Энэ сарын 15-ны өдөр Монголын Хөлбөмбөгийн Холбооны ногоон талбайд Монголийн шигшээ баг Филиппинтэй тоглоно. Азийн чансаа доогуур багуудын дунд зохиогддог Challenge cup – 2011 тэмцээний эхний шатны тоглолт бөгөөд өмнөх тоглолт Филиппиний талбай дээр болсон юм.

    Манай шигшээ багийн хувьд өмнөх Филиппинд болсон тоглолтонд 2-0-ээр хожигдсон учраас талбай дээрээ 3-аас дээш бөмбөгний зөрүүгээр хожихгүй бол болохгүй. Мэдээж маш хэцүү даалгавар боловч бөмбөг дэндүү бөөрөнхий. Яаж ч магадгүй. Гэхдээ харанхуй хаашаа ч хувирч магадгүй гэхээсээ илүү одоогийн байдлаар ямар таамаг дэвшүүлж болох талаар бичиж үзье. Гарааны бүрэлдэхүүн:
                                             
                                                              1.Ганбаяр (УБДС)

                                    3. Лүмбэнгарав (УБДС)       8.Энхжаргал (Эрчим)
  Алтанхүү (Сэлэнгэ Пресс)                                                                        13.Цэдэнбал (УБДС)

                                                             2.Очбаяр (УБДС)

                           7.Чинзориг(УБДС)                                   5. Гарьдмагнай(Мазаалай)

7. Баттулга (Эрчим)                                                                               11.Түмэнжаргал (УБДС)

                                               
                                                                 12.Төгсбаяр

    Гарааны бүрэлдэхүүнийг ингэж таамаглаж байна. Улаан хуудас авч энэ тоглолтон оролцох боломжгүй болсон П.Алтантулгын оронд Мөнгөнтулга, Алтанхүү нар шигшээ багт дуудагдсан. Хаалгачийн хувьд Ц.Ганбаяр гарах нь бараг тодорхой бол баруун хамгаалагч дээр Б.Анар, С.Одхүү, Ц.Дарамбаяр, Алтанхүү нараас шинэ цэрэг Алтанхүүг сонголоо. Төвийн хамгаалалтын хувьд багийн ахлагч Б.Лүмбэнгарав, Эрчимын цайны ганц хамгаалагч Ц.Энхжаргалтай тоглож, зүүн жигүүрт ахиад Н.Цэдэнбалыг тоглох болов уу гэж таамаглаж байна. Уг нь манайдаа хамгийн сайн цохилттой түүнийг зүүн хагас дээр тоглуулвал илүү сонирхолтой ч, дасгалжуулагч зүүнд хамгаалах өөр тамирчин шигшээд дуудаагүй. Баруун хагас хамгаалагч маш ээдрээтэй байна. Манай гол тоглогч П.Алтантулга торгуультай учраас З.Баттулга тоглож магадгүй юм. Эсвэл Г.Төгсбаяр. Харин цэвэрлэгчээр О.Очбаяр ахиад гарч магадгүй. Түүний урд Б.Гарьдмагнайтай хамт А.Чинзориг, А.Эрдэнэбаяр нарыг нэг тоглох болов уу. Зүүн хагас дээр Ц.Түмэнжаргал, Э.Ганзориг гэсэн нэр дэвшигчид байна. Харин ганц довтлогчоор Г.Төгсбаяр өрсөлдөгчгүйгээр сонгогдоно. Хэрвээ баруун хагас дээр гарах бол Цацрал урд тоглож болзошгүй. Тоглолт, чансаа гээд олон талаар илүү багтай тоглох учир нэг довтлогчтой хувилбар сонгох болов уу гэж таамаг дэвшүүллээ. Чин үнэнээр манай нөөц боломж ямар вэ гэхээр: Бидэнд тийм сүрхий тактик гэхээр зүйл байхгүй. Тамирчид багаар сэтгэх, тоглох, тактик тал дээр хүүхэд байхын номын дуу сонсоогүй гэж хэлж болно. Бөмбөг барилт дээр эсрэг баг илүү тоглож магадгүй. Харин манайх довтолгооны хувьд Макаотой тоглосны адил эсрэг багийн хамгаалалтын шугам руу овоолж байгаад бөмбөгөө унагаж тэр дундаас мөргөх, чихэх гэсэн аз хайсан, тухайн үеийн нөхцөлд байдалд тохирсон тоглолт гаргаж магадгүй. БНАСАУ, Макаод оруулсан бүх гоол маань ийм л байлаа. Алсын дамжуулалтаар агаарын тоглолт их болно гэсэн үг. Хоёр жилийн өмнө Макаод мөн 2-0-ээр хожигдоод дараа нь талбай дээрээ гурваас дээш бөмбөгний зөрүүгээр хожих ёстой байсантай яг ижил нөхцөл байдал бүрдээд байна. Гэхдээ Филиппин ур чадварын хувьд илүү.

   Бид гадны тамирчдыг төрсөн газар, нэр ус, үүх түүхтэй нь гаргаахгүй. Харин Монголынхоо тамирчдыг төдийлөн сайн мэдэхгүй. Тиймээс өөрийн мэддэг хирээр тамирчдаа танилцуулья.

Хаалгач

1.Цэвээнсүрэн Ганбаяр (УБДС)

    1991 онд төрсөн ирээдүйтэй залуухан хаалгач. Хөлбөмбөгийн спортоор сүүлд хичээллэж эхэллэсэн. Дуулиан – 2020 болон Улсын аваргад төдийлөн харагддаггүй байсан боловч УБДС-д орсоноор ур чадвар нь илт сайжирсан. Ялангуяа БНХАУ-ын Ухань хотод болсон оюутны нөхөрсөг тэмцээнд сургуулиа төлөөлөн оролцож сайн тоглосон. Түүний аз болоход УБДС-д төдийлөн сайн хаалгач байгаагүй нь шууд гарааны бүрэлдэхүүнд тоглох боломжыг нь нээж өгсөн. Сүүлийн хоёр жилийн Үндэсний Лигт сайн тоглож шигшээ багт дуудагдах болсон. Одоо бол яах аргагүй Монголын шигшээгийн номер нэг хаалгач. Филиппинд болсон тоглолтонд маш сайн тоглосон. Ойролцоогоор 187 см өндөртэй.

21. Батсайхан Ариунболд (Эрчим)
   Сэлэнгийн залуучуудаас бүрдсэн сонирхогчдын Халиун Од багт тоглож байгаад Эрчим руу явсан. Эрчимын хаалгач Дэлгэрдалай ажил ихтэй байдаг учраас мөн л гараанд тоглох боломж нь нэмэгдсэн. Жижигхэн биетэй ч маш өндөр техниктэй. Түүний үсрэлтийг үзэгчид харчихаад “яг л сармагчин шиг” гэж уулга алдах нь бий. Хаалганы аль нэг буланд төвөггүйхэн үсрээд хүрчиж магадгүй.

22. Дашням Ачит-Эрдэнэ (Сод Титэм)

   Сод Титэм гэж ямар баг байдгийг би мэдэхгүй ч, сүүлд хамтдаа Андрос багаас тоглож байсан. Төдийлөн олны танил биш сонирхогчийн багаас шууд шигшээ багт орсон. Холбооны бэлтгэлд хамрагддаг байсантай нь холбоотой байж магадгүй. 1-р сургуулийн хаалгачаар тоглодог байсан бөгөөд одоогоор МУИС-ын Эдийн засагт сурдаг. МУИС-ын хөлбөмбөгийн аваргаар цав цагаан хувцастай нэг хүн үсрээд байдаг нь Ачит. Шигшээгийн хамгийн “S and I” тоглогч. Тарпезан өмд, шаргал үс, үнэртэй уснаас сална гэж байхгүй. Тоглохоос гадна “Гол нь гоё харагдах гэсэн” уриатай. Өндөр техник, үсрэлт сайтай. Жоохон хэнэггүй.

Хамгаалагч

2. Олзвой Очбаяр (УБДС)
   Хараацай клубээс хөлбөмбөгийн гараагаа эхлэж өсвөрийн олон ч тэмцээнд оролцож явсан. Хамгаалагч гэхэд бөмбөг эзэмших, залах, туух техник өндөртэй тун чиг ухаалаг. Тоглолтын явцад хатуу ширүүнч, тоглолтоос бусад үед тун найрсаг. Хичээлдээ явахаас гадна хувийн юм ажиллуулдаг бизнесмэн залуу. Нуруу намтэй учраас агаарт тийм сайн тоглодоггүй. Филиппинтэй хийсэн тоглолтонд гол тоглогч Фил Янгхасбандыг зогсоо зайгүй дагаж сүүлдээ нөгөөдөх нь ууралсандаа нүүр рүү нь цохиж харагдсан. Баруун, зүүн, төв болон цэвэрлэгчийн гээд хамгаалалтын бүх байрлалд тоглодог.

3. Доноров Лүмбэнгарав (УБДС)
   Улс болгон домог болсон эсвэл хамгийн шилдэг хөлбөмбөгчдөө тодруулдаг. Монголынх бол яах аргагүй Лүмбээ ах. Бараг 16 настайдаа хөлбөмбөгт орсон боловч удалгүй шигшээд багтсан авьяастай нэгэн. Олон жилийн турш лигт түрүүлэх хүсэлдээ автагдаж байсан боловч үргэлж мөнгөн медаль авч бараг л ””мөнгөн Лүмбээ” болох дөхсөн ч 2005 онд Хоромхон клубээс анхны аваргаа авч учиргүй уйлж билээ. Жинхэнэ лидерийн зан чанартай. Түүнийг чангахан шиг юм хэлвэл хэн ч дуугарч зүрхэлдэггүй. Айх, хулчийх гэсэн ойлголт байдаггүй. Дандаа шар, улаан хуудас авна. Тоглож чадахгүй байрлал, хийж чадахгүй үйлдэл гэж байхгүй. Уг нь бол төвийн хамгаалагч боловч заримдаа найруулагч, довтлогч хийхээрээ мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлдэг. Цохилтын оновч, хүч сайтай. Агаарт бол Монголдоо хамгийн шилдэг. Тийм ч учраас Лүмбээтэй баг булангаас гоол оруулах нь элбэг. 180 см өндөртэй. Ясархаг шанаа, бахим чанга биетэй. Эхнэр хүүхэдтэйгээ амьдардаг. Монголын шигшээ багийн ахлагч.

4. Сэлэнгэ Одхүү (Сэлэнгэ Пресс)
   Монгол улсын гавьяат багш, хөлбөмбөгийн спортын мастер Ч.Шархүү агсаны шавь. Хөлбөмбөгөөр алдартай 5-р сургуулийн бүтээгдэхүүн. Өсвөр үедээ төвийн хамгаалагч хийдэг байсан бол одоо баруун жигүүрт голдуу тоглох болсон. Хангарьдад 2005 онд тоглож байхдаа Эрдэнэтийн хүргэн болсон. Хотын аюулгүй байдлыг хангаж хөлбөмбөг тоглохоос гадна цагдаа хийдэг. Хойд Солонгост 4-0-ээр хожигдож байхад нэр төрийн ганц гоол оруулж “ард түмний гоол”-ын эзэн болсон. Одоо комьютер тоглодог хүүхдүүд олон тоогоор хожигдоод ирвэл “за нэг ард түмний гоол оруулья” гэж ярьдаг. Дутагдал нь амаараа их тоглодог.

8.Цэрэнжав Энхжаргал (Эрчим)

   Өсвөр үедээ Монголын ирээдүйтэй тоглогчдын тоонд зүй ёсоор ордог байв. Харамсалтай нь 2 жил хөлбөмбөгөөс хөндийрч байгаад буцаж ирсэн. Анх довтолгооны хагас хамгаалагч, довтлогчийн байрлалд тоглодог байсан бол одоо хамгаалагч. Өөртөө итгэлтэй үйлдэл, тоглолтыг ихээр хийдэг. Ур чадвар техникээр Монголдоо дээгүүр бичигдэнэ. Анх Ариунболор багштай 6-р сургуулийн Шонхор клубээс гараагаа эхлэсэн. МУИС-ийн Газарзүй, геологийн сургууль төгссөн. Хоёр дүү нь мөн хөлбөмбөгчин.

15. Цэцэнбаатар Дарамбаяр (Хоромхон)
   Залуу ирээдүйтэй хамгаалагч. Гэр бүлээрээ хөлбөмбөгөөр өвчилсөн гэж хэлж болно. Дарамаагийн аав Цэцэ ах маш сайн хөгжөөн дэмжигч. Харин ах Пунцагдорж нь шигшээ багт нэр дэвшдэг тоглогч. Өсвөрийн Лигт тоглож байхдаа талбайн төвөөс цохиж хэд хэдэн гоолыг оруулж байсан. Байнга инээж явдаг нуруулаг, чадварлаг хамгаалагч. Ирээдүйд Д.Лүмбэнгаравын халаах авах залуу гэж ярьдаг. Хоромхоны Б.Гансүх багшийнхаа ганц хайртай шавь нь. Одоогоор ШУТИС-д сурч буй. Хамгаалалтын бүх байрлал дээр тоглодог. Ердөө 18-хан настай.

16. Батчулуун Анар (Эрчим)

   Анх Шонхор багаас гараагаа эхэлсэн. Түүнд тоглож үзээгүй байрлал гэж байдаггүй. Ямар байрлалд хүн дутна, тэнд Анар тоглодог. Тийм ч учраас олон талын арга барилтай. Техник гэж галзуу. Криштиану Роналдугийн бүх юмыг хийдэг. Сэтгэл санаагаар унаж, муу тоглоно гэж бараг байдаггүй. Дутагдал нь амаараа их тоглодог.

18. Бэхбат Ганбат (УБДС)
  Өсвөрийн лиг үзэж байхдаа энэ хүү ч юм дуулгана даа гэж бодож байлаа. Хатуу, ширүүн, зоригтой тоглодог учраас хөлбөмбөгчид “хадуур Гамбаа” гэж хочилдог. Зарим нь айдаг биз. Видич шиг гэх үү дээ. 2007 оны Лигээр олгойны хагалгаанд ороод хоёрхон хоногийн дараа талбай дээр  гарч байсан нөхөр. Мэдээж багшдаа хэлэлгүй тоглоод, дараа нь загнуулж байсан. Хамгаалалтын бүх байрлалд тоглодог.

Алтанхүү (Сэлэнгэ Пресс)
  Монголын Лигийн ширүүн тоглолттой тоглогчийн нэг. Хамгаалагчаар тоглодог ч гэсэн чөлөөт цохилт, булангийн цохилт гүйцэтгэдэг. 20-р сургуулиас тоглож байгаад Цагдаа болж Баянхонгор аймаг очоод тэндээ хөлбөмбөг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж, ахлах сургуулиудад дасгалжуулагч хийж байсан. Биеийн хүчний тоглолт сайтай, зоригтой.

Мөнгөнтулга (Хасын Хүлэгүүд)

  Шарын голоос тоглодог байсан ах дүү хоёрын нэг. Жижиг бахим биетэй, хурдтай. Биеийн хүчний тоглолтыг их хийдэг. Хамгаалалтын бүх байрлалд тоглодог. Тоглогчоос гадна Хасын Хүлэгүүд багийн залуучуудын багийг дасгалжуулдаг.

Хагас хамгаалагч

5.Баясгалан Гарьмагнай (Мазаалай)
   Гарьдмагнайгийн тухай ярихаар ухаантай гэж хүн болгон хэлдэг. Тоглолт унших, зохион байгуулах тал дээр янзтай. Анх зүүн жигүүрийн хамгаалагчаар тоглож байсан. Өсвөрт тоглодог байхад Мазаалайгийн ах дүү хоёр гэзэгт гэж дүүтэй хамт ярьдаг байв. 75-р сургууль төгссөн. Wikipedia.org сайтад түүний мэдээлэл хамгийн их байдаг. Монголд ажиллаж буй Серб дасгалжуулагч “Хэрвээ би 10 жилийн өмнө ирсэн бол Гарьд одоо Европт тоглож буй” гэж хэлсэн гэдэг. Монголд хөлбөмбөг хөгжиж байгаа учраас Гарьд шиг олон хүүхэд байгаа. Тэд нарыг олж хараасай гэж хүсье даа. Өндөр 185, солгой хөлөөрөө тоглодог. Тоглолтын дундуур эсрэг багийн тоглогчидтойгоо хөгжилтэй яриа өрнүүлдэг, даруухан, харилцааны тал дээр өөлөх юмгүй. Одоогоор Дэрэн хүүхдийн багт дасгалжуулагч хийж буй.

6. Амгалан Чинзориг (УБДС)
   Хараацайгийн Баттулга багшийн шавь. Умби гэдэг нэрээр нь хүмүүс сайн танина. Өсвөрийн шигшээд байхад дасгалжуулагч Чинзориг гэж хэлэнгүүтээ “Энэ хэн бэ?” гэж байсныг бодоход бүтэн нэрийг нь мэддэг хүн цөөхөн. Гоёмсог хууралтыг түүнээс харж болно. Баруун, солгойгүй цохьдог. Нэг хэсэг түүнийг хамгаалах гэж их гэмтээдэг байсан учраас бага зэрэг аймхай болсон. Төвийн хагас хамгаалагч, зүүн хагас хамгаалагч дээр тоглодог.

7. Зоригт Баттулга (Эрчим)
   Багануурын дасгалжуулагч Зоригт багшийн хүү. Өсвөрийн тэмцээнд Багануурын багаа ганцаараа авч явдаг, зогсооход тун хэцүү байв. Япон руу хөлбөмбөгийн сургуульд явсан дөрвөн хүүхдийн нэг. Хагас хамгаалалтын бүх байрлал дээр тоглодог. Багт маш хэрэгтэй, биеийн хүчний тоглолт сайн. Хүмүүнлэгийн Ухааны сургуулийг төгссөн. Одоо хувийн компанид Япон хэлний орчуулагч хийдэг.

9. Пагмасүрэн Алтантулга (Мазаалай)
   Мазаалайгийн Энхболдбаатар багшийн шавь. Жати гэж дууддаг. Багийн элдэвтэй хүүхэд байв. 2004 оны Улаанбаатар хотын спартакиадаар Лүмбээ ах гоцойтлоо хуурагдчихаад “Энэ их сайн хүүхэд байна шүү” гэж хэлж билээ. Тэр үед Жати дөнгөж 16 настай байлаа. Жигүүрт тоглодог хурдны гайхамшиг болсон нөхөр дөө. Жижигхэн биетэй учраас мөрлүүлнэ гэж бараг үгүй. 2009 оны Үндэсний Лигийн шилдэг тоглогч болж байсан. УБДС-д сурч байхдаа багийн ахлагч хийж байгаад төгсөөд Мазаалайдаа ирсэн.

11. Норжмаа Цэдэнбал (УБДС)
  Анх 20-р сургуулиас элдэвтэй туранхай солгой хүү гоол хийдэг байсан нь Нуугий (дууддаг нэр нь) байлаа. Гэтэл одоо шал өөр тоглолтын арга барилтай. Юун тэр хуурч гүйх. Харин сайн цохьдог болсон. Монголын хамгийн хүчтэй, оновчтой цохидог. Нуугий цохисон бол баараггүй гоол. Цохилтын техникийг маш өнөөдөр эзэмшсэн. Зарим нэг нь “Цэдэнбалын солгой хөлийг хорьё” гэж тоглоом болгож хэлдэг. Довтлогч болон зүүн жигүүрийн бүх байрлалд тоглодог.

13. Цэдэнбал Түмэнжаргал (УБДС)

   Хөлбөмбөгчдийн гэгдэх 5-р сургуульд байхын өсвөрийн тэмцээнүүдэд тун сайн тоглодог байсан. Өсвөр үедээ Мөрөн (одоо АНУ-д байгаа), Төөмөөгийн хослол хамгийн шилдэг нь байв. Хоёр хөлний цохилт сайтай. УБДС-ын урдаа барьдаг ганц довтлогч. Даруухан, дуу цөөтэй.

14. Алтансүх Эрдэнэбаяр (Хангарьд)
    Өнгөрсөн жилийн Лигийн аварга Хангарьд клубээс шигшээд багтсан ганц тамирчин. Хөлбөмбөг яаж тоглохыг сайн мэддэг, ухаалаг тамирчин боловч Гарьдмагнай шиг лидер биш. Тоглолтын арга барилын хувьд гоолын дамжуулалт, солгой бөмбөг эзэмшилт сайн. Анх зүүн хамгаалагч, хагас хамгаалагчаар гараагаа эхлэсэн бол одоо Хангарьд багийн уураг тархи болсон төвийн хагас дээр тоглодог. Эрдэнэтийн Сэргэлэн багшийн хайртай гарын шавь нь. Дууддаг нэр нь Гату.

17. Эрдэнэ-Очир Ганзориг (УБДС)
   Хараацай клубээс гарч ирсэн зүүн жигүүрийн хагас хамгаалагч. Тоглолтын онцгой арга барилтай. Хурдан, гүйлтэн дундаа хууралт сайн. Жижиг биетэй ч бөмбөгний төлөөх тэмцэлд өндөр техникээ ашиглах ялах чадвар өндөр. Түүнийг шүтдэг хөлбөмбөгчид байдгийг мэднэ. Жилийн өмнө БНСУ-д сурч ирээд жин нэмж, хуучний Ганзориг болох гэж бэлтгэл сургуулилт их хийсэн. Найз охин нь түүний фанат. Тоглолтыг нь үргэлж ирж үздэг.

Довтлогч

10. Жаргал Цацрал (Хоромхон)

   Хараацай клубийн Баттулга багшийн шавь. Япон явах шалгаруулалтанд тэнцсэн дөрвөн хүүхдийн нэг. Монголын лигт ердөө хоёр дахь жилдээ тоглож буй. Хурдан, шаламгай, цохилт сайтай. Япон стилийн хувцас, шил зүүж гангардаг. Өсвөрийн лигт байхаасаа довтлогчийн байрлалд тоглодог байсан.

12. Ганбаатар Төгсбаяр (Сэлэнгэ Пресс)

    Монголын шигшээ багийн мэргэн буучдын жагсаалтыг Д.Лүмбэнгаравтай хамт 6 гоолоор тэргүүлж байгаа. Одоогоор манайдаа нэг номерийн довтлогч. 97-р сургуулийн ХОТШ Барс багаас гараагаа эхлэсэн. Довтлогч хүнд байх бүх чанар, авьяас байдаг. Үндэсний лигийн тоглолт бүрт гоол оруулдаг. Мөн шигшээ багийн түүхэнд анхны хэт-трикйг Гуамын хаалганд оруулж байсан.

Дасгалжуулагч

Сандагдорж Эрдэнэбат
  Монголын шигшээ багт тоглож байсан, мундаг тамирчин. Түүний аав Сандагдорж тэр чигээрээ Монголын хөлбөмбөгийн түүх гэж хэлж болно. Сандаг багшийн бичиж үлдээсэн түүх, зураг бидэнд үлдэж хөлбөмбөгийн түүх гэж явдаг. Харин дүү С.Эрдэнэ-Очир нь УБДС-ын дасгалжуулагч. Дасгалжуулагч Бат ах маань өнгөрсөн жилийн Лигт УБДС-аас тоглож байсан. Хөлбөмбөг сонирхогчдоос өөрийн багийн тамирчдаа шигшээд дуудлаа гэх яриа гарах болсон. Гэхдээ шигшээ багийг түүний мэдэлд өгсөн бол тэр л бүхнийг шийдэх, мэдэх эрхтэй. Тэгэхээс бусад хүн юу гэж ярих нь хамаагүй.

Арын эгнээ зүүн гар талаас: Гарьдмагнай, Энхжаргал, Тэрбаатар (Ерөнхий нарийн бичиг), Эрдэнэбаяр, Ганбаяр, Ариунболд, Ачит-Эрдэнэ, Баттулга, Түмэнжаргал, Одхүү, Төгсбаяр, Баянжаргал (дасгалжуулагч), Лүмбэнгарав, Эрэдэнэбат (Ерөнхий дасгалжуулагч)

Урд эгнээ зүүн гар талаас: Цэдэнбал, Анар, Чинзориг, Дарамбаяр, Алтантулга, Цацрал, ганбат, Ганзориг, Очбаяр


   Шагнал урамшууллын хувьд дараагийн шатанд шалгарвал тамирчин бүрт 500 000 өгөх санал гарч байсан. Бид улс орноо ингэж хөгжүүлнэ, энийг ингэнэ, тэгнэ гэж сайхан ярьдаг боловч хэрэгжилт нь бараг 10 хувь. Олимпын аварга дээр ч ийм л байсан. Энэ удаа хоосон яриад өнгөрөх шинжтэй болж байна даа гэж миний бие бодож байсан боловч Дельта авто сервис компаниас дараагийн шатанд шалгарвал тамирчин бүрт 1 000 000 сая төгрөг, оруулсан гоол бүрийг мөн 1 000 000 төгрөгөөр үнэлэж байгаагаа мэдэгдлээ, амлалаа. Хэн ч тоодоггүй хөлбөмбөгчдийг тоож, итгэж, урам хайрлаж байгаа анхны тохиолдол. Дельтагийн хамт олонд баярлалаа.

   3-р сарын 15-д болох эх орныхоо тоглолтыг очиж үзье, дэмжицгээе. Муу тоглосон ч гэсэн бид урам хайрлах ёстой. Манай хөгжөөн дэмжигчид, бид өөрсдөө шигшээ багийнхаа 12 дахь өрсөлдөгч болох тохиолдол БНАСАУ, Макаотой хийсэн тоглолтоос харагдсан. Өөрсдийгөө хайр найргүй шүүмжилж, сул талаа мэдэж байж урагшлах ч гэсэн тоглолтон дээр л биш шүү. Гайгүйхэн шиг тогловол алга ташиж, муу тогловол хараал урсгаж болохгүй. Тэр бол харагдаж буй байдлаар нь дэмжиж болдоггүй Монголын хөлбөмбөгийн шигшээ баг минь. Ямар ч байдалд орсон бид алга таших ёстой. Чансаа өндөр багтай тоглож байгаа учраас алдаа гаргахад нь шоолж, инээлдэж болохгүй. Хөлбөмбөгчид минь бид нараас урам, магтаал, дэмжлэг ямар их хүсч байгаа гэж санана. Бүгд тэр тоглолтыг хүлээж ажил, хичээл сургуулиасаа чөлөө авч эх орондоо, ээж аавдаа, гэр бүлдээ, хөгжөөн дэмжигчиддээ өөрсдийгөө харуулахыг хүсэж бэлтгэл сургуулилтаа хийж буй. Тэдний урмыг бүү хугалаарай!!!

    Дахин хэлье!!! Та нараас хожил шаардахгүй, гоол шаардахгүй, зүгээр л шигшээ багийн тоглолтоо үзэх өөрөө гайхамшигтай мэдрэмж. Үүнийг л мэдрэхийг хүсэж байна!!!