Баяр хэмээх  дайн
Дэлхийн нэг, хоёрду­гаар дайн гэдэг шиг  Мон­гол Улсад дайны хэм­жээнд тооцохоор зүйл бол эх адаггүй  олон бая­рууд. Нэг баярын да­рамт­наас нөгөөд шилж­сээр жилийн дөрвөн улир­лыг өнгөрөөдөг улс орон манайхаас өөр хаа­на ч алга. Нэгдүгээр дайн нь хоёр оны заагт  тохиох нүсэр их архидалт буюу шинэ жил. Хоёрду­гаар дайн нь цагаан сар. Хамаг байдгаа барж, цаа­шид амьдрал үргэлжлэх­гүй энэ хэдэн өдрөөр дуус­чих мэт бэлддэг энэ бая­раар идэж уух, айл  хэсэх хоёртоо ядарч орхи­дог. Араас нь зал­гаад  эмэг­тэйчүүдийн баяр. Эрчүүд нь баярлуу­лах гэж  эмэг­тэй­чүүд нь баярлах гэж бөөн юм бол­но. Ертөн­цийн гоо үзэсгэлэн, агуу ихийн дээд гэж магтаад байдаг эх эмэгтэйчүүд нь гуйвж дайваад хүүхэн гэх нь байтугай хүн гэхэд хэцүү болчихсон явдаг. Өглөө гоёж гарсан нүүр царай, хувцас хунар нь авахын аргагүй газар дээр  гиш­гэж байгаагаа ч мэдэхгүй ичгэвтэр юмнууд болчих­сон явна. За тэгээд амьд харивал боллоо гэхсэн. Хээнцэрлээд ним­гэн хув­цастай гардаг. Архи уугаад осгож үхвэл яана.

Төд удалгүй цэргийн баяр гээд бас баахан архидалт. Цэрэгт явсан яваагүй  эрчүүд нь архин далайд живнэ дээ. Цэр­гийн бусууд нь баярлаад явахаар мөрдэстэй эрс генералаасаа аваад бүгд л ума хум болтлоо ууна. Уг нь армийн баяр. Гэвч аль дээр цэргээс халагд­сан нөхдүүд, эсвэл цэрэгт яваагүй ч заавал цэрэгт явах ёстой хүйсэнд төр­сөн бол баярлаад уугаад явчихна даа.

Эцсийн дайн нь тэ­гээд наадам. Энд тэнд­хийн ойн баяр сум, дүүр­гийн наадмаас эхлээд улс гүр­нээрээ зунжин наадна. Ёстой дуусч өгөхгүй. Улс орон тэр чигээрээ их ам­ралтын байдалтай зун­жин архидаад наадаад явсаар нэг л мэдэхэд өвөл жамаараа ирнэ. Өвөл болгон ёс юм шиг зуд болдгийг хэлэх үү.  Бүтэн жил баярлаж наадчи­хаад өвөл нь хэдэн малаа үхүүлж хотоо харлуулаад төр засаг харж үзсэнгүй гээд гонгинож эхэлнэ.

Нэгэн суутны "Би идэ­хийн төлөө амьдардаггүй,  амьдрахын төлөө иддэг" гэсэн үг санаанд орж бай­на. Бид харин амьдра­хын төлөө биш баярла­хын төлөө амьдарч бай­на уу даа гэмээр. Орой бүр "одод"-ын реклам­даад байгаа монгол стан­дарт гэдэг чинь жинхэнэ утгаараа Монголд энэ олон баяр болж байна. Архин далайд живсэн эцэс төгсгөлгүй баяр бол монгол стандарт болжээ.

Дайны хэмжээнд хүрт­лээ аймшиг дагуулсан энэ олон баяруудын дундуур  төрсөн өдөр, хамт олны баяр, нутаг нуга, байгуул­лагын ой, хүүхдийн баяр, ахмадын баяр, хүүхэд төрсний баяр, сэвлэг авах  баяр, гэрлэсний баяр, насны ой, намын баяр, хууль төрсний баяр,  одон­­­гийн найр гээд тоо томшгүй баяр цэнгэл. Ууж ханадаггүй архи дарс. Энэ олон баярын хаагуур нь ажиллаж, хөдөлмөр­лөх вэ дээ. Улс орон хөг­жихгүй дэвжихгүй, хүнийх нь тоо өсөхгүй байгаа­гийн шалтгаан ердөө л энэ. Архинаас үүдэлтэй үхэл хагацал, өвчин зов­лон нь дайн болж байгаа улс орнуудынхаас давж байгаа хойно аргагүй биз.  Уг нь бол хүн төрөөд байна. Хажуугаар нь төрж байгаагаасаа үхэж байгаа нь олон болоод байна. Монгол Улс тэр чигээрээ согтуу Монгол болжээ. Баярлана гэдэг уг нь балгахын нэр биш байлтай. 

Энэ янзаараа үй олон баярууд нэмэгдвэл хүү­хэд хийсний баяр, жирэмсэн болсны баяр, эхнэр, нө­хөр салсны баяр гээд тоо томшгүй баяр нэмэгдэх нь.

Ганцхан шинэ жил гэ­хэд л хичнээн олон янзын цол гуншин, өргөмжлөл зэрэгтэй, хэдэн төрлийн ч баяр болов доо. Ерөн­хийлөгчөөс бусад нь ба­раг л наснаасаа олон шинэ жилд очив шив. Тухлахгүй юм гэхэд саа­таад гарч  байна.  Үүнийг манай телевизүүд ёстой л нэг залхтал хэд хоног гаргалаа.

Хөлчүүрхсэн телевизүүдийн залхаалт


Монгол стандарт хэ­мээх архины увайгүй  сур­талчилгааг монголчуу­дын хүндэлж биширдэг уран бүтээлчдээр хийлгэжээ. Ардын жүжигчин, төрийн хошой шагналт Н.Жан­цан­норов, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн,  төрийн шагналт С.Сүх­баа­тар, гавьяат жүжигчин Г.Равдан, топ мо­дель  Д.Болормаа, загвар зохион бүтээгч Н.Соёл­маа ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн алдар цолтнууд.  Тэд энэ их хайр хүндлэлийнхээ өмнө хариуцлага үүрэх ёстой. Тэд хууль зөрчиж, далд сурталчилгааны хэл­бэрээр ард түмнээ архин далайд живүүлэ­хээр  нэр хүндээ ашиглаж болохгүй. Ард түмнээ ар­хинд уруу татагч эрхмүүд  өөрсдөө харин шалбаагт унатлаа нэр хүндээ унагаж байгаа. Орой бүр айлын хойморт заларч цэнхэр дэлгэцээр нь архиа уу гээд байгаатай адилхан сонсогдох энэ рекламанд дориун мөнгө зарсан нь илт. Телеви­зүүд ч орлогоо бодоод өөгшүүлж байна гэж жиг­тэйхэн. Архи дарсны сур­талчилгаа, баяр цэнгэл улстөрчдийн найрын ши­рээний ард хундага дарс тогтоож байгаа дүр зураг, улиг болсон урла­гийн хэдэн тоглолт, насаа­раа үзэж байгаа шинэ жилийн тухай Оросын хуучны кино, хошин урла­гийнхны тоглолтыг дуу нэгтэйгээр телевизүүд гаргалаа. Урлаг уран сайх­ны баланд согтуурч амьдрахаас өөр хийх зүйл үлдээгүй мэт. Ядаж л "Гоёл" наадам хүртэл утгаа алдсан нь тэргүүн шагнал авсан нэг бүсгүйн телевизэд өгсөн ярилц­лагаас харагдав. "Энэ тэмцээнд түрүүлэхэд удам дамжсан гоё өгзөг, хөх нөлөөлсөн" ухааны юм хэлдэг байгаа. Загвар зохион бүтээгчдийн хувц­сыг амилуулж, хамгийн сайхан үзүүлж чадсан нь түрүүлдэг юм байх гэж бодсон. Өгзөг, хөхнийх нь том жижиг, гоё сайхнаар шалгаруулдаг бол биеэ үнэлэгчдийн тэмцээн гэж андуурмаар санагдсан шүү. Ийм маягаар л урлаг уран сайхан нь яваад байх юм бол үүнийг нь телевизүүд залхтал, бөөл­жис цутгатал гар­гаад байгаа  Монгол Улс хаашаа явж байна вэ?      

Телевизүүд өнгөрсөн өдрүүдэд үзэгчдээ зал­хаалаа. Өнгөрөгч  өдрүүд ч юу байхав. Бусад өдөр ч ялгаа байхгүй дээ. Ажил хөдөлмөрийн тухай олиг­той нэг ч нэвтрүүлэг байх­гүй. Ажил ярихаараа Оюу толгой, Таван толгойг ярьж нэг бол тэнгэрт тул­тал магтаад нөгөө бол эсэргүүцэн тэмцэгчдийн яриа гарна. Эсвэл дуу­сашгүй реклам.

Одоо шинэ жилийн тухай "Аbbа"-гийн гоё дууг хүртэл сонсохоос дургүй хүрч байна. Хүнийг, зал­хаана гэдэг энэ байх.   Цагаан сараар бараг бүх телевиз ардын уламжлал ярьж, наадмаар тоосон дундаас  ялгагдаж таниг­дах­гүй бөх, морь үзүүлж, ард нь Толин хулыг өдөр шөнөгүй явуулсаар уур хүргэж орхино. Эмэгтэй­чүүдийн баяраар эмэгтэй хүнд дургүй хүртэл нь хоо­сон магтаж, шинэ жилээр элдэв шагнал урам­шуу­лал өгсөн, архидан сог­туурсан баяр наадам үзүүлнэ. Худлыг үнэн гэж мянга давтахаар үнэн болдог гэдэг шиг сайн сайхан юмыг дэндүү олон давтаад улиг болоод ирэ­хээрээ муухай санагдаж эхэлдэг юм байна. Шаг­наг­дагсад нь баян ком­пани, улстөрчид байх нь бүр ой гутам.

Баярт бялууруулах нь хэнд хэрэгтэй вэ?

Урлаг соёл, хөгжим цэнгүүн, утга уянгаар хөг­лөгдсөөр байх зуур ажил хөдөлмөр, амьдрал гэдэг  тэр чигээрээ ард хоцорч байх шиг. Телевизүүдийн цаана жинхэнэ эзэд нь буюу хөрөнгө оруулагчид нь гадныхан байдаг гэсэн. Жижиг үндэстний урлаг соёл, найр наадмаас өөрийг харахгүй болтол нь ингэж тархи угаагаад баясч суудаг биз.  

Оросод алдартай бол­сон дуучин Амархүүг ярилцлагад урьж орол­цуулахдаа дарсаар дайлж хөтлөгчид нь хамт­даа хундага тулгаж уугаад л. Ийм гоё дарс байдаг гэж бас л далд хэлбэрийн сурталчилгаа явуулж байна лээ.  Шинэ жилээр нэвтрүүлэг хөт­лөхдөө үзэгчдээ хүндэлж байгаа юм алга. Охид хүүхнүүд нь илт халам­цуу, хэл нь ээдэрч  ярих аж. 

Монголын төр зас­гийн удирдлагууд хундага өргөн архинд уруу татах­даа ард түмнээ л уу гээд байхаас өөрсдөө архи ууж согтоод явна гэж байх­гүй. Та бид Ерөнхий сайд С.Батболдыг согтуу явааг нь хараагүй биз дээ. Эрхэм гишүүд хундага өргөх хэрнээ хөлчүүрхэх­гүй байгаа биз дээ. Тэд илүү урт насалж удаан жаргаж амьдрахыг хүсч байна. Ард түмнээ урлаг уран сайхнаар уярааж, архиар угжиж, баяраар бялууруулаад, хята­дуу­даар ажил хийлгээд өөрс­дөө урт удаан амар амгалан жаргана.

Хэдэн жилийн өмнө япончуудын зуны баяр ханабиг үзэж билээ. Ам­ралтын өдрөөр телевиз нь архи дарс найр цэн­гээн гаргасангүй. Дэлгүү­рийн лангуун дахь бараа­ны үнэ хэд дахин хям­дарч, хамгийн сонир­хол­той салют буудахаараа компаниуд өрсөлдөх юм билээ. Лав л нийтээрээ архидаад байсангүй. Бу­сад ард түмэн баярлаж цэнгэж, ажиллаж хөдөл­мөрлөж чадаж байна. Баяр наадмаа учиртай, утгатай тэмдэглэж суръя.

Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж шинэ жилээр сүү өргөж мэндчиллээ.  Дэл­хийн аль ч улсын Ерөн­хий­лөгч ингэж сүү өргөж байсан түүх байхгүй. Ерөн­хийлөгч шинэ жи­лийн баяр хэсч явсангүй. Сайхан жишиг тогтоолоо. Сархадын оронд сүү өр­гөх монгол ухаан төрийн тэргүүнээс гарлаа.