Сөүлд батлан хамгаалах бодлогоо шүүмжилсэн ЖАГСААЛ БОЛЛОО
Енпен арал дээр болсон мөргөлдөөнтэй холбогдуулан Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Мён Баг Умардын талаас ахин цэргийн өдөөн хатгалга хийх шинж тэмдэг илэрвэл баруун тэнгис дэхь хоёр солонгосын хилийн ойролцоохь цэргийн баазад нь цохилт өгөхийг Засгийн газарт зөвшөөрсөн тухай Хөх ордноос мэдээллээ.
Умардынханд санхүүжүүлэлт хийдэг хөрөнгө оруулагч гол түнш нь Хятад улс. Солонгосын дайнд 400000 цэргээ алдсаны хувьд энэ хойгийн хувь заяанд санаа зовох ёстой улсын нэг яах аргагүй Хятад мөн. Умард Солонгосын импортын 50 хувь, экспортын 25 хувийг Хятад улс эзэлдэг. Өнгөрсөн оны байдлаар Хятад, Хойд Солонгосын хооронд хийсэн худалдаа 2.7 тэрбум ам.долларт хүрсэн тухай Хятадын статистикийн албанаас мэдээлсэн байна. Тийм учраас дэлхийн шинжээчид Хятадын зүг анхааралтай харж буй нь зүйн хэрэг юм. Өмнөд Солонгос зөвхөн Умардыг буруутгасан мэдэгдлүүдийг л хийж байгаа бөгөөд дотооддоо ч өөрсдийнхөө үйлдлийг өө сэвгүйгээр тайлбарлаж байна.
Харьцангуй тайван байгаа Сөүл хотод өчигдөр зэвсэгт халдлагын үед улс орны батлан хамгаалах бодлого бэлэн бус байсныг шүүмжилж жагслаа. Жагсаалд ахмад иргэд голчлон оролцсон юм. Тэд мөргөлдөөний үеэр байлдааны зэвсэг нь хангалтгүй байсан, зарим буу нь ажиллаагүй зэрэг нь биднийг хэчнээн сул дорой улс болохыг харуулж байна гэж бухимдаж байв. Дайн байлдааны хөлд зовлон туулж ирсэн ахмадууд хатуу чанга байр суурь, хүчтэй дуу хоолойг удирдагчдаасаа шаардсан нь энэ.
Умард болон Өмнөд Солонгос энэхүү хэрэг явдалд харилцан бие биенээ хурцаар буруутгаж, тус тусын байр сууриа олон улсын тавцанд илэрхийлсээр байна. Өмнөд Солонгосын тал уг цэргийн өдөөн хатгалгад энгийн иргэд өртсөн бөгөөд энэ нь 1953 оны дайны гал зогсоох тухай хэлэлцээрийг зөрчсөн, улмаар энх тайван, аюулгүй байдалд заналхийлсэн, НҮБ-ын дүрмийг зөрчсөн үйлдэл мөн гэж дүгнэж байгаа бол Умард Солонгос баруун далай дахь хилийн шугамыг зөвхөн өөрийн талын тогтоосон зурвасаар мөрдөх болно гэж хатуу мэдэгдсэн. Ийнхүү хоёр Солонгосын хоорондын цэрэггүй бүст үүссэн хурцадмал байдлаас үүдэн Зүүн хойд Азийн цэрэг-улс төрийн байдал тогтворгүй боллоо.
Солонгосын хойг дээр мөргөлдөөн болсон өдөр Азийн хөрөнгийн биржийн индексүүд 1-2 хувиар буурсан талаар дэлхийн томоохон агентлагууд мэдээлсэн. Гэхдээ Өмнөд Солонгосын KOSPI-ийн индекс нь Азийн бусад хөрөнгийн биржүүдийн индексээс арай багаар буурсан байна. Мөргөлдөөн болсон өдөр KOSPI-ийн индекс 0,79 хувиар буурсан байхад Гонгконгийн Hang Seng-ийн индекс 2,67 хувиар, Шанхайн SSE –ийн индекс 1,94 хувиар буурчээ. Харин энэхүү мөргөлдөөн ам долларын ханшийг өсгөсөн гэж “Ройторс” агентлаг онцолж байгаа юм. Бусад валютуудтай харьцуулахад ам.доллар нь 0,4 хувиар үнэ нь нэмэгдсэн тооцоо гарч байгаа бол Солонгосын воны ханш унаж байна. Үүнээс гадна хөрөнгө оруулагчид АНУ-ын арван жилийн облигациудыг худалдаж авч эхэлжээ. Энэхүү облигациуд нь хөрөнгийн зах зээл дэх хамгийн найдвартай үнэт цаасанд тооцогддог бөгөөд үнэ нь 0,4 хувиар өслөө.
БНСУ-д хүнс болон бусад өргөн хэрэглээний барааны хангамж хэвийн, зах зээл дээр ямар нэг хомсдол гараагүй. Үнэ харьцангуй тогтвортой байна. Визнийхээ хугацааг хэтрүүлж, хууль бусаар оршин суугаа манай иргэдийн дунд баривчилгаа эрчимжсэн гэх цуу яриа тархсан ч бодит байдал тийм биш байна. БНСУ-д байгаа манай 34 мянган иргэдээс 12 мянга орчим нь хүн амын тооллогод хамрагдсан гэж албан бус эх сурвалж мэдээлж байгаа юм. Тэдний байдал урьдийн адил хэвийн байгаа бөгөөд ямар нэг хоморголсон баривчилгаа яваагүй байна.
Монгол таун дээрээ холхицгоож, монгол караокедоо дуулалдаж, сархад хүртдэгүүд нь ч хийдгээ хийж шаагилдан аж төрцгөөж байгаа тэднийг харах нэг талаас сонин ч юм шиг. Гэхдээ л монголчууд бид хэтэрхий хэнэггүй улс юм даа гэсэн бодол эрхгүй төрнө. Сөүлийн тэнгэр дуугаа хураан дүнсийж, өвлийн уур амьсгалаа зул сарын баярын чимэг зүүсгэлтэйгээ хамт угтан авч байна. Солонгосын хойг эв найраар амьсгалж, зовлонд ханатлаа дэвтсэн энэ ард түмэнд амар амгаланг авчрах шинэ он ирээсэй. Амьдралын мөр хөөн энэ газар задарч, бас ядарч яваа манайхан мөрөөдлөө биелүүлж, санасандаа хүрээсэй. Бид чинь хэний үр сад билээ дээ.