Уран зохиолд дурсамж дурдатгал хэмээх нэгэн чиглэл буй. Гэхдээ энэ номыг зүгээр нэг өнгөрснөө сөхөж дурссан өгүүлэмж, хүүрнэл гэж хэлж боломгүй. 

Өнгөрч улирсан олон юм бүдгэрч, бас мартагдах амьдрал; оронд нь өөр нэгэн үйл, дурсамж эзэгнээд, эзэмдээд авдаг оюун санамж... Гэлээ ч бүдгэрч мартагдаж боломгүй бүтээлч үйл гэж байх л. Өнгөрснөө санагалзсан бус, харин хүн болгон өдөр тутамдаа харж, “ашиглаж” байгаа тийм л бүтээн байгуулалтыг өгүүлж, өнгөцхөн биш, ултай сэтгэж боддог хүнд бол сэдэл өгч, бахдал төрүүлэхийн сацуу бас одоодоо харамсан “бачуурах” гунигт бодлыг өөрийн эрхгүй сэдээх бүтээл гэвэл энэ.

Энд би бас дахиад “гэлээ ч” гэдэг үгийг давтахад хүрлээ. Гэлээ ч амьдралыг дандаа будангуй гунигт нүдээр харах нэгэн энд бичсэн бүхэнд эргэлзэж, “Үгүй бас ийм байжээ?” гээд итгэж чадахгүй эргэцэж магадгүй. Тэгвэл тогтоод нэг уншаасай. Хийж, байгуулж болдгийг баримттай нь хараад, ид бах, “хар сэр”-ээ багахан ч гэсэн дараасай.

Ер нь улс төрийн талбар гэдэг ялж дийлэхийн төлөөх тэмцэл зөрчлөөс гадна зөвшин хэлэлцэх, хүлээн зөвшөөрөх, хамтран ажиллах, бусдыг дагуулах харилцааны ухаан гэлтэй. Тэмцэл зөрчил гэхээс илүүтэй бодит үйлээ нээн таниулахад төвлөрсөн энэ номд бүтээн байгуулалтын эхлэл, өрнөл, үр дүнг хэн бүхний сонирхож буй тоо баримттайгаар дэлгэн өгүүлжээ.

Эхлэл гэвэл:

Манай улс 2012 онд нийт 2948 км хатуу хучилттай замтай байлаа. (Үүнээс 1600 км замыг 2008-2012 оны хооронд барьсныг хэлэх ёстой.) Ингээд 2012-2014 оны хоёрхон жилийн хугацаанд нэмж 2655 км авто зам тавьснаар Дорноговь, Дундговь, Баянхонгор, Өмнөговь, Хөвсгөл, Сүхбаатар зургаан аймгийн төвийг нийслэл хоттой холбосон түүхтэй юм. Тусгаар улсаа байгуулснаас хойш 90 жилийн хугацаанд барьсан авто замтай бараг эн тэнцэхүйц замыг хоёрхон жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулсан гэхэд эргэлзэх хүн цөөнгүй.

Иймээс зохиогч: “Тэртээ 10 жилийн өмнө 2013, 2014 онд 2655 км авто зам барьсан баг, хамт олныхоо бүтээн байгуулалтын түүхийг олон нийтэд таниулах нь зүйтэй гэж шийдэн энэхүү номыг бичин толилуул”-жээ. Тэр цагт тэрээр “Мөрөөдөл гэмээр энэ их бүтээн байгуулалтыг амьдралд боджуулан хэрэгжүүлэх ажилд биечлэн оролцож, удирдан зохион байгуулах хувьтай гэдгээ ч төсөөлөөгүй явж.”

“Аймгийн төвүүдийг нийслэл хоттой авто замаар холбох том амбиц” Ардчилсан намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт багтсан 2008 оноос эхлэлтэй. Авто замын бүтээн байгуулалтын баг 2008-2012, улмаар 2012-2014 онд хамтдаа ажиллахдаа бэлтгэлээ сайтар хангаж, зам барих ажлаа эхлүүлэхэд бэлэн зурагтай байсан нь тэдний хувьд давуу тал болжээ. Хамгийн гол нь, энд ашиг сонирхлын зөрчил байсангүй.

Тиймдээ ч зохиогч энэ ажлыг хийж гүйцэтгэсэн гэдэгт үл итгэсэн “МАН-ын бүлэгт байцаагдаж, огцрох амлалт өгөх”-дөө “…баригдсан замаа чиглэл чиглэлээр нь, тэр байтугай километр бүрээр нь тооцсон хүснэгт тарааж өгөөд, чиглэл тус бүрээр тодорхой тайлбарласнаа” мөн бичжээ.

Өрнөл, өгүүлэмжээс эшлэн оруулбал (энэ хэсэг их “хөөрхөн”):

“Би Дорноговиос гаралтай… Айраг сумын удирдлага, нутгийн иргэд “Сайд аа, энэ төв замаас манай сум руу ганцхан километрийн зайтай. Энэ замыг тавиад өгөөч” гэнэ. Зураггүй, тэгээд ч санхүүжилт төлөвлөөгүй учраас албан ёсоор бол боломжгүй. Би ч дотроо бүтээхийг бодож арга хайв. Хүмүүс нутгийн уугуул сайд нь аймгийнхаа нэг сумын ард иргэдийн хүсэлтийг дэмжиж тусална гэдэгт итгэж байгааг нь үл тоож боломгүй энэ нөхцөл байдал надад их нөлөөлсөн юм.

Нэг удаа очихдоо сумын ИТХ-ын дарга Б.Туулайхүүг урьж, авто зам барьж байсан компанийхантай хамт тэдний кемп дээр цай уунгаа, ажил төрлөө ярилцъя гэж тохирлоо. Хөдөө гадаа явахдаа идэж уух, элдэв ямбанаас татгалздагийг минь мэдэх тул манайхан гайхасхийж, удалгүй бүгд цуглав. Ажилчдын кемпд цай уунгаа хүмүүс биеэ барилгүй, чөлөөтэй болоход би компанийн захиралд “Та энэ нутгийнханд нэг км авто зам бариад бэлэглэчих?” гэлээ. Компанийн захирал англиар сайн ярьдаг залуухан хүн юм. Надад шуудхан “Үгүй” гэж хэлсэнгүй. Ер нь Хятадын компанийн удирдлагууд юм асуухад шууд хариулахгүй, бодно; инженер, техникийн ажилчдаасаа асууж байж хариулдгийг би ажигласан юм.

Тэгэхээр нь би Б.Туулайхүү даргад “Сумынхан та нар энэ компанид долоо хоног бүр нэг хонь бэлэглээд бай, авахгүй гэсэн ч хүчээр өгнө үү” гэвэл “Заа, болно оо” гэлээ. Сум нутгаа хатуу хучилттай замаар аймаг явах гол замтай холбуулах гэж байгаа ИТХ-ын дарга шүү дээ.

Энэ “хонь” ажиллагаа үр дүнгээ өгч, удалгүй Айраг сумын төв, төв замтай хатуу хучилттай авто замаар холбогдов. Тэр явдлаас хойш “Нэг км замыг нэг хониор бариулдаг улс дэлхийд байна уу?” гэж манайхан хошигнох болсон юм.”

Номд энэ мэт сонирхолтой түүх олон байгааг уншигч та үзнэ биз ээ.

Н.Алтанхуяг Ерөнхий сайдын “Шинэчлэлийн” Засгийн газрын ажлаас олны нүдэнд ил харагдаж, нэг ёсондоо Засгийн газрын нэрийн хуудас болсон энэ бүтээн байгуулалтын үрээр олон сум төв замтай холбогдож, иргэдийн ахуйд төдий чинээ эерэгээр нөлөөлснийг үл өгүүлэн эцэст нь зохиогчийн үгээр дүгнэхэд:

“Цаг хугацаа үнэхээр бүхний шалгуур юм. Зам, тээврийн сайдын ажлаас чөлөөлөгдсөн 2014 оноос хойш 5 жилийн дараа авто замчид бидний бүтээн байгуулалтыг хүлээн зөвшөөрч батламж, цом олгосныг би бүхнээс илүү эрхэмлэн хадгалж, авто замын хөгжлийн 90 жилийн түүхэнд барьсантай эн тэнцэхүйц авто замыг хоёр жилд барьсан бидний амжилтыг ойрын ирээдүйд хэн ч давтахгүй хэмээн бахдал дүүрэн хэлж, бахархал болгон ярьдаг билээ.”

Сайн сайхан, бахдам амжилт ярьсан, баярласан өдөр хоногууд ямар сайхан бэ? Түүнээс хойш өнөөдрийг хүртэл 10 жилийн хугацаанд манай улсад нийт 2131 км хатуу хучилттай зам тавьсан гэхээр юу бодогдож байна? Энэ хамт олны амжилт бүтээлээр бахдаж баярлахын зэрэгцээ өөр нэг таагүй юм зураад авах нь лавтай. Тэгэхээр, энэ бол яалт ч үгүй бичигдэн төрж, бид бүхэнд дэлгэгдэн танигдах ёстой бүтээл мөн гэж бодном. 

Б.Гэрэл

2024-9-28