан амьдрал ч гэх юм уу. Үүнээс хамгийн ноцтой нь Хатан Туулаа дагаж нийт хүн амын талаас илүү нь суурьшсан бөгөөд Туул голын эхнээс адаг хүртэлх бүхий л амьдрал энэ голын бохир тунгалаг байхаас хамааралтай болчихож байгаа юм. Дараа нь Хараа голыг дагасан Дархан хот, Баруун хараа, Зүүн хараа, Бороо Гоулд уурхай гээд томоохон суурингуудын амьдрал байна. Онгийн голын ай сав гэхэд усны эхэнд байгаа алтны уурхай нь голын адгийн говийн малчныд шууд нөлөөлдөг. Гол ус дагасан амьдралыг зохицуулах усны мэргэжилтэн бүхий зөвлөлийг байгуулахаар болсон юм. Тэнд хийх зохицуулах ажил маш их бий. Засаг захиргааны нэгж, нутгийн иргэдийн урьд өмнө санаагүй асуудлуудыг уг зөвлөл гаргаж ирдгээрээ их ач холбогдолтой.
-Ингэхэд манайд литр ус ямар үнэтэй байна вэ. Ус дагавал баяждаг гэсэн үг байдаг даа. Та нар хэр бэл чадалтай вэ. Өөрөө яг энэ усны мэргэжлийн хүн байх аа?
-За даа ус үнэгүй гэхэд бараг болно доо. Үнэгүй юм чинь дараагийн хариулт ойлгомжтой. Усыг литрийг нь 1-5 төгрөг гээд байгаа чинь тээвэрлэсний, газрын гүнээс соруулж авсны өртгийг л хэлээд байгаа хэрэг. Хөвсгөл нуурын эрэг дээрх Ханх тосгонд 100 литр ус 500 төгрөгийн үнэтэй. Өөрөө үхэр тэргээ хөллөөд далайгаас усаа авахад хэн ч мөнгө нэхэхгүй. Одоо хууль гарч усыг үнэлэх гэж байна. Ус гэж үнэ цэнэтэй эд болоод ирэхлээр дагаад олон зүйлд өөрчлөлт гарна.
Миний хувьд Свердловскийн усны хайгуулын инженерийн дээд сургууль төгсөж ирснээс хойш мэргэжлээрээ 24 жил ажиллаж байна даа.
-Ус ухаантай, ухамсартай, амьд гэж сүүлийн үед их ярих боллоо. Та мэргэжлийн хүний хувьд энэ талаар юу гэж үздэг вэ?
-Ус хатуу, шингэн, хийн гэсэн гурван төлөвт хувирдаг өвөрмөц бодис. Орос Монгол хоёр үндэстэн бүр эрт дээрээс усны ид шид буюу рашаан уудаг уламжлалтай байсан. Рашааныг бурханг үгүйсгэдэг социализмын үед хүлээн зөвшөөрдөг байсан нь гадны улс орны анхаарлыг татсан байх. Энэ талаарх сэдэв одоо тусгай шинжлэх ухаан болтлоо хөгжжээ. Тэдний дэргэд миний нэмж хэлэх юм юу байхав. Би л хувьдаа одоо ч рашаан уусан хэвээрээ байгаа.
-Усны өдрийг тохиолдуулан таны хэлэх үг...?
-Ууж байгаа усаа эргэж нэг хараарай. Энэ өдөр усаа хэмнэх талаар эргэцүүлж бодоорой. Албан газар, гэр оронд хаа ч ус шиг элбэг юм алга. Крантаа хаалгүй орхисон цоргоноос үнэ цэнэгүй ус шоржигнон урсаж байна. Энэ тийм биш шүү. Ус биднийг хайрлаж байдаг. Бид усаа хайрлаж сурцгаая гэж уриалмаар байна.