Давосын дээвэрт
Швейцарийн хамгийн бага засаг захиргааны нэгж муниципалит. Манай жишгээр уулын нэг сум болох Давос өнөөдөр дэлхийн хамгийн алдартай газрын нэг.
-Швейцарийн тэмдэглэл-
Швейцарийн хамгийн бага засаг захиргааны нэгж муниципалит. Манай жишгээр уулын нэг сум болох Давос өнөөдөр дэлхийн хамгийн алдартай газрын нэг. Энэ алдаршил тэртээ 1800-гаад оны дунд үеийнх. Сонирхолтой нь уушгины бүх төрлийн өвчнийг анагаадаг гайхалтай эрүүл агаар амьсгалаараа. Харин өнгөрсөн зууны 1971 онд Давост дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт болсноор цанаар гулгадаг жирийн нэгэн тосгон өдгөө ертөнцийн чиг хандлагын төв болоод байгаа юм. Германы эдийн засагч Клаус Шваб 1971 онд анх Европын менежментийн форум гэдгийг зохион байгуулахаар шийджээ. Баруун Европын 444 гүйцэтгэх захирлыг урьж, Давосын хурлын төвд анхны чуулганаа эхлүүлж байсан байна. Тухайн үед К.Шваб Америкийн зах зээлд Европын компаниудыг хэрхэн оруулах арга замыг хамтран эрэлхийлэхийг оролдож байсан гэдэг. Ямартай ч бизнесийн хүрээнийхэн хамтдаа цуглаж, хэрхвэл дээр, чиг хандлагыг яавал зөв болох тухай ярихын чухлыг тэр үед олж харжээ. Ашгийн бус санаачилгаар байгуулагдсан энэ хуралд оролцох хүмүүс жил бүр нэмэгдэж, ач холбогдол нь өссөөр өнөөдрийг хүрэв. 1987 оноос Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт гэгдэх болсон бөгөөд хэлэлцэх, хөндөх сэдэв бизнесийн хүрээнээс хальж эхэлсэн байна. Одоо дэлхийн эдийн засаг, нийгэм, улс төр, улс орнуудын харилцааны асуудлыг Давост ярьдаг болов. Араб, Израилийн дайны утаа дэгдсэн 1973 онд Давост энэ талаар яригдаж, улмаар улс төрийн хүрээллийнхнийг ч оруулах нь зөвийг тохирч 1974 онд анхны улстөрчид зочноор уригджээ. Тэр цагаас хойш дэлхийн халуун цэгүүдийн чухал яриа энд л өрнөж, хилийн чинадад гар барин уулзаж чаддаггүй байсан өрсөлдөгчид Давост нүүр тулдаг болсон юм. Хар арьстны өлгий атлаа дандаа цагаан арьст Ерөнхийлөгчидтэй байсан ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Фредрик Де Клерк арьсны үзлийн төлөө цогтой тэмцэгч Нельсон Манделлатай 1992 оны Давос дээр гар барин мэндчилэхээс аргагүй болсон гэдэг. Нутагтаа тэд хоёр өөр арьстай, хоёр өөр үзэл бодлоосоо болоод хүний ёсоор уулзалдаж байсангүй. Бас 1994 онд Израилийн Гадаад хэргийн сайд Шимон Перес Палестиний удирдагч Ясир Арафаттай Давос дээр л уулзалдан, Газын зурвасын гэрээний төслийг үзэглэж байлаа. Ямартай ч жил ирэх тусам Давосын нэр хүнд өсч, Давосоос ямар чиг өгөх нь вэ, Давос дээр хэн хэнтэй уулзсан, бас уулзалтын дараанаас ямар чиглэл гарах бол гэдэг хүлээлт нэгэнт бий болжээ. Бас Давосын гишүүн компани байх, Давост уригдана гэдэг нэр төрийн хэрэг болжихуй.
Бас сонин шүү. Хувийн санаачилгаар байгуулагдсан нэг байгууллагын арга хэмжээнд оролцох гэж тэгж зүтгэх гэж. Хамгийн гол нь даяаршиж буй энэ дэлхий хамтдаа асуудлаа шийддэг байх тэр орон зайг К.Шваб хэмээх халзан нөхөр түүний хамтрагчид олж харсанд л асуудлын цөм байх шиг.
Давосын гишүүн бизнесийн байгууллага байхын тулд өндөр шалгуур давах болдог. Ингэхээс ч аргагүй. Чадалтай нь чадалгүйгээ чирч явдаг хүний орчлонд чадавхитай чансаатайнууд нь нийлж байж бодлого ярихаас рекламын нөхдөөр юугаа хийхэв дээ. Давосын гишүүн компани байхын тулд жилд таван тэрбум ам.долларын эргэлтийн хөрөнгө шаардлагатай. Мөн салбартаа, бүс нутагтаа түлхүүр тоглогч байх хэрэгтэй. Бас жилд гишүүнчлэлийн татвар 42500, чуулганд оролцогч бүр 18 мянган швейцарь франк тус тус төлөх учиртай. Харин аж үйлдвэрлэлийн түнш, стратегийн түнш болбол 250 000-500 000 швейцарь франк тушаах гээд явж өгнө. Гэхдээ улс төр гэж баячуудаас мөнгийг аваад ядуучуудаас саналыг авч найруулахыг хэлнэ гэдэг шиг биш. Давост бизнесийн байгууллагууд өндөр хураамж төлөх ч улстөрчдөөс мөнгө авдаггүй. Бас жилийн эхний мөнхүү сард Давос хэмээх энэ сум, орон нутгийнхан байр саваа түрээслүүлж, зочид буудал үйлчилгээний байгууллагын орлогууд талийж өгнө гэж байгаа. Тэнд буудалд нэг хоёр хоног төөрүүлэх байлаа ч долоон хоногоор нь тооцож хөлслүүлнэ. Захиалгаа жилийн эхэнд амжуулахгүй бол хагас жилийн өмнө гэхэд олигтой байр сав нэг ч үлдэхгүй.
Улстөрчдийн хувьд Давос маш том индэр. Гэхдээ Давосыг зөвхөн хүн хартай уулзах, өөрийгөө том болж харагдуулах зэвсэг болгож ашиглаад, уг эдийн засгийн форумын мөн чанар болсон үйл ажиллагаанд нь оролцохгүй давхиад байвал дахиад урилга ирэхгүй байх магадлалтай гэх юм билээ. Давос руу дуртай нь нисээд оччих боломжгүй. Тэнд уригдагсад л дээгүүр сүлжилдэх нисдэг тэрэг, хатуу чанд харуул хамгаалалтыг давж хуралдаандаа суудаг. Урилгагүй бол зүглэх хэрэггүй.
Анх манай улс ардчиллыг уухайлан, коммунист тогтолцооноосоо салсны дараа буюу 1991 онд Дэлхийн эдийн засгийн форумыг үндэслэгчид хийгээд удирдах зөвлөлийнхөн хуралдааны урилгаа илгээжээ. Тэргүүн шадар сайд буюу одоогийн хотын дэд дарга Да.Ганболд Давост Монголыг төлөөлөн анх оролцсон аж. Тэгээд өөрсдөө хөл дээрээ зогсох гэж ядаж байсан Монгол дараа дараагийнхад нь оролцож чадаагүй юм уу, Монголыг тоогоогүй юм уу явсаар 1997 онд Ерөнхий сайд М.Энхсайхан уг хуралд зочноор очиж байжээ. Дараа нь 1998, 2001, 2002, 2003 онд Ерөнхий сайд нарын түвшинд оролцож, 2009 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр, 2010 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож байсан байх юм. Өнгөрсөн жилийнхэд анх оролцсон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ихээхэн идэвхтэйгээр байр сууриа илэрхийлж салбар хуралдаануудад сонирхолтой санал дэвшүүлсэн нь Монгол Улс Давост идэвхтэй байр суурьтай байгааг сануулсан хэрэг болсон гэж хэвлэлүүдэд бичигдэж байсан билээ.
Давосын чуулганы дотоод үйл ажиллагаанд нь сайтар оролцохгүй, зөвхөн хоёр талын уулзалтуудаар өөрийн хувийн сонирхлоо хэрэгжүүлчихдэг явдал манайд гэлтгүй байдаг хандлага байжээ. Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевт сүүлийн жилүүдэд Давосын урилга ирэхгүй, мань хүн тэнд оччих гээд багагүй хичээдэг яриа байдаг. Дарангуйллаар ч болов улсаа хөгжүүлж байгаа тэрбээр сайн менежер л дээ. Гэхдээ Давосын мөн чанарт нийцсэн, дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй санхүү, эдийн засаг, нийгмийн томоохон асуудлуудыг хэлэлцэх зорилгод нийцүүлж ажиллахаасаа Казахстан руу хийх хөрөнгө оруулалт, хамтрах гэрээ, онгоц худалдан авах тухай яриад байсны тул виз “зуларсан” бололтой юм.
Өнөө жилийн тухайд дэлхийн томоохон удирдагчид бүгд Давосыг зорьж ирсэн талаар тэндээс илгээсэн нийтлэлдээ хангалттай дурдсан.
Өнгөрсөн жилтэй харьцуулахад Давост Монголыг хүлээж авах хандлага эрс өөрчлөгдсөн нь илт анзаарагдаж байна хэмээн Ерөнхийлөгчийн багийнхан онцолж байна билээ. Жилийн өмнө Ерөнхийлөгчийн Давосын уулзалтууд 40-50-ийн хооронд яригдаж байсан бол энэ удаад 90-100-гийн хооронд яригдав. Давосын нар ээж, нүд гялбуулсан цасан дунд сэтгүүлчдэд ярилцлага өгч зогсохдоо төрийн тэргүүн “Энэ бол ерөөсөө Монголын ард түмний л нүүрийн буян. Монголчууд зөв сонголт хийсэн, зөв зам дээр байгааг харуулж байгаа хэрэг. Бас Монголын ард түмэнд үзүүлж байгаа хүндлэл. Түүнчлэн Монголын тухай ойлголт, мэдээлэл зөвөөр очиж байгаагийнх, зөвөөр эргэснийх, Монголыг сонирхогчдын тоо нэмэгдэж байгаагийнх” гэж өгүүлсэн билээ. Гэхдээ монголчууд өргөн уудам нутагтаа л эргэлдээд байх бус гадагшаа харж сэтгэж, үгээ хэлж эхэлсэн гэдгийг Ерөнхийлөгчөөсөө эхлээд үйл хэргээрээ баталж эхэлсэнтэй энэ бүхэн холбоотой. Өнгөрсөн жилийн уул уурхайн салбар хуралдаан дээр Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Бид ашигт малтмалын томоохон нөөцүүдээ ашиглалтад оруулах гэж байна. Ингэхээр хөрөнгө оруулагч хийгээд Засгийн газар хамтран гэрээ хэлцэл хийж таарна. Тэгвэл дэлхий нийтэд загвар гэрээ гэж зүйл байхгүй явж иржээ. Хэдийгээр улс орнуудын нөхцөл байдал өөр ч уул уурхайн дэлхийн хэмжээний загвар гэрээтэй болъё” гэсэн санаачилга гаргасныг Давосын форумын зохион байгуулагчид дэмжин бүтэн жилийн туршид ажилласаар дэлхийд нэг тийм гэрээ гараад ирсэн. Тэр нь монгол хүний санаачилснаар дэлхийн бүс бүсийн мэргэжилтнүүд нэгтгэн гаргаж ирсэн гэрээ. Бас өнөө жил Монгол Улсын Ерөнхийлөгч байгаль орчин, цаг агаарын өөрчлөлтийн эсрэг хүчтэй дуу хоолой гаргагч хэвээрээ гэдгээ, уул уурхайн томхон орны удирдагч гэдгээ баталж “Усны найдвартай ирээдүйн төлөөх арга зам”, “Уул уурхай, металлургийн бодлогын удирдагчид”, “Авлигын эсрэг санаачилга” сэдэвт олон хуралд оролцсон. Энэ талаар Давосоос илгээсэн мэдээлэлд дурдсан тул олныг нуршаад хэрэггүй биз ээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дэлхийн эдийн засгийн форумыг үндэслэгч К.Швабтай нэлээд ойр дотно харилцаатай юм билээ. Нөгөө талаар Харвардынхан, нэг сургуулийнх гэдгээрээ ойр ч байдаг байх. Доктор Швабтай хийсэн уулзалтаараа төрийн тэргүүн Давосын нэр хүндийг ашиглан Монголыг шинэ тавцанд гаргаж ирэх боломж хийгээд Зүүн Азийн Давосын уулзалтын 2013 оныхыг Монголд хийх боломжийн тухай ярилцсан юм. К.Шваб ирэх есдүгээр сард Монголд хийх айлчлалаа уулзалтын үеэр нотолсон бөгөөд талын Монголд нүдээр ирж үзээд ямар боломж байгааг бодитоор мэдрэх биз ээ.
“Шинэ бодит байдлын төлөөх хэм хэмжээ” сэдвийн дор өрнөсөн энэ удаагийн форум үйл явдал ихтэй, өрсөлдөөн мэдэгдэл ихтэй чуулган болж өнгөрлөө. Ерөнхийдөө 2009 оны Давос эдийн засгийн хямралтай зэрэгцэн тиймхэн байсан бол 2010 оных хямрал үргэлжлэх, эсвэл зогсохыг тэнссэн маягтай байсан. Харин энэ жилийнх дэлхий нийтээрээ хямралыг давсаныг хүлээн зөвшөөрсөн өөдрөг гэгээн мэдээллээр дүүрэн байв. Энэтхэгчүүд өргөн бүрэлдэхүүнтэйгээр хөл ихтэй оролцож, харин хятадууд тэгсэнгүй. Николя Саркози еврогийн үнэ цэнийг улам бүр өргөнө хэмээн мэдэгдэж түүнд дэм өгөхөөр Германын канцлер Ангела Меркель, Английн Ерөнхий сайд Дэвид Камерун нар яаравчлан Давост ирсэн. ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев алан хядагчдад бууж өгөхгүй хэмээн мэдэгдэж, бас олигархижсан төрөө цэвэрлэхээ илтгэв. Цэвэрхнээр тайлбарлавал ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд халз тулах В.Путиний бий болгосон тэр нийгмээс Орос орноо цэвэрлэж авна гэдгээ Давосын индрээс зарлаж байна. Түүнчлэн Оросын эдийн засгийн шинэчлэлийн асуудал хүчтэй яригдсаныг онцлох хэрэгтэй. Японы Ерөнхий сайд Наото Кан кизуна гэсэн япон үгийг дэлхийд тунхаглахаар шийджээ. Өөрөө өөрийгөө нээх гэсэн утгатай энэ үгээр хувь хүмүүс, улс үндэстнүүд өөрсдийгөө нээх хэрэгтэй болсныг тунхаглав. Түүний хэлснээр шинэ зуун гарснаар Японы эдийн засгийн хурдацтай хөгжил, хувь хүмүүсийн өсөлт ч намжмал болжээ. Залуучууд улам дотогшоо болох болсныг шүүмжилж, түгжигдмэл тэр байдлыг таягдан хаяж өөрсдийгөө нээх болсон гэж тэр хэлэв. Дэлхийн индэр Давосоос ингэж хэлэв. Түүний адилаар Монгол ч өөрийгөө нээж таниулах цаг иржээ. Давосын дээвэрт залуу идэр Монголын хүсэл мөрөөдөл, омог бахархал өдлөх нь дамжиггүй. Ерөнхийлөгч ч үүнийг урамтайгаар өдөөж байна.
Монголд ирж буй урин зөөлөн, сайн цагийн салхийг Давосын зүгээс үлээж улам бүр хөгжөөнө гэсэн итгэл үнэмшилтэйгээр дэлхийн индэр Давосын дээврээс буцаж ирлээ.
marina
Зочин
w w w COMPUTERSHOP m n АМЕРИК ХУДДАЛДААНЫ СТАНДАРТ
Зочин
erleg
UB
Зочин
Цагаан морь
zochun
Зочин
hi
Зочин
Зочин
unen
нано
delgermaa